| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 128/2025/0604/3 |
| Дугаар | 128/ШШ2025/0604 |
| Огноо | 2025-09-05 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 128/ШШ2025/0604
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “******* *****” ХХК /РД:*******/,
Хариуцагч: Боловсролын ерөнхий газрын хооронд үүссэн гэрээ цуцлах мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Болортуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*****, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б*******, Б.Ц***** нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч “******* *****”ХХК-аас Боловсролын ерөнхий газарт холбогдуулан “...Боловсролын ерөнхий газрын даргын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1/2119 дугаар “Гэрээ цуцлах тухай” мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, ихэсгэж, багасгасан зүйлгүй дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэгч “******* *****”ХХК нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай /хуучин нэрээр/ 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ******* дугаартай ******* Сургуулийн барилга, 640 суудал /*********,********** сум, * дугаар сургууль/ барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулсан.[1]
2.2. Тус гэрээг талууд харилцан тохиролцон 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн ****** дугаартай ******* Сургуулийн барилга, 640 суудал /*********,********** сум, * дугаар сургууль/барилга угсралтын ажлын хугацаа сунгах гэрээ”-ний дагуу 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан.[2]
2.3. Мөн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ******** дугаартай ******* Сургуулийн барилга, 640 суудал /*********,********** сум, * дугаар сургууль/барилга угсралтын ажлын хугацаа сунгах гэрээ”-ний дагуу 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл сунгасан.[3]
2.4. Улмаар 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ******* дугаартай ******* Сургуулийн барилга, 640 суудал /*********,********** сум, * дугаар сургууль/барилга угсралтын ажлын хугацаа сунгах гэрээ”-ний дагуу 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан.[4]
2.5. Дахин 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн *******+6 дугаартай ******* Сургуулийн барилга, 640 суудал /*********,********** сум, * дугаар сургууль/барилга угсралтын ажлын хугацаа сунгах гэрээ”-ний дагуу 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгасан.[5]
2.6. Боловсролын ерөнхий газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 27 дугаартай “Томилолтын удирдамж”-ийн дагуу байгуулагдсан Хяналт шалгалтын ажлын хэсэг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд байрлах “******* *****”ХХК-ийн гүйцэтгэж буй 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлын явцын шалгалт хийсэн.
2.7. Дээрх Хяналт шалгалтын ажлын хэсгийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Томилолтын тайлан”-ийн 15-д “ажлын явц” хэсэгт “ Дотор шугам угсралтын ажил хийж эхлээд зогссон байв. Гадна дулааны сувгийн ажил хийгдсэн боловч норм дүрэм зөрчиж хийсэн” гэж, “ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгавар” хэсэгт “…Салхивчийн шугамын шахалт дотор давхцуулж хийсэн дотор халаалтын босоо шугам, халаах хэрэгсэл зэргийг зургийн зохиогчтой зөвшилцөж шилжүүлэн хийх талаар захиалагчийн хяналт гүйцэтгэгч байгууллага шийдвэрлэж өгөх ... гадна дулааны сувгийн ажлыг буулгаж дахин зургийн дагуу гүйцэтгүүлэх” зэрэг үүрэг даалгаврыг тус хяналт шалгалтын ажлын хэсгээс нэхэмжлэгч “******* *****”ХХК-д өгсөн байна.[6]
2.8. Тус хяналт шалгалтыг үндэслэн Боловсролын ерөнхий газраас 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1/534 дугаартай “Шаардлага хүргүүлэх тухай” албан бичгээр “…хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор арилгаж ... барилга угсралтын ажлыг батлагдсан ажлын зургийн дагуу барилгын норм стандартад нийцүүлэн гүйцэтгэхийг анхааруулж, гэрээт хугацаанд барилга угсралтын ажлыг бүрэн дуусгаж ашиглалтад оруулж ажиллахыг” “******* *****”ХХК-д мэдэгдэж, албан шаардлага хүргүүлсэн.[7]
2.9. Захиалагчийн хяналт хэрэгжүүлэх газар болох Барилгын хөгжлийн төвийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 01/2912 дугаартай “Тайлбар хүргүүлэх тухай” албан бичгээр “...хяналт шалгалтын ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгавраас гадна дулааны сувгийг зориулалтын бус /даацын бус/ материал ашигласныг буулгаж, батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгэх, агааржуулалтын хоолойн хонгил дотор халаалтын босоо шугам, халаах хэрэгсэл давхцуулж хийсэн зэрэг алдаа зөрчлүүдийг засаж залруулаагүй болох нь 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр томилолтоор ажиллахад нотлогдсон болно” гэх тайлбарыг томилолтын ажлын фото зургийн хамт тус шүүхэд ирүүлсэн.[8]
2.10. Дээрх тайлбар хавсаргаж ирүүлсэн баримтаас үзэхэд, “…үүссэн алдаа зөрчлийг арилгуулах тус байгууллагын хяналтын инженерүүдийн баг 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн албан томилолтоор барилга угсралтын талбайд ажиллаж ажлын тэмдэглэлд тусгасан байна” гээд 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Захиалагч байгууллагаас өгсөн үүрэг, тавьсан шаардлага, зөвлөмжийн хуудасны зургийг хавсаргажээ.[9]
2.11. Улмаар Барилгын хөгжлийн төвийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 01/1346 дугаартай “Хариуцлага тооцуулах тухай” албан бичгээр “…гэрээт хугацаанд ашиглалтад оруулах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул гэрээг дүгнэж хариуцлага тооцож өгнө үү” гэж Боловсролын ерөнхий газарт хандсан.[10]
2.12. Мөн ******** аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1/287 дугаартай “Хариуцлага тооцуулах тухай” албан бичгээр “…тус барилга угсралтын ажлын гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний нөхцөл шаардлагын дагуу гэрээг цуцалж, хариуцлага тооцуулахыг саналыг хүргүүлж байна” гэж Боловсролын ерөнхий газарт хандсан. [11]
2.13. ******* Сургуулийн барилга, 640 суудал /*********,********** сум, * дугаар сургууль/төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичгийн Гэрээний ерөнхий нөхцөлийн 56.1 дэх хэсэгт “Захиалагч, эсхүл гүйцэтгэгч нөгөө тал нь гэрээг ноцтой зөрчсөн гэж үзвэл гэрээг цуцлах эрхтэй” гэж, 56.2 дахь хэсэгт “гэрээний ноцтой зөрчил”-ийг зохицуулсан.[12]
2.14. Улмаар Боловсролын ерөнхий газраас 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1/2119 дугаартай албан бичгээр барилга угсралтын ажлын гэрээг дуусгавар болгон цуцалж байгаа тухай нэхэмжлэгч компанид мэдэгджээ.[13]
2.15. Нэхэмжлэгчийн зүгээс “...Гэрээний үүрэг ямар нэгэн байдлаар зөрчигдөөгүй гэж нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн зүгээс үзэж байна. 2025 оны төсөв суутгасан төсвийг захиалагч өгөөгүй. Ажил гүйцэтгэх гэрээний онцлог нь захиалагчийн бараа материал буюу мөнгө төгрөгөөр ажил гүйцэтгэх зохицуулалттай. Үүний хүрээнд тодорхой ажил гүйцэтгэсэн. Барилгыг Барилгын тухай хуульд зааснаар эцсийн байдлаар хүлээлгэн өгөөгүй, Улсын комисс ажиллаагүй байна. Гэсэн хэдий ч гэрээг цуцалсан нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн. Барилгын ажлын угсралтын гэрээний 18 дугаар зүйлд барилга угсралтын ажлыг зураг төслийн дагуу гүйцэтгээгүй буюу барилга бүтээцийн алдаа гаргасан нь эрх бүхий этгээдийн дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийг үндэслэн захиалагч гэрээг цуцалж 2 талын ажилтныг дүгнэн хохирлыг барагдуулна гэсэн зохицуулалттай. Тэгэхээр Барилга хөгжлийн төв болон ******** аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас ирсэн албан тоотуудыг дүгнэлт гэж үзэж байна.
Барилга хөгжлийн төвийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн тайлбар хүргүүлэх тухай албан бичигт барилгын явцад хийсэн алдаануудыг дурдаад гадна дулаан шугамын сүлжээний суваг зориулалтын бус даацын бус материал ашигласныг засварлаагүй гэж 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар гэрэл зургаар баталгаажуулж, 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр захиалагч байгууллагаас өгсөн үүрэг зөвлөмжийг буюу нийт 14 шаардлага, зөвлөмжийг хүргүүлсэн байдаг. 14 шаардлага зөвлөмжийг гүйцэтгэгч байгууллагын хувьд бүрэн хийх боломжтой. Гэрээний хугацаанд улсын төсвөөс санхүүжилт авсны үндсэн дээр зөрчил дутагдлуудыг арилгах боломжтой. Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.8-д заасан хугацаанд Улсын комисс ажиллахаас өмнө энэ зөрчлүүдийг арилгах боломжтой. Гэрээг цуцлах тухай захиргааны акт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий биш байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар тендер шалгаруулалт болоод тухайн компани шалгараад ажлаа гүйцэтгээд 80 хувийн гүйцэтгэлтэй явж байна. 80-аас дээш хувийн гүйцэтгэлтэй барилга угсралтын ажлын үйл явцыг засварлах боломжтой нөхцөл байдал байсаар байхад боломжгүй мэтээр ажиллах хүч, бараа материал дутуу байна гэдэг шалтгааны үүднээс цуцалсан нь хууль бус байна. Үүнийг бүрэн гүйцэтгэх боломжтой нөхцөл байдал байна. Тухайн компанийг гүйцэтгэх удирдлагын зүгээс 1.7 тэрбум төгрөгийн үлдэгдэл санхүүжилт байгаа гэдгийг илэрхийлж байна. Яагаад санхүүжилт, барилга гүйцэтгэх хугацаанд өгөөгүй нь зөвхөн нэхэмжлэгчийг буруутгахаас илүү буруутай үйл ажиллагаа аль алинд нь байна.” гэх зэрэг агуулгаар маргаж байна.
2.16. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...Хяналт шалгалтаар гадна дулаан, цэвэр усны шугамын сувгийн үл нэвтрүүлэх суваг болон худгийн хийцлэлийг батлагдсан зураг төслөөс зөрчиж, хашааны /даацын бус/ блокоор хийсэн. Мөн шугамын дулаалга чанарын шаардлага хангахгүй, битүүмжлэлгүй, задарч муудсан байгаа нь БНбД 41-02-13-ын 13.2.1 дэх заалт, БНбД 41-05-18-ын 4.4, 4.6, 4.17, 9.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн. Спорт заалны дотор халаалтын шугамын шалан доорх сувгийг мөн норм, стандарт зөрчиж хийсэн. Хийгдсэн байгаа бетон шалнуудын бетон хагарч цууран, чанарын шаардлага хангахааргүй болсон. Хийгдсэн байгаа халаалтын босоо шугамуудад зэврэлт өгсөн. Иймд ажлын хэсгийн зүгээс салхивчийн шугамын шаахт дотор давхцуулж хийсэн дотор халаалтын босоо шугам, халаах хэрэгсэл зэргийг зургийн зохиогчтой зөвшилцөж, шилжүүлэн хийх талаар захиалагчийн хяналт гүйцэтгэгч байгууллага шийдвэрлэж өгөх, мөн гадна дулааны сувгийн ажлыг буулгаж, дахин зургийн дагуу гүйцэтгүүлэх үүрэг даалгаврыг газар дээр нь өгсөн. 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр "Шаардлага хүргүүлэх тухай" 1/534 дугаартай албан бичгээр 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Захиалагчийн ажлын хэсгийн шалгалтаар илэрсэн дээрх ноцтой зөрчлүүдийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор бүрэн арилгаж, барилга угсралтын ажлыг батлагдсан ажлын зургийн дагуу барилгын норм стандартад нийцүүлэн гүйцэтгэхийг анхааруулж, зөрчлийг арилгаагүй тохиолдолд гэрээ цуцлах арга хэмжээ авахыг мэдэгдсэн. Гэвч энэ хугацаанд гүйцэтгэгч компани болох "******* *****” ХХК-аас дээрх зөрчлүүдийг арилгасан тухай албан бичиг болон холбогдох баримтууд ирүүлээгүй тул Монгол Улсын Засгийн газрын 2017 оны "Дүрэм батлах тухай" 170 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Барилгын ажлын захиалагчийн дүрэм"- ийн 2.9, 3.12 дахь хэсэгт зааснаар Захиалагчийн хяналт хэрэгжүүлэгч байгууллага болох Барилгын хөгжлийн төвийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн "Хариуцлага тооцуулах тухай" 01/1346 дугаар албан бичиг, ********* аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2025 оны 06 дугаар сарын 03- ны өдрийн "Хариуцлага тооцуулах тухай" 1/287 дугаартай албан бичгээр ирүүлсэн саналыг харгалзан 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн "Гэрээ цуцлах тухай" 1/2119 дугаартай албан бичгийг "******* *****” ХХК-д хүргүүлсэн. Гэрээ цуцлах тухай мэдэгдэлд дан ганц гэрээний 18 дугаар зүйлийг бариагүй бөгөөд гэрээний ерөнхий нөхцөлийн 56 дугаар зүйлийн 56.1-д Захиалагч, эсхүл гүйцэтгэгч нөгөө тал нь гэрээг ноцтой зөрчсөн гэж үзвэл гэрээг цуцлах эрхтэй гэж заасан болон бусад хууль, захиргааны актын холбогдох заалтыг үндэслэж уг мэдэгдлийг хүргүүлсэн.” гэх зэрэг агуулгаар тайлбарлаж байна.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б**** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…2019 оны 09 дүгээр сарын 18-ны хуучин нэршлээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга болон “******* *****”ХХК-ийн гүйцэтгэх удирдлага нарын хооронд ******** аймгийн ******** сум * дугаар сургуулийн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Үүний дагуу барилга угсралтын ажил Барилгын тухай хууль болон Барилгын норм нормативд заасан үндэслэлээр барилга баригдаж тодорхой үйл ажиллагаа явагдсан. Гэвч захиалагч Боловсролын ерөнхий газрын зүгээс 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1/2119 дугаар захиргааны актаар гэрээг цуцалсан. Цуцалсан үндэслэлдээ “…барилга угсралтын ажил маш удаан, ажиллах хүч байхгүй, өгсөн үүрэг даалгаврын биелэлт хангагдаагүй, барилга угсралтын ажил стандарт норм ба дүрэм, хангахгүй чанаргүй байгаа талаар албан шаардлага хүргүүлсэн боловч арга хэмжээ авч ажиллахгүй байгаа тул хариуцлага тооцуулах тухай албан бичиг хүсэлтүүдийг үндэслэн Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 355.2 мөн Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, Гэрээний ерөнхий нөхцөлийн 56.1, 56.2, 56.2.а, 56.3, 56.4-д тус тус зааснаар 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээг үүгээр цуцалж байна” гэж мэдэгдсэн.
Боловсролын ерөнхий газар 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гүйцэтгэгч байгууллага буюу ******* ***** ХХК-д албан шаардлага хүргүүлсэн. Албан шаардлагад 4 үндэслэлийг зааж өгсөн. Гадна дулаанд суурилсан шугамын ханыг үл нэвтрүүлэх суваг болон худгийн хийцтэй батлагдсан зураг төслөөс зөрчиж хашааны даацын бус блокоор хийсэн. Мөн шугамын дулаалга чанарын шаардлага хангахгүй, битүүмжлээгүй задарч муудсан гэх 1 зөрчил. Спорт заалны дотор халаалтын шугамын далан доорх сувгийг мөн норм стандарт зөрчиж хийсэн, хийгдсэн байгаа бетон шалнуудыг бетон гудас цөмөрч чанарын шаардлага хангаагүй хийгдсэн, халаалтын босоо шугамууд зэврэлт өгсөн гэдэг 4 үндэслэл шаардлагыг тавьсан.
Дээрх 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээг Иргэний хуульд зааснаар гүйцэтгэгч болон захиалагч нар хэд хэдэн удаа сунгасан байдаг. Гэрээг сунгаад гэрээний үнийн дүн болон хугацаа дээр тодорхой өөрчлөлт орсон. Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.8 барилга байгууламжийн ашиглалтын зүгшрүүлэх, тохируулах хугацаанд өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гарсан хохирлыг хариуцах нь гүйцэтгэгчийн үүрэг юм. 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн үндсэн гэрээнд тодорхой эрх үүрэгтэйгээр захиалагч болон гүйцэтгэгч нар Иргэний хуулийн 343 дугаар зүйл буюу Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэрээний үүрэг ямар нэгэн байдлаар зөрчигдөөгүй гэж нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн зүгээс үзэж байна. 2025 оны төсөв суутгасан төсвийг захиалагч өгөөгүй. Ажил гүйцэтгэх гэрээний онцлог нь захиалагчийн бараа материал буюу мөнгө төгрөгөөр ажил гүйцэтгэх зохицуулалттай. Үүний хүрээнд тодорхой ажил гүйцэтгэсэн. Барилгын тухай хуулийн дээрх заалтаар ямар нэгэн байдлаар зөрчил дутагдал гарвал зүгшрүүлэх болон тохируулах хугацааны дотор засахаар гүйцэтгэгч байгууллага буюу нэхэмжлэгч байгууллага нь ухамсарлан ойлгож байна. Барилгыг Барилгын тухай хуульд зааснаар эцсийн байдлаар хүлээлгэн өгөөгүй, Улсын комисс ажиллаагүй байна. Гэсэн хэдий ч гэрээг цуцалсан нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн гэдэг үндэслэлээр Захиргааны хэргийн шүүхэд хандсан.
2019 оны *********** дугаартай гэрээний 18 дугаар зүйлд барилга угсралтын ажлыг зураг төслийн дагуу гүйцэтгээгүй буюу барилга бүтээцийн алдаа гаргасан нь эрх бүхий этгээдийн дүгнэлтээр тогтоогдсон тохиолдолд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийг үндэслэн захиалагч гэрээг цуцалж 2 талын ажилтныг дүгнэн хохирлыг барагдуулна гэсэн зохицуулалттай. Тэгэхээр Барилга хөгжлийн төв болон ******** аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас ирсэн албан тоотуудыг дүгнэлт гэж үзэж байна. Гэрээг ямар нэгэн байдлаар дүгнэсэн юм уу, дүгнээгүй юм уу гэдэг асуудал урган гарах учиртай. Өмнөх шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар болон хариуцагч байгууллагын гаргасан тайлбараар гэрээг ямар нэгэн байдлаар дүгнээгүй гэдэг тайлбарыг хэлсэн байдаг.
2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа барилга угсралтын ажлын явц байдалтай танилцаж хяналт хийсэн томилолтын тайлангийн 15-д ********* аймгийн ******** сумын 660 суудалтай сургуулийн барилгад ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгавар, салхивчийн шугамыг давхцуулж хийсэн, дотор халаалтын босоо шугам халаах хэрэгсэл зэргийг зураг зохиогчтой зөвшилцөж шилжүүлэг хийх талаар захиалагчийн хяналт гүйцэтгэгч байгууллага шийдвэрлэж өгөх, мөн гадна дулааны сувгийн ажлыг буулгаж дахин зургийн дагуу гүйцэтгэх зэрэг үүрэг өгсөн гэдэг байдлаар томилолтын тайланд тусгагдаж хяналт шалгалт хийсэн байдаг. Тэгэхээр нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс захиалагч зураг зохиогчтой зураг төсөлд өөрчлөлт орсон эсэх талаар нотлох баримтыг шаардсан. Үүнийг шүүхээс хангаж, хариуцагч байгууллагаас шаардсан боловч тус нотлох баримтыг ирүүлээгүй учраас халаах хэрэгслийн зургийг зохиогчтой зөвшилцөж ийм байдал өнөөдрийг хүртэл үүсээгүй гэдэг дүгнэлт хүрч байна. Манайх тухайн барилгад хяналт тавих чиг үүрэг байхгүй болсон. Хяналт тавих чиг үүргийг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар барилгын ажилд захиалагчийн техникийн хяналт хэрэгжүүлэх гэрээний дагуу Барилга хөгжлийн төв бол хариуцах болсон гэдэг агуулга яригддаг. Үүний дагуу гэрээ байгуулчихсан.
Жагсаалтын 10-т ******** аймгийн ********* сум сургуулийн барилга байдаг. Техникийн хяналт хэрэгжүүлэх явцад 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Барилга хөгжлийн төв ********* аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын албан тоотын үндэслэл Боловсролын ерөнхий газар гэрээг дүгнэ гэдэг асуудал яригдсан. Барилга хөгжлийн төвийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн тайлбар хүргүүлэх тухай албан бичигт барилгын явцад хийсэн алдаануудыг дурдаад гадна дулаан шугамын сүлжээний суваг зориулалтын бус даацын бус материал ашигласныг засварлаагүй гэж 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар гэрэл зургаар баталгаажуулж, 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдөр захиалагч байгууллагаас өгсөн үүрэг зөвлөмжийг буюу нийт 14 шаардлага, зөвлөмжийг хүргүүлсэн байдаг. 14 шаардлага зөвлөмжийг гүйцэтгэгч байгууллагын хувьд бүрэн хийх боломжтой. Гэрээний хугацаанд улсын төсвөөс санхүүжилт авсны үндсэн дээр зөрчил дутагдлуудыг арилгах боломжтой. Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.8-д заасан хугацаанд Улсын комисс ажиллахаас өмнө энэ зөрчлүүдийг арилгах боломжтой. Гэрээг цуцлах тухай захиргааны акт нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий биш учраас хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс бүрэн дэмжиж байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар тендер шалгаруулалт болоод тухайн компани шалгараад ажлаа гүйцэтгээд 80 хувийн гүйцэтгэлтэй явж байна. 80-аас дээш хувийн гүйцэтгэлтэй барилга угсралтын ажлын үйл явцыг засварлах боломжтой нөхцөл байдал байсаар байхад боломжгүй мэтээр ажиллах хүч, бараа материал дутуу байна гэдэг шалтгааны үүднээс цуцалсан нь хууль бус байна. Үүнийг бүрэн гүйцэтгэх боломжтой нөхцөл байдал байна. Үүний дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тухайн компанийг гүйцэтгэх удирдлагын зүгээс 1.7 тэрбум төгрөгийн үлдэгдэл санхүүжилт байгаа гэдгийг илэрхийлж байна. Яагаад санхүүжилт, барилга гүйцэтгэх хугацаанд өгөөгүй нь зөвхөн нэхэмжлэгчийг буруутгахаас илүү буруутай үйл ажиллагаа аль алинд нь байна.” гэжээ.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг төсөл 2019 онд гэрээ байгуулагдаад явсан. Үүнд эрх бүхий гэрээнүүдийг тухайн үед сунгаж байсан гэдэг зүйл байна. Тэр нь бол 2 төрлийн шалтгаан байна. 1 нь ковид цар тахлын нөхцөл байдал Монгол улсад тархсан. Үүнтэй холбоотойгоор барилга угсралтын ажил явах боломжгүй болоод гэрээний хугацааг сунгах процессыг хийсэн. Мөн зураг төсөв нь шинээр магадлагдаад анхны байгуулсан гэрээний дүн дээр нэмэлт санхүүжилтийн асуудал үүссэн. Түүнийг нь яриад байгаа Барилгын тухай хуулийн 48 дахь заалтаар бид нар барилгын шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэж өгнө гэдэг хуулийн хүрээнд Улсын Их Хурал, Засгийн газарт оруулаад 2023 оны саналд оруулаад 2024 оны улсын төсвийн орлогоор нэмж батлагдаад түүнийх нь дагуу нэмэлт гэрээ байгуулаад барилгыг батлагдсан норм дүрэм, стандартын дагуу зурагдсан ажлыг хийж гүйцэтгэх нөхцөл байдал санхүүжилтийг нь шийдэж өгсөн. Энэ компани нь гүйцэтгэлээ бичээд авдаг журамтай. Захиалагч тал мөнгө олгохгүй, санхүүжилт өгөхгүй байгаатай холбоотой бид нар ажил хийгээгүй гэж байна. Сангийн яамны гаргасан журмын дагуу гүйцэтгэгч өөрөө санхүүжилт хүссэн, санхүүжилтийн гүйцэтгэл гэж гаргадаг. Тэр гүйцэтгэл нь бид ийм ажил хийсэн учраас үүнийг олгоод өгөөч гэж хүсэлт гаргадаг гэсэн үг. Тэр хүсэлтийг нь ямар байгууллага хянадаг вэ гэхээр Газрын харилцаа барилга хөгжлийн төв Сангийн яаманд тавьдаг. Хамгийн анхан шатын байгууллага нь компани өөрөө. Бидний хийсэн ажил энэ байна. Ингэж ингэж явна гэсэн бүх зүйлсээ үүсгээд явдаг. Үүсгэсэн үүсгээгүйгээ нотлох зүйлээ Сангийн яамны системд улсын төсвийн бүх санхүүжилт хаанаас хэзээ үүсгэсэн, яаж явсан гэдэг түүх нь бичигдээд архивлагдаж үлддэг.
