2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 28 өдөр

Дугаар   192/ШШ2025/02437

 

 

   2025                03             28                                           192/ШШ2025/02437

 

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, шүүгч Ч.Нямсүрэн, шүүгч Д.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, ***********тоотод оршин байрлах, регистрийн ******* дугаартай, Э******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Хүүшийн ам 17080, ********** байрлах, регистрийн ******* дугаартай, С******* а******* л******* ХХК,

 

Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, ***********тоотод оршин суух, регистрийн дугаар *******, Э******* овогт О******* Д нарт холбогдох,

 

Гэм хорын хохиролд 491,998,557 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М,

Хариуцагч С******* а******* лимитед ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц,

            Хариуцагч О.Дий өмгөөлөгч Л.О,

            Иргэдийн төлөөлөгч Г.Ө, Ө.Р, С.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э******* ХХК нь гэм хорын хохиролд 491,998,557.3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С******* а******* лимитед ХХК, О.Д нарт холбогдуулан гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

Үүнд: Э******* ХХК нь С******* А******* Лимитэд ХХК-тай 2018.05.18-ны өдөр 0016/18 дугаартай Тийз захиалгын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулж, хамтран ажилласан ба Э******* ХХК нь гэрээнд заасан хэлбэр буюу электрон шуудан, мессенжер болон факсаар илгээсэн захиалагчийн хүсэлтийг биелүүлэн тийз захиалах, захиалагч нь тийзийн үнийг гэрээнд заасан хугацаанд худалдагчид төлөхөөр тохиролцсон. Энэ дагуу Э******* ХХК-ийн ажилтан Т.З, С******* А******* Лимитэд ХХК-ийн эрх бүхий ажилтан О.Дтэй цахим шуудан, утсаар харилцах зэргээр холбогдон тийз захиалгын үйлчилгээг байнга үзүүлж ирсэн. Энэ л тогтсон жишгийн дагуу 2018.05.18-ны өдөр захиалагчийн төлөөлөгч О.Д нь өөрийн удирдлага Рассел Витловоос өгсөн үүргийг биелүүлж "Порше Хойд Америк Инк"- ийн менежер Тим Х гэх хүнийг, түүний хүсэлтийн талаар манай ажилтанд мэдэгдэж, улмаар цахим шуудан болон холбогдох бусад арга замын талаарх мэдээллийг өгч, тийз захиалгын үйлчилгээ үзүүлэхийг хүссэн ба ингэхдээ төлбөр тооцооны талаарх тодорхой зааварчилгааг өгсөн. Тодруулбал: Тийз захиалгын гэрээнд заасан 2 хувийн үнийн хөнгөлөлтийг эдлүүлэхгүй байх тухай зааварчилгааг өгсөн явдал юм. Ийнхүү захиалагчийн төлөөлөгч О.Дий хүсэлтийн дагуу, түүний өгсөн дээр дурдсан зааварчилгааг баримтлан манай ажилтан Б.З нь "Порше Хойд Америк Инк"-ийн менежер Тим Хтай харилцан 1,005,194,500 (нэг тэрбум таван сая нэг зуун ерэн дөрвөн м таван зуу) төгрөгийн үнийн дүн бүхий 202 ширхэг тийзийг захиалж үйлчилгээг зохих ёсоор үзүүлсэн. Ингэхдээ түүнтэй цахим шуудангаар харилцаж байсан ба захиалагчийн төлөөлөгч О.Дийг "СС"-дэж буюу хамтран уншигчаар авах замаар бүхий л мэдээллийг захиалагч, түүний төлөөлөгчид хүргэж ажилласан нь Тийз захиалгын гэрээгээр тогтоосон журмыг баримталсан хэрэг юм. Э******* ХХК ба түүний ажилтан Б.