Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2024/ДШМ/22

 

 

                                          П.Б*******эд холбогдох

                                         эрүүгийн хэргийн тухай      

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор Т.Нансалмаа

Шүүгдэгч П.Б******* нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж, шийдвэрлэн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2024/ШЦТ/11 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлоор П.Б*******эд холбогдох эрүүгийн ******* дугаартай, 175/2024/0007/Э/208/2024/0017 индекстэй, 1 хавтас хэргийг 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Д******* ургийн овогт П******* Б*******, Монгол Улсын иргэн, 1958 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Ховд аймгийн Булган сумд төрсөн, 66 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 2, эхнэрийн хамт Сэлэнгэ аймгийн Шаамар сум Охиндий 2 дугаар баг, задгайд оршин суух хаягтай, урд ял шийтгүүлж байгаагүй /РД: МО58052511/

Шүүгдэгч П.Б******* нь 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр баг “Манжийн тохой” гэх газар урьдын таарамжгүй харьцааны улмаас Ю.Б******* маргалдаж баруун гар тус газар нь тээврийн хэрэгслийн түлхүүр төмрөөр цохиж, биед нь баруун сарвуунд алганы V шивнүүр ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: П.Б*******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч Д******* ургийн овогт П******* Б*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П******* Б*******эд 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар П.Б*******ийг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Шаамар сумын нутаг дэвсгэрээс гарах зорчих эрхийг хязгаарлаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3-д зааснаар П.Б*******ийн зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг харъяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэнийн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч П.Б*******ээс 991,200 төгрөгийг гаргуулж, хохирогч Ю.Б*******д олгож,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг тракторын түлхүүр төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,

Шүүгдэгч П.Б*******ийн хэрэгт битүүмжлэн ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч гомдол, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч давж заалдах гомдолдоо:

Шүүхийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар гэмт  хэрэгт холбогдсон П.Б******* миний биеийг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулж ирлээ. Энэхүү шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 11 тоот шийтгэх тогтоолыг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 12 цагт гардан авснаар гомдол гаргаж байна. Уг хэргийг шалгаж тогтоох ажиллагаа явуулахдаа мөрдөгч хэт нэг талыг барьж нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлж  санаатайгаар намайг ирж бүлэглэн зодсон хоёр хүнийг надад зодуулсан болгож үндэслэлгүй зүйлээр ял өгч суулгах хэмжээнд хүргэж ирсэнд гомдолтой.

Хохирогч болоод байгаа Ю.Б******* нь урд жил би талбайд би хадлан хадаж байхад ирж маргаан үүсгээд тэгээд би энэ жил чи хад дараа жил би хадна гээд би явж байсан юм. Түүнийгээ өөр хүнд хадаж өгч байсан юм. Тэгээд энэ жил ирж маргаан үүсгээд байхаар нь би урд нь хааж зогсоод хоёр түлхүүр барьж ирээд тэр трактороосоо буун ирж байхад би дугуй тайлах гэж түлхүүрээ дугуйн боолтонд хийж байхад тэр түлхүүр авч хол чулуудчихаад миний араас миний цамцаар намайг боож урдаас О нь миний урдаас бариад энэ хоёр нийлж зодсон. Энэ  нь зориуд зохион байгуулалттай ирсэн нь үүгээр нотлогдож байгаа юм. Ингээд зогсохгүй намайг боож ухаан алдуулсан. Тэгээд О нь за одоо болъё. Наад хүн чинь хачин болчихлоо гээд А******* дуудсан юм. Эд нар талбайгаас гараад явсан боловч хадлангаа хадаж чадаагүй бие муудаж гэр лүүгээ харьсан. Орой нь Сэлэнгэ орж эгч Ю.Н нь хэлэхэд илт өмөөрч байв. Сэлэнгэд хоноод өглөө нь эмнэлэг орж эгч Ю.Н нь шүд болон нүүрний шархаа үзүүлчихээд надаас очиж уучлалт гуйна биз гэж хэлчихээд харьсан юм. Энэ үедээ хятад ногоон өвчин намдаагч болон бусад эм авч ууж байсан. Ингээд би 20 хоног хүлээгээд ирэхгүй болохоор нь Ю.Б*******д очиж 3 хоног хүлээнэ гэж хэлээд 3 хоног хүлээгээд очиж урд дугуйгаа тайлж авсан юм. Энэ дугуй тайлж авснаас болж эд нар ийм зодуулсан болж гүтгэж байгаа юм. Энэ дугуй авахад бас 2-3 удаа өшиглөсөн гэж гүтгэж байх жишээтэй энэ хүмүүс 09 дүгээр сарын 13-нд намайг санаатай ирж зодчихоод 10 дугаар сарын 13-ны өдөр зодуулсан гэж байх юм. Хэрэв надад зодуулсан бол 09 дүгээр сарын 13-ны өдөр цагдаад өгөх байсан. Энэ бүх юманд их эмч Ю.Нарантуяа оролцож мөрдөгчид нөлөөлсөн. Би энэ хүний эгч Энхтүшигийнд ороход тэнд таараад том буу барьж босож ирж чамайг буудаж алаад голд шиднэ гэж байхад нь эгч нь бууг нь авч байсан удаатай.

Тэгээд дараа нь би өөрөө нэг цохичихоод 100,000 төгрөгөөр торгуулж байсан. Энэ удаа чи надаас уучлалт гуй гэж байхад энэ хүн харин уучлалт нь гуйх нь бүү хэл цагдаагийн хошууч Ганзориг гэдэг хүнд бүр энэ хүн манай эхнэрээр оролдож байсан гэж намайг гүтгэж байсан юм. Энэ хүн намайг шоронд хийж шоронд үхүүлнэ гэж дандаа ярьдаг. Үүнийгээ биелүүлэх гэж зодуулсан гэж гүтгэж яваа юм. Би хоёр хүнд зодуулсан байхад мөрдөгч эсрэг талд нь байх юм. Би түлхүүрээр битгий хэл гараараа ч зодоогүй юм. Иймд шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож бодит байдлын зөрүүг арилгаж бодит тогтоол гаргаж өгнө үү

П.Б******* миний бие хорт хавдар гэх хүнд өвчин тусч 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ходоодоо бүрэн авхуулж одоогоор химийн эмчилгээнд 8 удаа орчихоод байгаа боловч Улаанбаатар хот дахь Монголын ганц ширхэг эмнэлэгт сар тутам очиж үзүүлж хяналтанд байдаг тул зорчих эрх хязгаарлахаар шийдсэн нь бодит байдалд нийцэхгүй Үндсэн хуулиар олгогдсон амьд явах эрхэнд халдсан шийдвэр болжээ.

Шүүгдэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Би төлбөр мөнгийг нь төлье. Би ингэж яваад баймааргүй байна. Зорчих эрхийг хязгаарлах ялыг болиулаад өгөөч ээ. Эд нар худлаа гүтгээд явж байна гэв.  

Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Анхан шатны шүүх нь хэргийн үйл баримтад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцсэн.  Хууль зүйн үндэслэлтэй. Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, эрүүгийн хуулийг ноцтой зөрчөөгүй. Шүүгдэгчийн гаргаж байгаа гомдол нь хууль зүйн үндэслэлгүй. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчээс гаргаж байгаа үйл баримт нь нотлогдон тогтоогдохгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр П.Б*******эд холбогдох эрүүгийн ******* дугаартай бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Прокурорын газраас шүүгдэгч П.Б*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгчийг дээрх зүйл ангид зааснаар “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар хэргийг шүүхэд ирүүлжээ.

2.Шүүгдэгч П.Б******* нь 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр баг “Манжийн тохой” гэх газар урьдын таарамжгүй харьцааны улмаас Ю.Б******* маргалдаж баруун гар тус газар нь тээврийн хэрэгслийн түлхүүр төмрөөр цохиж, биед нь баруун сарвуунд алганы V шивнүүр ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Ю.Б*******гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “...тракторын түлхүүрээрээ миний миний тракторын дугуйг тайлах гэхээр нь цамцных нь араас татахад гартаа барьчихсан түлхүүрээрээ миний гар луу цохисон. Тухайн үед бид маргаж барилцаж авахад тракторын хадуурт орлоо гээд О бид хоёрыг түлхэхэд 2 уулаа газар унасан...” гэх,

хохирогч Ю.Б*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн  “...ар нуруу хэсгийн цамцнаас нь татаад трактороосоо холдуултал босож ирээд гартаа барьж байсан түлхүүрээрээ намайг цохих гэхээр нь би баруун гараараа хааж өөрийгөө хамгаалтал гартаа барьсан түлхүүрээрээ миний баруун гарын сарвуу хэсэг рүү цохисон тэгэхээр нь дахиад цохиж магадгүй гэж бодоод түлхүүрийг нь булааж аваад хол шидсэн...” гэх /хх-ийн 10-11 тал/,

гэрч Б.Азбаярын “...Хадлангийн талбайгаас явах үед аавын баруун гарын сарвуу хэсэг нь хавдсан байхаар нь юу болсон талаар асуухад Б******* ах чинь 27-гийн түлхүүрээр цохиод гэмтээсэн гэж хэлсэн...” гэх /хх-ийн 20  тал/,

гэрч А.Оюун-Эрдэнийн “...Б******* трактороосоо буугаад Б******* дээр очтол тэрээр Б*******гийн гар хэсэг рүү түлхүүрээрээ 1 удаа цохисон. Тэгээд Б*******, Б******* нар хоорондоо барилцаж аваад түлхэлцээд тракторын хадуур руу орох гээд байхаар нь би тэр 2-ыг түлхэж холдуулсан...” гэх /хх-ийн 24 тал/ мэдүүлгүүд

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 358 дугаартай “...Ю.Б*******гийн биед баруун сарвуунд алганы 5 дугаар шивнүүр ясны хугарал, нэг шүд 2 дугаар зэргийн хөдөлгөөн орсон зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна....”  гэх дүгнэлт /хх-ийн 42-43 тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

3.Хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудлаар шүүгдэгчийн зүгээс үлэмж маргаантай байгаа ба шүүгдэгч “Би хэрэгт гүтгэгдсэн хадмын талынхан намайг хэрэгт гүтгээд байгаа тул хянаж өгнө үү, мөн ходоодны хавдраар оношлогдож 8 удаа химийн эмчилгээ хийгдсэн, Улаанбаатар хотод байнгын хяналт эмчилгээнд явдаг тул зорчих эрхийг хязгаарлах ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү” гэх агуулга бүхий гомдол гаргасан.

Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч П.Б*******эд холбогдох хэрэгт анхан шатны шүүхээс үйл баримтыг зөв тогтоож, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж дүгнэж байгаа бөгөөд шүүгдэгч П.Б******* дээрх гэмт хэрэгт гүтгэгдсэн байдал хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй, харин түүний гэм буруутай, идэвхтэй үйлдлийн улмаас хохирогч Ю.Б*******гийн биед хүндэвтэр гэмтэл учирсан болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдсон байна.

4. Анхан шатны шүүхээс хэргийг хүлээн аваад гэмт хэргийн нотлогдсон байдал, шүүгдэгч гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хэрэгт оролцсон улсын яллагчийн зүгээс 06 сарын хугацаанд Шаамар сумын нутаг дэвсгэрээс зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасанд үндэслэн дээрх ялыг оногдуулсан нь дээрх хуулийн ялын санкцын хэмжээ хүрээнд хуульд заасан ялыг оногдуулсан байна.

5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан.

Шүүгдэгч П.Б******* нь өөрийн хууль бус үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсныг сайн дураар хүлээн зөвшөөрөөгүй боловч тэрээр ходоодны хавдар өвчнөөр оношлогдож Улаанбаатар хотод байнгын зорчиж хяналтын үзлэг, эмчилгээ хийлгэдэг болох нь эрүүл мэндийн карт болон бусад баримтаар нотлогдож байх тул 06 сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарласан ялыг хөнгөрүүлэн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.  

6. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэлгүй.

Иймд шүүгдэгчийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/11  дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн  2, 3, 4  дэх заалтуудад өөрчлөлт оруулав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/11 дугаартай шийтгэх тогтоолын

2 дахь заалтыг:

“2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П******* Б*******эд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай” гэж,

3 дахь заалтыг:

“3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Б*******эд оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 09 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай” гэж,

4 дэх заалтыг:

“4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.Б******* торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол ялтны биелүүлээгүй торгох ялын 15 нэгж буюу 15,000 төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож, солихыг мэдэгдсүгэй” гэж тус тус өөрчлөлт оруулан, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

             ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БУЯНЖАРГАЛ                             

                                ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

                                ШҮҮГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