Барилга хөгжлийн төв хяналт хийх байгууллага гэдгийг ярьж байна. Барилгын хөгжлийн төв нь 2013 оны Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажлуудад хяналт тавьдаг эрх бүхий байгууллага. Түүний хүрээнд Боловсролын ерөнхий газар, Засгийн газрын тогтоолтой байгууллагатай хяналт тавих эрх бүхий байгууллагатай гэрээ байгуулаад хяналтаа хэрэгжүүлээд явдаг. Аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар нь Барилгын хөгжлийн төвтэй адилхан Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны 1 бүтэц нь байдаг. Барилгын хөгжлийн төвтэй адилхан хяналт хийдэг эрх бүхий барилгын салбар нь орон нутагт байдаг байгууллага гэсэн үг. Албан шаардлагуудыг ярьж байна. Манай албан шаардлагын 1-т дулааны шугамыг зориулалтын бус хашааны даацын бус блокоор өрчихсөн. Дулааны материалыг ширхгийн материал буюу тоосгон блокоор бүрдэггүй. Бид нарын хэрэглэдэг материалыг зураг стандартаар гаргасан лотки тавьдаг. Тэр нь ямар үүрэгтэй вэ гэхээр шугам нь газраар яваад үндсэн барилга руу орж байдаг. Дээрээс нь таг тавиад бүгд стандарттай байдаг. Түүний дагуу хийх ёстой. Тэгж хийж байгаа гол зарчим нь ус, шороо нэвтэрч орохгүй бүрэн хааж өгөх ёстой. Хэрэв тэгж барихгүй дотор нь ус орвол барилгын үндсэн дотор хэсэг ус ороод барилгадаа нөлөөлдөг. Эсвэл зоорьтой барилга шууд узелээр орж байвал зоорины давхарт ус орж хайлах, хөлдөх эрдэл их үүсдэг. Зургийг нь харсан бол газар дээрээ өрчхөөд дээрээс нь нэмээд таг тавьчихсан байгаа. Таг нь мөн марктай, үзүүлэлт стандарттай байдаг. Гэтэл талбай дээр нь өөрсдөө цутгаад тавьчихсан цуурсан, зориулалтын бус зүйл хэрэглэчихсэн байсан. 2025 оны 02 дугаар сард бичиг өгөөд бид нар хийгээд өгөх боломжтой байсан гэж байна. Бид нар 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаа өгсөн. Барилгын ажил явуулах технологийн хугацаа гэж байдаг. Тэр нь 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд барилга угсралтын ажлыг явуулж болно гэдэг технологийн горимын хугацаа байдаг. Тэр хугацааг ямар байдлаар тогтоодог гэхээр 04 дүгээр сард өвөл дуусаад хөрс гэсээд газар шорооны ажил хийгдээд явах бүрэн боломжтой болсон хугацаанаас эхлээд барилгын ажил хийгээд явах боломжтой. Тэр хооронд сар хагасын хугацаа өгөөд ингэж хийгээрэй, ийм ийм зөрчил байна гэдэг зүйлийг явуулсан. Түүний дагуу нэг ч тайлбар өгөөгүй. Барилга хөгжлийн төв сар болгон төлөвлөгөөт ажлууд хийгээд хяналт хийдэг. Хяналт болгон дээр тухайн газар очоод харахад хэдэн хүн, ямар нөхцөл байдалтай байсан гэдгийг нь хараад мэдэж байсан. Барилгын ажлыг гүйцэтгэхэд улаан журнал буюу барилгын ажлын тэмдэглэл гэж байдаг. Мөн хөдөлмөр хамгааллын дэвтэр гэж байдаг. Хөдөлмөр хамгааллын дэвтэр дээр тэдэн сарын тэдэнд тэдэн хүн ажиллалаа гэж хөдөлмөр хамгааллын инженер нь бичдэг. Өнөөдөр тэдэн хүн ажиллалаа, тийм зүйл хийхээр байна, өндөрт ажиллахаар бол хамгаалалтын бүс, малгайгаа хэрэглэж ажиллаарай гэж аюулгүй байдлын норм дүрмийг цаасаар өгөөд гарын үсэг зуруулж бүртгэдэг дэвтэр байдаг. Тэр дэвтэр талбай дээр нь байгаагүй. Барилгын хөгжлийн төв очих болгондоо үүрэг даалгавраа засаж өгөөрэй гээд бичиж явж байсан тэмдэглэгээгээ баримтаар ирүүлсэн. Нэхэмжлэгчээс бид ингэж ажлаа хийж байна санхүүжилт авъя гэж хандсан зүйл байхгүй. Бид сар хагасын хугацаанд засаад хэрэгжүүлэх боломжтой хугацааг өгсөн. Барилгын хөгжлийн төвөөс санал хүсэлтийг нь авах эрхтэй. Барилгын тухай хуульд стандарт зөрчөөгүй, норм дүрмээрээ хийгдсэн барилгын ажилд санхүүжилт өгнө гэдэг хуулийн зохицуулалт байдаг. Нормын дагуу хийгдээгүй ажлын гүйцэтгэл бичээд ирвэл Барилгын хөгжлийн төвөөс засаж залруулаад норм дүрэм, стандартын дагуу болсон тохиолдолд түүнийг нь өгөх хуулийн зохицуулалттай.” гэжээ.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц***** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Гэрээ цуцлах мэдэгдлийг хууль бус болгох нэхэмжлэлийн тухайд нэхэмжлэгч үндэслэлдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах хуулиар захиалагчид Ажил гүйцэтгэх гэрээ цуцлах эрх олгоогүй байна гэж тайлбарласан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3.10-т гэрээ цуцлах болон гэрээнээс татгалзах үндэслэл, журам-ыг гэрээний нөхцөлд тусгана гэж заасны дагуу гэрээний 18 дугаар зүйлд гэрээ цуцлахтай холбоотой заалтуудыг тусгасан. Энэ заалтуудаас гадна гэрээний баримт бичигт гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл гэж гэрээний тусгай нөхцөл, нэмэлт нөхцөл гээд дарааллын дагуу ашиглахаар байна. Гэрээний 18 дугаар зүйлд заасан эрх бүхий этгээдийн дүгнэлтийг үндэслэж гэрээг цуцлах ёстой гэдгийг заагаад өгчихсөн учраас захиалагч гэрээг цуцлах эрхгүй гэж ярьж байна. Гэрээний ерөнхий нөхцөлийн 56.1-т захиалагч эсвэл гүйцэтгэгч гэрээг ноцтой зөрчсөн гэж үзвэл гэрээг цуцлах эрхтэй гэсэн зүйлийг заасан. Тухайн заалтыг баримтлаад эхлээд манайх шаардлага хүргүүлсэн. Дараа нь гэрээ цуцлах тухай мэдэгдэл хүргүүлсэн. Гэрээний 18 дахь заалтыг барьж гэрээг цуцлаагүй. Манай гэрээг цуцалсан мэдэгдэл хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна. Барилгын хөгжлийн төвийн ирүүлсэн баримтын 2024 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 4 дэх хэсэгт талбайг хариуцсан инженер техникийн ажилтан байгаагүй гэдэг захиалагчийн төлөөлөгч гарын үсэг зураад доод талд нь гүйцэтгэгч компани гарын үсэг зурсан нотлох баримт байна. Боловсролын ерөнхий газраас 02 дугаар сарын 04-ний өдөр шаардлага хүргүүлэх тухай албан бичгийг хүргүүлсэн. 