Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2021/01293

 

 

 

 

 

 

 

 

 

“Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч А.Мөнхзул, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2021/01820 дугаар шийдвэртэй, “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Гигт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 18,712,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Батням, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар, хариуцагч Д.Гиг, түүний өмгөөлөгч Б.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Гиг нь “Т” ХХК-тай 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээг байгуулж, 7,500,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлсэн бөгөөд хугацаа хэтэрсэн хоног тутам 0,5 хувийн хүүтэй алданги тооцохоор тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр фидуцийн гэрээг байгуулж, Тоёота приус 30 маркийн 17-75 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалж, үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлсэн.

Зээлийг эргэн төлөх хуваарийг талууд тохиролцож боловч зээлдэгч хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй өнөөдрийн байдлаар үндсэн зээл 7,500,000 төгрөг, хүү 7,462,500 төгрөг, алданги 3,750,000 төгрөг, нийт 18,712,500 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Д.Гиг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, фидуцийн зүйлийг бодитоор гаргуулахаар түүнээс шаардаж байсан боловч автомашиныг устгаж, одоогоор тус тус тээврийн хэрэгсэл олдох боломжгүй болоод байна. Иймд хариуцагч Д.Гигоос 18,712,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Гиг миний өмчлөлийн, 15-75 УНМ улсын дугаартай Тоёота приус 30 маркийн автомашиныг найз А.Чойжил нь “Т” ХХК-д барьцаалж улмаар мөнгийг буцааж өгөхгүй миний нэр дээр их хэмжээний хохирол учруулсан.

А.Чойжил нь одоогоор утсаа авахгүй олдохгүй байгаа учир Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэст түүнийг эрэн сурвалжлахаар өргөдөл гаргасан байгаа. А.Чойжил нь тухайн үед миний эзэмшлийн автомашиныг ломбардад тавихдаа “7,500,000 төгрөгийг төлнө” гэж хэлсэн боловч төлөөгүй. Иймд би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.8-т заасныг баримтлан хариуцагч Д.Гиг /РЮ89030512/-оос 10,200,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК /5646545/-д олгож, нэхэмжлэлээс 8,512,500 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид зохигчийн нэхэмжлэгчийн төлсөн 251,513 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Гигоос 178,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх 3,750,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.3-т хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцохоор талууд харилцан тохиролцож баталгаажуулсан. Гэтэл анхан шатны шүүх дээрх тохиролцоог үгүйсгэж, Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, алдангийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Гэрээгээр тохиролцсон алданги нь Иргэний хуульд заасан алдангийн тодорхойлолттой нийцсэн ба хариуцагчийн зүгээс зээлийг буцаан төлөх үүргээ 2 жилийн хугацаанд хэтрүүлсэн.

Нөгөөтэйгүүр алдангийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх буюу алдангийн хэмжээг багасгуулах хүсэлтийг хариуцагч талаас гаргаагүй бөгөөд алдангийн хэмжээг өндрөөр тогтоосон гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй. Хариуцагч нь 7,500,000 төгрөгийг хүлээн авсан тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, алданги 3 750 000 төгрөгийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч Д.Гигт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 18,712,500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

“Т” ХХК болон Д.Гиг нар 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 7,500,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, нэг сарын 3 хувийн хүүтэйгээр зээлэх, зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх7-8/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлдэнэ хянан үзэх бүрэн эрхтэй.

 

Зээлдүүлэгч нь зээлийн гэрээгээр зээлдэгчийн өмчлөлд мөнгөн хөрөнгийг шилжүүлж үүргээ гүйцэтгэсэн эсэх талаар талууд маргаж байхад анхан шатны шүүх уг маргааныг зүйлийг тодруулах байжээ.

 

Уг нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2021/01820 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                          ШҮҮГЧИД                                А.МӨНХЗУЛ

 

                                                                                           Э.ЗОЛЗАЯА