Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 37

 

        Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунтунгалаг даргалж, шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

       Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын Ардчилсан намын нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын Сонгуулийн хороонд холбогдох, 

       Гуравдагч этгээд: Ц.Саранцэцэгийг оролцуулан,

      Нэхэмжлэлийн шаардлага: Нэр дэвшигч Ц.Саранцэцэгийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлэхийг Хэрлэн сумын Сонгуулийн хороонд даалгахыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Хэрлэн сумын Ардчилсан намыг төлөөлж дарга Б.Хүрэлсүх, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Батболд, хариуцагч Хэрлэн сумын Сонгуулийн хороог төлөөлж дарга Л.Ганзориг, хариуцагчийн өмгөөлөгч З.Нямсүрэн, гуравдагч этгээд Ц.Саранцэцэг, гэрч О.Байгалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын Ардчилсан намыг төлөөлж дарга Б.Хүрэлсүх шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дорнод аймгийн Хэрлэн сумын Сонгуулийн хороо нь Монгол Ардын намын хорооноос нэр дэвшүүлсэн нэр бүхий 31 төлөөлөгчийг бүртгэн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаартай тогтоол гаргасан байх ба уг тогтоолын хавсралтын 18 дугаарт бичигдсэн Цэдэндамбын Саранцэцэгийг Сонгуулийн тухай хуулийг зөрчин нэр дэвшигчээр бүртгэж үнэмлэхийг гардуулжээ. Ц.Саранцэцэг нь Хэрлэн сумын 11 дүгээр сургуулийн сургалтын менежерээр 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн  Б/56 дугаар тушаалаар  одоог  хүртэл томилогдон  ажиллаж байгаа бөгөөд Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтаар батлагдсан сургалтын менежер нь удирдах албан тушаалд харъяалагдаж байгаа тул Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д зааснаар “төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан нь... орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө ажил албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохих” хуулийн шаардлага хангаагүй байна. Иймд Сонгуулийн  тухай  хуулийн  159 дүгээр  зүйлийн 159.1-д заасны  дагуу нэр дэвшигч Ц.Саранцэцэгийг нэр дэвшигчдийн нэрийн  жагсаалтаас хасч, нийтэд мэдээлэхийг Хэрлэн сумын Сонгуулийн хороонд даалгаж өгнө үү гэжээ.

         Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Батболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрлэн сумын Монгол Ардын намаас нэр дэвшигч Саранцэцэг нь 2014 оноос сургалтын менежерээр ажиллаж байгаа юм. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад ажлын цагийн тооцоо нь байгаа. Нэхэмжлэгч Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-д зааснаар энэ оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ёстой. Гэтэл хавтаст хэрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт өгсөн нотлох баримт байхгүй. Өөрийгөө удирдах албан тушаалтан биш гэж байгаа боловч ажлын байрны тодорхойлолтоор “Заах аргын нэгдэл” болон нийт 20 багшийг удирдан ажилладаг юм. 2007 оны Засгийн газрын 34 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтаар удирдах албан тушаалтан гэх хангалттай нотлох баримт байгаа юм. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.10-т Яам төрийн бусад байгууллагын төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно гэж заасан. Энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2-т зааснаар боловсрол, шинжлэх ухаан эрүүл мэнд, соёл, урлаг зэрэг улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах ба гүйцэтгэх, туслах албан тушаалтан хамаарна гэж заасан. Сургалтын менежер бол Бага, дунд боловсролын тухай хуулиар хичээлийн эрхлэгчийг хэлж байна. Байгалмаа гэдэг хүний мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэхгүйгээр Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-т зааснаар нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрвэл уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллагад нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлж өгнө үү. Мөн Сонгуулийн тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.2-т зааснаар саналын хуудас хэвлэгдсэний дараа нэрийн жагсаалтаас хасагдсан бол уг саналын хуудсыг дахин хэвлэх бөгөөд дахин хэвлэх боломжгүй бол уг саналын хуудсаар санал авч хасагдсан нэр дэвшигчид өгсөн саналыг сонгуулийн дүнг оруулахгүй байж өгнө үү гэв.    

        Хариуцагч Хэрлэн сумын Сонгуулийн хороог төлөөлж дарга Л.Ганзориг шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд Хэрлэн сумын 6 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч, ерөнхий боловсролын 11 дүгээр сургуулийн сургалтын менежер Ц.Саранцэцэг нь Монгол Улсын Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтад заасан удирдах албан тушаалтны албан тушаалын тодорхойлолтод нийцэхгүй, төрийн үйлчилгээний бие даасан байгууллагыг удирддаггүй, эрх хэмжээний хүрээнд ямар нэгэн шийдвэр гаргадаггүй, мөн төсөв захиран зарцуулах эрхгүй учраас Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.9-д заасан төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрх нь зөрчигдөх ёсгүй... Нэр дэвшигч Ц.Саранцэцэгийг Сонгуулийн  тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2-т заасан бичиг баримтыг үндэслэж нэр дэвшигчээр бүртгэсэн. Энэ хүний ажлын байрны тодорхойлолтод дарга, дэд захирал гэсэн үг байхгүй байсан учраас бүртгэсэн юм. Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолд “удирдах албан хаагч” гэж заасан байдаг. Мөн тодорхойлолт хэсэгт бие даасан төсвийн байгууллагын удирдаж, эрх зүйн хэмжээнд шийдвэр гаргах эрхтэй хүнийг хэлнэ гэж заасан. Засгийн газрын тогтоол эргэлзээтэй байгаа учраас бид хуулиа баримталсан юм. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-т зааснаар үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно гэж заасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т зааснаар хөдөлмөрийн гэрээнд... ажлын байрны нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг, цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл зэргийг зохицуулсан байдаг. 2015, 2016 оны боловролын сайдын баталсан боловсролын байгууллагын төсөвт боловсролын байгууллагын удирдах албан тушаалтны тоо, захирал эрхлэгч, гүйцэтгэх ажилтны тоо, сургалтын менежер багш нарын тоо гэж байдаг юм билээ. Үүнд сургалтын менежерийг оруулаагүй байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье гэжээ гэв.

        Хариуцагчийн өмгөөлөгч З.Нямсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Төрийн албаны тухай хуульд 2009 оны 5 дугаар сарын 6-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон. Гэтэл нэхэмжлэгч тал 2007 оны Засгийн газрын 354 тогтоолоор энэ хүнийг хасах ёстой гэж ярьж байна. Хуульчилсан актаар хүний эрх зүйн байдлыг дордуулж болохгүй. Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар төрийн албан тушаалтны ангилал, төрлийг төрийн улс төрийн, төрийн захиргааны, төрийн тусгай, төрийн үйлчилгээний гэж ангилдаг. Төрийн албан тушаалын төрлийн талаар маргаж байна. Төрлийг хуулиар тогтоосон, гэтэл ангилал заасан эрх зүйн актаар зохицуулж болохгүй. Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т зааснаар “Төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар” тогтооно гэж заасан... Боловсролын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т зааснаар Өмчийн бүх хэлбэрийн боловсролын сургалтын байгууллагыг үүсгэн байгуулагч буюу түүний эрх олгосон этгээдийн томилсон захирал, эрхлэгч удирдана. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар Саранцэцэг нь захиралтайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилладаг юм. Саранцэцэг нь нэр дэвшигчээр бүртгүүлэхдээ албан тушаал болон ажил үүргийн тодорхойлолтоо тодорхой бичсэн нь Төрийн албаны тухай, Боловсролын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид нийцсэн... Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

      Гуравдагч этгээд Ц.Сарангэрэл шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Хэрлэн сумын 11 дүгээр сургуульд дунд, ахлах ангийн сургалтын менежерээр ажилладаг. БСШУ-ны сайдын тушаалаар батлагдсан “Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт”-оор сургалтын нэгжид хамаарч ажил үйлчилгээ үзүүлдэг албан хаагч юм. Төсөв, хөрөнгө захиран зарцуулдаггүй. Бие даасан байгууллагыг удирдаж, шийдвэр гаргадаг албан тушаалтан биш. Сургалтын менежерийн ажлын байрны зорилгод зааснаар: -Цогц чадамжид суурилсан бага, дунд боловсролын стандарт, сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг сургуулийн түвшинд хэрэгжүүлэх үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар ханган тэдгээрийн хэрэгжилтийг төлөвлөх, зохион байгуулах, манлайлах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, багшид мэргэжил, арга зүйн үйлчилгээ үзүүлдэг. Монгол улсын Үндсэн хуульд заасан сонгох, сонгохдох эрхээ эдлэж, нэр дэвшсэн. 2007 оны Засгийн газрын 354 дүгээр тогтоолыг баримталж намайг “удирдах албан хаагч” гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4-т ... албан тушаалтан... гэдэг үг орсон байна. Монгол хэлний тайлбар тольд “албан тушаалтан” гэдгийг “Төрийн байгууллагад ажилладаг, тодорхой эрх мэдэл бүхий хүн гэж, “албан хаагч” гэдгийг оюуны хөдөлмөр эрхлэн, тогтоосон хэмжээний цалин авдаг хүмүүс гэж тайлбарласан байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

      Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад дараах үндэслэлээр Дорнод аймгийн Хэрлэн сумын Сонгуулийн хороонд холбогдох, Хэрлэн сумын Ардчилсан намын “Ц.Саранцэцэгийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлэхийг Хэрлэн сумын Сонгуулийн хороонд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ:

     Хэрлэн сумын Монгол Ардын намаас Ц.Саранцэцэгийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшүүлж, хуульд хугацаанд холбогдох баримт бичгүүдийг ирүүлсний дагуу “Орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх тухай” Хэрлэн сумын Сонгуулийн хорооны 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаар тогтоолоор түүнийг нэр дэвшигчээр бүртгэсэн байна[1]

     Нэр дэвшигч Ц.Саранцэцэг нь Хэрлэн сумын 11 дүгээр сургуулийн сургалтын менежерээр ажилладаг, сонгуульд нэр дэвшихдээ ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаагүй, үүрэгт ажлаа гүйцэтгэж байгаад 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс мөн сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд чөлөө авсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, ажилд авсан тушаал, Хэрлэн сумын 11 дүгээр сургуулийн захирлын 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 126 тоот албан бичиг, чөлөө хүссэн өргөдөл, 2016 оны 9 дүгээр сарын ажлын цагийн тооцоо зэрэг баримтаар тогтоогдож байна.[2]

        Сонгуулийн тухай хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д “Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрвэл уг нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн байгууллага нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлнэ.” гэж зааснаар энэ хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт заасан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэлүүдийн нэг нь тогтоогдсон нөхцөлд нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасахаар байна. Энэ хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3-д заасан “нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг дутуу, эсхүл хуурамч бол” гэдгийг Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 дахь хэсэгт заасан долоон төрлийн бичиг баримтын аль нэгийг нь дутуу бүрдүүлсэн байхыг ойлгоно. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бусад баримтуудаас[3] үзэхэд энэ зүйлийн 157.2.1-157.2.6-д заасан баримт бичгүүдийг хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлсэн нам нь бүрдүүлж, сонгуулийн хороонд ирүүлсэн болох нь нотлогдож байна. Харин энэ хуулийн 157 дугаар зүйлийн 157.2.7-д заасан “төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал” гэдэгт дунд сургуулийн сургалтын менежер хамаарахгүй тул ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх тухай хүсэлтийн нотариатаар батлуулсан хуулбарыг ирүүлэхийг шаардах үндэслэлгүй учраас Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.3-д заасан нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

       Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэлүүдийн нэг болох Сонгуулийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.2-т заасан “нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй” гэдэгт энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8, 154 дүгээр зүйлийн 154.3 болон бусад зүйлд заасан нийтлэг болон тусгай шаардлагуудыг хангаагүй байхыг ойлгоно. Нэхэмжлэгч тал Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт заасан шаардлагыг нэр дэвшигч Ц.Саранцэцэгийг хангаагүй гэж үздэг.

         Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол сонгуулийн жилийн дөрөвдүгээр сарын нэгний өдрөөс өмнө ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байвал зохино.” гэж заасан. Энэ хэсэгт заасан “төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан”-д дунд сургуулийн сургалтын менежерийн албан тушаалыг хамаарахгүй гэж үзэхээр байна. Учир нь: 

       Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Төрийн албан тушаалыг улс төрийн, төрийн захиргааны, төрийн тусгай, төрийн үйлчилгээний албан тушаал гэж ангилж, 5.3-д эдгээр албан тушаал нь удирдах, гүйцэтгэх, туслах гэсэн төрөлтэй байхаар тогтоожээ. Түүнчлэн энэ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн суурь үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараах албан тушаал хамаарна.” гэж заагаад 9.1.2-т “Боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг зэрэг улсын төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах ба гүйцэтгэх, туслах албан тушаал”-ыг хамааруулсан байна. Мөн Төрийн албаны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.” гэж заасны дагуу “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 354 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтаар төрийн үйлчилгээний албан тушаалын ангиллын удирдах албан хаагчийн төрөлд ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежерийг оруулж, албан тушаалын зэрэглэлийг ТҮБД-6–аар тогтоосон байна. Түүнчлэн энэ тогтоолд удирдах албан хаагчийг “төрийн үйлчилгээний бие даасан байгууллагыг удирдаж, эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргадаг албан тушаал” гэж тодорхойлжээ. Энэ тогтоолоор ерөнхий боловсролын дунд сургуулийн сургалтын менежерийн албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалын ангиллын удирдах албан хаагчийн төрөлд орж байна.

        Гэвч Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсэгт заасан “төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан”  хэмээх ойлголтод дунд сургуулийн “сургалтын менежер”-ийн албан тушаалыг хамаарах эсэхийг тайлбарлан хэрэглэхэд дан ганц Засгийн газрын 2007 оны 354 дүгээр тогтоолын 4 дүгээр хавсралтыг баримтлах нь хангалтгүй бөгөөд энэ тогтоолд “төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан” гэх төрөл байхгүй, “удирдах албан хаагч” гэж ялгаатай заасан бөгөөд “төрийн үйлчилгээний бие даасан байгууллагыг удирдаж, эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргадаг албан тушаал” гэсэн тодорхойлолтод нь “сургалтын менежер”-ийн ажлын байрны зорилго, чиг үүрэг нийцэхгүй, зөрчилдөж байна. Тодруулбал; сургалтын менежерийн ажлын байрны зорилго нь цогц чадамжид суурилсан бага, дунд боловсролын стандарт, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг сургуулийн түвшинд хэрэгжүүлэх үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар ханган тэдгээрийн хэрэгжилтийг төлөвлөх, зохион байгуулах, манлайлах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, багшид арга зүйн үйлчилгээ үзүүлэх гэж тухайн албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтод заажээ.[4]

       Түүнчлэн “Ерөнхий боловсролын сургуулийн үлгэрчилсэн дүрэм батлах тухай” Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 471 дүгээр тушаалын хавсралтын 2.2-т. “Сургуулийн захиргааны удирдлагыг захирал хэрэгжүүлнэ.”, 2.4-д “Захирал сургалтын менежерийн ажлын байрны тодорхойлолтод тавигдсан шаардлага хангасан нэр дэвшигчийг багш нарын зөвлөлд танилцуулж, зөвлөлийн санал хураалтын дүнг харгалзан сургалтын менежерийг томилно.”, 2.4.1-д “Сургалтын менежер боловсролын стандарт, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг сургуулийн түвшинд хэрэгжүүлэх үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, нэгж хичээлийн чанар, үр өгөөж, стандартын биелэлтэд хяналт тавьж, багшид мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах замаар сургалтын чанарыг сайжруулах ажлыг хариуцан зохион байгуулах, ажлын байрны тодорхойлолт болон захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд заасан бусад чиг үүргийг хэрэгжүүлнэ.” гэж тус тус заасан байна. Үүнээс үзвэл “сургалтын менежер” нь төрийн үйлчилгээний бие даасан байгууллагыг удирдаж, эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гаргадаггүй, төсөв хөрөнгө захиран зарцуулдаггүй тул төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан биш гэж үзэхээр байна.

        Нөгөө талаас Боловсролын тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.7-д зааснаар аймаг, нийслэлийн боловсролын газрын дарга нь орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах бүрэн эрхийг “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу хэрэгжүүлэхээр байна.  “Журам батлах тухай” Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 1.4.3-д “Орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг тухайн аймаг, нийслэлийн Боловсролын газар энэхүү журамд заасны дагуу тус тус зохион байгуулна.” гэж зааснаас “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан”-д сургалтын менежер ордоггүй бөгөөд тухайн ажлын байрны сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулахад энэ журам хамаарахгүй байна. Түүнчлэн Боловсролын тухай хуулийн 33 дугаар зүйлд зааснаар боловсролын сургалтын байгууллагын удирдлагад сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч хамаарах бөгөөд сургалтын менежер нь хамаарахгүй байна. Мөн Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18-д зааснаар “сургалтын менежер” нь төсвийн шууд захирагч биш байна. Түүнчлэн Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5, 70.5.11-д зааснаар сонгуулийн сурталчилгаа хийх эрх бүхий этгээд нь сонгуулийн сурталчилгааны явцад төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн тээврийн хэрэгсэл, бусад өмч хөрөнгийг аливаа хэлбэрээр сонгуулийн сурталчилгаанд ашиглахыг хориглосон. Үүнтэй холбоотойгоор төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтныг орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших бол ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх ба нэр дэвшигчээр бүртгүүлсэн өдрөөс хойш ажил, албан үүргээ гүйцэтгэхгүй байх шаардлагыг хуулиар тогтоожээ.

     Өөрөөр хэлбэл хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбарт дурдсанаар ерөнхий боловсролын дунд сургуулийн сургалтын менежер нь төсөв захиран зарцуулдаггүй, бие даасан байгууллагыг удирдаж, шийдвэр гаргадаггүй, төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан биш тул ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан байх хуулийн шаардлагыг хангасан байхыг шаардахгүй гэж үзсэн нь үндэслэлтэй байна.[5] Иймд Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн үйлчилгээний албан хаагч орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших эрхтэй.” гэж зааснаар Ц.Саранцэцэг нь орон нутгийн хурлын сонгуульд нэр дэвших эрхтэй бөгөөд тэрээр ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаагүй, үүрэгт ажлаа гүйцэтгэсээр байсан нь түүнийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасах үндэслэл болохгүй гэж үзлээ.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Сонгуулийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4, 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Дорнод аймгийн Хэрлэн сумын Сонгуулийн хороонд холбогдох, нэхэмжлэгч Хэрлэн сумын Ардчилсан намын “Нэр дэвшигч Ц.Саранцэцэгийг нэр дэвшигчдийн нэрийн жагсаалтаас хасч, нийтэд мэдээлэхийг Хэрлэн сумын Сонгуулийн хороонд даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

       2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хэрлэн сумын Ардчилсан намын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          С.ОЮУНТУНГАЛАГ

 


[1] Хавтаст хэргийн 21-25 дугаар хуудас.

[2] Хавтаст хэргийн 1, 17, 48, 55-58 дугаар хуудас.

[3] Хавтаст хэргийн 25-44 дүгээр хуудас.

[4] Хавтаст хэргийн 49 дүгээр хуудас.

[5] Хавтаст хэргийн 17, 48 дугаар хуудас.