Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2021/01300

 

 

 

 

 

 

 

 

                                      Г ХЗХ-ны нэхэмжлэлтэй

                                             иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2021/01106 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г ХЗХ-ны хариуцагч Г.Б, Б.Тнарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээнээс учирсан хохиролд 2 598 500 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баярмаа, хариуцагч Г.Б, хариуцагчийн өмгөөлөгч Г.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцсон.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Г.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр баталгаат ипотекийн гэрээ байгуулан 20 000 000 төгрөгийг бизнесийн зориулалтаар 24 сарын хугацаатай, 4 хувийн хүүтэй зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлд Б.Тэмүүлэнгийн өмчлөлийн ............ 41 м.кв, 3 өрөө орон сууцыг барьцаалсан. Хариуцагч Г.Б гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан тул шүүхэд хандаж үндсэн зээлийн үлдэгдэл 20 000 000 төгрөг, зээлийн хүү 5 786 670 төгрөг, нотариатын зардал 18 500 төгрөг, нийт 25 805 170 төгрөгийг гаргуулах, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилсэн. Өмгөөлөгчид 2 580 000 төгрөгийн хөлс төлж, шүүх хуралдаанд оролцсон. Хамтран хариуцагч Б.Тэмүүлэн  2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр зээлийн төлбөрт 25 786 670 төгрөг төлж, зээлийг хаасан тул барьцаа хөрөнгийг чөлөөлсөн. 28 385 170 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, хамтран хариуцагч Б.Тэмүүлэнд холбогдох барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаасаа татгалзаж байна. Өмгөөлөгчийн хөлс 2 580 000 төгрөг, шүүхэд хандаж баримт, материал нотариатаар батлуулсны зардал 18 500 төгрөгийг гаргуулна. Хариуцагч Г.Б үүргээ биелүүлсэн бол шүүхэд хандан өмгөөлөгч авах, баримт материал нотариатаар батлуулахгүй байсан. Иймд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Боос 2 598 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. 

 Хариуцагчийн тайлбарт: Зээлийн төлбөрийг Б.Тэмүүлэн төлсөн. Нэхэмжлэгчийн Үндсэн хуульд заасан шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлж байгаатай холбоотой гарсан зардлыг хариуцагч хүлээх боломжгүй. Нэхэмжлэгч байгууллага бичиг хэргийн зардлаа өөрсдөө хариуцах ёстой. Иймд 2 598 500 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ.

  Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Г.Боос 2 598 500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Гэмбл хадгаламж, зээлийн хоршоонд олгож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Гэмбл хадгаламж, зээлийн хоршоо нь хариуцагч Б.Тэмүүлэн болон түүнд холбогдох барьцааны хөрөнгө болох ...... 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагаасаа татгалзсаныг баталж, нэхэмжлэгч Гэмбл хадгаламж, зээлийн хоршооноос тэмдэгтийн хураамжид төлсөн 413 405 /286 975+70 200+56 230/ төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч Г.Боос 56 526 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Гэмбл хадгаламж, зээлийн хоршоонд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.Бын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Г хадгаламж, зээлийн хоршооноос 20 000 000 төгрөгийн зээл авч, бизнесийн зориулалтаар ашигласан боловч 2020 оны эхнээс дэлхий нийтийг хамарсан коронавирус цар тахал гарч бизнесийн үйл ажиллагаа доголдох болсон.  2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Засгийн газрын Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 183 дугаар тогтоолын 8-д хадгаламж, зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлдэгчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд авч хэрэгжүүлэхийг Санхүүгийн зохицуулах хороонд зөвлөсөн. Санхүүгийн зохицуулах хороо 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр "Банк бус санхүүгийн байгууллагын зээлдэгчдийн анхааралд" гэх мэдэгдэл гаргаж УИХ-аас баталсан хууль, Засгийн газрын 183 тогтоолд банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг хүсэлтийг шийдвэрлэхээр тусгасан. Ингэхдээ нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги ногдуулж, хүүг нэгтгэн тооцох зэргээр зээлдэгчид нэмэлт дарамт үүсгэхгүй байх, төлбөрийн чадварт нь нийцүүлж гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах, хугацааг сунгах зохицуулалтын арга хэмжээг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд үргэлжлүүлэх чиглэлийг өгсөн. 2020 оны 10 сарын 19-нд "Гэмбл" хадгаламж, зээлийн хоршоонд зээлийн гэрээний хугацааг сунгах, гэрээний нөхцөл өөрчлөх хүсэлтээ өгсөн боловч тодорхой хариу өгөөгүй. 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хоршооноос шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Б.Тэмүүлэн зээл, ззэлийн хүүгийн төлбөрт 25 786 670 төгрөгийг төлж барагдуулсан. Өмгөөлөгч авах нь хоршооны бүрэн эрх бөгөөд өмгөөлөгчийн хөлсийг хариуцагч төлөх ёсгүй. Зээлийн гэрээнд “гэрээний үүргийн биелэлтийг хангуулж дуусгах зорилгоор Хадгаламж, зээлийн хоршооноос гарсан нэмэгдэл зардлыг буюу бүх хариуцлагыг зээлдэгч хүлээнэ” гэж заасан. Нэхэмжлэгчийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлсэнтэй холбоотой гаргасан зардлыг зээлдэгч хариуцах ойлголт биш. Иймд Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч Г ХЗХ хариуцагч Г.Б, Б.Тнарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 25 786 670 төгрөг, нотариатын хөлс 18 500 төгрөг, өмгөөлөгчийн ажлын хөлс 2 580 000 төгрөг нийт 28 385 170 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 25 786 670 төгрөгөөр багасгаж, хариуцагч Б.Т болон түүнд холбогдуулан гаргасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна. /хх107, 121/

Хариуцагч Г.Б нь 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгч Г ХЗХ-оос 20 000 000 төгрөг сарын 4 хувийн хүүтэй 24 сарын хугацаатай зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлд Б.Т... 3 өрөө орон сууцыг барьцаалсан байна. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлдүүлэгчийн зүгээс зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлэх шаардлагыг тавьж байсан үйл баримт тогтоогджээ. /хх13-19, 32-34/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Тэмүүлэн зээлийн гэрээний үүрэгт 25 786 670 төгрөг төлж барагдуулсан байх ба нэхэмжлэгч нь энэ үндэслэлээр  хариуцагч Б.Т ..... 46 дугаар байрны 12 тоотод байрлах, 41 м.кв, 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагаасаа татгалзсаныг шүүх баталгаажуулсан байна. /хх107/

Нэхэмжлэгч нотариатын зардал болон өмгөөлөгчийн ажлын хөлс 2 598 500 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжиж “хариуцагч гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйн улмаас хоршооны зүгээс өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах, шүүхэд материал бүрдүүлэх зэргээр нэмэлт зардал гаргасан тул гэрээ болон хуульд заасны дагуу уг хохирлыг хариуцах ёстой” гэж тайлбарладаг.

Хэргийн 66-67 дугаар талд нэхэмжлэгч Г ХЗХ-ны 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр өмгөөлөгч Б.Б байгуулсан эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, мөн ажлын хөлсөнд 2 580 000 төгрөг төлсөн бэлэн мөнгөний зарлагын баримт авагдсан байх ба шүүх уг төлбөрийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3, 219 дүгээр зүйлийн 219.1, талуудын гэрээний 3.1.11-т заасныг үндэслэн нэхэмжлэгчээс гарсан зардал буюу хохирол гэж үзэж хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.

Өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх нь иргэн бүрт Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрх, нэхэмжлэгчээс өмгөөлөгчид төлсөн хөлс нь нэхэмжлэгчид учирсан шууд хохирол гэж үзэх үндэслэлгүй. Харин нотариатын төлбөрт төлсөн 18 500 төгрөг нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт заасан зардал буюу  нэхэмжлэгчийн буруугаас хариуцагчид учирсан хохирол байна гэж үзэж энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй болно.

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтад нэхэмжлэгчийн татгалзлыг батлахдаа Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсгийг баримталсан нь буруу байх тул холбогдох хуулийг баримталсан залруулга хийх нь зүйтэй.  

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2021/01106 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “ ... 2,598,500 ...” гэснийг “ ... 18 500 ...” гэж өөрчилж, 2 дах заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г хадгаламж зээлийн хоршоо нь хариуцагч ......... 41 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж, 3 дах заалтын “... 56,526...” гэснийг “... 4 550 ...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56 650 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ц.ИЧИНХОРЛОО

                                                    ШҮҮГЧИД                                     Э.ЗОЛЗАЯА

                                                                                                            А.МӨНХЗУЛ