З нь цахим шуудангаар холбогдож тийзийн захиалга өгч буй Тим Хыг захиалагч, түүний төлөөлөгч хэмээн үзэж үйлчилгээ түргэн шуурхай үзүүлсэн. Үйлчилгээ үзүүлж, улмаар төлбөрийг С******* А******* Лимитэд ХХК-иас нэхэмжлэхэд захиалга өөрсдийнх нь биш, хамааралгүй хэмээн төлөхөөс татгалзсан. Үүнээс үүдэн нэхэмжлэгчийн зүгээс эрсдэлийг бууруулах зорилгоор төлбөр тооцоотой холбоотой буцаалт хийх ажиллагааг нэн даруй авч хэрэгжүүлсний үр дүнд зарим тийзийн захиалгыг цуцлуулж амжсан ба бодитойгоор 737,997,836 (долоон зуун гучин долоон сая есөн зуун ерэн долоон м найман зуун гучин зургаа) төгрөгийн үнэ бүхий тийзийг цуцлуулж чадаагүй тул мөн хэмжээний мөнгөн хохирол хүлээсэн. Э******* ХХК, түүний ажилтан Б.З нь "...Хы хэн болох, түүний хувийн шинж байдлын тухайд төөрөгдсөн", ийнхүү төөрөгдөхөд нөлөөлсөн дараах хэд хэдэн шалтгаан байгааг дурдвал: 1. Тийз захиалгын гэрээний дагуу байнга харилцаж ирсэн захиалагчийн төлөөлөгч О.Д зохих үйлчилгээг бусдад үзүүлэхийг хүсэж, ингэхдээ үнийн хөнгөлөлтийг үзүүлэхгүй тухай зааварчилгаа өгсөн, улмаар тийз захиалсан этгээдийн цахим шуудангийн мэдээллийг өгч, холбоог тогтоож өгсөн үйл ажиллагаа үндсэн шалтгаан юм. 2. Захиалагчийн О.Дий ажил олгогч С******* А******* Лимитед, түүний удирдлага Рассель Витлоу нь үүрэг даалгавар өгөхдөө "Порше Хойд Америк Инк"-ийн менежер Тим Х гэж өөрийгөө танилцуулсан этгээдийн хэн болохыг нягтлан шалгах үүргээ хэрэгжүүлээгүй, улмаар хандан хэн болох нь тодорхойгүй этгээдийн хүсэлтийг биелүүлэх талаарх зааварчилгааг О.Д, түүгээр дамжуулан Э******* ХХК-д өгсөн гэм буруутай байх бөгөөд чухам түүний энэхүү гэм буруутай үйл ажиллагааны улмаас манай байгууллагад дээр дурдсан хэмжээний хохирол учирсан болно. Зүй нь өөрийн байгууллагын харилцагчид холбоотой этгээдийн талаар уламжлах, хүсэлтийг нь биелүүлэх талаарх зааварчилгаа өгөхийн өмнө хэн болохыг нягтлан шалгах үүрэг зүй ёсоор захиалагч, түүний удирдлагад байх нь мэдээж хэрэг юм. Иймд нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн алины хариуцсан алдаа дутагдалтай энэхүү маргааны гэм хорын асуудлыг шийдвэрлэх хүрээнд хамтран оролцогчдын оролцоо, гүйцэтгэсэн үүрэг, тэдгээрийн учирсан хохиролд нөлөөлсөн хэр хэмжээг харгалзан уг харилцаанд оролцсон бүхий л этгээд хохирол барагдуулах асуудалд хариуцлага хүлээх үндэстэй. С******* А******* Лимитэд ХХК, тус компанийн ажилтан О.Д нарын ажил үүрэгтэй хайхрамжгүй хандсан гэм буруутай үйлдлийн улмаас Э******* ХХК-д учирсан гэм хорын хохиролд 491,998,557.3 төгрөгийг гаргуулж Э******* ХХК-д олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч С******* А******* Лимитэд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: “…Э******* ХХК-ийн С******* Автоматив Лимитэд ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах үндэслэлээр үл зөвшөөрч хариу тайлбар гаргаж байна. 1. Нэхэмжлэлд "...манай ажилтан Б.З нь "Порше Хойд Америк Инк"-ийн менежер Тим Хтай харилцан 1,005,194,500/нэг тэрбум таван сая нэг зуун нэг зуун ерэн дөрвөн м таван зуу/ төгрөгийн үнийн дүн бүхий 202 ширхэг тийзийг захиалж үйлчилгээг зохих ёсоор үзүүлсэн" гэжээ. Тим Х нь манай компанийн ажилтан биш компанитай ямар ч хамааралгүй этгээд бөгөөд талуудын 2015 оны 05 сарын 18-ны өдөр байгуулсан 0016/18 тоот гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.4. "Тийз худалдан авах тохиолдолд Захиалагч талын холбогдох эрх бүхий албан тушаалтны электрон шуудан, мессенжер болон факсаар илгээсэн албан ёсны хүлээн зөвшөөрөгдсөн (зөвшөөрлийг загварыг талууд урьдчилан тохиролцоно)" гэж заасан гэрээний дагуу хэрэв манай компаниас захиалсан, эсхүл манай компанийн захиалгыг гүйцэтгэж байгаа гэж үзсэн бол ийнхүү манай компанийн зөвшөөрлийг үндэслэн шаардлагатай тийзийг бичиж өгөх ёстой юм. Гэтэл нэхэмжлэгч нь хаанаас хэн тийз захиалж байгаа болохыг нягтлан үзэлгүй захиалгыг гүйцэтгэсэн бөгөөд хэчнээн хэмжээний, ямар үнийн дүнтэй, ямар хүмүүсийн тийзийн захиалга гүйцэтгэж байгаа талаар манай компанид мэдээлэл өгөөгүй юм. Ийнхүү манай компанийн оролцоогүйгээр тийз захиалгыг гүйцэтгэсэн тул хохирлыг манай компаниас нэхэмжлэх үндэслэлгүй юм. 2. Нэхэмжлэлд "... ажил олгогч С******* Автоматив Лимитэд ХХК, түүний удирдлага Рассель Витлоу нь үүрэг даалгавар өгөхдөө "Порше Хойд Америк Инк"-ийн менежер Тим Х гэж өөрийгөө танилцуулсан хэн болохыг нягтлан шалгах үүргээ хэрэгжүүлээгүй, улмаар хандан хэн болох нь тодорхойгүй этгээдийн хүсэлтийг биелүүлэх талаарх зааварчилгааг О.Д, түүгээр дамжуулан Э******* ХХК-д өгсөн гэм буруутай..." гэжээ С******* Автоматив Лимитэд ХХК, түүний удирдлага Рассель Витлоу, төлөөлөгч О.Д нарын зүгээс тус Тим Хд тийз захиалгын үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын мэдээллийг өгсөн бөгөөд харин ийнхүү мэдээлэл өгсний дараа Тим Х болон Э******* ХХК-ийн хоорондоо хэлцэл хийж тийз захиалгыг гүйцэтгэсэн билээ. Энэхүү үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар "С******* Автоматив Лимитэд" ХХК оролцоогүй болно. 3. Нэхэмжлэлд Э******* ХХК нь гэрээний 2.2.3-т зааснаар тийзний хувилбар, үнийн саналыг "С******* Автоматив Лимитэд" ХХК-д илгээгээгүй, захиалагч тал тйиз худалдах нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн тайлбар илгээгүй, тийз бичих зөвшөөрлийг бичгээр явуулаагүй гэтэл байгууллага өөрийн хариуцлагагүй байдлаас үүссэн хохирлоо манай байгууллагаас нэхэмжилж байна. Нэхэмжлэлд "... Тим Х гэж өөрийгөө танилцуулсан хэн болохыг нягтлан шалгах үүргээ хэрэгжүүлээгүй..." гэсэн нь үндэслэлгүй юм. Бидний хувьд уг этгээдийг нягтлан шалгах, улмаар хэн болохыг тодорхойлох үүрэг хэн нэгний өмнө хүлээгээгүй бөгөөд тухайн этгээдтэй шууд харилцан тийз захиалгын ажлыг гүйцэтгэсэн этгээд харин энэхүү үүргийг хэрэгжүүлэх ёстой билээ. Дээр дурдсанчлан С******* Автоматив Лимитэд ХХК нь Тим Х гэх хүний тийз захиалгын үйлчилгээ үзүүлдэг байгууллагын талаар мэдээлэл өгөхийг хүссэн цахим шууданг дамжуулсан бөгөөд Э******* ХХК болон бусад хэд хэдэн байгууллагын мэдээллийг илгээсэн юм. Тухайн хүнийг "Порше Хойд Америк Инк"-ийн менежер Тим Х мөн эсэхийг худалдагч байгууллага буюу Эйр транс ХХК нягтлан шалгах ёстой. Өөрөөр хэлбэл бид зөвхөн тус байгууллага болон бусад хэд хэдэн тийз захиалгын үйлчилгээ үзүүлэгч байгууллагын мэдээллийг дамжуулсан бөгөөд тухайн этгээдэд үйлчилгээ үзүүлэх эсэх, захиалга гүйцэтгэх боломжтой этгээд мөн эсэхийг шалгах, нягтлах үүргийг үйлчилгээ үзүүлэх байгууллага өөрөө хариуцах ёстой юм. Мөн тус маргаан нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны 268 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 726 тоот магадлал, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны шүүхийн  тогтоолоор эцэслэн шийдвэрлэгдсэн хэрэг бөгөөд нэхэмжлэгч Э******* ХХК нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар эцэслэн шийдвэрлэгдсэн асуудлаар дахин нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэжээ.

