2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 192/ШШ2025/03798

 

 

 

 

 

 

 

 

    2025             05                06                                           192/ШШ2025/03798                         

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,    

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 4 дүгээр хороо, ********** байрлах, Т******* ******* ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 7 дугаар хэсэг, ************* тоотод оршин суух, Х******* овогт Х******* Б******* /РД:*******/,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, Сөүл роял каунти, *******тоотод оршин суух, А******* овогт В******* Э /РД:/ нарт холбогдох

2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Өр төлбөрт тооцож үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Цайз-3, Б.Доржийн гудамж, *********тоот хаягт байршилтай 150 м.кв талбайтай, таван өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204024202 дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн эрхийг доголдлыг арилгаж, өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э,

Хариуцагч В.Э,

Хариуцагч В.Эийн өмгөөлөгч Г.Г,

Хариуцагч Х.Б*******,

Хариуцагч Х.Б*******гийн өмгөөлөгч Д.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

Нэхэмжлэгч Т******* ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүхэд болон шүүх хуралдаанд дараах байдлаар тодорхойлж байна.       

Үүнд: “...Х.Б*******, хамтран зээлдэгч В.Э нар нь "Транс капитал *******” ХХК-иас 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 008011439061 тоот зээлийн гэрээний дагуу 120,000,000 төгрөгийг 2.6 хувийн хүүтэйгээр 6 сарын хугацаатай зээлж, гэрээнд заасан хугацаанд зээлийг эргүүлэн төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон. Уг зээлийн гэрээнд үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 008011439061 тоот Баталгаат ипотекийн гэрээний дагуу Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 22-р хороо Цайз-3 Б.Доржийн гудамж ****** тоот хаягт байршилтай, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү- 2204024202 дугаарт бүртгэлтэй, 150 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийг заасан хугацаанд буцаан төлж чадаагүйн улмаас зээлийн гэрээний хугацаа сунгаж, зээлийн төлбөрт үл хөдлөх хөрөнгө тооцуулах тухай зээлдэгчийн хүсэлтийн дагуу 2 удаа зээлийн гэрээнд дараах нэмэлт өөрчлөлтийг оруулж байсан. Үүнд: 2018 оны 7 сарын 26-ны өдөр Н008011439061 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж гэрээний хугацааг 2 сарааp; 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 008011439061 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж гэрээний хугацааг дахин 1 сараар сунгаж мөн зээлийн үлдэгдэл төлбөрт орон сууц тооцуулан төлбөрийг барагдуулах зээлдэгчийн хүсэлтийн дагуу 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн "Өр төлбөрт үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ"-г талууд харилцан тохиролцож байгуулсан. Гэвч "Өр төлбөрт үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ"-ний 1 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт "1.2-т заасан үл хөдлөх эд хөрөнгө нь биет байдлын болон эрхийн доголдолгүй байх бөгөөд ийнхүү доголдол гомдол санал гарсан бол Зээлдэгч тал дангаар хариуцан доголдлыг арилгана", 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт "Энэхүү гэрээний 3.2-т заасан төлбөрийг Гэрээний 1.2-т заасан үл хөдлөх эд хөрөнгө Зээлдүүлэгчийн нэр дээр шилжин ирж, зээлдэгч уг үл хөдлөх эд хөрөнгийг султган чөлөөлж хүлээлгэн өгснөөр Т******* ******* ХХК /РД: *******/ болон Х.Б******* нарын хооронд 2018 оны 01 сарын 26-ны өдөр байгуулсан №008011439061 тоот "Зээлийн гэрээ"-ний дагуу үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний тооцоо дуусгавар болсонд тооцно" гэж заасан боловч зээлдэгч нар нь зээлийн гэрээний өр төлбөрт тооцох орон сууцыг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй зээлийн үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулах тухай удаа дараа мэдэгдэл хүргүүлж байсан. Дээрх гэрээний дагуу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг манай байгууллагад шилжүүлээгүй /тухайн орон сууц нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр захиран зарцуулах эрхийг хязгаарласан байсан/ мөн шилжүүлэх боломжийг бүрдүүлж өгөөгүй тул 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн "Өр төлбөрт үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ" биелэгдэх боломжгүй болсноор, өмнөх Зээлийн гэрээний үүргийн харилцаа хэвээр үргэлжлэх юм. Иймд 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 008011439061 тоот зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар тооцон үндсэн зээл 100,000,000 төгрөг, үндсэн хүү 180,094,803 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,018,961 төгрөг, нотариатын зардал 30,000 төгрөг нийт 316,143,764 төгрөгийг гаргуулах, үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү.

2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Өр төлбөрт тооцож үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ”-ний дагуу Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Цайз-3, Б.Доржийн гудамж, 186в байр, 2 тоот хаягт байршилтай 150м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн эрхийг доголдлыг арилгаж, өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгаж өгнө үү...” гэжээ.

 

            Хариуцагч Х.Б******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “... Т******* ******* ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 008011439061 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 100,000,000 төгрөг, үндсэн хүү 180,094,803 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 36,018,961 төгрөг, нотариатын зардал 30,000 төгрөг, нийт 316,143,764 төгрөгийг гаргуулах, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Х.Б******* би уг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй  ...” гэжээ.

 

            Хариуцагч В.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...В.Э би Т******* ******* ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 008011439061 дугаар Зээлийн гэрээ байгуулж 120,000,000 төгрөгийг сарын 2.6%-ийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлсэн. Мөн 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 008011439061 дугаар Баталгаат ипотекийн гэрээ байгуулж Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Цайз-3, Б.Доржийн гудамж, ********* тоот хаягт байрлах, 150м кв орон сууцыг зээлийн барьцаанд тавьсан. 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 008011439061 дугаар "Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай" гэрээ байгуулж, зээлийн гэрээний хугацааг 2 сараар сунгасан. Мөн 2021 оны 12 дугаар сарын 01-ны өдөр 008011439061 дугаар Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж зээлийн гэрээний хугацааг 1 сараар сунгасан. Улмаар 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр В. Э би Т******* ******* ХХК-тай "Өр төлбөрт тооцож үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ" байгуулж 220,205,369 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Цайз-3, Б.Доржийн гудамж, ****** тоот хаягт байрлах, 150 м.кв талбай бүхий орон сууцыг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ "...Өр төлбөрт үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ"-г биелүүлэхээр үүрэг гүйцэтгүүлэгч Т******* ******* ХХК нь удаа дараа шаардаж, холбогдох эрх бүхий байгууллагууд руу албан тоотууд өгч байсан боловч гэрээний зүйл болох В. Эийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу өмчлөгчийн захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн байсан тул гэрээний зүйлийг одоог хүртэл шилжүүлж авч чадаагүй" гэжээ. Иргэний хуулийн 153 дугаар зүйл 153.1 дэх хэсэгт "...Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй.". 153.2 дахь хэсэгт"... Барьцааны эрх үүссэнээр тухайн этгээд үүргийн гүйцэтгэлийг шаардах давуу эрх эдэлнэ" мөн хуулийн 157 дугаар зүйл 157.1 дэх хэсэгт "... Барьцаалагч дараах эрх эдэлнэ:". 157.1.2 дахь хэсэгт "...157.1.2. барьцааны зүйлийг худалдсан үнийн дүнгээс өөрийн шаардлагыг бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүн ээлжид хангуулах;" гэж тус тус заасан байдаг. Иргэний хуулийн 166 дугаар зүйл 166.1 "... Ипотек нь улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ.", 166.2 дахь хэсэгт "...Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нь ипотекээр хангагдах шаардлагын хэмжээ, түүний хүү, шаардлагыг биелүүлэх хугацаа зэргийг хамтран тодорхойлсон баримт бичиг үйлдэж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болон үүрэг гүйцэтгүүлэгч хуульд заасан журмын дагуу ипотекийг бүртгүүлнэ." гэж, мөн хуулийн 167 дугаар зүйл 167.1 дэх хэсэгт "...Үүрэг гүйцэтгүүлэгч ипотекийн эрхийн бүртгэлийг нотолгоо болгохгүйгээр зөвхөн өөрийн шаардлагыг нотлох замаар ипотекийн эрхээ хангуулахаар хэлэлцэн тохиролцож болох бөгөөд уг ипотекийг улсын бүртгэлд баталгаат ипотек гэж бүртгэнэ." гэж тус тус заасан байдаг. Талуудын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр "Баталгаат ипотекийн гэрээ" бичгээр байгуулагдаж, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр барьцаалбартай барьцааны гэрээгээр улсын бүртгэлд бүртгэгдсэн. /хх-65-66-р тал/ Талуудын зүгээс "Баталгаат ипотекийн гэрээ байгуулсан боловч улсын бүртгэлд хуульд заасны дагуу баталгаат ипотек гэж бүртгэх ёстой байсан боловч барьцаалбартай барьцааны гэрээ гэж бүртгэсэн болохыг дурдах нь зүйтэй. Иргэний хуулийн 174 дүгээр зүйл 174.1 дэх хэсэгт "...Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй." гэж заасан байна. Өөрөөр хэлбэл Барьцааны гэрээний барьцаа хөрөнгийн хувьд ч, баталгаат ипотекийн гэрээний хувьд ч нэхэмжлэгчийн зүгээс тэргүүн ээлжид үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрх нь нээлттэй байсан байна. Талуудын хооронд 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр "Өр төлбөрт тооцож үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс 3 жил 5 сарын дараа үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь: 1. Иргэний хуулийн 75 дугаар зүйл 75.2 дахь хэсэгт "...Энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараах тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ:", 75.2.1 дэх хэсэгт "...гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил;" байна гэж заасан. Өөрөөр хэлбэл "Өр төлбөрт тооцож үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ"-ний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. 2. Иргэний хуулийн 167 дугаар зүйл 167.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч ипотекийн эрхийн бүртгэлийг нотолгоо болгохгүйгээр зөвхөн өөрийн шаардлагыг нотлох замаар ипотекийн эрхээ хангуулахаар хэлэлцэн тохиролцож болох бөгөөд уг ипотекийг улсын бүртгэлд баталгаат ипотек гэж бүртгэхээр зохицуулсан. Гэвч улсын бүртгэлд барьцаалбартай барьцааны гэрээгээр бүртгэгдсэн байна. Өөрөөр хэлбэл зөвхөн өөрийн шаардлагыг нотлох замаар ипотекийн эрхээ хангуулахаар хэлэлцэн тохиролцож болно гэх хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжгүй буюу үүргийн гүйцэтгэлийн төлбөрт барьцаа хөрөнгө шилжүүлэхээр тохиролцох үндэслэлгүй байна. 3. Өр төлбөрт үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ"-г биелүүлэхээр үүрэг гүйцэтгүүлэгч "Т******* *******" ХХК нь удаа дараа шаардаж, холбогдох эрх бүхий байгууллагууд руу албан тоотууд өгч байсан гэх боловч бүтэн 3 жил 5 сарын хугацаанд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр тэргүүн ээлжид хангуулах эрхээ өөрсдөө хэрэгжүүлээгүй байна. 4. Талуудын хооронд 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр "Өр төлбөрт тооцож үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ" байгуулагдсан. Тухайн үед орон сууцны үнэ бага байсан. Одоо маргаан бүхий Баянзүрх дүүрэг, 22-р хороо, Цайз-3, Б.Доржийн гудамж, *********** тоот хаягт байрлах, 150 м.кв талбай бүхий орон сууц нь хамгийн багаар бодоход 600,000,000 төгрөгийн үнэлгээтэй байна. Иймээс 220,205,369 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд түүнээс гурав дахин үнэтэй үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн доголдлыг арилгаж, өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн зүгээс 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг бүхэлд нь хангахаас татгалзаж өгнө үү. Харин хариуцагч В.Эийн зүгээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 220,205,369 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй болно…” гэжээ.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2018.01.26-ны өдрийн 008011439061 дугаар Зээлийн гэрээ, 2018.07.26-ны өдрийн H008011439061 дугаар Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2021.12.01-ний өдрийн 008011439061 дугаар Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, 2018.01.26-ны өдрийн 008011439061 дугаар Баталгаат ипотекийн гэрээ, 2021.12.07-ны өдрийн Өр төлбөрт тооцож үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ, мөнгөний тасалбар, 008011439061 дугаар Х.Б*******гийн зээл, хүүний тооцоо, 2024.04.10-ны өдрийн 24/403 дугаар албан бичиг, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, 2021.12.07-ны өдрийн 2115 дугаар Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны 4 дүгээр улирлын ээлжит бус хурлын тогтоол, 2022.01.20-ны өдрийн 22/48 дугаар албан бичиг, 2021.12.13-ны өдрийн 21/652 дугаар албан бичиг, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг, 2021.12.21-ний 0021-2384 дугаар албан бичиг, улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан тухай мэдэгдэл,

 

Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Цайз-3, Б.Доржийн гудамж, ********** тоот орон сууцны түүхчилсэн дэлгэрэнгүй лавлагаа зэрэг баримтыг тус тус шүүхэд гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Нэхэмжлэгч Т******* ******* ХХК нь зээлийн гэрээний үүрэгт 316,143,764 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Х.Б*******, В.Э нарт холбогдуулан анх шүүхэд гаргажээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Т******* ******* ХХК нь Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Цайз-3, Б.Доржийн гудамж, *********** тоот хаягт байршилтай 150 м.кв талбайтай, таван өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204024202 дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн эрхийн доголдлыг арилгаж, өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн хариуцагч Х.Б*******, В.Э нарт холбогдуулан шаардаж байна.

 

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Т******* ******* ХХК нь Х.Б*******, В.Э нартай 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр №008011439061 дугаартай Зээлийн гэрээ байгуулж, 120,000,000 төгрөгийг сарын 2,6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20 хувь байхаар харилцан тохиролцож гэрээ байгуулагдсан нь хэрэгт авагджээ. /х.х 8-10 тал/

 

Дээрх №З008011439061 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Цайз-3, Б.Доржийн гудамж, *************** тоот хаягт байршилтай 150 м.кв талбайтай, таван өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204024202 дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан баталгаат ипотекийн гэрээ байгуулсан байна. /х.х-ийн 13-14 тал/

 

Хариуцагч Х.Б*******, В.Э, нэхэмжлэгч Т******* ******* ХХК нар 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр №008011439061 дугаартай Зээлийн болон Баталгаат ипотекийн гэрээ байгуулсан, нэхэмжлэгч нь хариуцагчийн хүсэлтээр 120,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөн, хариуцагч В.Э зээлийн гэрээний зүйл 120,000,000 төгрөгийг авсан, зээлийн гэрээнд Х.Б*******, В.Э нарын гарын үсэг зурсан байх ба талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж шүүх үзэв.

 

Түүнчлэн нэхэмжлэгч Т******* ******* ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Өр төлбөрт тооцож үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэх нэртэй хэлцэл хийсэн байх бөгөөд уг хэлцлээр зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт барьцаа хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээг зээлдэгчийн нэр дээр шилжүүлж, султган чөлөөлөхөөр тохиролцож, зээлийн гэрээний нийт үүргийн гүйцэтгэлийг 220,205,369 төгрөгөөр тооцоо нийлж, өр төлбөрт  Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Цайз-3, Б.Доржийн гудамж, ************** тоот хаягт байршилтай 150 м.кв талбайтай, таван өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204024202 дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэхээр хариуцагч Х.Б*******, В.Э нартай хэлцэл хийжээ.

 

Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шаардах эрхээ 2021.12.07-ны өдрийн Өр төлбөрт тооцож үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээг үндэслэн Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Цайз-3, Б.Доржийн гудамж, *****тоот хаягт байршилтай 150 м.кв талбайтай, таван өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204024202 дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн эрхийн доголдлыг арилгаж, өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгахаар хариуцагч нараас шаардаж байна ...” гэж тайлбарладаг.

 

Хариуцагч В.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... зээлийн гэрээний зүйлийг би авч захиран зарцуулсан. Талууд 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Өр төлбөрт тооцож үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээгээр зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн нийт үүргийг 220,205,369 төгрөгөөр тооцоо нийлж,  зээлийн гэрээний үүргийг дуусгавар болгох гэрээ байгуулсан. Хариуцагч миний бие уг зээлийн гэрээний үүрэг тооцсон нийт 220,205,369 төгрөгийг мөнгөн төлбөрөөр 250,000,000 төгрөг болгон төлж, зээлийн гэрээг дуусгавар болгох хүсэлтийг *******-д тавьсан боловч заавал орон сууцыг өмчлөлдөө шилжүүлж авна гэж, зээлийн гэрээний мөнгөн үүрэг төлөхийг зөвшөөрөхгүй байгаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Миний бие 120 сая төгрөгийн зээл авсан. Одоо нэхэмжлэгчийн шаардаад байгаа үл хөдлөх эд хөрөнгө 150 м.кв талбайтай, таван өрөө орон сууц бөгөөд зах зээлийн үнэлгээ 600 сая орчим төгрөг бөгөөд 220 сая төгрөгт тооцож авах  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй...” гэж маргаж байна.

 

Хариуцагч Х.Б******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”... зээлийн гэрээний зүйлийг авч, захиран зарцуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй ...” гэж маргадаг.

 

Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Цайз-3, Б.Доржийн гудамж, ******* тоот хаягт байршилтай 150 м.кв талбайтай, таван өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204024202 дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь В.Э болох нь өмчлөх эрхийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх-ийн 97 тал/

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т зааснаар хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Өр төлбөрт тооцож үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх хэлцлийг хариуцагч Х.Б*******тай байгуулсан хэлцэл нь хуульд нийцээгүй, түүнтэй байгуулсан уг хэлцэл байгуулсан үеэсээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл болжээ. Өөрөөр хэлбэл Х.Б******* эрхийн улсын бүртгэлийн Ү-2204024202 дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг захиран зарцуулах эрхгүй, өмчлөгч биш этгээд байх тул Х.Б*******тай байгуулсан тус хэлцэл хууль зөрчсөн хэлцэл болжээ.

 

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1.-т Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй, 110 дугаар зүйлийн 110.1.-т Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж заасан бөгөөд дээрх хэлцлийн үндсэн дээр Х.Б******* эрхийн улсын бүртгэлийн Ү-2204024202 дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах эрхгүй этгээд байх тул нэхэмжлэгчид өмчлөх эрхийг шилжүүлэх, уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлэх  хуулийн шаардлага хангахгүй өмчлөгч биш этгээдтэй байгуулсан хэлцэл нь  хууль зөрчиж хийсэн хэлцэлд хамаарна.

 

Харин 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Өр төлбөрт тооцож үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээг хариуцагч В.Этэй байгуулсан хэлцэл нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-т “Стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна. Энэ тохиолдолд стандарт нөхцөлийг гэрээнд тусгах болсон нөхцөл байдал, талуудын ашиг сонирхол болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзнэ” гэж заасан хуулийн зохицуулалтад хамаарч байх тул уг хэлцлийн 1 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т заасан нөхцөл хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

 

Өөрөөр хэлбэл Т******* ******* ХХК нь эдийн засгийн давуу байдлаа санхүүгийн чадвар сул байгаа хэлцэл хийгч буюу өмчлөгч В.Эт шударга ёсны зарчимд харш, уг хэлцлийн 1 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т заасан нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч В.Эт хохиролтой уг нөхцөл нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1-т зааснаар хүчин төгөлдөр бус байна.

Түүнчлэн талууд 008011439061 дугаартай зээлийн гэрээний дагуу 120,000,000 төгрөгийн зээл олгож, 2021.12.07-ны өдрөөр тус зээлийн гэрээний үүргийг 202,205,369 төгрөгөөр тооцон, үүргийн гүйцэтгэл хангуулахаар тохиролцсон хэлцлийн хугацааг 6.5-т зааснаар хэт тодорхой бус хугацаагаар тогтоож,  Иргэний хуулийн 202.2-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.

 

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т “үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан” гэж  зааснаар үүрэг дуусгавар болгохоор хуульд заасан бөгөөд талуудын хооронд дээр дурдсан  2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Өр төлбөрт тооцож үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэх нэртэй хэлцэл хийсэн боловч уг хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэл болсон байх тул уг хуулийн заалт хэрэгжих боломжгүй байна.

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.-т Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж зааснаар Т******* ******* ХХК хариуцагч В.Э нарын хооронд хийсэн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Өр төлбөрт тооцож үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх хэлцэл хэлцлийн 1 дүгээр зүйлийн 1.1, 1.2-т заасан нөхцөл хүчин төгөлдөр бус байх хэлцэл болсон байх тул 008011439061 дугаартай зээлийн гэрээний үүрэгт хариуцагч В.Э 250,000,000 төгрөг төлөхийг шүүхийн хэлэлцүүлэгт зөвшөөрсөн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж, шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Т******* ******* ХХК нь 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Өр төлбөрт тооцож үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх хэлцэлтэй холбоотой шаардах эрхээ 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр гаргасан бөгөөд уг хэлцлийн шаардах эрхийн хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар 3 жилийн хугацаанд буюу нэхэмжлэгч нь 2024.12.07-ны дотор шаардах эрхээ хэрэгжүүлэх атал шаардах эрхийн хугацааг хэтрүүлсэн, мөн хэтрүүлсэн холбогдох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй боловч уг үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Харин хариуцагч В.Э зээлийн гэрээний үүрэгт 250,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрсөн нь Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2-д Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг үүрэг гүйцэтгэгч мэдээгүй байхдаа үүргийн гүйцэтгэлийг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхгүй гэж зааснаар түүний зөвшөөрсөн хэмжээгээр шүүх 250,000,000 төгрөгийг хариуцагч В.Эээс гаргуулж нэхэмжлэгчид олголоо.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагч В.Э болон Х.Б******* нарт  холбогдох Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Цайз-3, Б.Доржийн гудамж, ********тоот хаягт байршилтай 150 м.кв талбайтай, таван өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204024202 дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн эрхийн доголдлыг арилгаж, өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч В.Эээс 250,00,000 төгрөг гаргуулж  Т******* ******* ХХК-нд олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 202 дугаар зүйлийн 202.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч В.Э болон Х.Б******* нарт  холбогдох Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Цайз-3, Б.Доржийн гудамж, ****** тоот хаягт байршилтай 150 м.кв талбайтай, таван өрөө, эрхийн улсын бүртгэлийн Ү-2204024202 дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн эрхийн доголдлыг арилгаж, өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч В.Эээс 250,00,000 төгрөгийг гаргуулж  Т******* ******* ХХК-нд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,138,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

 

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                   Ц.ОЮУНБИЛЭГ