Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2017/0653

 

2017 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2017/0653

Улаанбаатар хот

 

Д.Н, Б.нарын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч Д.Баатархүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, гуравдагч этгээд Д.З-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х нарыг нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0462 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд Д.З-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Х-н гаргасан давж заалдах гомдлоор Д.Н, Б.Б нарын нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Д.Баатархүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0462 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Н, Б.Б нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 318 дугаар захирамжийн иргэн Д.З, Э.Н нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гуравдагч этгээд Э.Н-н Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/466 дугаар захирамжийн Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Э.Н-с 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдөр чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтэд зуслангийн зориулалтаар газар эзэмшихээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа Чингэлтэй дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хүссэлтийг шийдвэрлэхийг даалгах тухай бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Н, Б.Б нарын Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 318 дугаар захирамжийн иргэн Д.З, Э.Н нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн ба энэхүү шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэснийг зөрчиж хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хууль хэрэглээний алдаа гаргасан гэж байна.

Нэг. Шүүх Засаг даргын 318 дугаар захирамжийг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах баримт бичгийг х авсаргана гэж зааснаас үзвэл газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэн өгч байгаа болон авч байгаа этгээд нь аль хүсэлт гаргахаар байна. Гэтэл эрхийн гэрчилгээг шилжүүлж байгаа нэхэмжлэгч Д.Н, Б.Б нараас гаргасан өргөдөл нь тэдгээрийн бичгийн хэвийн ззагваруудтай тодорхойгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон учир газар эзэмшигч эрхийг шилжүүлэгч тал өөрөө хүсэлт гаргаагүй байхад газар эзэмших эрхийг шилжүүлсэн нь уг хуулийн заалтыг зөрчсөн байна гэж дүгнэжээ

Хоёр. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараах зүйлүүдийг тодруулна

38.3.1-д энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх,

38.3.2-т шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэн

38.3.3-д эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмшижх эрхтэй эсэх.

38.2-т Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсарган.

38.2.1-д нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ.

38.2.2-т эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байга этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо.

382.3-д хураамж төлсөн тухай баримт.

Дээрх заалтуудаас үзвэл Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай талуудын хүсэлтийг хүлээн авч тус хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан эсэхийг шалган тогтоохоос бус талуудын өгсөн хүсэлт нь өөрийн гараар бичигдсэн эсэх, түүн дээрх гарын үсэг өөрийнх нь мөн эсэхийг нягтлан тогтоох хуульд заасан үүрэггүй, буюу түүнийг мэдэх боломжгүй юм. Гэтэл шүүх Засаг даргыг талуудын гаргасан газар эзэмших эрх шилүүлэх хүсэлтийг бичсэн эсэхийг шалган тогтоох үүрэгтэй байсан мэт тайлбарлаж энэ заалтыг үндэслэн Засаг даргын гаргасан 318 дугаар захирамжийг хүчингүй болгосон нь хуулийг буруу хэрэглэсэн явдал боллоо.

Иймд дээрх үндэслэлийг харгалзан үзэж Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2017/0462 дугаартай шийдвэрийн гуравдагч этгээд Д.Золжавхланд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Н, Б.Б нараас Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/318 дугаар захирамжийн иргэн Д.З, Э.Н нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл, гуравдагч этгээд Э.Номингоос мөн дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/466 дугаар захирамжийн Б.Б-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, газар эзэмших хүсэлт шийдвэрлэхгүй байгаа Чингэлтэй дүүргийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах бие даасан шаардлага гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, харин гуравдагч этгээд Э.Н-н бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснээс энэ хэргийн нөгөө гуравдагч этгээд болох Д.З-н итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Д.З-д холбогдох хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргасныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.Н, Б.Б нараас Д.З, Э.Н нарт газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь заалт болон Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмыг зөрчсөн хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлон маргасан байна.

Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/318 дугаар захирамжийн хавсралтын 58, 59 дэх заалтаар иргэн Д.З, Э.Н нарт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн зусланд тус бүр 700 м.кв газрыг зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Д.Н нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн А/466 дугаар захирамжаар тус дүүргийн 19 дүгээр хороо, Гүнтийн зусланд 700 м.кв газрыг зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаад газар эзэмших эрхийн гэрчилгээгээ иргэн Д.З-д шилжүүлэхээр 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, эрх шилжүүлэгч болон эрх хүлээн авагч талууд гарын үсэг зурж баталгаажуулан, нотариатаар гэрчлүүлсэн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч Д.Н-н ...би Д.З-г огт танихгүй, газар эзэмших эрхийг хууль бусаар шилжүүлэн авсан... гэх тайлбар үндэслэлгүй байна.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана:, 38.2.1-т нотариатаар гэрчлүүлсэн гэрээ, 38.2.2-т эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо, 38.2.3-т хураамж төлсөн тухай баримт гэж заасны дагуу газар эзэмших эрх шилжүүлсэн тухай нотариатаар гэрчлүүлсэн гэрээ, болон холбогдох баримтуудад үндэслэн хуульд заасан шаардлагыг хангасан гэж үзэж, иргэн Д.З-д газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 38.4-т заасантай нийцсэн байна.

Нэхэмжлэгч Д.Н нь газар эзэмших эрхийн гэрчилгээгээ Д.З-д шилжүүлэхээр харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулж, улмаар гэрээнд өөрөө гарын үсгээ зурсан, мөн нэхэмжлэгч Б.Б-с газар эзэмших эрхээ Э.Н-д шилжүүлэх гэрээнд Б.Б-н гарын үсгийг Д.Н зурсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул Д.Н-н газрыг хууль бусаар шилжүүлсэн гэж хариуцагчийг буруутгах боломжгүй, харин нэхэмжлэгч Б.Б-н өмнөөс Д.Н гарын үсэг зурсан тул Б.Б-н нэхэмжлэлийг хангаж, маргаж буй захирамжийн Э.Н-д холбогдох хэсгийг шүүх хүчингүй болгосон байна.

Иймд гуравдагч этгээд Д.З-н итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгч Д.Н өөрөө хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсгээ зурж, нотариатаар гэрчлүүлсэн гэрээ байхад хууль бусаар шилжүүлсэн гэж үзэхгүй гэсэн тайлбар үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Д.Н-с иргэн Д.З-д газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 462 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 38.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Б-н нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/318 дугаар захирамжийн иргэн Э.Номинд холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.Н-н Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн А/318 дугаар захирамжийн иргэн Д.З-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Д.З-н итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд Д.З-с давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