Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2024/ДШМ/06

 

Б.М, Б.Г нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч О.Однямаа даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч Б.Наранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: 

прокурор Т.Түмэнжаргал,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Э.Оргил /цахимаар/,

шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн /цахимаар/,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан нарыг оролцуулан,

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах даргалж шийдвэрлэсэн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/23 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.М өмгөөлөгч Э.Оргил, шүүгдэгч Б.Г өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн нарын гаргасан гомдлыг үндэслэн Б.М, Б.Г нарт холбогдох 2317000000070 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Наранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Т овогт Б М оны  дугаар сарын -ны өдөр Х аймгийн  суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа - дүгээр хаалттай хорих ангид ерөнхий жижүүр ажилтай, ам бүл , эхнэр,  хүүхдийн хамт Нийслэлийн Б дүүргийн дугаар хороо  дугаар байрны тоотод оршин сууж байгаа (лавлагаагаар Б дүүргийн  дугаар хороо  дугаар гудамжны тоотод оршин суух), улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд ял шийтгэлгүй гэх /РД: /,

Монгол Улсын иргэн, Б овогт Б Г  оны  дугаар сарын -ны өдөр Д аймгийн Г суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин,  ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Д аймаг Д сумын  дүгээр баг, С ж гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, урьд Дорнод аймаг дахь сум дундын шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар, Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ДШМ/32 дугаартай магадлалаар 2 жилийн хугацаагаар хорих ял болгон өөрчилж, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ХМШЗ/44 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялаас хугацааны өмнө суллаж, эдлээгүй үлдсэн 7 сар 5 хоногийн хорих ялтай тэнцүү хяналтын хугацаа тогтоосон гэх /РД: /

Шүүгдэгч Б.М нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/1614 дугаартай тушаалаар Г аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дугаар нээлттэй хорих ангийн ахлах төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа тус хорих ангид хорих ял эдэлж байсан буюу малын хэсэг дээр хөдөлмөрлөж байсан хоригдол Б.Г ашиг сонирхлын үүднээс түүнтэй хувийн харилцаа тогтоож 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр албан бусаар ганцаарчлан уулзаж, хорих ангийн тухайн өдрийн “Арга зүйн зөвлөл”-ийн хуралдаанд санал өгөх эрхтэй гишүүний хувьд өөрийг нь хугацааны өмнө тэнсэн суллахыг дэмжсэн санал өгнө хэмээн 15 цаг 18 минутад өөрийн хадам аав Д.Э Хаан банк дахь - дугаарын дансаар дамжуулан 3,000,000 төгрөгийг хахуульд  авч, улмаар 16 цаг 00 минутад “Арга зүйн зөвлөл”-ийн 8 дугаар хуралд биечлэн оролцож Б.Г хугацааны өмнө суллахыг дэмжсэн санал өгсөн,

шүүгдэгч Г аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дугаар нээлттэй хорих ангид хуваарилагдан хорих ял эдэлж байсан Б.Г нь хугацааны өмнө суллагдахаар буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус ангийн ахлах төлөөлөгчөөр ажиллаж байсан Б.М хорих ангийн “Арга зүйн зөвлөл”-ийн санал өгөх эрхтэй гишүүнийх нь хувьд хувийн харилцаа үүсгэж, өөрийгөө дэмжүүлэхийн тулд 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр иргэн Б.Ц Хаан банк дахь - дугаарын дансаар дамжуулан Б.М хадам аав Д.Э Хаан банк дахь - дугаарын данс руу 3,000,000 төгрөгийг шилжүүлүүлэн өгч хахууль өгсөн гэх гэмт хэрэгт холбогджээ.

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас: Б.М үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Г үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Т овогт Б М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Б Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх” гэмт хэргийг хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.М Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Г энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/144 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 2022/ДШМ/32 дугаартай магадлалаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял болгон өөрчилсөн ялаас эдлээгүй үлдсэн 7 /долоо/ сар 5 /тав/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил 7 /долоо/ сар 5 /тав/ хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.Г оногдуулсан 1 /нэг/ жил 7 /долоо/ сар 5 /тав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 1 /нэг/ хоногийн хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс, шүүгдэгч Б.Г оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс тус тус тоолж, шүүгдэгч Б.Г нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Б.М, Б.Г нар нь гэмт хэргийн улмаас бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.М гэмт хэрэг үйлдэж олсон орлого буюу шүүгдэгч Б.Г гаргуулан Авлигтай тэнцэх газрын Төрийн сангийн 100900033401 дугаартай тусгай дансанд байршуулж 3,000,000 /гурван сая/ төгрөгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлж, шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М, Б.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.М өмгөөлөгч Э.Оргил давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хуралдаанд миний үйлчлүүлэгч Б.М гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж оролцсон бөгөөд шүүхээс түүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулсан боловч өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэл тохироогүй үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн шийдвэрт аливаа хэлбэрээр нөлөөлөхгүй гэж үзэж байна. Тус хэргийн материалд цугларсан нотлох баримтуудаас дүгнэхэд Б.М үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хахууль авах” гэмт хэргийн шинжгүй, хэргийн зүйлчлэл эргэлзээтэй гэж үзэж байгаа тул Говьсүмбэр  аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/23 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд зааснаар дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 425 дугаар нээлттэй хорих ангид ахлах төлөөлөгчөөр ажиллаж байсан Б.М нь албаны чиг үүргийн хувьд ялтнуудыг хугацааны өмнө хорих ялаас тэнсэн суллах шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан биш бөгөөд ялтан Б.Г, хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдах зорилгоор прокурорт өгүүлэхээр өгсөн 3,000,000 төгрөгийг дамжуулан өгөхөөр авсан болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсоор байтал “Хахууль авах” гэмт хэрэг үйлдсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.  Хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Б.Г нь “3,000,000 төгрөгийг магадлангаар суллуулахаар прокурорт өгүүлэхээр Б.М өгсөн” гэдгээ анхны тайлбар, мэдүүлэгтээ мэдүүлснээс гадна, Б.М дамжуулан прокурорт мөнгө өгч, магадлангаар гарах гэж байгаа талаар гэрч Ц.Х, Б.А, Д.Ц-А, Д.Т, Б.Г нарт ярьсныг тэдгээр хүмүүс гэрчилж мэдүүлэг өгсөн байдаг. Дээрх нотлох баримтуудаас дүгнэвэл шүүгдэгч Б.М хахууль авах гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл тогтоогдохгүй, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-д заасан “Хахууль өгөх” гэмт хэргийг үйлдэхэд хамжигчаар хамтран оролцсон гэх үндэслэлтэй байна.

2. Шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.М “... арга зүйн зөвлөл”-ийн хуралдаанд санал өгөх эрхтэй гишүүний хувьд өөрийг нь хугацааны өмнө тэнсэн суллахыг дэмжсэн санал өгнө хэмээн хадам аав Д.Э дансаар дамжуулан 3,000,000 төгрөгийг хахуульд авсан” гэж дүгнэсэн байна. Хавтаст хэргийн материалд авагдсан нотлох баримтууд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.М нь шүүгдэгч Б.Г “хугацааны өмнө тэнсэн суллуулахаар санал өгнө” гэж мөнгө авсан үйл баримт тогтоогдоогүй, үүнтэй холбоотой ямар нэгэн нотлох баримт байхгүй байгааг анхаарах шаардлагатай байна. Б.М хувьд гэмт хэрэг үйлдсэн сэдэлт, санаа зорилгоо тодорхой хэлсэн. Мөнгө цаашаа очих ёстой эзэндээ очоогүй нь, гэмт хэрэг бүрэн төгсөөгүй учраас завдалтын шинжийг агуулж байна.

Иймд тус хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн зүйлчлэлийг өөрчлөн шийдвэрлэж өгөхийг хүсье гэв.

Шүүгдэгч Б.М давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 10 дугаар ангиа төгсөөд л ажилласан, одоо 25 жил болж байна. Тэтгэвэртээ гарахад 2 сар л үлдсэн байсан. Гэтэл одоо ийм байдалд орчихоод байж байна. Энэ байгууллагад ажиллах хугацаандаа ямар нэгэн асуудалд орж байгаагүй, шагнал урамшуулал авч байсан. Энэ хүнд тус болох гэж байгаад ийм байдалд орчихлоо. 16 настай охин минь нас бараад 49 хоног нь дуусаагүй, сэтгэл санааны хувьд маш хүнд байна. Өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байгаа гэв.

