| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2024/03806/И |
| Дугаар | 192/ШШ2025/01836 |
| Огноо | 2025-03-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 192/ШШ2025/01836
| 2025 03 11 | 192/ШШ2025/01836 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, **** тоотод оршин суух, М******* овогт Б******* Х******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил 17011, Чингисийн өргөн чөлөө, ********* тоот хаягт байрлах, А******* а******* ХХК /РД:*******/-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 40,674,460 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******,
Хариуцагчийн өмгөөлөгч С.С,
Гэрч: П.Х,
Гэрч: Ж.Г,
Гэрч: Ц.Т,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Х******* нь худалдах худалдан авах гэрээний үүрэгт 40,674,460 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А******* а******* ХХК-д холбогду гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Б.Х******* нь А******* а******* ХХК-д 2022 оноос, 2023 оны хооронд БНСУ-д үйлдвэрлэсэн “Me Ways” брэндийн 59,964,895 төгрөгийн үнэ бүхий 60 хайрцаг гоо сайхны барааг худалдсан. Энэ хугацаанд хариуцагч нь нэхэмжлэгчээс худалдаж авсан бараанд үнэ нэмж ширхэглэн худалдаж худалдсан даруй төлбөрийг нэхэмжлэгчид төлдөг байсан. Дараа нь хариуцагч нь дээрх худалдан авсан барааны төлбөрөөс 19,290,435 төгрөгийг нэхэмжлэгчид бус түүнтэй хамтран ажилладаг байсан этгээд болох Ц.М олгосон болохыг олж мэдэж Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар 00655 дугаар шийдвэр, мөн магадлалаар хариуцагч нь нэхэмжлэгчээс худалдан авсан барааны төлбөрөөс 19,290,435 төгрөгийг нэхэмжлэгчид бус Ц.М олгосон буюу түүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болохыг тогтоож тухайн мөнгийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн болно. Харин нэхэмжлэгч нь хариуцагчид худалдсан барааны 59,964,895 төгрөгөөс, 19,290,435 төгрөгийг авч, үлдэх 40,674,460 төгрөгийг хариуцагч нь өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний дагуу 40,674,460 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Б.Х******* нь А******* а******* ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ огт байгуулаагүй. А******* а******* ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр М Кореа ХХК -тай худалдах, худалдан авах гэрээ байгуулсан тул гэрээ байгуулсан нөгөө талдаа гэрээний үүргээ биелүүлнэ. Нэхэмжлэгч Б.Х******* нь М Кореа ХХК-ийн нягтлан бодогч гэж манай байгууллагатай харилцаж байсан болохоос иргэн Б.Х*******тай манай компани ямар нэгэн гэрээний харилцаанд орж байгаагүй. Түүнтэй аман гэрээ мөн байгуулаагүй болно. Бараа материалд үнэ нэмж зардаг байсан гэдэг талуудын хооронд магадгүй Эм кореа болон А******* а******* компанийн хооронд байгуулсан гэрээгээ бүрэн уншаагүй байна. Өөрөөр хэлбэл энэ гэрээний дагуу Эм кореа компани тодорхой үнийн санал тавиад, тодорхой барааг хэдэн төгрөгөөр зарна гээд хариуцагч байгууллага салбар дэлгүүрүүдээрээ худалдан борлуулж гэрээнд заасан хувь буюу шимтгэлийг суутган авдаг байсан. Ямар үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлоод байгаа нь ойлгомжгүй байна. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд 19,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэдэг байдлаар М, Х******* нарын хоорондох асуудлыг шийдсэн гэж шаардаж байгаа бол үндэслэлгүй. Хэргийн оролцогч биш байсан манай компани энэ шийдвэрийг яагаад зөвшөөрөх ёстой юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй этгээдийн хувьд хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон гэх үйл баримтын талаар өөр хэрэгт маргах эрх нь нээлттэй. Шүүх тухайн хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хэлэлцэж шийдвэр гаргана тийм учраас Эм кореа ХХК-тай байгуулсан гэрээг үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэл гаргаад байгаа нь үндэслэлгүй тул Х*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, иргэний үнэмлэхийн хуулбар, 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2024/00655 дугаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 210/МА2024/00729 дүгээр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, шилжүүлгийн хуулга,
Хариуцагч А******* а******* ХХК-иас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хариу тайлбар, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Түрээсийн гэрээ, Аж ахуй нэгж, байгууллагын тодорхойлолт, ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, 2024 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Бараа материалын үлдэгдлийн тайлан, төлбөрийн даалгавар, 8081 дугаартай Бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, Өглөгийн дэлгэрэнгүй бүртгэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг бичгийн баримтуудыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч А******* а******* ХХК-д холбогду худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 40,674,460 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Б.Х******* шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Х******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2022.12.01-ний өдрийн 22/23/8081 дугаар гэрээний дагуу барааг нэхэмжлэгч хариуцагчид гэрээний тусгай нөхцөлийн 3.4-д заасны дагуу хүлээлгэн өгсөн. Мөн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 00655 дугаар шийдвэрээр хариуцагч нь нэхэмжлэгчээс худалдан авсан барааны төлбөрийг нэхэмжлэгч бус Ц.М олгосон, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн болохыг тогтоож гэрээний төлбөрийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн тул хариуцагчаас 40,674,460 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэж тайлбарладаг.
Хариуцагч А******* а******* ХХК шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... 2022.12.01-ний өдрийн 22/23/8081 дугаар гэрээг нэхэмжлэгчтэй байгуулаагүй. 22/23/8081 дугаар гэрээг М Кореа ХХК-тай байгуулсан. Тус гэрээний төлбөр төлөх үүргийг М Кореа ХХК-нд биелүүлэхэд татгалзах зүйлгүй. Нэхэмжлэгч гэрээний тусгай нөхцөлийн 3.4-д заасны дагуу барааг хариуцагчид хүлээлгэн өгсөн үндэслэлээр шаардаж байгааг зөвшөөрөхгүй. Учир нь 22/23/8081 дугаар гэрээний дагуу М Кореа ХХК-ийн ажилтан Б.Х******* бараа нийлүүлэх талаар зохицуулсан тохиролцоо болохоос уг гэрээг Б.Х*******тай байгуулсан гэх хүсэл зоригийн илэрхийлэл биш юм. Нэхэмжлэгч нь иргэнийхээ хувьд хариуцагч А******* а******* ХХК-тай гэрээ байгуулах хүсэл зоригоо илэрхийлээгүй, түүнтэй ямар нэгэн гэрээний харилцаанд хариуцагч нь оролцоогүй. Шүүхийн шийдвэр нь манай компанитай холбоотой маргааныг шийдвэрлээгүй, хоёр иргэний хоорондох маргааныг шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийг үндэслэн шаардаж байна гэх шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргадаг.
Хэрэгт авагдсан баримтаар А******* а******* ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр М Кореа ХХК-тай “Бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх” гэх нэртэй 22/23-8081 дугаартай гэрээний 1.1-д Нийлүүлэгч буюу М Кореа ХХК нь Көүз косметикс гоо сайхны сүлжээ дэлгүүрт тусгай нөхцөлд заасан зориулалтын бараа бүтээгдэхүүнийг борлуулагч буюу А******* а******* ХХК-нд нийлүүлэх, хамтран ажиллах, борлуулалтын орлогыг хуваарилан авах харилцааг зохицуулахаар, гэрээний тусгай нөхцөлийн 3.4-т “... нийлүүлэгч аж ахуй нэгжийн нягтлан бодогч Б.Х*******...” 6.1-т “...нийлүүлэгчийг төлөөлөн харилцах ажилтан нягтлан Б.Х*******...” 6.2-т “...Борлуулагчийг төлөөлөн харилцах ажилтан нягтлан Д.Мөнхжаргал...”, 4.1-т “...нийт борлуулалтын 25 хувиар тооцон төлбөр тооцоог тооцохоор...”, 4.2-т “...сард 1 удаа, Сар бүрийн 15-20-ны өдөр төлбөр төлөхөөр ...” харилцан тохиролцож байгуулсан гэрээнээс дүгнэвэл худалдах, худалдан авах гэрээг А******* а******* ХХК М Кореа ХХК нарын хооронд байгуулагдсан байх бөгөөд гэрээний тусгай нөхцөлийн 3.4, 6.1-т заасныг үндэслэн нэхэмжлэгч Б.Х******* хариуцагч А******* а******* ХХК-тай худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэлгүй байна. /х.х-ийн 54-57 хуудас/
Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-т “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж зааснаар нэхэмжлэгч Б.Х******* худалдах,худалдан авах гэрээ байгуулах хүсэл зоригоо иргэний хувьд хариуцагч А******* а******* ХХК-нд илэрхийлж, иргэн Б.Х*******ын уг илэрхийлсэн хүсэл зоригийг А******* а******* ХХК хүлээн авснаар талуудын хооронд хүчин төгөлдөр худалдах, худалдах авах хэлцэл хийгдэнэ. Гэтэл нэхэмжлэгч Б.Х******* худалдах, худалдан авах хэлцэл байгуулах хүсэл зоригоо А******* а******* ХХК-нд илэрхийлээгүй атал, 22/23-8081 дугаар гэрээний тусгай нөхцөлөөр зохицуулсан заалтыг үндэслэн бараа нийлүүлж, худалдах худалдан авах гэрээг амаар байгуулсан гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх ба амаар хэлцэл байгуулагдсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д Талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж гарын үсэг зурсан бол бичгээр хэлцэл хийсэн гэж үзэх бөгөөд А******* а******* ХХК 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр М Кореа ХХК-тай “Бараа, бүтээгдэхүүн нийлүүлэх” 22/23-8081 дугаар гэрээ хийсэн нь мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан гэрээний шинжид нийцсэн худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийгдсэн байна.
Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасантай нийцжээ.
Түүнчлэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2024/00655 дугаар шийдвэрээр Ц.Мийн нэхэмжлэлтэй Б.Х*******д холбогдох иргэний маргааныг шийдвэрлэсэн байх бөгөөд Б. Х******* А******* а******* ХХК нарын хооронд үүссэн эрх зүйн харилцааны талаар шүүх дүгнэн, маргааныг шийдвэрлэсэн гэх агуулгаар шаардсан нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй байна. Учир нь уг шийдвэр нь нэхэмжлэгч Ц.М хариуцагч Б.Х******* нарын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд шүүх эрх зүйн дүгнэлт хийсэн нь тухайн маргааныг шийдвэрлэхэд тогтоогдсон үйл баримт гэж шүүх шууд үзэх боломжгүй байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлоогүй, хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байх тул хариуцагчаас шаардсан 40,674,460 төгрөгийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 361,323 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар 40,674,460 төгрөг гаргуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 361,323 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцу сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ
ы