| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганхуягийн Цэрэндэжид |
| Хэргийн индекс | 020/2013/0717/З |
| Дугаар | 128/ШШ2025/0548 |
| Огноо | 2025-08-12 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 128/ШШ2025/0548
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Цэрэндэжид даргалж, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, шүүгч Д.Одонтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Нэхэмжлэгч: М******* /РД:*******/
Хариуцагч: Хан-Уул дүүргийн Засаг дарга
Маргааны агуулга: Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, хохирол гаргуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Монгол дээд сургуулийн захирал Н.Д*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О******* /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэцэнзул нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн А/246 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, хохирол 10,000,000 (арван сая) төгрөг гаргуулах” гэж тодорхойлсон байна. (5 дугаар хавтаст хэргийн 59-68 дахь тал)
Хоёр. Маргааны үйл баримт, процессын түүх
2.1. Анх Нийслэлийн Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 520 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2976м2 газрыг М*******д сургалтын зориулалтаар олгосон байна. (1 дүгээр хавтаст хэргийн 88 дахь тал) 2.2. 2013 онд Хан-Уул дүүргийн Төр захиргааны нэгдсэн байр, *******, ******* байр, “Д*******” ХХК-ийн контор үйлчилгээ зочид буудал, Орхон дээд сургуулийн оюутны байр, спорт заалны барилгуудын дулааны шугам тус сургуулийн хашааны хойгуур дайран өнгөрөхөөр техникийн нөхцөл олгогдсоны дагуу Хан-Уул дүүргийн Засаг дарга /үүргийг түр орлон гүйцэтгэгч/-ын 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн А/246 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн Төр захиргааны нэгдсэн барилгын дулааны шугам суурилуулах ажлыг хэвийн явуулах нөхцөлийг хангах зорилгоор ажлын хэсэг байгуулж, мөн дулааны шугам суурилуулах ажилд санаатайгаар саад учруулж байгаа *******, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг ачих буюу зайлуулах арга хэмжээг зохион байгуулахаар шийдвэрлэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 20 дахь тал)
2.3. Нэхэмжлэгчээс дээрх асуудлаар Нийслэлийн Засаг даргад хандахад, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн дугаар албан бичгээр тухайн маргааныг шүүхэд хандаж шийдвэрлүүлэх талаар хариу хүргүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 19 дэх тал)
2.4. Ийнхүү Монгол дээд сургуулиас дээрх захирамжид холбогдуулан 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргаж, шүүхээс 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр “Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамж хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлагын хүрээнд захиргааны хэрэг үүсгэн, тус шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 135 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 215 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан, улмаар Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2014 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 159 дүгээр тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 140-150, 176-183, 197-201 дэх тал)
2.5. Үүний дараа нэхэмжлэгч Монгол дээд сургуулиас 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1.-д зааснаар шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах тухай хүсэлт гаргасныг Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 46 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр тус шүүхэд буцаасан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 228-233 дахь тал)
2.6. Улмаар тус шүүх дээрх хэргийг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2022/0757 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчээс гаргасан “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн А/246 дугаар шийдвэрийг илт хууль бус болохыг тогтоолгож, 197м.кв газрыг ашиглах боломжгүйгээс үүссэн хохирол 324.000.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн Засаг даргаас гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ. 2.7. Ийнхүү шүүхээс уг маргааныг нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд хянан шийдвэрлэлээ.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн А/246 дугаар захирамж илт хууль бус болохыг тогтоож өгнө үү /ЗЕХ-н 47.1.5-д заасан хууль бус үйлдэл гүйцэтгэхийг шаардсан/, у*******сан хохиролд 10 сая төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэгдүгээр үндэслэл, зөвшөөрөл бүрэн аваагүй байхад хууль зөрчин дулааны шугам суурилуулах буюу хууль бус үйлдэл гүйцэтгэхийг шаардсан захирамж болсон. У******* нь, 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр “Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрны гадна дулааны зураг төслийг Хот байгуулалт, хөгжлийн газраар батлуулаагүй байгаа нь Хот байгуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 заалтад нийцэхгүй байна гэсэн юм. Энэ шинэ нөхцөл байдлыг Улсын дээд шүүх дахин хэлэлцэж хэргийг дахин хянуулахаар анхан шатны шүүхэд буцаасан юм. Энэ захирамж гарснаар хуульд заасан зөвшөөрөл аваагүй шугам суурилуулж хууль бус үйлдэл гүйцэтгэхийг шаарджээ. Мөн Барилгын тухай хуулийн 37.1. Барилгын ажлын захиалагч дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ: 37.1.1.-д “барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу бүрдүүлэх” гэсэн заалтыг зөрчсөн буюу хууль бус үйлдэл гүйцэтгэхийг шаардсан. Мөн хуулийн 40.1.Барилгын ажил гүйцэтгэгч дараах чиг үүрэгтэй: 40.1.1.