Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 487

 

Д.Б, Б.Н нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ш.Одонсүрэн, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 110 дугаар шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 24 дүгээр магадлалтай, Д.Б, Б.Н нарт холбогдох 1838009180043 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Б-ийн өмгөөлөгч Б.Батдоржийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1995 онд төрсөн, 24 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 110 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж байсан Ш овогт Д-н Б,

2. Монгол Улсын иргэн, 1996 онд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, Ш овогт Б-ийн Н нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Б, Б.Н нарыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрийг 1 жил хорих ял шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор Д.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгон 6 сар хорих ял оногдуулж, ялуудыг нэмж нэгтгэн нийт 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Хөвсгөл аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батдорж, Ч.Будхүү нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Б.Батдорж гаргасан гомдолдоо “...Д.Б, Б.Н нар бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Хар чулуут” гэх газраас хохирогч Г.Б, Н.Д нарын 2 тооны адууг бэлчээрээс нь хулгайлан 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Хулгайлах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн болон энэ хэрэгт Д.Б оролцсон нь хангалттай тогтоогдоогүй байна. Энэ хэргийг үйлдсэн гэх Б.Н-гийн үйлдэл, холбогдол нь хангалттай тогтоогджээ. Д.Б нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй, өмнө нь тэнсэн харгалзах ялтай байсан тул дахин гэмт хэрэг үйлдэхгүй болно. Харин Б.Н нь би ахаасаа хоёр адуу авахаар боллоо, барилцаад өгөөч гэхээр нь барихад нь тусалсан болохоос ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй байна. Б.Н нь мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн мал хулгайлах гэмт хэргийг ганцаараа үйлдсэн талаар үнэн зөвөөр нь мэдүүлж ирсэн. Хохирогч Г.Б “Манай адууг Н, нөгөөх нь нутгийн дууддаг нэр нь Хожгор нар хулгайлан авсан, хариуцлага хүлээлгэмээр байна” гэж мэдүүлсэн байдаг. Хохирогч адууг нь хэн авсныг мэдэх нь байтугай хэдийд хулгайд алдсаныг мэдэхгүй байна. Хэрэгт цугларсан үйл баримт болон Б.Н-гийн мэдүүлгээс харахад Д.Б нь мал хулгайлах гэмт хэрэгт оролцсон оролцоо нь эргэлзээтэй, хангалттай тогтоогдоогүй байхад түүнийг буруутгаж ял шийтгэсэн нь үндэслэлгүй болно. Иймд Д.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Мөн хуралдаанд хяналтын прокурор Ш.Одонсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдээгүй гэх боловч шүүгдэгч Б.Н-, хохирогч, гэрч нарын мэдүүлгээр няцаагдаж, мал хулгайлах гэмт хэрэгт хамтран оролцсон болох нь тогтоогдсон байна. Шүүхээс Д.Б, Б.Н нарт оногдуулсан ял шийтгэл нь түүний гэм бурууд тохирсон, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдоржийн гаргасан гомдлыг үндэслэн Д.Б, Б.Н нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Д.Б, Б.Н нар нь бүлэглэн 2018 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр, “Хар чулуут” гэх газраас хохирогч Г.Б, Н.Д нарын 2 тооны адууг бэлчээрээс нь хулгайлж, 1,600,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Б, Б.Н нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн тэднийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч нарт хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулжээ.

Өмгөөлөгч Б.Батдоржийн зүгээс шүүгдэгч Д.Б мал хулгайлах гэмт хэрэгт оролцсон нь нотлогдоогүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгөхийг хүссэн агуулгатай гомдол гаргасан байна.

Шүүгдэгч Б.Н нь хохирогч Г.Б, Н.Д нарын 2 тооны адууг бэлчээрээс хулгайлахад нь Д.Б нь барилцаж тусалсан, энэхүү үйлдлээрээ хүчээ нэгтгэж, оролцсон тул гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон гэж үзнэ. Мөн Д.Б-ийн үйлдлийн шинж байдлаар нь түүнийг энэ гэмт хэргийн оролцогч бөгөөд сэдэлт, зорилго нь тогтоогдсон гэж үзэх бүрэн боломжтой.

Түүнчлэн Д.Б нь өмнө мал хулгайлах гэмт хэрэгт холбогдож шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн байсан бөгөөд уг гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, түүнээс гарах үр дагаврын талаар тодорхой хэмжээний ойлголттой байж үйлдэл, холбогдлоо ухамсарлахгүйгээр дахин энэ төрлийн гэмт хэрэгт бусадтай бүлэглэн оролцож буй нөхцөл байдлыг үндэслэн өмнөх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгон 6 сар хорих ял оногдуулж, ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдоржийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 110 дугаар шийтгэх тогтоол, Хөвсгөл аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 24 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдоржийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН