| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2021/03085/И |
| Дугаар | 192/ШШ2025/03662 |
| Огноо | 2025-05-02 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 192/ШШ2025/03662
2025 05 02 192/ШШ2025/03662
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, шүүгч Д.Даваасүрэн, шүүгч Д.Хулан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, *********** тоотод оршин суух А******* овогт Д******* Э******* /РД:*******/,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, ****** тоотод оршин суух Б******* овогт Б******* Д******* /РД:*******/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, **************тоотод байрлах, С ХХК /РД:*******/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 32 дугаар хороолол, 3 дугаар хороолол, 12 дугаар байр, 178 тоотод оршин суух, Чумбуу овогт Баярхүүгийн Э /РД:УШ97060141/,
Гуравдагч этгээд: Сонгинохайрхан дүүрэг, 37 дугаар хороо, Содон үйлдвэрчний эвлэлийн гудамж, *********** тоотод оршин суух, Б овогт О Н /РД:/ нарт холбогдох,
2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №18SGR-SOU-HU-059 тоот Орон сууц захиалан бариулах гэрээний алданги 441,000,000 төгрөгийг гаргуулж Д.Э*******т олгох, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр №02-24 тоот Дулаан зогсоол захиалан бариулах гэрээ шилжүүлэх нь нэртэй хэлцлийн үндсэн дээр Скай гарден резиденс ХХК орон сууцны хорооллын орон сууцанд 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 2 ширхэг дулаан автозогсоолыг 40,000,000 төгрөгөөр худалдан авахаар захиалсан болохыг тогтоож, уг 2 ширхэг автозогсоолыг Б.Д*******гийн нэр дээр шилжүүлэхийг С ХХК-д даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э,
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.М,
Хариуцагч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, П.О,
Хариуцагч Б.Э итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М,
Хариуцагчийн Б.Э өмгөөлөгч С.Ц,
Иргэдийн төлөөлөгч В.Ц,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Цэнд-Очир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч С ХХК, Б.Э нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: “...Нэхэмжлэгч Д.Э******* миний бие С ХХК-тай 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №18SGR-SC SOU-HU-059 тоот Орон сууц захиалан бариулах гэрээг байгуулан Хан-Уул дүүрэг, Их монголын гудамжинд баригдаж буй С******** орон сууцны хорооллын 2-р ээлжийн 306 дугаар байрны 17-р давхрын 1702 тоот, 199,53 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 4,420,387.91 төгрөгөөр 2020 оны 3 дугаар улиралд ашиглалтад хүлээн авах нөхцөлтэйгөөр худалдан авахаар тохиролцож, нийт 882,000,000 төгрөгийг 100 хувь бэлнээр гүйцэтгэгч тал болох С ХХК-д гэрээнд заасан хугацаанд төлж, захиалагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэсэн. Гүйцэтгэгч тал болох С ХХК нь өнөөдрийг хүртэл хугацаанд Захиалагчийн худалдан авсан орон сууцыг ашиглалтад оруулаагүй байна. Захиалагчийн зүгээс удаа дараа цахим шуудангаар болон утсаар холбогдож орон сууц ашиглалтад орох хугацааг тодруулах, гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас үүссэн алдангийн тооцоо нийлэх талаар хүсэлт тавьсны эцэст талууд 2021 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 13 цагт товлосон уулзалтын үеэр 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №18SGR-SOU-HU-059 тоот Орон сууц захиалан бариулах гэрээнд заасан хугацаа хэтэрсний улмаас үүссэн алданги төлбөрийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх 335 хоногоос Ковид 19 цар тахлын улмаас улс оронд хатуу хөл хорио тогтоосон 90 хоногийг хасаж, нийт 245 хоног буюу 1,080,450,000 төгрөг болсон бөгөөд алдангийн нийт төлбөрийг гэрээний үнийн 50 хувиас хэтрэхгүй буюу 441,000,000 төгрөг байхаар тооцож амаар тооцоо нийлсэн боловч уг алдангийн асуудлыг шийдвэрлэхгүй удааширч өнөөдрийг хүртэл орон сууцыг хүлээлгэн өгөх гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүйн улмаас захиалагчийн эд хөрөнгийн эрхийг зөрчиж байгаа учраас гэрээнд заасны дагуу алдангийг гаргуулахаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Мөн С ХХК-иас борлуулалтын менежер Б.Э нь 2 дулаан зогсоол худалдан авах санал гаргасны дагуу 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр №02-24 тоот Дулаан зогсоол захиалан бариулах гэрээ шилжүүлэх нь нэртэй хэлцлийг эхнэр Б.Д*******гаар дамжуулан байгуулсан бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 2 ширхэг дулаан авто зогсоолын үнэ нийт 40,000,000 төгрөгийг гүйцэтгэгч талын зөвшөөрлөөр Балданжавын дансанд 100 хувь төлж барагдуулсан боловч гүйцэтгэгч дулаан авто зогсоол захиалгаар худалдан авах гэрээ байгуулах санал тавихад тодорхой хариу өгөхгүй эд хөрөнгийн эрхийг зөрчиж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул мөн шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна. Нэгдүгээрт, Д.Э******* болон С ХХК нарын хооронд байгуулсан 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №18SGR-SOU-HU-059 тоот "Орон сууц захиалан бариулах гэрээ"-ний 5.5 дугаар зүйлд "Гүйцэтгэгч нь орон сууцыг хүлээлгэн өгөх хугацааг 30 хоногоос дээш хугацаанд хэтрүүлсэн нөхцөлд 31 дэх хоногоос эхлэн хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг гүйцэтгэгчид төлнө гэж заасны дагуу гэрээнд заасан хугацаа хэтэрсэн 335 хоног /2020.10.30-ны өдрөөс 2021.09.30-ны өдрийг хүртэл/-ийн алданги болох 441,000,000 төгрөгийг гаргуулж, Д.Э*******т олгох, Хоёрдугаарт, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр №02-24 тоот "Дулаан зогсоол захиалан бариулах гэрээ шилжүүлэх нь" нэртэй хэлцлийн үндсэн дээр С***** орон сууцны хорооллын орон сууцанд 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 2 ширхэг дулаан авто зогсоолыг 40,000,000 төгрөгөөр худалдан авахаар захиалсан болохыг тогтоож, уг 2 ширхэг автозогсоолыг Б.Д*******гийн нэр дээр шилжүүлэхийг С ХХК-д даалгаж өгөн үү…” гэжээ.
Нэхэмжлэгч нар нь 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан байна.
Нэхэмжлэгч Д.Э*******, Б.Д******* нар нь С ХХК-тай 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №18SGR-SOU-HU-59 тоот Орон сууц захиалан бариулах гэрээ, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн №02-24 тоот Дулаан зогсоол захиалан бариулах гэрээ шилжүүлэх нь нэртэй хэлцлийг тус тус байгуулан Хан-Уул дүүрэг, Их монголын гудамжинд баригдаж буй С********* орон сууцны хорооллын 2 дугаар ээлжийн 306 дугаар байр, 17***** тоот, 199.53 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 4,420,387.91 төгрөгөөр, нийт 882,000,000 төгрөгийг 100 хувь бэлнээр, 2 ширхэг авто зогсоолыг хэлцлээр тохирсон үнэ болох нийт 40,000,000 төгрөгийг тус тус гүйцэтгэгч тал болох С ХХК-д гэрээнд заасан хугацаанд төлж, захиалагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэсэн. Гэвч гүйцэтгэгч тал болох С ХХК нь гэрээний хугацаанд Захиалагчийн худалдан авсан орон сууцыг ашиглалтад оруулаагүй учраас гэрээнд заасны дагуу хариуцагчаас алданги болон худалдан авсан автозогсоолын гэрээг байгуулахыг даалгахаар шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу хариуцагч нь Д.Э*******, Б.Д******* нартай нэхэмжлэлийн алдангийн үнийн дүнгийн хүрээнд эвлэрлийн гэрээг байгуулж №18SGR-SOU-HU-59 тоот Орон сууц захиалан бариулах гэрээний үүргийн биелэлтийг хангуулсан юм.
Харин хариуцагч С ХХК нь өөрийн борлуулалтын менежер Б.Эрдмээр дамжуулан худалдсан 2 ширхэг дулаан зогсоолыг өнөөдрийг хүртэл хүлээлгэж өгөөгүйгээр зогсохгүй, өөрийн ажилтан Б.Эрдмээр нэхэмжлэгч Д.Э*******ийн хаан банк дахь ам.долларын данс руу түүнд мэдэгдэлгүйгээр автозогсоолын төлбөрийг буцаан шилжүүлсэн байдаг. Нэхэмжлэгч нарын зүгээс авто зогсоолын төлбөрийг С ХХК-ийн дансанд буцаан шилжүүлж, авто зогсоолын гэрээг байгуулах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлээгүй байна. Мөн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр №02-24 тоот Дулаан зогсоол захиалан бариулах гэрээ шилжүүлэх нь нэртэй хэлцэлд заасан дугаар бүхий 2 зогсоолыг С ХХК-ийн толгой компани болох Тэсо групп ХХК-ийн хамаарал бүхий этгээдэд бэлэн мөнгөөр зарсан гэх баримтыг гарган үзүүлж, нэхэмжлэгч нарын шударгаар худалдан авсан эд хөрөнгийн эрхийг зөрчиж байна. Иймд өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагын алданги нэхэмжилсэн хэсгийг хариуцагчтай эвлэрлийн гэрээ байгуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр №02-24 тоот Дулаан зогсоол захиалан бариулах гэрээ шилжүүлэх нь хэлцлийг хүчин төгөлдөр хэлцэлд тооцуулан хэлцэлд дурдсан 2 ширхэг автозогсоолыг Б.Д*******гийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч С ХХК-д даалгаж өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгч Д.Э*******, Б.Д******* нар нь хамтран хариуцагчаар Б.Э татан оролцуулж, 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилжээ.
Анх нэхэмжлэл гаргах үед 481,000,000 төгрөг байсан бол одоо нэхэмжлэлийн нийт шаардлагын дүн 323,968,000 төгрөг болгож, буруулан нэхэмжлэлийн шаардлагаас 157,032,000 төгрөгөөр багасгаж байна. Нэхэмжлэгч Б.Д******* миний бие анх итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Эгаар дамжуулан тус шүүхэд С*********** орон сууцны хорооллын автомашины 108, 109 тоот хоёр ширхэг дулаан зогсоолыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагч компанийн ажилтан Б.Э шүүхийн журмаар гэрч мэдүүлэг өгсөн. Уг мэдүүлгийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг гэм хорын улмаас учирсан хохирол нэхэмжлэх болгож өөрчилсөн. Хэдийгээр борлуулалтын ажилтан Б.Э нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ надад худалдан борлуулсан дулаан зогсоолын талаар компанид огт мэдээгүй, дур мэдэн хийсэн гэсэн гэж гэрчийн мэдүүлэг өгсний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх нөхцөл байдал үүссэн байх боловч бодит байдал дээрээ энэ нөхцөл байдлыг тухайн үед компанийн удирдлагууд мэдэж байсан бөгөөд хэд хэдэн удаа уулзалт хийж, шаардлага тавьж байсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвхөн ажилтны хууль бус буруутай үйлдлийн улмаас гэм хор учирсан гэж үзэхэд учир дутагдалтай байх тул гэм хорын улмаас ажилтны бусдад учруулсан гэм хорыг байгууллагаас гаргуулахаар нэхэмжлэлийг өөрчлөх боломжгүй гэж үзэж байна. Мөн манай гэр бүл хариуцагч С ХХК-иас дулаан зогсоол худалдан авах хэрэгцээ шаардлага нь тухайн хотхоны барилгаас нөхөр Д.Э*******ийн нэр дээр орон сууц захиалж мөн цаашид энэ хотхонд амьдрах зорилготой байсан учир нөхөр бид хоёр тус бүрийн машинд дулаан зогсоол авах хүсэлт, хэрэгцээ шаардлагын үүднээс би өөрийн нэрээр дулаан зогсоол худалдан авч тухайн үед компанийн бүрэн төлөөлж байсан борлуулалтын ажилтан Б.Этэй гэрээ хийсэн. Гэвч хариуцагч компанийн буруутай үйл ажиллагааны улмаас захиалсан орон сууцандаа хугацаандаа орж чадахгүй болж, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад зарим нэхэмжлэлийн шаардлага болох “Орон сууцны захиалгын гэрээтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд өөр орон сууц авч эвлэрэн тухайн орон сууцыг зарж борлуулсан тул цаашид тухайн орон сууцны хороололд амьдрахгүй болж байгаа. Иймээс нэгэнт тухайн газар амьдрахгүй учир худалдан авахаар тохиролцсон автомашины 2 дулаан зогсоолыг бодитоор шаардах нь цаашид манай гэр бүлд ач холбогдолгүй болж байна. Мөн С********* орон сууцны хорооллоос 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №18SGR-SOU-HU-059 тоот Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу гэрээнд заасан алданги 441,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд талууд 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Эвлэрлийн гэрээ байгуулж, 283,968,000 төгрөгийн үнэ бүхий 39.44 м.кв талбайг нэмэгдүүлсэн орон сууц болгож өөрчилсөн Эвлэрлийн гэрээг шүүхээс албан ёсоор баталгаажуулаагүй, уг нэхэмжлэлийн шаардлагын хувьд эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа тул энэхүү эвлэрлийг баталгаажуулах шаардлагыг үүсэж байна. Иймд Скай гарден резиденс орон сууцны хорооллоос 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №18SGR-SOU-HU-059 тоот Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу гэрээнд заасан алданги 283,968,000 төгрөгийн шаардлага болгон багасгаж тухайн шаардлага дээр хариуцагч Скай гарден резиденс ХХК-тай 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр эвлэрлийн гэрээ баталгаажуулах, гэм хорын хохирлын улмаас учирсан хохирлыг гаргуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж С************* орон сууцны хорооллын автомашины 108, 109 тоот хоёр ширхэг дулаан зогсоолын үнийг одоогийн зах зээлийн бодит үнэлгээ болох 90,000,000 төгрөгөөр үнэлж үүнээс Б.Э буцааж өгсөн тус бүр 20,000,000 төгрөгийг хасаж нэг дулаан зогсоолын үнийн зөрүү болох 70,000,000 төгрөг, 2 ширхэг дулаан зогсоолын үнийн зөрүүнд нийтдээ 140,000,000 төгрөгийг хариуцагч С ХХК болон Б.Э нараас гаргуулж нэхэмжлэгч Б.Д******* надад олгож өгнө үү. Мөн хариуцагч талаас автомашины дулаан зогсоол худалдан авсан асуудлаар огт мэдэхгүй байсан мэтээр тайлбарлаж байгаа, нөгөө талаас борлуулалтын ажилтан Б.Э нь дур мэдэн хийсэн гэсэн тайлбарыг өгч байгаа нь хэн аль нь хариуцлагаас зугтах гэсэн башир арга заль шиг харагдаж байна. Тухайн борлуулалтын ажилтан болон компанийн хоорондын харилцааг зохицуулдаг, эрх хэмжээг тогтоосон дүрэм журмыг /борлуулалтын гэрээнд тамга тэмдэг дардаг, түүнийг хэн ашиглах эрхтэй, хэн гэрээнд гарын үсэг зурах эрхтэй...гэх мэт/ худалдан авагч миний бие мэдэх боломжгүй байгаа тул ийнхүү хамтран хариуцагчаар борлуулалтын ажилтнаар ажиллаж байсан Б.Э хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулж байна…” гэжээ.
Хариуцагч С ХХК-ийн төлөөлөгч Д.Б шүүхэд гаргасан тайлбартаа: “…Нэгдүгээрт, Гэрээ, хэлцэл хүчин төгөлдөр бус байх тухайд: Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Дулаан зогсоолын эрх шилжүүлэх гэрээ, түүний хамт байгаа Л захирлын гарын үсэгтэй албан бичиг нь хариуцагчид байхгүй бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл олгогдоогүй хууль бус буюу хүчин төгөлдөр бус хэлцэл, баримт бичгүүд юм. Тухайн үед ажиллаж байсан борлуулалтын менежер Б.Э нь хариуцагчид мэдэгдэлгүйгээр хуурамч бичиг баримт ашиглан хэлцэл хийж төлбөрийг өөрийн хамаарал бүхий хүн рүү /Баасандамба/ шилжүүлэн авсан байдаг. Энэ талаар өмнө хариуцагчид мэдэгдэж байсан. Мөн борлуулалтын менежер байсан Б.Э нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Орон сууц захиалан бариулах гэрээг нэхэмжлэгчтэй байгуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлага бүхий гэрээнүүд нь хүчин төгөлдөр эсэх нь эргэлзээтэй бөгөөд шүүхийн шатанд шинжээч томилж хүчин төгөлдөр эсэхийг тогтоолгох шаардлагатай гэрээнүүд юм. Иймд хүчин төгөлдөр эсэх нь тодорхойгүй гэрээг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах нь үндэслэлгүй гэж үзэж байна. Түүнчлэн хариуцагчийн зүгээс гэрээ байгуулсан гэх борлуулалтын менежер Б.Э эрүүгийн журмаар шалгуулахаар баримт бүрдүүлэн ажиллаж байгааг шүүхээс анхаарч өгнө үү. Хоёрдугаарт, нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус тухайд: Нэхэмжлэгч нь орон сууц захиалан бариулах гэрээний 5.5-т "Гүйцэтгэгч нь орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгөх хугацааг 30 хоногоос дээш хоногоор хэтрүүлсэн нөхцөлд 31 дэх хоногоос эхлэн хугацаа хэтэрсэн хоног тутамд буюу гүйцэтгээгүй этгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг захиалагчид төлнө" гэж заасныг баримтлан 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тооцож 441,000,000 төгрөгийн алданги нэхэмжилсэн байдаг. Харин гэрээний 1.2-н дагуу орон сууц 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр ашиглалтад оруулах тухай дурдсан бөгөөд гэрээний 5.5-т заасны дагуу сүүлийн хугацаанаас 30 хоногийг дараа буюу 31 хоногоос тооцож эхлэх тухай дурдсан байдаг. Түүнчлэн гэрээний 5.6-д алданги тооцохгүй нөхцөл байдлуудыг маш тодорхой зааж өгсөн байдаг. Гэтэл нэхэмжлэгч нь ковидын үеийн 90 хоног гэж тодорхойгүй үндэслэл гаргаж их хэмжээний алдангийг үндэслэлгүйгээр тооцож нэхэмжилжээ. Иймд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг гэрээний дагуу тооцоолоогүй тодорхой бус байхад шүүхээс анхаарч үзэлгүй нэхэмжлэлийн шаардлагын дүнгээр бүхэлд нь хөрөнгө битүүмжилж байгаа нь хариуцагчийн эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Мөн энэхүү гэрээний 5.5 дугаар заалт нь техникийн алдаатай буюу 0.5 хувь гэж бичигдсэн талаар өмнө манай компаниас нэхэмжлэгчид удаа дараа мэдэгдэж гэрээнд өөрчлөлт оруулах талаар хүсэлт тавьж байсан боловч нэхэмжлэгч Д.Э******* нь гэрээг алдаатайг мэдсээр байж өөрчлөхгүй явсан байдаг. Манай компанийн хувьд 0.5 хувийн алдангитай гэрээ огт байгуулдаггүй бөгөөд бүх гэрээний нөхцөлд алданги 0.05 хувь гэж заасан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй … гэжээ.
Гуравдагч этгээд О.Н гаргасан бие даасан шаардлагадаа: “...Гуравдагч этгээд О.Н нь 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Скай гарден резиденс ХХК-тай 18SGR-SO-HU-0154 тоот Авто зогсоолын талбай захиалан бариулах гэрээ байгуулж Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Их Монголын гудамжны нутаг дэвсгэрт байрлах Sky garden residence орон сууцны хорооллын **** байр, зоорины давхарт байрлах, *** болон ****тоот авто зогсоолын зориулалттай талбайг нийт 100,000,000 төгрөгөөр тооцож худалдан авахаар болсон. О.Н нь 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 50,000,000 төгрөгийг бэлнээр, 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр үлдэгдэл 50,000,000 төгрөгийг орон сууцны төлбөртэй хамтатган хариуцагчийн Голомт банкны тоот данс руу шилжүүлсэн. Дээрх гэрээний дагуу хариуцагч нь 2022 оны 3 дугаар улиралд авто зогсоолын талбайг ашиглалтад оруулан хүлээлгэн өгөхөөр болсон. Тодруулбал, гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.2-т “Улсын комиссын акт гарсны дараа автозогсоолын талбайн төлбөр гэрээнд заасан хугацаанд 100 хувь төлөгдсөн тохиолдолд захиалагч талбай захиалсан авто зогсоолын талбайг актаар хүлээлцэж, автозогсоолын талбайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахтай холбоотой материалыг бүрдүүлэн захиалагч талд хүлээлгэн өгнө”, 7 дугаар зүйлийн 7.2-т “Талууд энэхүү автозогсоолын талбай захиалгын гэрээг дүгнэж, төлбөр тооцоо бүрэн дууссан /гэрээний үндсэн төлбөр болон гэрээ зөрчсөнөөс үүсэх, торгууль тооцож дууссан, эсвэл төлөгдөхгүй байхаар харилцан тохиролцсон эсвэл төлөгдөх төлбөрийн талаар баталгаажуулж акт үйлдсэн/ тохиолдолд гэрээ дуусгавар болох тухай нэмэлт гэрээ байгуулж баталгаажуулсны дараа хүлээлцэж, захиалагч ашиглах эрх үүснэ” гэж тус тус заасан. О.Н нь гэрээнд заасны дагуу төлбөрийг хугацаанд нь 100 хувь төлсөн боловч хариуцагч нь өнөөдрийг хүртэл үл хөдлөх хөрөнгийг хүлээлгэж өгөөгүй байгаа бөгөөд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 183/ШЗ2022/09898 дугаар захирамжаар 108, 109 дүгээр зогсоолыг бусдад худалдахгүй, барьцаалахгүй, түрээслэхгүйгээр захиран зарцуулахгүй байхыг хариуцагчид даалгахаар шийдвэрлэсний улмаас О.Н нь өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадахгүйд хүрээд байгаа болно. Иймд О.Ныг С********** орон сууцны хорооллын **** байр, зоорины давхарт **** болон *** тоот автозогсоолын зориулалттай талбайн өмчлөгчөөр тогтоож өгнө үү…” гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэлмаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Тус шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд буй Д.Э*******, Б.Д******* нарын нэхэмжлэлтэй С ХХК-д холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж С*********** орон сууцны хорооллын автомашины 108, 109 тоот хоёр ширхэг дулаан зогсоолын үнийн зөрүү 140,000,000 төгрөг гаргуулах болгосон. Ийнхүү уг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор гуравдагч этгээд Л.Нын эрх ашиг хөндөгдөхгүй байна гэж харж байгаа тул иргэний хэргийг гуравдагч этгээдийн эзгүйд шийдвэрлэж өгнө үү. Хэрэв нэхэмжлэгч дахин нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилбөл тухай үед гуравдагч этгээдийн зүгээс шүүх хуралдаанд оролцох хүсэлтэй байгааг уламжилж байна…” гэжээ.
Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: “...Д.Э******* нэхэмжлэгч Б.Д******* нартай гэрээ биш хэлцэл байгуулсан байна. Анх хоёр зогсоолын хийсэн гэрээгээ зөрчиж гэм хор учруулсан С ХХК болон гүйцэтгэх захирал Л борлуулалтын менежер Э нар анх хийсэн гэрээ хэлцлээ дур мэдэн зөрчсөн. С ХХК болон борлуулалтын менежер Б.Э гүйцэтгэх захирал Л нар энэ хэрэгт гэм буруутайд тооцож байна…” гэв.
Нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, 2019.06.24-ний өдрийн №18SGR-SOU-HU-059 дугаар Орон сууц захиалан бариулах гэрээ, 306 блокийн 15 давхрын байгуулалтын план зураг, мемориалын баримт, 2020.02.04-ний өдрийн №02-24 дугаар Дулаан зогсоол захиалан бариулах гэрээ шилжүүлэх нь гэрээ, 2020.02.04-ний өдрийн хэлцлийн хуудас, шилжүүлгийн баримт, С ХХК-ийн албан бичиг, С ХХК-ийн 2021.03.03-ны өдрийн 14/066 дугаар албан бичиг, харилцсан зурвасууд, 2021.11.16-ны өдрийн Эвлэрлийн гэрээ, 2022.03.07-ны өдрийн Баримт бичиг хүлээлцэх акт, 2021.12.30-ны өдрийн Захиалагчид байр хүлээлгэн өгөх акт, харилцсан зурвасууд,
Хариуцагч С ХХК-иас улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, С ХХК-ийн 2021.08.02-ны өдрийн Б/55 дугаар тушаал, Хөдөлмөрийн гэрээ, 2021.08.10-ны өдрийн №18SGR-SO-HU-0154 дугаар Автозогсоолын талбай захиалан бариулах гэрээ, кассын орлогын ордер, 2021.12.30-ны өдрийн Захиалагчид байр хүлээлгэн өгөх акт, П.Эгийн 2022.03.07-ны өдрийн тайлбар, 2022.03.07-ны өдрийн баримт бичиг хүлээлцэх акт, 2019.09.17-ны өдрийн №18SGR-SOU-HU-082 дугаар Орон сууц захиалан бариулах гэрээ, 2021.11.25-ны өдрийн №18SGR-SOU-HU-059/1 дугаар Орон сууц захиалан бариулах гэрээг дүгнэх, дуусгавар болгох тухай, 2020.10.12-ны өдрийн №18SGR-SOU-HU-82 дугаар Автозогсоолын талбай захиалан бариулах гэрээ, худалдан авагчид өгөх үнийн мэдээлэл, 2021.08.10-ны өдрийн №18SGR-SOU-HU-0145 дугаар Орон сууц захиалан бариулах гэрээ, төлбөрийн баримт, зөвшөөрлийн хуудас олгосон бүртгэл, зөвшөөрөл олгох тухай,
Хариуцагч Б.Эрдмээс шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,
Гуравдагч этгээд О.Наас шүүхэд төлөөлөх итгэмжлэл, кассын орлогын ордер, депозит дансны хуулга зэрэг баримтыг тус тус өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Э*******, Б.Д******* нар нь хариуцагч С ХХК-д холбогдуулан 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №18SGR-SOU-HU-059 тоот Орон сууц захиалан бариулах гэрээний алданги 441,000,000 төгрөгийг гаргуулж Д.Э*******т олгох, 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр №02-24 тоот Дулаан зогсоол захиалан бариулах гэрээ шилжүүлэх нь нэртэй хэлцлийн үндсэн дээр С ХХК орон сууцны хорооллын орон сууцанд 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 2 ширхэг дулаан автозогсоолыг 40,000,000 төгрөгөөр худалдан авахаар захиалсан болохыг тогтоож, уг 2 ширхэг автозогсоолыг Б.Д*******гийн нэр дээр шилжүүлэхийг Скай гарден резиденс ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нь хамтран хариуцагчаар Б.Э татан оролцуулж, хариуцагч С ХХК, Б.Э нарт холбогдуулан 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №18SGR-SOU-HU-059 тоот Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу хоёр ширхэг дулааны зогсоолын үнийн зөрүү 140,000,000 төгрөг гаргуулахаар хариуцагч С ХХК, Б.Э нараас тус тус шаардаж байна.
Нэхэмжлэгч нар нь 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №18SGR-SOU-HU-059 тоот Орон сууц захиалан бариулах гэрээний алданги 441,000,000 төгрөгийг гаргуулж Д.Э*******т олгох шаардлагын хүрээнд С ХХК-тай эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Эвлэрлийн гэрээнд
1.Нэхэмжлэгч нар нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч С ХХК-д холбогдуулан "2019 оны 06 сарын 24-ний өдрийн №18SGR- SOU-HU-059 moот "Орон сууц захиалан бариулах гэрээ"-ний үүрэгт 441,000,000 төгрөг гаргуулах, 2020 оны 02 сарын 04-ний өдөр №02-24 тоот "Дулаан зогсоол захиалан бариулах гэрээ шилжүүлэх" хэлцлийн үндсэн дээр "Скай гарден резиденс" орон сууцны хорооллын орон сууцны хороололд байрлах 2020 оны 02 сарын 07-ны өдөр 2 ширхэг дулаан авто зогсоолыг 40,000,000 төгрөгөөр худалдан авсан болохыг тогтоож, уг 2 ширхэг авто зогсоолыг Б.Д*******гийн нэр дээр шилжүүлэхийг С ХХК-д даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг;
2. Хариуцагч нь энэхүү гэрээний 1.-т дурдсан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд "2019 оны 06 сарын 24-ний өдрийн №18SGR-SOU-HU-059 тоот "Орон сууц захиалан бариулах гэрээ"- нд заасан С******* орон сууцны хорооллын 2-р ээлжийн 306-р байрны******** тоот, 199,53 мкв талбайтай 4 өрөө орон сууцыг тус хорооллын 1-р ээлжид ашиглалтад орсон 303 дугаар байрны **** тоот 238.97 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцаар сольж, зөрүү 39.44 м.кв талбайн үнийг нийт 283,968,000 төгрөгийн алдангид тооцуулж, үлдэх алдангийн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй" "2020 оны 02 сарын 04-ний өдрийн №№02-24 тоот "Дулаан зогсоол захиалан бариулах гэрээ шилжүүлэх нь" хэлцлийн дагуу нийт 40,000,000 төгрөгөөр худалдан авсан 2 ширхэг авто зогсоолын үнийг нэмэгдүүлэн 1 бүрийг 48,000,000 /Дөчин найман сая/ төгрөгөөр тооцож, зөрүү 56,000,000 /тавин зургаан сая/ төгрөгийг Хариуцагчид төлсөн тохиолдолд шилжүүлэн өгөх" санал гаргасныг;
3. Талууд нэхэмжлэлийн шаардлагын 441,000,000 /дөрвөн зуун дөчин нэгэн сая/ төгрөгийн алданги төлүүлэх хэсэгт эвлэрч, 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №18SGR-SOU-HU-059 тоот "Орон сууц захиалан бариулах гэрээ"-ний үүргийг энэхүү эвлэрлийн гэрээнд заасан эд хөрөнгөөр хангах, нэхэмжлэгч алдангийн үнийн дүнгийн зарим хэсгээс татгалзах болсныг тус тус тэмдэглэн, эвлэрлийн журмаар хэргийг шийдвэрлэхэд талуудын хооронд үүсэх харилцааг зохицуулахад энэхүү гэрээний зорилго оршино.
4. Талууд "2020 оны 2 дугаар сарын 04-ний өдөр №02-24 тоот "Дулаан зогсоол захиалан бариулах гэрээ шилжүүлэх нь "хэлцлийн үндсэн дээр "С*******" орон сууцны хорооллын орон сууцны хороололд байрлах 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдөр 2 ширхэг дулаан авто зогсоолыг 40,000,000/дөчин сая/ төгрөгөөр худалдан авсан болохыг тогтоож, уг 2 ширхэг авто зогсоолыг Б.Д*******гийн нэр дээр шилжүүлэхийг С ХХК-д даалгах" шаардлагын хүрээнд харилцан тохиролцож чадаагүй болно.
5. Талууд дараах нөхцөлөөр харилцан тохиролцож эвлэрэв. Үүнд: 2.1.1. 2019 оны 06 сарын 24-ний өдрийн №18SGR-SOU-HU-059 тоот "Орон сууц захиалан бариулах гэрээ"-нд заасан "С********** орон сууцны хорооллын 2 дугаар ээлжийн 306-р байрны ********* тоот, 199,53 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг тус хорооллын 1-р ээлжид ашиглалтад орсон 303 дугаар байрны 17 давхрын 1701 тоот 238.97 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцаар сольж, зөрүү 39.44 м.кв талбайн үнийг нийт 283,968,000 /хоёр зуун наян гурван сая есөн зуун жаран найман мянган / төгрөгийн алдангид тооцуулан төлнө.
6. Нэхэмжлэгч нь шилжүүлэн авсан орон сууцны талбайн зөрүү 39.44 м.кв талбайн 1 м.кв-ыг 7,200,000 /долоон сая хоёр зуун мянган төгрөгөөр тооцсон нийт үнэ болох 283,968,000 /хоёр зуун наян гурван сая есөн зуун жаран найман мянга/ төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан алдангид тооцон, үлдэх алданги болох 157,032,000 /нэг зуун тавин долоон сая гучин хоёр мянган төгрөгийн шаардлагаас татгалзана.
7. Энэхүү гэрээний 5-д Нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөөр заасан "Скай гарден резиденс" ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, Их монголын гудамжинд баригдаж буй "С**********" орон сууцны хорооллын 1-р ээлжид ашиглалтад орсон 303 дугаар байрны *******тоот 238.97 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц нь аливаа эрхийн болон үүргийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй, бусдад худалдагдаагүй, ямар нэг үнэ төлбөргүй гэдгийг Хариуцагч тал баталсан болно.
8. Хариуцагч энэхүү гэрээг баталгаажсанаас хойш 30 өдрийн дотор 5-д заасан орон сууцыг Нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, өмчлөх эрхийн гэрчилгээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас гаргуулан авахад шаардагдах баримт бичгийн бүрдлийг бүрэн хангаж өгсөн байна.
9. Талууд энэхүү гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой аливаа татвар, хураамжийг холбогдох хууль тогтоомжийн дагуу төлнө.
10. Талууд гэрээний хэрэгжилтийг хангах зорилгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран оролцох, эвлэрлийн гэрээг шүүхээр баталгаажуулахтай холбоотой аливаа харилцаанд харилцан дэмжлэг үзүүлж ажиллана.
11. Энэ гэрээ талуудын хүсэл зоригоор, харилцан тэгш эрх, сайн дурын үндсэн дээр хийгдсэн бөгөөд хөндлөнгийн хүчин зүйл, шахалт дарамт нөлөөлөөгүй болно гэж эвлэрлийн гэрээ байгуулж, гэрээнд нэхэмжлэгч Д.Э*******, Б.Д*******, хариуцагч С****** ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нар гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Нэхэмжлэгч нар нь үлдэх нэхэмжлэлийн шаардлага болох “2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр №02-24 тоот Дулаан зогсоол захиалан бариулах гэрээ шилжүүлэх нь нэртэй хэлцлийн үндсэн дээр С******* ХХК орон сууцны хорооллын орон сууцанд 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 2 ширхэг дулаан автозогсоолыг 40,000,000 төгрөгөөр худалдан авахаар захиалсан болохыг тогтоож, уг 2 ширхэг автозогсоолыг Б.Д*******гийн нэр дээр шилжүүлэхийг С****** ХХК-д даалгах” тухай шаардлагаа өөрчлөн, хамтран хариуцагчаар Б.Э татан оролцуулж, хариуцагч С********* ХХК, Б.Э нарт холбогдуулан 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №18SGR-SOU-HU-059 тоот Орон сууц захиалан бариулах гэрээний дагуу хоёр ширхэг дулааны зогсоолын үнийн зөрүү 140,000,000 төгрөг гаргуулахаар шаардаж байна.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан баримтаар 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 02-24 дугаартай Дулаан зогсоол захиалан бариулах гэрээ шилжүүлэх гэх нэртэй хэлцлээр Захиалагч Тулга овогтой Баасанб нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Их Монголын гудамжны нутаг дэвсгэрт баригдах С********** орон сууцны хотхоны SGR-SOU-HU-082 орон сууц, дулаан зогсоолын захиалгын гэрээ байгуулсан болно. Захиалагчийн хүсэлтийг хүлээн авч С ХХК болон Т.Баасанб нарын хооронд байгуулсан SGR-SOU-HU-082 тоот орон сууц, дулаан зогсоолын хэлцлийн үүргийг Батсайхан овогт Д*******д шилжүүлэв...” гэх агуулгатай хэлцлийг нэг талаас С ХХК-ийн борлуулалтын менежер Б.Э нөгөө талаас Б.Д******* нар гарын үсэг зурж, 2020.02.07-ны өдөр Э*******оос гаражийн төлбөр гэсэн гүйлгээний агуулгаар 40,000,000 төгрөгийг, хүлээн авагч Баасанбын 5015364080 дансны дугаарт шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. /1хх-19, 21 тал/
Шүүхэд нэхэмжлэгч нь С ХХК-нд холбогдуулан анх нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Эрдмээс гэрчийн мэдүүлэг авхуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж, гэрч Б.Э 2023 оны 7 дугаар сарын 23-ны өдөр мэдүүлэг өгчээ.
Б.Э нь гэрчийн мэдүүлэгтээ:
“...Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: ...2020 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 02-24 тоот хэлцэл таны явуулсан эрхийн бичгийн үндэслэл дээр хийгдсэн хэлцэл мөн үү .
Гэрч: Мөн. Харж байгаачлан энэ хэлцэл дээр миний гарын үсэг байгаа. Уг нь захирлын гарын үсэг байх ёстой гэв....
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Та хэлэхдээ би удирдлагууддаа мэдэгдэхгүйгээр дур мэдээд урамшууллын эрхийг санал болгосон юмаа гэсэн. Энэ үйлдэлтэй чинь холбогдуулан компаниас танд ямар нэгэн хариуцлага тооцсон уу .
Гэрч: Ажлаас чөлөөлсөн гэв...
Даргалагчаас: Баасанб гэдэг хүн ямар учиртай хүн бэ гэхэд
Гэрч: С ХХК-тай ямар ч хамааралгүй. Миний дотнын найз гэв.
Даргалагчаас : Энэ хүн С ХХК-тай ямар ч хамааралгүй, гэрээ байгуулаагүй юм бол та яагаад энэ хэлцлийг хийсэн юм бэ гэхэд.
Гэрч: Тухайн үед миний бие өөрийнхөө албан тушаалыг буруугаар ашиглаж, гэрээ байгуулж хувийн данс руу мөнгө шилжүүлж авсан гэв...
Даргалагчаас: 2020 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 02-24 тоот Дулаан зогсоол захиалан бариулах хэлцлийн талаар хариуцагч С ХХК мэдэж байсан юм уу гэхэд
Гэрч: Мэдээгүй байсан гэв.
Даргалагчаас: Энэ талаарх нөхцөл байдлаа нэхэмжлэгчид хэлсэн үү гэхэд
Гэрч: 2021 оны 8 дугаар сард хэлсэн гэв...” гэж шүүхэд мэдүүлэг өгчээ. /1хх-202-203 тал/
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-т Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Э хариуцан төлөх үүрэгтэй байна. Өөрөөр хэлбэл Б.Э нь өөрийн санаатай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Д.Э*******, Б.Д******* нарт 2 ширхэг дулаан зогсоол худалдан авах буюу эд хөрөнгө өмчлөх эрх олж авахад нь саад учруулж, түүний буруутай үйлдлийн улмаас уг гаражийг олж авах хөрөнгийн төлбөрийн хэмжээгээр хохирол учруулсан гэм буруутай байх тул төлбөрийн зөрүү 60,000,000 /100,000,000-40,000,000 төлсөн төлбөрийн хасаж/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй. /1хх-134,135 тал/
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Д.Э*******, Б.Д******* нарын худалдан авахаар захиалга өгсөн гэх 108,109 тоот дулаан зогсоолыг О.Н нь тус бүрийг 50,000,000 төгрөгөөр худалдан авсан байх тул 2 дулаан зогсоолын үнийг уг гэрээний дагуу 100,000,000 төгрөгөөр тооцож, Б.Э нэхэмжлэгч нарт шилжүүлсэн 40,000,000 төгрөгийг хасаж, үлдэх 60,000,000 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, С ХХК -нд холбогдох нэхэмжлэлийн шаардлага 140,000,000 төгрөгийг, Б.Эд холбогдох 80,000,000 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. /1хх 107-110 тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 198.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч С ХХК-д холбогдох 140,000,000 төгрөг гаргуулах, хариуцагч Б.Эрдмээс 80,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Эрдмээс 60,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Э*******, Д.Д******* нарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн №18SGR-SOU-HU-059 тоот "Орон сууц захиалан бариулах гэрээ"-нд заасан "Скай гарден резиденс" орон сууцны хорооллын 2 дугаар ээлжийн 306-р байрны 17-р давхрын 1702 тоот, 199,53 мкв талбайтай 4 өрөө орон сууцыг тус хорооллын 1-р ээлжид ашиглалтад орсон 303 дугаар байрны ********** тоот 238.97 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцаар сольж, зөрүү 39.44 м.кв талбайн үнийг нийт 283,968,000 /хоёр зуун наян гурван сая есөн зуун жаран найман мянган / төгрөгийн алдангид тооцуулан төлөхөөр, нэхэмжлэгч нь шилжүүлэн авсан орон сууцны талбайн зөрүү 39.44 м.кв талбайн 1 м.кв-ыг 7,200,000 /долоон сая хоёр зуун мянган төгрөгөөр тооцсон нийт үнэ болох 283,968,000 /хоёр зуун наян гурван сая есөн зуун жаран найман мянга/ төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагад дурдсан алдангид тооцон, үлдэх алданги болох 157,032,000 /нэг зуун тавин долоон сая гучин хоёр мянган төгрөгийн шаардлагаас татгалзаж, нэхэмжлэгч Д.Э*******, Д.Д******* нарт хүлээлгэн өгөхөөр заасан С ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, Их монголын гудамжинд баригдаж буй С******** орон сууцны хорооллын 1-р ээлжид ашиглалтад орсон 303 дугаар байрны ******** тоот 238.97 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц нь аливаа эрхийн болон үүргийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй, бусдад худалдагдаагүй, ямар нэг үнэ төлбөргүй гэдгийг Хариуцагч тал баталж, хариуцагч энэхүү гэрээг баталгаажсанаас хойш 30 өдрийн дотор 1701 тоот 238.97 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Д.Э*******, Д.Д******* нарт хүлээлгэн өгч, өмчлөх эрхийн гэрчилгээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас гаргуулан авахад шаардагдах баримт бичгийн бүрдэлийг бүрэн хангаж хариуцагч өгөхөөр, Талууд энэхүү гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой аливаа татвар, хураамжийг холбогдох хууль тогтоомжийн дагуу төлөхөөр эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Э*******, Д.Д******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,720,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1,360,450 төгрөгийг, хариуцагч Б.Эрдмээс улсын тэмдэгтийн хураамжид 457,950 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Э*******, Д.Д******* нарт олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ
ШҮҮГЧ Д.ДАВААСҮРЭН
Д.ХУЛАН