Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2025/0520

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнгөн-Аргамж даргалж, шүүх бүрэлдэхүүнд Н.Дамдинсүрэн, шүүгч Ж.Мөнхдэлгэр тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С СӨХ,

Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Б.Д,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ц.Б,

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.У,

Гуравдагч этгээд: В ХХК,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.А

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Ч.Д,

Иргэдийн төлөөлөгч: М.Ж,

Нэхэмжлэлийн шаардлага:  “Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 13311 нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж байрын зоорийн давхрын 4 тоот 18.15 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг анх 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “В ” ХХК-д эрхийн бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэсэн бүртгэл, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр уг үл хөдлөх эд хөрөнгийг С.Бөд шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” гэжээ.

Шүүх хуралдаанд: иргэдийн төлөөлөгч М.Ж /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуул, нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.У /цахим/, гуравдагч “В ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, гуравдагч “В ” ХХК-ийн өмгөөлөгч Ч.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчээс “С” СӨХ нь хариуцагч Улсын бүртгэлийн Ерөнхий газарт холбогдуулан “... В ХХК-ийн нэрээр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 13311 нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж байр зоорийн давхрын 4 тоот 18.15 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэсэн бүртгэл, мөн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг С.Бийн нэр дээрх шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй”  болгуулах шаардлагаар маргаж байна.

2.Маргааны үйл баримтыг дурдвал

2.1. 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамжны дугаар байрны зоорийн давхрын 4 тоот хаягт байрлах 18.15 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөд Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас улсын бүртгэлийн Ү-2 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг “В ” ХХК-д олгосон байна.

2.2. С СӨХ-ны гүйцэтгэх захирал О.Б******* нь 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 01/01 дугаартай албан бичгээр Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргасан бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/1775 дугаартай Хариу өгөх тухай албан бичигт Улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлд зааснаар эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах Нийслэл хүрээ өргөн чөлөө гудамжны дугаар байрны зоорийн давхрын 4 тоот хаягт байрлах 18.15 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөд бүртгэсэн бүртгэлд хяналт шалгалт хийхэд хууль тогтоомжийг зөрчсөн үндэслэл тогтоогдохгүй байна гэжээ.

2.3. Маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө нь техникийн зориулалттай нийтийн эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгө байхад анх “В ” ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн нь үндэслэлгүй. гэж, хариуцагч болон гуравдагч этгээд нараас маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь техникийн зориулалттай нийтийн эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгө биш бөгөөд агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө тул орон сууцыг барьсан В ХХК-ийн нэр дээр бүртгэж, гэрчилгээ олгосон байна.

2.4. Тус шүүх С СӨХ-өөс гаргасан Улсын бүртгэлийн Ерөнхий газарт холбогдуулан 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан

2.5. Шүүх 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 0411 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгчийн “В ХХК-ийн нэрээр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 13311 нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж байр зоорийн давхрын 4 тоот 18.15 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэсэн бүртгэл, мөн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг С.Бийн нэр дээрх шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.6. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Н******* гомдол гаргасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 0736 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2.7. Дээрх магадлалын хянавал хэсгийн 2 дахь хэсгийн 3 дахь догол мөрөнд “...техникийн өрөө мөн эсэхийг зөвхөн шүүхийн үзлэгээр тогтоох боломжгүй, шаардлагатай бол шинжээч томилж дүгнэлт гаргуулсны үндсэн дээр хэргийг шийдвэрлэх нь зүйтэй” гэж дүгнэсэн.

2.8. Дээрх магадлалд дурдсаны дагуу тус шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 1208 дугаар захирамжаар Нийслэлийн хяналт, шалгалтын газрыг шинжээчээр томилсны дагуу тус байгууллагаас 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр дүгнэлт гаргасан шүүхэд ирүүлснээр 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 3177 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллааг сэргээсэн.