 

Хариуцагч О.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “… Миний бие нь 2018 онд С******* А******* Лимитэд ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан ажилтан байсан. Тухайн үед манай компанийн захирал Russell Whitlow над руу залгаад миний мэйл руу Америкийн нэгдсэн улс дахь Porsche nortn America компанийн ********** rэх хаягаас 2018 оны 7-р сарын 25-ны өдөр мэйл ирлээ. Чи харилцаатай гэрээ байгуулсан тийзний үйлчилгээ явуулдаг компаниуд руу холбогдоод энэ и-мэйлыг илгээчих гэж хэлээд над руу Forword хийж -мэйлыг нь шилжүүлсэн байсан. Би тэр и-мэйлыг нь харилцаатай байсан Э******* ХХК, Э********* ХХК, Э********* ХХК-иуд руу тус тус явуулсан. Гэтэл тэр 3 компанийн 2-оос нь холбогдож нэмэлт баталгаа шаардах тухайгаа хэлсэн. Манай захирал бид баталгаа гаргаж өгөхгүй та бүгд өөрсдөө үйлчлүүлэгчтэй яаж харилцдаг вэ тэр ёсоороо өөрсөдтэй нь и-мэйлаар харилцаад үйлчилгээ өгөх эсэхээ өөрсдөө шийд, бидэнд хамаагүй шүү гэж хэлж байсан. Э******* ХХК болон Э******** ХХК-иуд үйлчилгээ үзүүлэхгүй гэж байсан. Харин Э******* ХХК нь тийз бичилт хийж шилжүүлсэн байсан. Энэ талаар сүүлд цагдаагийн байгууллагад дуудагдаж гэрчийн мэдүүлэг өгөхдөө л би мэдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг нь хүлээн зөвшөөрөхгүй…” гэжээ.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2018.05.18-ны өдрийн 0016/18 дугаартай Тийз захиалгын үйлчилгээ үзүүлэх гэрээ, Э******* ХХК-ийн дүрэм, тооцооны хуудаснууд, төлбөрийн баримтууд, электрон шуудангийн мэдээлэл, 2018.12.31-ний өдрийн 07 дугаартай Прокурорын тогтоол, 2019.08.05-ны өдрийн и-мэйлд үзлэг хийсэн тэмдэглэл, и-мэйл зурвасууд, Б.З гэрчийн мэдүүлэг, тооцооны баримтууд,

 

Хариуцагч О.Дөөс хариу тайлбар, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,

 

Хариуцагч С******* А******* Лимитэд ХХК-аас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хариу тайлбар зэрэг баримтыг өгсөн байна.

 

Иргэдийн төлөөлөгч С.У дүгнэлтээ: ”Гэм буруугийн үйлдэл гарсан хохирлыг хоёр тал адилхан хариуцлага хүлээж хохирлыг хувааж төлөх ёстой” гэж,

Иргэдийн төлөөлөгч Г.Өий дүгнэлтээ: “ С******* автоматив лимитед ХХК-ийн танилцуулсан Хойд Америкийн салбарын менежерийн захиалсан тийзний төлбөрийг танай тал хариуцах уу гэж Э******* ХХК огт асуугаагүй нь тэдний буруу гэж үзээд /хэдий шинэ харилцагч санал болгосон, манай үзүүлдэг хоёр хувийн хөнгөлөлт үзүүлэхгүй шүү гэсэн ч Э******* ХХК шалгах ёстой, лавлаж асуух байсан/ нэхэмжилж буй төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна” гэж,  

Иргэдийн төлөөлөгч Ө.Р дүгнэлтээ: “ Д гэдэг ажилтан Э******* ХХК-тай холбогдож захиалга өгдөг байсан. Хамтарч ажиллах гэрээтэй. С******* автоматив лимитед ХХК ажилтны ажил үүргийн процесст хяналтгүй. /Хойд Америкийн салбарын хүн гэж хэлсэн/ Тийм учраас 50 хувиар хариуцах нь зүйтэй гэж нэхэмжлэгч ярьсан. Иймээс хоёр компани 50, 50 хувиар хариуцах нь зүйтэй” гэж тус тус дүгнэлтээ шүүхэд гаргасан.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э******* ХХК нь хариуцагч С******* А******* Лимитэд ХХК, О.Д нарт холбогдуулан гэм хорын хохиролд 491,998,557 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Э******* ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...Э******* ХХК нь С******* А******* Лимитэд ХХК-тай 2018.05.18-ны өдөр 0016/18 дугаартай Тийз захиалгын үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан. Э******* ХХК нь гэрээнд заасан хэлбэр буюу электрон шуудан, мессенжер болон факсаар илгээсэн захиалагчийн хүсэлтийг биелүүлэн тийз захиалах, захиалагч нь тийзийн үнийг гэрээнд заасан хугацаанд худалдагчид төлөхөөр тохиролцсон. Энэ дагуу Э******* ХХК-ийн ажилтан Т.З, С******* А******* Лимитэд ХХК-ийн эрх бүхий ажилтан О.Дтэй цахим шуудан, утсаар харилцах зэргээр холбогдон тийз захиалгын үйлчилгээг байнга үзүүлж ирсэн... Тийз захиалгын гэрээний дагуу байнга харилцаж ирсэн захиалагчийн төлөөлөгч О.Д зохих үйлчилгээг бусдад үзүүлэхийг хүсэж, ингэхдээ үнийн хөнгөлөлтийг үзүүлэхгүй тухай зааварчилгаа өгсөн, улмаар тийз захиалсан этгээдийн цахим шуудангийн мэдээллийг өгч, холбоог тогтоож өгсөн үйл ажиллагаа үндсэн шалтгаан. гаргуулж өгнө үү...” гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч С******* А******* Лимитэд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: “ ...Э******* ХХК-ийн ажилтан Б.З нь "Порше Хойд Америк Инк"-ийн менежер Тим Хтай харилцан 1,005,194,500 төгрөгийн үнийн дүн бүхий 202 ширхэг тийзийг захиалж үйлчилгээг зохих ёсоор үзүүлсэн" гэжээ. Тим Х нь манай компанийн ажилтан биш компанитай ямар ч хамааралгүй. Талуудын хооронд байгуулсан 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан 0016/18 тоот гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.4.-т заасан гэрээний дагуу  манай компаниас захиалсан, эсхүл манай компанийн захиалгыг гүйцэтгэж байгаа гэж үзсэн бол манай компанийн зөвшөөрлийг үндэслэн шаардлагатай тийзийг бичиж өгөх ёстой юм. Гэтэл нэхэмжлэгч нь хаанаас хэн тийз захиалж байгаа болохыг нягтлан үзэлгүй захиалга гүйцэтгэж гүйцэтгэж байгаа талаар манайд мэдэгдэлгүй захиалга хийсэн. Ийнхүү манай компанийн оролцоогүйгээр тийз захиалгыг гүйцэтгэсэн. С******* Автоматив Лимитэд ХХК, түүний удирдлага Рассель Витлоу, төлөөлөгч О.Д нарын зүгээс тус Тим Хд тийз захиалгын үйлчилгээ үзүүлдэг хэд хэдэн байгууллагуудын мэдээллийг өгсөн. Мэдээлэл өгсний дараа Тим Х болон Э******* ХХК-ийн хоорондоо хэлцэл хийж тийз захиалгыг гүйцэтгэсэн. Энэхүү үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар "С******* Автоматив Лимитэд" ХХК оролцоогүй болно. Манай компанийн хувьд Тим Х гэх этгээдийг нягтлан шалгах, улмаар хэн болохыг тодорхойлох үүрэг хүлээгээгүй, тухайн этгээдтэй шууд харилцан тийз захиалгын ажлыг гүйцэтгэхээр зөвшөөрч байгаа нэхэмжлэгч өөрөө шалгах  үүрэгтэй.  Өөрөөр хэлбэл бид Тим Хд хэд хэдэн тийз захиалгын үйлчилгээ үзүүлэгч байгууллагын мэдээллийг дамжуулсан. Захиалга гүйцэтгэх боломжтой эсэхийг тизний үйлчилгээ үзүүлэхийг хүссэн компани өөрөө шалгаж, захиалга авах эсэхээ өөрөө нягтлах үүрэгтэй. Манай компанид үзүүлсэн үйлчилгээ гэж тайлбарлаж байгаа бол гэрээгээр тохиролцсоны дагуу уг ажиллагаа явагдах ёстой байтал огт ийм ажиллагаа хийгдээгүй юм. Мөн тус маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тул  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэж,

 

Хариуцагч О.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “… Миний бие нь 2018 онд С******* А******* Лимитэд ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан.Компанийн захирал над руу залгаад миний мэйл руу Америкийн нэгдсэн улс дахь Порше  компанийн Тим Х гэх хаягаас 2018.07.25-ны өдөр мэйл ирлээ. Чи харилцаатай гэрээ байгуулсан тийзний үйлчилгээ явуулдаг компаниуд руу холбогдоод энэ и-мэйлыг илгээхээр и-мэйлийг над руу шилжүүлсэн. Би тэр и-мэйлийг харилцаатай байсан Э******* ХХК, Эйр экспресс ХХК, Эйр маркет ХХК-иуд руу тус тус явуулсан. Тус 3 компанийн 2-оос нь холбогдож нэмэлт баталгаа шаардах тухайгаа хэлсэн. Манай захирал бид баталгаа гаргаж өгөхгүй, та бүгд өөрсдөө үйлчлүүлэгчтэйгээ яаж харилцдаг тэр ёсоороо өөрсөдтэй нь и-мэйлээр харилцаад үйлчилгээ өгөх эсэхээ өөрсдөө шийд, бидэнд хамаагүй шүү гэж хэлсэн. Эйр маркет ХХК болон Эйр экспресс ХХК-иуд үйлчилгээ үзүүлэхгүй гэж байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг нь хүлээн зөвшөөрөхгүй…” гэж маргадаг.

 

Хэрэгт авагдсан баримтаар Э******* ХХК болон С******* а******* л******* ХХК-ийн хооронд 2018.05.18-ны өдөр "Тийз захиалгын үйлчилгээ үзүүлэх" худалдах- худалдан авах гэрээ байгуулагдсан, тухайн гэрээ хүчин төгөлдөр,   нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдаж буй 2018.07.25-наас 2018.08.02-ны өдрийн хооронд худалдсан 202 тийзийг хариуцагч нар дээрх гэрээний дагуу захиалж худалдан авсан гэж үзэх, улмаар үнийг төлөх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй гэж шүүх дүгнэж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.28-ны өдрийн 268 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020.03.30-ны өдрийн 726 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2022.01.06-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор тус тус тогтоогдож байх ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /х.х-ийн 137-150/

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч “...  О.Дий ажил олгогч С******* А******* Лимитед, түүний удирдлага Рассель Витлоу нь үүрэг даалгавар өгөхдөө "Порше Хойд Америк Инк"-ийн менежер Тим Х гэж өөрийгөө танилцуулсан этгээдийн хэн болохыг нягтлан шалгах үүргээ хэрэгжүүлээгүй, улмаар хэн болох нь тодорхойгүй этгээдийн хүсэлтийг биелүүлэх талаарх зааварчилгааг О.Д, түүгээр дамжуулан Э******* ХХК-д өгсөн гэм буруутай. Түүний энэхүү гэм буруутай үйл ажиллагааны улмаас манай байгууллагад гэм хорын хохирол учирсан. С******* А******* Лимитэд ХХК, тус компанийн ажилтан О.Д нарын ажил үүрэгтэй хайхрамжгүй хандсан гэм буруутай үйлдлийн улмаас 491,998,557 төгрөгийн гэм хорын хохирол учирсан...” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлан шаардаж байна.

 Бусдын эрх, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1-д “Үүрэг энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүснэ” гэж заасан байх бөгөөд хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д “гэм хор учруулах”-ыг үүрэг үүсэх үндэслэлд хамааруулсан байна. Үүрэг үүсэх үндэслэлийг гэрээний, гэрээний бус гэж ангилдаг бөгөөд гэрээний бус үүрэг нь хуулийн дагуу үүсэх үүргийн харилцаа, зөрчлийн улмаас үүсэх үүргийн харилцаа гэж хуваадаг. Гэм хор учруулснаас үүсэх үүрэг нь зөрчлийн улмаас үүсэх үүрэг юм.

 

Гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь гэм хор учруулагчийн хууль бус үйлдэл, хохирол, үйлдэл ба хохирлын хоорондын шалтгаант холбоо, гэм хор учруулагчийн гэм буруу  гэж үздэг. Өөрөөр хэлбэл гэм буруутайн улмаас хохирлыг арилгах үүрэг үүсэх ба үйлдлийг санаатай, болгоомжгүй хэлбэрээр гаргадаг юм.

 

