Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 442

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Жаргалсайханд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор М.Чинбат,

Ялтан Б.Жаргалсайхан /цахим хэлбэрээр/,

Ялтан Б.Жаргалсайханы өмгөөлөгч Л.Амартогос,

Нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж, шүүгч О.Жанчивнямбуу, Л.Оюун нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 521 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Жаргалсайханы гаргасан давж заалдах гомдлоор Б.Жаргалсайханд холбогдох эрүүгийн 201526021236 дугаартай хэргийг 2015 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Харуулч овогт Бадамсүрэнгийн Жаргалсайхан, 1972 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн гудамжны нийтийн байрны 3 тоотод оршин сууж байсан,

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1999 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 464 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, 2000 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 434 дүгээр шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 4 сар хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

- Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 202 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 11 жил хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 22 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, регистрийн дугаар: /УУ72041911/.

 

Б.Жаргалсайхан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, урьд хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдэн хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.5 дахь хэсэгт заасан ялтай байх хугацаанд, 2015 оны 8 дугаар сарын 22-ны шөнийн 23 цаг 40 минутын үед Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 16 дугаар байрны гадна иргэн Г.Ганбаттай таксины төлбөрөөс буюу ялимгүй зүйлээр шалтаглан маргалдаж, түүний хоолойг өмсөж байсан цамцны захаар нь боож, механик амьсгал бүтэлтэнд оруулан санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Жаргалсайханд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.10 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Жаргалсайханыг хүнийг санаатай алах гэмт хэргийг давтан үйлдсэн, хүнийг танхайн сэдэлтээр санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.Жаргалсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.10 дахь хэсэгт зааснаар 23 /хорин гурав/ жил хорих ял шийтгэж, Б.Жаргалсайханд энэ тогтоолоор оногдуулсан 23 жил хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 11 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 22 хоногийн хорих ялын зарим буюу 2 жил хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 25 /хорин тав/ жил хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар Б.Жаргалсайханыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.7 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Жаргалсайханд оногдуулсан хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн талийгаач Г.Ганбатын хар өнгийн цахилгаантай “адидас” бичигтэй цамц, саарал өнгийн фудволк, саарал өнгийн хос тавчик, хар саарал өнгийн өмд, хагархай дэлгэцтэй “Самсунг” загварын гар утас, хар улаан иштэй 13 см урттай овтёрка 1 ширхэг, Б.Жаргалсайханы хар өнгийн пиджак, хар өнгийн брюк өмд, хар өнгийн срочкин цамц, цэнхэр өнгийн срочкин цамц тус бүр 1 ширхэгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар тус тус устгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар Б.Жаргалсайханаас 8.440.000 /найман сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөг гаргуулан хохирогч /РД:ЖЬ74012878/ Ч.Мөнхтөрд олгож, Б.Жаргалсайханы цагдан хоригдсон 271 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэжээ.

 

Ялтан Б.Жаргалсайхан гаргасан давж заалдах гомдолдоо: “...Б.Жаргалсайн би 2015 оны 8 дугаар сарын 22-ны орой Ш.Энхмандахын хамт айлд очихоор 3 дугаар хорооллын эцсийн буудлын орчимд явж байгаад гар өргөн машинд сууж “Бичил” хорооллын аркны харалдаа зам дээр “энд бууя, хэд гарсан бэ” гэхэд жолооч “1500 төгрөг” гэхэд би “хоёр ахад нь 800 төгрөг байна, 1 километр л газар явсан шүү дээ” гээд мөнгөө өгөхөд жолооч “хаана ингэж хүн хулхидаж байсан юм, хуцаад бай” гээд уурлаж, биднийг буулгалгүй хөдөлж, замаас гарч гараашийн хажууд зогсож, бууж ирээд миний сууж явсан талын хаалгыг онгойлгон, намайг заамдан татаж буулгаад цохиход би тэвэрч хамт газар унахад жолооч миний нүүр лүү цохих үед би юу болоод байгаад нь дүгнэлт хийх чадваргүй болсон байсан. Энэ үед Энхмандах ард ирээд “хөөш боль” гэж байсан. Гэтэл жолооч босч Энхмандахыг бариад авахаар нь би болиулахаар жолоочийн араас цамцны захнаас нь татахад эргэж хараад намайг заамдан, бид хоёр барьцалдан газар унах үед би түүнийг түр зуур ухаан алдаад сэргэх байх гэж бодоод түүнээс зугтсан. Тухайн үед миний зүгээс жолоочтой үг сөрж маргалдан муудалцаж, догшин авирлаж танхайрсан явдал байхгүй ба анхан шатны шүүх намайг хохирогчтой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж танхайрсан гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсгээр зүйлчилснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед би жолоочид хандан 2 ахад нь байгаа нь 800 төгрөг байна гэж үнэнээ хэлэн гуйхад буулгаад явж болох байсан ч тэгэлгүй, уурлаж бухимдан өөрөө эхэлж над руу халив барин дайрснаар би өөрөө эрсдэлд орж болох байсныг эсэргүүцэн хийсэн үйлдэл минь хүний аминд хүрсэнд маш ихээр харамсаж, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би урьд нь ял эдлэж байх хугацаандаа өөрийн эх, хүү хоёрыг өвчний учир алдаж, энэ хугацаанд өөртөө дүгнэлт хийж зөв амьдрах зорилго тавьж, түүндээ хүрэхийн тулд ажил хийж амьдарч байхдаа өөрийн болчимгүй үйлдлээс болж дахин гэмт хэрэгтэн болсондоо маш их харамсаж байна. … Миний бие таксины мөнгийг өгөхгүй гэж санаархсанаас эсхүл жолооч таксины мөнгө нэхсэн тул түүний амийг хохирооё гэж бодоогүй. Харин талийгаач жолооч над руу өөрөө эхэлж халдсан учир тухайн нөхцөлд хариу үйлдэл хийж боосноос түүний амийг хохироосон. Миний бие … такси барьж суусан, жолоочийн нэхсэн мөнгийг өгч чадаагүй зэрэг өөрийн үйл байдлаараа бүрэлдүүлж өгсөн нь үнэн. … Надад танхайн сэдэлт байгаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэнийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Тус шийтгэх тогтоолоор надад 23 жилийн ял оногдуулсан нь өндөр ял байна. Миний бие одоо 44 настай, өмнө нь үйлдсэн хэрэгтээ 8 жилийн ялыг биеэр эдэлсэн, ихэнх залуу насаа шоронд өнгөрөөсөн, бие их муудсан, элэгний хатуурал гэдэг өвчтэй болсон. Одоо дахиад 25 жил суухад бараг 70 настай хүн шоронгоос амьд мэнд гарч чадах эсэхдээ эргэлзэж байна. Миний бие хийсэн хэрэгтээ маш их, чин сэтгэлээсээ гэмшин харуусаж байгаа тул мөн шоронд ажил хийгээд хохирлын мөнгийг төлж барагдуулья гэсэн чин хүсэлтэй байгааг минь харгалзан үзэж, надад оногдуулсан хорих ялын хэмжээг бууруулж өгнө үү” гэжээ.

 

Ялтан Б.Жаргалсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2016 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр болсон шүүх хуралдаан дээр өмнө эдлээгүй үлдсэн 2 жил 22 хоногийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, эдлэх ялаас хассан боловч сүүлийн шүүх хуралдаанаар намайг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцож, уг ялыг нэмж нэгтгэж шийдвэрлэсэн. Уг 2 жил 22 хоногийн хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулж өгнө үү” гэв.

 

Ялтан Б.Жаргалсайханы өмгөөлөгч Л.Амартогос тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би мөрдөн байцаалтын шатнаас эхэлж өмгөөлөгчөөр оролцсон. Өмгөөлөгчийн хувьд ялын бодлогод анхаарч өгнө үү гэж шүүх бүрэлдэхүүнээс хүсэж байна. Б.Жаргалсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.10 дахь хэсгүүдэд заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 25 жилийн хорих ял оногдуулсан нь ялын бодлогын хувьд хүнд байна. Б.Жаргалсайхан өмнө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 11 жилийн хорих ялаар шийтгүүлж, эдлээгүй үлдсэн 2 жил 22 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан. Б.Жаргалсайхан уг гэмт хэргийг үйлдсэнээр түүнийг давтан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, өмнөх шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 2 жил 22 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэсэн. Б.Жаргалсайхан өөрийн үйлдлийг танхайн сэдэлтгүй байсан гэж давж заалдах гомдол гаргасан. Өмгөөлөгчийн хувьд энэ талаар хэлэх зүйл байхгүй. Б.Жаргалсайхан өмнөх ялаа эдэлж гарч ирээд нилээд хүмүүжсэн, зөв амьдаръя гэж хүсэж байсан нь харагддаг. Гэрч Амарбаясгалан “Би Б.Жаргалсайханы найз юм. Би танилцаад 6 сар болж байна. Манай байранд амьдарч байх хугацаандаа өөриймсөг ханддаг байсан. Хог, шороо шүүрдээд дажгүй яриа хөөрөөтэй хүн шиг санагдаж байсан. Энэ хэрэгт холбогдсоны дараа өрөөг нь цэвэрлэж байхад “Өөртөө тавих 10 зорилго” гэж бичсэн байсан. Түүнийг нь ушнаад сэтгэл хөдөлж, өрөвдөж байсан. Манайд байхдаа ажил хийдэг байсан боловч цалингаа авч чадахгүй хэцүү байсан. Яриа хөөрөө сайтай, шулуун шударга хүн шиг байсан. Хоол их гоё хийдэг байсан. Төрсөн охин нь төрөх гээд хамаг цалин, мөнгөө өгдөг байсан. Хуучин салсан эхнэртэйтэйгээ буцаж нийлэх гэж байсан юм шиг байна лээ. Уухаараа унтаад өгдөг байсан. Архи уух дургүй гэж хэлж байсан. Б.Жаргалсайхан өмнө нь ял эдэлж байсан гэж надад хэлж байсан. Одоо зөв амьдаръя гэж бодож байсан” гэж мэдүүлсэн. Хүн өөрчлөгдөхгүй, хувирахгүй явна гэж байхгүй. Сайнаар өөрчлөгдье, сайхан амьдаръя гэсэн бодол Б.Жаргалсайханд байсан байна. Иймд Б.Жаргалсайханд оногдуулсан хорих ялын хэмжээг бууруулж өгнө үү” гэв.

 

Прокурор М.Чинбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Ялтан Б.Жаргалсайханы гаргасан давж заалдах гомдолд дурдсан “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсгийг өөрчилж өгнө үү” гэснийг хүлээн авах үндэслэлгүй. Б.Жаргалсайхан хохирогчтой таксины төлбөрөөс болж маргасан гэдэг. Хохирогчийн зүгээс Б.Жаргалсайханд зүй ёсны шаардлага тавьсан байсан. Үүнийг эсэргүүцэж, бие махбодид нь халдаж, цамцных нь захаар боож амь насыг нь хохироосон нь танхайн шинжтэй үйлдэл юм. Хэргийн зүйлчлэл тохирсон. “Ялын хэмжээг багасгаж өгнө үү” гэсэн байна. Б.Жаргалсайханд оногдуулсан ялын хэмжээг багасгаж шийдвэрлэх үндэслэл харагдаж байна” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар Б.Жаргалсайханд холбогдох хэргийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Б.Жаргалсайхан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, урьд хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдэн хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.5 дахь хэсэгт заасан ялтай байх хугацаанд, 2015 оны 8 дугаар сарын 22-ны шөнийн 23 цаг 40 минутын үед Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 16 дугаар байрны гадна иргэн Г.Ганбаттай таксины төлбөрөөс буюу ялимгүй зүйлээр шалтаглан маргалдаж, түүний хоолойг өмсөж байсан цамцны захаар нь боож, механик амьсгал бүтэлтэнд оруулан санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Мөнхтөрийн “...Би талийгаачийн төрсөн ах, миний дүүг Ганбаатарын Ганбат гэдэггүй, Чулуундоржийн Энхтөр гэдэг юм. Миний дүү Ч.Энхтөр нь бага насандаа цэцэрлэгээр хүмүүжиж байгаад 1988 онд Дорнод аймгийн 3 дугаар сургуульд ороод 1994 онд 6 дугаар ангиа төгсөөд Улаанбаатар хот руу гэрээсээ оргоод явсан. Харин би 1995 онд Улаанбаатар хотод шилжиж ирээд дэргэдээ байлгах болсон. ...Би нэрээ сольсоныг нь мэдээгүй байж байгаад сүүлд 2010 онд Ганбаатарын Ганбат болгон нэрээ өөрчилсөн байсныг нь анх мэдсэн. ... Би дүүтэйгээ тэр бүр ойр байдаггүй байсан болохоор яагаад овог, нэрээ солих болсныг мэдэхгүй байна. Манай дүү тодорхой ажил хийж байгаагүй, энд тэнд барилгын туслах ажилтнаар ажиллаж байсан, багын их хөдөлгөөнтэй, хүнд их тусархуу, сэргэлэн хүүхэд байсан. ... Миний зүгээс маш их гомдолтой байна. Талийгаач дүү маань амьдралаа өөрөө л авч явдаг байсан болохоор цаашид ард нь үлдэж байгаа эхнэр, хоёр хүүхдэд маш хүнд тусч байгаа. Иймд гэм буруутай этгээдэд хуулийн дагуу зохих арга хэмжээ авч өгөхийг хүсч байна. ...Талийгаачийн ажил явдалд зарцуулсан зардал болох 8 сая 440 мянган төгрөгийг нэхэмжилнэ. ...” /1 дүгээр хавтас, хуудас 51-54/,

гэрч З.Гансүхийн “...Би 2015 оны 8 дугаар сарын 22-ны орой 23 цаг 46 минутын үед 13, 14 дүгээр байрнуудын лифтийг унтраах гээд 21 дүгээр байрны баруун хойд талын гараашнуудын хажуугийн завсраар гараад ирэхэд, гараашийн хажууд нэг эрэгтэй хүний нуруу ил гарсан, нуруун дээр нь цус болсон, доошоо харсан байдалтай, ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй хэвтэж байхад дээр нь 25-26 орчим настай, эрэгтэй хүн сууж байсан. Ямар хувцастай байсныг санахгүй байна. Тэгээд газар доошоо хараад хэвтэж байгаа хүний хөл дээгүүр бараг алхаад гарсан, яг хөлийнх нь урд талд нэг “Приус” загварын машин тавьсан, жолоочийн эсрэг талын хаалга онгорхой, дотор салоны гэрэл асаалттай, тэр талын суудал дээр 25-26 орчим насны туранхай, жижигхэндүү биетэй, дээгүүрээ цагаан цайвар хувцастай залуу нэг хөлөө унжуулсан байдалтай сууж байсан. Тэгээд би хажуугаар нь их хурдан алхаад гарах хооронд машинд сууж байсан залуу хүний дээр сууж байсан залуудаа “чи бариад авахгүй яасан юм бэ” гэж хэлэхийг нь сонсоод чигээрээ яваад шатаар далан руу гарч байхдаа түр зогсоод эргээд хартал машины хаалга хаагдсан, нөгөө хоёр залуу миний гарч ирсэн гараашуудын завсар луу алхаад явж байсан. ... Тэгээд би 13, 14 дүгээр байрнуудын лифтийг унтраагаад эргээд нөгөө шатан дээрээ ирэхэд 23 цаг 57 минут болж байхаар нь би сонин санагдаад "Ачлал" их дэлгүүрийн хойгуур яваад гэртээ очоод эхнэртээ "цагдаад дуудлага өгье, энэ хажууд нэг хүн хэвтээд байна, үхчихсэн байж магадгүй" гээд хүүхдийнхээ гар утсыг аваад эхнэртэйгээ хамт гэртээ ирсэн замаараа яваад 16 дугаар байрны баруун хойд талын шатан дээр ирээд харсан чинь нөгөө хүн доошоо харсан чигээрээ хэвтэж байсан бөгөөд цагдаад дуудлага өгсөн. ...” /1 дүгээр хавтас, хуудас 58-60 /,

“... тухайн үед би уг гараашнуудын завсраар гүйгээд гарч ирэх үед уг хоёр хүнтэй тааралдсан ба наадахаа бариад ав гэж машин доторх хүнийг нь хэлэхийг сонсоод тэр чигтээ гүйгээд явчихсан юм. Тийм болохоор уг үйл явдал маш богино хугацаанд болж өнгөрсөн. Тэгээд ч тухайн үед гадаа харанхуй байсан болохоор уг хоёр хүнийг тухайн үед ямар хувцастай явж байсныг харж чадаагүй болохоор машин дотор сууж байсан хүнийг хэд орчим насны хүн байсныг нь мэдэхгүй байна. ...Миний зүгээс андуурсан зүйл байхгүй, уг хоёр хүн дээр хэлсэн шиг яг нэг нь машины дотор заалны гэрэл асаагаад нэг хөлөө унжуулчихсан жолоочийн эсрэг талын сандал дээр сууж байсан, харин нөгөө нь газар хэвтэж байсан хүний нуруун дээр мордоод суучихсан байсан. ...” /2 дугаар хавтас, хуудас 191/,

гэрч Ц.Батцэнгэлийн “...2015 оны 8 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө миний утас руу танихгүй дугаараас Энхмандах залгаад “Цэнгэл үү” гэхээр нь би “тийм байна” гэтэл намайг “ахын дүү гараад ир” гэхээр нь би гайхаад “яах гэж байгаа юм” гэтэл “юу ч гэсэн гараад ир, уулзъя” гэхээр нь би гайхаад гараад иртэл "Бүжин" дэлгүүрийн урд Энхмандах нэг танихгүй хүнтэй байсан. Надад дэлгэц нь хагарсан “Самсунг” загварын гар утас үзүүлээд “энэ утсыг хэдэн төгрөгөөр худалдаад авчих, тэгэх үү, би эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй байна” гэхээр нь би жаахан дургүйцээд “юу яриад байгаа юм, ийм хагархай утсаар би яах юм” гэтэл Энхмандах надаас “авчих л даа” гээд шалаад гуйгаад байхаар нь “хэний утас юм” гэж асуусан чинь цуг явж байсан залууг “энэ манай дүү байгаа юм, нэрийг нь Жагаа гэдэг, Жагаа утсаа зарах гээд байгаа юм, үнэнийг хэлэхэд бид хоёр энэ утсыг зараад ганц шил архи авч уух гэсэн юм" гээд байсан. ...Жагааг нь орцны гадаа үлдээгээд Энхмандахыг дагуулаад гэрийн үүдэнд ирээд 10.000 төгрөг өгөөд явуулсан. ...” /1 дүгээр хавтас, хуудас 61-62/,

гэрч Т.Өлзийжаргалын “...Би талийгаачийн эхнэр нь байгаа юм. ... Би 23 цаг өнгөрөөгөөд Оюунцэцэг эгчийн 88828310 гэсэн дугаараас Ганбат руу залгаад “хаана байна, хэзээ ирэх юм” гэж асуусан чинь Дамба, Бэлх хоёрын хооронд 5 хүн 1000-аар ачлаа, 5000 төгрөгтэй болоод өөртөө байсан мөнгөө нэмээд 7000 төгрөгөөр бензин хийлээ, одоо хорооллын эцэс дээр хүн хараад зогсож байна. Удахгүй очино, надад нэгж байхгүй шүү, чи над руу яриад байгаарай” гэсэн. Тэгээд би хэсэг зүүрмэглэсэн байх, сэрсэн чинь том хүү надад аавын утас холбогдохгүй байна гээд би залгаад бас холбогдохгүй байсан. Ингээд 05 цагийн үед цагдаагаас хүмүүс гэрт ирсэн. ...” /1 дүгээр хавтас, хуудас 63-65/,

Б.Жаргалсайханы яллагдагчаар өгсөн “...2015 оны 8 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Энхмандах бид хоёр жаахан халамцуу Саппорогоос дээшээ өгсөж алхаад 6 дугаар бичил хороолол орохоор хорооллын эцсийн буудлын тэр хавьд замын урд талд алхаж яваад таксинд гар өргөөд “бичил орно” гэж суугаад бичил хорооллын зам дээр ирэхээр нь “энд буучихъя” гэсэн. Тэгтэл жолооч залуу “1500 төгрөг” гэхээр нь би түрийвчээ гаргаад “2 ахад нь 800 төгрөг л байна, км газар л явсан шүү дээ” гэсэн чинь “хаана ингэж хүн хулхидаж сурсан юм бэ, хуцаад бай” гээд машинаа асаагаад цаашаа яваад нэг байрны зүүн хойд талдаа гарааштай газар ирж зогсоод, жолооч залуу машинаасаа бууж миний талаар тойроод машины хаалга онгойлгоод намайг “буугаад ир” гэсэн. Тэгээд би буухад тэр залуу гартаа нэг юм барьчихсан, намайг нэг юмаар цохисон, би хойшоо зайлсан, тэгэхээр нь би тэврээд авсан, хоёулаа ноцолдоод цуг газар унасан. Тэр залуу миний дээрээс дарж унаад, нүүрэнд хоёр удаа цохисон. Энэ үед Энхмандах ард ирчихсэн, “больцгоо” гэхэд тэр жолооч залуу Энхмандах руу очсон. Тэгэхээр нь би тэр жолоочийн араас дагаж очоод цамцных нь захаас татсан чинь эргээд намайг заамдаад бариад авсан. Би цамцны захаар нь мушгиж дараад унагачихсан. Тэгтэл тэр залуугийн намайг заамдчихсан байсан гар нь сулраад ухаан алдчих шиг болохоор нь залуугийн дээрээс босоод халаасаа үзсэн чинь түрийвч байхгүй болсон байхаар нь би миний түрийвч байхгүй болчихсон байна гэж Энхмандахад хэлээд, тэр хавиар ноцолдсон газраа үзээд түрийвчээ олоогүй. Тэгтэл газар гар утас уначихсан байхаар нь би аваад үзсэн чинь дэлгэц нь хагарсан утас байхаар нь аваад халаасандаа хийсэн. Энхмандах өөрийнхөө танил нэг залуутай уулзаж байгаад 10.000 төгрөг аваад ирсэн. Зарсан юм уу, яасныг мэдэхгүй. Би талийгаачийн гар утсыг халааснаас нь аваагүй, машинаас нь ч аваагүй. Энхмандах тэр жолооч залуутай зодолдож, цохилцоогүй. ...” /1 дүгээр хавтас, хуудас 228-230/,

Ш.Энхмандахын яллагдагчаар өгсөн “...2015 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн орой 22 цагийн үед шиг санагдаж байна, яг сайн санахгүй байна. Жаргалсайханы хамт өдөр 1 шил 0,5 граммын "Хараа" архи болон нэг нэг шил “Боргио” пиво уучихсан, жаахан халчихсан байсан юм. Тэгээд бид хоёр гэмтлийн эмнэлэг өнгөрөөд 3, 4 дүгээр хорооллын эцсийн буудлын ойролцоо бичил хороолол орох санаатай зам дагаад алхаж явтал Жаргалсайхан хоёулаа машин бариад явчихъя гээд машин бариад суугаад явсан. Уг машинд жолоочоос гадна ямар нэг хүн байгаагүй ба бид хоёр бичил хороолол орно гээд явсан. Тэгээд аркын харалдаа ирээд Б.Жаргалсайхан “энд буучихъя, хэд гарсан бэ” гэхэд жолооч 1500 төгрөг гарлаа гэхээр нь Б.Жаргалсайхан "бид хоёрын мөнгө хүрэхгүй байна, 800 төгрөг байна” гээд жолоочид өгтөл жолооч болох 30 орчим настай залуу Б.Жаргалсайхан руу хараад “яасан их хүн хулхиддаг хулгайч нар вэ” гээд үгийн зөрөөгүй машинаа асаагаад бид хоёрыг аваад давхисан. Тэгээд нэг их хол явалгүй замын урд талд байх цэнхэр өнгийн өндөр 12 давхар байрны харалдаа ирээд машинаа зогсоосон. Жолооч залуу машинаасаа буугаад Б.Жаргалсайханы сууж явсан талаар ирж, хаалгыг онгойлгоод Жаргалсайханыг заамдаад машинаасаа чирээд буулгахаар нь би хэрэггүй, ингэж болохгүй гээд араас нь буугаад очтол нөгөө жолооч залуу Б.Жаргалсайханы дээр нь гарчихсан түүний нүүр лүү гараараа цохиж байгаа харагдсан. Тэгэхээр нь явж очоод “болил доо” гэтэл нөгөө жолооч залуу Жаргалсайханыг тавиад над руу босч ирээд намайг заамдаад авахаар нь би гарыг тавиулах санаатай гараараа цааш түлхээд арагшаагаа ухарсан. Тэр үед Б.Жаргалсайхан босч ирээд нөгөө жолооч залуугийн араас өмсөж байсан ноосон цамцаар хоолойг боож арагшаа татаад жолооч залуугийн хамт газар унах үед харахад жолоочийн гарт жижиг нарийхан халив шиг зүйл барьчихсан байгаа харагдсан. Би тухайн үедээ айгаад тэр хоёроос холдоод байшингийн булан руу явж байтал араас Б.Жаргалсайхан ирээд халаасаа дарж үзсэнээ түрийвч байхгүй байна гээд буцаад явсан. Тэгснээ удаа ч үгүй хүрч ирэхдээ дэлгэц нь хагарчихсан, хар өнгийн мэдрэгчтэй утас газар хэвтэж байна гээд аваад ирсэн. ... Цэнгэлд уг дэлгэц нь хагархай утсаа гуйж байгаад 10.000 төгрөгөөр зарсан. ...” /1 дүгээр хавтас, хуудас 236-239/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр хүзүүний баруун, зүүн хажуу хэсгийн гүн тасархайтсан зулгаралтууд, нүүр мөчдөд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь уян зөөлөн болон мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач нь механик амьсгал бүтэлт боолтын улмаас нас баржээ. …” гэх 1506 тоот шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтас, хуудас 113-114/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Хар биеийн тамирын цамцанд гарсан 283 мм, 303 мм, 24 мм, 20 мм хэмжээтэй уранхайнууд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан ханзарсан уранхайнууд байна. Саарал богино ханцуйтай цамцанд гарсан З5хЗ0 мм хэмжээтэй уранхай нь татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан ханзарсан уранхай байна. Арын хэсэгт гарсан 11 мм хэмжээтэй уранхай нь хурц иртэй үйлчлэлээр зүсэгдсэн уранхай байна. Саарал дотоожинд гарсан 10х15 мм хэмжээтэй цоорхой гогдож татах хүчний үйлчлэлээр гарсан уранхай байна. 10 мм хэмжээтэй уранхай нь эдэлгээний явцад гарсан сэмэрсэн уранхай байна. Хар саарал өмд, хар саравчтай малгай, ягаан цэнхэр оймс, саарал углааш, хүрэн бүс зэрэг хувцаснуудад уранхай цоорхой байхгүй байна” гэх 3962 тоот шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтас, хуудас 133-134/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Жаргалсайханы биед хамрын нурууны зулгаралт, зүүн бугалганы цус хуралт, зулгаралт, цээжний цус хуралт, баруун далны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 12411 тоот шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтас, хуудас 167/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Шинжилгээнд ирүүлсэн хар хүрэмний 1 см уранхай гогдогдон татах хүчний үйлчлэлээр гарсан уранхай, 15,5 см уранхай хатуу зүйлтэй үрэлтийн хүчний үйлчлэлээр гарсан сэмэрсэн уранхай байна” гэх  4060 тоот шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтас, хуудас 171/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын “...Б.Жаргалсайхан нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Жаргалсайхан нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримтгүй байна. Б.Жаргалсайхан нь хэрэг үйлдэх өөрийн үйлдлээ ухамсарлан ойлгож удирдан жолоодох чадвартай байсан байна. Сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэх 766 тоот шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтас, хуудас 174/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хуудас 3-5, 16-17, 23/, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хуудас 6-14, 18-22, 24-27/, Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хуудас 28-29/, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтас, хуудас 30-33/, Хувцасанд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хуудас 34/, Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хуудас 35-36/, Б.Жаргалсайханы биед үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтас, хуудас 38-39/, Таньж олуулах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтас, хуудас 110/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

            Б.Жаргалсайхан нь согтуурсан үедээ, 2015 оны 8 дугаар сарын 22-ны оройн 22 цагийн үед Ш.Энхмандахтай хамт Саппороогоос алхаж, 3, 4 дүгээр хорооллын автобусны эцсийн буудал орчим ирээд, гар өргөн Г.Ганбатын машинд суун Бичил хороолол орохоор үйлчлүүлж, улмаар 23 цаг 40 минутын үед буухдаа жолоочийн төлөхийг шаардсан 1500 төгрөгийн төлбөрийг төлөхөд мөнгө хүрэхгүй буюу 800 төгрөг байна гэсэн асуудлаас үүдэн маргалдаж, улмаар 21 дүгээр байрны хойд талын гараашнуудын дунд харилцан зодолдох явцдаа Г.Ганбатын хоолойг өмсөж явсан хувцасных нь захаар боож, механик амьсгал бүтэлтэнд оруулан алсан үйл баримт тогтоогдож байна.

 

            Б.Жаргалсайханы дээрх үйлдэлд түүнтэй хамт явсан Ш.Энхмандах оролцсон байж болох нөхцөл байдлыг мөрдөн байцаалтын шатанд шалгажээ.

 

Гэрч З.Гансүх “...Би 2015 оны 8 дугаар сарын 22-ны орой 23 цаг 46 минутын үед 13, 14 дүгээр байрнуудын лифтийг унтраах гээд 21 дүгээр байрны баруун хойд талын гараашнуудын хажуугийн завсраар гараад ирэхэд, гараашийн хажууд нэг эрэгтэй хүний нуруу ил гарсан, нуруун дээр нь цус болсон, доошоо харсан байдалтай, ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй хэвтэж байхад дээр нь 25-26 орчим настай, эрэгтэй хүн сууж байсан. Ямар хувцастай байсныг санахгүй байна. Тэгээд газар доошоо хараад хэвтэж байгаа хүний хөл дээгүүр бараг алхаад гарсан, яг хөлийнх нь урд талд нэг “Приус” загварын машин тавьсан, жолоочийн эсрэг талын хаалга онгорхой, дотор салоны гэрэл асаалттай, тэр талын суудал дээр 25-26 орчим насны туранхай, жижигхэндүү биетэй, дээгүүрээ цагаан цайвар хувцастай залуу нэг хөлөө унжуулсан байдалтай сууж байсан. …” /1 дүгээр хавтас, хуудас 58-60 /,

Б.Жаргалсайханы яллагдагчаар өгсөн “...2015 оны 8 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Энхмандах бид хоёр жаахан халамцуу Саппорогоос дээшээ өгсөж алхаад 6 дугаар бичил хороолол орохоор хорооллын эцсийн буудлын тэр хавьд замын урд талд алхаж яваад таксинд гар өргөөд “бичил орно” гэж суугаад бичил хорооллын зам дээр ирэхээр нь “энд буучихъя” гэсэн. Тэгтэл жолооч залуу “1500 төгрөг” гэхээр нь би түрийвчээ гаргаад “2 ахад нь 800 төгрөг л байна, км газар л явсан шүү дээ” гэсэн чинь “хаана ингэж хүн хулхидаж сурсан юм бэ, хуцаад бай” гээд машинаа асаагаад цаашаа яваад нэг байрны зүүн хойд талдаа гарааштай газар ирж зогсоод, жолооч залуу машинаасаа бууж миний талаар тойроод машины хаалга онгойлгоод намайг “буугаад ир” гэсэн. Тэгээд би буухад тэр залуу гартаа нэг юм барьчихсан, намайг нэг юмаар цохисон, би хойшоо зайлсан, тэгэхээр нь би тэврээд авсан, хоёулаа ноцолдоод цуг газар унасан. Тэр залуу миний дээрээс дарж унаад, нүүрэнд хоёр удаа цохисон. Энэ үед Энхмандах ард ирчихсэн, “больцгоо” гэхэд тэр жолооч залуу Энхмандах руу очсон. Тэгэхээр нь би тэр жолоочийн араас дагаж очоод цамцных нь захаас татсан чинь эргээд намайг заамдаад бариад авсан. Би цамцны захаар нь мушгиж дараад унагачихсан. Тэгтэл тэр залуугийн намайг заамдчихсан байсан гар нь сулраад ухаан алдчих шиг болохоор нь залуугийн дээрээс босоод халаасаа үзсэн чинь түрийвч байхгүй болсон байхаар нь би миний түрийвч байхгүй болчихсон байна гэж Энхмандахад хэлээд, тэр хавиар ноцолдсон газраа үзээд түрийвчээ олоогүй. Тэгтэл газар гар утас уначихсан байхаар нь би аваад үзсэн чинь дэлгэц нь хагарсан утас байхаар нь аваад халаасандаа хийсэн. Энхмандах өөрийнхөө танил нэг залуутай уулзаж байгаад 10.000 төгрөг аваад ирсэн. Зарсан юм уу, яасныг мэдэхгүй. … Энхмандах тэр жолооч залуутай зодолдож, цохилцоогүй. ...” /1 дүгээр хавтас, хуудас 228-230/ гэж мэдүүлснээс,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Жаргалсайханы биед хамрын нурууны зулгаралт, зүүн бугалганы цус хуралт, зулгаралт, цээжний цус хуралт, баруун далны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх 12411 тоот шинжээчийн дүгнэлтээс /1 дүгээр хавтас, хуудас 167/ тус тус үзэхэд:

 

            Б.Жаргалсайхан, Г.Ганбат нар харилцан зодолдсон, улмаар Б.Жаргалсайхан нь Г.Ганбатын хоолойг өмсөж явсан хувцасных нь захаар боож, механик амьсгал бүтэлтэнд оруулсан болох нь тогтоогдож байна.

