| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 318/2025/00413/И |
| Дугаар | 318/ШШ2025/00413 |
| Огноо | 2025-06-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 318/ШШ2025/00413
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: Х ТӨХХК-ийн,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э п ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х овогт Ц.Б холбогдох,
42,179,947 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "Хөдөө аж ахуйг дэмжих сан" нь ...оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор татан буугдаж хөрөнгө өр авлагыг Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК болсон бөгөөд эрх залгамжлан авагч юм. "Хөдөө аж ахуйн корпораци" ТӨХХК нь газар тариалан, мал аж ахуйн салбарыг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Засгийн газрын бодлого, нийт хүн амын хүнсний нөөцийг бүрдүүлэхэд анхаарч иргэн, аж ахуй нэгжтэй урт хугацааны таатай зээлийн нөхцөлөөр дэмждэг. Д. Б нь тус дэмжлэгт хамрагдсан бөгөөд өнөөг хүртэл зээлээ төлөөгүй байгаа бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн тооцооны үлдэгдлээр хугацаа хэтэрсэн өр 19,760,000.00 төгрөг байна. Үүнд: 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ОХУ-Т18/98 дугаартай Санхүүгийн дамжуулах түрээсийн гэрээ, 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ..................дугаартай Барьцааны гэрээг тус тус байгуулсан байна. 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар 28,119,965 төгрөг байна. Гэрээнд зааснаар алданги тооцвол үндсэн үнийн дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232.4 дэх заасныг баримтлан анзыг 50%-аар тооцоход 14,059,982 төгрөг, гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 28,119,965 төгрөг, нийт 42,179,947 төгрөг гаргуулахаар байна. Иймд Ц.Б-с үндсэн төлбөр 28,119,965 төгрөг, анз 14,059,982 төгрөг, нэхэмжлэлийн нийт шаардлага 42,179,947 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулж санд учирсан хохирлыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ
Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц овогтой Б миний бие нь 2025 оны 5 дугаар сарын 12-ны 143 тоот нэхэмжлэлийг хүлээн авч, Эн Ди Жи Партнерс ХХК болон "Хөдөө аж ахуйн корпораци"-тай тооцоо нийлж, Туканы зээлийн үлдэгдэл болох 22,342,183.68 төгрөгийг Худалдаа хөгжлийн банк .............. дансанд 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хийж, тооцоог дуусгасан болно гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Эн Ди Жи Партнерс” ХХК нь “Хөдөө аж ахуйн корпораци” ТӨХХК-ийг төлөөлөн хариуцагч Ц.Б холбогдуулан 42,179,947 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах тухай нэхэмжлэлийг гаргасан билээ. Ц.Б-с үндсэн төлбөрийг төлж барагдуулсан ба алдангиас чөлөөлсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74.2-т "Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК нь хариуцагч Ц.Б-д холбогдуулан 42,179,947 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Б нь нэхэмжлэгч Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулсан болох нь хариуцагчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдөр Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ийн 2609035747 тоот дансанд 22,342,183.68 төгрөгийг шилжүүлсэн тухай Голомт банк ХК-ийн төлбөрийн баримт, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт зэргээр нотлогдож байна.
Иймд хариуцагч Ц.Б нь нэхэмжлэгч Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ц.Б-с улсын тэмдэгтийн хураамж 184,425 төгрөг гаргуулан Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ийн 42,179,947 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Б биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК-ийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Ц.Б-с улсын тэмдэгтийн хураамж 184,425 /зуун наян дөрвөн мянга дөрвөн зуун хорин тав/ төгрөг гаргуулан Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР