Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 250

 

 

 

 

 

 

 

 

2018            3              21                                            250

 

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,

улсын яллагч Н.Уранбайгаль,

хохирогч Д.Г-, түүний өмгөөлөгч Ж.Болорцэцэг,

шүүгдэгч Б.У-, түүний өмгөөлөгч Х.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Б.У-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1803000010044 дүгээр эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М овогт Б-ийн У /РД:............/.

Яллагдагч Б.У- нь 2017 оны 11 дүгээр сарын 04-ний оройн 20 цаг 50 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, Баянхошууны Хөтөлийн замд Б.Б-ийн эзэмшлийн “Hyundai Sonata-5” маркийн 18-92 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5-д заасан Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх; мөн дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн 2.3-т заасан Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; ... харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, ...бол хөдөлгөөнөө үргэлжпүүлэхийг хориглоно" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч /59 настай, эрэгтэй/ Д.Г-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулан, дээрх зам тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.У- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул мэдүүлэг өгөхгүй. Хохирогчид 630000 төгрөг төлсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин алдаа гаргахгүй” гэв.

Хохирогч Д.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 11 дүгээр сарын 04-ний орой харих гэж яваад машинд мөргүүлсэн. Хагалгаанд орж хөлөндөө төмөр хадуулсан. У.аас 600000 гаруй төгрөг авсан. Би ажил хийх чадваргүй болсон. 2018 оны 10 дугаар сар хүртэлх хугацааны цалин болох 10180000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.

Эрүүгийн 1803000010044 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Д.Г-ын: “2017 оны 11 дүгээр сарын 04-ний 20 цаг 40 минут орчим ажлаа тараад Баруунсалааны автобусны буудал дээр буугаад ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүг рүү алхаж яваад “Ган-Од” хүнсний дэлгүүрийн урд талын замаар ертөнцийн зүгээр хойноос урд зүг рүү зүүнээс баруун чиглэлийн замаар гарчихаад ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүг рүү явж байсан зам руу ороод 2-р эгнээнд явсан машиныг өнгөрөөгөөд 1-р эгнээ рүү ортол миний баруун ташаа руу машин мөргөөд мөргөсөн машин явчихсан. Нэг залуу хүрч ирээд таныг “Соната маркийн машин мөргөөд явчихлаа” гэж хэлээд намайг өргөөд замаас гараад замын хажуу талын явган хүний зам дээр суулгасан. Хажуугаар явсан хүмүүс дуудлага өгсөн байх, түргэн ирж үзээд Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Тэнд шинжилгээ өгөөд 2 хоногийн дараа баруун богтос баруун дунд чөмөгний хагалгаанд орсон. 6 хоног Гэмтлийн эмнэлэгт хэвтсэн. Одоо байнга өвчин намдаах эм хэрэглэж байна. Уг машиныг би хараагүй. Надад машины гэрэл харагдаагүй. Явган хүний гарцгүй газраар гарч явсан. Би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Эм авсан баримтыг гаргаж өгсөн. ...2017 оны 11 дүгээр сарын 15-нд миний данс руу 200000 төгрөг шилжүүлсэн. Мөргөсөн жолоочид гомдолтой байна”,

“...Одоо миний бие гайгүй болж байна. Таяг тулаад явж байна. ...2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мөн данс руу 300000 төгрөг шилжүүлсэн. У. ч мөн осолд орж хөлний хагалгаанд орсон байна. У.аас цаашид миний хувьд нэхэмжлэх зүйл байхгүй. ...гомдол, санал хүсэлт байхгүй, би өөрөө явган зорчигчийн хувьд явган хүний гарцгүй газраар гарч яваад осолд орсон буруугаа ойлгож байгаа болно” гэх мэдүүлэг /хх-18-21, 22-23/,

Иргэний хариуцагч Б.Б-ийн: “2017 оны 11 дүгээр сарын 04-ний орой 23 цагийн орчим дүү Б. залгаад “манай найз У. миний “Хьюндай Соната-5” маркийн 18-92 УНУ улсын дугаартай автомашиныг гуйж унаад явсан. Тэгээд явган зорчигч мөргөөд өөрөө зугатаад явчихсан байна, та хүрээд ирээч” гэж хэлсэн. Дүү Б.д би 2017 оны 10 дугаар сарын 10-ны орчим би өөрийн эзэмшлийн “Хьюндай Соната-5” маркийн 18-92 УНУ улсын дугаартай автомашиныг 2 сая төгрөгөөр зарсан байсан. Энэ машины гэрчилгээний нэрийг солиулж амжаагүй байсан. Тухайн Хөтөлийн замд болсон гэж байсан. Дүү Б.ас гуйж унаж явсан найз У. нь өөрөө бусдад учруулсан хохирлыг барагдуулах байх гэж бодож байна. Миний дүү өөрөө бас хариуцах байх. Машины баруун талын их гэрэл хагарсан байсан. Миний зүгээс нэхэмжлэлтэй холбоотой санал байхгүй. Эд зүйлийн үнэлгээг хийлгэхгүй болно” гэх мэдүүлэг /хх-30-31/,

Гэрч Б-н: “2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 14 цагийн үед надтай цуг засварын газар засварчин ажилтай У. эхнэртэйгээ хамт ажил дээр ирж “хөдөө явах гэсэн юм, гадуур явж ажил төрөл амжуулах гэсэн юм ...машинаа өгч байгаач” гээд манай ах Батзоригийн нэр дээр бүртгэлтэй 18-92 УНУ улсын дугаартай “Х.Сонота 5” маркийн автомашиныг гуйж авсан. 19 цагийн үед У. “би хөдөө явахаа больчихлоо, ирээд машинаа авчих” гэж утасдсан. У.тай уулзахад машиныг чинь сургуулийн хажууд тавьчихсан байгаа гэж хэлээд машины түлхүүр өгөөд У. зам дээр үлдээд би машин дээрээ очиход хажууд нэг саарал өнгийн “Т.Прус” маркийн машинтай залуу гарч ирэн “энэ машин хүн мөргөөд зугатаасан” гэж хэлээд цагдаа дуудсан. Би машинаа эргэн тойруулж харахад буруун тал буюу баруун урд талын гэрэл хагарсан байсан. Тэгээд цагдаа нар ирж машиныг ачаад явсан. ...Уг машиныг ахаас аваад удаагүй бөгөөд нэр усаа шилжүүлье гэж яараагүй байсан. Гэхдээ одоо ахын нэр дээр байгаа хэдий ч би эзэмшиж байгаа...” гэх мэдүүлэг /хх-33/,

Гэрч С.Х-ын: “2017 оны 11 дүгээр сарын 04-ний 20 цаг 50 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, “Жанцан” дэлгүүр хүрэх замд “Соната-5” маркийн 18-92 УНУ улсын дугаартай автомашины жолооч нь зам хөндлөн хойноос урд чигт гарч явсан эрэгтэй хүнийг мөргөөд унагаасан. 20 метр зайнд очиж мөргөсөн автомашины жолооч бууж, мөргүүлсэн хүн дээр очсон. Би бас мөрүүлсэн хүн дээр нь очсон. Нөгөө жолооч эмнэлэг рүү авч явъя гэж байсан. Архи үнэртээд байхаар нь би “чи архи уусан юм уу” гэтэл нөгөө жолооч “бага зэрэг архи уусан” гэж хэлээд автомашин руугаа гүйгээд яваад автомашинаа жолоодон гудамж руу ороод автомашинаа түгжээд зугатаагаад явчихсан. Би “Приус” маркийн 63-35 УНИ улсын дугаартай автомашиныг жолоодон явж байсан.

...“Ган-Од” хүнсний дэлгүүрийн урд талын замаар ертөнцийн зүгээс баруунаас зүүн зүг рүү 1 дүгээр эгнээгээр явж байхад ертөнцийн зүгээр хойноос урд зүг рүү зам хөндлөн гарч явсан явган зорчигчид ертөнцийн зүгээр зүүнээс баруун зүг рүү явж байсан тээврийн хэрэгслийн жолооч зогсож зам тавьж өгч байсан. Зам хөндлөн гарч ирсэн явган зорчигч замын голд ирэхэд ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүг рүү 2 дугаар эгнээнд явж байсан тээврийн хэрэгсэл зогсож зам тавьж өгсөн. Би явган зорчигчоос нааш 50 метрийн зайнд 1 дүгээр эгнээнд явж байхад миний хойд талд явж байсан. Тээврийн хэрэгсэл миний жолоодож явсан тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлээд 1 дүгээр эгнээ рүү шилжиж ороход зам хөндлөн гарч явсан явган зорчигч урагшаа гүйсэн. Энэ үед намайг гүйцэж түрүүлсэн тээврийн хэрэгсэл баруун урд талаараа явган зорчигчийг 1 дүгээр эгнээнд мөргөхөд явган зорчигч замын боржуур тал руу шидэгдэж газар унасан. 105 дугаар сургуулийн харалдаа нөгөө хүн мөргөсөн тээврийн хэрэгсэл зогсож байсан яваад очтол машин цоожтой, жолооч нь зугатаад явчихсан байсан. Би араас нь 5-10 минутын дараа машин дээр очсон. Цагдаад би дуудлага өгсөн, удалгүй осол гаргасан машин дээр ирсэн...” гэх мэдүүлэг /хх-34, 36-37/,

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.11.13-ны өдрийн 13910 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Г-ын биед тархи доргилт, баруун богтос, баруун дунд чөмөгт ясны далд хугарал, баруун шууны шарх, баруун шилбэний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. 2.3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн ...журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэжээ /хх-40/,

Сонгинохайрхан техник хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2017.11.30-ны өдрийн 17/77244 дүгээр дүгнэлтэд: “1.Hyundai маркийн Sonata загварын 18-92 УНУ улсын дугаартай автомашин нь стандартын шаардлага хангахгүй байна. 2. Баруун, зүүн холын гэрэл асахгүй, ухрах арааны гэрэл, тоормосны гэрэл асахгүй, баруун их гэрлийн булан хагарсан, баруун крило урд хэсэгт хонхойсон эвдрэл гэмтэлтэй байна. 3.Ухрах арааны гэрэл, тоормосны гэрэл асахгүй, баруун их гэрлийн булан хагарсан, баруун крило урд хэсэгт хонхойсон эдгээр эвдрэл гэмтэл нь зам тээврийн осолд нөлөөлөхгүй. 4.Баруун, зүүн холын гэрэл асахгүй байгаа нь оройн цагаар жолоочид үзэгдэх орчин хязгаарлагдах байдлаар нөлөөлөх боломжтой. 5.Уг автомашин нь энгийн шингэн дамжуулагтай тоормосны системтэй. 6.1892 УНУ улсын дугаартай автомашины тоормосны систем нь хэвийн ажиллагаатай стандартын шаардлага хангаж байна” гэжээ /хх-48/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017.12.01-ний өдрийн 6416 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “1.Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас хураан авсан хуванцарууд хагарлын зах ирмэг хэсгээрээ өөр хоорондоо нэг бүхлийг үүсгэж байна. 2.Шинжилгээнд Hyundai Sonata-5 маркийн 18-92 УНУ улсын дугаартай автомашинаас хураан авч ирүүлсэн зүүн урд талын их гэрэл нэг бүхэл үүсгэсэн хуванцаруудтай хагарлын зах ирмэг хэсгүүдээрээ өөр хоорондоо нэг бүхлийг үүсгэж байна” гэжээ /хх-55-56/,

Шинжээчийн 2017.12.25-ны өдрийн 683 дугаар дүгнэлтэд: “1.Hyundai Sonata-5 маркийн 18-92 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.У- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 жолоочийн үүрэг 2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх; мөн дүрмийн Жолоочийн үүрэг 2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараахь бичиг баримтыг биедээ авч явна: а/тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх, мөн дүрмийн 9.2. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, Сонгинохайрхан техникийн хяналтын төвийн шинжээчийн дүгнэлтээр баруун зүүн холын гэрэл асахгүй байгаа нь жолоочид үзэгдэх орчин хязгаарлагдах байдлаар нөлөөлөх боломжтой гэсэн нь дүрмийн 2.3. Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна. 2.Явган зорчигч Д.Г- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3. Явган зорчигчийн үүргийн 3.4/Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна, 3.9.Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах/ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна” гэжээ /хх-61-62/,

Шүүгдэгч Б.У-ын яллагдагчаар өгсөн: “...Надад сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Өөрийн гэм буруугаа ойлгож байгаа. 2017 оны 11 дүгээр сарын 04-ний орой 20 цагийн орчим би найз Б.Б.ас 18-92 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг гуйж аваад Баянхошууны 112-ын буудал орохоор ганцаараа Баянхошууны Хөтөлийн замд ертөнцийн зүгээр баруунаас зүүн зүг рүү 1 дүгээр эгнээгээр миний зүүн гар талд буюу 2 дугаар эгнээнд явж байсан “Тоёота Приус” маркийн автомашин урд талаар ертөнцийн зүгээр хойноос урд зүг рүү 50 гаруй настай, эрэгтэй хүн бага зэрэг хурдтай “Тоёота Приус” маркийн автомашины урд талаар гүйгээд гараад ирсэн. Би явган зорчигчийг өөрийн жолоодож явсан автомашины баруун урд талын их гэрэл хэсгээр явган зорчигчийн баруун талын хөл руу мөргөхөд хажуу тийш унасан. Би 20 метр газар явж зогсоод явган зорчигч дээр хүрч ирээд “таны бие зүгээр үү” гэж асуусан. Хажууд нэг залуу ирсэн “хүн дайрчихлаа, цагдаад дуудлага өгнө” гэж хэлэхэд нь машин руугаа буцаж очоод шууд хөдөлж 112-ын буудлын сургуулийн орчим машинаа үлдээж найз Б. руу залгаж “машинаа ирээд аваарай” гэж хэлээд явсан. Буцаад осол болсон газар руу очиж байтал цагдаагийн машин ирсэн байхаар нь айгаад явсан. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хасуулсан, сэргээж амжаагүй явсан. Цаашид Г-ын эмчилгээнд гарсан бодит хохирлыг барагдуулна. Үүнээс хойш дахин ийм гэмт хэрэгт холбогдохгүй байх болно. Өөр нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг /хх-74-75/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4, 5-7, 9/, явган зорчигч Д.Г-ын согтуурал шалгасан тэмдэглэл /хх-14/, хохирлын баримтууд /хх-26-28, 39/, жолоочийн лавлагаа /хх-87/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-96-102/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-104/, эмчилгээний зардал барагдуулсан тухай тэмдэглэл /хх-115/, хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-116, 118/, шүүх хуралдаанд шүүгдэгч, хохирогч талаас гаргаж өгсөн амбулаториор эмчлүүлэгчдийн карт, “Бласт автомотив” ХХК-ийн тодорхойлолт, НДШ-ийн дэлгэрэнгүй тайлан, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Худалдаа хөгжлийн банкны төлбөрийн картын хуулга баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.У- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байх үедээ 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 20 цаг 50 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Баянхошууны Хөтөлийн замд Б.Б-ийн эзэмшлийн “Hyundai Sonata-5” маркийн 18-92 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1а, 9.2, 2.3 а дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас мөн дүрмийн 3.4, 3.9-д тус тус заасныг зөрчин явсан явган зорчигч Д.Г-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, улмаар дээрх авто тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугатаасан нөхцөл байдал тогтоогдлоо.

Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Г-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан,

дээрх зүйлд заасан гэмт хэрэг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.

Энэ нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтууд, түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Б.У-ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн, авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Г-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон эмчилгээний зардалд 630000 төгрөг төлсөн бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно. Харин хохирогчийн ажилгүй байсан, байх хугацааны цалин /2017.11 сараас 2018.10 сар хүртэл/ 10.180.000 /арван сая нэг зуун наян мянга/ төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилснийг шүүх Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар буюу гэм хор учрах буюу түүнээс гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл /гарцгүй газраар гарсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/ нөлөөлснийг харгалзан дээрх гэм хорын хэмжээг багасгаж нэхэмжлэлийн шаардлагаас 5.090.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 5.090.000 төгрөгийг шүүгдэгч Б.У-, иргэний хариуцагч Б.Б- нараас гаргуулж хохирогчид олгохоор, цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхгүй болохыг тогтоож шийдвэрлэлээ.      

Мөн шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал /хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар 12 сараар тогтоогдсон/, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан дээрх төлбөрийг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.   

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хасаж, 06 сарын хорих ял, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулах, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, ялуудыг тус тусад нь эдлүүлэх” гэж,

хохирогчийн өмгөөлөгч “Хэлэх зүйлгүй” гэж,  

шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч эрүүл мэндийн хувьд 6 сарын хорих ял эдлэх боломжгүй байгаа. Бодит хохирлыг 630000 төгрөг болгон нөхөн төлсөн, гэм буруу дээр маргаагүй, хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тэнсэж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /осолд орж, хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар тогтоолгосон/ зэргийг тус тус харгалзан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч баримтаар тогтоогдсон хохирлыг нөхөн төлсөн, шүүх хуралдаан дээр нэхэмжилсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар Б.У-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж,

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т заасан тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Б.У-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсэн, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан дээрх торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолоо.

Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолох нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.У- урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч М овогт Б-н У.ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн,

авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.У-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.   

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь  хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.У-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг албалдлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.У-ыг 450000 төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.У- торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.У- урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг тус тус баримтлан хохирогч Д.Г-ын нэхэмжлэлийн шаардлагаас “5090000 төгрөг гаргуулах тухай” хэсгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 5090000 /таван сая ерэн мянга/ төгрөгийг 3 жилийн хугацаанд шүүгдэгч Б.У-, иргэний хариуцагч Б.Б- нараас гаргуулж хохирогч Д.Г- /...... /-т олгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.У-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                                      Л.БААТАР