3. Нэхэмжлэл гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: Манай "С СӨХ нь Баянзүрх дүүргийн 26 дугаар Хороо , ******* дугаартай байрны нийт оршин суугчдын бүх гишүүдийн хурлаар үүсгэн байгуулагдаж өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа болно. Сууц өмчлөгчдийн холбооны өдөр тутмын үйл ажиллагааг /оршин суугчдын нийтийн эзэмшил болох/ байрны зоорины давхрын 04 тоот 18.15 м.кв техникийн өрөөний зориулалттай өрөөнд 10-аад жилийн хугацаанд явуулж байна. Гэтэл 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр тус байрыг барьж ашиглалтад оруулсан "В " ХХК-д тус нийтийн эзэмшлийн техникийн өрөөний өмчлөх эрхийн Ү-2 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авсан байна. Улсын бүртгэлийн хэлтсээс тус 18.15 м.кв үл хөдлөх эд хөрөнгөд өмчлөх эрхийн гэрчилгээ олгохдоо хууль зөрчиж Орон сууцны тухай хууль болон, Барилгын тухай хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль гэх мэт холбогдох хэд хэдэн хуулийн заалтыг ноцтой зөрчиж холбогдох баримт материалыг шалгалгүйгээр техникийн өрөөний зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг тус барилгыг барьж ашиглалтад оруулсан компанийн нэр дээр гаргасан байна. Тус барилгын зураг болоод Барилга байгууламж ашиглалтад оруулах улсын комиссын актад дугаар байрны зоорийн давхрын 04 тоот үл хөдлөх эд хөрөнгө нь техникийн өрөөний зориулалттай батлагдсан байдаг. Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2 дах хэсэг, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай, орон сууцны байшингийн дундын холбооны Хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.1-д зааснаар уг үл хөдлөх эд хөрөнгө нь СӨХ-ын дундын өмчлөлийн зүйл болох нь тодорхой гэтэл Нийслэлийн Улсын бүртгэлийн газраас 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 13311 нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж байрны зоорины давхрын 04 тоот 18.15 м.кв үл хөдлөх хөрөнгөд Ү-2 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь үндэслэлгүй байна. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт дундын өмчлөлийн эд зүйлд орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт. цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээших бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө хамаарахаар зохицуулжээ. Мөн зоорины давхрын 4 тоот өрөө нь техникийн агуулахын зориулалттай өрөө нь байрлаж буй орон сууцны доод хонгилын хэсэг нь хуульд зааснаар дундын өмчлөлийн эд хөрөнгөд багтаж байна. СӨХ үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн барилгын компаниас орон сууцны нийтийн эзэмшлийн талбай болох тус 4 тоот өрөөг хүлээн авч өдөр тутмын үйл ажиллагаа явуулж нийтийн зориулалтаар ашиглаж байсан гэтэл 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр В ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авснаар СӨХ ажлын байр болох тус тоот өрөөг булаан авч дотор нь байх эд зүйлсийг коридорт гарган хаяж, СӨХ өмч хөрөнгөд халдах өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна. Сууц өмчлөгчдийн холбоо нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан зориулалтаар үүсгэн байгуулагдсан Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.2 дахь хэсэгт зааснаар дангаар өмчлөх өмчлөлийн зүйлд хамаарахгүй орон сууцны барилга байгууламж, төхөөрөмжийн хэсгийг сууц өмчлөгчдийн дундын 1 өмчлөгч болохыг тогтоолгохоор шаардах эрхтэй гэж үзэж байна. Иймд "В " ХХК-ийн нэрээр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 13311 нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж байр зоорины давхрын 4 тоот 18.15 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай. гэжээ.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдөр “ББҮН” ХХК-ийн орон сууцын барилга ашиглалтад орсон байдаг. Үүний зураг төсөл зохиогчоор “А*******” ХХК ажилласан. “В ” ХХК болон бусад 2 компани нийлж “ББҮН” ХХК гэх компанийг байгуулан уг төслийг хэрэгжүүлсэн байдаг. Эхний 2 блок буюу , ******* гэх 2 барилгыг “В ” ХХК барьж 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ашиглалтад оруулсан. Уг ашиглалтад оруулах үед зураг төсөл зохиогч “А*******” ХХК-аас зохиогчийн нэгдсэн дүгнэлт гаргасан бөгөөд уг дүгнэлтэд угсралтын явцад зураг төсөлд өөрчлөлт ороогүй буюу зураг төслийн дагуу баригдсан гэдгийг дурдсан. Маргааны хувьд зоорийн давхарт байрлах 18.15 м.кв 4 тоот өрөөнд Улсын бүртгэлийн ерөнхий газраас “В ” ХХК-ийн нэр дээр Ү-2 гэсэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгосон. Нэхэмжлэгчийн зүгээс уг гэрчилгээ олгосныг хүчингүй болгож өгнө үү гэх хүсэлтийг гаргаж байгаа. Уг хүсэлтийг гаргасан шалтгааны тухайд батлагдсан нэг зураг төсөл байдаг бөгөөд тухайн зураг төсөл дээр 4 тоот өрөө нь шатны хонгилын өрөө байгаа. Энэ нь 2 дугаар хавтаст хэргийн 243 дугаар талд авагдсан байгаа. Орон сууцны тухай хууль, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулиудад шатны хонгилын 4 тоот өрөө нь нийтийн эзэмшлийн талбай байна гэж заасан байдаг. Гэтэл улсын бүртгэгч үл хөдлөх хөрөнгийн дугаар олгосон байна. 14 тоот өрөөний тухай мөн яригддаг. Зураг төслийн дагуу 14 тоот өрөө нь цахилгааны техникийн өрөө. Энэ талаар шинжээч томилон үзлэг хийлгэсэн бөгөөд 14 тоотод байсан цахилгааны өрөөг 8 тоот руу шилжүүлсэн байна гэх дүгнэлт гарсан. Гол маргаан 4 тоот өрөөний гэрчилгээний талаар байгаа бөгөөд 14 тоот өрөөний талаар яригдаагүй. 4 тоот өрөөнд гэрчилгээ гарсан бөгөөд уг 4 тоот өрөө нь шатны хонгил. Өөр зөрүүтэй зураг байдаггүй. Шатны хонгил нь хуулийн дагуу нийтийн эзэмшлийн талбай байх ёстой. Зураг төсөлд өөрчлөлт ороогүй гэдгийг зураг төслийн байгууллага баталсан. Улсын бүртгэгч анхан шатны материалуудыг шалгахдаа батлагдсан барилгын хөгжлийн зургийг үндэслэхгүйгээр “В ” ХХК-аас гаргаж өгсөн гараар зурсан, будсан зургийг үндэслэн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгосон асуудлаас уг маргаан үүссэн. Тийм учраас хууль, журамд нийцүүлэн хүчингүй болгож өгнө үү. “ гэв.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж оролцож байна. Анхнаасаа Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагаанд зориулаад нийтийн эзэмшлийн талбай гээд бэлдэж өгсөн. Бидний зүгээс 8-9 жилийн хугацаанд маргаж байгаа талбайны урсгалд зардлуудыг бүгдийг нь төлөөд, хууль ёсны дагуу өмчилж, ашиглан, нийтийн эзэмшил хэлбэрээр Сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааг явуулдаг байсан. Сууц өмчлөгчдийн холбоо маргаан бүхий талбайг ашиглаж байх хугацаанд “В ” ХХК-ийн зүгээс тухайн талбайн урсгал зардлыг нэг ч удаа төлж байгаагүй.” гэв.

6. Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүрэг 26-р хороо 13311 нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж байр, зоорины давхрын 4 тоот агуулахыг Хуулийн этгээд "В ы" ХХК /*******/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А*******ын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гаргасан мэдүүлэг, тухайн ХХК дээр өмчлөх эрх бүртгүүлэх тухай албан бичиг, иргэн С.А*******д олгосон итгэмжлэл, Хуулийн этгээд "В " ХХК /*******/-ийн хурлын шийдвэр, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, БХБТГазар МТХ-ээс олгосон албан ёсны хаяг, эд хөрөнгийн план зураг, фото зэргийг үндэслэн 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү- 2 дугаарт бүртгэсэн байна. 2014 онд В ХХК-аас ирүүлсэн жагсаалт нотлох баримттай тулгаж үзэхэд тус байранд нийт 14 агуулах бүртгүүлэх жагсаалт ирүүлсэн байна. Батлагдсан план зурагт уг агуулах нийтийн эзэмшлийнх биш орц гарц таглаагүй. Дээрх эд хөрөнгө нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасны дагуу мэдүүлэг, нотлох баримтыг бүрдүүлэн бүртгүүлсэн байна. Дээрх баримтуудаас харахад мөн хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу Эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэл байгаагүй болно. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө гэж заасан байдаг” гэжээ.  

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:Шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбараа дэмжиж оролцож байна. Мөн маргаан бүхий 4 тоот агуулахын зориулалттай өрөө нь нийтийн эзэмшлийн техникийн өрөө мөн эсэх дээр л маргаж байгаа. Тухайн 4 тоот өрөө дээр шинжээч томилж ажиллуулсан бөгөөд шинжээчийн дүгнэлтийг үндэслэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй олгож өгнө үү.” гэв.

8. Гуравдагч этгээд В ХХК шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Манай компани Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 11311 нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж ******* байрны 4 тоот 18.15 м.кв агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг гэрчилгээг Иргэний хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-д "Өмчлөгч тус бүр дангаар өмчлөх өмчлөлийн зүйл болох өөрийн орон сууц /өрөө/ болон бусад талбайг хуульд заасан журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлэх эрхтэй гэж заасан эрхийн хүрээнд холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн өгч үл хөдлөх өмчлөх эрхийн гэрчилгээ авсан.

Нэхэмжлэгч тухайн 4 тоот агуулахыг Нийтийн эзэмшил гэж маргаж байна. Уг тайлбараа Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх заалтад үндэслэж байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйл ийн 15.1-д Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөнд дараахь эд хөрөнгө хамаарна гэж заагаад мөн зүйлийн 15.1.1-д "орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээших бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө гэж заажээ.

Энэхүү заалтад дурдсан доод хонгил" гэдэгт иргэн аж ахуй нэгжийн агуулахын зориулалттай өрөө нь энэ хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан "Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл маргаж байгаа 18.15 м.кв талбайтай агуулах нь нийтийн зориулалттай талбай биш бөгөөд Иргэний хуулийн 142 дугаар зүйлийн 142.4-т "Дангаар өмчлөх өмчлөлд гагцхүү тодорхой хил хязгаар бүхий тусгаарлагдсан сууцны байр /сууц, өрөө/ болон барилгын тусгаарлагдсан бусад байгууламж хамаарна гэж заасны дагуу гуравдагч этгээд манай компанийн өмчлөлийн орон сууц өмчлөгчдийн дундын өмчлөлд хамаарахгүй буюу сууц өмчлөгчдийн холбооны эрх ашигт хамаарах зүйл биш бөгөөд манай компанийн дангаар өмчлөх эрхтэй юм.

Иймд С СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

9. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ББҮН” ХХК нь барилгажсан талбайн газрыг эзэмшиж байсан. Тухайн газар дээр 10 барилга баригдсан нь 2 аж ахуй, нэгж, нэг иргэн байгаа. Үүний нэг эзэмшигч нь “В ” ХХК буюу , ******* байрыг барьсан компани. Уг барилга нь хамгийн түрүүнд ашиглалтад ороод улсын комисст 2014 оны 02 дугаар сард өгч, ашиглалтад оруулсны дараа үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 13 маягтаар захиалагчдын жагсаалтыг гаргаж өгдөг. ******* байр 14 агуулахтай. 14 агуулахын хувьд орц руу ороод 8 агуулах байгаа бөгөөд 2 нь техникийн өрөө, 6 нь агуулахын зориулалттай өрөө байгаа. Одоо цахилгааны техникийн өрөө болон сангийн техникийн өрөө нь тусдаа, 6 агуулах нь тус, тусдаа байгаа. 4 тоот гэж яригдаад байгаа нь зураг төсөл дээр 15 давхар барилга учир өрөөний тодорхойлолт тус бүр дээр /3 өрөөтэй айлын нэг унтлагын өрөө нь 401 тоот, зочны өрөө нь 402 тоот гэх мэтээр/ дугаарлачихсан байдаг. Энэ номероор Улсын бүртгэлийн ерөнхий газарт өгөх боломжгүй. Учир нь унтлагын өрөөний буюу 401 тоотын өрөөний гэрчилгээг тусдаа гаргуулна гэх ойлголт байхгүй. 60 айлтай учир 1-60 гэж тоолох нь зүйн хэрэг. Мөн агуулахыг 1-8 гэж жагсаалтаа өгөхдөө дугаарлаж өгдөг. Ашиглалтад орсноос хойш 2-3 агуулахыг “С” СӨХ-д ямар нэгэн түрээс авахгүйгээр ашиглуулсан. Манай компаниас Сууц өмчлөгчдийн холбоог үйл ажиллагааг явуулах зорилгоор сууцаар хангах үүрэг байхгүй. Учир нь Сууц өмчлөгчдийн холбоо нь 10 байрны үйл ажиллагааг явуулдаг бөгөөд зөвхөн манайхаас байраар хангах шаардлагагүй гэж үзэж байгаа. 9 жил үнэ төлбөргүй ашиглуулсны эцэст өөрсдөө “Солонго” гэх нүдний эмнэлэгт давхар түрээсэлсэн байсан. Манай компанийг тухайд Ковид-19 цар тахлын үеийн хямралтай холбоотойгоор ямар нэгэн борлуулалт хийх шаардлага үүсээд, агуулахыг нэр дээрээ гарган тухайн иргэнд борлуулсан.” гэв.

10. Гуравдагч этгээд В ХХК-ийн өмгөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэгч анх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлохдоо тухайн өрөө нь техникийн өрөө учир Сууц өмчлөгчдийн холбооны мэдэлд байх ёстой гэх агуулгаар тодорхойлсон байх бөгөөд сүүлийн 2 жилийн хугацаанд ингэж маргаж байгаа. Өнөөдрийн шүүх хуралдаанд шатны хонгил байсан гэх агуулгаар талбар гаргаж байна. Шүүхээс хийсэн 2 удаагийн үзлэгээр техникийн өрөө биш, шатны хонгил ч биш гэдэг нь тогтоогдсон. Тус бүрдээ тусгаарлах хаалгатай бөгөөд одоогийн байдлаар агуулахын зориулалтаар иргэн С.Б өөрийн бараа, бүтээгдэхүүнийг хураасан байдалтай байгаа. 14 тоот яагаад хувийн эзэмшил болоод байгааг барилгын зургийг зурсан, барилгыг барьсан хүн нь тодорхой тайлбарлалаа. Тухайн өрөө 4 тоот уу, эсхүл 14 тоот уу гэж шүүгч шинжээчээс асуусан бөгөөд энэ талаар шинжээч дүгнэлтдээ тодорхой дурдсан байсан. Манай талаас үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарснаар нэхэмжлэгчийн субьектив эрх хөндөгдөхгүй байгаа гэж үзэж байна. Учир нь “В ” ХХК өөрийн 100 хувийн хөрөнгөөр уг барилгыг ашиглалтад оруулсан эзний хувьд тухайн барилга, байшин дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргаж авах нь өөрийнх нь бүрэн эрхийн асуудал. Улсын бүртгэлийн тухай хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагуудыг бүрэн гүйцэт биелүүлээд, холбогдох материалыг нь гаргаж өгснөөр улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулсан. Өнөөдрийн маргааны гол агуулга нь техникийн өрөө юу, эсхүл хонгилын өрөө юу гэдэгт байгаа юм шиг байна. Гэтэл энэ нь шатны хонгил ч биш, техникийн өрөө ч биш. Шүүхээс Сууц өмчлөгчдийн холбооны зөвлөлөөс тодруулсан бөгөөд шатны хонгилд үйл ажиллагаа явуулж болохгүй, бид журам хийж байгаа гэх агуулгатай тайлбар Сууц өмчлөгчдийн холбооны зөвлөлөөс ирүүлсэн байсан. Үүнээс дүгнэж үзвэл нэхэмжлэгч “С” СӨХ-ийн хүсэж байгаа зүйл бол агуулахын үйл өрөөнд үйл ажиллагааг явуулахыг хүсэж байна гэж ойлгосон. Шинээр батлагдсан дүрэм, журмыг харахад зоорийн давхарт Сууц өмчлөгчдийн холбоо байх боломж байхгүй. Тийм учраас нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол хөндөгдөхгүй гэж манайхаас үзэж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэв.

Гуравдагч этгээд С.Б шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа:
Миний бие Баянзүрх дүүрэг 26-р хороо, 11311 нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж ******* байрны “4 тоот 18.5 м.кв” зэрэгцээ байрлалтай 2 ширхэг агуулахыг “В ” ХХК-аас худалдаж авсан бөгөөд мөн зэрэгцээ өрөөнүүдэд нь “С” СӨХ оффис, гутал засвар, агуулах, зэргээр хувь хүн байгууллагууд ашиглаж байгаа 14 ширхэг ижил хэмжээ загвартай зэрэгцээ байрлалтай үл хөдлөхөөс миний эзэмшиж байгаа 4 тоот агуулахын зориулалттай өрөөг онцлон нийтийн эзэмшил хэмээн үзэж мушгин гуйвуулж “С СӨХ”-ны хотхон руу нэвтрүүлэхгүй өөрийн эзэмшилд байгаа үл хөдлөх хөрөнгийг эзэмших ашиглах эрхийг минь боож хааж байгаа нь хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байна гэж үзэж байна. Иймд С СӨХ-ны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

11. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: “Хэргийн талаар сайн ойлгосонгүй. Гэхдээ өөрийн зүгээс дүгнэхэд ямар нэгэн асуудал гарсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан байх гэж бодож байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

          1.Нэхэмжлэгч “С” СӨХ нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 13311 нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж байрын зоорийн давхрын 4 тоот 18.15 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг анх 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “В ” ХХК-д эрхийн бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэсэн бүртгэл, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр уг үл хөдлөх эд хөрөнгийг С.Бөд шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан.

2.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          3.Нэхэмжлэгчээс маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь техникийн зориулалттай, нийтийн эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгө байтал бүртгэлийн байгууллага анх “В ” ХХК-ийн өмчлөлд хууль зөрчиж холбогдох баримтыг шалгалгүйгээр бүртгэсэн гэж, хариуцагч болон гуравдагч этгээд нараас маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь техникийн зориулалттай нийтийн эзэмшлийн үл хөдлөх эд хөрөнгө биш тул анх уг үл хөдлөх эд хөрөнгийг барьсан “В ” ХХК-д бүртгэж, гэрчилгээ олгосон нь үндэслэлтэй гэж маргасан.

          4.“ББҮН” ХХК, гуравдагч этгээд “В ” ХХК-ийн захиалгаар “А*******” ХХК нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө байршиж байгаа Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, 14 дүгээр хороололд байрлалтай 50 машины автогараж, үйлчилгээтэй, 120 айлын орон сууцны барилгын AR-2012/09-08 дугаар зургийн шифр бүхий ажлын зургийг гүйцэтгэж, , *******  дугаартай орон сууцыг 2012 оны 08 дугаар сараас эхлэн барьж, 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2014/111 дугаар Барилга байгууламжийг ашиглалтанд оруулах улсын комиссын актаар зураг төслийн дагуу бүрэн хийгдэж, байнгын ашиглалтанд оруулахаар шийдвэрлэсэн байна.(1 дүгээр хавтаст хэргийн 177-191 дэх тал)

5.Орон сууцны барилгын AR-2012/09-08 дугаар зургийн шифр бүхий ажлын зурагт дэс дугаар, өрөөний нэрс, талбай (м.кв), шалны төрөл, шалны хийцийг харуулсан зоорийн давхрын өрөөний тодорхойлолт байх бөгөөд 001, 005 дугаар коридор 2, 002, 003 дугаар цахилгаан шатны хонгил 2, 004 дугаар шатны хонгил 1, 006, 007, 008 013 дугаар агуулах өрөө 4,  009, 014 дугаар техникийн өрөө 2,  010, 011, 012 дугаар авто зогсоол 3 байхаар төлөвлөгдсөн болох нь тогтоогдож байна. Үүнээс 004 дугаар шатны хонгил нь 13.62 м.кв, 008 дугаар агуулах өрөө нь 18.26 м.кв, 009 техникийн өрөө нь 18.42 м.кв, 014 дугаар техникийн өрөө нь 18.42 м.кв талбайтай байна.(1 дүгээр хавтаст хэргийн 183 дахь тал)

6.Нэхэмжлэгч “С” СӨХ  нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны , ******* байрны нийт оршин суугчдын бүх гишүүдийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хурлаар үүсгэн байгуулагдсан (1 дүгээр хавтаст хэргийн 6, 8 дахь тал ) бөгөөд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөд оффисын зориулалтаар үйл ажиллагаа явуулж байсан талаар болон маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн байршлийн талаар талууд маргаагүй.

7.Анх маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг “В ” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 22/193 дугаар албан бичгээр гаргасан хүсэлт, тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А*******ын гаргасан мэдүүлэг, компанийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн мэргэжлийн байгууллагаас олгосон албан ёсны хаяг, эд хөрөнгийн план зураг, фото зургийг үндэслэн Нийслэлийн улсын бүртгэлийн газар анх Ү-2 дугаарт бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн 0010******* дугаартай гэрчилгээг,  2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гуравдагч этгээд В ” ХХК болон иргэн С.Б нарын хооронд 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, гуравдагч этгээд С.Бийн гаргасан мэдүүлгийг үндэслэн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг гуравдагч этгээд С.Бийн нэр дээр шилжүүлэн бүртгэж, үл хөдлөх эрх хөрөнгө өмчлөх эрхийн 0010******* дугаартай гэрчилгээг тус тус олгосон байна. (1 дүгээр хавтаст хэргийн 61-96 дахь тал дэх тал)

9.2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн (2 дугаар хавтаст хэргийн 117 дахь тал),  болон 2025 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн  (3 дугаар хавтаст хэргийн ... дахь тал), шүүх хуралдаанд гуравдагч этгээд ““В ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өгсөн тайлбараар цахилгааны өрөө, сантехникийн өрөө зэрэгцээ байснаар ус алдаж, цахилгааны доголдол үүсэх тул аюулгүй байдлыг хангах үүднээс анх батлагдсан барилгын төсөлд 014 дугаар байршилтай техникийн өрөөний цахилгааны техникийг 008 дугаар өрөөнд шилжүүлэн байршуулсан болох нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн  2025 оны 02 дугаар сарын  26-ны өдрийн 01/1842 дугаар захирамжаар томилогдсон шинжээчийн барилгын ажлын зурагт тусгагдсан 008 дугаартай өрөөг цахилгааны өрөөний зориулалтаар, 009 дугаарт байршил бүхий өрөөг сантехникийн өрөөний зориулалтаар ашиглаж байгаа бол маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө байршиж байгаа 014 дугаар бүхий 18.43 метр квадрат талбайтай өрөөнд цахилгаан, техникийн төхөөрөмжүүд байрлаагүй барилгын материал хураасан байсан гэсэн дүгнэлтээр нотлогдож байна. (2 дугаар хавтаст хэргийн 195-197 дахь тал)

10.Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т ““сууц өмчлөгчдийн холбоо” гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид “орон сууцны байшин” гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоог”, 15 дугаар зүйлийн 15.1-д “Орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд дараахь эд хөрөнгө хамаарна:” гээд 15.1.1-д “орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцны цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө;” гэж, Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д ““техникийн өрөө" гэж инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжид зориулсан өрөөг;” гэж, 15.3-т “Орон сууцны байшингийн техникийн өрөөний зориулалтыг өөрчлөхийг хориглоно.” гэж тус тус заасан.

11.Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд 04 тоот гэж бүртгэгдсэн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь барилгын ажлын зургаар 014 дугаар техникийн өрөөний зориулалттай төлөвлөгдсөн боловч аюулгүй байдлын үүднээс цахилгааны тоног төхөөрөмжийг 009 дугаар өрөөнд шилжүүлэн 009 дугаар өрөөг техникийн зориулалтаар ашиглаж байгаа нь тогтоогдож байх бөгөөд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь бодит байдалд техникийн өрөө биш тул орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахгүй байна.

12.Иймд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахгүй тул үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх үр дагавар үүсэхгүй.

13.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “Улсын бүртгэгч нь дараах эрх, үүрэгтэй байна:” гээд 19.4.3-т “энэ хуулийн 19.4.2-т заасан нотлох баримт нь зөрчилтэй, бүрэн бус, холбогдох хуулийн заалтыг зөрчсөн бол улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах;”, 20 дугаар зүйлийн 20.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно:” гээд 20.1.1.улсын бүртгэгч нь үйлчлүүлэгчид хууль бус шаардлага тавих, зүй бусаар харьцах, үндэслэлгүйгээр улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах;” 20.1.10-т “улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай улсын бүртгэлийн байгууллагын дарга, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх;” гэж,

14.Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Улсын бүртгэгч дараах үндэслэлээр эрхийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзаж мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг буцаана:” гээд 29.1.1-д “бүртгүүлэхээр мэдүүлсэн эрх нь энэ хуулийн 30 дугаар зүйлд заасан тусгай тэмдэглэлээр хориг тавьсан эрх, хязгаарын хүрээнд хамаарч байгаа;” 29.1.2-т “Иргэний хуулийн 185.4-т заасны дагуу урьдчилсан тэмдэглэл хийгдсэний дараа хийгдэх бүртгэл нь урьдчилсан тэмдэглэлээр эрхээ хамгаалуулсан этгээдийн шаардах эрхийг дуусгавар болгох, хохироох нөхцөл үүсгэхээр байгаа, эсхүл урьдчилсан тэмдэглэл хийлгэсэн этгээдийн зөвшөөрлийг аваагүй;” 29.1.3-т “мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгүүд зөрүүтэй, агуулга нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн;”, 29.1.4.-т “цахим хэлбэрээр мэдүүлэг гаргагч гарын үсгээ Цахим гарын үсгийн тухай хуульд зааснаар баталгаажуулаагүй;”, 29.1.5-д “мэдүүлэг гаргасан өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн талаарх маргааныг шүүхээр хянан хэлэлцэж байгаа;”, 29.1.6-д “хуульд заасан бусад үндэслэл.” гэж тус тус заасан гэж заасан.

15.Нэхэмжлэгч “С” СӨХ-өөс 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр С.Бөд өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хууль бус гэж маргадаг боловч хариуцагч нь иргэн С.Бийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гаргасан мэдүүлэг, үйлчилгээний хураамж, татвар төлсөн баримт, нотариатаар гэрчлүүлсэн худалдах, худалдан авах гэрээ болон бусад нотлох баримтыг үндэслэсэн байх бөгөөд бүртгэлийг түдгэлзүүлсэн, хориг тавьсан баримт байхгүй буюу дээрх хуульд заасан улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдохгүй байх тул маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг С.Бөд шилжүүлэн бүртгэснийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

16.Иймд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг анх барьсан гуравдагч этгээд “В ” ХХК-ийн гаргасан мэдүүлэг болон хавсаргасан баримтууд болон иргэн С.Бөд худалдсан гэрээг үндэслэн “В ” ХХК-д, түүнээс шилжүүлэн С.Бийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэсэн хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын шийдвэрийг буруутгах үндэслэлгүй тул нэхэмжлэгч “С” СӨХ-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

16.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд ямар нэгэн асуудал гарсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан байх, нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэх дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүх бүрэлдэхүүн уг дүгнэлтийг дээр дурдсан үндэслэлүүдээр хүлээн авах боломжгүй гэж үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 15.1.1 дэх заалт, Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9 дэх заалт, 15.3 дахь хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4, 19.4.2 дахь заалт, 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.1, 20.1.10 дахь заалт, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “С” СӨХ-өөс Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо 13311 нийслэл хүрээ өргөн чөлөө гудамж байрын зоорийн давхрын 4 тоот 18.15 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг анх 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “В ” ХХК-д эрхийн бүртгэлийн Ү-2 дугаарт бүртгэсэн бүртгэл, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр уг үл хөдлөх эд хөрөнгийг С.Бөд шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дүгээр зүйлийн 47.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 43.3.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан шинжээчийн зардал 2,371,536 төгрөгийг нэхэмжлэгч С СӨХ-оос гаргуулан шинжээч З.Ганбатын Хаан банкны 5083056278 тоот дансанд олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийнх итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.МӨНГӨН-АРГАМЖ

 

                    ШҮҮГЧ                             Н.ДАМДИНСҮРЭН

 

                    ШҮҮГЧ                             Ж.МӨНХДЭЛГЭР