| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2024/01334/и |
| Дугаар | 192/ШШ2025/02282 |
| Огноо | 2025-03-25 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 192/ШШ2025/02282
2025 03 25 192/ШШ2025/02282
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, 7-3в байр, 33 тоотод оршин суух Б******* овогт Б******* Т******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Их монгол улсын гудамж, Р******* гарден хотхон, 7 хэсэг, 317-17-105 тоотод байрлах Р******* б******* ХХК /РД:*******/-д холбогдох,
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Э*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.М*******, Э.С,
Гэрч: Ц.М,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Т******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: “…Нэгт. Б.Т******* миний бие анх Р******* б******* ХХК-д 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс ажилд орсон бөгөөд 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс чөлөөлөгдөх хүртэл Үйлчилгээ хариуцсан менежерийн албан тушаалд дэвшин ажиллаж, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Гэтэл 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 12 цагт ажилдаа ирэхэд ерөнхий менежер Э.М******* нь надтай хувийн сэдлээр хандаж, ганцаарчлан уулзаад ямар нэгэн тушаал шийдвэргүйгээр цаашид чамтай ажиллах боломжгүй боллоо, яг одоо эд зүйлсээ хүлээлгэж өгөөд явахыг шаардсан. Шалтгааныг тодруулахад байгууллагын мөнгө, хөрөнгө завшсан, зөөгч, бармен, касстайгаа нийлж залилан, хулгай хийсэн гэх зэргээр ямар ч үндэслэлгүйгээр гүтгэж, гэм буруугаа хүлээгээд үнэнээ хэлбэл яах вэ уучилж болно. Мөн цагдаагийн байгууллагад хандаж байгаа гэх зэргээр сүрдүүлсэн. Миний бие дээрх нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөөгүй, ямар асуудалд буруутгагдаж байгаагаа мэдэх, тайлбар гаргах эрхээр хангаагүй тул тушаалыг албан ёсоор өгөхийг хүсэж, 2023.12.01-ний өдөр и-мэйл хүргүүлсэн. Гэвч 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр албан ёсоор ирүүлсэн мэйлд, "гаднаас архи согтууруулах ундаа оруулж байгаа бичлэг илэрч, цаашлаад хамтран ажилладаг ажилтнуудтай харилцан тохиролцох замаар компанид хохирол учруулсан, учруулахаар завдсан талаар мэдээлэл ирсэн тул хууль хяналтын байгууллагад шалгуулахаар хандсан бөгөөд эцэслэн шийдвэрлэх хүртэл түр хугацаанд албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх шийдвэр гаргасан" гэх хариуг ирүүлсэн. Мэйлд дурдсан асуудал нь миний хариуцаж буй ажил, чиг үүрэгт огт хамааралгүй болно. Уг мэйлээр хариу өгч, байгууллагын зүгээс ямар нэгэн тушаал шийдвэргүйгээр 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу ажиллах нөхцөл боломжоор хангаагүй. 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүний нөөцөөс дуудан, очиж уулзахад хөдөлмөрийн гэрээ цуцалсан гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн огноо бүхий Б/250 дугаар тушаал болон "Эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх тухай" Б/251 дүгээр тушаалуудыг надад гардуулан өгсөн. Эдгээр тушаалыг миний бие хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь 1-рт ажиллаж байх хугацаанд ямар нэгэн хөрөнгийн тооллого хийгээгүй, өөрийн эдэлж хэрэглэж байсан эд зүйлсийг л хүлээлгэн өгсөн. 2-рт Би 2023.11.28-ны өдрөөс хойш ажилдаа очоогүй, гэтэл надыг байлцуулахгүйгээр тооллого хийж, бараа материалын дутагдал гаргасан гэх боловч миний бие ямар нэгэн бараа материал татан авалт болон хариуцан ажилладаггүй. Касс болон зөөгчийн хариуцдаг бараа материалыг надад хамаатуулан дутаасан гэж байгааг зөвшөөрөхгүй. 3-рт Мөн тооллогоор бараа материал дутсан гэж байгаа боловч ямар бараа материал хэдий хэмжээгээр яаж дутсан нь тодорхойгүй, танилцуулаагүй. Хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан ноцтой зөрчил гаргаагүй, уг зөрчил гэх асуудлыг намайг байхад шалгаж тогтоогоогүй, сүүлд нөхөж 10-аад хоногийн дараа тушаал гаргаж, миний чиг үүрэгт хамааралгүй асуудлаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Хоёрт. Миний бие 2023 оны 11 дүгээр сарын ажилласан хугацааны урьдчилгаа цалинд 1,000,000 төгрөгийг олгосон боловч үлдэх сүүл цалин хөлсийг олгоогүй. 