Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 318/ШШ2025/00411

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,

Нэхэмжлэгч: Ю ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: З овогт Ц.С-т холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 2,171,569 гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ю ХХК-ийн хэрэглэгчийн тооцооны хэлтсийн менежер Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ц.С нь 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Юнител ХХК-тай Гар утас төхөөрөмж худалдан авах гэрээг байгуулж, Samsung A54 маркийн гар утсыг нийт 1,498,000 төгрөгөөр худалдан авсан ба төлбөрийг 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүртэл 24 сарын хугацаанд сар бүр 62,417 төгрөгийн төлөлт хийхээр тохирсон. Хариуцагч нь 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн гар утасны лизингийн төлөлтийг хугацаанд нь төлөөгүй байх тул гэрээний 4.1-т заасныг үндэслэн гэрээг цуцалж, шүүхэд дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үндсэн төлбөрийн үлдэгдэл 1,435,591 төгрөг, ярианы төлбөр 18,183 төгрөг, алданги 717,795 төгрөг, нийт дүн 2,171,569 төгрөг. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.               

Хариуцагч Ц.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Юнител ХХК-ийн нэхэмжилсэн 2,171,569 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2025 оны 7 дугаар сард багтааж бүрэн төлж дуусгана. Иймд шүүх хурал орохгүйгээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.          

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Ц. шүүхэд ирүүлсэн тайлбартаа танилцаж хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.    

ҮНДЭСЛЭХ нь:         

Нэхэмжлэгч Ю ХХК нь хариуцагч Ц.С-т холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 2,171,569 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ю ХХК-ийн худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 2,171,569 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 2025 оны 7 дугаар сард багтаан төлж барагдуулахаар хариуцагч Ц.С хүлээн зөвшөөрсөн байна.

Иймд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагч Ц.С нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцох үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,695 төгрөгийн тал хувь болох 24,848 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 24,848 төгрөг, хариуцагч Ц.С-с 24,848 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Юнител ХХК-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Юнител ХХК-ийн худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 2,171,569 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг төлж барагдуулахыг хариуцагч Ц.С хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49,695 төгрөгийн тал хувь болох 24,848 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангийн 100150000941 тоот данснаас 24,848 төгрөг, хариуцагч Ц.С-с 24,848 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Юнител ХХК-д олгосугай

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.         

 

 

ШҮҮГЧ                                 П.БОЛОР