| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2024/06709/и |
| Дугаар | 192/ШШ2025/02243 |
| Огноо | 2025-03-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 192/ШШ2025/02243
2025 03 24 192/ШШ2025/02243
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 13 дугаар хороо, *********** тоотод оршин суух, З******* овогт Б******* О******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, ******** тоотод оршин суух, Х******* овогтой П******* С******* /РД:*******/-д холбогдох
22,150,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.О*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Ж*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Д,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.О******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүхэд болон шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: “...Б.О******* миний бие П.С*******тай Голомт банканд хамт ажиллаж байсан. Хамт ажиллаж байх үед П.С******* надаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 5 хувийн хүүтэй 2,500,000 төгрөгийг, 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 5 хувийн хүүтэй 2,500,000 төгрөгийг, 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 5 хувийн хүүтэй 5,000,000 төгрөгийг, 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 6 хувийн хүүтэй 10,000,000 төгрөгийг, 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр 8 хувийн хүүтэй 10,000,000 төгрөгийг, 2023 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 5 хувийн хүүтэй 8,000,000 төгрөгийг, нийт 38,000,000 төгрөгийг зээлсэн. Мөнгийг П.С******* өөрийн Төрийн банкны тоот, Голомт банкны тоот дансаар авсан. Зээл өгснөөс хойш П.С******* үндсэн зээл, хүүнд 36,208,466 төгрөгийг төлж, одоо үндсэн зээлийн үлдэгдэл 22,150,000 төгрөгийг төлөхгүй байна. Иймд П.С*******гаас зээлийн үлдэгдэл 22,150,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.
Хариуцагч П.С*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. П.С*******, Б.О******* хоёрын хооронд зээлийн харилцаа үүссэн. Бие биеэсээ харилцан зээлдэг байсан. П.С*******гийн хувьд нөхрийнх нь бие 2018 онд муудаж, мөнгө төгрөг зээлж нөхрийгөө эмчлэх санаатай маш их зээл авч явж байсан. Тухайн үед нөхрийнх нь бие муу байсан учраас П.С*******тай нарийн тооцоо ч хийдэггүй зарим нь хүүтэй, зарим нь хүүгүй үүнийгээ чатаар харилцсан байдаг. 2022 оны Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулиар зээл олгосон бол заавал бүртгүүлэх ёстой. Б.О******* 38,000,000 төгрөгөөс 16,000,000 төгрөг л төлсөн гэжээ. Өмнө 36,000,000 төгрөг төлсөн 22,150,000 төгрөг дутуу байна гэж байна. Үүнээс харахад бол 38,000,000 төгрөгөөс 20,000,000 төгрөгийг төлөөгүй 20,000,000 төгрөгийг нь хүү гэж байгааг зөвшөөрөхгүй...” гэжээ.
Хариуцагч П.С******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“… П.С******* миний бие нь нөхрийн бие муу байснаас шалтгаалан, эмнэлгийн төлбөр төлөх зорилгоор бусдаас мөнгө зээлж, улмаар уг зээлээ дарж чадахгүй, өрөнд орсон. Б.О*******ийн тухайд бид хоёр Голомт банканд хамт ажиллаж байсан бөгөөд мөнгө зээлж байсан нь үнэн боловч бичгээр зээлийн гэрээ байгуулж байгаагүй, ялангуяа хүү төлөх тухай гэрээ байхгүй. Зээлсэн мөнгийг буцаан өгсөн, илүү төлсөн мөнгөө буцааж авч, бусдад өгөх өр төлбөртөө нэмэрлэмээр байна. Хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ гэсэн хуулийн заалтын дагуу Б.О******* надаас хүү шаардах эрхгүй. Амьдралын аргагүй байдлыг далимдуулж, мөнгө зээлж, эцэст нь өр төлбөрт унагаж байна. Миний тухайд Б.О*******ээс 2018-9-25-наас 2023-9-20-н хүртэл өөрийн эзэмшлийн Голомт банкны дансаар 104,541,000 төгрөг, Дансаар 12,640,000 төгрөг, Төрийн банкны дансаар 223,500,000 төгрөг, нийтдээ 340,681,000 төгрөг зээлж авсан, Үүнээс 37 удаагийн гүйлгээгээр Б.О*******ийн эзэмшлийн Төрийн банкны данс, Голомт банкны дансанд 376,837,160 төгрөгийг шилжүүлсэн, авсан зээлээ төлсөн. Зөрүү 36,156,160 төгрөг илүү төлсөн, энэ мөнгөө буцаан авах сөрөг нэхэмжлэл гаргаж байна…” гэжээ.