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор тухайн ажлуудыг хийж гүйцэтгээрэй гэдэг үүрэг даалгавар өгсөн. Энэ хугацаанд гүйцэтгэгч компани үүрэг даалгаврыг гүйцэтгээгүй. Энэ нь 28 хоногийн хугацаанд ажил зогссон юу ч хийгээгүй гэдгийг харуулж байна гэдгийг хэлмээр байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгч “******* *****” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Тогтоогдсон үйл баримтын тухайд, нэхэмжлэгч “******* *****”ХХК нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамтай /хуучин нэрээр/ 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ******* дугаартай ******* Сургуулийн барилга, 640 суудал /*********,********** сум, * дугаар сургууль/барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулжээ.
2. Тус гэрээг талууд харилцан тохиролцон 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн ******** дугаартай ******* Сургуулийн барилга, 640 суудал /*********,********** сум, * дугаар сургууль/барилга угсралтын ажлын хугацаа сунгах гэрээ”-ний дагуу 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан байна.
3. Мөн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ******** дугаартай ******* Сургуулийн барилга, 640 суудал /*********,********** сум, * дугаар сургууль/барилга угсралтын ажлын хугацаа сунгах гэрээ”-ний дагуу 2022 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүртэл сунгажээ.
4. Улмаар 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ******** дугаартай ******* Сургуулийн барилга, 640 суудал /*********,********** сум, * дугаар сургууль/барилга угсралтын ажлын хугацаа сунгах гэрээ”-ний дагуу 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгаж, дахин 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ******* дугаартай ****** Сургуулийн барилга, 640 суудал /*********,********** сум, * дугаар сургууль/барилга угсралтын ажлын хугацаа сунгах гэрээ”-ний дагуу 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгасан.
5. Маргаан бүхий Боловсролын ерөнхий газрын даргын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1/2119 дугаар “Гэрээ цуцлах тухай” мэдэгдэлд[14] / 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр ******* дугаартай ******* Сургуулийн барилга, 640 суудал /*********,********** сум, * дугаар сургууль/барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г цуцлахдаа Иргэний хуулийн холбогдох зохицуулалтууд, талуудын хооронд байгуулсан гэрээний ерөнхий нөхцөлөөс гадна Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3 дахь хэсгийг баримталсан байна.
6. Тиймээс шүүх Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдах авах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 60 дугаар зүйлийн 60.4 дэх хэсэгт “Захиргааны гэрээнд хамаарах худалдан авах гэрээг Захиргааны ерөнхий хуульд үндэслэн цуцалснаас бусад гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой маргааныг иргэний хэргийн шүүхэд харьяалан шийдвэрлүүлнэ.” гэж заасны дагуу Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52 дугаар зүйлд заасан захиргааны гэрээ, түүнийг Захиргааны ерөнхий хуулийн дагуу цуцалсантай холбоотой маргаан гэж үзэн шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.
7. Өөрөөр хэлбэл, энэхүү эрх зүйн маргаан нь сонгодог захиргааны актын маргаан биш бөгөөд харин Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт заасан захиргааны гэрээ, түүний цуцлахтай холбоотой маргаан болохыг тэмдэглэж байна.
8. Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн харилцааг үүсгэж, өөрчилж, эсхүл дуусгавар болгохоор захиргааны гэрээг эрх зүйн хэм хэмжээнд нийцүүлэн байгуулж болно.”, 52.2 дахь хэсэгт “Дараах харилцаанд захиргааны гэрээг хэрэглэж болно:” гээд, мөн зүйлийн 52.2.3 дахь заалтад “төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслөөр хэрэгжүүлэхээс бусад дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг бий болгох, тогтвортой ашиглахтай холбогдсон харилцаанд;” гэж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдах авах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “Захиалагч, шалгарсан оролцогчийн хооронд байгуулах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ /цаашид "худалдан авах гэрээ" гэх/-ний гол нөхцөл нь тендер шалгаруулалтын баримт бичиг болон шалгарсан оролцогчийн ирүүлсэн тендер байна.”, 39.3 дахь хэсэгт “Худалдан авах гэрээнд дараах нөхцөлийг тусгана:” гээд, мөн зүйлийн 39.3.10 дахь заалтад “гэрээ цуцлах болон гэрээнээс татгалзах үндэслэл, журам;” гэж зохицуулжээ.
9. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт “Захиргааны байгууллага нийтийн ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулахаар бол түүнээс урьдчилан сэргийлэх, эсхүл арилгах үүднээс захиргааны гэрээг дангаар цуцалж болно.”, 56.4 дэх хэсэгт “Захиргааны гэрээг цуцлах үндэслэл тодорхой байхыг шаардах бөгөөд түүнийг бичгээр илэрхийлнэ.” гэж заасан.
10. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнээс үзэхэд, төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслөөр хэрэгжүүлэхээс бусад дэд бүтцийн болон нийгмийн суурь үйлчилгээг бий болгох, тогтвортой ашиглахтай холбогдсон харилцааны хүрээнд байгуулсан захиргаа гэрээг захиргааны байгууллагын нэг талын санаачилгаар цуцалж болох бөгөөд энэ тохиолдолд нийтийн ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулах нөхцөл байдлыг шаардаж байна.
11. Мөн захиргааны эрх зүйн онолд, захиргааны гэрээг цуцлах тухай мэдэгдлийг захиргааны акт биш, харин гэрээг цуцалж дуусгавар болгоход чиглэсэн нэг талт хэлцэл буюу нийтийн эрх зүйн хүсэл зоригийн илэрхийлэл гэж үздэг болно.
12. Захиргааны ерөнхий хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт “Захиргааны гэрээнд энэ хуулийн Тавдугаар бүлэгт зааснаас гадна Иргэний хуульд заасан гэрээний суурь зохицуулалт нэгэн адил үйлчлэх бөгөөд өөрөөр зохицуулсан захиргааны хэм хэмжээ байхгүй тохиолдолд нөхөн тохируулж хэрэглэнэ.
Тайлбар: Нөхөн тохируулж хэрэглэх гэж тухайн асуудлыг зохицуулсан заалт энэ хуульд байхгүй тохиолдолд Иргэний хуулиас нөхөж хэрэглэх бөгөөд түүнийг хэрэглэхдээ нийтийн эрх зүйн зарчимтай уялдуулан захиргааны үйл ажиллагаа болон захиргааны гэрээнд тохирч байгаа эсэхийг нягтлан шалгаж тохируулан хэрэглэхийг ойлгоно.” гэж зохицуулсан.
13. Хуулийн дээр дурдсан зохицуулалт, захиргааны эрх зүйн онолын хүрээнд захиргааны гэрээнд Иргэний хуулийн ерөнхий нийтлэг зохицуулалтыг нөхөн тохируулж хэрэглэхийг зөвшөөрнө.
14. Маргаан бүхий энэ тохиолдолд хариуцагч нь талуудын хооронд байгуулсан захиргааны гэрээг Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 355.2, Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3, Гэрээний ерөнхий нөхцөлийн[15] 56.1, 56.2, 56.2.а, 56.3, 56.4-т заасан үндэслэлүүдээр цуцалснаа мэдэгдсэн байна.
15. Захиргааны гэрээг захиргааны байгууллагын нэг талын санаачилгаар цуцлахад гэрээний үүргийн гүйцэтгэлийн ноцтой зөрчил гарсны улмаас нийтийн ашиг сонирхолд ноцтой хор уршиг учрах нөхцөл байдлыг шаардах бөгөөд хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд:
16. Боловсролын ерөнхий газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 27 дугаартай “Томилолтын удирдамж”-ийн дагуу байгуулагдсан Хяналт шалгалтын ажлын хэсэг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр ******** аймгийн ****** суманд байрлах “******* *****” ХХК-ийн гүйцэтгэж буй 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлын явцын шалгалт хийж,
17. дээрх Хяналт шалгалтын ажлын хэсгийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Томилолтын тайлан”-ийн 15-д “ажлын явц” хэсэгт “ Дотор шугам угсралтын ажил хийж эхлээд зогссон байв. Гадна дулааны сувгийн ажил хийгдсэн боловч норм дүрэм зөрчиж хийсэн” гэж, “ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгавар” хэсэгт “…Салхивчийн шугамын шахалт дотор давхцуулж хийсэн дотор халаалтын босоо шугам, халаах хэрэгсэл зэргийг зургийн зохиогчтой зөвшилцөж шилжүүлэн хийх талаар захиалагчийн хяналт гүйцэтгэгч байгууллага шийдвэрлэж өгөх ... гадна дулааны сувгийн ажлыг буулгаж дахин зургийн дагуу гүйцэтгүүлэх” зэрэг үүрэг даалгаврыг тус хяналт шалгалтын ажлын хэсгээс нэхэмжлэгч “******* *****” ХХК-д өгсөн байна.
18. Тус хяналт шалгалтыг үндэслэн Боловсролын ерөнхий газраас 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1/534 дугаартай “Шаардлага хүргүүлэх тухай” албан бичгээр “…хяналт шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн дотор арилгаж ... барилга угсралтын ажлыг батлагдсан ажлын зургийн дагуу барилгын норм стандартад нийцүүлэн гүйцэтгэхийг анхааруулж, гэрээт хугацаанд барилга угсралтын ажлыг бүрэн дуусгаж ашиглалтад оруулж ажиллахыг” “******* *****” ХХК-д мэдэгдэж, албан шаардлага хүргүүлжээ.
19. Захиалагчийн хяналт хэрэгжүүлэх газар болох Барилгын хөгжлийн төвийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 01/2912 дугаартай “Тайлбар хүргүүлэх тухай” албан бичгээр “...хяналт шалгалтын ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгавраас гадна дулааны сувгийг зориулалтын бус /даацын бус/ материал ашигласныг буулгаж, батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгэх, агааржуулалтын хоолойн хонгил дотор халаалтын босоо шугам, халаах хэрэгсэл давхцуулж хийсэн зэрэг алдаа зөрчлүүдийг засаж залруулаагүй болох нь 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр томилолтоор ажиллахад нотлогдсон болно” гэх тайлбарыг томилолтын ажлын фото зургийн хамт тус шүүхэд ирүүлжээ.
20. Дээрх тайлбар хавсаргаж ирүүлсэн баримтаас үзэхэд, “…үүссэн алдаа зөрчлийг арилгуулах тус байгууллагын хяналтын инженерүүдийн баг 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн албан томилолтоор барилга угсралтын талбайд ажиллаж ажлын тэмдэглэлд тусгасан байна” гээд, 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн Захиалагч байгууллагаас өгсөн үүрэг, тавьсан шаардлага, зөвлөмжийн хуудасны зургийг хавсаргажээ.[16]
21. Улмаар Барилгын хөгжлийн төвийн 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 01/1346 дугаартай “Хариуцлага тооцуулах тухай” албан бичгээр “…гэрээт хугацаанд ашиглалтад оруулах боломжгүй нөхцөл байдал үүссэн тул гэрээг дүгнэж хариуцлага тооцож өгнө үү” гэж Боловсролын ерөнхий газарт хандсан, мөн ******** аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1/287 дугаартай “Хариуцлага тооцуулах тухай” албан бичгээр “…тус барилга угсралтын ажлын гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний нөхцөл шаардлагын дагуу гэрээг цуцалж, хариуцлага тооцуулахыг саналыг хүргүүлж байна” гэж Боловсролын ерөнхий газарт хандсан нөхцөл байдлууд тогтоогдов.
22. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна.” гэж заасан бөгөөд шүүх талуудын хооронд хүсэл зоригийн илэрхийллийн зөрүүтэй байдал үүссэн бол үгийн шууд утгыг баримтална.
23. Хэдийгээр хариуцагчаас гэрээг цуцлах нэг үндэслэлээ Гэрээний ерөнхий нөхцөлийн 56.2-т “Дор дурдсан нөхцөлүүдийг гэрээний ноцтой зөрчил гэж үзэх бөгөөд эдгээрээр хязгаарлагдахгүй:”, 56.2.а “ажлын хөтөлбөрт ажил зогсоох тухай заагаагүй, түүнчлэн ажил зогсоох тухай шийдвэрийг төслийн менежер батлаагүй байхад гүйцэтгэгч ажлыг 28 буюу түүнээс дээш хоногийн хугацаагаар зогсоосон” зөрчил гаргасан гэж тайлбарлах байх боловч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан маргаан бүхий гэрээг цуцлах тухай 1/2119 дугаар мэдэгдэл, 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1/534 тоот “Шаардлага хүргүүлэх тухай” албан тоот[17] зэрэгт дурдагдсан хүсэл зоригийн илэрхийллийг нэгтгэн авч үзвэл, Гэрээний ерөнхий нөхцөлийн 56.2.д “тодорхой зөрчил, гологдлыг арилгаж чадаагүй нь гэрээний ноцтой зөрчил болохыг төслийн менежер гүйцэтгэгчид мэдэгдсэн бөгөөд гүйцэтгэгч нь уг зөрчил, гологдлыг заасан хугацаанд нь багтаан арилгаж чадаагүй”[18] гэх зөрчилд хамаарахаар байна гэж шүүх дүгнэлээ.
24. Өөрөөр хэлбэл, захиалагчийн хяналт хэрэгжүүлэх газар болох Барилгын хөгжлийн төвийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 01/2912 дугаартай “Тайлбар хүргүүлэх тухай” албан бичгээр “...хяналт шалгалтын ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгавраас гадна дулааны сувгийг зориулалтын бус /даацын бус/ материал ашигласныг буулгаж, батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгэх, агааржуулалтын хоолойн хонгил дотор халаалтын босоо шугам, халаах хэрэгсэл давхцуулж хийсэн зэрэг алдаа зөрчлүүдийг засаж залруулаагүй болох нь 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдөр томилолтоор ажиллахад нотлогдсон болно” гэх тайлбараас үзэхэд захиалагчаас гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч “******* *****”ХХК-д ажлын доголдлын талаар, түүнийг засах талаар удаа дараа мэдэгдэж, хугацаа олгосоор байхад нэхэмжлэгч нь тэрхүү ажлын доголдлыг засварлаагүй байгаа нь гэрээний ноцтой зөрчилд хамаарахаар байна гэж үзлээ.
25. Түүнчлэн, барилгын гадна дулааны сувгийг зориулалтын бус /даацын бус/ материал ашигласныг буулгаж, батлагдсан зураг төслийн дагуу гүйцэтгэх, агааржуулалтын хоолойн хонгил дотор халаалтын босоо шугам, халаах хэрэгсэл давхцуулж хийсэн зэрэг алдаа зөрчлүүдийг засаж залруулаагүй зөрчлийн үр дагавар нь Захиргааны ерөнхий хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт заасан “нийтийн ашиг сонирхолд ноцтой хор уршиг учруулах”-аар байна гэж шүүх дүгнэв.
26. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд талууд гэрээг дүгнэсэн актын талаар зөрүүтэй тайлбар хэлсэн бөгөөд шүүх “гэрээг цуцалж дүгнэх”, “гэрээний үүрэг бүрэн биелэгдсэнээр дуусгавар болсныг дүгнэх” нь хууль зүйн агуулгаараа ялгаатай гэж үзсэнийг тэмдэглэж байна.
27. Учир нь, маргаан бүхий энэ тохиолдолд талуудын хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх заалтын дагуу “үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн”-ээр буюу гэрээний үүрэг бүрэн биелэгдсэнээр дуусгавар болоогүй бөгөөд харин гэрээг нэг талын санаачилгаар цуцалж дуусгавар болгож байх ба энэ тохиолдолд “ex nunc”[19] буюу гэрээг цуцалснаар тухайн цаг мөчөөс эхлэн гэрээний харилцаа дуусгавар болж, цуцалснаас хойшоо үүсэх үр дагаврыг “нэхэмжлэгчид гарсан зардал, хариуцагчид учирсан хохирол” зэрэг үр дагаврыг талууд дүгнэх тухай ойлголт үүснэ.
28. Тиймээс “гэрээг дүгнэсэн акт”-ыг үйлдэхгүйгээр гэрээг цуцалсан нь буруу гэх агуулга бүхий нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.
29. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.3 дахь хэсэг, 39.3.10 дахь заалт, 60 дугаар зүйлийн 60.4, Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.1, 52.2 дахь хэсэг, 52.2.3 дахь заалт, 56 дугаар зүйлийн 56.3, 56.4, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “******* *****”ХХК-ийн гаргасан “Боловсролын ерөнхий газрын даргын 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 1/2119 дугаар “Гэрээ цуцлах тухай” мэдэгдлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ
[1] Хавтаст хэргийн /цаашид “Хх” гэх/ 13-15 дахь тал
[2] Хх 16-17 дахь тал
[3] Хх 18-19 дэх тал
[4] Хх 18-19 дэх тал
[5] Хх 22-23 дахь тал
[6] Хх 54 дэх тал
[7] Хх 26-27 дахь тал
[8] Хх 183-186 дахь тал
[9] Хх 187-188 дахь тал
[10] Хх 29 дэх тал
[11] Хх 28 дахь тал
[12] Хх 130 дахь тал
[13] Хх 24-25 дахь тал
[14] Хх 24-25 дахь тал
[15] Хх 130 дахь тал
[16] Хх 187-188 дахь тал
[17] Хх 26 дахь тал
[18] Хх 130 дахь тал
[19] “Гэрээг цуцалснаас эхлэн” гэх утгатай хууль зүйн латин нэр томьёо.