 

Харин дээрх үйл явдал өрнөж байх цаг хугацаанд Ш.Энхмандах юу хийж байсан талаар авч үзэх шаардлагатай.

 

Гэрч З.Гансүхийн “... “Приус” загварын машин тавьсан, жолоочийн эсрэг талын хаалга онгорхой, дотор салоны гэрэл асаалттай, тэр талын суудал дээр 25-26 орчим насны туранхай, жижигхэндүү биетэй, дээгүүрээ цагаан цайвар хувцастай залуу нэг хөлөө унжуулсан байдалтай сууж байсан. …” /1 дүгээр хавтас, хуудас 58-60 / гэсэн мэдүүлгээс үзэхэд Ш.Энхмандах нь амь хохирогчийн машинд сууж байсан байх бөгөөд түүний машинд сууж байсан үйлдлийг гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзэх, эсхүл Б.Жаргалсайхан, Ш.Энхмандах нарыг эхнээсээ бүлэглэн Г.Ганбатыг дээрэмдэх зорилготой байсан гэж үзэх нөхцөл байдал нотолгооны хувьд хязгаарлагдмал болжээ.

 

Харин Ш.Энхмандахын гэм буруутай байж болох үйлдлүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1, 246 дугаар зүйлийн 246.1 хэсэгт заасан ял сонсгон, яллагдагчаар татаж, түүнд холбогдох уг хэргүүдийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэхээргүй байна.

 

Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах, нотлох баримт цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч Ш.Энхмандах нь Б.Жаргалсайханы хүнийг санаатай алсан үйлдэлд хамтран оролцсон нөхцөл байдал тогтоогдоогүй байх бөгөөд анхан шатны шүүх Б.Жаргалсайханд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан зохицуулалтын хүрээнд эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Бүлэглэн хүнийг санаатай алах гэмт хэргийн хувьд бүлэглэн оролцож байгаа этгээдүүд нь хохирогчийг алахаар ойлголцон үйлдэх бөгөөд гэмт хэрэгтэн бүр бие биенээ дэмжиж, үйл ажиллагааг нь хөнгөвчилж байна гэдгээ ухамсарласан байх учиртай.

 

Ш.Энхмандах нь Б.Жаргалсайханы Г.Ганбатын  хоолойг өмсөж явсан хувцасных нь захаар боож, механик амьсгал бүтэлтэнд оруулан шууд бус санаатай алсан гэмт хэрэгт ямар нэг хэлбэрээр дэмжлэг үзүүлсэн нөхцөл байдал тогтоогдоогүй байна.     

 

            Амь хохирогч Г.Ганбатын таксины төлбөр төлүүлэх зүй ёсны шаардлагыг эсэргүүцэн маргаан үүсгэж, улмаар харилцан зодолдох явцдаа Г.Ганбатын  хоолойг өмсөж явсан хувцасных нь захаар боож, механик амьсгал бүтэлтэнд оруулан шууд бус санаатай алсан үйлдлийг танхайн сэдэлтэй гэж,

Мөн Б.Жаргалсайхан нь Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 18 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 2 жил 22 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.5 дахь хэсэгт заасан ялтай байх хугацаандаа дахин хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэнийг уг гэмт хэргийг давтан үйлдсэн гэж тус тус дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

Б.Жаргалсайханд холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтын явцад шүүх тогтоол гаргахад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан буюу хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүмүүсийг гэрчээр асуусан, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүх дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэхэд шаардлагатай бусад мөрдөн байцаалтын ажиллагааг хангалттай явуулсан байна гэж үзэв.

 

Мөрдөн байцаалтын болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

 

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Б.Жаргалсайханы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон ял шийтгэл оногдуулсан байх тул ялтан Б.Жаргалсайханы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Мөнхтөр нь мөрдөн байцаалтын шатанд эхнэр, гэр бүлийнхэнтэй нь ярьж байгаад хохирогчоор тогтоогдсон талаараа мэдүүлжээ.

 

            Хэдийгээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Ч.Мөнхтөр тогтоогдсон ч амь хохирогч Г.Ганбатын эхнэр Т.Өлзийжаргал нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуульд заасан үндэслэлээр жич нэхэмжлэл гарган тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгох, тэтгэмж авах асуудлаа шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдаж байна.

 

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 521 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Б.Жаргалсайханы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ш.БАТ-ЭРДЭНЭ

                

                   ШҮҮГЧИД                                                          О.ЧУЛУУНЦЭЦЭГ                                                                                                               

                                                                                              Т.ӨСӨХБАЯР