Нэхэмжлэгч Б.О******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Уг сөрөг нэхэмжлэлдээ намайг ашиг хонжоо олох зорилгоор зээл өгдөг байсан мэтээр бичсэн илт үндэслэлгүй. Харин ч П.С******* аав эмнэлэгт хэвтсэн байна. Эсхүл эмнэлэгт үзүүлэх, хагалгаанд орох хэрэгтэй байна гэх зэргээр яаралтай хүүтэй мөнгө олоод өгөөч хэмээн гуйхаар нь хамт ажилладаг, өмнө нь манай аавыг хагалгаанд орохоор явахад тусалж хүүтэй мөнгө зээлүүлж байсанд нь талархаж өөрсдийн найз нөхөд, хамаатан саднаас хүүтэй мөнгө зээлээд тэрийгээ П.С*******д өгч байсан. Тэрнээс би дундаас нь нэг ч төгрөгийн ашиг хонжоо олж байгаагүй. Одоо ч гэсэн П.С*******гаас болж өөрийн найз нөхдийн нүүрийг харж чадахгүй, залилагч мэтээр дуудуулсаар явж байна. Яаралтай мөнгөний хэрэг байна гэхээр нь тусалж байсан миний энэ сэтгэлийг бодохгүй, шунахай хүн мэтээр бичиж байгаад П.С*******д үнэхээр гомдолтой байна. Ийм учраас П.С*******гийн сөрөг нэхэмжлэл бодит үнэнд нийцэхгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй…” гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, дансны хуулганууд, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, фейсбүүкээр харилцсан зурвасууд, төрөл садны лавлагаа,
Хариуцагчаас хариу тайлбар, дансны хуулганууд, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 4868 дугаартай нас барсны гэрчилгээ, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр ********** фейсбүүк хаягаас ****** гэх фейсбүүк чат хаягт харилцсан мессежинд үзлэг хийсэн тэмдэглэл авагдсан байна. /хх-ийн 189-196/
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.О******* нь зээлийн гэрээний үүрэгт 22,150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П.С*******д холбогдуулан, хариуцагч П.С******* нь 36,156,166 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Б.О*******т холбогдуулан тус тус гаргасан.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн сөрөг шаардлага, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр үндсэн шаардлагын заримыг хангаж, үлдэх үндсэн, сөрөг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... хариуцагч нь 2022.12 сард 2,500,000 төгрөг, 2023.01 сард 2,500,000 төгрөг, 2023.02 сард 5,000,000 төгрөг, 2023.05 сард 10,000,000 төгрөг, 2023.06 сард 10,000,000 төгрөг, 2023.8 сард 8,000,000 төгрөг нийт 38 сая төгрөг зээлсэн ба зээлийн хүү гэж нийт 36,208,466 төгрөг төлсөн. Одоо үндсэн зээлийн үлдэгдэл 22,150,000 төгрөг төлөөгүй тул хариуцагчаас гаргуулж өгнө үү...” гэж тайлбарладаг.
Хариуцагч П.С*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Зээлийн харилцаа үүсээд явдаг байсан. 38,000,000 төгрөгийн зээл авсан, 2,270,000 төгрөг төлөөгүй. Бусад төлбөрийг төлсөн. Хүү шаардаж байгаа бол зээлийн гэрээг бичгээр байгуулах ёстой тул үндсэн шаардлагыг зөвшөөрөхгүй ...” гэж маргадаг.
Хариуцагч П.С******* 38,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.О*******ээс зээлсэн болох нь зохигчдын тайлбар, шүүхээс хийсэн зохигчдын хооронд харилцсан мессежинд хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна./1хх-192 ар тал/
Талуудын хооронд үүссэн дээрх эрх зүйн харилцаа нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан зээлийн гэрээний шинжийг илэрхийлсэн, хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан бөгөөд зээлийн гэрээг талууд бичгээр байгуулаагүй байх тул нэхэмжлэгч Б.О******* хүү шаардах эрхээ алдсан байна .Иймээс нэхэмжлэгч зээлийн хүү гэж нийт 36,208,466 төгрөгийг хариуцагч Б.О*******ийн зээлийн төлбөр төлсөн төлбөрөөс суутган авсан нь үндэслэлгүй байх тул үлдэгдэл 1,791,534 төгрөг/38,000,000-36,208,466/-ийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хариуцагч П.С******* 2018.08.25-ны өдрөөс 2023.09.20-ний өдрийг хүртэл нийт 340,681,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.О*******т зээлснээс 376,837,160 төгрөгийг П.С******* төлсөн тул үлдэгдэл 36,156,160 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж сөрөг шаардлагын үндэслэлээ тайлбарладаг.
Хариуцагч П.С******* нь дээрх нийт мөнгөн гүйлгээг 2024.03.11-ний өдөр тооцож, үлдэгдэл 38,000,000 төгрөг үлдсэн талаар тооцоо нийлж, нэхэмжлэгч Б.О*******т мессеж илгээсэн бөгөөд шүүх 38,000,000 төгрөгийн тооцоо нийлснээс хойших хариуцагч П.С*******гийн хийсэн нийт гүйлгээ 36,208,466 төгрөгийг үндсэн шаардлагаас хасаж тооцсон тул сөрөг шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үлдэх үүрэгт 1,791,534 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.О*******т олгож, сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.3-т заасныг тус тус баримтлан хариуцагч П.С*******гаас 1,791,534 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.О*******т олгож, үлдэх 20,358,466 төгрөгийн үндсэн, 36,156,166 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 43,615 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 340,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