Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2025/0537

 

 

 

   2025         08           05                                    128/ШШ2025/0537

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнгөн-Аргамж даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “А*******” ХХК /РД:*******/

Хариуцагч: Налайх дүүргийн Засаг дарга

Хариуцагч: Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын алба

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж*******, хариуцагч Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

“Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Их ам /12611/ цайз ******* тоот хаягт байрлах үйлдвэрлэлийн зориулалттай, нэгж талбарын 12******* дугаартай, 166350 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг сэргээж, газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийг сэргээж, гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах тухай”

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1.Налайх дүүргийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 325 дугаар захирамжаар “А*******” ХХК-д Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Их ам /12611/ цайз ******* тоот хаягт байрлах нэгж талбарын 12******* дугаартай 166350 м.кв талбай бүхий газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ.

2.2.Налайх дүүргийн Засаг дарга 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн А/25 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг зөрчин дуудлага худалдаа, төсөл шалгаруулалтгүйгээр газар эзэмших эрх олгогдсон иргэд, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна.

2.3.Тус дүүргийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/163 дугаар захирамжаар дээрх А/25 дугаар захирамжийн “А*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож газар эзэмших эрхийг сэргээж шийдвэрлэсэн.

2.4.Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2019 оны 03/189 УАТ-НАГ-2019/07/НА дугаар албан шаардлагыг биелүүлж, Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2-т заасан хэмжээнээс хэтрүүлж, үнэ төлбөргүйгээр олгосон үндэслэлээр “А*******” ХХК-ийн газар эзэмших эрхийг тус дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/255 дугаар захирамжаар хүчингүй болгожээ.

2.5.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны өдрийн 09 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2023/0662 дугаар шийдвэрээр дээрх А/255 дугаар захирамжийн “А*******” ХХК-д холбогдох хэсгийг захиргааны байгууллагаас шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн.

2.6.Гэвч энэ хугацаанд дүүргийн Засаг даргаас дахин шинэ захиргааны акт гаргахыг Газар зохион байгуулалтын албанд чиглэл болгож энэ асуудлаар нэхэмжлэгчийн төлөөлөгч нартай газрын төлбөрийг төлж барагдуулах талаар график гаргах гэх мэт гэрээ байгуулах талаар зөвшилцөх гэсэн боловч хариу ирүүлэхгүйгээр дээрх 3 сарын хугацааг дуусгаж захиргааны актыг хүчингүй болгуулахаар санаатай эс үйлдэхүй гаргаж байна гэж маргадаг.

2.7.Харин нэхэмжлэгчээс маргаан бүхий газарт газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар ашиглах, эзэмших гэрээ байгуулж өгөх хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож газар эзэмших эрхийг сэргээж, гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Монгол Улсын үндэсний үйлдвэрлэгч “А*******” ХХК нь мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар 2007 оны 01 сард үүсгэн байгуулагдаж, улмаар Налайх дүүргийн Засаг даргын 2013 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 325 дугаар захирамжаар Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Их ам /12611/ цайз ******* тоот хаягт байрлах нэгж талбарын 12******* дугаартай 166350 м.кв талбай бүхий газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн учир газар эзэмших эрхийн гэрчилгээг авч газар эзэмшүүлэх тухай гэрээ байгуулан газраа өнөөдрийг хүртэл хугацаанд зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж байгаа болно.

Гэтэл Нийслэлийн Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2023 оны 01 сарын 17-ны өдрийн 23/26 дугаар албан бичгээр манай компанийн эзэмшиж буй Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Их ам /12611/ цайз ******* тоот хаягт байрлах нэгж талбарын 12******* дугаартай 166350 м.кв талбай бүхий газрыг Налайх дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/255 дугаар захирамжаар хүчингүй болсон тул тооцоо нийлэх боломжгүй гэсэн хариуг ирүүлсэн.

Иймээс хуульд заасан хугацаанд 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/255 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцээд 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2023/0662 шийдвэрээр дараах дүгнэлтийг хийж маргаан бүхий актыг 3 сарын хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Үүнд:

-Уг мэдэгдлээс үзвэл “А*******” ХХК-г 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн мэдэгдлээр дуудлага худалдааны анхны үнэ болох 731,940,000 /долоон зуун гучин нэгэн сая есөн зуун дөчин мянга/ төгрөгийг 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн дотор төлөх буюу тус үнийн дүнг 2 хоногийн дотор төлөх үүргийг хүлээлгэсэн нь нэхэмжлэгчийг газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөх үүрэг хүлээлгэсэн ердийн боломжит хугацаа гэж үзэхээргүй, мэдэгдэх сонсгох ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан гэж үзэхээргүй байна” гэж,

-Эдгээр үйл баримтаас үзэхэд хариуцагчийн зүгээс “А*******” ХХК-ийн гаргасан газрын дуудлага худалдааны анхны үнэ дахин тооцуулахаар хүсэлтийг Нийслэл дэх Төрийн аудитын газарт уламжилсан атлаа 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/255 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь учир дутагдалтай байна” гэж,

-Налайх дүүргийн Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/163 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших, ашиглах эрх сэргээсэн үндэслэл нь тодорхойгүй атлаа маргаан бүхий актыг гаргасан нь “...2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/255 дугаар захирамжийг гаргах болсон үндэслэл нь өмнөх сэргээсэн захирамжийн үндэслэл арилаагүй байхад дээрх нөхцөл байдлыг дахин үгүйсгэсэн нь манай хууль ёсны итгэл хамгаалах зарчим зөрчигдсөн...” гэх тайлбарыг үгүйсгэх үндэслэлгүй байна” гэж,

-Маргаан бүхий Налайх дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/255 дугаар захирамж нь дээрх Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг баримталсан атлаа газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зохицуулалтыг буруу хэрэглэсэн алдаатай захиргааны акт байна. Өөрөөр хэлбэл газар эзэмших эрх олгосон захирамж хүчин төгөлдөр байхад түүнийг хэлбэржүүлж гарсан газар эзэмших эрхийн гэрчилгээг дангаар хүчингүй болгох боломжгүй юм” гэж тус тус дүгнэсэн.

Манай компанийн зүгээс шүүхийн шийдвэрийг талууд гардаж авсан өдрөөс хойш 3 сарын хугацаа өнгөрсний дараа Налайх дүүрэгт очиж эрх бүхий албан тушаалтнуудтай уулзахад шинэ захиргааны акт гаргаагүй байгаа талаар тайлбарлаж хэлсэн.

Өөрөөр хэлбэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2023/0662 дугаар шийдвэрийн тогтоох нь хэсгийн 2-д заасны дагуу Налайх дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/255 дугаар захирамжийн “А*******” ХХК-д холбогдох хэсэг хүчингүй болжээ.

Нэгэнт Налайх дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/255 дугаар захирамжийн манай “А*******” ХХК-д холбогдох хэсэг хүчингүй болсон тул өөрийн эзэмшиж буй үйлдвэрлэлийн зориулалттай Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Их ам /12611/ цайз ******* тоот хаягт байрлах нэгж талбарын 12******* дугаартай 166350 м.кв газрын эзэмших, ашиглах эрхийг сэргээж, газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, газар эзэмших, ашиглах гэрээг байгуулж өгнө үү хүсэлтийг 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 80 дугаар албан бичгээр хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл шийдвэрлэж хариу өгөлгүй хууль бус эс үйлдэхүйг гаргаж байна.

Гэтэл бодит байдал дээр манай “А*******” ХХК өнөөдрийг хүртэл Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Их ам /12611/ цайз ******* тоот хаягт байрлах нэгж талбарын 12******* дугаартай 166350 м.кв талбай бүхий газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшин үйл ажиллагаа явуулж байна.

Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Их ам /12611/ цайз ******* тоот хаягт байрлах, үйлдвэрлэлийн зориулалттай, нэгж талбарын 12******* дугаартай, 166350 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай газрын эзэмших эрхийг сэргээж, газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийг сэргээж, гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү

3.2.Хариуцагч Налайх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ““А*******” ХХК-д Налайх дүүргийн Засаг даргын 2013 оны 325 дугаар захирамжаар тус дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйлдвэрлэлийн зориулалтаар 166350 м2 газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байсан бөгөөд Нийслэл дэх Төрийн аудитын газраас гаргасан 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №03/189 УАТ-НАГ-2019/07/НА дугаар “Зөрчил арилгуулах тухай” албан шаардлагын хүрээнд газрын эрхийн зөрчлийг арилгах холбогдох ажиллагааг явуулж, дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/255 дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль тогтоомжийн дагуу хүчингүй болгож шийдвэрлэсэн болно.

Маргаан бүхий “А*******” ХХК-д олгосон дээрх газар нь Газрын тухай хууль тогтоомжийг зөрчин дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмыг баримтлахгүйгээр олгогдсон зөрчилтэй газар байсан бөгөөд зөрчлийг арилган газрын дуудлага худалдааны анхны үнэ болох 731,940,000 /долоон зуун гучин нэгэн сая есөн зуун дөчин мянга/ төгрөгийг тус компани нь хууль тогтоомжийн хүрээнд төлөх үүрэгтэй юм.

Тус хэрэг маргааныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хянан хэлэлцээд 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 128/ШШ2023/0662 дугаар шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн. Шүүх тухайн шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийн газрын дуудлага худалдааны анхны үнэ болох 731,940,000 /долоон зуун гучин нэгэн сая есөн зуун дөчин мянга/ төгрөгийг төлүүлэх сонсох ажиллагааг явуулахдаа хариуцагчийн зүгээс боломжит хугацааг баримтлаагүй буюу хэт богино хугацаанд төлөхийг шаардсан ба нэхэмжлэгч “А*******” ХХК нь газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүйг зөвтгөх боломжгүй тул дуудлага худалдааны анхны үнийг төлөх боломжит хугацааг олгох замаар дахин шинэ захиргааны акт гаргах нь зүйтэй гэж үзэж, 3 сарын хугацаанд түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

Дүүргийн Засаг даргаас дээрх шүүхээс даалгасан боломжит хугацаанд холбогдох арга хэмжээг авч, шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлж, шинээр захиргааны акт гаргах үүрэг чиглэлийг дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргад албан бичгээр хүргүүлж, нэхэмжлэгч “А*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нартай уулзаж, газрын төлбөрийг төлөх боломжит хугацааг тогтоон төлөх график гаргаж, газрын албатай гэрээ байгуулан төлж барагдуулах талаар зөвшилцсөн хэдий ч нэхэмжлэгчийн зүгээс төлбөрийн асуудлаа шийдвэрлэхгүй, дүүргийн Засаг дарга болон Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албатай холбогдохгүй дуудсан цагт ирэхгүй албан шаардлагын хариуг ирүүлэхгүй өдийг хүрсэн. Энэ нь шүүхээс тогтоосон боломжит 3 сарын хугацаанд асуудлыг шийдвэрлүүлэхээс санаатай зайлсхийсэн, маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах зорилго бүхий нэхэмжлэгчийн хариуцлагагүй, увайгүй хууль бус үйлдэл гэж үзэж байна.

Газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй, төлөхөөс зайлсхийж буй дээрх аж ахуйн нэгжид газрыг сэргээн эзэмшүүлэх нь харин ч хууль тогтоомжид нийцэхгүй, харшилсан үйлдэл болох бөгөөд зөрчлөө арилгаж, гэрээ байгуулж, газрын гэрчилгээг олгох боломжтойг удаа дараа шаардаж сануулж байсан нь хариуцагч эс үйлдэхүй гаргасан асуудал гэж үзэх үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг эс үйлдэхүй гаргаж байна гэж үзэж буй нь Захиргааны ерөнхий хуулийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.” гэж заасан хуулийн заалтад хамаарахгүй юм.

Хэдийгээр дүүргийн Засаг даргаас дээрх 3 сарын хугацаанд дахин шинэ акт гаргахгүйгээр “А*******” ХХК-ийн үйл ажиллагааг тасралтгүй явуулахыг дэмжиж, газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөх боломжийг өнөөдрийг хүртэл олгон, дуудлага худалдааны анхны үнийг төлж, зөрчлөө арилган хууль ёсоор газрыг эзэмших, шинээр гэрээ байгуулж, гэрчилгээ олгож ажиллах талаар мэдэгдэн албан бичиг хүргүүлж байсан боловч тус байгууллагаас төлбөрөө хэрхэн төлж барагдуулах санал хүсэлтийг ирүүлээгүй, санаачилга гаргахгүй, өнөөдрийг хүртэлх хугацаанд 1 төгрөг ч төлөхгүй эс үйлдэхүй гаргаж, газрын төлбөрийг төлөлгүй газрыг эзэмшиж ашиглаж байгаа нь харин Газрын тухай хуулийн 27.4 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн үйлдэл юм.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр хариуцагч захиргааны байгууллагын нөхцөл байдлыг судлан тогтоон, хуулийн этгээдийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн үзэж хуульд нийцүүлэн дахин шинэ акт гаргах замаар маргааныг нэг мөр шийдвэрлэх үүргийг хариуцагчид хүлээлгэсэн, өөрөөр хэлбэл шүүхээс тухайн компанид газрын зөрчлөө арилгасны үндсэн дээр газар эзэмших эрхээ сэргээн эдлэх боломж олгож дүгнэлт гарган шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Мөн тус аж ахуйн нэгжийн хувьцаа эзэмшигч, үүсгэн байгуулагч солигдсон, эрх шилжсэн зэрэг нь тус компанийн дотоод асуудал байх бөгөөд эрх шилжсэний дагуу шинэ эзэмшигчид эрх, үүргийг хариуцан хүлээх зэрэг асуудал нь холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулагдах бөгөөд үүнтэй холбогдуулан газрын төлбөрийг төлөхгүй, газрыг сэргээн эзэмших эрхтэй гэсэн санаа зорилго агуулсан тайлбар бичсэн байгаа нь үндэслэлгүй юм.

Захиргааны байгууллагаас олгосон боломжит хугацаанд газрын зөрчлөө арилгаагүй, төлбөрөө төлөөгүй А******* ХХК-ийн газрын зөрчлийн асуудлыг Газрын тухай хуульд заасны дагуу хууль бус үйлдлийг таслан зогсоох захиргааны актыг шинээр гарган шийдвэрлэж, газрыг албадан чөлөөлөх хүртэлх арга хэмжээг авч ажиллах нөхцөл байдал үүсэж байгаа болно” гэжээ.

3.3.Хариуцагч Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “662 дугаартай шүүхийн шийдвэрийн 13-т нь үнэ төлөгдөх боломжит хугацааг олгох замаар дахин шинэ акт гаргах нь зүйтэй байна гээд дуудлага худалдааны анхны үнийг төлөх боломжит хугацааг гаргаж өгсөн. Мөн нэхэмжлэгч тал нь дуудлага худалдааны анхны үнийг төлөх боломжтой гэдгээ анхнаасаа мэдэж байсан. Учир нь А******* ХХК-ийн эрхийг 2015 онд дуудлага худалдааны төсөл сонгон шалгаруулалт явуулаагүйн улмаас цуцалсан бөгөөд буцаан 2018 оны А/163 тоот захирамжаар сэргээсэн байдаг. Үүнээс хойш дуудлага худалдаа олгох боломж байсан боловч ахин төлөөгүй. 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 01437 дугаартай “А*******” ХХК-ийн захирал иймээс манай аж ахуй нэгж эзэмшиж байгаа 16 га газрыг үйлдвэрлэлийн зориулалтаар эзэмшиж буй газрын дуудлага худалдааны анхны үнийг анх захирамж гарсан 2013 оны ... Хэрэв Газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчим хүчин төгөлдөр үйлчилнэ гэж үзэх аваас ... оны байдлаар тогтоох боломжтой гэж үзвэл бид нөхөн төлөхөд татгалзах зүйлгүй гэх албан бичгийг манайх руу ирүүлсэн байдаг. Манай албаны дарга 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 731.930 сая төгрөгийг төлж барагдуулсны дараа газар эзэмших эрхийг сэргээж, газар эзэмшүүлэх гэрчилгээ олгох боломжтой байна гэх хариуг өгсөн. 2021 оны А/255 дугаар захирамжаар хүчингүй болгосон үндэслэл нь дурдагдсан. Аудитын газар хяналт, шалгалт хийгээд төлбөрийг төлүүлэх актыг гаргасан. Үүний дагуу манайхаас хийгдсэн ажлууд нь өмнөх хурал дээр дурдагдсан байдаг. Үүнд аудитын газарт бичиг явуулсан. Нийслэл дэх Төрийн аудитын газар нь Газар зохион байгуулалтын албанаас гарсан газар эзэмших эрхийг анх олгосон үеийн үнэлгээгээр тооцон төлүүлэхэд Төрийн аудитын байгууллагаас татгалзах зүйлгүй гэж шийдвэрлэсэн” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2.Нэхэмжлэгч “А*******” ХХК-аас Налайх дүүргийн 1 дүгээр хороо Их ам /12611/ цайз ******* тоот хаягт байрлах үйлдвэрлэлийн зориулалттай нэгж талбарын 12******* дугаартай, 16635 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг сэргээн газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа Налайх дүүргийн Засаг дарга, Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийг сэргээн, гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг хариуцагч нарт даалгах нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан.

3.Нэхэмжлэгч “А*******” ХХК-д Налайх дүүргийн Засаг даргын 2013 оны 325 дугаар захирамжаар Налайх дүүргийн 1 дүгээр хороо Их ам /12611/ цайз ******* тоот хаягт байрлах газрыг үйлдвэрлэлийн зориулалттай 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн бөгөөд Нийслэл дэх Төрийн аудитын газраас 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 03/189 дүгээр албан бичгээр газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын зарчмыг баримтлахгүй олгогдсон тул газрын дуудлага худалдааны анхны үнэ болох 731,940,000 төгрөгийг “А*******” ХХК-аар төлүүлэх албан шаардлагын дагуу Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 19/1577 дугаар албан бичгээр “А*******” ХХК-д дуудлага худалдааны анхны үнийг төлөхийг мэдэгдэж, Налайх дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/255 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг үндэслэн дээрх газрын эзэмших эрхийг хүчингүй болгосон.

4.“А*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй Налайх дүүргийн Засаг даргын дээрх захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах шаардлага бүхий маргааныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2023/0662 дугаар шийдвэрээр дээрх захирамж алдаатай боловч нэхэмжлэгчийн газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөхгүй байгааг зөвтгөх боломжгүй, энэ талаар мэдэгдэх, сонсох ажиллагааг хуульд заасны дагуу дахин явуулж, дуудлага худалдааны анхны үнийг төлөх боломжит хугацаа олгосны үндсэн дээр дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж, дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд хүчингүй болгох үр дагаврыг тайлбарлан шийдвэрлэсэн байна.

5.Налайх дүүргийн Засаг даргын Тамгын газар 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 01/1790 дугаар албан бичгээр Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд шүүхийн шийдвэр гарсантай холбогдуулан “А*******” ХХК-аар газрын дуудлага худалдааны үнийг төлүүлэн Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагааг хэрэгжүүлэн шинэ акт боловсруулж, танилцуулахыг мэдэгдсэн (хавтаст хэргийн 125 дахь тал)  байх бөгөөд үүний дагуу Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 23/689 дүгээр албан бичгээр (хавтаст хэргийн 75 дахь тал) “А*******” ХХК-д газрын дуудлага худалдааны анхны үнийг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн дотор төлөх мэдэгдэл хүргүүлж, 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 23/692 дугаар албан бичгээр дүүргийн Засаг даргын Тамгын газарт энэ талаараа хариу хүргүүлснээс (хавтаст хэргийн 127 дахь тал ) өөрөөр мэдэгдэх, сонсгох ажиллагаа хийгээгүй байхаас гадна “А*******” ХХК газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй, үүнтэй холбогдуулан хариуцагчаас шинэ захиргааны акт гаргаагүй байна.

6.“А*******” ХХК нь шүүхийн шийдвэрт заасан газар эзэмших эрхийг цуцалсан захирамжийг шүүхийн шийдвэрээр түдгэлзүүлсэн хугацаа дуусгавар болсон тул газар эзэмших эрхийг сэргээж, гэрчилгээг олгож, газар эзэмших гэрээ байгуулах агуулга бүхий хүсэлтүүдийг 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Налайх дүүргийн Засаг даргад тус тус гаргасныг (хавтаст хэргийн 134-136, 141-143 дахь тал) Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас дуудлага худалдааны үнийг төлж барагдуулсны дараа газар эзэмших эрхийг сэргээж, газар эзэмшүүлэх гэрээ, гэрчилгээг олгох боломжтой талаар 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 14/1070 дугаар албан бичгээр хариу хүргүүлж, мөн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 01/05/791 дүгээр албан бичгээр Налайх дүүргийн Засаг даргад мэдэгдэн хувийг “А*******” ХХК-д тус тус хүргүүлсэн байх бөгөөд үүний дагуу Налайх дүүргийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/394 дугаар албан бичгээр А*******” ХХК-д газрын дуудлага худалдааны анхны үнийг төлснөөр газар эзэмших эрхийг сэргээхийг мэдэгдсэн байна (хавтаст хэргийн 128-130 дахь тал).

7.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараахь шийдвэрийг гаргана:” гээд 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх;”, 107 дугаар зүйлийн 107.6-д “Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана.”, 110 дугаар зүйлийн 110.2-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, түүнчлэн хэргийн оролцогчийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах болон шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй.” гэж заасан.

8.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасан захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг тодорхой хугацаагаар түдгэлзүүлэх нь шүүхийн шийдвэрийн нэг төрөл тул шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий захиргааны акт хүчингүй болох эрх зүйн үр дагавартай бөгөөд уг шүүхийн шийдвэр заавал биелэгдэх учиртай.

9.Нэхэмжлэгч “А*******” ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцалсан Налайх дүүргийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/255 дугаар захирамжийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2023/0662 дугаар шийдвэрээр алдаатай болохыг дүгнэж, дахин шинэ акт гаргахыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон тул уг захиргааны актын үндэслэл болон уг актаар “А*******” ХХК-ийн газар эзэмших эрх зөрчигдсөн эсэх талаар энэхүү шүүхийн шийдвэрээр дүгнэлт хийх үндэслэлгүй бөгөөд хариуцагч захиргааны актыг түдгэлзүүлсэн хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлж шинэ акт гаргаагүй тул “А*******” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээхгүй байгаа захиргааны байгууллагын үйл ажиллагаанд дүгнэлт өгөх хүрээнд шийдвэрлэлээ.

10.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.”, 37.2-т “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно.”, 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.” гэж заасан.

11.“А*******” ХХК-аас газар эзэмших эрхийг цуцалсан захирамжийг түдгэлзүүлсэн шүүхийн шийдвэрт заасан хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй тул уг захирамж хүчингүй болсон үндэслэлээр газар эзэмших эрхийг сэргээж, гэрчилгээг олгож, газар эзэмших гэрээ байгуулах агуулга бүхий хүсэлтүүдийг Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Налайх дүүргийн Засаг даргад газар гаргасан боловч дуудлага худалдааны үнийг төлж барагдуулсны дараа газар эзэмших эрхийг сэргээж, газар эзэмшүүлэх гэрээ, гэрчилгээг олгох боломжтой талаар мэдэгдэл хүргүүлж байсан нь хэрэгт авагдсан дээрх баримт болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдсон.

11.Нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцалсан захиргааны акт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийн дагуу хариуцагч захиргааны шинэ акт гаргах хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлж шинэ акт гаргаагүйгээс хүчингүй болсон тул “А*******” ХХК-ийн газар эзэмших эрх сэргэх үр дагавартай байхад “А*******” ХХК-ийн газар эзэмших эрхээ сэргээлгэхээр гаргасан хүсэлтийг шийдвэрлэхгүй байгаа нь хариуцагчийг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлтэй.

12.Учир нь “А*******” ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцалсан маргааныг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөхгүй байгаа “А*******” ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцалсан шийдвэрийн алдааг засч, зөвтгөх боломжийг захиргааны байгууллагад олгож дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар актын холбогдох хэсгийг түдгэлзүүлсэн боловч захиргааны байгууллагаас нөхцөл байдлыг тодруулж өөрийн эрх хэмжээний хүрээнд хамаарах тодорхой ажиллагаа хийгээгүй болох нь хэрэгт авагдсан баримт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбаруудаар нотлогдож байна.

13.“А*******” ХХК нь газрын дуудлага худалдааны анхны үнийг төлөөгүй боловч шүүхийн шийдвэрт заасан захиргааны актыг түдгэлзүүлсэн хугацаанд хариуцагч шинэ захиргааны акт гаргаагүйгээс “А*******” ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцалсан шийдвэр нэгэнт хүчингүй болсон тул “А*******” ХХК-ийн газар эзэмших эрх шууд сэргэх бөгөөд хариуцагч захиргааны байгууллагууд нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхгүй хууль бус эс үйлдэхүй гаргасны улмаас нэхэмжлэгч “А*******” ХХК-ийн газар эзэмших эрх , хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байна.

13.Иймд нэхэмжлэгч “А*******” ХХК-аас Налайх дүүргийн 1 дүгээр хороо Их ам /12611/ цайз ******* тоот хаягт байрлах үйлдвэрлэлийн зориулалттай нэгж талбарын 12******* дугаартай, 16635 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг сэргээн газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа Налайх дүүргийн Засаг дарга, Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийг сэргээн, гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Налайх дүүргийн Засаг дарга, Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус даалгах нь зүйтэй байна.

14.Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд 2 удаа ирээгүйн улмаас шүүх хуралдаан хойшилж байсан бөгөөд хариуцагч Налайх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б*******д хурлын товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирэх боломжгүй талаар шүүхэд мэдэгдээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан.

15.Иймд хэргийн оролцогчдын эрх тэгш байдлыг хангах, хэрэг маргааныг хуулийн хугацаанд түргэн шуурхай шийдвэрлэх зарчмын үүднээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-т “Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно.”, 91.5-д “Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ.” гэж тус тус заасны дагуу хэргийг шийдвэрлэсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2, 37.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “А*******” ХХК-ийн Налайх дүүргийн Засаг дарга, Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Налайх дүүргийн 1 дүгээр хороо Их ам /12611/ цайз ******* тоот хаягт байрлах үйлдвэрлэлийн зориулалттай нэгж талбарын 12******* дугаартай, 16635 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг сэргээн газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгохгүй байгаа Налайх дүүргийн Засаг дарга, Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, газар эзэмших эрхийг сэргээн, гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Налайх дүүргийн Засаг дарга, Налайх дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус даалгасугай.

2 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Б.МӨНГӨН-АРГАМЖ