-д “барилгын ажлыг зөвшөөрөл, магадлал хийгдэж, баталгаажсан зураг төсөл, норм, нормативын баримт бичгийн шаардлагын дагуу гүйцэтгэх, хяналт тавих” гэсэн заалтыг зөрчсөн буюу хууль бус үйлдэл гүйцэтгэхийг шаардсан байна. Хоёрдугаар үндэслэл, Үндсэн хууль зөрчихөд чиглэсэн, хувийн өмчид хууль бусаар халдахад чиглэсэн, хууль бус үйлдэл гүйцэтгэхийг шаардсан захирамж болсон. У******* нь, Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2-т Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална. 3-т Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно гэж заасан. Хувийн өмчийн машинууд, өөрийн эзэмшил газар, хашаан дотроо байхад хашааны хаалга эвдэн орж эзний зөвшөөрөлгүй *******ч зайлуулж, өмчлөгчийн эрхийг хуульд заасан үндэслэл гаргалгүй хязгаарласан захирамж гаргасан нь Үндсэн хууль зөрчихөд чиглэсэн, хууль бус үйлдэл гүйцэтгэхийг шаардсан захирамж болсон. Машин зайлуулах нэрээр хувийн өмчийн өмчийн хашаанд халдсан, хоёр саравчийг эвдэж нурааж авч явсан бусдын эзэмшил газрыг зөвшөөрөлгүй хүч түрэн 21 хоног цагдаагийн хамгаалалт доор эзэмшихийг шаардсан буюу хууль бус үйлдэл гүйцэтгэхийг шаардсан захирамж болсон. Өмчлөгчийн дээрх эрхүүдийг ямар хуулийг үндэслэж хязгаарлаж буйгаа захирамжид заагаагүй, бидэнд мэдэгдээгүй. Манай хоёр саравчийг бидний зөвшөөрөлгүй нурааж авч явсныг дээрмийн хэрэг гэж үзэж байна. Өмчлөгчийн дээрх эрхүүдийг ямар хуулийг үндэслэж хязгаарлаж буйгаа захирамжид заагаагүй, бидэнд мэдэгдээгүй. Гуравдугаар үндэслэл, Газрын тухай хуулийн заалтууд зөрчсөн буюу хууль бус үйлдэл гүйцэтгэхийг шаардсан захирамж болсон. У******* нь, манай 2 машин зайлуулахын тулд манай газрыг хууль зөрчин ашигласан буюу хууль бус үйлдэл гүйцэтгэхийг шаардсан захирамж болсон. Газрын тухай хуулийн 48.1-д “Бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газарт нэвтрэх, дайран өнгөрөхийг хориглосон дохио тэмдэг тавих, хашаа барих зэргээр тусгайлан хамгаалаагүй бол хэн боловч тухайн газарт хохирол учруулахгүйгээр нэвтэрч, дайран өнгөрч болно.” гэж заасан. Гэтэл Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч хашааны хаалга эвдэж, манай газрыг 21 хоног ашигласан тул хуулийн дээрх заалтыг зөрчсөн. Газрын тухай хуулийн 48.2-т “Үл хөдлөх хөрөнгө өмчлөгч нь эд хөрөнгөө ашиглах, хамгаалах зорилгоор бусдын газраар дайран өнгөрөх зам, цахилгаан, холбооны болон инженерийн шугам татах, гарц гаргах болон бусад зориулалтаар бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахыг шаардах эрхтэй.”, 48.3.-т “Газар эзэмшигч ашиглагч болон уг газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахаар шаардаж буй этгээдийн хооронд хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах эрх үүснэ гэж заасан. Гэтэл Хан-Уул дүүргийн Засаг дарга манай эзэмшил газрыг ашиглах талаар бидэнтэй хэлэлцэн тохирох ямар ч алхам хийхгүй Газрын тухай хуулийн дээрх заалтыг зөрчсөн юм. Хаалга эвдэн дайрч орж цагдаагаар хамгаалуулан хүчээр 21 хоног манай газрыг ашигласан юм. Дөрөвдүгээр үндэслэл, эзэмшил газартаа байгаа хоёр машин ямар хууль, дүрэм зөрчсөнийг захирамжид тусгаагүй буюу хуульд заасан үндэслэл байгаагүй. Өөрийн эзэмшил газарт зогсож байгаа 2 машин ямар хууль, журам зөрчсөнийг заагаагүй. Тээврийн хэрэгслийг ачихад хүргэсэн, зөрчсөн хууль, журмыг заагаагүй тул хууль бус үйлдэл хийхийг шаардсан захирамж болсон. Тавдугаар үндэслэл, хуулийн үндэслэл бүхий болж чадаагүй тул хууль бус юм. У******* нь, Дулааны шугам суурилуулах ажилд санаатайгаар саад учруулж буй тээврийн хэрэгслүүд гэж бичсэний үндэслэл нотолгоо байх ёстой. Бидэнтэй хэлэлцээр хийх санал тавиагүй. Урьдчилж сануулаагүй. Яаж санаатайгаар саад болж буйг тодорхой бичих ёстой, захирамжид тээврийн хэрэгслүүд байрлалын хувьд хаана зогсож байгаа нь тодорхойгүй, нийтийн эзэмшил газар зогсож байна уу, хувийн эзэмшил газрынхаа хашаан дотор зогсож байна уу гэдгийг захирамжид тусгах ёстой байсан. Хувийн хашаан дотроо зогсож байгаа машин хашааны гадуур шугам суурилуулахад санаатайгаар саад болж байна гэдэг нь ойлгомжгүй, логикгүй үндэслэл юм. Үүнийгээ захирамждаа тайлбарлах ёстой байсан. Хувийн өмчийн хашааг эвдэн халдаж, хувийн өмчийн хоёр сүүдрэвчийг дээрэмдэн авч явснаа, манай газрыг 21 хоног хүчээр ашигласан үндэслэлээ, тээврийн хэрэгслүүд хэний өмч байгааг, ямар байгууллагын хашаанд байгааг захирамждаа тусгаж, тэдгээрт халдах үндэслэлээ бичих ёстой байв. Зургаадугаар үндэслэл, захирамж чиглэсэн байгууллагын нэр байхгүй байхад манай хаалгыг эвдэн орсон нь илтэд хууль бус. У******* нь, захирамжийн нэгдүгээр заалт дотогшоо чиглэсэн, хоёрдугаар заалт машин зайлуулах гэж бусад руу буюу гадагшаа чиглэсэн байна. Гэтэл гадагшаа чиглэсэн байгууллага, хувь хүний нэр захирамжид байхгүй тул захирамж үндэслэл бүхий болж чадахгүй байна. Үүгээрээ захирамж илтэд хууль бус юм. Долоодугаар үндэслэл, Засаг дарга албадлагын арга хэмжээ авахдаа урьдчилж машин зайлуулах сануулга, хугацаатай үүрэг өгөөгүй тул захирамж хууль бус юм. Бидэнд урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах арга хэмжээ аваагүй. Өөрийн газарт байрлаж буй хувийн өмчийн хашааны хаалгыг хүч хэрэглэн эвдсэн, 2 сүүдрэвч хүч хэрэглэн дээрэмдэж авч явсан, машин *******ч гэмтээсэн, газрыг хүч хэрэглэн дээрэмдэж 21 хоног ашигласан тул эрүүгийн гэмт хэрэг юм. Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байдал, дулааны шугамын хамгаалалтын зурвас Монгол дээд сургуулийн 197м2 газрыг ашиглах боломжгүй болгов. Барилгын эскиз зураг зуруулсны төлбөр 3 сая төгрөгөөр хохиров. Манай хоёр сүүдрэвчийг буулган авч явж буцаан өгөөгүй 7 сая төгрөгөөр хохиров. Нэг ширхэг саравчны үнэ интернэт дэх лавлахад 3.5 сая төгрөг байна. Бид дээрх захирамжийн үүссэн хохирол болох зургийн төлбөр 3 сая төгрөг, 2 саравчны төлбөр 7 сая төгрөг, нийт 10 сая төгрөг нэхэмжилж байна гэжээ.
3.2. Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Засаг даргын захирамж илт хууль бус болохыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа. Дулааны шугам тавих зургийн зөвшөөрөл дутуу байсан гэдгийг сүүлд мэдсэн. Энэ шинэ нөхцөл байдлыг Улсын дээд шүүхэд гаргаад хэргийг анхан шатны шүүхэд буцаасан. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2021 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн дүгнэлтээр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын байрны гадна дулааны зураг төслийг Хот байгуулалт, хотын хөгжлийн газраар батлуулаагүй байгаа нь Хот байгуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т нийцэхгүй байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Зургаа бүрэн батлуулаагүй байхад дулааны шугамыг суурилуулах захирамж гаргах нь хууль бус. Иймээс хууль бус үйлдлийг гүйцэтгэхийг шаардахад хүргэсэн. Иргэн н.Б 2014 оны 3 дугаар сарын 3-ны өдөр болсон процессыг гэрчилсэн байгаа. 1 дүгээр хавтаст хэргийн 112 дугаар талд “2 автомашиныг албадан холдуулж үлдсэн хашааны хаалгыг би өөрийн биеэр экскаваторын жолоочид хэлж шонгийн төмрийг сугалж хаалгыг зайлуулсан. Манай компани дулааны шугам хийх, нүх ухах ажлыг цагдаагаар мануулан хийж үргэлжлүүлж хийж дуусгасан” гэж байна. Хашааны шон машины баруун талын чийдэнгийн харалдаа байгаа. Цагаан шугам нь наана зүүн талын шугамын гадна байгаа. Манай хашааны шон өөрийн эзэмшил хашаанд байсан. Хашаа буюу хувийн өмчид хууль бусаар халдсан. Мөн өөрийнхөө эзэмшил газарт байгаа манай машинд хууль бусаар халдсан. Манай газрыг хууль бусаар ашигласан. Цагдаагийн хүчээр олс татаж байгаад хууль бусаар 21 хоног ашигласан. Манай газарт байсан 2 сүүдрэвчийг эвдсэн, авч явсан. Манай сүүдрэвчний хойд талын 2 шонг хугалсан. Сүүдрэвчний хойд талын шон дулааны шугамд трасс таарч байгаа. Хувийн өмчид хууль бусаар халдсан явдал нь Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална. Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно гэж байна. Хуульд заасан ямар үндэслэлээр хязгаарлаж байгаа талаар дурдаагүй. 2 машиныг холдуулна гэсэн болохоос биш хувийн өмчид халдана гэж бичээгүй. Бодит байдалд тийм үйл ажиллагаа явсан. Газрын тухай хуулийн заалтуудыг зөрчсөн. Хууль бус үйлдэл гүйцэтгэхийг шаардсан, гүйцэтгэсэн үйл ажиллагаа байгаа. Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газарт нэвтрэх, дайран өнгөрөхийг хориглосон дохио, тэмдэг тавих, хашаа барих зэргээр тусгайлан хамгаалаагүй бол хэн ч тухайн газарт хохирол учруулахгүйгээр нэвтэрч дайран өнгөрч болно гэсэн байна. Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч хашааны хаалгыг эвдэж манай газрыг 21 хоног хүчээр ашигласан. Энэ нь Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасан үл хөдлөх хөрөнгө өмчлөгч нь эд хөрөнгөө ашиглах хамгаалах зорилгоор бусдын газраар дайран өнгөрөх зам, цахилгаан холбооны инженерийн шугам татах гарц гаргах болон бусад зориулалтаар бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахыг шаардах эрхтэй гэсэн байгаа. Гэтэл ийм шаардсан зүйл байхгүй. Хэлэлцсэн тохиролцсон зүйл байхгүй. Манай 2 машиныг холдуулахдаа ямар хууль дүрэм зөрчсөнийг заагаагүй. Захиргааны акт гаргахдаа ямар хууль дүрэм зөрчсөнийг заавал заасан байх ёстой. Энэ нь захиргааны акт хууль бус байсныг харуулж байгаа. Манай машиныг холдуулсан нь албадлагын арга хэмжээ байсан. Захирамж нь албадлагын шинжтэй. Захирамжид чиглэсэн байгууллагын нэр байхгүй байхад манай сургууль руу дайрч орсон. Албадлагын арга хэмжээ авахдаа урьдчилан сануулах арга хэмжээ аваагүй. Ямар ч захиргааны акт гаргахад урьдчилсан байдлаар машинаа холдуулаарай гэсэн сануулга өгөөгүй. Хашааны хаалга эвдэж орж ирчхээд манай жижүүрт захирамжаа өгсөн байдаг. Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн магадлалын 8 дугаар талд энэхүү маргаж буй үндэслэлтэй холбогдуулан хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагчаас маргаан бүхий захирамжийг гарахаас өмнө нэхэмжлэгчид мэдэгдэж оролцоог хангаж хуульд заасан хугацаанд хүсэлт, гомдол гаргах боломжоор хангасан эсэх болон уг актыг гаргасны дараа нэхэмжлэгчид хуульд заасан хугацаанд мэдэгдсэн эсэхтэй холбоотой дүгнэлт өгч, шаардлагатай тохиолдолд холбогдох баримтуудыг цуглуулах шаардлагатай гэсэн байгаа. Засаг даргаас бид нарт урьдчилж мэдэгдсэн зүйл байхгүй. 2013 оны 7 дугаар сарын 2-ны өдөр энэ шугам танай хашааны хойгуур өнгөрөх тул дэмжиж, тусална уу гэсэн байсан болохоос биш 2 машинтай, газартай холбоотой ямар нэгэн сануулга байгаагүй. Эдгээр үндэслэлүүдийг харвал захиргааны акт илт хууль бус байсан гэдгийг харуулж байгаа юм. Хохиролтой холбоотойгоор энэ газарт барилга барих гээд эскиз зураг зуруулсан байсан. Давхар нэмэх үү, үгүй юу гэж ярьж байх хооронд дайраад ороод ирсэн. Ерөнхий төлөвлөгөөний газарт шугам тавьчихлаа яах вэ гэхэд танай барилгыг бариулахгүй яагаад гэхээр шугам тавигдсан газарт ойрхон барилга бариулахгүй гэсэн хариу ирсэн. 7 давхар барилга барих боломжоо алдсан. Нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн байгаа. 2 дугаар хавтаст хэргийн 219 дүгээр талд 3 сая төгрөг төлсөн нь үнэн болно гэсэн баримт байгаа. Барилгаа барих боломжгүй байсан учраас эскиз зургийн төлбөрөөрөө хохирч байна. Манай сургуулийн хашаан дотор 2 саравч байсан гэдгийг нэхэмжлэлд хавсаргасан зурагт харагдаж байгаа. Томсгосон саравчийн арын 2 баганыг хугалаад хаясан. Үлдсэн 3 багана хугархай байж байсан. Манай сүүдрэвчийг аваад явсан. Д.Баас манай 2 сүүдрийг аваад явчихлаа гэхэд дараа нь бариад өгнө гэсэн. Барьж өгөөгүй. 4 дүгээр хавтаст хэргийн 65 дугаар талд Д.Б гэдэг хүн сүүдрэвчийг аваагүй, танай үүдэнд хураасан гэдэг. Бид нар байшин дотроо байсан. Хураагаагүй гэдгийг мэдэж байгаа. Барилгыг ухах замд манай 2 сүүдрэвч байсныг харсан уу гэсэн чинь 2 диспетчер байсан бид нар хүрээгүй гэж хариулсан. Хашаанд /сүүдрэвч/ беседка байсныг харсан хэн буулгасныг мэдэхгүй гэж байна. Засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас 2 саравч байхгүй болсон. Хэрэв Засаг дарга захирамж гаргаагүй, манай хаалгыг эвдэж ороогүй бол манай 2 сүүдрэвч байх байсан. Бид нар гүйцэтгэгч компанитай гэрээ хэлэлцээ хийгээд асуудлыг бүрэн шийдэх боломжтой байсан. Тийм учраас барилгын зураг 3 сая төгрөг, сүүдрэвчний үнэ 7 сая одоо төгрөг болсон. Тухайн үеийн ханшаар 3 сая 500 мянган төгрөг байсан. Хан-Уул дүүргийн Засаг дарга тайлбартаа манай 2 сүүдрэвчний талаар нэг ч үг дурдаагүй байна. Тийм учраас манай хохирлыг зөвшөөрсөн гэж ойлгож байгаа гэв.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Монгол дээд сургуулийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа. Хэргийн үйл баримтын тухайд зөвхөн Хан-Уул дүүргийн Төр, захиргааны байрны ус дулааны өргөтгөлийн дулааны шугам мэтээр гаргадаг. Маргаан бүхий захиргааны актаар тавигдсан гээд байгаа дулааны шугамын техникийн нөхцөл 2010 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр олгогдсон байдаг. 2013 онд зураг нь батлагдаад Улаанбаатар дулаан сүлжээ ТӨХК-ийн ерөнхий инженер батлаад энэ үйл ажиллагаа гүйцэтгээд 8 дугаар сарын 1-ний өдөр гэхэд дуусах ажил үйлчилгээ тухайн үед явж байсан. Дулааны шугамын ажилд дэмжлэг үзүүлэх талаар 2013 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Монгол дээд сургуулийн захирал Н.Д*******т мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Шүүх хуралдаанд өгсөн тайлбар, нэхэмжлэлдээ дурдсан үйл баримтыг нотлох баримтын хэмжээнд авч үнэлдэг. 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн тайлбарт 7 дугаар сарын 2-ны өдрийн албан бичгийг би хүлээж аваад тухайн үед Н.Д*******, тохижилтын дарга, газрын албаныхантай уулзаад хэмжилт хийж явж байсан. Үүнтэй холбоотой тайлбаруудаа дээд шүүх болон холбогдох шүүхүүдэд тайлбарлаж байсан. Шүүхийн шийдвэрт тодорхой тусгагдсан байгаа учраас энийг дурдаад өнгөрье. Жил бүрийн 9 дүгээр сарын 15-ны өдрөөс айл өрхийн барилга байгууламжийг дулаанаар хангаж шийдвэрлэдэг. Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан зохицуулалт байдаг. Гэтэл маргаан бүхий захиргааны акт 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдөр гарсан. Дулаанаар хангах улирал эхлэх гэж байхад 20 хоногийн өмнө энэ ажил эхэлсэн байдаг. Хавтаст хэргийн 1 дээр байгаа нэхэмжлэгчийн гаргаж өгсөн зургуудад дулааны шугам татах ажлын зогссон байдал бол Монгол дээд сургуулийн хашаа хүрээд зогсоод 2 тээврийн хэрэгсэл зогсоосон энэ үйл ажиллагаанаас болоод саад учраад байна гэдэг асуудлуудыг ярьдаг. Иймээс дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, харьяалах дээд шатын шийдвэр гүйцэтгэлийг хангадаг төрийн төлөөлөгчийн хувьд Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан үндсэн чиг үүргийг хэрэгжүүлээд 2 тээврийн хэрэгслийг холдуулах маргаан бүхий захиргааны актыг гаргасан байдаг. 1 дүгээр заалтаар ажлын хэсэг байгуулж, 2 дугаар заалтаар тухайн хоёр тээврийн хэрэгслийг холдуулах үйл ажиллагааг зохион байгуулах захирамжийг гаргасан. Захирамж нь Монгол Улсын Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан иргэний эрхийг хангах зорилгодоо нийцсэн бодит нөхцөл байдалд тохирсон үндэслэлтэй захирамж байгаа. Ямар үндэслэлтэй вэ гэхээр эрчим хүчээр хангагдах иргэдийн, нийтийн эрх ашиг хөндөгдсөн байхад хувийн эрх ашгийг түрүүнд тавьдаг. Шүүхээс тухайн газарт үзлэг хийгээд энэ 2 тээврийн хэрэгслийг холдуулахгүйгээр шугам хийх боломжтой юу гэхээр 1 талд нь Чингисийн өргөн чөлөөний авто зам, урд талд нь болохоор тулгаад хоёр тээврийн хэрэгслийг байршуулсан байдаг. Тухайн ажлыг хийх техник хэрэгсэл орох боломжгүй, цаг хугацааны хувьд нийтийн ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл байдал үүссэн. Тухайн газарт очоод Замын цагдаагийн хэлтсээс нэг тээврийн хэрэгслийг тухайн байршлаас нь 5 метр урагшлуулж холдуулсан. 1 тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч өөрөө холдуулсан. Ийм үйл явдлыг захирамжийн дагуу зохион байгуулаад үйл ажиллагаа хэрэгжиж дууссан гэсэн үг. Маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгоё гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5 буюу хууль бус үйлдэл хийхийг шаардсан гэж тодорхойлсон. Энэ захиргааны актад санаатайгаар саад учруулж байгаа тээврийн хэрэгслийг холдуулж ажиллах нөхцөлөөр хангах зохицуулалттай. Дүүргийн нутаг дэвсгэр дэх төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэгчийн хувьд дулааны шугам сүлжээний трасс зураг баталсантай хэн ч маргаагүй, хүчин төгөлдөр шийдвэр байсан учраас үүний хэрэгжилтийг хангасан. Эрчим хүчний тухай хуульд заасны дагуу чиг үүргээ хэрэгжүүлсэн захиргааны акт байгаа тул илт хууль бус байх хууль зүйн шаардлагад маргаан бүхий захиргааны акт орохгүй. Нэхэмжлэгчийн эзэмших эрхийн гэрчилгээ эзэмшиж байгаа газрын хойд талаар дулааны шугам сүлжээ тавихаар төлөвлөсөн, зөвшөөрсөн захиргааны байгууллагатай өнөөдрийг хүртэл маргасан зүйл байхгүй. Маргаан бүхий захирамжийн нэг дэх заалт захиргааны хэргийн шүүхийн шийдвэрлэх харьяаллын маргаан биш дотогш чиглэсэн захиргааны акт байгаа. ******* тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч тал өөрөө холдуулсан. 0505УБХ тээврийн хэрэгслийг тусгай зориулалтын тээврийн хэрэгслээр холдуулсан. Захиргааны хэрэг хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд илт хууль бус байх гэдэг агуулгыг тодорхойлсон байдаг. Маргаан бүхий захиргааны акт илт хууль бус байх хууль зүйн зохицуулалтад хамаарахгүй. 2 тээврийн хэрэгслийг холдуулсан үйл ажиллагаа хэрэгжээд дууссан. Өөрт олгогдсон эрхийн хүрээнд гаргасан. Хууль тогтоомж зөрчсөн зүйлгүй. Уг захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий захиргааны акт байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. ҮНДЭСЛЭХ нь: Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7 дахь хэсэгт “Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 71.1-д заасны дагуу мэдэгдсээр байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр түүний эзгүйд шүүх хуралдаан явуулж болно.” гэж зааснаар хэргийн оролцогчийн зөвшөөрснөөр түүнийг эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
2. Шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг удаа дараа тодруулсан бөгөөд сүүлд /2025 оны 7 дугаар сарын 25-ны өдөр/ нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн А/246 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, уг захирамжийн улмаас у*******сан хохирол 10,000,000 (арван сая) төгрөг гаргуулах” гэж тодорхойлсон. (5 дугаар хавтаст хэргийн 59-68 дахь тал)
3. Түүнчлэн нэхэмжлэгчээс Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр болон “Эв-эе 27, 28” барилгуудын гадна дулааны шугам сүлжээг суурилуулах үйл ажиллагаа /төлөвлөлт, зураг төсөл, түүнийг баталсан захиргааны шийдвэр, үйл ажиллагаа/-ны талаар тусдаа нэхэмжлэл гарган маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
4. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5. дахь хэсэгт “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж зааснаар маргаан бүхий захирамж нь “илт хууль бус” байх шинжийг агуулсан эсэх, үүний улмаас нэхэмжлэгчид хохирол у*******сан эсэх асуудлын хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэв.
Нэг. Маргааны үйл баримт
1.1. Анх нэхэмжлэгч М*******д Нийслэлийн Засаг даргын 2002 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 520 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2976м2 газрыг сургалтын зориулалтаар эзэмших эрхийг баталгаажуулж, улмаар Нийслэлийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн А/581 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг сунгаж байжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 88, 98 дахь тал)
1.2. Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 03 дугаар тогтоолоор тус дүүргийн 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хавсралтаар баталсны 12-т “Дүүргийн нутаг дэвсгэрт улс, нийслэл, дүүргийн хөрөнгө оруулалтаар баригдах барилга байгууламж, авто зам, инженерийн шугам сүлжээний газрыг чөлөөлөх, түүнд шаардагдах нөхөн олговрыг тухай бүрт шийдвэрлүүлж ажиллах” гэж тусгажээ. (1 дүгээр хавтаст хэргийн 73 дахь тал)
1.3. 2013 онд Хан-Уул дүүргийн Төр захиргааны нэгдсэн байр, *******, ******* байр, “Д******* ХХК-ийн контор үйлчилгээ зочид буудал, Орхон дээд сургуулийн оюутны байр, спорт заалны барилгуудын дулаан хангамжийн зургийг ХХК боловсруулж, Улаанбаатар дулааны сүлжээ ХК-ийн ерөнхий инженерээр батлуулсан байх бөгөөд уг зураг төслийг магадлалын ерөнхий дүгнэлтээр баталгаажуулсан талаар Барилгын хөгжлийн төвөөс тайлбар, баримт ирүүлсэн байна. (3 дугаар хавтаст хэргийн 59-81 дэх тал)
1.4. Дээрх гадна дулааны шугам суурилуулах ажлын зургийн дагуу дулааны шугам нь Монгол дээд сургуулийн эзэмших эрх бүхий газартай давхцалгүй, тус сургуулийн эзэмших эрх бүхий газрын хойд хэсгээр тавигдахаар төлөвлөгдсөн байх бөгөөд харин уг дулааны шугамын хамгаалалтын зурвас нь нэхэмжлэгчийн эзэмших эрх бүхий газартай 197.09м2 хэмжээгээр давхцалтай байна. (1 дүгээр хавтаст хэргийн 59-63, 2 дугаар хавтаст хэргийн 38-117, 3 дугаар хавтаст хэргийн 39-43 дахь тал)
1.5. Энэхүү гадна дулааны шугам суурилуулах ажлын зураг төслийн дагуу дулааны шугам Монгол дээд сургуулийн эзэмших эрх бүхий газрын хойд хэсгээр дайран өнгөрөхөөр төлөвлөгдсөний дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас 2013 оны 7 дугаар сарын 12-ны өдрийн дугаар албан бичгээр дулааны шугам суурилуулах ажилд дэмжлэг үзүүлэх талаар М*******д мэдэгджээ. (1 дүгээр хавтаст хэргийн 42 дахь тал)
1.6. Мөн дулааны шугам суурилуулах ажлын гүйцэтгэгчээр ажилласан “О” ХХК-аас Монгол дээд сургуулийн удирдлагатай зөвшилцөх уулзалт хийсэн хэдий ч тодорхой тохиролцоонд хүрээгүй байх бөгөөд Монгол дээд сургуулийн зүгээс дулааны шугам тавигдах трассын дагуу эзэмшил газрын хязгаарт өөрийн эзэмшлийн 2 авто машиныг байрлуулсан болох нь хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогч нарын тайлбар, гэрч Д.Б, гэрч Д.Г нарын мэдүүлгээр тогтоогдож байна. (1 дүгээр хавтаст хэргийн 1-6, 48-52, 111-112, 4 дүгээр хавтаст хэргийн 50-53, 61-65 дахь тал) 1.7. Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан Хан-Уул дүүргийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээс 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн “Төр, захиргааны нэгдсэн барилгын дулааны шугам суурилуулах тухай” А/246 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2, 29.1.6, 29.2, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсгийг үндэслэн Хан-Уул дүүргийн Төр захиргааны нэгдсэн барилгын дулааны шугам суурилуулах ажлыг хэвийн явуулах нөхцөлийг хангах зорилгоор ажлын хэсэг байгуулан, мөн дулааны шугам суурилуулах ажилд санаатайгаар саад учруулж байгаа *******, 0505УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг ачих буюу зайлуулах арга хэмжээг зохион байгуулахаар шийдвэрлэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 20 дахь тал) 1.8. Энэхүү захирамжийн хууль зүйн үндэслэлийн тухайд, /2006 он/ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1. дэх хэсэг Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 29.1.2-т орон нутгийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах талаар: …” 29.1.6.-т “хууль ёс, дэг журам, аюулгүй байдлыг хангах, иргэдийн эрх, эрх чөлөөг хамгаалах талаар: …”, 29.2. дахь хэсэгт “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.”, 39 дүгээр зүйлийн 39.1. дэх хэсэгт “Хурал, Засаг даргаас хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр тухайн нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөх бөгөөд түүнийг холбогдох байгууллага, албан тушаалтан, иргэд заавал биелүүлнэ.” гэж тус тус заажээ.
Хоёр. Нэхэмжлэгчээс гаргасан “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн А/246 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага, түүний үндэслэлийн талаар
2.1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн А/246 дугаар захирамжийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан” гэж заасан шинжийг агуулсан тул илт хууль бус гэж тайлбарласан бөгөөд түүний үндэслэлээ “ ... 1.Зөвшөөрөл бүрэн аваагүй байхад хууль зөрчин “дулааны шугам суурилуулах” буюу хууль бус үйлдэл гүйцэтгэхийг шаардсан захирамж гаргасан /Хот байгуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т заасныг зөрчсөн/ ... 2. Үндсэн хууль зөрчихөд чиглэсэн, хувийн өмчид хууль бусаар халдахад чиглэсэн, хууль бус үйлдэл гүйцэтгэхийг шаардсан захирамж болсон /Хувийн өмчийн машинууд өөрийн эзэмшлийн газар, хашаан дотор байхад хашааны хаалга эвдэн орж эзний зөвшөөрөлгүй *******ч зайлуулан өмчлөх эрхийг хуульд заасан үндэслэл гаргалгүй хязгаарласан захирамж гаргасан нь Үндсэн хууль зөрчихөд чиглэсэн, хууль бус үйлдэл гүйцэтгэхийг шаардсан захирамж болсон/ ... 3. Газрын тухай хуулийн заалтууд зөрчсөн буюу хууль бус үйлдэл гүйцэтгэхийг шаардсан захирамж болсон /манай 2 машиныг зайлуулахын тулд Газрыг хууль зөрчин ашигласан, Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, 48.3 дахь заалтыг зөрчсөн/ , ... 4. Эзэмшил газартаа байгаа хоёр машин ямар хууль, дүрэм зөрчсөнийг захирамжид тусгаагүй буюу хуульд заасан үндэслэл байгаагүй /Тээврийн хэрэгслийг ачихад хүргэсэн, зөрчсөн хууль, журмыг заагаагүй/ ... 5. Хуулийн үндэслэл болж чадаагүй тул хууль бус юм /Дулааны шугам суурилуулах ажил санаатайгаар саад учруулж буй тээврийн хэрэгслүүд гэж бичсэн үндэслэлээ нотлох ёстой, бидэнтэй хэлэлцээр хийх санал тавиагүй, урьдчилж сануулаагүй/ ... 6. Захирамж чиглэсэн байгууллагын нэр байхгүй байхад манай хаалгыг эвдэж орсон нь илтэд хууль бус юм /захирамжийн нэгдүгээр заалт дотогшоо чиглэсэн, хоёрдугаар заалт машин зайлуулах гэж бусад руу буюу гадагшаа чиглэсэн байна. Гэтэл гадагшаа чиглэсэн байгууллага, хувь хүний нэр захирамжид байхгүй тул захирамж үндэслэл бүхий болж чадахгүй байна/ ... 7. Засаг дарга албадлагын арга хэмжээ авахдаа урьдчилж машин зайлуулах сануулга, хугацаа үүрэг өгөөгүй тул захирамж хууль бус юм /бидэнд урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах арга хэмжээ аваагүй, өөрийн газарт байрлаж буй хувийн өмчийн хашааны хаалгыг хүч хэрэглэн эвдсэн, 2 сүүдрэвч хүч хэрэглэн дээрэмдэж авч явсан, машин *******ч гэмтээсэн, газрыг хүч хэрэглэн дээрэмдэж 21 хоног ашигласан тул эрүүгийн гэмт хэрэг юм/ ...” зэрэг үндэслэлийг дурдаж маргасан. Улмаар дээрх захирамжийн улмаас М******* 197м2 газрыг ашиглах боломжгүй болж барилгын эскиз зураг зуруулсны төлбөр 3,000,000 (гурван сая) төгрөг, хоёр сүүдрэвчийг буулган авч явж буцаан өгөөгүй 7,000,000 (долоон сая) төгрөгөөр хохирсон тул нийт 10,000,000 (арван сая) төгрөгийн хохирол у*******сан гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлүүдийн тухайд,
2.2. Зөвшөөрөл бүрэн аваагүй байхад хууль зөрчин “дулааны шугам суурилуулах” буюу хууль бус үйлдэл гүйцэтгэхийг шаардсан захирамж гаргасан” гэх үндэслэлийн тухайд, Хан-Уул дүүргийн Төр захиргааны нэгдсэн байр, *******, ******* байр, “Д******* ХХК-ийн контор үйлчилгээ зочид буудал, Орхон дээд сургуулийн оюутны байр, спорт заалны барилгуудын дулаан хангамжийн зурагт Хот байгуулалтын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т зааснаар эрх бүхий мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл олгосон эсэхийг тодруулахад, дараах нөхцөл тогтоогдож байна. Үүнд, дээрх үйл баримттай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хот байгуулалт, хөгжлийн газраас ирүүлсэн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн дугаар албан бичигт “ ... бид гадна инженерийн шугам сүлжээний трассыг хот байгуулалтын мэдээллийн менежментийн систем, байр зүйн солбицлын систем дээр шалган зөвшилцдөг бөгөөд ажлын зураг төсөл нь манай газрын архивт хадгалагдаагүй болно ...” гэх тайлбар ирүүлсэн, шүүхээс 2022 оны 7 дугаар сарын 12-ны өдөр Үндэсний төв архивд хийсэн үзлэгээр тус ажлын зургийн нүүр хуулбар байдлаар, бусад 36 хуудас эх хувиар хадгалагдаж байгааг тэмдэглэсэн байх бөгөөд эдгээр ажлын зураг төслийн нүүрэнд Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн Барилга, Хот байгуулалт, төлөвлөлтийн газрын даргын баталсан гарын үсэг, дардас бүхий тэмдэглэгээ хийгдэж, зураг төсөл бүхий хуудсанд 2013 оны 7 дугаар сарын 7-ны өдөр экспертээр хянагдсан, улмаар гадна дулааны шугам сүлжээний байгуулалтыг Улаанбаатар дулааны сүлжээ ХК-ийн ерөнхий инженер зөвшөөрсөн байна. (2 дугаар хавтаст хэргийн 38-116, 162, 193, 197-211 дахь тал)
2.3. Түүнчлэн дээрх дулааны шугам сүлжээг суурилуулах төсөл, арга хэмжээнд хариуцагч Хан-Уул дүүргийн Засаг дарга /Тамгын газар/ нь Барилгын тухай хуулийн 37, 40 дүгээр зүйлд зааснаар захиалагч, эсхүл гүйцэтгэгчийн чиг үүргийг хэрэгжүүлээгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.
2.4. Маргаан бүхий захирамж нь Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлийн 2-т “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.”, 3.-т “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.” гэж заасныг зөрчсөн гэх үндэслэлийн тухайд, 2.5. Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1. дэх хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн.” гэж тодорхойлсон бөгөөд хариуцагчаас хүн ам, нийтийн ашиг сонирхлыг хангах зайлшгүй шаардлагыг үндэслэн /2006 он/ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 29.1.4.-т дэд бүтцийн талаар: д/нутаг дэвсгэртээ эрчим хүчний үйлдвэрлэл, хангамж, худалдаа, ахуйн үйлчилгээ, хот тосгоны орон сууц, нийтийн аж ахуй, үйлчилгээг хөгжүүлэх бодлого боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах., 29.2. дахь хэсэгт “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.”, Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. дэх хэсэгт “Аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга эрчим хүчний тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, нутаг дэвсгэрийнхээ эрчим хүчний хангамжийн талаархи бодлого боловсруулан холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.”, 7.3. дахь хэсэгт “Тухайн нутаг дэвсгэр дэх эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын зурваст баригдсан барилга, байгууламж, айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, мод, бут, сөөгийг зайлуулах, дээрх зөрчлийг гаргуулахгүй байх арга хэмжээ авна.” гэж заасан зохицуулалтын хүрээнд дулааны шугам суурилуулах ажлын хэрэгжилтийг хангах зорилгоор захирамжид заасан 2 тээврийн хэрэгслийг зайлуулах арга хэмжээг хэрэгжүүлсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн дээрх зүйл, хэсэг, заалтыг зөрчсөн буюу нэхэмжлэгчийн өмчлөх эрхэд халдсан гэж үзэх үндэслэл болохооргүй байна.
2.6. Өөрөөр хэлбэл, Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын байр нь тухайн шугам сүлжээнд холбогдох зайлшгүй шаардлага буюу нийтийн ашиг сонирхол, төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор дээрх 2 авто машиныг зайлуулсаныг захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн өмчлөх эрхэд хууль бусаар халдсан, эсхүл нэхэмжлэгчийг өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүргэсэн, хязгаарласан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
2.7. Манай 2 машиныг зайлуулахын тулд Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, 48.3 дахь заалтыг зөрчсөн буюу хууль бус үйлдэл гүйцэтгэхийг шаардсан захирамж болсон гэх үндэслэлийн тухайд,
2.8. Хэргийн үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч М******* нь эзэмших эрх бүхий газраа хойд хэсгээр буюу дулааны шугам суурилуулах хэсгээр 2,5м орчим хэтрүүлэн хашаалсан, энэ нөхцөл байдлыг маргаан бүхий цаг хугацаанд тогтоосон /цагаан шугамаар хил заагийг тодорхойлсон/ байх бөгөөд улмаар нийтийн эзэмшилд хамаарах газарт дулааны шугам суурилуулсан /дулааны шугам нэхэмжлэгчийн эзэмшил газартай давхцалгүй/ зэрэг үйл баримт тогтоогддог бөгөөд Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах, нэвтрэх, дайран өнгөрөх нөхцөл үүсээгүй байна. (1 дүгээр хавтаст хэргийн 4-5, 39, 48-52 дахь тал)
2.9. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгчээс уг захирамжийн улмаас манай газрыг 21 хоногийн хугацаанд зөвшөөрөлгүй ашигласан гэх боловч энэхүү үндэслэл нь, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, маргаан бүхий захирамжид шууд хамааралгүй, захиргааны акт илтыг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй.
2.10. Өөрийн эзэмшил газарт зогсож байгаа 2 машин ямар хууль, журам зөрчсөнийг захирамжид тусгаагүй буюу хуульд заасан үндэслэл байгаагүй гэх үндэслэлийн тухайд, маргаан бүхий захирамжийн 2 дахь заалтаар дулааны шугам суурилуулах ажилд санаатайгаар саад учруулж байгаа *******, 0505УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг ачих буюу зайлуулах арга хэмжээ авч, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг ажлын хэсэгт даалгах агуулгаар гарсан байна.
2.11. Дээрх үйл баримтад холбогдуулан нэхэмжлэгч анх 2013 онд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “ ... ингээд бид хашааны хаалгаа түгжээд Барилгын компанийг өөрийн эзэмшил газар руу оруулахгүй байсан ... 2013 оны 8 дугаар сарын 5-ны өдөр ... хоорондоо зөвшилцье гэж тохирсон ... бид хашааны хаалганы зүүн баганыг өөрийн эзэмшил газрын хил дотор шинээр ухаж байрлуулж, хаалганыхаа харалдаа 2 машинаа өөрийн эзэмшил газар байрлуулж тавьсан ...” гэж дурдсан байх бөгөөд нэхэмжлэгчийн эзэмшлийн *******, 0505УБХ дугаартай тээврийн хэрэгсэл нь дулааны шугам суурилуулахаар төлөвлөгдсөн газрын хил зааг дагуу буюу дулааны шугамын хамгаалалтын бүсэд байсан болох нь хэргийн оролцогч нарын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогддог. (1 дүгээр хавтаст хэргийн 4-6, 48-52 дахь тал) 2.12. Иймд дээрх нөхцөлд нийтийн ашиг сонирхлыг хангах зайлшгүй шаардлагын үүднээс нэхэмжлэгчийн эзэмшлийн 2 автомашиныг зайлуулах арга хэмжээг хэрэгжүүлэх болсон үндэслэлээ дурдаагүй гэж дүгнэх боломжгүй.
2.13. Маргаан бүхий захирамж нь хуулийн үндэслэл бүхий болж чадаагүй тул хууль бус бөгөөд хэлэлцээр хийх санал тавиагүй, урьдчилж сануулаагүй гэх үндэслэлийн тухайд, нэхэмжлэгчээс маргаан бүхий захирамжийн илт хууль бус болохыг тогтоолгох, улмаар уг захиргааны актын улмаас у*******сан хохирлыг гаргуулах агуулгаар маргаж буй энэ нөхцөлд шүүхээс маргаж буй захирамжийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх шаардлагаас илүүтэй маргаан бүхий захирамж нь “илт хууль бус” байх шинжийг агуулсан эсэхийг шалгах зохицуулалттай.
2.14. Түүнчлэн, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбараас үзэхэд 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр дүүргийн газрын байцаагч, тамгын газраас хүн ирж газраа ашиглуулах талаар шаардлага тавьсан гэж дурдсан байх бөгөөд 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн А/246 дугаар захирамж нь мөн өдрөө шууд хэрэгжсэн, ингэхдээ нэхэмжлэгч хашаагаа буулгахыг зөвшөөрсөн, улмаар ******* авто машиныг өөрөө холдуулсан зэрэг үйл баримт тогтоогддог. (1 дүгээр хавтаст хэргийн 5 дахь тал)
2.15. Иймд дээрх нөхцөлд маргаан бүхий А/246 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимд нийцсэн байна.
2.16. Захирамжийн нэгдүгээр заалт дотогшоо чиглэсэн, хоёрдугаар заалт машин зайлуулах гэж бусад руу буюу гадагшаа чиглэсэн байна. Гэтэл гадагшаа чиглэсэн байгууллага, хувь хүний нэр захирамжид байхгүй тул захирамж үндэслэл бүхий болж чадахгүй байна. Үүгээрээ захирамж илтэд хууль бус юм гэх үндэслэлийн тухайд,
2.17. Нэхэмжлэгчээс маргаан бүхий захирамжийн нэгдүгээр заалт дотогшоо чиглэсэн гэж дурдсан, хоёр дахь заалтыг гадагш чиглэсэн боловч тухайн чиглэсэн байгууллага, хувь хүний нэр байхгүй тул илт хууль бус гэж тайлбарлаж буй боловч энэ нь захиргааны актыг илт хууль бус гэж тогтоох эсхүл энэ үндэслэлээр захиргааны актын аль нэг хэсгийг илт хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй. 2.18. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий захирамж нь нэхэмжлэгчийн эзэмшлийн 2 тээврийн хэрэгслийг ачих буюу зайлуулах арга хэмжээ авах зохицуулалтын дагуу хэрэгжсэн байх бөгөөд нэхэмжлэгч уг үйл ажиллагаатай холбогдуулж маргасан, захиргааны актын хандсан этгээд тодорхойгүй гэж үзэх үндэслэлгүй юм.
2.19. Албадлагын арга хэмжээ авахдаа нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах арга хэмжээ аваагүй гэх үндэслэлийн тухайд,
2.20. Маргаан бүхий захирамжийг гаргахаас өмнө Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас дулааны шугам суурилуулах ажил явагдах талаар нэхэмжлэгчид 2013 оны 7 дугаар сарын 2-ны өдөр дугаар албан бичгээр мэдэгдсэн, үүний дараа зөвшилцөх, санал солилцох ажиллагаа явагдсан боловч тохиролцоонд хүрээгүйн улмаас тээврийн хэрэгслийг зайлуулах арга хэмжээ авах шийдвэр гарч, мөн өдрөө хэрэгжүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 3-6, 39, 42 дахь тал) 2.21. Нэхэмжлэгч маргаан бүхий 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн А/246 дугаар захирамжийг гаргах, хэрэгжүүлэхдээ нэхэмжлэгчид мэдэгдэж, оролцоог хангах боломжит хугацаа олгоогүй, танилцуулаагүй гэх боловч захиргааны акт гаргах ажиллагаа, түүний зөрчил, үр дагавар нь тухайн захиргааны актыг илт хууль бус гэж тогтоох үндэслэл болохгүйг тэмдэглэх нь зүйтэй.
2.22. Дээр дурдсан нэхэмжлэгчийн маргаж буй дээрх үндэслэлүүдийг нэгтгэн дүгнэхэд, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн А/246 дугаар захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох гэж тодорхойлсон боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ захиргааны акт илт хууль бус байх болон хууль бус байх үндэслэлүүдийн аль алинг нь дурдаж тайлбарлаж байна.
2.23. Хууль хэрэглээний хувьд, захиргааны акт илт хууль бус байх үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлээр, харин захиргааны актыг хууль бус гэж үзэж, хүчингүй болгох үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйл болон холбогдох салбарын бусад хууль тогтоомжоор зохицуулагддаг буюу эдгээр нь хууль зүйн агуулгаараа ялгаатай ойлголт байдаг.
2.24. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: 47.1.5-д “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан”, 47.2 дахь хэсэгт “Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна.” гэж зохицуулсан.
2.25. Дээрх хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д заасан “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан” буюу захиргааны актыг эл үндэслэлээр илт хууль бус гэж тогтоох үндэслэл нь тухайн захиргааны акт хаяглагдсан этгээд нь захиргааны актыг биелүүлснээр хууль зүйн хариуцлага хүлээхүйц, өөрөөр хэлбэл эрүүгийн хэрэг эсхүл захиргааны зөрчилд тооцогдож болохоор үйлдэл, эс үйлдэхүй гүйцэтгэхийг тухайн актыг биелүүлэх субъектээс шаардсан байх тохиолдлыг ойлгон . 2.26. Харин маргаан бүхий Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн А/246 дугаар захирамжийн хувьд, 1 дэх заалтаар дүүргийн төр захиргааны нэгдсэн барилгын дулааны шугам суурилуулах ажлыг хэвийн явуулах нөхцөлөөр хангах ажлын хэсгийг ажлын хэсгийн ахлагчаар А.О /Засаг даргын Байгаль орчин, Хөдөө аж ахуй, Дэд бүтэц, Хот Нийтийн аж ахуйн асуудал хариуцсан орлогч/, Нарийн бичгийн даргаар Б.Д /Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга/, гишүүдээр: Л.О /Өмч, газрын харилцааны албаны дарга/, Ц.А /Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга/, М.Отгонбаяр /Замын цагдаагийн тасгийн дарга/ нарын бүрэлдэхүүнтэй байгуулснаас үзэхэд уг заалт нь гадагш чиглэсэн зохицуулалт агуулаагүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, илт хууль бус байх шинжийг агуулаагүй байна.
2.27. Мөн дээрх захирамжийн 2 дахь заалтаар “Дулааны шугам суурилуулах ажилд санаатайгаар саад учруулж буй *******, 0505УБХ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг ачих буюу зайлуулах арга хэмжээ авч, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Ажлын хэсэг /А.О/-т даалгажээ.
2.28. Энэхүү захирамжийн 2 дахь заалтын зохицуулалтаас үзэхэд, дулааны шугам суурилуулах ажлыг хэрэгжүүлэх нөхцөлийг хангах зорилгоор Монгол дээд сургуулийн эзэмшлийн 2 тээврийн хэрэгслийг зайлуулах арга хэмжээ авах нь хариуцагчид хуулиар олгогдсон эрх хэмжээнд хамаарч байх тул энэхүү шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д заасан “хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан” гэж үзэх үндэслэлгүй.
2.29. Тодруулбал, 2006 оны Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 /д/, 29.2, Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1., 7.3 дахь хэсэгт заасан зохицуулалтын хүрээнд дулааны шугам суурилуулахаар төлөвлөгдсөн ажлын хэрэгжилтийг хангах буюу хүн ам, нийтийн ашиг сонирхлыг хангах зайлшгүй шаардлагын дагуу нэр бүхий 2 тээврийн хэрэгслийг зайлуулах арга хэмжээг хэрэгжүүлсэн нь захиргааны байгууллагын эрх хэмжээнд хамаарч байна.
2.30. Нөгөөтээгүүр, маргаан бүхий захирамжийн зохицуулалт нэгэнт хэрэгжээд дууссан, уг захирамжийн дагуу тээврийг хэрэгслийг зайлуулах арга хэмжээ авагдсан бөгөөд үүний улмаас тухайн хоёр тээврийн хэрэгсэлд хохирол у*******сан зүйлгүй /энэ талаар нэхэмжлэгч тухайлан нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргаагүй, нотлох баримт гаргаагүй/ байгааг дурдах нь зүйтэй.
Гурав. Маргаан бүхий захирамжийн улмаас у*******сан хохирол 10,000,000 (арван сая) төгрөг гаргуулах шаардлагын тухайд:
3.1. Нэхэмжлэгчээс энэхүү шаардлагын үндэслэлээ “ ... захирамж гараагүй байсан бол хохирол учрахгүй байсан ... уг захирамжийн улмаас манай сургууль шинэ барилгын зураг төсөл зуруулсантай холбоотой 3,000,000 (гурван сая) төгрөг, … хашаанд байсан 2 сүүдрэвчийг буулгаж авч явсан тул түүнтэй холбоотой 2 сүүдрэвчний /3,500,000*2/ 7,000,000 (долоон сая) төгрөг, нийт 10,000,000 (арван сая) төгрөгөөр хохирсон ...” гэж тайлбарлаж байна.
3.2. Сургуулийн шинэ барилгын зураг төсөл хийлгэсэн гэх 3 сая төгрөгийн тухайд, 2013 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Монгол дээд сургуулийн захиалгын дагуу А ХХК-аас тус сургуулийн бизнес мэдээллийн төвийн барилгын загвар зургийг боловсруулж, улмаар ажлын хөлсөнд 3 сая төгрөг төлсөн гэх тодорхойлолт гаргасан байна. (2 дугаар хавтаст хэргийн 219-243 дахь тал)
3.3. Монгол дээд сургуулиас 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Нийслэлийн ерөнхий төлөвлөлтийн газарт хандаж, өөрийн эзэмшил газарт барилгын хэсэгчилсэн төлөвлөгөө баталж, техникийн даалгавар авахыг хүссэн бөгөөд тус газраас 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дугаар албан бичгээр тухайн байршил нь дулааны шугам сүлжээний хамгаалалтын зурваст байрлаж байгаа гэх үндэслэлээр татгалзсан хариу хүргүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 107-109 дэх тал)
3.4. Нэхэмжлэгчээс маргаан бүхий захиргааны актын улмаас барилга баригдах боломжгүй болж, зураг төсөл хийлгэсэн 3 сая төгрөгөөр хохирсон гэж тайлбарлаж буй боловч “дулааны шугам тавихаар төлөвлөж, зураг төсөл хийсэн, дулааны шугам суурилуулахаар шийдвэрлэсэн” захиргааны шийдвэр, үйл ажиллагааны талаар тухайлан маргахгүй /уг асуудлаар дараа жич маргана/ гэх тайлбар гаргасан болно.
3.5. Нэхэмжлэгчийн тухайд, барилгын зураг төслийн ажлыг захиалж, 2013 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар зураг төслийг гүйцэтгэсэн, ажлын хөлсийг төлсөн зэрэг үйл баримт нь уг хэргийн маргаан бүхий захирамж гарахаас өмнөх үйл баримт байх бөгөөд маргаан бүхий захирамжийн үндэслэлд шууд хамааралгүй, уг захирамжийн улмаас нэхэмжлэгчид шууд у*******сан хохирол гэж дүгнэх боломжгүй юм.
3.6. Мөн нэхэмжлэгчийн хашаанд байсан гэх 2 сүүдрэвчний тухайд, нэхэмжлэгч тухайн 2 сүүдрэвчийг хэзээ, хэн буулгасан, авч явсан гэх үйл баримтыг тодорхойлж чадаагүй /хэн авч явсныг мэдэхгүй, хэрвээ уг захирамж гараагүй, хашаа эвдэж ороогүй бол сүүдрэвч байх байсан гэх/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс дээрх үйл баримтыг тодруулахаар /нотлох баримт гаргуулах, гэрчийн мэдүүлэг авах зэрэг/ холбогдох ажиллагааг хийж гүйцэтгэсэн боловч нэхэмжлэгчийн тайлбар, үндэслэл хангалттай нотлогдоогүй бөгөөд сүүдрэвчний үнэлгээг бодитоор үнэлж ирүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
3.7. Түүнчлэн энэхүү шүүхийн шийдвэрийн өмнөх хэсэгт маргаан бүхий Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн А/246 дугаар захирамж илт хууль бус болохыг тогтоогдоогүй тул нэхэмжлэгчид түүний улмаас у*******сан хохирол гэж тайлбарлаж буй 10,000,000 (арван сая) төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэлээ.
3.8. Иймд дээрх үндэслэлээр маргаан бүхий Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн А/246 дугаар захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д заасан илт хууль бус байх шинжийг агуулаагүй, уг захирамжийн улмаас нэхэмжлэгчид хохирол у*******сан болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 3.9. Харин нэхэмжлэгч Монгол дээд сургуулийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдаж буй дулааны шугам суурилуулахаар төлөвлөсөн төлөвлөлт, гадна дулааны шугамын зураг төсөл, түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой эрх бүхий захиргааны шийдвэр, үйл ажиллагаа, эзэмших эрх бүхий газрыг зөвшөөрөлгүй ашигласан, эдгээртэй холбогдуулан хохирол у*******сан гэх асуудлынхаа хүрээнд тухайлан маргах эрхийг энэхүү шүүхийн шийдвэр хязгаарлаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006 он/-ийн 29 дүгээр зүйлийн 29.1.4 дэх хэсгийн “д”, 29.2 дахь хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 47 дугаар зүйлийн 47.1.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Монгол дээд сургуулиас Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн А/246 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгож, хохирол 10,000,000 (арван сая) төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦЭРЭНДЭЖИД
ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.ОДОНТУЯА