Дээрх шүүхийн 268 дугаар шийдвэр, 24 дүгээр тогтоолоор  “...Тухайлбал, "Тийз захиалгын үйлчилгээ үзүүлэх гэрээ"-ний 1.2, 2.1.4, 2.2.3, 3.2 дахь заалтуудад заасан тийз худалдан авах ажиллагааны буюу эхлээд "С******* а******* лимитэд" ХХК-ийн тийз худалдан авах захиалга өгсний дагуу худалдагч "Э*******" ХХК нь тийзийн хувилбар, үнийн санал хүргүүлэх, улмаар захиалагч түүнээс сонголт хийсний дараа талууд зөвшилцөлд хүрч тийз бичигдэн, 2 хувийн хөнгөлөлт үзүүлэн үнийг төлөх журамтай бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчид энэ журмын дагуу захиалга өгч маргааны зүйл болсон 202 тийзийг худалдан авсан гэж үзэх үндэслэлгүй байна. Хэргийн баримтаар /Porche America/ Порше машины хойд Америк Инк компанийн менежер /Тіт Heffernan/ Тим Хэмффэрнанаас 2018.07.25-ны өдөр С******* а******* лимитэд ХХК-ийн захирал /Rassell Whitlow/ Paccaэл Витловт өөрийнх нь гэрээт аяллын газар засвар, үйлчилгээний асуудалтайгаас С******* а******* лимитэд" ХХК-ийн харилцдаг аяллын байгууллагатай танилцахыг хүсч, хүсэлтийг аяллын ажилтанд уламжлахыг хүссэн электрон шуудан ирүүлсэн, үүнийг захирлын заавраар тус компанийн ажилтан О.Д Э******* ХХК-ийн ажилтан Б.З руу илгээсэн байх боловч тухайн электрон шуудангааp С******* а******* лимитэд ХХК тийзийн захиалга өгсөн гэж үзэх нөхцөл тогтоогдоогүй, Б.З нь Тим Хэмффэрнантэй харьцаж тийз бичиж өгч байсан, хариуцагчийн зүгээс Тим Хэмффэрнаны захиалж буй тийзийн төлбөрийг хариуцахгүй, эдгээр тийзэд тус компанийн захиалгын үнийн хөнгөлөлт хамаарахгүйг анхааруулж байснаас үзвэл нэхэмжлэгч нь тийзийн үнийг хариуцс шаардах хууль зүйн боломжгүй байна...”, “... Эйр транс ХХК-ийн ажилтан Б.З нь Тим Хтай харьцсан. Тим Хэффарнан захиалгыг өгсөн, ажилтан О.Д нь төлбөрийг "С******* а******* лимитэд" ХХК нь хариуцахгүйг мэдэгдсэн буюу өөрөөр хэлбэл дээрх 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн электрон шуудангийн дагуу Тим Х нь Э******* ХХК-тай харьцаж захиалга өгснөөр тийз бичсэн, төлбөрийг Америкийн компани хариуцахаар болсныг гэрч Б.Згийн мэдүүлгээр нотлогдож байна...” гэж тус тус дүгнэж шийдвэрлэсэн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэж заасан.

 

 Хариуцагч С******* а******* лимитед ХХК, О.Д нар тизний захиалга өгөөгүй,  тийзний захиалгыг Тим Хэффарнан өгсөн, 202 тийзний захиалгын төлбөрийг С******* а******* лимитэд ХХК нь хариуцахгүй, төлбөрийг Америкийн компани хариуцах болохыг нэхэмжлэгч Э******* ХХК мэдэж байсан болох нь Э******* ХХК-ийн ажилтан Б.Згийн мэдүүлгээр тус тус тогтоогдсон байх тул хариуцагч нарын гэм буруу тогтоогдохгүй байна.

 

Шүүх хуралдаанд гурван иргэдийн төлөөлөгч ирж, тус тус дүгнэлт гаргасан бөгөөд хоёр иргэдийн төлөөлөгч нь гэм хорын хохирлын 50 хувийг хариуцагч хариуцах талаар дүгнэлт гаргасан бөгөөд уг дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэлээ. Учир нь гэм хорын гэм буруугийн шинж үгүйсгэгдсэн ба нотлогдоогүй тул хариуцагч нараас гаргуулах үндэслэлгүй юм.

 

Иймд С******* А******* Лимитэд ХХК, О.Д нараас гэм хорын хохиролд 491,998,557.3 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч С******* А******* Лимитэд ХХК, О.Д нараас гэм хорын хохиролд 491,998,557.3 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Э******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,617,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ОЮУНБИЛЭГ

 

ШҮҮГЧ                                   Ч.НЯМСҮРЭН

 

Д.ЭНХЦЭЦЭГ