Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2024/ДШМ/21

 

  

                            Ц.Ц*******ад холбогдох

                                         эрүүгийн хэргийн тухай      

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж

Прокурор А.Эрдэнэдэлгэр

Шүүгдэгч Ц.Ц*******

Шүүгдэгч өмгөөлөгч М.Гансүх нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Р.Баярхүү даргалж, шийдвэрлэн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Ц.Ц*******ад холбогдох эрүүгийн ******* дугаартай, 175/2024/0011/Э/208/2024/0018 индекстэй, 3 хавтас хэргийг 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д******* Ван овгийн Ц******* Ц*******, Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл*, эхнэрийн хамт Сэлэнгэ аймгийн Ерөө сум 3 дугаар баг Бугант тосгон *-р байр** тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгүүлж байгаагүй. /РД:*******/

Шүүгдэгч Ц.Ц******* нь 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 07 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны нутаг дэвсгэр “35-н ам” гэх газарт Хюндай 3000 LС-7 маркийн экскаватор, алт угаах төхөөрөмж, ус татах насос зэргийг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж газрын хэвлийд халдаж  экологид 979,076 төгрөгийн шууд хохирол, 2,937,229,төгрөгийн хор уршиг учруулсан” гэх,

2023 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант тосгоны “35-н ам” нэртэй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагааг явуулахдаа Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 142 дугаар зүйлийн 142.6 дахь хэсэгт заасан “Ажил олгогч 18 насанд хүрээгүй хүнээр хөдөлмөр эрхлүүлэх бол хүүхдийн эцэг эхийн нэр, өөрийн нэр төрсөн он сар өдөр, гүйцэтгэх ажил, ажиллах хугацаа, хөдөлмөрийн нөхцөл зэргийн талаар бүртгэл хөтөлж хөдөлмөрийн болон хөдөлмөрийн хяналтын асуудал хариуцсан тухайн шатны төрийн байгууллагад хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнээс хойш ажлын 10 өдрийн дотор мэдэгдэнэ. Монгол Улсын хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2022 оны насанд хүрээгүй хүнийг ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт батлах тухай” А/122 тушаалын 2 дугаар зүйлийн 2.1.6.6 “бүх төрлийн үнэт металл гар  аргаар олборлох үйл ажиллагаа”, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байранд ажиллах мөн хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж байгууллагын захирал ажил олгогч шууд хариуцна, 28 дугаар зүйлийн 28.1 дэх “Ажил олгогч нь дараах үүрэгтэй. 28.1.3-т хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх гэх заалтуудыг зөрчсөний улмаас туслах ажилтнаар ажиллаж байсан 15 настай А.Баттөр нь ус татах насос ажиллуулж байх үедээ ашигт малтмалын олборлолтын явцад үүссэн тогтоол усанд унаж нас барж хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон” гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: Ц.Ц*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч Д******* Ван овогт Ц******* Ц*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэгт, 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Д******* Ван овгийн Ц******* Ц*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 08 /найм/ сарын хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц*******ад оногдуулсан 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Ц*******ыг оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг 01 /нэг/ жил 08 /найм/ сарын хугацаагаар хүлээлгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдэн,

Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацааг хорих ангиас суллагдсан үеэс эхлэн тоолох бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц*******ад тэнссэн хугацаанд хяналт тавихыг шүүгдэгчийн оршин суугаа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Ц******* нь хохирогч талд 15.826.000 төгрөг төлсөн болохыг дурьдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Эрдэнэцэцэг нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц*******ын хэрэг үйлдэхдээ ашигласан “Hyundai робекс 3000 LC” маркийн 47-93 УН улсын дугаартай экскаваторыг иргэний нэхэмжлэгч Д******* овогт Ц******* Э******* /МТ70061601/ буцаан олгож, түүний үнэ болох 14.000.000 төгрөгийг шүүгдэгч Ц.Ц*******аас гаргуулж улсын орлогод оруулж, 600,000 төгрөгийн үнэлгээ бүхийн алт угаах төхөөрөмж гитарын буу 1 ширхэг, ус татах насос помп 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчээс гаргуулж устгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.5, 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад тус тус зааснаар ус татах насос /помп/, алт угаах төхөөрөмж зэргийг устгахтай холбогдон гарах зардлыг холбогдох нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Ц.Ц*******аас гаргуулахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч Ц.Ц******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдан, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч гомдол, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:    

...Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор 01 жил 02 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэснийг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлд зааснаар давж заалдах гомдол гаргаж байна.

Миний үйлчлүүлэгч Ц.Ц******* болон өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн талаар маргаагүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон үйл баримтыг анхнаас нь үнэн зөв мэдүүлж ирсэн.

Болсон үйл баримтын тухайд ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрлийг авахаар холбогдох байгууллагад нь баримтуудаа бүрдүүлэн өгсөн байсан ба зөвшөөрөл гарна гэсэн итгэлээр хөнгөмсгөөр найдаж, техник тоног төхөөрөмжүүдээ бэлэн байдалд байлгахаар бэлтгэн ажиллаж байсан ба энэ хугацаанд ажил горилж байсан хүмүүсийн хамтаар тухайн газарт нутагт байрлаж байсан юм.

Насанд хүрээгүй хүүхэд А.Б сургалтын төлбөр, зардалд нь нэмэр болох үүднээс эхнэр, хүү хоёрынхоо гуйлтаар, тусч сэтгэлээр хандаж, ойр зуурын ажилд туслуулахаар дэргэдээ байлгасан ба тогтоол усанд унаж, амь насаа алдсан, тухайн үйл явдал нүд эрэмхийн зуурт болж өнгөрсөн ба бидний зүгээс тухайн гэнэтийн бөгөөд золгүй үйл явдалд туйлын харамсч байгаа билээ.

Талийгаачийг тухайн үед нүхэнд унасныг огт мэдээгүй, дараа нь бид эрэн хайж олж мэдсэн юм. Ийм учраас талийгаачийн ар гэрийнхэнд харууслаа илэрхийлж, оршуулгын болон холбогдох зардлыг бүрэн төлж барагдуулсан.

Анхан шатны шүүхээс Ц.Ц*******ыг бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэснийг дурьдах нь зүйтэй байна. Ц.Ц*******ын хувийн байдлын тухайд урьд гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрүүл мэндийн хувьд сахарын өвчний улмаас байнгын эмчилгээ хийлгэж байгаа, ходоодны хүнд хэлбэрийн хагалгаанд орсон, биеийн байдал хүнд байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн, нийгмээс тусгаарлахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ялын төрлийг өөрчилж нийгмээс тусгаарлахгүйгээр шийдэж өгнө үү. Ц.Ц******* гуай насны хувьд 50 гарчихсан. Сахар болон ходоодны олон удаагийн хагалгаанд орж байсан. Даралт нь өндөр ийм хүн байгаа юм. Биеэр ял эдлэхэд бэрхшээлтэй байдал бидэнд тулгарч байгаа учраас давж заалдах шатны шүүх анхаарч үзэж ялын төрлийг өөрчилж нийгмээс тусгаарлахгүйгээр шийдэж өгөөч ээ гэсэн байр суурийг өмгөөлөгчийн зүгээс гаргаж байна гэв.

Шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ийм зүйл болсонд гүнээ харамсаж байна. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй байна гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг бусдад учруулсан хохирол хор уршиг зэрэгт нь Эрүүгийн хуулийн анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлага нь хуульд нийцсэн байна. Эрүүгийн хуулийн зорилтод нийцсэн байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна. Гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирлыг төлж барагдуулсныг дурдсан. Гэхдээ давхар хүний амь насны асуудал яригдаж байгаа. Энэ бол нөхөж баршгүй хохирол хор уршиг юм. Нэг удаагийн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт нэг цаг хугацаанд үйлдэгдсэн. Энэний улмаас учирсан хохирол хор уршигтай холбоотой, эрүүл мэндтэй холбоотой асуудал гарч ирж байна. Хэдийгээр эрүүл мэндийн шалтгаан ийм байгаа ч гэсэн Эрүүгийн хуульд заагдсан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй байна. Ийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Ц.Ц*******ад холбогдох эрүүгийн ******* дугаартай бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

2.Шүүгдэгч Ц.Ц*******ын өмгөөлөгчийн зүгээс гаргасан “...Тэрээр үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлын мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч, бүрэн төлж барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарыг харгалзан үзэж нийгмээс тусгаарлахгүйгээр хөнгөн төрлийн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэх гомдлыг  хүлээн авч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

