Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 2024/ДШМ/18

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 29-ний өдөр                    Дугаар 2024/ДШМ/18                           Өвөрхангай аймаг

 

 

Б.Ц-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанд     

 

                                                     Прокурор Ц.Эрдэнэбат /цахимаар/

                                                Хохирогчийн өмгөөлөгч Г.Гандөш /цахимаар/

                                                Хохирогч Д.У /цахимаар/

                                                Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн хохирогч Д.У-ын гомдлоор Б.Цид холбогдох эрүүгийн 2327001610002  тоот хэргийг 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 56 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн .... сумын .... тоотод оршин суух хаягтай, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ... овгийн Б.Ц

 

Б.Ц нь 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн нутаг “Дулааны ар” гэх газраас хохирогч Д.У-ын 1 тооны адууг хулгайлж 3 500 000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос: Б.Ц-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч ... овгийн Б.Ц-ийг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар Б.Ц-ийг тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэн,  хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалган, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Ц нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлэхгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэн, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3-т зааснаар шүүгдэгч Б.Цаас хохиролд 2 800 000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 1 320 000 төгрөг, нийт 4 120 000 төгрөгийг гаргуулж хохирогч Саманд овгийн Д.У-т олгохоор, шүүгдэгч Б.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эдийн мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хоноггүй, шүүгдэгч нь хохирол 3 500 000 төгрөг төлсөн болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Ц-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Хохирогч Д.У давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Д.У би 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Хархорин сумын Шанх багийн нутаг “Дулааны ар” гэх газраас 1 тооны хурдан удмын адуугаа алдсан. Миний адууг Б.Ц гэх этгээд хулгайлсан байсан бөгөөд Хархорин сумын Цагдаагийн хэлтэст мөрдөн шалгах ажиллагаа явагдаж Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаартай тогтоолоор шүүгдэгч Б.Цийг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хохирол төлбөрт 4 120 000 төгрөгийг гаргуулан надад олгохоор шийдвэрлэсэн.

 

Миний бие энэхүү хохирлын асуудлыг шийдвэрлэсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хулгайлагдсан адууг хэт багаар үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тухайгаа хэлж, дахин шинжээч томилуулж байсан. Мөн хэрэгт нотлох баримтаар авагдсан миний хохирогчоор өгсөн мэдүүлэг, гэрч Ц.Бат-Оюун нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа.

 

Тухайн алдагдсан адууг миний бие даага насанд нь Хархорин сумын Орхон багийн иргэн аймгийн алдарт уяач Ц.Б гэх хүнээс 3 000 000 төгрөгөөр худалдан авч аймаг, бүс, улсын наадам бусад уралдаанд уралдуулахаар төлөвлөн онцгой анхаарч маллаж байсан. Мөн даага насандаа Хархорин сумын наадамд түрүүлж, Хужирт сумын наадамд айрагдах зэргээр амжилт гаргаж байсан, цаашдаа ч амжилт гаргах адуу байсан.

 

Миний бие тухайн адуугаа 10000000 төгрөгөөр үнэлж байгаа ба 25 хувийн удамтай адуу байгаа юм. /тухайн адууны наадамд түрүүлж айрагдаж байсан шагналуудын хуулбарыг гарган өгсөн/. Анхан шатны шүүхээс миний алдсан адууг 6000000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээгээр тооцож, хохиролд 3500000 төгрөг төлснийг хасаж тооцон 2500000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж, сэтгэл санааны хохиролд 1320000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хохирол гаргуулах хэсэгт өөрчлөлт оруулж хохирлыг нэмэгдүүлж өгнө үү гэжээ.

 

                Хохирогч Д.У давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний сэтгэл санааны хохирлыг их багаар тогтоосон. Сэтгэл санааны хохирлоо өндрөөр тогтоолгомоор байна. Миний адууг 6000000 төгрөгөөр үнэлсэн. Нэг жилд адуундаа 3000000 төгрөг зарцуулсан бөгөөд 3-н жилд 10000000 төгрөг зарцуулсан. Би адуугаа 2 жил тэжээсэн. Нааш цаашаа явсан бензиний мөнгө төгрөг ороод 10000000 төгрөг гэж тооцож байгаа. Хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулмаар байна гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч Г.Гандөш давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны тушаалаар баталсан хохирол нөхөн төлбөр жишиг аргачлалын дагуу сэтгэцэд учирсан хохирлын хөдөлмөрийн доод хэмжээг 4.99 хувиар олгож болохоор хуульчилсан. Гэтэл анхан шатны шүүхээс хохирогчийн сэтгэл санааны хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлж 1320000 төгрөгөөр тооцож шийдвэрлэсэн. Хохирогчоос миний сэтгэцэд учирсан хохирлыг шүүгч, прокурор багаар тооцож гаргуулсанд бодсонд гомдолтой байна гэдэг. 

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж заасан байдаг. Үүнийг хэрхэн гаргуулахыг Иргэний хуулийн 511, 497 дүгээр зүйлүүдэд зохицуулсан байдаг.

Хохирогч мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэлгээ дахин гаргуулмаар байна гээд амаар хүсэлт гаргасан ч хүлээж аваагүй. Миний бие дахин үнэлгээ гаргуулахаар бичгээр хүсэлт гаргасан боловч прокуророос хүлээн авахаас татгалзсан. Хэрэг шүүхэд шилжсэний дараа шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт үнэлгээг бага үнэлсэн, хурдан удмын адуу гэдэг байдлаар нотлох баримтууд гаргаж өгөхөд хүсэлтийг хүлээн авч захирамж гаргасан.

 

Тухайн алдсан адуу нь хурдан удмын адуу байсан. Адуугаа 3000000 гаран төгрөгөөр авч байсан. Хохирогч адуугаа маллаж, тэжээл өгч байсан учраас надад хохиролтой байна гэдэг. Сэтгэл санааны хохирлыг маш бага хэмжээгээр тогтоосон, хамгийн дээд хэмжээгээр нь тогтоож өгнө үү гэсэн давж заалдах гомдлыг дэмжин шүүх хуралдаанд оролцож байна гэв.

 

Прокурор Ц.Эрдэнэбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хохирогч сэтгэцэд учирсан хохиролтой холбоотойгоор, мөн хохирлын хэмжээ хохирогчийн хүссэн хэмжээ биш учраас давж заалдах гомдол гаргасан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч талаас хохирлын хэмжээтэй холбоотой шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулахаар хүсэлт гаргасан. Хурдан удмын адуу гэдэг агуулгаар дахин үнэлгээ тогтоолгох боломжгүй учир хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан тогтоолдоо тодорхой дурдсан бөгөөд гойд ашиг шимт мал биш байна гэж үзсэн.

 

Хууль зүйн хувьд хохирлын хэмжээг хохирогчийн хүссэн хэмжээгээр тогтоох боломжгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээхийг зорьсон. Энэ үүднээс хохирлын хэмжээг тодорхойлуулсан. Хохирогчоос шүүхийн шатанд шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргадаг. Анхан шатны шүүхээс шинжээчийн дүгнэлтийг танилцуулж шүүх хуралдаанаар хэлэлцүүлж хэргийг шийдвэрлэсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоогдсон нөхцөл байдалд дүгнэлт хийж хууль зүйн хүрээнд шийдвэр гаргадаг.

 

Хууль зүй дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан журам байдаг. Энэ нь сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөрийн жишиг аргачлалын хүрээнд хэрхэн тооцож шийдвэрлэх нь шүүхийн бүрэн эрх хэмжээний асуудал. Хохирогчийн хохирол хор уршгийг анхан шатны шүүх бодитойгоор тодорхойлсон.

 

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр өгнө үү гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, хохирогчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Цийг 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Шанх багийн нутаг “Дулааны ар” гэх газраас хохирогч Д.У-ын 1 тооны адууг хулгайлж 3 500 000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч ... овгийн Б.Ц-ийг бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэн, хохиролд 2800000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 1320000 төгрөг, нийт 41200000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ууганбаярт олгохоор, шүүгдэгч нь хохиролд 3500000 төгрөг төлсөн болохыг дурдан шийдвэрлэсэн байна.

 

Давж заалдах шатны шүүхэд хохирогч Д.У-с ... Анхан шатны шүүхийн шатанд дахин шинжээч томилуулж миний хулгайд алдсан шүдлэн үрээг /хурдан удмын адуу, 25%-тай цустай гэх/ 6000000 төгрөгөөр үнэлсэн. Шүүгдэгч Б.Цаас хохирол төлбөрт 3500000 төгрөг төлсөн ба сэтгэцэд учирсан хохиролд 1320000 нийт 4120000 төгрөгийг гаргуулан надад олгохоор шийдвэрлэсэн. Миний бие адуугаа 10000000 төгрөгөөр үнэлж байгаа учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хохирол гаргуулах хэсэгт өөрчлөлт оруулж хохирлыг нэмэгдүүлж өгнө үү... гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлээ заагаагүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Учир нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хулгайд алдсан адууны үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилж 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ийн үнэлгээгээр адууг 3500000 төгрөгөөр үнэлсэн байна.

 

Гэтэл хохирогч нь тус үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд шүүхийн шатанд дахин үнэлгээ хийлгүүлэхээр хүсэлт гаргасныг анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 39 дугаартай шүүгчийн захирамжаар шийдвэрлэж дахин шинжээч томилжээ. 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний “Ашид билгүүн” ХХК нь адууг 6000000 төгрөгөөр үнэлсэн байна.

 

Анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 39 дугаартай шүүгчийн захирамжид дахин шинжилгээ хийлгэх буюу үнэлгээ тогтоолгох үндэслэлээ тусгаагүй, мөн адууны зах зээлийн үнэлгээг тогтоохтой холбогдуулан 2 удаа шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд зах зээлийн үнэлгээ нь харилцан зөрүүтэй байхад шинжээчийн дүгнэлтийн аль нэгийг нь үндэслэл болгохдоо нөгөөг нь хэрхэн үгүйсгэсэн тухай үндэслэлээ заалгүйгээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн  байна.

 

Мөн анхан шатны шүүх 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 34 дугаартай захирамжаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг товлон зарлахдаа хуулийн нарийвчилсан зохицуулалтыг хэрэглээгүй байгааг дурдах нь зүйтэй байна.

 

Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Ц-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэлээ.

 

Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул хохирогчийн гомдол эрх зүйн дүгнэлт өгөөгүй болно.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ШЦТ/13 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

  1. Шүүгдэгч Б.Ц-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.