Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2021/01328

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Бар нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2021/01977 дугаар шийдвэртэй, Б.Бар нь Г.Эалд холбогдуулан 67,231,141 төгрөгийг, Б.Оа нь Г.Эалд холбогдуулан 61,000,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гомдлоор давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Оагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Зоригтбаатар, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл, хариуцагч Г.Эал, хариуцагчийн өмгөөлөгч Р.Булганаа, Ц.Батзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Бар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Эал нь анх 2017 онд Австралиас Geox брендийн гутлыг Монголд хямдралтай үнээр оруулж ирж зарахад нь 10,000,000 төгрөг хэрэгтэй байна, зээлээч гэхэд нь Б.Бар миний бие зөвшөөрч 2017 оны 01 сарын 04-ний өдөр 10,000,000 төгрөгийг хугацаагүйгээр Г.Эалд зээлүүлсэн. Үүнээс хойш Г.Эал нь 2017 ондоо Фабс эрдэнэ ХХК-ийг байгуулж Италиас Goex брендийн гутлын албан ёсны зөвшөөрлийг авч Монгол улсад оруулж ирэхэд нь 61,000,000 төгрөг буюу 21,000 еврог нэг жилийн хугацаатайгаар хүүгүй зээлдүүлсэн.

Миний бие тухайн үед 61,000,000 төгрөгийг Г.Эалд зээлэхдээ 2017 оны 12 сарын 08-ны өдөр өөрийн Хаан банкны 5076154571 тоот данснаас 41,000,000 төгрөгийг, өөрийн төрсөн дүү Б.Оагаас 20,000,000 төгрөгийг зээлж, Б.Оагийн Голомт банкны 1505101198 тоот данснаас тус тус Г.Эалын Хаан банкны 5114208029 тоот дансанд шилжүүлсэн. Г.Эал нь Geox брендийн гутлыг 21,000 евро буюу 61,000,000 төгрөгөөр зөвшөөрлийг нь аваад Италиас захиалан оруулж ирвэл 180,000,000 төгрөг болно. Өөрөөр хэлбэл 3/2 хувь нь ашиг болж үлдэх тул зээлсэн мөнгөө 1 жилийн дотор буцаан төлнө гэж ярьж байсан. Үүнээс хойш 2018 оны 10 сарын 15-ны өдөр 20,300,000 төгрөг, 10 сарын 21-ний өдөр 1,700,000 төгрөг,10 сарын 23-ны өдөр 6,000,000 төгрөг, 2019 оны 02 сарын 25-ны өдөр 1,000,000 төгрөг, нийт 29,000,000 төгрөгийг Г.Эал нь надаас дахин нэмж зээлсэн. 2019 оны 03 сард Г.Эал нь Итали руу зуны гутлын захиалга өгсөн, зуны гутлаа захиалан авахад 50,000,000 төгрөг хэрэгтэй гэхэд нь Баянхонгор аймагт байрлах өөрийн өмчлөлийн хоёр өрөө орон сууцыг 51,000,000 төгрөгөөр худалдан борлуулж 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Г.Эалын Хаан банкны 5114208029 тоот дансанд шилжүүлсэн.

Тухайн үед эд хөрөнгө худалдан борлуулсны татварт хоёр хувийн үнэ буюу 1,000,000 төгрөгийг би өөрөө гаргаж төлсөн. Надад хэрэглээний мөнгө гэж 3,000,000 төгрөгийг л өгсөн. Г.Эалтай 2019 оны 06 сард уулзахад бүх юм төлөвлөгөөний дагуу явж байгаа, 07 дугаар сарын 30-ны өдөр гэхэд төлчихнө гэж хэлсэн боловч төлөөгүй.

Б.Бар миний бие 151,000,000 төгрөгийг нэхэмжилж байсны 61,000,000 төгрөг нь хамтран нэхэмжлэгч Б.Оагийн мөнгөн хөрөнгө байсан, Б.Оа уг мөнгийг өөрөө нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын 61,000,000 төгрөгөөс татгалзаж, үлдсэн 90,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилнэ.