3.2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 07 дүгээр сарын 27-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар баг Бугант тосгоны нутаг дэвсгэр “35-н ам” гэх газарт Хюндай 3000 LС-7 маркийн экскаватор, алт угаах төхөөрөмж, ус татах насос зэргийг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулж газрын хэвлийд халдаж экологид 979,076 төгрөгийн шууд хохирол, 2,937,229 төгрөгийн хор уршиг учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,  “Нуман Алтай” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 1/73 дугаартай Хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээ тогтоосон  дүгнэлт,  Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газрын улсын байцаагчийн 2023 оны 11 сарын 03-ны өдрийн 04/29 -01/070/34 дугаартай акт, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Мөн тухайн гэмт хэргийг үйлдэх явцдаа Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 142 дугаар зүйлийн 142.6 дахь хэсэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтуудыг хэрэгжүүлээгүйн улмаас насанд хүрээгүй хүнийг ашигт малтмал олборлуулах ажилд ажиллуулахдаа зохих хууль журмыг хангаагүйн улмаас хохирогч ашигт малтмалын олборлолтын явцад үүссэн тогтоол усанд унаж нас барсан, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж байгууллагын захирал ажил олгогч шууд хариуцна гэж заасны дагуу шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Сэлэнгэ аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 08 сарын 11-ний өдрийн 51 дугаартай дүгнэлт, шинжээч Т.Биндэрьяагийн 2023 оны 09 сарын 04-ний өдрийн 10 дугаартай  дүгнэлт,  хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг  хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Хэргийн зүйлчлэл болон шүүгдэгчийн гэм буруугийн асуудлаар хэргийн оролцогчдын зүгээс ямар нэгэн гомдол хүсэлт гаргаагүй, анхан шатны шүүхээс үйл баримтыг зөв тогтоож, шүүгдэгчийн гэм бурууд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

4.Анхан шатны шүүхээс хэргийг хүлээн аваад гэмт хэргийн нотлогдсон байдал, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө хүлээн зөвшөөрсөн эсэх зэрэг нөхцөл байдлуудыг хянан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.     

5.Хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар шүүгдэгч маргаагүй боловч тэдний өмгөөлөгчдийн зүгээс анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг түүний анх удаа тохиолдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарах болсон  нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, шүүгдэгч нь өндөр настай эрүүл мэндийн хувьд өвчний улмаас эмнэлгийн байнгын хяналтад байдаг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзээд түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр хорихоос өөр төрлийн ял оногдуулах тухай гомдлыг гаргажээ.

6.Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх шалгуур нь хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцнэ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц******* Ц*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж хорих ялыг нээлттэй хорих байгууллагад  эдлүүлэх, Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 08 /найм/ сарын хугацаагаар тэнсэж, шийдвэрлэжээ.

7.Шүүгдэгч Ц.Ц******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан  хоёр гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгчийн үйлдсэн хэрэг тус бүрт өөр төрлийн ял оногдуулж, ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж,мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “давж заалдах шатны шүүх ... шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж заасны дагуу  шүүгдэгч Ц.Ц******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, өндөр настай, эрүүл мэндийн хувьд өвчний улмаас эмчийн байнгын хяналтад байдаг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, зэрэг байдлыг нь харгалзан  анхан шатны шүүхээс оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг хөнгөрүүлэн өөрчилж тухайн зүйл хэсэгт заасан ялаас зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон хэрэглэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

8.Иймд шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар Ц.Ц*******ыг 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлаж, зорчих хүрээг түүний оршин суух хаягийн бүртгэлээр Сэлэнгэ аймаг Ерөө сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоон шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолын

2 дахь заалтыг:

“2.Шүүгдэгч Д******* Ван овгийн Ц******* Ц*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийн хязгаарыг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрээр тогтоож, хяналт тавих үүргийг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт даалгасугай.” гэж,

3 дахь заалтыг:

“3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-т зааснаар зорчих  эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар Ц.Ц*******ын энэ хэрэгт цагдан хоригдсон 36 хоногийг зорчих эрх хязгаарлах  ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай”  гэж,

6 дахь заалтыг:

“6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял эдэлсэн хугацааг магадлал хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тооцож, тус ялыг эдэлж дууссаны дараа шүүгдэгч Ц.Ц*******ын хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацааг тоолж хяналт тавих үүргийг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж, тус тус өөрчлөн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.

3.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Ц*******ад  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

4.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БУЯНЖАРГАЛ                         

                               ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

                                ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН