Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2025/0565

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “****** ****” ХХК /РД:********/,

Хариуцагч: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хооронд үүссэн 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 30-ны өдөр хүртэлх болон 07 дугаар сарын хөнгөлөлттэй олгосон эмийн мөнгө болох нийт 6,474,819 төгрөгийг олгохоос татгалзсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 07/24 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, хуульд заасан журмын дагуу даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 6,474,819 төгрөгийн санхүүжилтыг нэхэмжлэгчид олгохыг хариуцагчид даалгахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Оюунбилэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У**** нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч “****** ****” ХХК-аас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан “...2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 30-ны өдөр хүртэлх болон 07 дугаар сарын хөнгөлөлттэй олгосон эмийн мөнгө болох нийт 6,474,819 төгрөгийг олгохоос татгалзсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 07/24 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, хуульд заасан журмын дагуу даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 6,474,819 төгрөгийг “****** ****” ХХК-д нөхөн олгох шийдвэр гаргахыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс  нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, ихэсгэж, багасгасан зүйлгүй дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нэхэмжлэгч “****** ****” ХХК нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай ******* дугаартай “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-г 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан.[1]

2.2. Тухайн гэрээний дагуу нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлөөс баталсан "Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хувь хэмжээ бүхий" жагсаалтад багтсан эмийг жор бичих эрх бүхий эмчийн бичсэн жорыг үндэслэн даатгуулагчид хөнгөлөлттэй олгох үйлчилгээг эрхлэн гүйцэтгэж ажилладаг.

2.3. “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний 2.4.4-д “тусламж, үйлчилгээний зардлын нэхэмжлэлийн мэдээллийг цахим системээр, албан бичгийг гэрээний баримт бичигт заасан холбогдох хаягаар эсхүл орон нутгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан ёсны цахим хаягаар сар бүрийн 05-ны дотор хүргүүлэх” гэж заасан.

2.4. Тус гэрээний 2.2.2-д “Гэрээний 2.2.1-т заасан тооцооны үр дүнд үндэслэн нэхэмжлэлийн хяналт дууссанаас хойш холбогдох журамд заасан хугацаанд багтаан тусламж, үйлчилгээний төлбөрийн урьдчилгаа болон гүйцэтгэлийн зөрүүг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэгчид шилжүүлнэ” гэж заасан.

2.5. Нэхэмжлэгч “****** ****” ХХК нь 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд иргэдэд олгосон хөнгөлөлттэй эмийн 6,474,819 төгрөгийн санхүүжилтийн нэхэмжлэхийг 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 16 цаг 14 минутад ****** цахим хаягаас ****** цахим хаяг руу илгээсэн байдаг.[2]

2.6. Дээрх цахимаар илгээсэн нэхэмжлэхийн хариуд, ******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ******** цахим хаягаас “…“Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний 2.4.4, 2.4.5 дахь заалтуудыг үндэслэн тусламж үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэхийг хянах болон санхүүжүүлэхээс татгалзаж байна” гэх хариуг цахимаар нэхэмжлэгчид өгсөн.

2.7. Мөн нэхэмжлэгчээс дээрх 6,474,819 төгрөгийн санхүүжилтийн нэхэмжлэхийг цаасан хэлбэрээр ******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст өгсөн гэх боловч ******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн “Ирсэн баримт  бичгийн бүртгэл”-д бүртгэгдээгүй байна.[3]

2.8. Улмаар дээр дурдсан нэхэмжлэлийн үнийн дүнгээр санхүүжилтийг хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас нэхэмжлэгч “****** ****” ХХК-д олгоогүй байна.

2.9. Тиймээс нэхэмжлэгч “****** ****” ХХК-аас 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт хандахад хариуцагчаас 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 07/4493 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “…танай газраас ирүүлсэн албан бичигт хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байна...тус гэрээний 2.1.7, 2.1.7.2 дахь заалтуудыг үндэслэн тусламж үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэлийг хянах болон санхүүжүүлэхээс татгалзаж байгааг мэдэгдэж байна” гэх хариуг нэхэмжлэгчид өгсөн.[4]

2.10. Нэхэмжлэгчээс дээрх хариуг эс зөвшөөрч дахин Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт хандахад, тус газраас 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 07/24 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “…гэрээнд заасан хугацаанаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоцроосон нэхэмжлэлийг хянах болон санхүүжүүлэхээс татгалзах эрхтэй бөгөөд танай ирүүлсэн албан бичгийг судалж үзэхэд байгууллагын дотоод асуудал байх тул хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх боломжгүй ... гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул ирүүлсэн хүсэлтийн дагуу хоцроосон нэхэмжлэхийг хянаж, санхүүжилт олгох боломжгүй болохыг үүгээр мэдэгдэж байна” гэх хариуг “****** ****” ХХК-д өгсөн.[5]  

2.11. Улмаар нэхэмжлэгчээс урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд хандан гомдол гаргахад, тус газраас 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 86 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “…асуудлаа хуулийн байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ үү” гэх хариуг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*****т өгсөн.[6]

2.12. Нэхэмжлэгчийн зүгээс “....Нэхэмжлэгчээс 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 30-ны өдөр, мөн 07 дугаар сарын нэхэмжлэхтэйгээ хамт дараа сардаа хүргүүлэх журамтай байдаг. Үүнийг гэрээний 2.4.7 дахь хэсэгт заасан. Бид нэхэмжлэхүүдээ 08 дугаар сард хүргүүлсэн. Гэтэл Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас гэрээний 2.4.4 буюу төсвийн цагалбартай холбоогүй жилийн дараа сарын 05-ны өдөр олгодог хугацаагаараа хугацаа хоцроосон гэж үзсэн гэсэн. Гэрээний 2.4.7 дахь заалт нь төсвийн цагалбартай холбоотойгоор 06 дугаар сарын 11-ний өдрөөс 30-ны өдөр хүртэлх нэхэмжлэхээ 07 дугаар сартайгаа нийлүүлээд дараа сардаа хүргүүлнэ гэдэг үгтэй. Харин дараа сарын 05-ны өдөр хүргүүлнэ гэдэг заалт байхгүй. Гэхдээ бид 08 дугаар сарын 07-ны өдөр цахимаар хүргүүлсэн байна. Хамгийн гол нь биднийг 08 дугаар сарын 05-ны өдрийн дотор ирүүлэх хугацааг хэтрүүлсэн гэдэг үндэслэлээр хүлээж аваагүй. Үүнийг бид зөвшөөрөхгүй байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд хөнгөлөлттэй олгосон эмийг гүйцэтгэлээр олгоно гэж заасан. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь даатгуулагчид үзүүлсэн энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг төсвийн сарын хуваарийг үндэслэн гүйцэтгэлээр тооцож олгоно гэж заасан. Тэгэхээр бид нэгэнт иргэдэд үйлчилгээгээ үзүүлсэн, эмийг хөнгөлөлттэй олгосон, нэхэмжлэхээ 08 дугаар сардаа хүргүүлсэн байтал гэрээний 2.4 гэх өөр зохицуулалттай заалтаар хугацаа хэтрүүлсэн гэж үзээд төлбөрийн нэхэмжлэлийг хүлээж авахаас татгалзаж байгааг бид хүлээн зөвшөөрөхгүй.” гэх зэрэг агуулгаар маргаж байна.

2.13. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “... Нэхэмжлэгч хариуцагч нарын хороонд байгуулсан “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний 2.4.4-д тусламж үйлчилгээний зардлын нэхэмжлэлийн мэдээллийг цахим хаягаар сар бүрийн 05-ны өдрийн дотор явуул гэж заасан. Цаасаар нэхэмжлэлээ илгээж болно гэсэн зохицуулалт гэрээнд байхгүй. Тэгэхээр Эрүүл мэндийн даатгалын байгууллага цахимаар нэхэмжлэлийг хүлээж авдаг. Даатгуулагчид үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар болон зардлын төлбөрт хяналт тавиад энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8.7-д чанар төлбөрийн хяналтын журамд заасан шалгуур хангасан эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд төлбөр олгоорой гэсэн хуулийн зохицуулалт нь байна. Тэгэхээр бид нэхэмжлэлийг чинь цахимаар хүлээж аваад шаардлага хангасан эсэх, иргэнд үйлчилгээ үзүүлсэн эсэх, даатгуулагчид үйлчилгээ үзүүлсэн эсэх, даатгуулагчид хөнгөлөлттэй эмийн жагсаалтад багтсан эмийг олгосон эсэхийг нягталж шалгасныхаа үндсэнд төлбөр олгоно. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 0/4493 дугаар албан бичиг, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 0724 дугаар албан бичгээр гэрээний 2.4.4-д заасан үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй байгаа учир танай нэхэмжлэхийг хянах болон санхүүжүүлэхээс татгалзаж байгаа гэсэн хариуг хүргүүлсэн. гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А***** шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: “…“****** ****” ХХК нь ******* аймгийн ******* суманд буюу аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг эмийн сан юм. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай 2022 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр даатгуулагчид эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх, үйлчилгээ худалдан авах гэрээг байгуулсан. Энэ гэрээний дагуу Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөс баталсан эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмүүдийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хувь хэмжээ бүхий жагсаалт баталдаг. Энэ жагсаалтад дурдсан эмийг жор бичих эрх бүхий эмчийн бичсэн жорыг үндэслээд иргэдэд, даатгуулагчдад хөнгөлөлттэй үнээр олгодог. Энэ хөнгөлөлттэй үнээр олгоод, уг үнийн зөрүүг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргаж өгдөг.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.7 дахь заалтуудаар энэ харилцааг зохицуулсан байдаг. Даатгуулагчид эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх, үйлчилгээ худалдан авах гэрээний 2.4.4 дэх заалтын дагуу тухайн сарын хөнгөлөлттэй үнээр олгосон эмийн нэхэмжлэхийг дараа сарын 05-ны өдрийн дотор цахим болон цаасан хэлбэрээр хүргүүлдэг журамтай. Гэтэл манайх 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 30-ны өдөр, мөн 07 дугаар сарын нэхэмжлэхтэйгээ хамт дараа сардаа хүргүүлэх журамтай байдаг. Үүнийг гэрээний 2.4.7 дахь хэсэгт заасан. Бид нэхэмжлэхүүдээ 08 дугаар сард хүргүүлсэн. Гэтэл Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас гэрээний 2.4.4 буюу төсвийн цагалбартай холбоогүй жилийн дараа сарын 05-ны өдөр олгодог хугацаагаараа хугацаа хоцроосон гэж үзсэн гэсэн. Гэрээний 2.4.7 дахь заалт нь төсвийн цагалбартай холбоотойгоор 06 дугаар сарын 11-ний өдрөөс 30-ны өдөр хүртэлх нэхэмжлэхээ 07 дугаар сартайгаа нийлүүлээд дараа сардаа хүргүүлнэ гэдэг үгтэй. Харин дараа сарын 05-ны өдөр хүргүүлнэ гэдэг заалт байхгүй. Гэхдээ бид 08 дугаар сарын 07-ны өдөр цахимаар хүргүүлсэн байна. 08 дугаар сарын 02-ны өдөр хөнгөлөлтийнхөө бичгийг өгсөн гэж үзэж байна. Хамгийн гол нь биднийг 08 дугаар сарын 05-ны өдрийн дотор ирүүлэх хугацааг хэтрүүлсэн гэдэг үндэслэлээр хүлээж аваагүй. Үүнийг бид зөвшөөрөхгүй байна. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд хөнгөлөлттэй олгосон эмийг гүйцэтгэлээр олгоно гэж заасан. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь даатгуулагчид үзүүлсэн энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг төсвийн сарын хуваарийг үндэслэн гүйцэтгэлээр тооцож олгоно гэж заасан. Тэгэхээр бид нэгэнт иргэдэд үйлчилгээгээ үзүүлсэн, эмийг хөнгөлөлттэй олгосон, нэхэмжлэхээ 08 дугаар сардаа хүргүүлсэн байтал гэрээний 2.4 гэх өөр зохицуулалттай заалтаар хугацаа хэтрүүлсэн гэж үзээд хүлээж авахаас татгалзаж байгааг бид хүлээн зөвшөөрөхгүй.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл нь эрүүл мэндийн даатгалтай холбоотой гомдлыг шийдвэрлэх чиг үүрэг нь хуульд байгаа. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.7-д зааснаар эрүүл мэндийн даатгалтай холбогдсон асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүрэгтэй. Бид үүний дагуу хандахад гэрээнд гуравдагч этгээд оролцох боломжгүй гэдэг заалт оруулсан байгаа учраас хуулийн байгууллагад ханд гэсэн хариуг бидэнд өгсөн. Үүнийг үндэслээд бид шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Хөнгөлөлттэй эмийг олгох, үйлчилгээ хувийн компаниас тодорхой зардлуудыг шаарддаг. Байр, түрээс, дотор нь 24 цагаар ажиллаж байгаа жор баригч нарын цалинг хөлсийг хувийн эмийн сан өөрөө хариуцаад энэ эмүүдийг хөнгөлөлттэй олгодог. Олгосон энэ зөрүү төлбөрийг авъя гээд нэхэмжлэх ирүүлэхэд нь хугацаа хэтрүүлсэн гээд хүлээж авахгүй, зөрүү өгөхгүй гэж татгалзаад байгаа нь хуулиас давсан, илт хууль зүйн үндэслэлгүй гэрээ байна гэж бид үзэж байна. Тэгэхээр нэгэнт хуульд гүйцэтгэлээр олгоно гэж заасан. Хоёрдугаарт эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ үзүүлэх байгууллагын эрх, үүрэг гэсэн хэсгийг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан. Уг хуулийн 13.1.1-д даатгуулагчид үзүүлсэн энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх эрхтэй гэж заасан. Бид үүний дагуу нэхэмжлэл гаргасан.” гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У**** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгдүгээрт нэхэмжлэлээ гэрээний 2.4.4, 2.4.7-д цагалбартай холбогдуулаад бид дараа сарынхаа нэхэмжлэхтэй хамт хэзээ ч явуулж болно, хугацааг зааж өгөөгүй гэж байна, үгүй юм аа. Гэрээний 2.4.4-д дараа сарынхаа 05-ны дотор хүргүүл гэсэн. Цагалбартай холбоотой 06 дугаар сарын 11-ний өдрөөс 06 дугаар сараа дуусталх, 07 дугаар сарынхаа нэхэмжлэхийг тухайн жилдээ ч юм уу, хэзээ ч хамаагүй, тэгээд л явуулна гэсэн агуулгатай гэрээ хийгээгүй. Дараа сарынхаа нэхэмжлэхтэй хамт гэж байна. Дараа сарынх нь нэхэмжлэх хэзээ явах ёстой юм. Дараа сарынхаа 05-ны өдрийн дотор л явах ёстой. Гэхдээ гэрээний 2.4.4-д тусламж үйлчилгээний зардлын нэхэмжлэлийн мэдээллийг цахим хаягаар сар бүрийн 05-ны өдрийн дотор явуул гэж заасан. Цаасаар нэхэмжлэлээ илгээж болно гэсэн зохицуулалт гэрээнд байхгүй. Тэгэхээр Эрүүл мэндийн даатгалын байгууллага цахимаар нэхэмжлэлийг хүлээж авдаг. Эрүүл мэндийн байгууллагын эрхээ яриад байна. Манайх эрүүл мэндийн даатгал үзүүлсэн, тусламж үйлчилгээнийхээ зардлыг танайхаар төлүүлэх эрхтэй гэж байна. Тийм, эрхтэй. Манайд бас эрх нь байгаа. Энэ нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5-д заасан. Даатгуулагчид үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар болон зардлын төлбөрт хяналт тавиад энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.8.7-д чанар төлбөрийн хяналтын журамд заасан шалгуур хангасан эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд төлбөр олгоорой гэсэн хуулийн зохицуулалт нь байна. Тэгэхээр бид нэхэмжлэлийг чинь цахимаар хүлээж аваад шаардлага хангаж байна уу, үгүй юу, иргэнд үйлчилгээ үзүүлсэн үү, даатгуулагчид үйлчилгээ үзүүлсэн үү, даатгуулагчид хөнгөлөлттэй эмийн жагсаалтад багтсан эмийг олгосон байна уу гэдгийг нягталж шалгасныхаа үндсэнд төлбөр олгоно.

Гаргасан хариу тайлбартай нь холбогдуулаад хоёрдугаар агуулгаа мөн дэмжиж байна. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 0/4493 дугаар албан бичиг, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 0724 дугаар албан бичгээр гэрээний 2.4.4-д заасан үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй байгаа учир танай нэхэмжлэхийг хянах болон санхүүжүүлэхээс татгалзаж байгаа гэсэн хариуг хүргүүлсэн. Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.14-д иргэн, хуулийн этгээдээс захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг энэ хуулийн 94 дүгээр зүйлд зааснаар, захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тодорхойлно гээд хуулийнх нь зохицуулалт, хуульчилсан хэлбэр байгаад байхад манайх хэзээ л бол хэзээ гомдлоо гаргаж болно гэдэг агуулгаар яваад байгаа нь ойлгомжгүй байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана гэсэн. Нэхэмжлэл гаргах хуулийн хугацаагаа танайх дуусгасан байна гэж хариуцагч байгууллагын зүгээс үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэгдүгээрт манайх цаасаар нэхэмжлэл авдаггүй, зөвхөн цахимаар нэхэмжлэл авдаг. Хоёрдугаарт шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа чинь дууссан байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч “****** ****” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. “2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 30-ны өдөр хүртэлх болон 07 дугаар сарын хөнгөлөлттэй олгосон эмийн мөнгө болох нийт 6,474,819 төгрөгийг олгохоос татгалзсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 07/24 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, хуульд заасан журмын дагуу даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 6,474,819 төгрөгийг “****** ****” ХХК-д нөхөн олгох шийдвэр гаргахыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлийн тухайд:

1.1. Юуны өмнө энэхүү эрх зүйн маргаан нь сонгодог захиргааны актын маргаан биш бөгөөд харин Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт заасан захиргааны гэрээ, түүний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардах эрхтэй холбоотой маргаан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

1.2. Хэргийн тогтоогдсон үйл баримтын тухайд, нэхэмжлэгч “****** ****” ХХК нь Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай ******* дугаартай “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-г 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр байгуулж, тухайн гэрээний дагуу нэхэмжлэгч нь Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлөөс баталсан "Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөх хувь хэмжээ бүхий" жагсаалтад багтсан эмийг жор бичих эрх бүхий эмчийн бичсэн жорыг үндэслэн даатгуулагчид хөнгөлөлттэй олгох үйлчилгээг эрхлэн гүйцэтгэж ажилладаг байна.

1.3. Нэхэмжлэгч “****** ****” ХХК нь 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд иргэдэд олгосон хөнгөлөлттэй эмийн 6,474,819 төгрөгийн санхүүжилтийн нэхэмжлэхийг 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 16 цаг 14 минутад ******* цахим хаягаас ****** цахим хаяг руу илгээсэн байдаг.[7]

1.4. Дээрх цахимаар илгээсэн нэхэмжлэхийн хариуд, ******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр ****** цахим хаягаас “…“Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний 2.4.4, 2.4.5 дахь заалтуудыг үндэслэн тусламж үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэхийг хянах болон санхүүжүүлэхээс татгалзаж байна” гэх хариуг цахимаар нэхэмжлэгчид өгсөн.[8]

1.5. Мөн нэхэмжлэгчээс дээрх 6,474,819 төгрөгийн санхүүжилтийн нэхэмжлэхийг цаасан хэлбэрээр ******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст өгсөн гэх боловч ******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн “Ирсэн баримт бичгийн бүртгэл”-д бүртгэгдээгүй байна.[9]

1.6. Улмаар дээр дурдсан нэхэмжлэлийн үнийн дүнгээр санхүүжилтийг хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас нэхэмжлэгч “****** ****” ХХК-д олгоогүй.

1.7. Эрүүл мэндийн даатгалын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:” гээд, мөн зүйлийн 3.1.8 дахь заалтад “даатгалын гэрээ гэж эрүүл мэндийн даатгалын байгууллага болон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагын хооронд байгуулсан гэрээг;” гэж заажээ.

1.8. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь энэ хуулийн 16.1.4-т заасны дагуу сонгон шалгаруулалтад тэнцсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллага болон эмийн сантай даатгалын гэрээ /цаашид “гэрээ” гэх/-г байгуулах бөгөөд гэрээний хэрэгжилтийг хянаж, дүгнэнэ.” гэж, 10.2 дахь хэсэгт “Гэрээнд энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төсөв, нэр төрөл, тоо хэмжээ, чанарын шалгуур үзүүлэлт, төлбөрийн арга, төлбөрийн хэмжээ болон гэрээний хугацаа, талуудын хүлээх үүрэг, хариуцлага, гэрээг цуцлах нөхцөлийг тодорхой тусгасан байна.” гэж тус тус зохицуулжээ.

1.9. Нэхэмжлэгч нь дээрх хуульд заасны дагуу Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай ******* дугаартай “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-г 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр байгуулсан ба энэ үйл баримттай талууд маргаангүй.

1.10. Харин нэхэмжлэгчээс “... Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь даатгуулагчид үзүүлсэн энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг төсвийн сарын хуваарийг үндэслэн гүйцэтгэлээр тооцож олгоно гэж заасан. Тэгэхээр бид нэгэнт иргэдэд үйлчилгээгээ үзүүлсэн, эмийг хөнгөлөлттэй олгосон, нэхэмжлэхээ 08 дугаар сардаа хүргүүлсэн байтал гэрээний 2.4.4 гэх өөр зохицуулалттай заалтаар нэхэмжлэхийг хугацаа хэтрүүлсэн гэж үзээд хүлээж авахаас татгалзаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй ...” гэх агуулгаар, хариуцагчаас “... Гэрээний 2.4.4-д дараа сарынхаа 05-ны дотор хүргүүл гэсэн. Дараа сарынхаа нэхэмжлэхтэй хамт гэж байна. Дараа сарынх нь нэхэмжлэх хэзээ явах ёстой юм гэхээр дараа сарынхаа 05-ны өдрийн дотор л явах ёстой. Мөн гэрээний 2.4.4-д тусламж үйлчилгээний зардлын нэхэмжлэхийн мэдээллийг цахим хаягаар сар бүрийн 05-ны өдрийн дотор явуул гэж байгаа. Цаасаар нэхэмжлэлээ илгээж болно гэсэн зохицуулалт гэрээнд байхгүй. Тэгэхээр Эрүүл мэндийн даатгалын байгууллага зөвхөн цахимаар нэхэмжлэхийг хүлээж авдаг ...” гэх агуулгаар маргаж байна.

1.11. Эрүүл мэндийн даатгалын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт “Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь даатгуулагчид үзүүлсэн энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг төсвийн сарын хуваарийг үндэслэн гүйцэтгэлээр тооцож олгох бөгөөд эрүүл мэндийн даатгалын байгууллага нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагад энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан гэрээний дагуу зардлын урьдчилгаа төлбөр олгож болно.” гэж заасан.

1.12. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзэхэд, эрүүл мэндийн даатгалын байгууллага нь даатгуулагчид үзүүлсэн энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг төсвийн сарын хуваарийг үндэслэн гүйцэтгэлээр тооцож олгохоор зохицуулсан байх боловч тухайн гүйцэтгэлийг харилцан бие биедээ хэрхэн илгээх, хэрхэн тооцох талаарх журмыг талууд ******* дугаартай “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-ээр тохиролцсон гэж үзнэ.

1.13. Тус гэрээний 2.4-т “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч дараах үүрэг хүлээнэ” гээд, мөн зүйлийн 2.4.4-т “тусламж, үйлчилгээний зардлын нэхэмжлэлийн мэдээллийг цахим системээр, албан бичгийг гэрээний баримт бичигт заасан холбогдох хаягаар эсхүл орон нутгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан ёсны цахим хаягаар сар бүрийн 5-ны дотор хүргүүлэх;” гэж талууд тохиролцсоноос үзэхэд, нэхэмжлэгч нь 2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд иргэдэд олгосон хөнгөлөлттэй эмийн 6,474,819 төгрөгийн санхүүжилтийн нэхэмжлэхийг 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн дотор хариуцагчид цахимаар хүргүүлэх ёстой атал 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 16 цаг 14 минутад ***** цахим хаягаас ****** цахим хаяг руу илгээсэн байгаа нь гэрээний үүргээ зөрчсөнд тооцогдоно.

1.14. Мөн гэрээний 2.4.7-д “төсвийн тухай хуульд заасан санхүүгийн тайлангийн цаглабартай холбогдуулан тухайн төсвийн жилийн 6, 12 дугаар саруудад үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийг тухайн сарын 10-ны өдрөөр тасалбар болгон  хуанлийн 2 хоногт багтаан ирүүлж, 11-ний өдрөөс тухайн сар дуусталх хугацаанд үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийг дараа сарын нэхэмжлэлтэй хамтатган хүргүүлэх;” гэж тохиролцсоныг нэхэмжлэгчээс тайлбарлахдаа “энэ заалтад тодорхой өдөр заагаагүй, дараа сарын нэхэмжлэлтэй хамтатган хүргүүлэх гэж заасан тул 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэхээ хүргүүлсэн нь үүнд нийцнэ” гэж тайлбарласныг шүүх үндэслэлгүй гэж үзсэн.

1.15. Учир нь, гэрээний 2.4.7-д заасан зохицуулалт нь Төсвийн тухай хуульд заасан санхүүгийн тайлангийн цаглабартай холбогдуулан тухайн төсвийн жилийн 6, 12 дугаар саруудад үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийг хэзээ нэхэмжлэх талаарх хугацааг тодорхойлохдоо дараа сарын нэхэмжлэлтэй хамтатган хүргүүлэх журмыг тогтоосон бөгөөд харин тодорхой хугацааны тухайд гэрээний 2.4.4-т заасан “сар бүрийн 5-ны дотор” гэх хугацаа мөн адил хэрэглэгдэхээр байна.

1.16. Тиймээс энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.

1.17. Гэрээний 2.1.7.2-т “гэрээний 2.4.4-т заасан хугацаанаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоцроосон нэхэмжлэл” гэдэгт энэхүү маргааны үйл баримт хамаарах бөгөөд энэ тохиолдолд хариуцагч нэхэмжлэхийг хянах болон санхүүжүүлэхээс татгалзахаар гэрээний 2.1.7-д заасны дагуу санхүүжүүлэхээс татгалзсан нь үндэслэлтэй байна.

1.18. Харин гэрээний 4.2-т “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч нь энэхүү гэрээний 2.4.4-т заасан үүргээ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас биелүүлээгүй тохиолдолд хоцроосон хоног тутамд холбогдох тусламж, үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэлийн дүнгийн 0.5 хувиар тооцож суутган, хариуцлага хүлээлгэнэ” гэснийг хариуцагч хэрэглэх боломжтой байсан гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй.

1.19. Учир нь, гэрээний энэхүү заалтыг хэрэгжүүлэхийн тулд хангагдах ёстой урьдчилсан нөхцөл нь гэрээний 2.4.4-т заасан үүргээ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас биелүүлээгүй байх ёстой бөгөөд маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэгч нь 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн дотор хариуцагчид цахимаар хүргүүлэх ёстой атал 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 16 цаг 14 минутад ****** цахим хаягаас ****** цахим хаяг руу илгээхдээ хугацаа хэтрүүлсэн үйлдэлдээ хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэдгээ нотлоогүй.

1.20. Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд нотлох үүрэг нэхэмжлэгчид өөрт нь хуваарилагдсан байх бөгөөд түүнийгээ нотлоогүй /урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хүрээнд болон шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аль алинд нь/ энэ тохиолдолд гэрээний 4.2-т заасныг хэрэглэх боломжтой байсан гэж үзэхгүй.

1.21. Мөн түүнчлэн, нэхэмжлэгчээс дээрх 6,474,819 төгрөгийн санхүүжилтийн нэхэмжлэхийг цаасан хэлбэрээр ******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст өгсөн гэх боловч ******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн “Ирсэн баримт  бичгийн бүртгэл”-д бүртгэгдээгүй болох нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн боломжгүй.

1.22. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хоёр. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бусад асуудлын тухайд:

2.1. Шүүх хуралдааны хүсэлт шийдвэрлэх үе шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ******* аймгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 07, 08 дугаар саруудын ирсэн бичгийн бүртгэлийг бүрэн хэмжээгээр гаргуулах” хүсэлтийг гаргасан.

2.2. Шүүх дараах байдлаар хүсэлтийг шийдвэрлэж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэсэн болно. Үүнд:

2.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт “Захиргааны хэргийн шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг ... шаардан гаргуулж болохгүй.” гэж зохицуулсан.

2.4. Шүүхээс 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 01/6247 тоот албан бичгээр[10] Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас энэ талаарх нотлох баримтыг шаардсан бөгөөд түүний дагуу хариуцагчаас ******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 04-09 дүгээр сарын “Ирсэн баримт  бичгийн бүртгэл”-ийн дэвтрийн хуулбарыг ирүүлсэн байгаа[11] энэ тохиолдолд нэхэмжлэгчийн хүсэлтэд дурдсан агуулгаар дахин нотлох баримт шаардах нь энэ хэрэгт нотолгооны ач холбогдолгүй байна.

2.5. Иймд дээрх үндэслэлээр нотлох баримт гаргуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

2.6. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь заалтад заасан “нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн” үндэслэл байгаа талаар мэтгэлцсэн.

2.7. Шүүх энэхүү шүүхийн шийдвэрийн “Үндэслэх нь” хэсгийн 1.1-д дурдсанчлан энэхүү эрх зүйн маргаан нь захиргааны актын маргаан биш, харин захиргааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахтай холбогдон үүссэн маргаан тул энэ тохиолдолд гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байгаа нь энэхүү маргаанд ач холбогдолтой ба энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаарх тайлбарыг хүлээн аваагүй болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүл мэндийн даатгалын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.8 дахь заалт, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2, 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэг заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “****** ****” ХХК-ийн гаргасан “2022 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 30-ны өдөр хүртэлх болон 07 дугаар сарын хөнгөлөлттэй олгосон эмийн мөнгө болох нийт 6,474,819 төгрөгийг олгохоос татгалзсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 07/24 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоолгож, хуульд заасан журмын дагуу даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 6,474,819 төгрөгийг “****** ****” ХХК-д нөхөн олгох шийдвэр гаргахыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар  зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.МӨНХ-ЭРДЭНЭ

 

 

[1] Хэргийн хавтасны /цаашид “Хх” гэх/ 11-18 дахь тал

[2] Хх 54 дэх тал

[3] Хх 79 дэх тал

[4] Хх 39 дэх тал

[5] Хх 40 дэх тал

[6] Хх 28 дахь тал

[7] Хх 54 дэх тал

[8] Хх 53-54 дэх тал

[9] Хх 79 дэх тал

[10] Хх 65 дахь тал

[11] Хх 78-79 дэх тал