Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 152

 

Т.Туул, Т.Энхцэцэг нарын  

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг, Л.Атарцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгч Т.Энхцэцэг, гуравдагч этгээд Д.Дэлгэрмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбай, гуравдагч этгээд “Капитрон банк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чинбат, Х.Идэрбулган нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 844 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 150 дугаар магадлалтай, Т.Туул, Т.Энхцэцэг нарын нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг гуравдагч этгээд Д.Дэлгэрмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд “Капитрон банк” ХХК-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Т.Туул, Т.Энхцэцэг нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2071 дүгээр шийдвэрээр Жанчивын Мөнхжаргалаас 9,463,780 төгрөг гаргуулж Т.Туулд, мөн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2234 дүгээр шийдвэрээр 35,352,000 төгрөгийг гаргуулж Т.Энхцэцэг нарт тус тус олгуулахаар шийдвэрлэсэн.

Төлбөр төлөгч Ж.Мөнхжаргалын өмчлөлд бүртгэлтэй улсын бүртгэлийн Ү-2205038697 дугаартай Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Нарлаг хотхоны 104 дүгээр байрны 101 тоот орон сууцыг 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2/12758 тоот албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн.

Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Эд хөрөнгө битүүмжлэх №171/13 дугаар тогтоол үйлдэж танилцуулсан байхад мэдсээр байж санаатайгаар шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийж 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Даваасамбуугийн Дэлгэрмаатай тохиролцон худалдах, худалдан авах гэрээ хийн яаралтай үйлчилгээгээр бүртгэл хийлгэхэд Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсийн ажилтан С.Оюунчимэг нь ажлын алдаа гаргаж шилжүүлсэн.

Иймд Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсийн Д.Дэлгэрмаагийн нэр дээр хууль бусаар шилжүүлсэн улсын Ү-2205038697 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 7-р хороо Нарлаг хотхоны 104-р байрны 101 тоот орон сууцны бүртгэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Баянгол дүүргийн бүртгэлийн хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ганчимэг шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:  Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Нарлаг хотхон /16094/ Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, 104 дүгээр байрны 101 тоот орон сууцыг иргэн Ж.Мөнхжаргалын гаргасан мэдүүлэг, өргөдөл, иргэн С.Нямдаваатай байгуулсан Орон сууц захиалгаар барих тухай гэрээ болон бусад холбогдох нотлох баримтуудыг үндэслэн 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205038697 дугаарт бүртгэж өмчлөх эрхийн 000140778 тоот гэрчилгээг олгосон байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2/12758 тоот албан бичгээр тус орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.

Ж.Мөнхжаргал нь 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 238 хувийн дугаартай нотариатчийн гэрчилсэн Худалдах, худалдан авах гэрээгээр өмчлөх эрхээ иргэн Д.Дэлгэрмаад шилжүүлж өмчлөх эрхийн 000295290 тоот гэрчилгээ авсан байна.

Д.Дэлгэрмаа нь Капитрон банктай 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж тухайн орон сууцыг 53 сая 900 мянган төгрөгийн барьцаанд тавьж Баянгол дүүргийн Бүртгэлийн хэлтэст бүртгүүлсэн байна.

Дээрх орон сууцыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2/10022 тоот албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн болно.

Баянгол дүүргийн Бүртгэлийн хэлтсийн Улсын бүртгэгч С.Оюунчимэг ажилдаа хайнга хандаж өмчлөх эрхийг шилжүүлсэн нь үнэн боловч иргэн Ж.Мөнхжаргал тухайн орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн болохыг мэдсээр байж санаатайгаар өмчлөх эрхийг шилжүүлэхэр мэдүүлэг гаргаж улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-т “мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохиролыг нөхөн төлнө” гэж заажээ.

Иргэн Ж.Мөнхжаргал шүүхийн шийдвэрийн дагуу бусдад төлөх төлбөрийн асуудлаа бүрэн хариуцаж барагдуулах үүрэгтэй. Мөн 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 238 хувийн дугаартай нотариатчийн гэрчилсэн “Худалдах, худалдан авах гэрээ”, 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Капитрон” банктай байгуулсан 53 сая 900 мянган төгрөгийн барьцаат зээлийн гэрээ бүртгэлтэй байх тул бүртгэлийг хүчингүй болгох боломжгүй юм гэжээ.

Гуравдагч этгээд Д.Дэлгэрмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбай шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Гуравдагч этгээд Д.Дэлгэрмаа нь 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Ж.Мөнхжаргалаас “худалдах, худалдан авах гэрээ”-ээр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Нарлаг хотхон, 104 дүгээр байны 101 тоот, 43 м.кв орон сууцыг худалдан авч, ... Ү-2205038697 дугаар бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр баталгаажсан үл хөдлөх эд хөрөнгөтэй болж, 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр “Капитрон” банкинд 8 хувийн орон сууцны зээлэнд хамрагдсан.

Тухайн байрыг худалдан авахын өмнө ИҮАМ /иргэдэд үйлчлэх автомат машин/-аас 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр лавлагаа авахад “Фүжи холдинг” ББСБ-д 2011 оны 05 дугаар сарын 20-ны өдөр барьцаалж, 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдөр барьцаа дуусгавар болсон мэдээлэл гарч ирсэн бөгөөд хэрэв  хууль бусаар дээрхи үйлдлийг хийж байсан бол, эрх бүхий байгууллага болох Улсын бүртгэлийн байгууллага, түүний ажилтан үүнийг таслан зогсоох, бүртгэхээс татгалзах байсан.

Мөн өмнөх өмчлөгчийг хаана ямар асуудалтайг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд “Капитрон” банкны гүйцэтгэх захирал П.Мөнхсайхан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус банк нь зээлдэгч Д.Дэлгэрмаатай 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр №3000-2014/19 тоот “орон сууцны зээлийн гэрээ” болон “Зээлийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулж 59,900,000.00 төгрөгийг, жилийн 20,4 хувийн хүүтэйгээр 96 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Д.Дэлгэрмаагийн өмчлөлийн Ү-2205038697 тоот Улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Нарлаг хотхон, 104 дүгээр байны 101 тоот, 43 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны эрхээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2-т заасны дагуу бүртгэлийн байгууллагад бүртгүүлж баталгаажуулсан юм.

Барьцааны эрх нь Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т заасан үндэслэлээр дуусгавар болох ёстой бөгөөд тус банкны барьцааны эрх дуусгавар болоогүй, хүчин төгөлдөр хэвээр байна.

Мөн тус банк анх буюу 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр барьцаалуулагч Д.Дэлгэрмаатай барьцааны гэрээг байгуулж, бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх үед уг үл хөдлөх эд хөрөнгө иргэн Т.Туул болон Т.Энхэцэг нарын үүргийн гүйцэтгэлд битүүмжлэгдсэн байсныг мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 844 дүгээр шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Ү-2205038697 улсын бүртгэлийн дугаартай, Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Нарлаг хотхоны 104 дүгээр байрны 101 тоот хаягт байрлах орон сууцыг “Ж.Мөнхжаргалын өмчлөлөөс Д.Дэлгэрмаагийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 150 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 844 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд нарын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Гуравдагч этгээд Д.Дэлгэрмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нагашыбай хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар Баянгол дүүргийн 7-р хороо, Нарлаг хотхон, Ааөч гудамж, 104-р байрны 101 тоот /43 мкв/-ыг орон сууцыг худалдан авч, өмчлөх эрхийг шударгаар олж авсан. Гэтэл шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.3 “... Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ: Үүнд ...үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах ... эрхтэй ...” гэж заасан бөгөөд уг эрхэд халдаж байгаа нь шударга бус байна. Шүүхийн шийдвэр, магадлал хэргийг тал бүрээс нь, үнэн зөв, эргэлзээгүй хянаж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангахгүй байна. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд “өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзана” гэсэн зохицуулалт байдаг болохоос бусдын өмчлөлд бүртгэгдсэн эд хөрөнгийн бүртгэлийг шүүхийн журмаар хүчингүйд тооцож, шударгаар эд хөрөнгө өмчлөх эрх олж авсан иргэнийг хохироох зохицуулалт аль ч хуульд байхгүй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвзрлэх ажиллагааны хүрээнд Захиргааны шүүх хуульд нийцсэн арга зам хэрэглэх болохоос байгууллагын зорилго, зорилтыг хэрэгжүүлэхийн тулд шийдвэр гаргах ёсгүй бөгөөд нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх, ашиг сонирхлыг хамгаалах гээд байгаа нь учир дутагдалтай. Т.Энхцэцэг нь энэхүү маргаантай асуудлаар Баянгол дүүргийн Бүртгэлийн хэлтэст 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гомдол гаргаж, 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 1408 тоот албан бичиг, Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 10/6250 тоот албан бичгээр хариуг тус тус хүлээн авсан байдаг. Т.Энхцэцэг нь хариуг авснаас хойш 2 сар, 13 хоногийн дараа Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Гэтэл шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг буруу тайлбарлаж шийдвэрлэсэн, тодруулбал “... маргаан бүхий бүртгэл илт хууль зөрчсөн буюу илт хууль бус байх тул нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж үзэх нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах Захиргааны хэргийн шүүхийн үндсэн зорилгод нийцнэ ...” гэж үндэслэлгүй, хуулийг илтэд буруу тайлбарласан. Өөрөөр хэлбэл илт хууль бус захиргааны актын талаархи маргаанд хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй гэж буруу жишиг тогтоож байна. Хариуцагчийн тайлбаруудаас эхнэр, нөхөр нэг гэр бүлийн гишүүд хэн нэгнийхээ үйлдлийг мэдээгүй юм шиг, мэдсэн ч нуусан юм шиг байдал харагдаад байна. Нөхөр Б.Баярбат нь Улсын бүртгэлийн байгууллагаас хариуг очиж авсныг эхнэр Т.Энхцэцэг мэдсэн учир шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоцроосон байна.

Т.Туул нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам анхнаасаа хангаагүй. Энэ хэрэгт нэхэмжлэгч биш. Хуульд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам хангах гэсэн зохицуулалт байдаг болохоос нөхөн шийдвэрлэх ажиллагаа хангах гэсэн зохицуулалт байхгүй.

Иймд Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хуулиар өмчийг шударгаар олж авсан Д.Дэлгэрмаагийн зөрчигдсөн эрхийг сэргээн, эрхийн догодолгүй болгож, Д.Дэлгэрмаагийн өмчлөх эрхийг хэвээр үлдээж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 844 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 150 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгоно уу гэжээ.

Гуравдагч этгээд “Капитрон банк” ХХК-аас хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Захиргааны хэргийн анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 болон уг хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх заалтыг тус тус зөрчиж шийдвэр гаргасан.

Тодруулбал, Уг маргаан нь анх 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр захиргааны хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдээд 373 тоот шийдвэр гарсан юм. Энэхүү шийдвэрийг тус банкны зүгээс эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүхээс 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдөр 378 тоот магадлал гарсан. Магадлалд “Нэхэмжлэгч Т.Энхцэцэг нь улсын бүрттгэлийн байгууллагад хандсаны дагуу хариу албан бичгийг хэзээ хүлээж авсан, Т.Туул урьдчилан шийдвэрлүүлэхээр захиргааны байгууллагад хандаж хариу авч байсан эсэхтэй холбоотой баримтыг цуглуулсны үндсэн дээр уг асуудлыг хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэх шаардлагатай” гэж дүгнэн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан юм.