Г.Эалын 42,635,000 төгрөг төлсөн гэдэг, охин П.Сэржмядагийн гадаадад суралцаж байх хугацаандаа сургуулиа төгсөж ирээд буцаан төлөх нөхцөлөөр зээлдүүлсэн 19,866,140 төгрөгийг давхардуулан оруулсан байх тул 42,635,000 төгрөгөөс 19,866,140 төгрөгийг хасч 22,786,860 төгрөгийгн төлбөр үлдэнэ.

Иймд хариуцагч П.Сэржмядагаас татгалзаж, нэхэмжилсэн 90,000,000 төгрөгөөс 22,768,860 төгрөгийг хасч 67,231,141 төгрөгийг Г.Эалаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Оа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан гаргасан тайлбартаа: Б.Оа миний бие өөрийн Хаан банкны 5003473808 тоот данснаас 2017 оны 12 сарын 08-ны өдөр 41,000,000 төгрөгийг Б.Барт шилжүүлснийг ах маань тэр мөчид нь Г.Эалын Хаан банкны 5114208029 дансанд шилжүүлсэн. Мөн 2017 оны 12 сарын 08-ны өдөр Б.Оа би Голомт банкны 1201208484 тоот данснаас 20,000,000 төгрөгийг хариуцагч Г.Эалын Голомт банкны 1505101198 тоот данс руу нийтдээ 61,000,000 төгрөг шилжүүлсэн нь дансны хуулгаар нотлогддог. Иймд дээрх 61,000,000 төгрөгийг хариуцагч Г.Эал, П.Сэржмядаг нараас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч Б.Оа миний шилжүүлсэн 61,000,000 төгрөгийг хариуцагч Г.Эалын дансаар шилжүүлсэн тул хариуцагч П.Сэржмядагаас татгалзаж, нэхэмжлэлийн шаардлага 61,000,000 төгрөгийг хариуцагч Г.Эалаас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Г.Эал шүүхэд болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Бар нь надтай хамтын амьдралтай байхдаа эмчилгээнд минь тусалж буцалтгүйгээр санхүүгийн дэмжлэг тусламж үзүүлсэн мөнгө болон хамтын амьдралдаа зориулан хамтран хэрэглэсэн мөнгөө би залилуулчихлаа гэж гомдол гаргасанд маш их гайхаж байна. Түүнчлэн хамтран амьдрагчийн маань дүү Б.Цэцэгдэмбэрэл нь ахын минь амьдралыг хариуцлагатайгаар авч яваа, ахыг минь архи дарснаас хол байлгаж байгаад талархаад та хоёрынхоо амьдралд буцалтгүйгээр тусламж болгон санхүүгийн дэмжлэг үзүүлье гээд шилжүүлсэн мөнгөө залилуулсан гэдэг байдлаар шүүхэд гомдол гаргасныг огтхон ч ойлгохгүй байна. Миний хувьд дээрх хоёр хүнээс буцалтгүйгээр авсан хэдий ч тухайн мөнгөнөөс боломжоороо буцаан өгч байсан асуудал байдаг.

Б.Бартай хамт амьдарч байх хугацаанд н.Найдандорж гэдэг хүний байрыг 3 жил 3 сар түрээслэсэн. Түрээсийн төлбөр 1 сарын 500,000 төгрөг, 39 сарын нийт 19,500,000 төгрөг, байр ашиглалтын зардал дундажаар 1 сарын 70,000 төгрөг 39 сарын нийт 2,730,000 төгрөг, нийт 22,230,000 төгрөг болсон. Б.Барын Хаан банкны 5076154571 данс руу нийт 15,385,000 төгрөг, Б.Барын дүү Б.Түвшинбаатарын Хаан банкны 5031196614 тоот данс руу Б.Цэцэгдэмбэрэлд гээд 21,000,000 төгрөг, Хаан банкны 5099161626 тоот данс руу 2019 оны 11 сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөг, 2019 оны 12 сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөгийг тус тус хийж байсан. Б.Бар бэлнээр надаас цувуулж авсан мөнгө нь 2,000,000 төгрөг орчим, Б.Барын хоёр охинд Geox брэндийн гутал нийт 3,000,000 төгрөг, Б.Барт Geox брэндийн гутал 2,000,000 төгрөг, Австри улсаас миний охин Б.Барт Хюго босс савхин куртик 730 өвро буюу 2,403,000 төгрөг, Geox ботинк 130 евро буюу 429,000 төгрөг, өмд, ноосон цамц, срочконууд 200 евро буюу 660,000 төгрөг, Б.Барын бага охинд 3 удаа хувцас явуулсан нь нийт 500 евро буюу 1,650,000 төгрөг, нийт 12,142,000 төгрөг болсон. Мөн 2018 оны 10 сард багажтай ирж миний хөлсөлж байсан байрны хаалгыг эвдэлсэн. Хаалганы үнэ 800,000 төгрөгийг надаар төлүүлсөн, цоож солиулахад 250,000 төгрөгөөр сольсон. Б.Бар нь дүү Б.Цэцэгдэмбэрэлээс авсан 61,000,000 төгрөгийн 31,000,000 төгрөгийг чи төл, 30,000,000 төгрөгийг би төлнө гэж хэлж байсан. Б.Бар нь нийт 81,813,000 төгрөгийг бэлэн болон дансаар, мөн эд зүйлс авч байсан.

