| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энэбишийн Золзаяа |
| Хэргийн индекс | 184/2020/04441/И |
| Дугаар | 210/МА2021/01291 |
| Огноо | 2021-08-23 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 210/МА2021/01291
Б.Багийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч А.Мөнхзул, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2021/01712 дугаар шийдвэртэй, Б.Багийн нэхэмжлэлтэй Ж.Бгт холбогдох 16,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ба 2017 оны 03 сард Ж.Бгтэй танилцсан. Улмаар ойр зуурын ажил хэргийн шугамаар хэд хэдэн удаа харилцаж байсан бөгөөд Ж.Бг нь диплом гаргаж өгнө гэж хэлсэн бөгөөд би түүнд 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 1,500,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 1,500,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1,500,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 400,000 төгрөг, нийт 7,900,000 төгрөгийг дансаар,
мөн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр 3,000,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сард 2,500,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сард 1,500,000 төгрөг, 1,600,000 төгрөг, нийт 8,600,000 төгрөг бэлнээр өгсөн. Гэтэл М.Батбилэг дипломыг бүрэн гаргаж өгөөгүй, өгсөн нь хуурамч диплом байсан. Иймд Ж.Бгээс 16,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Бг нь Б.Багаас диплом гаргаж өгнө гэж мөнгө авч ашиглаж байгаагүй бөгөөд Б.Багаас Ж.Бгийн 5007993798 тоот дансаар дамжуулан 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 1,500,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 1,500,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1,500,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөг шилжүүлснийг А.Баянбатад дамжуулан өгсөн. Б.Ба нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст хариуцагч Ж.Бгийг диплом гаргаж өгнө гэж залилан мэхэлсэн үндэслэлээр гомдол гаргаж улмаар хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгасан боловч залилан мэхэлсэн үндэслэлгүй гэж дүгнэж хяналтын прокурорын зүгээс хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэгч Б.Багийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Бгээс 7,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Багаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Бгээс 134,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бад олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж дүгнээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглээгүй.
Нэхэмжлэгч Б.Ба нь гадаад улсад суралцаж байгаа хүүхдүүд кредит цагийн төлбөрөө чөлөөлүүлэхэд шаардлагатай гэж гэрч А.Баянбатыг бусдад зуучлан диплом гаргуулах хүсэлтийг гаргаж хариуцагч Ж.Бгийн 5007993798 тоот дансаар дамжуулан 2017 оны 04 дугаар сарын 14-ны өдөр 1,500,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 1,500,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1,500,000 төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөг зэрэг нийт 7,500,000 төгрөг шилжүүлсэн цаг мөчид гэрч А.Баянбатын 5027302494 тоот дансанд шилжүүлж байсан болох нь Хаан банк дахь хариуцагчийн эзэмшлийн 5007993798 тоот дансны хуулгаар нотлогддог.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрч А.Баянбат нь нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгийг хариуцагчаас хүлээн авсан, нэхэмжлэгчид дипломыг өгч байсан талаар хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч төлсөн төлбөрийн хариуд диплом хүлээн авч байсан талаар маргадаггүй атал анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж дүгнээгүй болно.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийг хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн боловч хэлцлийн үр дагаврыг зохицуулсан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасан буюу талууд хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэх хуулийн зарчмыг хэрэглээгүй, хууль зөрчсөн гэж үзэж байгаа болно.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч Б.Ба нь хариуцагч Ж.Бгт холбогдуулан шилжүүлж өгсөн 16,500,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
“Хаан банк” ХХК дахь Б.Багийн эзэмшлийн 5753153078 тоот, “Хаан банк” ХХК дахь Ж.Бгтийн эзэмшлийн 5007993798 тоот дансны хуулгаас үзвэл 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 1,500,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 2,000,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 1,500,000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1,500,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөгийг Ж.Бгт шилжүүлсэн ба шилжүүлгийн утгыг “дипром, дип” гэж тодорхойлсон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх-4-7, 24-28/.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ “их сургуулийн диплом гаргуулахаар хариуцагчид мөнгө шилжүүлсэн, энэ нь хуульд нийцээгүй хүчин төгөлдөр бус учир өгсөн мөнгөө буцаан гаргуулна” гэж, хариуцагч нь татгалзлалын үндэслэлийг “Б.Багаас өөрийн дансаар шилжиж ирсэн мөнгийг А.Баянбатад дамжуулан өгсөн” гэж тус тус тайлбар гаргаж маргажээ.
Анхан шатны шүүх их сургуулийн диплом гаргуулах талаарх талуудын тохиролцоог хуульд зөрчсөн хэлцэл тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Иймд хэлцэл хүчин төгөлдөр бус тул хэлцлийн дагуу хэн алиндаа шилжүүлсэн зүйлийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар буцаан шаардах эрхтэй.
Гэрч А.Баянбат “...Б.Ба гэх хүнийг сайн танихгүй, Ж.Бгээс мөнгө хүлээж авч байсан, 1,000,000 гаруй төгрөгөөр шилжиж байсан, хэдэн удаа шилжиж байсныг санахгүй байна, би зөвхөн зуучлалын үүрэг гүйцэтгэсэн, Ж.Бгийг хүүхэд байхын танина, бэлнээр болон дансаар мөнгө авч байсан, яг хэдэн төгрөг гэдгийг санахгүй байна” /хх68-70/ гэх мэдүүлгийг зохигчийн гаргасан тайлбартай харьцуулан дүгнэвэл А.Булганаа болон А.Баянбат нарын хооронд хууль болон гэрээнд заасан үүрэг үүсэхгүй, А.Булганаа нь А.Баянбатад мөнгөн хөрөнгө шилжүүлэх хүсэл зориг байгаагүй.
Иймд Ж.Бг нь дансаар шилжүүлэн авсан гэх 7,500,000 төгрөгийг гэрч А.Баянбатад шилжүүлсэн гэх үндэслэлээр түүнийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан этгээд уг хөрөнгийг буцаан төлөх үүргээс чөлөөлөх үндэслэлгүй юм.
Харин нэхэмжлэгч Б.Ба нь хариуцагч Ж.Бгт бэлнээр 8,600,000 төгрөгийг шилжүүлсэн гэх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй, “Хаан банк” ХХК дахь Б.Багийн эзэмшлийн 5753153078 тоот данснаас 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр “Хаан банк” ХХК-ийн 5991066488 тоот дансанд 400,000 төгрөг шилжигдсэн боловч уг 5991066488 тоот дансыг Ж.Бгийн эзэмшлийнх гэж дүгнэх баримт байхгүй байна.
Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон 7,500,000 төгрөгийн хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2021/01712 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 134,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ
Э.ЗОЛЗАЯА