Харин уг магадлалыг нэхэмжлэгч талаас эс зөвшөөрч дээд шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүхээс хуралдааны 274дүгээр тогтоол гаргасан. Энэхүү тогтоолд “Нэхэмжлэгч Т.Энхцэцэг, Т.Туул нар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасан "... холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлоо гаргах” болон “урьдчилан шийдвэрлүүлэх” хуулийн шаардлагыг хангасан эсэх асуудлаар хэргийн оролцогчид маргасан, анхан шатны шүүх энэ талаар холбогдох нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн байх тул хяналтын шатны шүүх энэ үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэлээ” гэжээ.

Гэтэл захиргааны хэргийн анхан шатны шүүх нь давж заалдах шатны шүүх болон хяналтын шатны шүүхээс өгсөн үүрэг даалгаварыг биелүүлэлгүйгээр хэргийг дахин хянан хэлэлцэн шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 зүйлийн 89.1-т ''Захиргааны хэргийн шүүхийн магадлалд дурдсан заалтыг хэргийг дахин хэлэлцэж байгаа шүүх заавал биелүүлнэ” гэж заасан зохицуулалтыг зөрчсөн ноцтой үйлдэл болсон.

Тус банк нь уг асуудлыг захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо дурдсан бөгөөд түүнчлэн хуралд биечлэн оролцохдоо нэмж тайлбарласан байхад давж заалдах шатны шүүх уг асуудалд дүгнэлт өгөхгүйгээр анхан шатны шүүхийг зөвтгөсөн нь үндэслэлгүй байна.

Учир нь, нэхэмжлэгч Т.Энхцэцэг нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Иргэн, хуулийн этгээд дараах тохиолдолд энэ хуулийн 6.1-д заасан хугацаанд захиргааны хэргийн хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заасан зохицуулалтыг зөрчсөн. Тухайлбал, нэхэмжлэгч Т.Энхцэцэг нь 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас 10/6256 тоот хариуг авсан боловч 2 сарын дараагаар буюу 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Харин анхан шатны шүүх Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын 10/6256 тоот албан бичгийг Т.Энхцэцэгийн нөхөр н.Баярбатад бүртгэлийн байгууллага өгсөн нь буруу учир хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн гэж үзэх боломжгүй гэсэн логик муутай дүгнэлт хийсэн. Түүнчлэн Т.Энхцэцэгийн нөхөр н.Баярбат Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын 10/6256 тоот албан бичгийг хүлээн авах итгэмжлэл байгаагүй хэмээн захиргааны хэргийн анхан шатны шүүх дүгнэсэн. Гэтэл шүүх энэ талаарх нотлох баримтыг улсын бүртгэлийн байгууллагаас гаргуулж аваагүй бөгөөд н.Баярбат нь албан тоотыг авах итгэмжлэлтэй байх боломжтой байхад юуг үндэслэн дүгнэлт хийсэн нь тодорхойгүй байна.

Мөн нэхэмжлэгч Т.Туул нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтыг тус тус зөрчсөн. Тухайлбал, Т.Туул нь хуульд заасан журмын дагуу шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж гомдол гаргаагүй байна. Гэтэл захиргааны хэргийн анхан шатны шүүх шийдвэртээ “Нэхэмжлэгч Т.Туул, Т.Энхцэцэг нар нь бидний нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нь нэг буюу Ж.Мөнхжаргал, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нэг ажиллагаагаар хийгдэнэ, иймээс Т.Туул, Т.Энхцэцэг хоёрын хэн нь ч урьдчилан шийдвэрлүүлэхээр хандсан ялгаагүй учраас Т.Туул урьдчилан шийдвэрлүүлэхээр өргөдөл өгөх хэрэггүй, нэг гомдол өгч болно гэж шийдвэр гүйцэтгэгч хэлсэн гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч нарыг урьдчилан шийдвэрлүүлэх хуулийн шаардлагыг хангасан гэж үзнэ” гэсэн нь ямар ч үндэслэлгүй бөгөөд хэргийн оролцогч нарт ялгамжтай хандсан гэж үзэх хардлагад хүргэж байна.

Нөгөөтэйгүүр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгагдсан урьдчилан шийдвэрлэх журам нь шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө хэрэгжих ёстой процесс болохоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгжүүлэх ёстой процесс биш юм.

Гэтэл уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Т.Туул нь Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт гомдол гаргаж, улмаар хожим хариу авсан үйлдлийг Захиргааны хэргийн анхан шатны шүүх зөвтгөсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн бүдүүлэг алдаа байна.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн эдгээр алдааг давж заалдах шатны шүүх анхаарч залруулалгүй шийдвэрийг хэвээр үлдээсэн нь буруу байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 844 тоот шийдвэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 150 тоот магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Т.Туул, Т.Энхцэцэг нар нь Баянгол дүргийн Бүртгэлийн хэлтэст холбогдуулан иргэн Ж.Мөнхжаргалын өмчлөлийн Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Нарлаг хотхоны 104 дүгээр байрны 101 тоот 2 өрөө орон сууцыг Д.Дэлгэрмаагийн нэр дээр бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөнийг ялгамжтай байдлаар тодорхойлон үнэлж, дүгнээгүй байна.

Маргаан бүхий бүртгэл нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх үйл ажиллагаатай хамааралтай бөгөөд нэхэмжлэгчдийн тухайд шүүхээр шийдвэрлэгдсэн маргаан, шүүхийн шийдвэр биелүүлэх үйл ажиллагаа нь тус тусдаа явагджээ.

Иймд маргааны үйл баримтад үндэслэн нэхэмжлэгч тус бүрийн тухайд дээрх бүртгэлийн улмаас эрх, ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөнийг дүгнэх шаардлагатай байна.

Иргэн Т.Энхцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Т.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй Ж.Мөнхжаргалд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллаагааны явцад гаргасан Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 6965 дугаар захирамжийг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2013 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2/12758 дугаар албан бичгийн дагуу Ж.Мөнхжаргалын өмчлөлийн орон сууцыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэнийг Баянгол дүүргийн Бүртгэлийн хэлтсийн 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1469 дүгээр албан бичигт дурдсан байна.

Гэтэл Улсын бүртгэлийн байгууллага нь Ж.Мөнхжаргал,  Д.Дэлгэрмаа нарын хооронд 2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан “Орон сууц худалдах худалдан авах гэрээ”-г үндэслэн 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Нарлаг хотхоны 104 дүгээр байрны 101 тоот 2 өрөө орон сууцыг Д.Дэлгэрмаагийн нэр дээр бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.5 дахь хэсгүүдэд  шүүх, арбитр, прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр гарсан тохиолдолд эрхийн улсын бүртгэлд тусгай тэмдэглэл хийх, тусгай тэмдэглэл хийсэн бол өмчлөгчийн эрхийг хязгаарласан этгээдийн шийдвэрийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах тухай заасныг зөрчжээ.

Үүний улмаас шүүхийн шийдвэр биелэгдэх, нэхэмжлэгч Т.Энхцэцэг нь Ж.Мөнхжаргалаас төлбөрөө гаргуулан авах боломжийг алдагдуулж, эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн талаар шүүхүүд тодорхой дүгнэж, түүний нэхэмжлэлийг хангасан нь зөв байна. 

Мөн хоёр шатны шүүх хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 3/6794, мөн оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 10/6256 албан бичиг, гомдлын хариуг нэхэмжлэгчид өөрт нь биш нөхөрт гардуулан өгсөн зэрэг үйл баримтыг үндэслэн нэхэмжлэгч Т.Энхцэцэг нь  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гомдлоо дээд шатны захиргааны байгууллагад гаргасан, нэхэмжлэл гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнэснийг буруутгах  үндэслэлгүй.

