| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2024/06741/и |
| Дугаар | 192/ШШ2025/01796 |
| Огноо | 2025-03-10 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 192/ШШ2025/01796
2025 03 10 192/ШШ2025/01796
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Увс аймаг, Өндөрхангай сум, 4 дүгээр баг, ******* оршин суух, Ш******* овогт Б******* Н******* /РД:*******/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, ***********, Ц*****ТӨХК-ийн ТУЗ-д холбогдох
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Д.Н*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б*******,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н*******,
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Ж*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Н******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: “Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 10 дугаар сарын 13-ний өдрийн 183/ШШ2023/03201 дугаартай шийдвэрээр Б.Н******* миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн шийдвэрт 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг гаргуулахаар заасан ба шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэх хүртэлх хугацаа болон 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн ажилд буцаан авах хүртэлх хугацааны цалин бодогдоогүй ба дээрх ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилж байгаа болно. Миний бие нь Ц**** ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 27 дугаар тогтоолоор гүйцэтгэх захирлаар томилогдож, компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргатай жил бүр контрактыг дүгнэж гэрээгээ сунгаж ажиллаж байсан ба 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 26 дугаартай тогтоолоор ажлаас чөлөөлөгдсөн болно. Хууль бусаар ажлаас чөлөөлсөн тогтоолыг хүчингүй болгож гүйцэтгэх захирлын ажилд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022.11.22-ны өдөр гаргаж Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2023/03201 дугаартай шийдвэрээр Б.Н******* миний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба энэхүү шийдвэрийг Улсын дээд шүүх 2024 оны 4 дүгээр сарын 23-ний өдрийн 001/ХТ2024/00078 дугаар тогтоолоор хэвээр үлдээж хуулийн хүчин төгөлдөр болсон болно. Дээрх шүүхийн шийдвэрийг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл сайн дураар биелүүлээгүй тул Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр 2024.06.26-ны өдрийн 183/Ш32024/14622 дугаартай шүүгчийн захирамж, 183/ГХ2024/01260 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудас гаргаж шийдвэр гүйцэтгэх газар хүргүүлсэн болно. Энэхүү шүүгчийн захирамж, гүйцэтгэх хуудсыг үндэслэж Нийслэлийн шүүхийн шийдвэр биелүүлэх газраас улмаар 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл хугацаанд тус газрын дэд дарга Б.Батмөнх, шийдвэр гүйцэтгэгч Б.М******* нар удаа дараа Б.Н*******г ажилд нь авах тухай мэдэгдлийг Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХКомпанид болон Төлөөлөн удирдах зөвлөл, Эрчим хүчний яам, түүний сайдад гаргаж, 2024.09.12-ны өдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхээр Ц**********ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж Б.Н*******г Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын албан үүргийг сэргээж томилсон Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024.09.12-ны өдрийн 21 дугаартай тогтоол гаргасан болно. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024.09.12-ны өдрийн 21 дугаартай тогтоолын хэрэгжилтэд хяналт тавихыг Б.Н*******ад даалгаж улмаар нэр дэвшүүлэх хорооны гишүүн Б.Н******* ажил хүлээлцэх акт үйлдэх нэрийдлээр түр завсарлага авах хугацаанд /30 минутад/ дахин “Ц*******ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж 2024.09.12-ны өдрийн 22 дугаартай Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор “Ц******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Н*******тай “Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ” байгуулсан гэрээний хугацаа 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр дуусгавар болсон байх тул түүнийг 2024.09.12-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэж тогтоол гаргаж ажлаас нь чөлөөлсөн болно. Ц**********ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл ажилд эргүүлэн томилсон дүр эсгэж зохион байгуулалттайгаар шүүхээс гаргасан шийдвэр болон тогтоолыг биелүүлэхгүй хууль бусаар ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй бөгөөд Эрчим хүчний яам, Ц*********** Төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь шүүхийн шийдвэрийг эс биелүүлж иргэн намайг олон жилийн хугацаагаар хохироож байна. Шүүхийн шийдвэр биелүүлэх газраас шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй хууль бус үйлдэлд нь Ц*************** Төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон холбогдох албан тушаалтан нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон үндэслэлээр Авлигатай тэмцэх газарт гомдол гаргаж шалгуулж байгаа тухай нэхэмжлэгч надад мэдэгдсэн болно. Иймд 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх ажилгүй байсан цалинг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах, Ц************** ТӨХК-ийн ТУЗ-ийн 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 22 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Ц******** Төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагч Ц********** Төрийн өмчит хувьцаат компанийн Төлөөлөн удирдах зөвлөл гаргуулж нэхэмжлэгчид олгуулж нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“... Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2023/03201 дугаар шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 12.2-т Нэхэмжлэгч, хариуцагч Ц******* ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 01 дугаартай Ц************ төрийн өмчит компанийн гүйцэтгэх захиралтай байгуулсан Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 1.2-д Энэхүү гэрээ нь 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийг дуустал 1 жилийн хугацаанд хүчинтэй байна гэж заасан байх тул ажилгүй байсан хугацааны цалинг гэрээний хугацаа дуусах хүртэл буюу 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл 5 сар 18 хоногийн хугацаагаар тооцох нь зүйтэй гэж үзэв гэж дурдсан байна. Гэрээний хугацаа дуусах өдөр хүртэл хугацаагаар нөхөн төлбөрийг бодсон. Дээрх шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийн 2-т: Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар 127.1-д зааснаар хариуцагч Ц********* ТӨХК-иас нэхэмжлэгч Б.Н*******гийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 78,010,684 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулах шийдвэр гарсан бөгөөд олговрыг 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэгчийн дансанд шилжүүлсэн болно. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9 дэх заалтад хөдөлмөрийн гэрээ гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоны дагуу хийсэн тохиролцоог гэж, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн гэрээнд дараах гол нөхцөлийг тусгана гэж, 49.1.3 дахь заалтад цалин хөлсний хэмжээ гэж тус тус хуульчилсан. Иймд Б.Н*******тай байгуулсан Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний хугацаа 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр дуусгавар болсон тул 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх ажилгүй байсан цалинг гаргуулах, нэхэмжлэлийн шаардлага бол хуульд үндэслэлгүй байна. Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийг 2024 оны 9 сарын 12-ны өдрийн 22 хоёр дугаартай ажлаас чөлөөлөх тухай тогтоолоор дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийн тухайд Засгийн газрын 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 84 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан. Төрийн өмчит болон төрийн өмчийн орон тоотой хуулийн этгээдийн төрийн өмчийн төлөөлөн хэрэгжүүлэх журмын 26-д Эрчим хүчний салбарын төрийн өмчит компанийн нийт хувьцааны 66 хувийг эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, 34 хувийг болохоор төрийг төлөөлөн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага буюу төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар хариуцсан Компанийн тухай хуулийн 76.1.8 дахь заалтад компанийн гүйцэтгэх удирдлага сонгох өөрчлөх бүрэн эрхийг тогтоохыг төлөөлөн удирдах зөвлөл, Ц***************** төрийн өмчит хувьцаат компанийн дүрмийн 9.3.9 дэх хэсгээс мөн адил компанийн гүйцэтгэх удирдлага эрчим хүчний яамны удирдамжийн дагуу томилох чөлөөлөх бүрэн эрхийг тогтоосон заалттай. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн өмнө дурдсан 186 дугаар шийдвэрийн дагуу Н*******г ажилд нь эгүүлэн тогтоож хөдөлмөр эрхлэлтийн хөтөлбөрийн тухай хуульд зааснаар өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг бүхэлд нь сэргээн хэлэлцэж түүн дээр байгуулсан онцгой нөхцөл бүхий гэрээний хугацаа дуусгавар болсон тул холбогдох хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргах тухай удирдамжийг дээрх хууль, засгийн газрын тогтоол, журмын дагуу эрчим хүчний сайдаас 2024 оны 9 сарын 12-ны өдрийн итгэмжлэл тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлд ирүүлсэн, үүний дагуу төлөөлөн удирдах зөвлөл хуралдан шүүхийн шийдвэр биелүүлэхээр 21 дүгээр тогтоол гарсан. Б.Н*******тай байгуулсан онцгой нөхцөл бүхий үйл явдлын гэрээг нэг талаас Ц************** төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөл нөгөө талаас тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Н******* компанийн тухай хуулийн 76.1.8, 76.1.9 дэх хэсэгт, Хөдөлмөрийн тухай хуулийн 65.1, 65.2 дахь заалтад заасан нөхцөлөөр харилцан тохиролцож байгуулсан байдаг. Тухайн гэрээний хуудас бүр дээр гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэрээний 1.2-т энэхүү гэрээ 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 2023 оны 4 сарын 26-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаанд хүчинтэй байна гэж тодорхой заасан. Шүүхийн шийдвэрийн 183 дугаартай шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг тодорхой дурдсан Хөдөлмөрийн тухай хуулийн 158.2.2 дахь хэсэгт зааснаар Б.