| Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
| Хэргийн индекс | 2215002750039 |
| Дугаар | 2024/ДШМ/19 |
| Огноо | 2024-02-27 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.3.1., 17.4.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 2024/ДШМ/19
А.Т*******өд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Прокурор Т.Нансалмаа
Шүүгдэгч А.Т*******
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин
Нарийн бичгийн дарга Г.Минжбадгар нарыг оролцуулан,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж, шийдвэрлэн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2023/ШЦТ/241 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн давж заалдах гомдлоор А.Т*******өд холбогдох эрүүгийн ******* дугаартай, 175/2023/0173/Э/208/2024/0006 индекстэй, 4 хавтас хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ба******* овогт А******* Т*******, Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ний өдөр Сэлэнгэ аймгийн Ма******* суманд төрсөн ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, аав, ээж, * дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Ма******* сумын ******* тосгон * дугаар баг, ******* хүзүү гэх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, /РД:*******/; урьд
-Сэлэнгэ аймгийн Ма******* сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоолоор 03 жилийн хорих ялаар,
-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2020/ШЦТ/813 дугаартай шийтгэх тогтоолоор 01 жилийн хорих ялаар,
-Сэлэнгэ аймгийн Ма******* сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2021/ШЦТ/246 дугаартай шийтгэх тогтоолоор 3 сар 18 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн.
Шүүгдэгч А.Т******* нь:
1. 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Ө аймгийн Х сумын Жаргалант багийн нутаг Хүүш гэх газарт иргэн А.Б түүнд итгэмжлэн хариуцуулсан мал болон гэр, эд хөрөнгөнөөс мөнгөн эмээл, мөнгөн хазаар, жи-мобайлын телефон утас, 2 ширхэг зэс аяга, “Speed” маркийн мотоцикль зэрэг эд зүйлийг завшиж, түүнд 7,070,000 төгрөгийн хохирол учруулсан;
2. 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 28-ны өдөр хүртэл Булган аймгийн Бүрэгхангай сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Бичигтийн адаг” гэх нэртэй газарт оршин суух Б.Д туслах малчнаар ажиллаж байх хугацаандаа 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 11-14 цагийн орчимд хохирогч Б.гийн гэрийн гадаа байсан БНХАУ-д үйлдвэрлэсэн, улсын дугааргүй ногоон өнгийн “Даюун” загварын мотоцикль, канистртай 15 литр бензинийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан;
3. 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 11-14 цагийн орчимд хохирогч Б.гийн Монгол гэрийн хаалганы цоожийг эвдэж, хууль бусаар нэвтрэн орж бэлэн мөнгө 280,000 төгрөг, Самсунг А71, Самсунг А12 загварын гар утас, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, саарал өнгийн үүргэвчтэй хувцас, Хаан банкны виза карт, иргэний үнэмлэх зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан;
4. Төв аймгийн Сүмбэр сумын Сүмбэр 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Лоогийн ам” гэх газарт иргэн Д.Б гэрт туслах малчнаар ажиллаж байхдаа 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Д.Б өмчлөлийн “Липон” мотоцикль, хуучны гаанс, мөнгөн хазаар, 2 нүдний дуран, морины хусуур зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 12,081,600 төгрөгийн хохирол учруулсан;
5. 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Булган аймгийн Булган сумын 2 дугаар багийн “Салхит” гэх газар иргэн Ч.Г гэрийн гадна байсан түүний эзэмшлийн “Nissan Xtail” загварын 9,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгсэл, 2 ширхэг хутга, хүрэм, тооны машин, дээл, мөнгөн бүс, архи, багаж зэрэг 1,196,000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлс, бэлэн 200,000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан;
6. 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Ө аймгийн Х сумын Жаргалант “барын бор хошуу” гэх газарт байсан иргэн Ю.Н эзэмшлийн “Эко Даюун” маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан, нийт 1,500,000 төгрөгийн хохирол учруулсан;
7. 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Дундговь аймгийн Хулд сумын 2 дугаар багийн иргэн Ж.ийн өмчлөлийн “Даюун” загварын мотоциклийг хонь эргүүлж ирнэ гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хуурч авсан;
8. Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар баг, хөдөө “Далт” гэх газар оршин суух иргэн Д.Н туслах малчнаар ажиллаж байх хугацаандаа 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гэрээс нь мөнгөн аяга, хөөрөг, гаанс иж бүрэн хэрэгсэл болон бэлэн мөнгө зэрэг эд зүйлсийг хулгайлж, 1,338,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: А.Т*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.4 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:
Шүүгдэгч Ба******* овогт А******* Т*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “5 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 24,588,320 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, мотоциклийг хуурч авсны улмаас иргэн Ж.А 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,
Шүүгдэгч А.Т*******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 5 /таван/ жил, 4 /дөрвөн/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Т*******өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 /таван/ жил, 4 /дөрвөн/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 6 /зургаан/ жил, 4 /дөрвөн/ сарын хугацаагаар тогтоож шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т*******өд оногдуулсан 6 /зургаан/ жил, 4 /дөрвөн/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Шүүгдэгч А.Т******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон 304 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нэхэмжлэх зүйлгүй, хохирогч Ю.Н төлөх төлбөргүй, хохирогч Д.Н төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч А.Т*******өөс хохирогч Б.До 1,989,320 төгрөгийг (Самсунг А12 маркийн гар утасны 600,000 төгрөгийг хассан болно)
хохирогч Д.Баярсайханд 5,846,700 төгрөгийг, хохирогч А.д 3,310,000 төгрөгийг, хохирогч Г.Гомбод 633,000 төгрөгийг, хохирогч Ж.А 2,000,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Бадамхандад 270,000 төгрөгийг үнэлгээ хийлгэсний 140,000 төгрөгийг тус тус шүүгдэгчээс гаргуулан хохирогч нарт тус тус олгож,
Хохирогч Б.гийн мотоциклийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч, өмчлөгчид нь буцаан олгож,
Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурьдан,
Шүүгдэгч А.Т*******өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч гомдол, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие 2023/ШЦТ/241 дугаартай шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. үүнд: хохирогч Ж.Ал “хонь эргүүлж ирнээ” гэж бодит байдлыг нууж худал хэлж мотоциклийг цуурж авсан гэж залилан гэмт хэргийн зүйл ангиар зүйлчилсэн. Гэтэл миний бие хохирогчид худал хэлсэн зүйл байхгүй. Хохирогч Ж. нь өөрөө “ахын дүү хонь доошоо явбал дээшээ эргүүлээрэй” гэж хэлээд тэмээгээ услах гэж явсан хойгуур нь хонь доошоо явахаар дээшээ эргүүлчихээд цаашаа мотоциклийн унаж явсан. Тэр хугацаанд би итгэлийн олж байсан. Би залилсан зүйл байхгүй. Миний бусад үйлдлүүдтэй адилхан байхад яагаад энэ үйлдлийг залилсан гэж үзэж байгаа нь ойлгомжгүй тул Ж.Ал залилсан гэсэн шийтгэх тогтоолыг тэр хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
А.Т*******ийн хувьд бүх зүйлийг хүлээн зөвшөөрсөн. Ганцхан энэ үйлдлийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. А.Т*******ийн хувьд “...залилсан зүйл байхгүй. Өмнөх үйлдлүүдийнхээ адил залилсан зүйл байхгүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэг...” гэж үзэж байгаа юм. Анхан шатны шүүх дүгнэхдээ “...Ж.ийн өмчлөлийн даюун маркийн мотоциклийг хонь эргүүлж ирнэ гэж бодит байдлыг нуух замаар...” гэх мөн “...бусдыг төөрөгдөлд оруулж...” гэх 2 шинжийг дурдаж залилах гэм хэргийн шинжийг агуулсан гэж дүгнэсэн байна. “...Хонь эргүүлж ирнэ...” гэж бодит байдлыг нуух замаар гэж байна. Энэ айлд туслах малчнаар ажилд ороод 3 дахь хоног дээрээ мал маллаж байсан. Хонь эргүүлэн гэж бодит байдлыг нуух боломжгүй болж байна. Тухайн айлын малыг өмнөх 2 өдөр нь маллаж байсан гэтэл бодит байдлыг ямар замаар нууж дарагдуулсан гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. Дараа нь бусдыг төөрөгдүүлсэн гэх шинж мөн хэрхэн тогтоогдож байгаа нь ойлгомжгүй байна тул давж заалдах гомдол гаргасан. Хохирогч Ж. мэдүүлэхдээ “... манайд 3 хоносон. Тэнгэр дулаарахыг хүлээж мал барьж байсан...” гэдэг үүнээс үзвэл тухайн үед хонийг эргүүлчихэд цааш нь мотоциклийн авсан буюу өмнөх үйлдлүүдтэйгээ адилхан хэрэг хийсэн гэдэг. Бусад үйлдлүүдээсээ юугаараа ялгаатай болохоор үүнд залилан гэж үзэж тусдаа зүйлчилж ял оногдуулж байгаа юм бэ? гэдэг агуулгаар гомдлоо анх мөрдөн шалгах шатанд гаргаж байсан. Шүүх бодит байдлыг нуусан гэж дүгнэсэн нь ойлгомжгүй асуудал байна гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:
Шүүгдэгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь тухайн иргэн, аж, ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгийг гэмт этгээд хохирогчоос хэрхэн шилжүүлж авч байгаа байдлаараа хэргийн зүйлчлэл яригдах ёстой. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар авч үзвэл шүүгдэгчийн хувьд хохирогч Ж. гэх айлд очиж малын маллахаар тухайн хүмүүстэй харилцан тохиролцож, тухайн хүмүүс итгэл хүлээлгээд буюу өөрөө хэлбэл манайд амьдраад мал хариулах юм байна гэх үүднээс мотоцикл унаад мал эргүүлээд ир гэхэд тухайн мотоциклийг унаад буюу тухайн хүний итгэлийг алдаж эд хөрөнгийг нь буцаан өгөхгүй гэх зорилгоор цааш нь ашиглаж байгаа үйлдэл нь залилах гэм хэргийн шинжийг хангаж байна гэж үзэж байна. Залилах гэм хэргийн үндсэн шинжид хэд хэдэн шинж хамаардаг. Шүүгдэгчийн өмгөөлөгч “...төөрөгдөлд оруулах, бодит байдлыг нуух гэх шинж байхгүй байна...” гэж тайлбарлаж байна. Итгэл төрүүлэх гэх шинж нь шүүгдэгчийн үйлдэлд хамаарч байгаа учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр А.Т*******өд холбогдох эрүүгийн ******* дугаартай бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.
2.Шүүгдэгч А.Түшинтөгс болон түүний өмгөөлөгчийн зүгээс гаргасан “... үйлдсэн гэмт хэргээ бүгдийг нь хүлээн зөвшөөрч байгаа харин 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Дундговь аймгийн Хулд сумын 2 дугаар багийн иргэн Ж.ийн өмчлөлийн “Даюун” загварын мотоциклийг хонь эргүүлж ирнэ гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хуурч залилан авсан гэж тус үйлдлийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй. Учир нь хохирогч Ж. нь тухайн хөрөнгийг өөрт нь итгэмжлэн хариуцуулсан байхад залилсан гэж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй тул хэргийг хянаж өгнө үү...” гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
3.Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.Т*******ийн гэм бурууг хэлэлцэж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “5 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 24,588,320 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд зүйл завшиж, иргэн А.д 7,070,000 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, мотоциклийг хуурч авсны улмаас иргэн Ж.А 2,000,000 төгрөгийн хохирол учруулсан” гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг болон шүүгдэгчийн хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг болон бусад бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна.
4.Шүүгдэгч А.Т******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заасан бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөрөнгө завших гэмт хэрэг тус тус үйлдсэнийг хүлээн зөвшөөрч энэ талаар ямар нэгэн гомдол саналгүй хэмээн мэдүүлж тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй байна.
Харин 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Дундговь аймгийн Хулд сумын 2 дугаар багийн иргэн Ж.ийн өмчлөлийн “Даюун” загварын мотоциклийг авч явсан үйлдлийн хувьд “залилан мэхлэх гэмт хэргийн шинжгүй, иргэний эд хөрөнгийг завшсан үйлдэл” гэж шүүгдэгч маргадаг.
Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч А.Т******* нь өөрийгөө холоос явж байгаа талаар танилцуулж хохирогч Ж.ийнд 3 хоносон бөгөөд энэ хугацаанд тэдний ойр зуурын ажилд тусалж түүний итгэлийг олсон байх ба “... хонийг чинь эргүүлээд ирье” гэж хэлэн Даюун маркийн мотоциклыг нь унаж яваад өөрийн мэдэлд авсан үйл баримт тогтоогддог.
Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр тухайн эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.
5.Хэргийн үйл баримтаас үзэхэд, шүүгдэгч А.Т******* нь тодорхой хугацаанд гэрт нь хонож мал маллах ажилд нь туслах гэж байгаа мэтээр хохирогчид сэгтгэгдэл төрүүлэн “хонийг нь бэлчээрээс эргүүлээд ирье” гэж мотоциклыг нь худал хэлэн унаж яваад өөрийн эзэмшилд авсан арга хэлбэр нь залилах гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Хохирогч Ж. нь шүүгдэгчийг туслах малчнаар ажиллуулахаар тохирч хонь хариулахдаа ашиглах зорилгоор түүнд мотоциклоо өгөөгүй тул шүүгдэгч А.Т******* нь тухайн хөрөнгийг эзэмших эрх бүхий этгээд гэж үзэхгүй тул эд хөрөнгийг завшсан гэж үзэхгүй.
6. Иймд шүүгдэгч А.Т*******ийн хохирогч Ж.ийн өмчлөлийн “Даюун” загварын мотоциклийг авч явсан үйлдлийг анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэлтэй, хууль зөрчөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1,1.1, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/241 шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БУЯНЖАРГАЛ
ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧ Г.ДАВААРЕНЧИН