Иргэн Т.Туулын нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2014 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 171/13 дугаар “Эд хөрөнгийг битүүмжлэх тогтоол”-оор  Ж.Мөнхжаргалаас Т.Туулд 9463780 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2071 дүгээр шийдвэрийг үндэслэн Ж.Мөнхжаргалын өмчлөлийн орон сууцыг битүүмжилсэн, Улсын бүртгэлийн байгууллагад энэ тогтоол хүргэгдээгүй байжээ.

Иймээс Т.Туулын нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд авч үзвэл: Ж.Мөнхжаргалын Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Нарлаг хотхоны 104 дүгээр байрны 101 тоот 2 өрөө орон сууцыг 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр  Д.Дэлгэрмаагийн нэр дээр бүртгэсэн бүртгэл нь дээр дурдсан Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.5 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж хариуцагчийг буруутгах үндэслэлгүй, нэхэмжлэгч Т.Туулын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй болно.

Иймд Т.Туулын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3.1.7-д заасан “...зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол...”-ын талаарх зорилго, ойлголтод нийцнэ.

Нэхэмжлэгчдийн “иргэний хэргийн хариуцагч нь нэг буюу Ж.Мөнхжаргал учраас...” гэх тайлбар нь маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгч тус бүрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөнийг захиргааны хэргийн шүүх тус тусад нь дүгнэх үндэслэлийг үгүйсгэх нөхцөл болохгүй.

Нэгтгэн дүгнэвэл, Улсын бүртгэлийн байгууллагын хууль зөрчсөн гэх бүртгэл нь цаг хугацааны хувьд зөвхөн нэхэмжлэгч Т.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүгчийн захирамжтай хамааралтай байна.

Харьяалалын дагуу захиргааны байгууллагаас гаргасан шийдвэр, үйл ажиллагаа нь холбогдох хуульд нийцсэн эсэхийг нэхэмжлэлийн үндсэн дээр хянан шалгаж, захиргааны хэргийн шүүхээс гаргасан шийдвэр нь иргэний “өмчлөх эрх”-н маргаанд хамааралгүй юм.   

Дээр дурдсан бүгдийг үндэслэн “...шүүх иргэний өмчлөх эрхэд халдсан шийдвэр гаргасан,... “....Т.Энхцэцэг нь нэхэмжлэлээ хуульд заасан хугацаанд гаргаагүй…, Т.Туул гомдлоо урьдчилан шийдвэрлүүлээгүй..., хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн”” гэх гуравдагч этгээд Д.Дэлгэрмаагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон “Капитрон банк” ХХК-ийн гомдлыг хүлээн авах боломжгүй байх тул шүүхийн шийдвэр, магадлалд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Гуравдагч этгээд Д.Дэлгэрмаа нь өөрт учирсан хохирлыг холбогдох хуульд заасан журмын дагуу буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэйг дурдах  нь зүйтэй байна. 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 844 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 150  дугаар магадлалын “Тогтоох”  хэсгийн 1 дэх заалтыг “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.5 дахь хэсэгт заасныг баримтлан Т.Энхцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж,  Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Нарлаг хотхоны 104 дүгээр байрны 101 тоот 2 өрөө орон сууцыг Ж.Мөнхжаргалын өмчлөлөөс Д.Дэлгэрмаагийн нэр дээр шилжүүлэн бүртгэсэн Y-2205038997 дугаар бүртгэлийг хүчингүй болгон, уг бүртгэлийг хүчингүй болгуулах тухай Т.Туулын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гуравдагч этгээд Д.Дэлгэрмаа болон “Капитрон банк” ХХК-аас тэмдэгтийн хураамжид тус тус 70200 төгрөг төлснийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

   ШҮҮГЧ                                                                              Л.АТАРЦЭЦЭГ