2022.12.01-ний өдрөөс тус байгууллагад ажилласан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлд зааснаар ээлжийн амралт авах эрх үүссэн боловч 2023 оны ээлжийн амралтыг биеэр эдлүүлээгүй бөгөөд одоог хүртэл ээлжийн амралтын тооцоог хийгээгүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 110 дугаар зүйлд зааснаар 2023 оны ээлжийн амралтын мөнгийг 1.5-аар тооцон гаргуулахаар шаардаж байна.3. Миний бие гүйцэтгэх захирлын гаргасан тушаал, уг тушаалд заасан үндэслэлүүдийг эс зөвшөөрч 2023.12.14-ний өдөр гардан авснаас хойш хуульд заасан хугацаанд буюу 2023.12.29-ний өдөр Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан боловч тус гурван талт хорооны 2024.02.05-ны өдрийн хуралдаанаар талууд харилцан тохиролцоогүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр заасан. Иймд Р******* б******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/250 дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор болон 2023 оны 11 дүгээр сард ажилласан хугацааны сүүлийн цалин, 2023 оны ээлжийн амралтын цалин хөлсийг гаргуулах, мөн гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/251 дүгээр тушаалыг хүчингүй болгож, цалингаас суутгасан 1,190,500 төгрөг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү…” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “... нэхэмжлэлийн шаардлагыг “Р******* Б*******” ХХК нь бүхэлд нь эс зөвшөөрч байна. “Р******* Б*******” ХХК нь Б.Т*******тэй анх 2022 оны 12 дугаар сарын 06- ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулан ээлжийн менежер албан тушаалд томилон ажиллуулж улмаар 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулан үйлчилгээ хариуцсан менежер албан тушаалд ажиллуулж байсан. Б.Т******* нь үйлчилгээ хариуцсан менежерээр ажиллаж байх хугацаандаа ажил олгогчийн зүгээс үүрэг болгосон ажлыг хугацаанд хийж гүйцэтгэхгүй, ээлжийн менежертэй ажлаа хүлээлцдэггүй зэрэг зөрчлүүдийг удаа дараа гаргаад байсан тул манай компанийн зүгээс 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр "Зөрчил бүртгэх хуудас"-т бүртгэж өөрт нь хаалттай сануулсан. Ингээд дахин Б.Т******* нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй мөн ажлын байрны тодорхойлолт заасан үндсэн чиг үүргийн хүрээнд ажлыг бүрэн гүйцэт хийж гүйцэтгээгүйн улмаас байгууллагын үйл ажиллагааг доголдуулсан. Ажил олгогч компанийн зүгээс дахин 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр нээлттэй сануулах арга хэмжээ авч, дахин алдаа дутагдал гаргахгүй байх, өөрийн нөөц боломжийг дайчлан ажиллахыг анхааруулж тэмдэглэл үйлдсэн. Гэтэл Б.Т*******ийн дээрх үйлдэл нь дахин давтагдаж, улмаар өөрийн шууд удирдлага дор ажилладаг ажилтнуудтай зүй бусаар харилцдаг, дарамталдаг, тооллогоор дутсан бараа материалын үнийг ажилчдаар төлүүлдэг, ажилчдыг ажлаас гарах шалтгаан нөхцөлийг бүрдүүлж байсан зэрэг үйлдлүүдийг гаргасныг компанид шууд удирдлага дор нь ажиллаж байсан хүмүүс мэдэгдсэн. Дээрх байдлаар Б.Т*******ийн Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болон бусад зөрчлүүд нь хэтэрч олон дахин давтагдсаар ирсэн тул дахин 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр “Зөрчил бүртгэх хуудас"- т бүртгэж өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулсан. Бидний зүгээс Б.Т*******ийг ажил үүргээ хэвийн гүйцэтгэх бүхий л боломжоор хангаж, улмаар гаргасан зөрчлүүдээ цаашид дахин давтахгүй ажиллана гэж итгэж ирсэн. Гэтэл нэхэмжлэгч нь компанийн орлогыг хувийн дансаар хүлээн авдаг, улмаар түүнийгээ компани руу шилжүүлдэг байсныг "Р******* Б*******" ХХК дараа нь мэдсэн. Мөн Б.Т******* нь ажил үүргийнхээ хүрээнд 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дэлгүүрээс алтан шар өнгийн 100 ширхэг тавгийг худалдан авахдаа нэг бүрийн үнэ нь 7,000 төгрөгийн үнэтэй тавгийг 10,400 төгрөг гэж компанид худал хэлж, компаниас 1,040,000 төгрөгийг шилжүүлэн авсан. "Р******* Б*******” ХХК-ийн зүгээс нэг бүрийн үнэ нь 7000 төгрөгийн үнэтэй таваг байсныг тухайн дэлгүүрийн захирлаас тодруулж олж мэдсэн. Б.Т******* нь хувьдаа 340,000 төгрөгийг авч ашигласан. Ингээд "Р******* Б*******" ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 12 сарын 14-ний өдрийн Б/250 дугаартай тушаалыг гаргасан. Тус тушаалын үндэслэл нь 2023 оны 11 сарын 28-ны өдөр бараа материалын тооллого хийхэд дутагдал гаргасан, үйлчлүүлэгчээс хувийн дансандаа төлбөр шилжүүлэн авч компанид тушаасан, харилцагчаас бага үнээр авсан барааг компанид өндөр үнээр нийлүүлж, хувьдаа ашиг олсон мөн сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа давтан зөрчил гаргасан үйлдлүүд байсан тус үйлдлүүдийн заримыг буюу тооллогын дутагдал, мөнгө хувийн дансандаа авсан зэргийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөн харилцагчаас бага үнээр авсан барааг компанид өндөр үнээр нийлүүлж, хувьдаа ашиг олсон нь баримтаар нотлогдсон. Нэхэмжлэгч нь компанийн итгэмжлэн хариуцуулсан мөнгө, эд хөрөнгө бараа материалыг хувьдаа ашиглан ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдлүүд нь Хөдөлмөрийн гэрээний 7.5.13.-т заасан Ажил олгогчийн мөнгө эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцдаг, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан. Мөн гэрээний 7.5.15. Компанийн эд хөрөнгө, мөнгө, бараа материалыг хувийн зорилгоор ашигласан аливаа үйлдэл нь тогтоогдсон гэж заасан ноцтой зөрчлийг тус тус гаргасан. Б.Т******* нь Хөдөлмөрийн гэрээний үүргээ удаа дараа биелүүлээгүйн улмаас удаа дараа нээлттэй сануулах, хаалттай сануулах сахилгын шийтгэлүүдийг авч байсан бөгөөд сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа дахин хөдөлмөрийн гэрээ, компанийн дотоод журамд заасны дагуу зөрчил гаргасан нь Б.Т*******тэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй.
2. Гүйцэтгэх захирлын 2023.12.14-ны өдрийн Б/251 дүгээр тушаал үндэслэлгүй болгохыг тогтоож, хүчингүй болгуулан цалингаас суутгасан 1,190,500 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд: Манай компани нь сар бүрийн сүүлийн өдөр, дараа сарын эхний өдөр бараа материалын тооллогыг хийдэг бөгөөд нэхэмжлэгч Б.Т******* нь 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр бараа материалын тооллого хийхэд биечлэн байлцсан. Тус тооллогоор бараа бүтээгдэхүүн, мөнгөний дутагдал гаргасан бөгөөд түүнийг нь баталгаажуулж 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Ажил хүлээлцэх акт" үйлдсэн. Б.Т******* нь бүрэн ойлгож, хүлэн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. Ингээд компанийн зүгээс хөдөлмөрийн харилцааг цуцлахдаа Б.Т*******д эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж гүйцэтгэх захирлын Б/251 дүгээр тушаалыг гаргасан нь үндэслэлтэй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэжээ.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2023.12.14-ний өдрийн Б/251 дүгээр гүйцэтгэх захирлын тушаал, 2023.07.01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ, 2024.02.05-ны өдрийн 24/02 дугаартай Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл, дансны хуулгууд, шүүхэд төлөөлөх итгэмжлэл,
Хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, ажлын байрны тодорхойлолт, Хишигжаргалын тайлбар, Мын тайлбар, ажлаас гарч байгаа ажилтны тойрох хуудас, дансны хуулгууд, текний бараа болон бэлэн мөнгөний дутагдал, 2023.12.14-ний өдрийн Б/250 дугаар гүйцэтгэх захирлын тушаал, 2023.03.01-ний өдрийн А/003 дугаар гүйцэтгэх захирлын тушаал, Хөдөлмөрийн дотоод журам, 2022.05.01-ний өдрийн 22/02 дугаартай гүйцэтгэх захирлын тушаал, 2023.02.01-ний өдрийн А/005 дугаартай гүйцэтгэх захирлын тушаал, хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ, зөрчил бүртгэх хуудсууд, Б.Т*******ийн 11 дүгээр сарын цалингийн задаргаа, 2022.12.06-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, 2022.12.06-ны өдрийн Нууцлалын гэрээ, 2023.07.01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ болон холбогдох бусад дүрэм журамтай танилцсан тэмдэглэл, 2023.07.01-ний өдрийн Нууцлалын гэрээ, Ажлын байрны тодорхойлолт, Ажил хүлээлцэх акт, 2022.12.06-ны өдрийн Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, 2023.04.26-ны өдрийн Б/081 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай гүйцэтгэх захирлын тушаал, 2023.07.01-ний өдрийн Б/169 дүгээр Сахилгын шийтгэл ногдуулах тухай гүйцэтгэх захирлын тушаал, 2023.11.06-ны өдрийн Б/187 дугаар Сахилгын шийтгэл ногдуулах тухай гүйцэтгэх захирлын тушаал, төлбөрийн баримтууд,
Хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр чатад үзлэг хийсэн тэмдэглэл /х.х-ийн 87-103/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр мэйл хаягт үзлэг хийсэн тэмдэглэл, Ариг банк ХК-ийн албан бичиг, Капитрон банк ХК-ийн албан бичиг, Богд банк ХК-ийн албан бичиг, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан бичиг, Чингис хаан банк ХК-ийн албан бичиг, Тээвэр хөгжлийн банк ХК-ийн албан бичиг, Хас банк ХК-ийн албан бичиг, Төрийн банк ХК-ийн албан бичиг, Худалдаа хөгжлийн банк ХК-ийн албан бичиг, дансны хуулгууд, Голомт банк ХК-ийн албан бичиг, дансны хуулгууд, Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-ийн албан бичиг, Хаан банк ХК-ийн албан бичиг, дансны хуулгууд, Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн тодорхойлолт /х.х-ийн 146-197, х.х-ийн 218-225, х.х-ийн 213-245/ зэрэг нотлох баримтыг тус тус шүүхэд ирүүлэв.
Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийн заримыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.
2.Нэхэмжлэгч Б.Т******* нь хариуцагч Р******* Б******* ХХК-нд холбогдуулан дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
- Р******* б******* ХХК-ийн Үйлчилгээ хариуцсан менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох
- ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах,
- 2023 оны 11 дүгээр сарын сүүлийн цалин гаргуулах,
- 2023 оны ээлжийн амралтын цалин гаргуулах,
- гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/251 дүгээр тушаалыг хүчингүй болгож,
- цалингаас суутгасан 1,190,500 төгрөг гаргуулах,
-эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шаардсан.
3. Хариуцагч Р******* Б******* ХХК нь “... 1.-т Б.Т******* нь ажил олгогчийн зүгээс үүрэг болгосон ажлыг хугацаанд хийж гүйцэтгээгүй, ээлжийн менежертэй ажлаа хүлээлцдэггүй зэрэг зөрчлүүдийг удаа дараа гаргасан тул 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хаалттай, дахин хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, ажлын байрны тодорхойлолт заасан ажлыг бүрэн гүйцэт хийж гүйцэтгээгүйн улмаас байгууллагын үйл ажиллагааг доголдуулсан тул 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр нээлттэй тус тус сануулах сахилгын арга хэмжээ авсан. Б.Т*******ийн дээрх үйлдэл нь дахин давтагдаж, улмаар өөрийн шууд удирдлага дор ажилладаг ажилтнуудтай зүй бусаар харилцаж дарамталдаг, тооллогоор дутсан бараа материалын үнийг ажилчдаар төлүүлдэг, дахин хөдөлмөрийн зөрчил давтагдсаар байсан тул 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулсан. Гэтэл нэхэмжлэгч нь компанийн орлогыг хувийн дансаар хүлээн авдаг, улмаар түүнийгээ компани руу шилжүүлдэг, мөн ажил үүргийнхээ хүрээнд 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 100 ширхэг таваг худалдан авахдаа Б.Т******* нь хувьдаа 340,000 төгрөгийг авч ашигласан. 2023 оны 11 сарын 28-ны өдөр бараа материалын тооллого хийхэд дутагдал гаргасан, үйлчлүүлэгчээс хувийн дансандаа төлбөр шилжүүлэн авч компанид тушаасан, харилцагчаас бага үнээр авсан барааг компанид өндөр үнээр нийлүүлж, хувьдаа ашиг олсон мөн сахилгын шийтгэлтэй байх хугацаандаа давтан зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/250 дугаар тушаалаар цуцалж, үүрэгт ажлаас чөлөөлсөн. 2.-т Компани нь сар бүрийн сүүлийн өдөр, дараа сарын эхний өдөр бараа материалын тооллогыг хийдэг. Б.Т******* нь 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр бараа материалын тооллого хийхэд биечлэн байлцаж, тооллогоор бараа бүтээгдэхүүн, мөнгөний дутагдал гаргасан ба түүнийг нь баталгаажуулж 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “Ажил хүлээлцэх акт" үйлдсэн. Иймээс Хөдөлмөрийн харилцааг цуцлахдаа Б.Т*******д эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж, гүйцэтгэх захирлын Б/251 дүгээр тушаалыг гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй...” гэж маргадаг.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Нэхэмжлэгч Б.Т******* нь Р******* б******* ХХК-ийн Үйлчилгээ хариуцсан менежерээр ажиллаж байсан болох нь 2023 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээ, 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2023 оны 11 сарын цалингийн задаргаа, талуудын тайлбараар тус тус тогтоогдож байна.
4.2. Р******* б******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн Б/250 дугаартай “Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухайн хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 80.1.5, 123 дугаар зүйлийн 123.2.5, Р******* б******* ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.2.2.13, 11.2.2.15, 11.2.2.23, Ажилтантай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.5.13, 7.5.15 заалтыг тус тус үндэслэн Батсүрэн овогтой Т******* нь 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн тооллогоор илэрсэн бараа материалын дутагдал гаргасан, үйлчлүүлэгчээс хувийн дансандаа төлбөр шилжүүлэн авч компанид тушаасан, харилцагчаас бага үнээр худалдсан барааг компанид өндөр үнээр нийлүүлж хувьдаа ашиг олсон зөрчил гаргасан нь сахилгын шийтгэлтэй байх хугацаанд давтан зөрчил гаргасан, мөн хөдөлмөрийн гэрээг цуцлахаар тухайлан заасан ноцтой зөрчилд хамаарч байх тул түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөр тасалбар болгон Үйлчилгээ хариуцсан менежерийн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
4.3. Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөх тухай 2023 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн Б/250 дугаартай тушаалыг хүлээн авч, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-д “хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй” гэж зааснаар маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хандсан болох нь 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн №24/02 дугаартай Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байх бөгөөд талууд харилцан тохиролцоогүй тул мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тухай гомдлоо шүүхэд гаргасан нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна .
5.Талуудын маргааны зүйл нь хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүй цуцалсан талаар байх бөгөөд хөдөлмөрийн гэрээ байгуулан Үйлчилгээ хариуцсан менежерээр ажиллаж байсан талаараа хэн аль нь маргаагүй.
6. Нэхэмжлэгч Б.Т******* нь “ ...байгууллагын мөнгө, хөрөнгө завшсан, зөөгч, бармен, касстайгаа нийлж залилан, хулгай хийсэн гэх зэргээр ямар ч үндэслэлгүйгээр гүтгэж, миний хариуцаж буй ажил, чиг үүрэгт огт хамааралгүй үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалсан тул хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хөрөнгийн тооллого хийгээгүй, 2023.11.28-ны өдрөөс хойш ажилдаа очоогүй, байлцуулахгүйгээр тооллого хийж, бараа материалын дутагдал гаргасан гэх боловч миний бие ямар нэгэн бараа материал татан авалт болон хариуцан ажилладаггүй. Касс болон зөөгчийн хариуцдаг бараа материалыг надад хамаатуулан дутаасан гэж байгааг зөвшөөрөхгүй. Хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан ноцтой зөрчил болон давтан зөрчил гаргаагүй, үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөнд гомдолтой. Миний бие 2023 оны 11 дүгээр сард ажилласан хугацааны урьдчилгаа цалинд 1,000,000 төгрөгийг авсан, үлдэх цалин хөлсийг олгоогүй. 2022.12.01-ний өдрөөс тус байгууллагад ажилласан ээлжийн амралт авах эрх үүссэн боловч 2023 оны ээлжийн амралтыг биеэр эдлүүлээгүй тул ээлжийн амралтын цалин гаргуулахаар шаардаж байна...” гэж тайлбарладаг.
7. Ажилтантай хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгосон тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгосон тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан зөрчил буюу хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгосон үндэслэлтэй тохирч байхыг шаарддаг.
8. Р******* Б******* ХХК нь 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн тооллогоор илэрсэн бараа материалын дутагдал гаргасан, үйлчлүүлэгчээс хувийн дансандаа төлбөр шилжүүлэн авч компанид тушаасан, харилцагчаас бага үнээр худалдсан барааг компанид өндөр үнээр нийлүүлж хувьдаа ашиг олсон зөрчил гаргасан нь сахилгын шийтгэлтэй байх хугацаанд давтан зөрчил гаргасан үндэслэлээр нэхэмжлэгч Б.Т*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй байна.
8.2. Үйлчлүүлэгчээс хувийн дансандаа төлбөр шилжүүлэн авч компанид тушаасан сахилгын зөрчил нь нэхэмжлэгч Б.Т*******ийн Худалдаа хөгжлийн банкны тоот дансны 2023.09.27-ны өдрийн 1,000,000 төгрөг Базарсад Батсугар гүйлгээний утга “үсний найр”, Р******* Б******* ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 436015745 тоот дансны 2023.09.27-ны өдрийн гүйлгээ, 2023.10.01-ний өдрийн 1,277,200 төгрөг, гүйлгээний утга “Birthday үлдэгдэл”, нэхэмжлэгч Б.Т*******ийн Голомт банк дахь 2205048900 дансны 2023.11.18-ны өдрийн 12,500 орлого, гүйлгээний утга “River kitchen” гэсэн гүйлгээгээр тус тогтоогдож байна. /1хх-ийн 46,171, 194/
8.3. Ажил олгогчийн танилцуулж, үүрэг ногдуулсан ажлын байрны тодорхойлолтод захиалгын төлбөр тооцоог хянах үүргийг нэхэмжлэгч Б.Т******* хүлээсэн байх тул үйлчлүүлэгчээс үйлчилгээ авсан төлбөрөө бүрэн төлсөн эсэх, төлбөр компанид тушаагдсан эсэхийг хянаж, төлбөрийг бүрэн компанид бэлэн болон компанийн орлого хүлээн авах банкны харилцах дансанд орсон эсэх тооцоог хянах үүрэг хүлээсэн гэж ойлгоно. /1хх-41/ Өөрөөр хэлбэл компанийн захиалгын төлбөр буюу орлогын мөнгөн хөрөнгийн тооцоог хянах үүргийг хүлээсэн ажилтан Б.Т******* нь тухайн компанийн орлогын мөнгөн хөрөнгийг компанийн дансанд төвлөрүүлэх байтал өөрийн хувийн дансаар оруулж, компанийн дансанд тушааж байгаа уг үйлдэл ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүйд хамаарна.
8.4. Харилцагчаас бага үнээр худалдсан барааг компанид өндөр үнээр нийлүүлж хувьдаа ашиг олсон зөрчил гаргасан нь Р******* Б******* ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 410054366 тоот данснаас 2023.11.13-ны өдөр 1,040,000 төгрөг, гүйлгээний утга “Алтан суурь таваг- шинэ жил 100” гэж тоот Булганбаатарын Мөнх-Эрдэнэд шилжүүлсэн байх ба уг данс нь 2023.10.01-ний өдөр буюу дээрх гүйлгээг хийхээс өмнө нэхэмжлэгч Б.Т*******ийн Худалдаа хөгжлийн банкны тоот дансаар харилцан гүйлгээг хийгдэж байснаас үзвэл хамаарал бүхий этгээд гэж тайлбарлаж байгаа хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна. Түүнчлэн Б.Т*******ийн Худалдаа хөгжлийн банкны тоот дансаар 2023.11.14-ний өдөр 1,040,000 төгрөгийн орлого орж, мөн өдөр 700,000 төгрөгийн зарлага, “таваг” гэсэн гүйлгээний утгаар Одончимэг гэх нэртэй дансанд шилжүүлсэн нь Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.5.13-д “...ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан” сахилгын зөрчлийг Б.Т******* гаргасан байна гэж шүүх дүгнэлээ. /1хх-47, 171,177/ Өөрөөр хэлбэл Б.Т******* нь ажлын байрны тодорхойлолтод заагдсан үйлчилгээний хэлтсийн бараа материалын татан авалт хийх чиг үүргийн хүрээнд шинэ жилийн үйлчилгээнд ашиглах тавагны татан авалт хийх ажлыг гүйцэтгэхдээ ажил олгогчид тавагны үнийн мэдээллийг худлаа өгч, уг гүйлгээний төлбөрийн зөрүүнээс өөртөө 340,000 төгрөгийг завшсан үйлдэл нь ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэлд хамаарна.
8.5. Сахилгын шийтгэлтэй байх хугацаанд давтан зөрчил гаргасан болох нь 2023.07.31, 2023.11.06-ны өдөр тус тус “Хаалттай сануулах” сахилгын зөрчил ногдуулж байсан нь зөрчил бүртгэх хуудас, 2023.07.31-ний өдрийн Б/169 дугаар, 2023.11.06-ны өдрийн Б/187 дугаар тус тус тушаалаар тогтоогдож байх ба “Хаалттай сануулах” арга хэмжээ авч байгаа зөрчил бүртгэх хуудаст нэхэмжлэгч Б.Т******* гарын үсэг зурсан талаар маргаагүй байх тул хаалттай сануулах арга хэмжээ авсныг мэдээгүй, холбогдох тушаал баримтыг танилцуулаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үгүйсгэгдэж байна /1хх-210,214 2хх-64,65/
8.6. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3.-т “Ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргана” гэж зааснаар ажил олгогч ажилтанд зөрчил бүртгэх хуудсаар мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан “Хаалттай сануулах” сахилгын зөрчлийг бичгээр авсан байна.
8.7. Мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.8.-т “Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл ажилтныг хөдөлмөрийн сахилгын шийтгэлгүйд тооцно”, 123.9-т “Ажил олгогч энэ хуулийн 123.8-д заасан хугацаанаас өмнө ажилтныг хөдөлмөрийн сахилгын шийтгэлгүйд тооцож болох бөгөөд энэ тухай ажилтанд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ” гэж тус тус заасан байх бөгөөд ажил олгогч 123.8-д заасан хугацаанаас өмнө ажилтныг хөдөлмөрийн сахилгын шийтгэлгүйд тооцсон шийдвэр гаргаагүй байх тул нэхэмжлэгч Б.Т******* нь дээр дурдсан 8.1, 8.4-д заасан сахилгын зөрчлийг гаргасан нь Хөдөлмөрийн дотоод журмын 11 дүгээр зүйлийн 11.2.2.23, Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.5.23-д заасан хөдөлмөрийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчилд тооцогдоно.
9. Түүнчлэн гэрч Ц.М” ... үйлчлүүлэгч нарын хэрэглэсэн үлдэгдэл виски, архийг коктейл найруулах, дахин үйлчлүүлэгч нарт худалдахыг шаарддаг байсан....” гэх мэдүүлгээс нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.5.11-д заасан “... эрүүл ахуйн шаардлага, стандарт, дүрэм зөрчсөнөөс хүний болон өөрийн амь нас, эрүүл мэнд, ... хохирол учруулахаар нөхцөл байдал бий болгосон” сахилгын зөрчил гаргасан байх ба үйлчилгээ хариуцсан менежерийн албан тушаалын үүрэг гүйцэтгэж буй Б.Т******* бусдын хэрэглэж үлдээсэн согтууруулах ундааны зүйлийг дараагийн үйлчлүүлэгчид худалдахыг шаардаж, худалдсан үйлдлийг шүүх зөвтгөх боломжгүй байх тул тушаалын үндэслэлд дурдаагүй ч шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдаж байна.
10. Р******* б******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.07.31-ний өдрийн Б/169 дугаар, 2023.11.06-ны өдрийн Б/187 дугаар тус тус тушаалыг эрх бүхий этгээд гаргасан болох компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байх тул эрхгүй этгээдийн гаргасан тушаал гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна. /1х.х-ийн 39/
11. Гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/251 дүгээр тушаалыг хүчингүй болгож, цалингаас суутгасан 1,190,500 төгрөг гаргуулах шаардлагыг хангах үндэслэлгүй байна.
11.1. Тушаалын хууль зүйн үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2.-д “эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан, эсхүл хөдөлмөрийн гэрээнд энэ тухай тусгайлан тохирсон ажилтан ажил үүргээ гүйцэтгэх үедээ ажил олгогчид хохирол учруулсан”, Компанийн Хөдөлмөрийн дотоод журмын 14 дүгээр бүлэг, ажилтантай байгуулсан Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг тус тус баримтлан Үйлчилгээ хариуцсан менежер албан тушаалтай Батсүрэн овогтой Т******* нь харилцагчаас бага үнээр худалдан авсан барааг компанид өндөр үнээр нийлүүлсний улмаас компанид 340,000 төгрөгийн хохирол, 850,500 төгрөгийн үнэ бүхий компанийн эд хөрөнгийг дутаасан нь 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн тооллогоор нотлогдож байх тул нийт 1,190,500 төгрөгийн хохирлыг төлүүлэхээр ажил олгогч Б/251 дугаар тушаал гаргажээ.
11.2. Б.Т******* нь 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг ажил олгогчтой байгуулсан байх бөгөөд гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1-д “Ажилтан ажил үүрэг гүйцэтгэх үедээ өөрийн санаатай, эсхүл болгоомжгүй үйлдэл, эс үйлдлийн улмаас ...эсхүл Компанийн эд хөрөнгөнд хохирол учруулсан бол эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ” гэж заасан байх бөгөөд гэрээнд ажилтан, ажил олгогч гарын үсэг зурсан, гэрээ байгуулсан талаар зохигч маргаагүй байх тул ажил олгогчийн эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэсэн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/251 дүгээр тушаал хуульд нийцжээ.
11.3. Нэхэмжлэгч нь нийт 1,190,500 төгрөгийн хохирол учруулсан болох нь дээр дурдсан Р******* Б******* ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 410054366 тоот данснаас 2023.11.13-ны өдрийн гүйлгээ, Б.Т*******ийн Худалдаа хөгжлийн банкны тоот дансаар 2023.11.14-ний өдрийн 1,040,000 төгрөгийн орлого орж, мөн өдөр 700,000 төгрөгийн зарлага, “таваг” гэсэн гүйлгээний утгаар Одончимэгт шилжүүлсэн, 2023.11.30-ны өдрийн ажил хүлээлцэх актаар нэр бүхий үнэлгээтэй эд хөрөнгө дутаасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тус тус тогтоогддог. /1хх-47, 171,17, 2хх-39/
11.4. Б.Т******* 2023.11 сарын урьдчилгаа цалинд 1 сая төгрөг авсан, ажилласан хоногийн үлдэгдэл цалингаа аваагүй, хариуцагч нь үлдэгдэл болон ээлжийн амралтын цалинг Б/251 дүгээр тушаалын дагуу 1,190,500 төгрөгийн хохирол учруулсан үндэслэлээр олгоогүй байх тул олгох ёстой үлдэгдэл болон ээлжийн амралтын нийт цалин 2,030,425 төгрөгөөс эд хөрөнгийн хариуцлагын гэрээний дагуу тооцох 1,190,500 төгрөгийг хасаж, үлдэх 839,925 төгрөгийн цалинг ажил олгогчоос гаргуулж Б.Т*******д олгох нь зүйтэй.
12 . Иймд дээрхийг нэгтгэвэл 2023 оны 11 дүгээр сарын сүүлийн болон 2023 оны ээлжийн амралтын цалинд нийт 839,925 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж, Р******* б******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/250 дугаар тушаалыг хүчингүй болгох, Р******* б******* ХХК-ийн Үйлчилгээ хариуцсан менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор, гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/251 дүгээр тушаалыг хүчингүй болгох,цалингаас суутгасан 1,190,500 төгрөг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
13.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Т******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Р******* б******* ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 24,708 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 421.3, 158 дугаар зүйлийн 158.2.2, -т заасныг баримтлан Р******* б******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/250 дугаар тушаалыг хүчингүй болгох, Р******* б******* ХХК-ийн Үйлчилгээ хариуцсан менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор, гүйцэтгэх захирлын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/251 дүгээр тушаалыг хүчингүй болгох,цалингаас суутгасан 1,190,500 төгрөг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Р******* б******* ХХК-иас цалинд 839,925 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Т*******д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Э.Үдэхбаярыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Р******* б******* ХХК-аас 24,708 төгрөг гаргуулж улсын төсөвт оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