Нэхэмжлэгч нь хамтын амьдралтай байх хугацаандаа байнгын зодож дарамталж бэртээж гэмтээж байснаас үүдэлтэй баруун бөөрний хорт хавдартай болж 2020 оны 07 сарын 03-ны өдөр 3,6 см хавдараа авахуулсан.

Б.Бараас зээлсэн гэх 67,231,140 төгрөг, Б.Оагаас зээлдүүлсэн гэх 61,000,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Г.Эал миний бие Б.Бартай амьдарч байх хугацаанд түүний дүү нараас та хоёрынхоо амьдралыг дэмжье гээд буцалтгүй тусламж үзүүлсэн. Уг мөнгийг Б.Бар бид хоёр хамтын амьдралдаа хэрэглэсэн бөгөөд буцалтгүйгээр өгсөн мөнгөө хамтын амьдрал бүтэхгүй болсны дараа нэхэж, маш ихээр дарамталж байсантай холбогдуулан буцааж өгсөн нь маш том асуудал болж байна.

 

Б.Бар гүйлгээний утгаас үл хамаарч шилжүүлсэн мөнгө болгоноо зээл мэтээр тайлбарлаж байна. Би Б.Барын данс руу 15,385,000 төгрөгийг буцааж шилжүүлсэн. Б.Оагийн нэхэмжилж байгаа мөнгө нь бодит байдалдаа Б.Оагийн мөнгө биш, Б.Барын дүү Цэцэгдэмбэрэлийн мөнгө. Өөрөөр хэлбэл миний бие Б.Оагийн нэхээд байгаа мөнгөнөөс 41,000,000 төгрөгийг буцааж төлсөн. Б.Оа, Б.Бар, Г.Эал бидний хооронд буцаан авах нөхцөлтэй зээлийн харилцаа үүсээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч П.Сэржмядаг шүүхэд гаргасан тайлбартаа: Би 2013 оны 01 сараас 2019 оны 03 сар хүртэл Австри улсад суралцаж ажиллаж амьдарч байсан. Б.Бар гэдэг хүнийг би сургаар танихаас биечлэн сайн мэдэхгүй. Миний ээжтэй 2014 оны 09 сараас 2018 оны 06 сар хүртэл хамтран амьдарч байх хугацаандаа удаа дараа зодож, зүүн гарынх нь долоовор хурууг хугалж, үүдэн шүдийг нь хугалан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж доромжилж байсныг би маш олон удаа сонсож байсан. Миний ээж энэ хүчирхийлэл доромжлолоос болж сэтгэл санааны маш хүнд дарамтанд орж 2018 оны 05 сард сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад нь Б.Бар өөрөө хаяад нүүсэн.

 

Б.Бартай би ямар ч бизнес ярьж байгаагүй. Б.Барыг миний алдар нэр хүндэд халдсан гэж Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гомдол гарган шалгуулж байгаа болно. Нэхэмжлэгч Б.Оа нь намайг яагаад хариуцагчаар татаж байгаа талаар болон нэхэмжлэлийн шаардлага болох 61,000,000 төгрөгөөс надад холбогдуулан хэдэн төгрөг шаардаж байгаа талаарх үндэслэлээ тодорхой тайлбарлаагүй байна. Иймд надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дүгээр зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Эалаас 43,665,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Барт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 23,566,140 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Эалаас 61,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Оагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Барын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 607,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 305,050 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Улсын тэмдэгтийн хураамжийн данснаас гаргуулан нэхэмжлэгч Б.Барт буцаан олгож, нэхэмжлэгч Б.Оагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 462,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Эалаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 376,275 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Барт олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Бар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын нэхэмжлэлийн шаардлагаас 23,566,140 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч байна.

Тодруулбал 3,700,000 төгрөгийг хасаж шүүхэд нэхэмжлэл гаргасан байтал дахин давхардуулан уг мөнгөн хөрөнгийг хасаж тооцсон. Мөн Г.Эал нь 2014 он, 2015 онуудад Б.Бар надаас зээлсэн 19,860,140 төгрөг төлснийг буцаан төлсөн гэх мөнгөндөө давхардуулан тооцуулж оруулсан. Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ тооцооллын алдаа гаргасан, үнийн дүнг тооцоолохдоо буруу тооцоолсон нь бодит байдалд нийцэхгүй, үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангахгүй байна гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Оа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагч Г.Эал нь миний дүү болох Б.Цэцэгдэмбэрэлд өөрийн охин П.Сэржмядагтай хамтран гутал зардаг “Фабс” ХХК байгуулан бизнес эхлүүлэх талаар итгүүлэн надаас 2 удаагийн гүйлгээгээр 21,000 евро буюу тухайн үеийн ханшаар нийт 61,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатайгаар 2017 оны 12 сарын 08 өдөр зээлж авсан. Зээлсэн мөнгөнөөс хариуцагч Г.Эал нь 2019 оны 11 сарын 04 өдөр 5.000,000 төгрөг, 2019 оны 12 сарын 04 өдөр 5,000,000 төгрөгийг тус тус миний төрсөн дүү Б.Түвшинбаатарын дансаар дамжуулан надад шилжүүлсэн нь хэрэгт авагдсан дансны хуулгаар тогтоогддог. Одоогоор зээлдүүлсэн үндсэн мөнгө болох 61,000,000 төгрөгнөөс 10,000,000 төгрөг хүлээн авсан. Харин 51,000,000 төгрөг хариуцагч Г.Эалаас шаардсан.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Г.Эал, Б.Оа нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасныг баримтлан 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр шаардах эрх хэрэгжүүлэх хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь талууд хоорондоо анх тохиролцохдоо нэг жилийн хугацаатай буюу 2018 оны 12 сарын 08 өдөр зээлийн төлбөрийг хүү тооцолгүйгээр буцаан төлөх, зээлийг СЕОХ брэндийн гутлыг монголд оруулж ирэхэд зориулан санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар зээлдүүлсэн.

Зээлийг буцаан төлөх хугацааг зээлдэгч тал болох хариуцагч Г.Эал хэтрүүлсэн, тухайн зээлдүүлсэн мөнгийг төлөөгүйтэй холбоотойгоор Баянзүрх дүүргийн цагдаагийн 3-р хэлтэст 2020 оны 1 сард өөрийн ах Б.Батбааатартай хамтран Г.Эалд нийт 151,000,000 төгрөгт холбогдуулан өргөдөл гаргасан. Тухайн өргөдөлд Баянзүрх дүүргийн прокурорын газар 200600645 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж, 2020 оны 07 сарын 06 өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 4\970 тоот хариу мэдэгдэх хуудсаар гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн.

Улмаар Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч Г.Эалд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2020 оны 1 дүгээр сард Баянзүрх дүүргийн цагдаагийн 3-р хэлтэст анх гомдол гаргасан буюу эрүүгийн журмаар шалгуулсанаас хойш тухайн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн хугацаа болох 6 сарын хугацаанд тухайн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан. Тасалдсан хөөн хэлэлцэх хугацааг анхан шатны шүүх хэргийг шйидвэрлэхдээ хасаж тооцолгүй хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Хариуцагчийн зүгээс миний дүү Б.Түвшинбаатар, дүү Б.Цэцэгдэмбэрэл нарт зээлээ буцааж төлнө гэж амлаж бичсэн цахим мессэж, мессенжэр чатыг хэргийн материалд хавсарган өгснийг шүүхээс хэргийн оролцогч зохигчид биш учир хүлээн авах боломжгүй гэсэн. Тухайн цахим чатаар хариуцагч Г.Эалтай зээлийг буцаан төлөх талаар шаардаж байсан мессежүүд, зээлж аваад удаасан, удахгүй өгөх талаарх мессежүүд байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Г.Эал надаас 43.665.000 төгрөг гаргуулж Б.Барт олгохоор шийдвэрлэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүхээс Б.Бар, Г.Эал бид хоёрыг 2015.03 сараас 2018.06 сарыг хүртэл хамтын амьдралтай байсан болох нь тогтоогдож байна, нэхэмжлэгчээс хариуцагчийн данс руу шилжүүлсэн мөнгөнөөс зохигчид хамт амьдрах хугацаандаа хамт зарцуулж байсан гэж үзэх үндэслэлтэй байна гэж зөв дүгнэлт хийсэн атлаа хамгын амьдралдаа хэрэглэсэн мөнгөнөөс 43.665.000 төгрөгийг надаас гаргуулж хамтран амьдрагчид маань олгохоор шийдвэрлэсэн нь буруу.

Мөн шүүх “...хариуцагч Г.Эал нь нэхэмжпэгч Б.Бар мөнгийг буцаан авах нөхцөлгүйгээр түүний данс руу шилжүүлсэн гэх тайлбар гаргасан боловч хариуцагчийн тайлбар баримтаар тогтоогдоогүй, нэхэмжлэгч хариуцагчаас өгсөн мөнгөө буцаан шаардаж буй тохиолдолд нэхэмжлэгчийг хариуцагчид дээрх мөнгийг хариу төлбөргүй шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна” гэж дүгнээд байгаа нь үндэслэлгүй. Учир нь шүүхийн маргаанд талууд аль аль нь өөрийн тайлбараа баримтаар нотлох үүрэгтэй, тайлбар нь баримтаар тогтоогдох ёстой. Гэтэл хариуцагчийн тайлбар баримтаар тогтоогдоогүй гэсэн атлаа нэхэмжпэгчийн тайлбар баримтаар тогтоогдож байгаа эсэхэд огтхон ч дүгнэлт өгсөнгүй.

Иймд анхан шатны шүүхээс Г.Эал надаас 43.665.000 төгрөг гаргуулж Б.Барт олгохоор шийдвэрлэсэн хэсэгт дүгнэлт өгч уг 43.665.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Бар нь хариуцагч Г.Эалаас 40,000,000 төгрөг, хариуцагч П.Сэржмядагаас 50,000,000 төгрөг, нийт 90,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.Сэржмядагт холбогдох хэсгээс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа 22,768,860 төгрөгөөр багасгаж, 67,231,140 төгрөгийг хариуцагч Г.Эалаас,

нэхэмжлэгч Б.Оа нь хариуцагч Г.Эал, П.Сэржмядагт холбогдуулан 61,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.Сэржмядагт холбогдох хэсгээс татгалзаж тус тус нэхэмжлэл гаргасныг хариуцагч Г.Эал эс зөвшөөрч маргажээ.

 

 “Голомт банк” ХХК дахь түүний эзэмшлийн 1505101198 тоот дансны 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацааны хуулгаас үзвэл Б.Бар нь 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 1,300,000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 800,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарн 04-ний өдөр 270,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 1,730,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 450,000 төгрөг,

мөн “Хаан банк” ХХК дахь Г.Энхжаргалын эзэмшлийн 5114208029 тоот дансны 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ны өдөр хүртэлх хугацааны хуулгаас үзвэл Б.Бар нь 2015 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 300,000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 100,000 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 1,900,000 төгрөг, 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 100,000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 10,500,000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 200,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 20,000,000 төгрөг, 208 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 300,000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 6,000,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 50,000,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 3,700,000 төгрөг, 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 1,000 төгрөгийг, нийт 102,651,000 төгрөгийг тус тус Г.Энхжаргалд шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. /1хх114-187, 1хх108-113, 2хх1-118/

 

Нэхэмжлэгч Б.Бар нь хариуцагч Г.Эалын 90,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан бөгөөд Г.Эалын охин П.Сэржмядагт шилжүүлсэн 19,866,140 төгрөг, Г.Эалд 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр шилжүүлсэн 3,700,000 төгрөг, нийт 22,768,860 төгрөгийг хасч тооцон 67,231,140 /90,000,000-22,768,860/ төгрөгийг Г.Эалаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ. /2хх230/

 

Хариуцагч Г.Эал нь өөрийн дансаар хүлээн авсан мөнгөн хөрөнгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Барт буцаан төлөх үүрэгтэй юм.

 

“Хаан банк” ХХК дахь Б.Барын эзэмшлийн 5076154571 тоот дансны хуулга болон Г.Эндэнэжаргалын эзэмшлийн 5114208029 тоот дансны хуулгыг харьцуулан үзвэл Г.Эал нь 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 500,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 30,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 700,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 500,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 800,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 200,000 төгрөг, 2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 300,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 1,600,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 50,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 1,200,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 80,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 1,350,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 250,000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 500,000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 500,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 800,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 800,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр 800,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 1,000,000 төгрөг, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 900,000 төгрөг, нийт 15,260,000 төгрөгийг Б.Барт буцаан шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. /1хх114-187, 1хх108-113, 2хх1-118/

 

Иймд Б.Барын нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 67,231,140 төгрөгөөс хариуцагч Г.Эалын буцаан шилжүүлсэн 15,260,000 төгрөгийг хасч 51,971,140 /67,231,140-15,260,000/ төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Г.Эал нь Б.Бартай хамтын амьдралтай байх хугацаанд орон сууцны түрээс, ашиглалтын зардалд 22,230,000 төгрөгийг зарцуулсан, Б.Барт дансаар 15,385,000 төгрөг шилжүүлсэн, дүү Б.Түвшинбаатарын данс руу 21,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг, 5,000,000 төгрөг, нийт 31,000,000 төгрөг шилжүүлсэн, Б.Бар болон түүний охинд 12,142,000 төгрөгийн эд зүйл худалдан авч өгсөн, түрээсийн байрны хаалганы үнэ 800,000 төгрөг, цоож солиулахад 250,000 төгрөгийг тус тус зарцуулсан ба уг мөнгөн хөрөнгийг нэхэмжлэлээс хасч тооцох учиртай гэж маргаж байх боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй болно.

 

Б.Оа нь 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 20,000,000 төгрөгийг, мөн өдөр “Хаан банк” ХХК дахь Б.Барын эзэмшлийн 5076154571 тоот дансаар дамжуулан 41,000,000 төгрөг, нийт 61,000,000 төгрөгийг Г.Эалд шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. /1хх7, 1хх12/

 

Хариуцагч Г.Эал нь уг мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авсан талаар маргаагүй боловч Б.Барын амьдралд нь тусламж болгон шилжүүлсэн, уг мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүрэг хүлээгээгүй гэх тайлбараа тэрээр баримтаар нотлоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Харин анхан шатны шүүх Б.Оа, Г.Эал нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж, мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил бөгөөд нэхэмжлэгч Б.Оа нь 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр зээлдүүлсэн мөнгийг буцаан шаардах хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр дууссан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Иймд Г.Эалаас 61,000,000 төгрөгийг гаргуулж Б.Оад олгож шийдвэрлэхдээ төлөгдсөн 10,000,000 төгрөгийг хасч тооцвол 51,000,000 төгрөг болж байна. Шаардах эрхийн үндэслэл нь талуудын хооронд гэрээний үүрэг үүсээгүй тул өгсөн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т хамаарна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2021/01977 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1, 2 дахь заалтыг нэгтгэж 1 гэж дугаарлаж, “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар Г.Эалаас 51,000,000 төгрөгийг гаргуулж Б.Оад олгож, Г.Эалаас 51,971,140 төгрөгийг гаргуулж Б.Барт олгож, нэхэмжлэлээс 15,260,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж,

2 дахь заалтын “нэхэмжлэгч Б.Оагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 462,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж” гэсний дараа “ хариуцагч Г.Эалаас 462,950 төгрөгийг гаргуулж Б.Оад олгож” гэж нэмж “376,275 төгрөгийг” гэснийг “417,806 төгрөгийг” гэж өөрчилж,

“3” гэж дугаарласныг “2” гэж, “4” гэж дугаарласныг “3” гэж, “5” гэж дугаарласныг “4” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Б.Барын төлсөн 275,800 төгрөгийг, нэхэмжлэгч Б.Оагийн төлсөн 462,950 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгож, мөн хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 376,275 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                          ШҮҮГЧИД                                Ш.ОЮУНХАНД

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА