2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 192/ШШ2025/01999

 

                                                                                                                                          

 

 

 

 

 

 

 

  

    2025             03             17                                              192/ШШ2025/01999

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, *********тоот хаягт оршин суух, Г******* овогт Э******* Ү******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, ****** байранд байрлах, Х ХХК-нд холбогдох

Ажлаас үндэслэлгүйгээр халагдсаныг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах,  Хөдөө аж ахуй сан татан буугдсан тул тэтгэмж гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Э.Ү*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Ж*******,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Ү******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.   

Үүнд: “…Э.Ү******* миний бие Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 26 тоот тушаалаар 2008 оны 10 сарын 15-ны өдрөөс тус сангийн даргын жолоочоор ажиллаж эхэлсэн. Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны захирлын 2020.05.13-ны өдөр намайг хувийн ашиг сонирхлоор харилцагч байгууллагын санхүүгийн тооцоог хуурамчаар гаргуулсан гэж үндэслэлгүйгээр үүрэгт ажлаас чөлөөлсөн бөгөөд энэ асуудлаар 2020 оны 5 сарын 13-ны өдрөөс 2024 оны 6 сарын 12-ны өдрийг хүртэл хууль шүүхийн байгууллагаар шалгуулж сэтгэл санааны болон эд материалын хохирол амслаа. Миний бие тухайн байгууллагад жолоочоор ажиллаж байсан бөгөөд санхүүгийн талаар ямар ч ойлголт, мэдлэггүй. Тухайн үеийн Хөдөө аж ахуйг дэмжих сангийн захирал Э.Б******* гэгч намайг санхүүгийн тооцоо хуурамчаар гаргасан гэж цагдаад өгсөн. Хан-уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 08-ны өдрийн 2024/ЦТ/35 тоот цагаатгах тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 3 сарын 27 өдрийн 2024/ДШМ/370 тоот магадлалаар намайг гэм буруугүй гэж үзэж цагаатгасан. Нийслэлийн прокурорын газраас Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатанд гомдол, эсэргүүцэл бичсэн хэдий ч гомдлыг Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчдийн 2024 оны 06 сарын 12 өдрийн 423 тоот тогтоолоор хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Миний ажиллаж байсан Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг Засгийн газрын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 269 тогтоолоор татан буулгасан бөгөөд тус сангийн өр авлага Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 505 тоот тогтоолоор шинээр үүсгэн байгуулагдсан Хөдөө аж ахуйн корпорацид балансаас балансад шилжүүлсэн байна. Иймд миний бие гэм буруугүй байж ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж байгаа тул ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг хариуцагч Хөдөө аж ахуйн корпорациас гаргуулж эрүүл мэнд, нийгмийн даатгалын нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-д заасны дагуу тэтгэмж гаргуулахаар нэмэгдүүлсэн ...” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...  Х ХХК /хуучин нэрээр *********/-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Б/69 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Э.Ү******* нь Тариалан эрхлэлтийг дэмжих санд 2008 оны 10 дугаар сарын 15-ны өдөр жолоочоор ажилд орсон ба Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны захирлын 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн.  Засгийн газрын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг татан буулгасан. Х ХХК-ийг Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 394 дугаартай тогтоолоор үүсгэн байгуулсан. Дээрх хоёр байгууллагын үндсэн зорилго нь тус тусдаа өөр ойлголт юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/553 дугаартай тушаалаар Хөдөө аж ахуйг дэмжих санг татан буулгасантай холбогдуулан авлага, өр төлбөрийг балансаас балансад шилжүүлэх тухай тушаал гарч Х ХХК-д авлага, өр төлбөр нь санхүүгийн хувьд шилжин ирсэн. Дээрх балансаас балансад шилжүүлэн ирүүлсэн авлага, өр төлбөрт хууль бусаар ажлаас халагдсан иргэдэд нөхөн төлбөр олгох тусгай санхүүгийн бүртгэл ирээгүй болно. Харин Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК нь иргэн Э.Ү*******ын ажилд орох тухай хүсэлтийг хүлээн авч танилцаад гүйцэтгэх захирлын 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Б/16 дугаартай тушаалаар Хэнтий салбарын оператор, харуулаар томилон өнөөдрийг хүртэл ажиллуулж байна. Иймд Э.Ү*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү....” гэжээ.

 

2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШЗ2021/05324 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, иргэний үнэмлэхийн хуулбар, №А000255293 дугаартай Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Б/69 дугаартай Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны захирлын тушаалын хуулбар, 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн №20/37 дугаартай Хөдөлмөрийн гэрээний хуулбар, 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ЦТ/35 дугаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх цагаатгах тогтоол, 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ДШМ/370 дугаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 423 дугаар Монгол Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны тогтоол, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/69 дугаар Х ХХК-ийн гүйцэтгэх захирлын тушаал, 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн А/160 дугаар Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны захирлын тушаал, зэрэг баримтуудыг, 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн А/160 дугаар тушаалын нэг, гуравдугаар хавсралт, Х ХХК-ийн дүрэм, 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Б/16 дугаар Х ТӨХХК-ийн захирлын тушаал, 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/30 дугаар Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаал, Хөдөө аж ахуйг дэмжих сангийн дүрэм,

 

Хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/553 дугаар Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын тушаал, 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 02 дугаар Х ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоол зэрэг нотлох баримтыг тус тус шүүхэд ирүүлэв.

 

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн Х ХХК-нд холбогдох Э.Ү*******ын гаргасан ажлаас үндэслэлгүйгээр халагдсаныг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговорт 43,940,540 төгрөг гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах,  Хөдөө аж ахуй сан татан буугдсан үндэслэлээр тэтгэмж гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

 Нэхэмжлэгч Э.Ү******* “ ... Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 26 тоот тушаалаар 2008 оны 10 сарын 15-ны өдөр тус санд жолоочоор ажилласан ба Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны захирлын 2020.05.13-ны өдөр Б/69 дугаар тушаалаар хувийн ашиг сонирхлоор харилцагч байгууллагын санхүүгийн тооцоог хуурамчаар гаргуулсан зөрчил гаргасан гэж үзэн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн. Тухайн асуудлаар 2020 оны 5 сарын 13-ны өдрөөс 2024 оны 6 сарын 12-ны өдрийг хүртэл хуулийн байгууллагаар шалгуулж,  Хан-Уул дүүргийн  эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 08-ны өдрийн 2024/ЦТ/35 тоот цагаатгах тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 3 сарын 27 өдрийн 2024/ДШМ/370 тоот магадлалаар намайг гэм буруугүй гэж үзэж цагаатгасан. Миний ажиллаж байсан Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг Засгийн газрын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 269 тогтоолоор татан буулгасан бөгөөд намайг Х ХХК-ийн  захирлын 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар Хэнтий салбарын оператор, харуулаар ажилд авч, хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Иймээс ажлаас үндэслэлгүйгээр халагдсаныг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж, мөн Хөдөө аж ахуй сан татан буугдсан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-т заасан үндэслэлээр тэтгэмж гаргуулж өгнө үү...” гэж тайлбарладаг.

 

 Хариуцагч Х ХХК нь “... Х ХХК /хуучин нэрээр **********/-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Б/69 дугаартай тушаалаар Э.Ү*******ыг ажлаас чөлөөлсөн. Засгийн газрын 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг татан буулгаж Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ийг Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 394 дугаартай тогтоолоор үүсгэн байгуулсан. Дээрх хоёр байгууллагын үндсэн зорилго нь тус тусдаа өөр ойлголт бөгөөд аж ахуй нэгж нь татан буугдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргадаг.

 

 Хөдөө аж ахуйг дэмжих сан нь хувийн ашиг сонирхлоор харилцагч байгууллагын санхүүгийн тооцоог хуурамчаар гаргуулсан зөрчил гаргасан үндэслэлээр Э.Ү*******ыг жолоочийн үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний уг үйлдэлд Авлигатай тэмцэх газарт гомдол гарган шалгуулсан байх ба уг эрүүгийн хэргийг шүүх хянаж, нэхэмжлэгч Э.Ү*******ыг гэм буруугүй гэж үзэн цагаатгаж, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон болох нь Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ЦТ/35 дугаар тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ДШМ/370 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн  2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 423 дугаар тогтоолоор тус тус тогтоогдож байна. /х.х-ийн 28,59 хуудас/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-т энэ хуулийн 154.8-д заасны дагуу гаргасан гомдлыг шүүх шууд хянан шийдвэрлэхээр тусгасан бөгөөд мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д “Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч нь Улсын дээд шүүхийн  2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 423 дугаар тогтоолыг хүлээн авч, тус шүүхэд 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргасан нь шаардах эрхийн хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй байна.

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн гүйцэтгэх захирлын 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Б/69 дугаар тушаалаар Э.Ү*******ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.8.13, Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.1.8-д заасныг тус тус баримтлан хувийн ашиг сонирхлоор харилцагч байгууллагын санхүүгийн тооцоог хуурамчаар гаргуулсан зөрчил гаргасан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгож, үүрэгт ажлаас нь 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөр чөлөөлжээ.

 

Ажилтантай хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгосон тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгосон тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтны гаргасан зөрчил буюу хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгосон үндэслэлтэй тохирч байхыг шаарддаг.

 

Нэхэмжлэгч Э.Ү*******ын хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгосон хувийн ашиг сонирхлоор харилцагч байгууллагын санхүүгийн тооцоог хуурамчаар гаргуулсан гэх үйл баримтыг Авлигатай тэмцэх газар шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлж, эрүүгийн хэргийг хянан, Э.Ү*******т холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тус тус заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгон цагаатгасан байх тул Э.Ү*******тай байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон Б/69 дугаар тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасантай нийцээгүй байна. /х.х-ий. 44 хуудасны ар тал/

 

Иймээс Э.Ү*******ыг жолоочийн ажлаас үндэслэлгүйгээр халагдсаныг тогтоолгох шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба төрийн бус байгууллага нь газар тариалан, мал аж ахуй эрхлэх, үйл ажиллагааг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болох улсын бүртгэлийн гэрчилгээ, сангийн дүрмээр тус тус тогтоогдож байна. /х.х-ийн 122-131 хуудас/

 

Монгол Улсын Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А/553 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын 2023 оны Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг татан буулгах тухай 269 дүгээр тогтоолыг үндэслэн Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ... төгрөгийн харилцахын үлдэгдлийг тус тус Х ХХК-нд балансаас балансад шилжүүлж, Х ХХК нь газар тариалан, мал аж ахуй эрхлэх, үйл ажиллагааг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар улсын бүртгэлийн гэрчилгээ олгогджээ. Түүнчлэн Х ХХК нь 100 хувь төрийн өмчит бөгөөд 1 хувьцаа эзэмшигчтэй болох нь компанийн дүрмээр тус тус тогтоогдож байна. /х.х-ийн 71,72,111/

 

Дээрхээс үзвэл Хөдөө аж ахуйг дэмжих сан төрийн байгууллагыг Иргэний хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар өдөр тутмын ажил хэргийг зогсоож, татан буулгасан болох нь тогтоогдохгүй байх бөгөөд сангийн өдөр тутмын ажил хэргийг  Х ХХК-ийг шинээр байгуулан, тус компанид өр төлбөр, авлага, хөрөнгийг, мөн үйл ажиллагааны чиглэлийг бүхэлд шилжүүлж, хуулийн этгээдийн хэлбэр өөрчлөгдсөнийг Хөдөө аж ахуйг дэмжих сан төрийн байгууллага татан буугдсан гэж үзэхээргүй байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3.-т Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан тохиолдолд ажлын байр нь хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлагдсанд тооцож, энэ хуулийн 82 дугаар зүйлд заасан тэтгэмж олгоно гэж заасныг үндэслэн тэтгэмж шаардсан нэхэмжлэгчийн уг шаардлага үндэслэлгүй байх тул уг шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

 Иймээс нэхэмжлэгч шаардах эрхээ хэрэгжүүлэх хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй, үндэслэлгүйгээр нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон байх тул ажилгүй байсан хугацааны олговрыг хариуцагчаас гаргуулж, олгох нь зүйтэй.

 

Хэрэгт авагдсан баримтаар Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ийн захирлын  2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар нэхэмжлэгч Э.Ү*******ыг Хэнтий салбарын оператор, харуулаар 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс ажилд авч, хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна. /х.х-ийн 117-121 хуудас/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасан.

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.7-д “Дундаж цалин хөлсийг тодорхойлох үндсэн баримт нь ажилтны цалин хөлсний цэс, нягтлан бодох бүртгэлийн болон бусад данс, тооцоо байна” гэж, 2.3-т “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно” 2.6-д “ажилтны ажилласан хугацаа нь энэ журмын 2.2-2.5-д заасан дундаж цалин хөлс тодорхойлох хугацаанд хүрэхгүй тохиолдолд тухайн ажилтны ажилласан хугацааны цалин хөлсний нийлбэрийг нийт ажилласан өдөр эсхүл нийт ажилласан цагт хувааж нэг ажлын өдрийн эсхүл нэг ажлын цагийн дундаж цалин хөлсийг тодорхойлно.” гэж тус тус зааснаар тооцвол нэг сарын дундаж цалин 1,156,330 төгрөг /1,117,000+1,176,659+1,175,330=3,468,989 төгрөг, 3,468,989:3 сар =1,156,330 төгрөг, 1,156,330:21,5хоног=53,783 төгрөг/ байх тул нэхэмжлэгчийг ажилгүй байсан хугацааны нийт 785 хоног / 2020 оны 5 сарын 14-ны өдрөөс 2023.08.25-ны өдрийг хүртэлх хугацаагаар олговрыг тооцлоо/ хоногийн олговорт 42,219,655 /785 хоног * 53,783 төгрөг/ төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 1,720,885 төгрөгийн олговрыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Түүнчлэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж заасан тул нэхэмжлэгч Э.Ү*******ын 2020 оны 6 дугаар сараас 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллагаар бүрэн төлүүлнэ. 

 

 Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 8 дугаар зүйлийн 8.2.1-т зааснаар эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч хоёул тэнцүү хувь хэмжээгээр сар бүр төлөхөөр заасан тул нэхэмжлэгчийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох нөхөн бичилт ажил олгогч хийнэ. 

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж заасан. Иймээс нэхэмжлэгч Э.Ү*******ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.

 

 

 

Иймд дээрхийг нэгтгэн дүгнэвэл Э.Ү*******ыг ажлаас үндэслэлгүйгээр халагдсаныг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 42,219,655 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч Э.Ү*******ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, тэтгэмж гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1-т заасныг тус тус баримтлан тэтгэмж гаргуулах, 1,720,885 төгрөгийн олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Э.Ү*******ыг ажлаас үндэслэлгүйгээр халагдсаныг тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 42,219,655 төгрөгийг Х ХХК-иас гаргуулж Э.Ү*******т олгосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 8 дугаар зүйлийн 8.2.1-т зааснаар нэхэмжлэгч Э.Ү*******ын ажилгүй байсан 2020 оны 6 дугаар сараас 2023 оны 8 дугаар сарын 25-ын өдрийг хүртэлх хугацаанд төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллагаар бүрэн төлүүлж, харин эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, даатгуулагч нараас тэнцүү хэмжээгээр нөхөн төлүүлж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Х ХХК-д даалгасугай. 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Э.Ү*******ыг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Х ХХК-иас 377,653 төгрөг гаргуулж  улсын төсөвт оруулсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

ШҮҮГЧ                                      Ц.ОЮУНБИЛЭГ