| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 318/2025/00435/И |
| Дугаар | 318/ШШ2025/00407 |
| Огноо | 2025-06-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 318/ШШ2025/00407
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: Т банк ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г овогт А.Б,
Хариуцагч: Ш овогт Х.Э нарт холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 26,328,451.20 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т банк ХК-ийн тооцооны төв хариуцсан менежер Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч А.Б, хамтран зээлдэгч Х.Э нар нь 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Төрийн банкнаас .............тоот зээлийн гэрээний дагуу 22,530,000 малчны зээл авсан. Зээлдэгч А.Б, хамтран зээлдэгч Х.Э нар нь зээлийн төлбөрийг хуваарийн дагуу хугацаанд нь төлөөгүй болно. Зээлдэгч А.Б, Х.Э нар нь зээлийн гэрээний дагуу зээл болон хүүгийн төлбөрийг цаг хугацаанд нь төлөх үүргээ зөрчиж 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 534 хоног хугацаа хэтэрсэн байна. Зээлдэгч А.Б, Х.Э нартай байгуулсан зээлийн гэрээний 6-р зүйлийн заалтыг үндэслэн 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үндсэн зээл 22,530,000 төгрөг, зээлийн хүү 3,709,160.69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 71,789.51 төгрөг, нотариатын хураамж 17,500 төгрөг, нийт 26,328,451.20 төгрөг гэжээ.
Хариуцагч А.Б, Х.Э нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний би Төрийн банк ХК-ийн нэхэмжилсэн үнийн дүн 26,328,451.20 төгрөгийг эхнэр Х.Э бид хоёр хүлээн зөвшөөрч байна. Дээрх мөнгийг 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс 1,500,000 төгрөгийн төлөлт хийж явна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүхэд гаргасан хүсэлтдээ: Төрийн банк ХК-ийн зээлдэгч А.Б, Х.Э нар нь нэхэмжлэлийн дагуу зээлээсээ сар бүр 1,500,000 төгрөг төлөхөөр тохирсон. Зээлдэгч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банк ХК нь хариуцагч А.Б, Х.Э нарт холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 26,328,451.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Төрийн банк ХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 26,328,451.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн сар бүр 1,500,000 төгрөг төлж барагдуулахаар хариуцагч А.Б, Х.Э нар хүлээн зөвшөөрсөн байна.
Иймд хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч А.Б, Х.Э нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289,593 төгрөгийн тал хувь болох 144,796 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 144,796 төгрөг, хариуцагч А.Б, Х.Э нараас 144,796 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Төрийн банк ХК-ийн зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 26,328,451.20 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахыг хариуцагч А.Б, Х.Э нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144,796 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 144,796 төгрөг, хариуцагч А.Б, Х.Э нараас 144,796 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Төрийн банк ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР