Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 2024/ДШМ/23

 

 

                          М.Гэрэлээ, Г.Баярцэнгэл, С.Оргилбаатар нарт

                                      холбогдох эрүүгийн хэргийн тухай 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Т.Учрал хөтөлж,

Прокурор П.Даваасүрэн /цахим/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Мөнх-Эрдэнэ /цахим/

Шүүгдэгч С.Оргилбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин нарыг оролцуулан, 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Алгирмаа даргалж, шийдвэрлэн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 2023/ШЦТ/100 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч Г.Баярцэнгэл, С.Оргилбаатар нарын давж заалдах гомдлоор С.Оргилбаатар, Г.Баярцэнгэл, М.Гэрэлээ нарт холбогдох эрүүгийн 2233000990027 дугаартай, 150/2023/0095/Э/208/2024/0010 индекстэй, 3 хавтас хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Мижиддоржийн Гэрэлээ, Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Дархан-Уул аймаг, Шарын гол суманд төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, ашигт малтмалын технологич мэргэжилтэй, Дархан-Уул аймаг *-р баг ***** тоотод оршин суух хаягтай, /РД:ТГ72122060/,

Чингүүнжав овогт Гал-Эрдэнийн Баярцэнгэл, Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой геологич мэргэжилтэй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг ** дугаар хороо, *** тоотод оршин суух хаягтай, /РД:ЧР82022434/,

Боржигон овогт Сүхбатын Оргилбаатар, Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын **-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Сэлэнгэ аймаг Орхонтуул сум хөдөө оршин суух хаягтай, түр оршин суух хаяг УБ хот СХД **-р хороо ***** тоот, /РД:МК91082411/

Шүүгдэгч С.Оргилбаатар, Г.Баярцэнгэл, М.Гэрэлээ нар нь 2022 оны 09-10 дугаар сард Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор овоо 3 дугаар багийн нутаг “Гэртийн тохой” гэх газарт орон нутгийн тусгай хэрэгцээний 1,259,9 м2 талбайд 1,128,6 м3 эзлэхүүн бүхий эвдрэл үүсгэж “тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, газрын хэвлийд, газарт, усанд 1,855,9 төгрөгийн хохирол учруулсан гэх,

-Мөн дээрхи гэмт хэргийг С.Оргилбаатар нь 4122828 регистрийн дугаартай Баян тойрмын нөхөрлөл хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэх,

-Шүүгдэгч Г.Баярцэнгэлийн “Баянтойрмын нөхөд” нөхөрлөлийг гишүүдийн гарын үсгийг хуурамчаар зурж хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан  гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас:

-С.Оргилбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар  зүйлийн 1, “Баянтойрмын нөхөд” нөхөрлөл хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гээд мөн хуулийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар,

-Г.Баярцэнгэлийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,

-М.Гэрэлээгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхээс:

Шүүгдэгч      Боржигон овогт Мижиддоржийн Гэрэлээ, Чингүүнжав овогт Гал-Эрдэнийн Баярцэнгэл, Боржигон овогт Сүхбатын Оргилбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч “Баянтойромын нөхөд” нөхөрлөлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолтыг явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Баярцэнгэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч      М.Гэрэлээ, Г.Баярцэнгэл, С.Оргилбаатар нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрд 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч “Баянтойромын нөхөд” нөхөрлөлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар цэцэрлэгжүүлэлт, өрөмдлөг хийх, газар тариалан эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Г.Баярцэнгэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баярцэнгэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгж буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэж нийт эдлэх ялыг тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гэрэлээд оногдуулсан 5,400,000 төгрөгөөр торгох ялыг 3 жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гэрэлээ торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэн,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хохиролд төлсөн 5,000,000 төгрөгийг Төрийн сангийн 100131052301 тоот данснаас гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн Төрийн сан банкны 100900013040 тоот дансанд оруулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Робекс 520 LCS-9 маркийн экскаваторын үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч М.Гэрэлээс 11,666,666 төгрөг, шүүгдэгч Г.Баярцэнгэлээс 11,666,666 төгрөг, шүүгдэгч С.Оргилбаатараас 11,666,666 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулж, шүүгдэгч М.Гэрэлээгийн өмчлөлийн алт угаах төхөөрөмжийг улсын орлого болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шинжээчийн зардал 4,081,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч М.Гэрэлээс 1,360,333 төгрөгийг, шүүгдэгч Г.Баярцэнгэлээс 1,360,333 төгрөгийг, шүүгдэгч С.Оргилбаатараас 1,360,333 төгрөгийг тус тус гаргуулж “Эртэч Наран” ХХК-д олгож,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үргэлжлүүлж,

Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдоогүй, мөрдөгчийн 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч нараас хохирол, төлбөр бүрэн төлөгдсөн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдан, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч гомдол, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Баярцэнгэл  давж заалдах гомдолдоо:

...Миний бие Г.Баярцэнгэл ам бүл 7. Эмээ, эхнэр /3-13 насны/ 4 хүүхдийн хамт амьдардаг өрх толгойлсон айл гэрийн тэжээгч хувиараа хөдөлмөр эрхэлдэг ч улирлын чанартай ажил орлого гүйцэтгэлийг минь харгалзан үзэж торгуулийн шийтгэлийг минь 36 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх боломжоор тогтоож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч С.Оргилбаатар давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие С.Оргилбаатар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг мөн “Баянтойрмын нөхөд” нөхөрлөлөөр  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдсон. Улмаар прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргасан ба Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум  дундын  шүүхийн 2023 оны 12 сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/100 дугаартай шийтгэх тогтоолоор надад болон “Баянтойрмын нөхөд” нөхөрлөлд оногдуулсан торгуулийн ялыг оногдуулахдаа төлөх хугацааг заагаагүй байна. Хэдийгээр эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг  харгалзан торгох ялыг гурван жил хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно гэж зааснаар шүүхээс заавал хугацааг заах үүрэггүй боловч миний хувьд энэ гэмт хэргийн улмаас “Баянтойрмын нөхөд” нөхөрлөлөөр 20,000,000 төгрөгийн торгууль давхар төлөх болсон тул энэ байдлуудыг харгалзан үзэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж торгуулын ялыг төлөхийг тодорхой хугацаагаар тогтоож өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхийн шийтгэх тогтоол их ойлгомжтой байх ёстой. Нэг дээр нь хугацааг нь заачихаад нөгөө хоёр дээр хугацааг нь заахгүй бол ямар хугацаанд биелэгдэх боломжгүй байна. Яагаад М.Гэрэлээ гэдэг хүнийг 3 жилээр тооцчихоод нөгөө хоёр хүнийг бичээгүйг үндэслэх хэсэг дээр бичих ёстой. Хялбаршуулсан журмаар шийдэж байгаа хэрэг дээр эрх зүйн байдлыг дордуулчихаад тэрийгээ үндэслэх хэсэг дээрээ тодорхой бичээгүй асуудал байна гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байхгүй гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

Гэм буруу дээр маргахгүй ийм учраас хялбаршуулсан журмаар шийдэж өгөөч ээ гэсэн хүсэлтийг гаргасан. Хүсэлтийн дагуу хялбаршуулах ажиллагаа явагдсан. Шүүхийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Өмгөөлөгчийн яриад байгаа асуудал нь үндэслэлгүй юм. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байна гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Баярцэнгэл, С.Оргилбаатар нарын давж заалдах гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр С.Оргилбаатар, Г.Баярцэнгэл, М.Гэрэлээ нарт холбогдох эрүүгийн 2233000990027 дугаартай бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

2. Прокуророос шүүгдэгч М.Гэрэлээ, Г.Баярцэнгэл, С.Оргилбаатар нарыг нь 2022 оны 09-10 дугаар сард Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор овоо 3 дугаар багийн нутаг “Гэртийн тохой” гэх газарт орон нутгийн тусгай хэрэгцээний 1,259,9 м2 талбайд 1,128,6 м3 эзлэхүүн бүхий эвдрэл үүсгэж “тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, газрын хэвлийд, газарт, усанд 1,855,9 төгрөгийн хохирол учруулсан гэх,

-Мөн дээрхи гэмт хэргийг С.Оргилбаатар нь 4122828 регистрийн дугаартай Баян тойрмын нөхөрлөл хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэх,

-Шүүгдэгч Г.Баярцэнгэлийн “Баянтойрмийн нөхөд” нөхөрлөлийг гишүүдийн гарын үсгийг хуурамчаар зурж хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан  буюу шүүгдэгч М.Гэрэлээ, Г.Баярцэнгэл, С.Оргилбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-д заасан, шүүгдэгч С.Оргилбаатарыг мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 3-д заасан, шүүгдэгч Г.Баярцэнгэлийг мөн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргүүдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгч нартай ял эрүүгийн хариуцлага тохиролцон хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлэхэд анхан шатны шүүх хүлээн авч тэднийг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шүүгдэгч нарт улсын яллагчтай тохиролцсон ял шийтгэлийг оногдуулж шийдвэрлэсэн.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн арван долдугаар бүлэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар хуульчилсан ба 17.1 дүгээр зүйлийн 1-д “Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ прокурорт гаргаж болно” гэж заажээ.

Мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-д Прокурор Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах, ялаас чөлөөлөх ... зэрэг асуудлыг шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг танилцуулна” гэж заасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д  “Шүүх хуралдаанаар дараахь нөхцөл байдлыг хянана.

4.1.шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх;

4.2.гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх;

4.3.прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх;

4.5.гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх;

4.6.гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон эсэх” гэж заасан.

4.Анхан шатны шүүх хуульд заасан үүргээ биелүүлээгүй, хавтаст хэргийг бүхэлд нь хянан үзээгүй, хэрэгт авагдсан баримтууд нь хуульд нийцээгүй, хуулийн шаардлага хангаагүй байхад хянаж үзэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3, 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан шаардлагыг хангаагүй хуулийг ноцтой зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл яллагдагч нарын гаргасан хүсэлтийн дагуу Прокурорын үйлдсэн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 52 тоот дугаар бүхий С.Оргилбаатар, Г.Баярцэнгэл, М.Гэрэлээ нарт холбогдох гурван өөр тогтоолууд нь яллагдагч нартай торгох ял оногдуулахаар тохиролцсон атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 4 буюу “зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах” 6.7 дугаар зүйл буюу “…гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” хуулийн заалтуудыг баримтлан шийдвэрлэсэн байхад хянаж үзээгүй шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болно.  

Мөн яллагдагч С.Оргилбаатар, Г.Баярцэнгэл, М.Гэрэлээ нар нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1-д заасан “..Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэснийг бүрэн ойлгосон эсэх нь эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэдний гаргаж байсан хүсэлтүүдээр нотлогджээ.

Түүнчлэн шүүгдэгч С.Оргилбаатарын хувьд гэм буруугийн буюу хэргийн зүйлчлэлийн талаар маргаантай байсан боловч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гарган хэргийг анхан шатны журмаар шийдвэрлүүлэх үедээ хууль эрх зүйн туслалцаа авахаар гэрээ байгуулсан өмгөөлөгчгүйгээр оролцсон, шүүгдэгч С.Оргилбаатар, Г.Баярцэнгэл нарт оногдуулсан торгуулийн ялыг уртасгасан хугацаа буюу 3 жилээр төлөхөөр шүүх хуралдаанд мэдэгдсээр байхад хэсэгчлэн төлөх хугацааг тогтоогоогүй байна.  

5.Прокурорын тогтоолд торгох ял шийтгэл оногдуулахаар тохиролцсон атлаа, өөр төрлийн ял тохиролцсон мэтээр хуулийн заалтыг баримталсан алдааг давж заалдах шатны шүүхээс засах боломжгүй байх тул анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.         

6.Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургаадугаар бүлэгт тодорхойлон хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд хуулийн ноцтой зөрчил гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан.

Шүүх аливаа эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, хэрэгт авагдсан эрх зүйн баримт бичгүүд хуульд заасан үндэслэл журмын дагуу үйлдэгдсэн эсэх зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгчийг гэм буруутай эсэх, ямар гэмт хэргийн шинжид тохирч байгаа эсэх, ял шийтгэл тохирсон эсэх талаар хууль зүйн дүгнэлт хийдэг учиртай.

Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.3, 39.8 дүгээр зүйлийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/100 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Шүүгдэгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.

3.Шүүгдэгч нарт урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг магадлал хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

4.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Д.БУЯНЖАРГАЛ                                    

                                ШҮҮГЧ                                    Г.ДАВААРЕНЧИН

                                ШҮҮГЧ                                     Б.ЭРДЭНЭХИШИГ