| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | З.Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2024/00992/И |
| Дугаар | 191/ШШ2025/04856 |
| Огноо | 2025-05-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 191/ШШ2025/04856
| 2025 оны 05 сарын 29 өдөр | Дугаар 191/ШШ2025/04856 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
*******, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* дүгээр байр, ******* хаягт оршин суух, овогт ын ******* /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* дүгээр байрны тоот хаягт оршин байрлах, ******* ХХК /РД:/,
Хариуцагч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, ******* хороо, ******* дүгээр байрны тоот хаягт оршин суух ******* нарт холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардлагатай баримт бичгийг шилжүүлж өгөх болон орон сууц захиалгын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй, орон сууцны үлдэгдэл төлбөр 51,416,000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г., хариуцагч ******* ХХК-ийн өмгөөлөгч М., гэрч Л., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Тамжид нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Г.******* нь 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр ******* ХХК-ийн захирал А.*******тай орон сууцны захиалан бариулах №142 тоот гэрээ байгуулж, ******* дүүргийн ******* хороо, Зүүн талд байрлах, *******-р байрны 6 давхрын , 1 өрөө, 47,44 м.кв талбайтай байрыг 66,416,000 төгрөгөөр тохиролцож, урьдчилгаа 15,000,000 төгрөгийг өгч, үлдэгдэл төлбөрийг 100 хувь бэлнээр бүрэн төлж, байрыг худалдаж авсан. Гэрчилгээгээ авахаар улсын бүртгэлийн хэлтэст хандсан боловч орон сууц нь банкны барьцаатай гэх шалтгаанаар Г.*******ийн нэр дээр гарах боломжгүй байсан тул захирал нь 6 давхрын 1 өрөө 47,44 м.кв, байраа өөр яг адилхан 12 давхрын *******, 1 өрөө, 47,44 м.кв байраар солих санал тавьсныг нэхэмжлэгч зөвшөөрч, тус орон сууцыг хүлээн авч 2016 оноос одоог хүртэл амьдарч байгаа.
Гэрээнд өөрчлөлт оруулах гэсэн боловч дараа болъё гэж явсаар байгаад сүүлдээ ******* ХХК-ийн захирал А.******* нь нас барсан байсан.
Хариуцагчийн зүгээс төлбөр төлөөгүй гэдэг дээр маргаж байгаа. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 10/03550 тоот албан бичгээр шүүгчийн захирамжид дурдагдсан орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэлтийг 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Г.******* гаргаж байсныг бүртгэлийн байгууллагаас 2014 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн банкны барьцаатай байх тул чөлөөлөхийг татгалзаж шийдвэрлэж байсан талаар хариу өгч байсан байна. Мөн хариуцагч байгууллагын албан бичигт төлбөр бүрэн төлөгдсөн гэж бичигдсэн байдаг. Би үлдэгдэл төлбөрийг А.******* гэх хүнд бэлнээр өгсөн. Тухайн үед компанийн гүйцэтгэх удирдлагын хэлсний дагуу үлдэгдэл төлбөрийг бэлэн өгсөн. Ингээд тухайн үед би мөнгөө төлсөн тул 100 хувь мөнгөө төлсөн гэх баримтыг надад хийж өгч байсан. Улсын бүртгэлийн газарт байраа бүртгүүлэх гэж очсон миний авсан байр нь Хаан банкны барьцаанд байна гэх үндэслэлээр улсын бүртгэл бүртгэхээс татгалзсан. Харин намайг мөнгөө төлөөгүй байна гэж хүсэлтийг хүлээн авахаас татгалзаагүй. Захирлын баримт бичиг, захирлын гарын үсэг хуурамч байсан байвал баримт бичгийг буцаах боломжтой байсан. Гэтэл зөвхөн барьцаатай байна гэх үндэслэлээр буцаасан. Ингээд барьцаанд байхгүй байр гэж надад 12 давхрын *******ыг надад өгсөн тул би өнөөдрийг хүртэл энэ байрандаа амьдарч байна.
Одоогийн компанийн удирдлагууд байрны гэрчилгээгээ гаргуулъя гэхээр дахиад 15,000,000 төгрөг төл гэж мөнгө нэхэж байна. Өмчлөгчөөр тогтоолгох гэхээр 40,000,000 төгрөг, 50,000,000 төгрөг төл гэж хэлж байгаа нь шударга бус байна.
Намайг тухайн байрны төлбөрийг төлөөгүй байсан байвал өнөөдрийг хүртэл яагаад байранд амьдруулж байсан байх вэ, намайг залилан хийсэн, прокурорт шалгагдаж байгаа талаар хэлж байна. Ийм асуудал байхгүй, хүнийг гүжирдэж байна. Компанийн эрх бүхий этгээд нь мөнгөө 100 хувь аваад, төлбөр төлсөн гэх баримт хийж өгсөн. Хэлцэл хийсэн байвал төлбөрөө заавал дансанд хийх шаардлагагүй, бэлэн болон бартер өөр аль ч хэлбэрээр төлөх боломжтой. Би мөнгөө 100 хувь төлж байж захирлаас нь бичиг авсан. Ингээд 2024 оноос хойшхи шинэ удирдлагуудтай нь уулзаж учир явдлыг хэлэхэд хариуцагч тал 40,000,000 төгрөг төлөхгүй байвал ...таныг шургаж унатал шүүхээр явуулна, нас нь гүйцэхгүй гэж хэлж байсан гэв. Иймд 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн "Орон сууцны захиалгын гэрээ №142" гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, ******* дүүргийн ******* хороо, Зүүн талд, *******-р байрны 12 давхрын ******* 1 өрөө 47.44 м.кв байрны өмчлөгчөөр тогтоож, мөн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргахтай холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг ******* ХХК-д өгөхийг даалгаж өгнө үү гэв.
2.Нэхэмжлэгчээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:
Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Тухайн үед 15,000,000 төгрөгийг дансаар шилжүүлж, үлдэгдэл төлбөрийг гүйцэтгэх захиралд нь бэлнээр өгсөн. Компанийн захирал нь бэлэн өг гэсний дагуу өгөөд улсын бүртгэл болон бусад газруудад компаниас төлбөр бүрэн төлөгдсөн гэсэн албан бичгийг хийж өгч байсан. Энэ баримтууд хэрэгт байгаа. Хэрэв би төлбөрөө 100 хувь төлөөгүй бол ийм бичиг баримт хийж өгөхгүй байсан. Мөн би төлбөрөө бүрэн төлсөн болохоор тухайн үед улсын бүртгэлд өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах хүсэлтээ өгөхөд бүртгэлийн байгууллагаас орон сууцыг банкны барьцаанд байгаа гээд гэрчилгээ гаргаж өгөх боломжгүй гэсэн. Ингэж явсаар байгаад өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй. Одоогийн компанийн удирдлагууд байрны гэрчилгээгээ гаргуулъя гэхээр дахиад 15,000,000 төгрөг төл гэж мөнгө нэхэмжилдэг. Намайг залилан хийсэн, прокурорт шалгагдаж байгаа талаар хэлж байна. Намайг гэрээнд байгаа дансад мөнгө хийгээгүй гэж байна. Хэлцэл хийсэн байвал төлбөрөө заавал дансанд хийх шаардлагагүй, бэлэн болон бартер өөр аль ч хэлбэрээр төлөх боломжтой. Би мөнгөө 100 хувь төлж байж захирлаас нь бичиг авсан. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
3.Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан сөрөг шаардлагадаа:
Г.******* нь манай компанийн барьсан ******* дүгээр байранд 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр орон сууцыг 66,416,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, Орон сууц худалдан авахаар гэрээ байгуулсан байна. Тус гэрээний дагуу ******* нь гэрээ байгуулсан өдрөө 15 сая төгрөг бэлнээр төлж, үлдэгдпэдл төлбөрийг гэрээний 3.2. дахь хэсэгт заасны дагуу манай компанийн банкны тоот дансанд төлөхөөр харилцан тохиролцсон. Гэтэл нэхэмжлэгч Г.******* нь гэрээний төлбөрийг зохих ёсоор төлөөгүй тул орон сууцыг иргэн Б.******* төлбөрийг нь бүрэн барагдуулсан тул Б.*******д өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгч шилжүүлсэн, харин нэхэмжлэгч Г.*******т компаниас ******* орон сууцыг өмнөх гэрээний төблөрийг бүрэн барагдуулсан тохиолдолд өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхөөр тохиролцож нэгэнт гэрээний урьдчилгаа 15 сая төгрөгний төлбөр төлсөн тул ******* орон сууцанд оруулсан. Манай компани банкнаас тус орон сууцыг барихааар 4 тэрбум төгрөгний зээл авч зохих ёсоор төлж барагдуулсан бөгөөд компаниас орон сууц худалдан авсан иргэдийн төллсөн төлбөрийг Хаан банкны зээлийн гэрээний төлбөрт зээлийн дансандаа хийж банкинд шилжүүлэх эсвэл санхүүийн бэлэн мөнгөний баримт үйлдэн авдаг байсан. Г.******* нь ******* байранд олон жил оршин сууж байгаа гэх бөгөөд байрны төлбөрийг 2016 оны 4 сарын 11-ны өдөр барагдуулсан бол манай компаниас орон сууццыг иргэн Б.*******д худалдах боломжгүй, өөрөөр хэлбэл нэг байрыг Г.*******т гэрээ байгуулан бүх төлбөрийг авч худалдсан бол тус байраа 2017 оны 5 сард Б.*******д давхар худалдсан тохиолдолд бусдыг залилсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл болно.
Иймээс Г.******* нь 66,416,000 төгрөгнөөс 15 сая төгрөг төлж, үлдэгдэл төлбөр болох 51,416,000 төгрөгийг төлж барагдуулаагүй тул тус төлбөрийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэв.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, байрны төлбөр төлөгдөөгүй тул компани уг байрыг н.******* гэх хүнд шилжүүлсэн.
Нэхэмжлэгчийн зүгээс гэрээг байгуулахдаа гэрээний нийт үнэ 66,416,000 төгрөгөөс 15,000,000 төгрөгийг урьдчилгаа төлбөрийг төлсөн, үлдэгдэл төлбөрийн төлөөгүй байх тул байрны гэрчилгээг гаргаж өгөх боломжгүй байна. Учир нь хариуцагч ******* ХХК-тай 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан гэрээний 3.2-оор урьдчилгаа төлбөр 15,000,000 төгрөг хийж, үлдэгдэл төлбөрийг банкны тоот дансанд шилжүүлэх үүрэг хүлээсэн.
Нэхэмжлэгч тус төлбөрийн шилжүүлээгүй гэж хариуцагч тайлбарладаг бөгөөд үлдэгдэл төлбөрийг шилжүүлсэн талаар баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй байдаг. Нэхэмжлэгч тал Улсын бүртгэлийн газарт өгсөн төлбөр төлсөн тухай баримт болон банкинд гаргасан 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн болон 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 2 хүсэлтийг үндэслэж төлбөрийг төлсөн гэж байгаа боловч тухайн хүсэлтэд байгаа гүйцэтгэх захирлын гарын үсэг эргэлзээтэй байдаг.
Гэрээний үүрэг биелэгдээгүй тул гэрчилгээг шилжүүлэх боломжгүй гэх хариуг хариуцагч талаас маргаж байгаа бөгөөд ******* ХХК нь ******* дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст байртай холбоотой цөөнгүй гомдол гаргасан. Орон сууцны захиалгын гэрээг нэхэмжлэгч нэхэмжлэлийг шүүхэд гаргахдаа орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан боловч өнөөдөр ******* орон сууцны өмчлөх эрхийг гаргуулах талаар тайлбарлаж байна. Гэрээ болон гэрээний төлбөр төлсөн баримт, дээр дурдсан банкинд өгсөн баримтуудтай холбоотой ******* дүүргийн нэг дүгээр хэлтэст гомдол гаргаж, прокурорын газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байгаа гэх хариу өгсөн. Нэхэмжлэгч нь гэрээний төлбөрийг бүрэн төлөөгүй, гэрээнд заасан данс руу төлбөрийг төлөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
5.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд,
нэхэмжлэгчээс 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн №142 дугаартай Орон сууцны захиалгын гэрээ, 2016 оны 4 сарын 11-ний өдрийн 039 дугаартай төлбөр төлсөн тухай албан бичиг, Улаанбаатар хотын банкны төлбөрийн баримт, ******* ХХК-ийн Бэлэн мөнгөний орлогын баримт, 2016 оны 8 сарын 23-ны өдрийн №040 дугаартай Хаан банкинд хүсэлт гаргах тухай албан бичиг, 2016 оны 4 сарын 11-ний өдрийн №040 дугаартай ******* дүүргийн бүртгэлийн хэлтэст гэрчилгээ хүсэх тухай албан бичиг, эрхийн улсын бүртгэлд гаргасан мэдүүлэг,
хариуцагчаас, улсын бүртгэлийн гэрчилгээ, ******* дүүргийн Прокурорын газарт гаргасан хүсэлт, ******* дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2024 оны 10 сарын 24-ний өдрийн албан бичиг, хөдөлмөрийн гэрээ зэрэг баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
хариуцагчийн гаргасан хүсэлтээр, ******* дүүргийн ******* хорооны Засаг даргын тодорхойлолт, ******* дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн албан бичиг, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, оршин суугаа газрын хорооны тодорхойлолт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 01 сарын 30-ны өдрийн 5/1668 дугаартай албан бичиг, ******* дүүрэг, ******* хороо, ******* дүгээр байрны хаягт байрлах үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой эрхийн улын бүртгэлийн мэдүүлэг, холбогдох баримтууд, зээлийн болон барьцааны гэрээ, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 2 сарын 18-ны өдрийн 5/2704 тоот албан бичиг ******* дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* дүгээр байрны ******* хаягт байрлах үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой бүртгэлийн мэдүүлэг, Голомт банкны төлбөрийн баримт, Зээлийн болон барьцааны гэрээ, эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, барьцаа хөрөнгийг чөлөөлөх тухай албан бичиг, ******* дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2025 оны 5 сарын 13-ны өдрийн 10-3/505 дугаартай албан бичиг, ******* ХХК-ийн 2016 оны 4 сарын 11-ний өдрийн 039, 040 дугаартай албан бичиг, Хаан банкны 2025 оны 5 сарын 19-ний өдрийн 29/6284 тоот албан бичиг зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн байна.
Гэрчийн мэдүүлгийг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгасан.
Зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч ******* ХХК, ******* нарт холбогдуулан, 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн №142 дугаартай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахыг даалгаж, ******* дүүргийн ******* хороо, ******* байр, 12 давхрын ******* хаягт байршилтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардагдах бичиг баримтыг гаргаж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
2.Дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг, 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 142 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-нд өөрчлөлт оруулж, ******* орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулах бичиг баримт гаргаж өгөхийг даалгах шаардлага гаргасан гэж тодорхойлж байна.
Хариуцагч ******* ХХК болон Г.******* нарын хооронд 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Орон сууцны захиалгын гэрээ байгуулагдаж, нэг талаас буюу ******* ХХК нь ******* дүүрэг, ******* хороо, зүүн талд байрлах ******* дүгээр байрны хаягт байрлах 47,44 мкв, 1 өрөө орон сууцыг захиалагчийн өмчлөлд хүлээлгэн өгөх, нөгөө талаас захиалагч нь орон сууцны үнэ 66,416,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн байна.
Талуудын гаргасан тайлбар, гэрээний агуулга болон талуудын илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэлд дүгнэлт хийж үзвэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцэж байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зохицуулсан
Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзэв.
3.Нэхэмжлэгчид орон сууц захиалгын гэрээгээр орон сууцыг хүлээлгэн өгөх үүргийг хариуцагч хүлээсэн боловч тус тоот нь банкны барьцаанд байсан, өөр хүний эзэмшилд шилжүүлсэн зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан ******* орон сууц болгон өөрчилж, тус орон сууцыг хүлээлгэн өгсөн тул ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол ******* дүгээр байрны ******* орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох үндэслэлтэй гэж тайлбарлаж байна.
Талуудын тайлбар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 5/2704 тоот албан бичиг, хорооны тодорхойлолт зэрэг бичгийн баримтуудаар нь өөр хүний өмчлөлд бүртгэлтэй байх бөгөөд нэхэмжлэгч Г.******* нь ******* орон сууцыг 2016 оноос хойш эзэмшиж байгаа, тухайн тоот хаягаар үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл хийгдээгүй зэрэг үйл баримт тогтоогдож байна.
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ заасан.
Худалдах, худалдан авах гэрээнд хуулиар хэлбэрийн тусгайлсан шаардлага тавигдаагүй бөгөөд хариуцагчаас ******* орон сууцыг 2016 онд хүлээлгэн өгсөн, нэхэмжлэгчээс орон сууцыг хүлээн авч, 2016 оноос хойш амьдарч байгаа үйл баримтуудаар нэг талын хүсэл зоригийн илэрхийлэлийг нөгөө тал хүлээн авсан гэж үзэхээр байх тул ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол ******* дүгээр байрны ******* орон сууцыг худалдах, худалдан авах хүсэл зоригийн илэрхийлэл нэгдсэн, бодит үйлдлээр хэлцэл хийгдсэн гэж үзэхээр байна.
4.Нэхэмжлэгчээс гэрээний үүрэгт 15,000,000 төгрөгийг дансаар, үлдэгдэл 51,416,000 төгрөгийг компанийн гүйцэтгэх удирдлагад бэлнээр төлсөн гэж тайлбарлаж байх бөгөөд хариуцагчаас үнэ бүрэн төлөгдөөгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж, 51,416,000 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлага гаргасан.
Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 5 сарын 13-ны өдрийн 10-3/505 тоот албан бичигт ...тус байрны орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлэхээр мэдүүлгийг иргэн Г.******* нь 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр гаргасан бөгөөд банктай байгуулсан 2014 оны 6 сарын 26-ны өдрийн БЗГ627 тоот барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй хэсэгчлэн чөлөөлсөн албан бичиг ирээгүй тул мэдүүлгийг хүлээн авч бүртгэхээс татгалзсан... гэж, ******* ХХК-ийн 2016 оны 4 сарын 11-нийн өдрийн №039 дугаартай албан бичигт ******* ХХК-ийн эзэмшлийн ******* дүүргийн ******* хороолол, ******* хороо, зүүн талд байрлах ******* байрны 1-р орцны 6 давхрын 47.44 мкв талбайтай, 1 өрөө орон сууцыг Г.******* нь худалдан авч төлбөр тооцоог 100 хувь төлсөн болно гэж, №040 дугаартай албан бичигт Г.******* нь /Регистр / ******* дүүргийн ******* хороолол, ******* хороо, зүүн талд байрлах ******* байрны 1-р орцны 6 давхрын 47,44 мкв талбайтай 1 өрөө орон сууцны төлбөр 100 хувь төлсөн хөрөнгийн эрхийн бүртгэлийн гэрчилгээг Г.******* нь /Регистр / нэр дээр гаргаж өгнө үү гэж тус тус дурдагдсан байх бөгөөд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн баримт, гэрч Л.ын нарын мэдүүлгээр нэхэмжлэгч Г.*******ийг орон сууцны үнийг бүрэн төлсөн гэх тайлбар нь нотлогдож байна гэж үзэхээр байна.
5.Хэрэгт авагдсан Орон сууц захиалгын гэрээ нь иргэн Г.*******, ******* ХХК-ийн нарын хооронд байгуулагдсан бөгөөд Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1. дэх хэсэгт зааснаар хуулийн этгээд нь өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээж, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцахаар заасан байх тул гэрээгээр хүлээсэн үүргийг биелүүлэх үүрэг нь компанид байна. Харин энэ гэрээний үүргийг нэхэмжлэгч нь компанийн одоогийн гүйцэтгэх удирдлага *******д холбогдуулан гаргасан нь үндэслэлгүй байх тул хариуцагч *******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
6.Нэхэмжлэгчээс 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 142 дугаартай Орон сууцны захиалгын гэрээ-ний зүйлийг ******* болгон өөрчлөлт оруулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Гэрээ байгуулсан талууд хоорондоо зөвшилцөж, зөвшөөрсөн бол гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой тул нэхэмжлэгчийн гэрээнд заасан ыг ******* болгон өөрчлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
7.Хариуцагчаас шүүх хуралдаан дээр орон сууцны үлдэгдэл төлбөр 51,416,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үнэ бүрэн төлөгдсөн гэж үзэж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбоотой сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагчаас ******* дүүргийн Прокурорын газрын 2024 оны 7 сарын 01-ний өдрийн 4/12*******тай албан бичгээр н., Л. нарт холбогдох эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа, гэрээд зурагдсан гүйцэтгэх удирдлагын гарын үсэг эргэлзээтэй зэрэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байх хэдий ч энэ нь компанийн гадагшаа чиглэсэн харилцаанд шууд хамааралтай гэж үзэхээргүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.
8.Дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 9 дүгээр зүйлийн 9.4.3.-т зааснаар Г.*******ийг ******* дүүргийн ******* хороо, ******* байр, 12 дугаар давхрын, ******* хаягт байрлах, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж, иргэн *******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон орон сууц захиалгын гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэхэмжлэлийн шаардлага, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 9 дүгээр зүйлийн 9.4.3.-т заасныг баримтлан Г.*******ийг ******* дүүргийн ******* хороо, ******* хороолол, ******* байрны ******* хаягт байрлах, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахад шаардагдах баримт бичгийг гаргаж өгөхийг хариуцагч ******* ХХК-д даалгаж, иргэн *******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага, 142 дугаартай захиалгын гэрээнд өөрчлөлт оруулахыг даалгах тухай шаардлага болон хариуцагчийн 51,416,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 490,030 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 415,030 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагч ******* ХХК-иас 490,030 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.*******т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА