2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 192/ШШ2025/02002

 

 

 

 

 2025              03             17                         

                                       192/ШШ2025/02002

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

           Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 20 дугаар хороо, *********тоот хаягт оршин суух, С******* овогт Н******* Б******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, ********** тоот хаягт байрлах, Т ХХК /РД:*******/,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, ******** тоотод оршин суух, Г*** б******* овогт Н******* Б******* /РД:*******/ нарт холбогдох

 

Нэхэмжлэгч Н.Б******* нь хариуцагч Т ХХК, Н.Б******* нарт холбогдуулан 2022.08.18-ны өдрийн 103 тоот гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, Хан-Уул дүүрэг 25 дугаар хороо, Буянт Ухаа хороолол/17120/, Наадамчдын зам ********* тоот орон сууцны өмчлөгчөөр Н.Б*******ыг тогтоолгох,

Хариуцагч Т ХХК-нд холбогдуулан Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, 150 айлын орон сууц үйлчилгээний цогцолбороос******* тоот, 32.6 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгөхийг даалгах,

Хариуцагч Н.Б*******д холбогдуулан Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, 150 айлын орон сууц үйлчилгээний цогцолбороос ********, 32.6 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Ж.А, Хариуцагчийн өмгөөлөгч Б.А,

Хариуцагч Н.Б*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Б******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: “...Н.Б******* миний бие Т ХХК-тай Орон сууц захиалгаар бариулах 105 тоот гэрээг 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр байгуулж Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 150 айлын орон сууц нэртэй үйлчилгээтэй орон сууцны цогцолбороос****** дугаартай 32,6 м.кв 1 өрөө орон сууцыг 32,600,000 төгрөгөөр худалдан авч 100 хувь төлбөрийг төлж барагдуулсан. Энэхүү орон сууцыг анх худалдан авсан Х.А гэдэг хүн захиалгын төлбөрийн үлдэгдлээ төлж чадаагүй байсан тул гэрээний эрх үүргийг Н.Б******* надад шилжүүлэхийг Т ХХК зөвшөөрсөн тул 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн гэрээ байгуулагдсан болно. Энэхүү орон сууц захиалгаар бариулах 105 тоот гэрээний дагуу орон сууцандаа орох гэтэл өөр этгээд худалдан авсан байна. Би  орон сууц захиалгаар бариулах 105 тоот гэрээг байгуулж, төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Иймд  миний захиалсан орон сууцанд байгаа этгээдийг орон сууцнаас чөлөөлүүлэхээр, надтай байгуулсан гэрээ хүчинтэй тул Н.Б*******тай байгуулсан 103 тоот гэрээг хүчингүй болгож, хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар Хан-Уул дүүрэг 25 дугаар хороо, Буянт Ухаа хороолол/17120/, Наадамчдын зам ********** тоот  орон сууцны өмчлөгчөөр Н.Б*******ыг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгөхийг Т ХХК-д даалгаж зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү.

Нэхэмжлэгч 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Н.Б******* нь нийтдээ 40,500,000 төгрөгийг төлсөн байх ба өөрийн өмчлөлийн 32.6 м.кв байраа бусдад зарах эрхийг Т ХХК-д олгоогүй, ямар нэгэн зөвшөөрөл өгөөгүй. Иймээс 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Н.Б******* гэх иргэнтэй 103 тоот орон сууц захиалан бариулах гэрээг байгуулсан нь хуульд нийцээгүй тул орон сууц захиалан бариулах 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 103 тоот гэрээг хүчингүй болгож, хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар Хан-Уул дүүрэг 25 дугаар хороо, Буянт Ухаа хороолол/17120/, Наадамчдын зам ************ тоот орон сууцны өмчлөгчөөр Н.Б*******ыг тогтоож, уг орон сууцнаас Н.Б*******ыг чөлөөлж өгнө үү …” гэжээ.

 

Хариуцагч Т ХХК-ийн өмгөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “… 2018 оноос эхлээд Хан-Уул дүүргийн хуучнаар 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 150 айлын орон сууцыг Тэнүүн хотхон нэртэйгээр барьж гүйцэтгүүлэх төслийн ажлыг эхлүүлсэн. 2019 онд эхэлсэн барилгын ажил явж байх үедээ энэ маргаад байгаа орон сууц дээр А гэдэг хүнтэй орон сууц худалдах, худалдан авах гэрээ хийгээд 32,600,000 төгрөгөөр худалдахаар тохирсон. А нь манай компанид 30,600,000 төгрөг төлөөд 2,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байх үед нь 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр анхны захиалагч А өөрийнхөө захиалгын гэрээг Б******* буюу нэхэмжлэгчид шилжүүлэхийг зөвшөөрсөн учраас Т ХХК-тай захиалагч өөрчлөх гэрээ байгуулж, 2021 оны 3 сарын 16-ны өдөр Б*******тай яг адилхан үнийн дүнгээр гэрээ байгуулдаг. Б******* нэхэмжлэгчийн тухайд Агийн төлөх ёстой 2,000,000 төгрөгийг манай компанид төлснөөр тухайн орон сууцын үнэ болох 32,600,000 төгрөг бүрэн төлөгдсөн гэж үздэг. Ингээд барилгын төслийн ажил эхлээд явж байтал дэлхий нийтийг хамарсан ковид19 цар тахал гарч, хөл хорио тогтоогдсон. Үүний улмаас барилгын материалын хомсдол бий болж, барилгыг товлосон хугацаандаа хүлээлгэн өгөх захиалагч нарыг орон сууцад нь оруулах боломжгүй нөхцөл байдал үүссэнээс шалтгаалаад манай компани хөрөнгө оруулагч хайсан. Хөрөнгө оруулагч хайж байх үед Б буюу энэ хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн хөрөнгө оруулагч манай компанид хөрөнгө оруулж, компанийн 50 хувийн хувьцааг эзэмшиж, тухайн үедээ гүйцэтгэх захирлаар томилогдон, 2021 оны 3 сараас гүйцэтгэх захирлаар ажилласан. Н.Б*******тай гэрээ байгуулснаас 2 сарын дараа гүйцэтгэх захирал Б нь компанийн удирдлагыг хяналтдаа авсны дараагаар анхны төсөвлөсөн өртөгт уг барилгыг барьж гүйцэтгэх боломжгүй гэсэн учраас захиалагч нартаа гэрээгээ шинэчилж хийх саналыг гаргаад, метр квадратын үнийг тодорхой хэмжээгээр нэмсэн. Захиалагч Н.Б*******д гэрээний дагуу 32,600,000 төгрөгт барьж, хүлээлгэн өгөх боломжгүй, компани алдагдалтай байх тул метр квадратын үнийг тодорхой хэмжээгээр нэмье гэдэг саналыг тавьсан. Н.Б******* нь уг саналыг хүлээж авалгүй, өөр хүнд зар, миний төлсөн төлбөрийг надад буцаагаад өгөх санал тавьсныг компани зөвшөөрсөн. Ингээд 2022.08.18-ны өдөр Тэнүүн газар констракшн компани Н.Б*******тай гэрээ байгуулж, 57,000,000 төгрөгөөр тухайн орон сууцыг худалдан борлуулсан. Н.Б******* орон сууцны төлбөрийг бүрэн төлсөн, орон сууцыг хүлээн авч, 2022 оны 8 сараас өнөөдрийг хүртэл амьдарч байна. Н.Б******* өөрөө тухайн орон сууцыг зарах зөвшөөрлийг гүйцэтгэх захирал Бт өгсөн, зарах зөвшөөрлийг компанид олгосны дагуу орон сууцыг худалдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагч Н.Б******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Т ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн 25 дугаар хороо, 616 байр, 307 тоот 33,05 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцыг 57,837,500 төгрөгөөр худалдан авсан болно. Байрны төлбөрийг 100 хувь төлж байрандаа 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр орсон бөгөөд тухайн үед гүйцэтгэл дутуу байсан. Бид өөрсдөө 6,000,000 орчим төгрөгөөр завсар хийсэн. Манай талаас тус байранд өөр захиалагч байгаа талаар огт мэдээгүй. Тийм учраас нэхэмжлэгч Н.Б*******ы нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

 Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, 2021.03.16-ны өдрийн 105 дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ, 2021.03.17-ны өдрийн 79 дугаартай итгэмжлэл, тооцооны үлдэгдлийн баталгаанууд, бэлэн мөнгөний орлогын баримт, 2023.09.13-ны өдрийн итгэмжлэл, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.09.28-ны өдрийн 16557 дугаар захирамж, 2023.11.03-ны өдрийн итгэмжлэл, 2021.03.17-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, Н.Б*******ы Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлт зэрэг баримтыг ирүүлсэн.

 

 Хариуцагчаас хавтаст хэрэгт итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022.08.18-ны өдрийн 103 дугаар орон сууц захиалан бариулах гэрээ, тооцоо нийлсэн акт, мессеж чатны зураг, мемориалын баримт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, мөнгөн шилжүүлэг болон зарлагын баримтыг ирүүлсэн.

 

Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024.01.23-ны өдрийн 76 дугаар хариу хүргүүлэх тухай албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбар, 2023.01.13-ны өдрийн БА-015/2023 дугаар барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, Хот байгуулалт, хөгжлийн газрын 2023.06.29-ний өдрийн 05/774 дүгээр тодорхойлолт, хаяг байршлын зураг зэргийг хавсаргасан.

 

Хариуцагчийн хүсэлтээр гэрчээр Б.Бийг оролцуулж, мэдүүлэг авч, гэрч Б.Бийн гар утасны нэхэмжлэгч Н.Б*******тай харилцан бичсэн вайбер чатад /утасны дугаар 88108620/ үзлэг хийж, үзлэгийн тэмдэглэл зэргийг хэрэгт хавсаргасан байна.

 ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Н.Б******* нь хариуцагч Т ХХК, Н.Б******* нарт холбогдуулан 2022.08.18-ны өдрийн 103 тоот гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, Хан-Уул дүүрэг 25 дугаар хороо, Буянт Ухаа хороолол/17120/, Наадамчдын зам ***** тоот  орон сууцны өмчлөгчөөр Н.Б*******ыг тогтоолгох,

Хариуцагч ТХХК-нд холбогдуулан Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо,  150 айлын орон сууц үйлчилгээний цогцолбороос ***** тоот, 32.6 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгөхийг даалгах,

Хариуцагч Н.Б*******д холбогдуулан Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо,  150 айлын орон сууц үйлчилгээний цогцолбороос ****** тоот, 32.6 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага тус тус  нэхэмжлэгч гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргаж байна.

 

Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Тэнүүн газар констракшн ХХК нь Н.Б*******тай 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 105 дугаар “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-гээр Хан-Уул дүүрэг, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 150 айлын орон сууц үйлчилгээний цогцолбороос ************ тоот, 32.6 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 1,000,000 төгрөг, нийт 32,600,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар харилцан тохиролцож, орон сууцыг 2021 оны 4-р улиралд хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан, нэхэмжлэгч нь орон сууцны үнийг бүрэн төлсөн байна.  /хх-ийн 4-5/

 

Талууд дээрх гэрээ байгуулагдсан болон гэрээнд заасан төлбөрийг төлсөн асуудлаар маргаагүй байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан, хүчин төгөлдөр гэрээ байна.

 

Харин хариуцагч ТХХК нь маргаан бүхий орон сууцыг хариуцагч Н.Б*******д 2022.08.18-ны өдөр худалдан борлуулж, орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, орон сууцыг Н.Б*******д шилжүүлж, эзэмшил үүссэнээр талуудын хооронд маргаан үүсжээ.

Тэнүүн газар констракшн ХХК нь Н.Б*******тай 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 105 дугаар “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-нээс дэлхий нийтийг хамарсан Ковид19 цар тахал гарч, үүний улмаас барилгын материалын хомсдол бий болж, барилгыг товлосон хугацаандаа хүлээлгэн өгөх боломжгүй нөхцөл байдал үүсэж, гэрээний үнэ нэмэгдсэн, мөн гэрээнээс татгалзах саналыг нэхэмжлэгч Н.Б******* хүлээн авсан үндэслэлээр нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан гэж хариуцагч Т ХХК татгалзлын үндэслэлээ тайлбарласан.

 

Дэлхий нийтийг хамарсан коронавирус буюу Ковид-19-ийн тохиолдол нь 2019.12.31-ний өдөр БНХАУ-ын Ухань хотын Хэбэй мужид гарсан болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зарлаж, Монгол улсад 2020.03.10-ны өдөр анхны тохиолдол бүртгэгджээ.

 

Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1.-т “Гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй” гэж заасан бөгөөд хариуцагч Т ХХК нь Н.Б*******тай гэрээ байгуулах үед коронавирус буюу Ковид-19-ийн тохиолдол бий болсон, хөл хорио үүссэн, барилгын материалын хомсдол үүссэн болохыг мэдэж байсан цаг хугацаанд гэрээ байгуулсан байх ба нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн буюу барилгын материалын үнэ нэмэгдсэнээс орон сууцны үнэ нэмэгдсэн талаарх татгалзлаа шүүхийн өмнө нотлоогүй.

 

Өөрөөр хэлбэл маргаан бүхий орон сууцыг анх төлөвлөсөн төсөв нь Н.Б*******д орон сууцыг хүлээлгэн өгөх өдөр хэдий хэмжээний өртгөөр нэмэгдсэн талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүйгээс гадна нэхэмжлэгч Н.Б******* гэрээнээс татгалзсан татгалзлыг зөвшөөрсөн тул гэрээг цуцалсан гэх хариуцагч Т ХХК-ийн татгалзал нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1.-т “Аль нэг тал нь гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ” гэж заасан бөгөөд хариуцагч Т ХХК нь 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 105 дугаар “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-нээс татгалзсан тухайгаа гэрээний нөгөө тал болох нэхэмжлэгч Н.Б*******д мэдэгдэх үүргээ биелүүлсэн болох нь мөн баримтаар нотлогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж заасан бөгөөд хариуцагч Т ХХК нь гэрээнд заасан хугацаанд орон сууцыг нэхэмжлэгч Н.Б*******д хүлээлгэн өгөх үүргээ хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ. Хэрэв гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд зохицуулах боломжгүй болсны улмаас гэрээнээс Т ХХК татгалзаж байгаа бол энэ талаар шүүхийн өмнө хариуцагч Т ХХК нотлох үүрэгтэй юм. Өөрөөр хэлбэл хариуцагч Т ХХК-ийн гэрээнээс татгалзсан татгалзал хуульд нийцсэн эсэхийг шүүх дүгнэхийн тулд нотлох баримтад тулгуурлаж, эрх зүйн дүгнэлт хийх нь хуульд нийцэхээс коронавирус буюу Ковид-19-ийн тохиолдол улмаас гэрээний үнэ нэмэгдсэн үндэслэлээр татгалзсан нь хуульд нийцсэн гэж дүгнэх боломжгүй юм. Учир нь талуудыг гэрээ байгуулах үед уг нөхцөл байдал бий болсон байсан, энэ талаар мэдсэн байх хугацаанд талууд гэрээ байгуулсан байна.

 

Иймээс Т ХХК Н.Б******* нарын хооронд 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 105 дугаар “Орон сууц захиалгаар бариулах” хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ хэрэгжиж байхад, хариуцагч Т ХХК нь хариуцагч Н.Б*******тай 2022.08.18-ны өдрийн 103 дугаар “Орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасантай нийцээгүй хүчин төгөлдөр бус байх хэлцэл болжээ.

 

Өөрөөр хэлбэл гэрээний нөгөө тал болох Н.Б******* 105 дугаар гэрээнээс татгалзаагүй, маргаан бүхий орон сууцыг бусдад шилжүүлэх хэлцэл байгуулахыг зөвшөөрөөгүй байхад хариуцагч Н.Б*******тай байгуулсан 103 дугаар хэлцэл байгуулагдсан үеэсээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох тул  хариуцагч Т ХХК, Н.Б******* нарт холбогдох  2022.08.18-ны өдрийн 103 тоот гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-т “… хэлцэл хийсэн талууд уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, …үүрэгтэй” гэж заасан тул Хан-Уул дүүрэг 25 дугаар хороо, Буянт Ухаа хороолол/17120/, Наадамчдын зам ******* тоот  орон сууцны өмчлөгчөөр Н.Б*******ыг тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Т ХХК нь Н.Б*******тай 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 105 дугаар “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-гээр Хан-Уул дүүрэг, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 150 айлын орон сууц үйлчилгээний цогцолбор ***** тоот, 32.6 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц нь Хан-Уул дүүрэг 25 дугаар хороо, Буянт Ухаа хороолол/17120/, Наадамчдын зам ******* тоот   хаяг олгосон, уг орон сууцанд хариуцагч Н.Б******* амьдарч байгаа болох нь зохигчдын тайлбар, хаяг олгосон болох нь Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 76 тоот албан бичгээр тус тус тогтоогдож байна. /хх-44/

 

Түүнчлэн Хан-Уул дүүрэг 16 дугаар хороо, ***** тоот хаягт байршилтай, 4725 м.кв талбайтай, Орон сууцны зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206067506 дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг О.Х олгожээ. /хх-45/

 

Маргаан бүхий орон сууцанд 70 хувийн гүйцэтгэлтэйгээр О.Хд өмчлөх эрхийн гэрчилгээг олгосон байх тул эрх ашиг нь хөндөгдсөн О.Хд уг маргаан хянагдаж байгаа болохыг шүүхээс мэдэгдсэн боловч шүүхэд шаардлага гаргасан болон гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох хүсэлтээ ирүүлээгүй, энэ талаар ямар нэгэн хүсэл зоригоо шүүхэд илэрхийлээгүй тул шүүх түүнийг албадан ирүүлэх хууль зүйн зохицуулалт байхгүй болно. Мөн О.Х нь хариуцагч Т ХХК-ийн гүйцэтгэх захирал болох нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-18/

 

Тиймээс  Т ХХК нь уг маргааны хариуцагчаар оролцож байх ба Т ХХК-ийг төлөөлөх этгээдэд шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг олгосон, дээрх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206067506 дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой маргаан хянагдаж байгааг мэдэх боломжтой, шүүхээс улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэгдсэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тодорхойлсон утсаар О.Хд мэдэгдсэн  боловч, О.Х нь шүүн таслах ажиллагаанд саад учруулж, хүрэлцэн ирээгүй тул түүний эзгүйд маргааныг шийдвэрлэсэн.  /хх-17/

Иймээс нэхэмжлэгч хариуцагч Т ХХК, Н.Б******* нарыг хооронд байгуулсан 2022.08.18-ны өдрийн 103 тоот гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Хан-Уул дүүрэг 25 дугаар хороо, Буянт Ухаа хороолол/17120/, Наадамчдын зам ******** тоот орон сууцны өмчлөгчөөр Н.Б*******ыг тогтоож, хариуцагч Т ХХК-иас 307 тоот орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2.-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж зааснаар шүүхээс нэхэмжлэгч Н.Б*******ыг 307 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоосон тул өмчлөгч Н.Б*******ы өмчлөлийн зүйлд хариуцагч Н.Б******* амьдарч байгаа нь өмчлөгч Н.Б******* өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдэлд хамаарах тул эрх зөрчигч Н.Б*******ыг*****тоот орон сууцыг чөлөөлөх шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүхээс Хан-Уул дүүрэг 25 дугаар хороо, Буянт Ухаа хороолол/17120/, Наадамчдын зам ****** тоот орон сууцны өмчлөгчөөр Н.Б*******ыг тогтоосон тул шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д “Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэж заасан тул хариуцагч Н.Б******* өөрт учирсан хохирлоо 103 дугаартай хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд болох Тэнүүн газар констракшн ХХК-иас шаардах эрхтэй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 798,140 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд х янан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан  Т ХХК, Н.Б******* нарын хооронд байгуулсан 2022.08.18-ны өдрийн 103 тоот гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, Хан-Уул дүүрэг 25 дугаар хороо, Буянт Ухаа хороолол/17120/, Наадамчдын зам ********** тоот орон сууцны өмчлөгчөөр Н.Б*******ыг тогтоож, орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгөхийг хариуцагч Т ХХК-нд даалгасугай.

2. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2.-т заасныг баримтлан Хан-Уул дүүрэг 25 дугаар хороо, Буянт Ухаа хороолол/17120/, Наадамчдын зам ************ тоот орон сууцнаас Гал б******* овогт Н******* Б******* /РД:*******/-ыг албадан чөлөөлсүгэй.

  3. Иргэний хуулийн  243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан С******* овогт Н******* Б******* /РД:*******/-нд Хан-Уул дүүрэг 25 дугаар хороо, Буянт Ухаа хороолол/17120/, Наадамчдын зам ********** тоот  орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 798,140 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 798,140 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                      Ц.ОЮУНБИЛЭГ