Н*******г компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоосугай гэсэн шийдвэр гарсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2 дахь заалтад "хүнийг урьд нь эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоох тухай хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо, эсхүл шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон" гэж, 61.2 дахь хэсэгт энэ хуулийн 61.1.2. 61.1.3-т заасан үндэслэлээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол ажилтантай өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдэнэ гэж хуульчилсан. 9 дүгээр сарын 12-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор Хөдөлмөрийн хуулийн 61 дүгээр зүйлд заасны дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2023/03201 дугаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх тухай тогтоол гаргаснаар Б.Н*******тай өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргэсэн. Ц************** ТӨХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Компанийн гүйцэтгэх захиралтай байгуулсан Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай 22 дугаар тогтоолын тухайд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн дүрмийн 9.3.9-д компанийн гүйцэтгэх удирдлагыг Эрчим хүчний яамны удирдамжийн дагуу томилох, чөлөөлөх, бүрэн эрхийг тогтоох гэж Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8 дахь заалтад 76.1.8 дахь заалтад компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох гэж, мөн хуулийн 83.15 дахь хэсэгт "Гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг зогсоох шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл хэдийд ч гаргах эрхтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дараах үндэслэлээр дуусгавар болно гэж, 78.1.3. хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт Талууд хөдөлмөрийн гэрээнд дараах нөхцөлийг нэмж тусгаж болно гэж, 49.2.3 дахь заалтад Хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох үндэслэл" гэж тус тус заасан байх бөгөөд Б.Н*******тай байгуулсан 2022 онд байгуулсан Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 5.1-т Гэрээ нь дор дурдсан үндэслэлээр дуусгавар болно гэж, 5.1.2-т гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон гэж заасан бөгөөд холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ дуусгавар болсон цаашид сунгагдахгүй болсон тухай тайлбарлаж, Ц************ТӨХК-ийн гүйцэтгэх, Түүнчлэн Б.Н******* нь Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд биечлэн оролцсон захирлын ажлын байрыг нээлттэй сонгон шалгаруулах тул сонгон шалгаруулалтад оролцох боломжтой болохыг хэлсэн болно. Иймд Ц************** ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Компанийн гүйцэтгэх захиралтай байгуулсан Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай 22 дугаар тогтоолыг Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд 100 хувийн саналаар дэмжиж, холбогдох тогтоомжийн хүрээнд гарсан шийдвэр байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 22 дугаартай Ц*************** төрийн өмчит хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 21 дугаартай Ц*********** төрийн өмчит хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн а/2819 дугаартай Ц*************э төрийн өмчит хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлд өгсөн удирдамж, 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 183/ГХ2024/01260 дугаартай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн гүйцэтгэх хуудас, 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 183/ШЗ2024/14622 дугаартай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2023/03201 дугаартай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 001/ХТ2024/00078 дугаартай Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №24/64 дугаартай Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны шийдвэр, 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2024/01 дугаартай Ц*********** ТӨХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл зэрэг баримтуудыг,
Хариуцагчаас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хариу тайлбар, 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 01 дугаартай Ц********** ТӨХК-ийн гүйцэтгэх захиралтай байгуулах онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ, 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай дагалдах гэрээ, Ц********** ТӨХК-ийн дүрэм, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дугаартай Ц**************** ТӨХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 10 дугаартай Ц*********** ТӨХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 08 дугаартай Ц********** ТӨХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, Ц************* ТӨХК-ийн компанийн дүрэмд оруулах нэмэлт өөрчлөлт, 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 07 дугаартай Ц************ ТӨХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 22 дугаартай Ц**********ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Ц*********** ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлд өгсөн удирдамж, Ц********** ТӨХК-ийн гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулсан материал, Монголын мэдээ сонин зэрэг нотлох баримтыг тус тус шүүхэд ирүүлэв.
Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Н******* нь хариуцагч Ц************** ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдуулан 2023 оны 4 дүгээр сарын 26-ний өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 12-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах, 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 22 тоот тогтоолыг хүчингүй болгуулах, гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Хариуцагч Ц************* ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2, 61.1.3-т заасан үндэслэлээр урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол ажилтантай өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа бүхэлдээ сэргээгдэнэ гэж хуульчилсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасны дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2023/03201 дугаар шүүхийн шийдвэрийг биелүүлж Б.Н*******тай өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Ц************** ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 9 дүгээр сарын 12-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор бүхэлд нь сэргээж, ажилд нь томилсон. Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8-д компанийн гүйцэтгэх удирдлагыг сонгох, өөрчлөх, түүний бүрэн эрхийг тогтоох, мөн хуулийн 83.15 дахь хэсэгт "Гүйцэтгэх удирдлагын бүрэн эрхийг зогсоох шийдвэрийг төлөөлөн удирдах зөвлөл хэдийд ч гаргах эрхтэй гэж тус тус заасан. Ц************** ТӨХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Компанийн гүйцэтгэх захиралтай байгуулсан Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3.-т “заасан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан...”, хөдөлмөрийн гэрээний 5.1.2-т заасан гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр Б.Н*******тай 2022 онд байгуулсан Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг Ц************* ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 22 дугаар тогтоолоор хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгосон. Түүнчлэн захирлын ажлын байрыг нээлттэй сонгон шалгаруулах тул сонгон шалгаруулалтад оролцох боломжтой байсан боловч оролцоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.Н*******г Ц**************** ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн №27 дугаартай “Ажилд томилох, хөлсөөр ажиллах гэрээ байгуулах тухай” Ц************ компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн №01 дугаартай Ц********* ТӨХК-ийн гүйцэтгэх захиралтай байгуулах онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ, 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн №17 дугаартай “Гүйцэтгэх захирал Б.Н*******тай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг байгуулах тухай” Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор ажиллаж байгаад Ц********** ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн №26 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тогтоолоор хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь хуульд нийцээгүй гэж шүүх дүгнэн, нэхэмжлэгч Б.Н*******г Ц************** ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоосон болох нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2023/03201 дугаар шүүхийн шийдвэр, Улсын Дээд шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 001/ХТ2024/00078 дугаар тогтоолоор тус тус тогтоогдож байх ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /х.х-ийн 11-40 тал/
Ажил олгогч нь дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн Б.Н*******г Ц************** ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг сэргээхээр 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Ц*************ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 21 дүгээр тогтоолыг гаргасан байна. /х.х-ийн 6 тал/
Гэвч Ц************* ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 22 дугаартай “Компанийн гүйцэтгэх захиралтай байгуулсан Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тогтоолоор Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, 83 дугаар зүйлийн 83.15, Хөдөлмөрийн тухайн хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь заалт, Ц**************** ТӨХК-ийн дүрмийн 9.3.9, компанийн гүйцэтгэх захиралтай байгуулсан Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 5.1.2, Эрчим хүчний сайдын 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн а/2819 дүгээр удирдамжийг тус тус үндэслэн Ц***************** ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Н*******тай байгуулсан Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон үндэслэлээр 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь Б.Н*******г чөлөөлж, түүнтэй байгуулсан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгожээ. /х.х-ийн 5 тал/
Нэхэмжлэгч нь ажлаас чөлөөлөх тухай 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 22 дугаартай тогтоолыг хүлээн авч, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-д “хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй” гэж зааснаар маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хандсан болох нь 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Ц******* ТӨХК-ийн 2024/01 дугаартай хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл, 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байх бөгөөд талууд харилцан тохиролцоогүй тул мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан тухай гомдлоо шүүхэд гаргасан нь нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.
Нэхэмжлэгч нь онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг үндэслэлгүй цуцалж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон ажил олгогчийн шийдвэрийг хуульд нийцээгүй гэж шүүх дүгнэн, гүйцэтгэх захирлын ажилд Б.Н*******г томилсон шүүхийн шийдвэрийг ажил олгогч биелүүлээгүй, хариуцагч буюу ажил олгогч нь Б.Н*******г Ц********* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоож, өмнө үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Ц*************** ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 21 дүгээр тогтоолоор сэргээж, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Гүйцэтгэх захирал Б.Н*******тай байгуулсан Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул түүнийг 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь Ц************** ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 22 дугаар тогтоолоор ажлаас нь чөлөөлсөн, сонгон шалгаруулалтад оролцоогүй гэж мэтгэлцдэг.
Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.3.-д “хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон”, хөдөлмөрийн гэрээний 5.1.2-т “гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон” гэх үндэслэлээр ажил олгогч хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон нь хуульд нийцээгүй байна. / х.х-ийн 65,72 /
Учир нь талуудын хооронд байгуулсан 2022 оны 4 дүгээр сарын 26-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний 1.1-т “ Энэхүү гэрээ нь 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийг дуустал 1 жилийн хугацаанд хүчинтэй байна” гэж харилцан тохиролцжээ.
Ажил олгогч Ц**************ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь 2022 оны 4 дүгээр сарын 26-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний хугацаанд гүйцэтгэх захирлын ажлыг гүйцэтгэж байсан нэхэмжлэгч Б.Н*******г 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 26 дугаар тогтоолоор ажлаас нь чөлөөлсөн бөгөөд тус 26 дугаар тогтоол хуульд нийцээгүй гэж шүүх дүгнэн, Б.Н*******г гүйцэтгэх захирлын ажилд нь эгүүлэн тогтоосон.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ”, 11.2.-т “Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж тус тус заасан бөгөөд Ц************* ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 183/ГХ2024/01260 дугаар гүйцэтгэх хуудасны дагуу шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэсэн байх бөгөөд шүүхийн 183/ШШ2023/03201 дугаар шийдвэрийг Ажил олгогч нь 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор ажилтны хөдөлмөрийн харилцааг сэргээсэн тогтоол гаргасан нь хэлбэрийн шаардлагын хувьд хангаснаас, бодитоор шүүхийн шийдвэрийг биелүүлж, ажилтныг ажлаа гүйцэтгэх, хөдөлмөрлөх эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг түүнд олгоогүй байна.
Ажил олгогч Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгосон үйлдэл, хуульд нийцээгүй гэж шүүх дүгнэж шийдсэн бол ажил олгогч ажилтан Б.Н*******тай байгуулсан уг хөдөлмөрийн гэрээний хугацаагаар түүнийг эрхэлж байсан гүйцэтгэх захирлын ажилд нь эгүүлэн томилж, хөдөлмөрийн гэрээг түүнтэй байгуулан, түүний хөдөлмөрлөх эрхийг хангаж, шүүхийн шийдвэрийг биелүүлнэ. Өөрөөр хэлбэл 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн хөдөлмөрийн гэрээний хугацаа Ц************* ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуульд нийцээгүй шийдвэрийн улмаас дуусгавар болсноос хөдөлмөрийн харилцаа хэвийн үргэлжилж, хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон хугацаа дуусгавар болоогүй байхад, хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Ц************ ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 22 дугаар тогтоолыг зөвтгөх үндэслэлгүй байна.
Иймээс Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 22 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Н*******г Ц************* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д “хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заажээ.
Шүүхээс Б.Н*******г гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг цуцалсан Ц********* ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 26 дугаартай тогтоолыг хянаж, шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрээр “... Ц************** ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлтэй байгуулсан 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн №01 дугаартай Ц******** Төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захиралтай байгуулах онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний 1.2-д “энэхүү гэрээ нь 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийг дуустал 1 жилийн хугацаанд хүчинтэй байна” гэж заасан байх тул ажилгүй байсан хугацааны цалинг гэрээний хугацаа дуусах хүртэлх буюу 2023 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл 5 сар 18 хоногийн хугацаагаар тооцох нь зүйтэй...” гэж дүгнэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр Улсын Дээд шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 001/ХТ2024/00078 дугаар тогтоолоор хүчин төгөлдөр болжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан байх тул нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны олговор шаардах эрхгүй байна.
Харин ажил олгогч Ц*********ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь Улсын Дээд шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 001/ХТ2024/00078 дугаар тогтоолоор хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрхийг удаа дараа зөрчиж байх тул ажилгүй байсан хугацааны олговрыг хэргийг шийдвэрлэх өдөр хүртэл олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иймд нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны дундаж цалинг шүүхийн 183/ШШ2023/03201 дугаар шийдвэрт тогтоосон 1 өдрийн цалин 609,458 төгрөгөөр тогтоосныг ажлын 215 хоногоор тооцож нийт 131,033,470 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 172,613,674 төгрөгийн цалинг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Ц*********** ТӨХК-ийн дүрмийн 10.10-д “гүйцэтгэх захирлын үйл ажиллагаатай холбогдож үүссэн маргааныг шүүхээр хянан шийдвэрлэх тохиолдолд Төлөөлөн удирдах зөвлөлөөс томилсон итгэмжлэгдсэн төлөөлөгч компанийг төлөөлөн оролцоно”, 9.1-д “хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт компанийн эрх барих байгууллага нь Төлөөлөн удирдах зөвлөл байна” гэж заасан, мөн Компанийн тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д “Хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт компанийн эрх барих байгууллага нь төлөөлөн удирдах зөвлөл байна” гэж тус тус зааснаар нэхэмжлэгчтэй байгуулсан онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний оролцогч нь буюу уг гэрээг цуцалсан этгээд нь хариуцагч Ц************ ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл байгаа тул үр дагавар болох цалинг Ц************** ТӨХК-иас гаргуулахаар шийдвэрлэлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д “ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах” гэж зааснаар хариуцагч Ц************** ТӨХК-д нэхэмжлэгч Б.Н*******гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Н******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ц********* ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 883,317 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т зааснаар Ц*********** ТӨХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 22 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Д.Н*******г гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-т ажилгүй байсан хугацааны олговорт хариуцагч Ц************ ТӨХК-иас нэхэмжлэгч Б.Н*******гийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 131,033,470 төгрөг гаргуулж Д.Н*******д олгож, үлдэх 172,613,674 төгрөгийн олговрыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг даатгуулагчийн төлбөл зохих Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, энэ талаар нэхэмжлэгч Б.Н*******гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Ц*************ТӨХК-д даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Н******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Ц************ ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид нийт 883,317 /813,117+70,200/ төгрөг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