Шүүгдэгч Б.Г өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шүүгч ял оногдуулахдаа улсын яллагчаас ялын шүүмжлэлд санал оруулаагүй 7 сар 5 хоногийн ялыг эдлээгүй үлдсэн ял гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт шүүгдэгч Б.Г 1 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэхдээ илтэд яллах талыг баримталж үндэслэлгүйгээр 7 сар 5 хоногийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийг үндэслэн нэмж нэгтгэсэн гэж үзэж эс зөвшөөрч байна. Учир нь:

1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2023/ХМШЗ/44 дугаартай захирамжаар хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, эдлээгүй үлдсэн 7 сар 5 хоногийн ялтай тэнцүү хяналтын хугацаа тогтоож сулласан захирамж хүчин төгөлдөр болж үүнээс хойш шүүх хурал болох өдрийн байдлаар буюу 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 8 сар 11 хоног өнгөрч хүчин төгөлдөр захирамжаар тогтоосон хяналтын хугацаа дуусгавар болсон байжээ.

2. Б.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 1 жилийн хорих ялаар шийтгүүлэхдээ гэм буруугийн талаар маргаангүй, гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас хүлээн мэдүүлж гэмт хэргийн улмаас бий болсон хор уршиг буюу 3,000,000 төгрөгийг сайн дураараа төлж шүүх хуралдаанд оролцсон тул прокурорын ялын саналаар шүүхээс уг хэрэгт оноосон 1 жилийн хорих ял дээр маргах зүйлгүй хүлээн зөвшөөрч байгаа болно.

3. Б.Г холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг нь 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр үйлдэгдсэн ба Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023/ХМШЗ/44 дугаартай захирамж нь 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр гарсан байгаа бөгөөд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дугаар зүйлийг хэрэглэхдээ захирамжийн хүчин төгөлдөр байдлыг шууд орхигдуулснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг илтэд дордуулж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ. 

4. Захирамжийн хүчин төгөлдөр байдал нь шүүхийн тогтоолтой адил заавал биелэх эрх зүйн үр дагавар бүхий шийдвэр бөгөөд уг гэмт хэргээс хойш гарсан тэнсэж хянан харгалзсан заалт бүхий захирамжийг хүчингүй болгоогүй, эсвэл уг захирамжид заасан заалт бүрэн биелсэн байхад түүнийг үгүйсгэн захирамжаар үйлчлэлийг дуусгавар болгосон өмнө ял шийтгэсэн тогтоолыг буцааж хэрэглэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалтыг шууд зөрчиж, мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 1.3-т заасан үндэслэл үүссэн гэж үзэж эс зөвшөөрч  байна.

Иймд Говьсүмбэр аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/23 тоот шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дугаар зүйлийн 1.4-т заасныг баримтлан Б.Г эдлэх ялаас эрх зүйн хувьд эргэлзээтэй ял буюу нэмж нэгтгэн 7 сар 5 хоногийн ялыг хасч 1 жилийн хорих ял болгон өөрчлөлт оруулах хуулийн үндэслэлтэй гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна гэв.

Шүүгдэгч Б.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би бичиг үсэг мэдэхгүй, надаас мэдүүлэг авахдаа өмгөөлөгч оролцуулаагүй, гарын үсэг зур гэж дууддаг байсан. Намайг өмгөөлөгч авах эрхээр хангаагүй. Хамгийн сүүлд прокуророос хэргийг шүүхэд шилжүүлэх талаар хэлээд өмгөөлөгч чинь хаана байна гэсэн. Би хавтаст хэрэгтээгээ огт танилцаагүй. Би Говьсүмбэр аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын малыг, ахлагчтайгаа хардаг байсан. Арга зүйн зөвлөлийн хуралд оруулна гэж ярьсан зүйл байхгүй. Би ажил хөдөлмөр хийдэг байсан болохоор анги магадлангаар орвол 100 хувь тэнцэнэ гэдэгтээ итгэлтэй байсан. Хэрвээ би тэнцэхгүй гэж бодсон бол энэ мөнгийг прокурорт өгөх шаардлага байхгүй байсан. Тийм учраас прокурорт мөнгө өгөөд сулладаг, мөнгөтэй хүн эндээс гардаг, мөнгөгүй хүн хэзээ гарахгүй шүү гэсэн дам ярианаас үүдэн Б.М даргад санал тавьсан. Би энэ хэргийг анх илрүүүлж, мөнгө өгдөг асуудал байдаг талаар шүгэл үлээчихээд байхад яагаад намайг буруутгаад байгаа юм гэж хэлмээр байна гэв.

Прокурор Т.Түмэнжаргал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.М тухайд хавтаст хэрэгт авагдсан гэрч Б.Ц, Ц.Х, Б.А, Д.Ц-А, Д.Т, Б.Г зэрэг гэрчүүдийн мэдүүлэг мөн Б.Ц дансны хуулга, Д.Э дансны хуулга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шалгалтын материалууд мөн Арга зүйн зөвлөлийн хуралдааны тэмдэглэл зэрэг бусад нотлох баримтуудаар юу харагддаг юм бэ гэхээр Б.М нь хахууль авах гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогддог. Өөрөөр хэлбэл Б.М нь 3,000,000 төгрөгийг Б.Г авч хадам аавынхаа буюу Д.Э дансанд авч улмаар охиндоо шилжүүлэн тухайн мөнгийг өөрсдийн хувь хэрэгцээндээ зарцуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлшгүй тогтоогддог. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг болно. Б.М өмгөөлөгчөөс зүйлчлэл өөрчлүүлэх тухай гомдол нь үүгээр тогтоогдохгүй, хэн нэгэнд хахууль өгөхөд хамжигч байдлаар оролцоотой хэргийг үйлдээгүй. Шүүгдэгч Б.Г тухайд гэм буруу дээр маргаагүй, давж заалдсан гомдолдоо энэ талаар дурдаагүй, зөвхөн 7 сар 5 хоногийг нэмсэн асуудал дээр гомдол гаргаж байна. Улсын яллагчийн зүгээс ямар байр суурьтай байна вэ гэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно гэсэн байдаг. Б.Г тухайд өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн ял байхгүй учраас 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй. Анхан шатны шүүх хуралдаан дээр улсын яллагчийн зүгээс 7 сар 5 хоногийг нэмж нэгтгэх талаар дүгнэлтийг хэлээгүй. Яагаад гэвэл тухайн ял нь 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Б.Г хянан харгалзаж суллагдаад 7 сар 5 хоногийн хянан харгалзсан хугацааны энэ ялыг эдлээд дууссан. Хэрвээ энэ ялыг эдэлж дуусаагүй байсан бол нэмж нэгтгэх нь хууль зүйн үндэслэлтэй. Нэгэнт дууссан ялыг нэмж нэгтгэх ямар нэгэн боломжгүй. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6.8, 6.9 дэх хэсэгт зааснаар ямар журмаар ял оногдуулах вэ гэхээр тэнссэн хугацаанд буюу хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг үйлдсэн бол нэмж нэгтгэж болохоор зохицуулсан. Тэгэхээр эдгээр заалтын аль нэгэнд хамаарахгүй учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж 7 сар 5 хоногийг хүчингүй болгох нь зүйтэй  гэсэн саналыг гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ :

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ. 

1. Говьсүмбэр аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Нэргүйгээс, шүүгдэгч Б.М Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/1614 дугаартай тушаалаар Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар  дугаар нээлттэй хорих ангийн ахлах төлөөлөгчөөр ажиллаж байх хугацаандаа тус хорих ангид хорих ял эдэлж байсан буюу малын хэсэг дээр хөдөлмөрлөж байсан хоригдол Б.Г ашиг сонирхлын үүднээс түүнтэй хувийн харилцаа тогтоож 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр албан бусаар ганцаарчлан уулзаж, хорих ангийн тухайн өдрийн “Арга зүйн зөвлөл”-ийн хуралдаанд санал өгөх эрхтэй гишүүний хувьд өөрийг нь хугацааны өмнө тэнсэн суллахыг дэмжсэн санал өгнө хэмээн 15 цаг 18 минутад өөрийн хадам аав Д.Э Хаан банк дахь 5953135109 дугаарын дансаар дамжуулан 3,000,000 төгрөгийг хахуульд авч, улмаар 16 цаг 00 минутад “Арга зүйн зөвлөл”-ийн 8 дугаар хуралд биечлэн оролцож Б.Г хугацааны өмнө суллахыг дэмжсэн санал өгсөн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан,

 шүүгдэгч Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дугаар нээлттэй хорих ангид хуваарилагдан хорих ял эдэлж байсан Б.Г нь хугацааны өмнө суллагдахаар буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор тус ангийн ахлах төлөөлөгчөөр ажиллаж байсан Б.М хорих ангийн “Арга зүйн зөвлөл”-ийн санал өгөх эрхтэй гишүүнийх нь хувьд хувийн харилцаа үүсгэж, өөрийгөө дэмжүүлэхийн тулд 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр иргэн Б.Ц Хаан банк дахь дугаарын дансаар дамжуулан Б.М хадам аав Д.Э Хаан банкин дахь - дугаарын данс руу 3,000,000 төгрөгийг шилжүүлүүлэн өгч хахууль өгсөн гэх гэмт хэрэгт үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

2. Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хэмжээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд хахууль авах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хорих ял оногдуулжээ. 

3. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Б.Г өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгээс “...анхан шатны шүүх улсын яллагчийн ялын шүүмжлэлд санал оруулаагүй 7 сар 5 хоногийн ялыг, эдлээгүй үлдсэн ял гэж үзэж нэмж нэгтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй”, шүүгдэгч Б.М өмгөөлөгч Э.Оргилоос   “...шүүгдэгчийн үйлдэл нь хахууль авах гэмт хэргийн шинжгүй, хэргийн зүйлчлэл эргэлзээтэй” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан байна.

4. Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, эх сурвалжийг магадлан үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан шүүхийн тогтоолыг өөрчлөх үндэслэлд хамаарч байна. Тодруулбал, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар  дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй гэж үзнэ.

Прокурор, шүүгдэгч Б.М холбогдуулан “...Арга зүйн зөвлөлийн санал өгөх эрхтэй гишүүний хувьд өөрийг нь хугацааны өмнө тэнсэн суллахыг дэмжсэн санал өгнө хэмээн ...3,000,000 төгрөг хахуульд авч, ...дэмжсэн санал өгсөн”, мөн шүүгдэгч Б.Г холбогдуулан “...Б.М хорих ангийн Арга зүйн зөвлөлийн санал өгөх эрхтэй гишүүнийх нь хувьд хувийн харилцаа үүсгэж, өөрийгөө дэмжүүлэхийн тулд ...3,000,000 төгрөгийн хахууль өгсөн” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлджээ.

Хэрэгт авагдсан, нотлох баримтууд болох:

шүүгдэгч Б.М “...гэмт хэргийн зүйлчлэл дээр маргахгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн,

шүүгдэгч Б.Г “...гэм буруугаа хүлээж байгаа. Хугацаанаасаа нэг хоногийн өмнө гаръя гэж бодоод шилжүүлсэн” гэсэн,

 гэрч Б.Ц “...дугаараас танихгүй эрэгтэй хүн залгаад дансны дугаар хэлээд тэр данс руу нь мөнгө шилжүүлсэн. Тус 3,000,000 төгрөг нь Б.Г магадланд оруулж өгнө гэж авсан мөнгө. Энэ талаараа Б.Г надтай утсаар ярихдаа хэлсэн. ...тэрнээс хойш 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Б.Г над руу утсаар яриад нөгөө чиний хийсэн 3,000,000 төгрөг буцаж орсон уу гэж асуусан. 3,000,000 төгрөг тус өдрийнхөө 13 цаг 17 миний данс руу “butsaalt” гүйлгээний утгатайгаар орлого орсон байсан“ гэсэн,

гэрч Ц.Х “...гайхаад чи яахаараа анхныхаараа гардаг юм бэ гэж асуухад прокурорт мөнгө өгсөн гэж хэлсэн. ...нэг хүнээр зуучлуулж байгаа гэсэн. ...Ахлах төлөөлөгч Б.М тарваганы мах авчирч өгөөд Б.Г ганцаарчлан уулзахаар нь магадланд оруулахаар зуучилж өгөөд байгаа хүн нь ахлах төлөөлөгч М юм байна гэж таамагласан. ...ахлах төлөөлөгч М прокурорын туслахтай ярьсан чинь энэ сард магадлангаас хасаад дараа сарын магадлангаар гаргана гэж байна, гаргаж чадахгүй юм бол яах гэж мөнгө төгрөг авсан юм бэ гэж бухимдаж надад ярьсан” гэсэн,

гэрч Б.А “...энэ хугацаанд М, Г 2-3 удаа ирж уулзаж байсан бөгөөд уулзахдаа дандаа ганцаарчлан уулздаг” гэсэн,

гэрч Д.Ц-А “...Би тодруулаад асуухад Г хэлэхдээ ахлах төлөөлөгч М 3,000,000 төгрөг өгсөн, намайг хугацаанаас өмнө магадланд оруулж гаргана, цааш нь яриад өгнө гэсэн, одоо бараг 2 сар болчихлоо худлаа боллоо мөнгөө авна гэсэн” гэсэн,

гэрч Д.Т “...Тодруулж асуухад Г хэлэхдээ ахлах төлөөлөгч М дамжуулан хяналтын прокурорт 3,000,000 төгрөг өгсөн, тэгээд суллагдана гэж ярьж байсан. Миний ойлгосноор Б.М нь ярьж өгнө гээд 3,000,000 төгрөгийг түүнээс авах гэж байгаа юм байна, мөн прокурор гэдэг нь ял дэлүүлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Нямбилэгт юм байна гэж ойлгосон” гэсэн,

гэрч Б.Г “...ахлах төлөөлөгч М 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр малын хэсэг дээр ирж шалгасан. Прокурорыг би танина, аргалаад өгнө, харин чи надад 3,000,000 төгрөг зохицуулаад өг гэхээр нь тэр өдөр нь өөрийн хуурай дүү Ц утсаар ярьж байгаад 3,000,000 төгрөгийг нь өөрийнх нь өгсөн данс руу хийлгэсэн гэж хэлсэн. ...Би Б.Г мэдээллийг ангийн удирдлага С.Г танилцуулж, тухайн өдрөө албаны шалгалт явуулах төлөвлөгөөг батлуулж ажиллагаа хийсэн” гэсэн,

гэрч Э.Нямбилэгтийн “...Б.М хувийн харилцаа байхгүй, өр авлагын асуудал байхгүй. Б.М хоригдол Б.Г магадланд оруулж хорих ялаас хугацааны өмнө суллуулах асуудлаар уулзаж ярилцсан зүйл огт байхгүй, бусдаар дамжуулан надад хэлүүлж нөлөөлсөн зүйл байхгүй” гэсэн,

гэрч С.Г “...хамаатныхаа хүний дансаар дамжуулж Б.М мөнгө өгсөн нөхцөл байдал тогтоогдож... тайлбар авахад мөнгө авснаа хүлээн зөвшөөрсөн” гэсэн,

гэрч О.Б “...Б.М нь хоригдолтой хувийн харилцаа тогтоож магадланд оруулж өгнө гэх нэрийдлээр 3,000,000 төгрөг авсан гэх асуудал танилцуулагдаж байсан” гэсэн өөр хоорондоо зөрүүгүй мэдүүлгүүд,

 Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дугаар нээлттэй хорих ангийн албаны шалгалт явуулсан материал, Хаан банк дахь харилцах дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс үзэхэд, шүүгдэгч Б.М, Б.Г нарын хооронд “прокурортой хувийн харилцаатай учир мөнгө өгч, хорих ялаас хугацааны өмнө суллуулах” тохиролцоо хийгдсэн, харин “Арга зүйн зөвлөлийн хуралд дэмжих санал өгүүлэх” талаар ярилцаж тохиролцоогүй болох нь тогтоогдож байна.

Иймд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно”, “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэснээр анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар хэргийн бодит байдал хөдөлбөргүй тогтоогдсон байх тул давж заалдах шатны шүүхээс мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг зөвтгөн шүүхийн тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

5. Гэвч ийнхүү тогтоогдож буй хэргийн бодит байдал нь шүүгдэгч Б.М холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн зүйлчлэлтэй тохирохгүй байна. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” үндэслэл буюу мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэж үзэхээр байна.

Хахууль авах гэмт хэргийн шинж нь “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан” үйлдэл байдаг.

Гэтэл шүүгдэгч Б.М нь хоригдол Б.Г өөрийн эрх мэдлийн хүрээнд Арга зүйн зөвлөлийн хуралд дэмжих санал өгөх талаар харилцан тохиролцоогүй, хоригдлыг хугацаанаас нь өмнө тэнсэн суллах эрх мэдэл бүхий албан тушаалтан биш, харин “албан тушаалын байдал” буюу албаны эрх нөлөөгөө ашиглан хоригдлын амьдрах бүсэд нэвтрэн прокурорын нэрийг барьж “нэг айлын хүргэн, баз, хувийн харилцаатай” мэтээр хуурч, 3,000,000 төгрөгийг авч, хувийн хэрэгцээнд зарцуулсан үйл баримт тогтоогдож байна.

Тодруулбал, энэ үйлдэл нь албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хохирогчид итгэл, үнэмшил төрүүлж, хуурч мэхлэн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Иймд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж ... болно.” гэснээр шүүгдэгч Б.М холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар өөрчлөн зүйлчлэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Оргилын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

6. Хэргийн зүйлчлэл өөрчлөгдснөөр шүүгдэгчийн эрх зүйн байдал дордох нөхцөл үүсэхгүй бөгөөд шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, ар гэр болон хувийн байдлыг харгалзан хорихоос өөр төрлийн ял буюу арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 1 хоног, анхан шатны шүүх хуралдаанаас хойш цагдан хоригдсон 33 хоног нийт 34 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 510 000 төгрөгийг оногдуулсан торгох ялаас хасч, торгох ялын хэмжээг 9 490 000 төгрөгөөр тогтоолоо.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоов.

7. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Г “өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.

Учир нь, “хахууль өгөх” гэмт хэргийн онцлог нэгэн шинж нь өгөгч, авагч талуудын харилцан сонирхол “хүсэл шуналын” нэгдлийн илэрхийлэл байдгаараа онцлогтой. Өөрөөр хэлбэл, хахууль өгөгч нь өөрийн хүссэн зүйлийг хийхэд эрх мэдэл хүрэлцэхгүй, түүнд шударгаар хүрэх боломжгүй гэдгээ мэдэж байгаа атлаа түүнд хялбар дөт аргаар хүрэхийн тулд эрх мэдэл бүхий албан тушаалтанд хээл хахууль өгснөөр тухайн албан тушаалтан түүний ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёстой үүргээ гүйцэтгэхгүй байх буюу гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийдгээрээ нийгэмд аюултай үйлдэл болно.[1]

  Шүүх бүрэлдэхүүн, шүүгдэгч Б.М “хахууль авах” гэмт хэрэг үйлдээгүй гэж дүгнэсэн учир шүүгдэгч Б.Г холбогдох “хахууль өгөх” гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байх тул прокуророос шүүгдэгч Б.Г холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн давж заалдах гомдолд дүгнэлт хийхгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

8. Анхан шатны шүүх, шүүгдэгч Б.М гэмт хэрэг үйлдэж олсон орлого буюу шүүгдэгч Б.Г гаргуулан Авлигтай тэмцэх газрын Төрийн тусгай дансанд байршуулсан 3,000,000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.

9. Шүүгдэгч Б.М торгох ял оногдуулсан учир түүнд анхан шатны шүүхээс авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах, шүүгдэгч Б. 33 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, тэднийг шүүх хуралдааны танхимаас суллах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2024/ШЦТ/23 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Г холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.” гэж,

тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг “Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.М холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж, шүүгдэгч Т овогт Б М албан тушаалын байдлаа ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

 тогтоох хэсгийн 3 дугаар заалтыг “Шүүгдэгч Б.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж,

тогтоох хэсгийн 4 дүгээр заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М оногдуулсан 10 000 000 төгрөгийн торгох ялыг гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоосугай.” гэж,

тогтоох хэсгийн 5 дугаар заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэж, 

тогтоох хэсгийн 6  дугаар заалтыг хасаж, “7, 8, 9, 10” дугаар заалтуудыг “6, 7, 8, 9” болгон тус тус өөрчилж, шүүгдэгч Б.М өмгөөлөгч Э.Оргилын давж заалдах гомдлыг хангаж, шүүгдэгч Б.Г өмгөөлөгч Ш.Мягмарцэрэнгийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М цагдан хоригдсон 34 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 510 000 төгрөгөөр тооцож, 10 000 000 төгрөгийн торгох ялаас хасч, торгох ялын хэмжээг 9 490 000 /есөн сая дөрвөн зуун ерэн мянга/ төгрөгөөр тогтоосугай.

3. Шүүгдэгч Б.Г нь давж заалдах шатны шүүх хуралдаан хүртэл 33 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.М, Б.Г нарыг шүүх хуралдааны танхимаас суллаж, шүүгдэгч Б.М хэргийг анхан шатны шүүхэд очтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  О.ОДНЯМАА

 ШҮҮГЧ                                                        Н.БОЛОРМАА

        ШҮҮГЧ                                                        Б.НАРАНЧИМЭГ

 

[1] УДШ, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тайлбар,1.хэвлэл, (2010), х.635.