Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 256

 

 

 

 

 

 

 

 

2018             3             22                                              256

 

 

                            

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,

улсын яллагч М.Амарзаяа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Х-, өмгөөлөгч Б.Бадраа,

шүүгдэгч П.Г-, өмгөөлөгч Г.Хандсүрэн, С.Сүхболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт П.Г-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201626012505 дугаар 2 хавтас эрүүгийн хэргийг 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .......... Х овогт П-ийн Г /РД:............/.

Яллагдагч П.Г- нь хамтран амьдрагч Б.А-г 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, .......тоотод зодож бие махбодид нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 10 дугаар сарын 26-ны өглөө дүүгийн ажил уруу явсан. А- унтаад үлдсэн. 12 цагийн үед ирэхэд А- байхгүй байсан. 17 цагийн үед ирсэн. Дүү хоол оруулж ирэхээр нь А-г хоол ид гэхэд идэхгүй, бөөлжих гээд байна гэсэн. Намайг хоолоо ширээн дээр тавих хооронд гараас мултраад унаж баруун шанаа нь шалбарсан. Тэгээд би шээстэй дэвсгэрийг нь гаргасан. Би А-г цохиж зодоогүй. Нуурын тэндээс ирлээ гэж орж ирсэн. Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Х- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр 22 цаг болж байхад нагац ах А.р- залгаад “Ээж чинь Г-ынд 2 хоног ухаангүй хэвтэж байна, очоодох” гэхээр нь би очсон. Намайг очиход гаднаас нь цоожилсон байсан. Г- орон дээр, ээж газар орондоо шээчихсэн, бие нь хөрчихсөн хэвтэж байсан. Осголтын байдалтай байна гэж Гэмтлийн эмч нар хэлсэн. 27-нд хагалгаанд орсон. 10934904 төгрөгийн баримттай зардал гарсан. Баримтгүй зардал их байгаа. Одоо зүрхнээс бусад эрхтэнүүд нь ажиллахгүй байгаа. Сэтгэл хөдлөл байхгүй, амьд үхдэлтэй л байгаа юм шиг байгаа. Нуурын тэрүүгээр ээжид танил хүн байхгүй, түүгээр явдаггүй” гэв.

Эрүүгийн 201626012505 дугаар хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Х-гийн: “...Б.А- нь миний төрсөн эх. Ээж 4-5 жилийн өмнөөс Г- гэх хүнтэй Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороонд хамтран амьдарч байгаа. 2016 оны 10 дугаар сарын 26-ны 22 цагийн үед нагац ах А.р- над руу залгаад “Г-ын хүүхэд нь залгаж байна ээжийг чинь 2 хоног ухаангүй байна, хоол унд ч идэхгүй байдалтай байна" гэхээр нь би Г-ын хүү О- гэх залуу руу залгаад юу болсон талаар асуухад “танай ээж чинь 2 хоног гэрт хэвтлээ, Нуурын тэнд хүнд зодуулсан гэж байсан” гэх зүйл ярьсан. Тэгэхээр нь би Г-ынд очиход ...ээж шалан дээр дэвссэн гудсан дээр нимгэн даавуу нөмөрсөн байдалтай, зөвхөн дотуур хувцастай, /хөхний даруулга, дотоож/ ухаангүй байдалтай байсан. Мөн гудсан дээр шээсэн байсан. Харин Г- орон дээрээ унтаж байсан. Тухайн үед Г-ын хүү О- ээж болон Г-ыг гаднаас нь түгжсэн байсан. О- гэх залуу надад “ээж чинь 2 хоног хэвтсэн, ээж чинь согтуу юм шиг байна лээ, эмнэлэг согтуу хүн авахгүй гэсэн, тийм болохоор маргааш л түргэн дууддаг юм бил үү” гэхээр нь би аав “чинь яасан юм” гэхэд “аав өдөр ээжийг чинь дагуулж гараад архи аваад өгсөн юм шиг байна лээ” гэж байсан. Эмч нар ээжийг үзээд “тархинд нь их цус хурсан байна, яаралтай мэс засалд орно” гэж хэлсэн. Ээж одоо хүртэл ухаан ороогүй, эмч нар “хагалгаа амжилттай болох үгүйг мэдэхгүй байна, хагалгаа дийлэхгүй нас барж магадгүй бэлтгэлтэй байгаарай” гэж хэлсэн. Ээжийн зүүн чих, эрүү хэсэг, хоёр гарын шуу, хөл зэрэг нь битүү хөхөрч няцарсан байдалтай байсан. Би түүнийг сэрээх гэсэн боловч сэрэхгүй байсан. О- гэх залуу ээжийг аавтай нь архи уусан гэж хэлсэн боловч ээжээс архи, дарс ерөөсөө үнэртэхгүй байсан. Ээжийн хувцас энд тэндгүй байхаар нь би О-той нийлж хувцсыг нь өмсүүлээд өргөөд гаргасан. Манай ээж Г- гэх хүнтэй нийлснээс хойш архи байнга хэрэглэдэг болсон. Мөн заримдаа бие нь хөхөрч, няцарсан байдалтай ирээд явдаг байсан. Бид нар ээжээс Г- зодсон юм уу гэж асуухад унасан юм гэж хэлдэг байсан. 2016 оны 5 дугаар сард байх ээж утсаар яриад “ээжийг нь алах гээд байна” гэхээр нь Г-ынд намайг очиход ээж А-, Г- нар нь хоёулаа согтуу байдалтай гэртээ байсан. Тухайн үед ээжийг аваад явах гэхэд Г- нь над руу элдвээр хараагаад “золбин ээжийгээ аваад зайл” гээд намайг зодох гээд дайраад байсан. Г- гэх хүнийг их агсам зантай хүн байна гэж би бодсон. Манай ээж 10 гаруй хоногийн өмнө манай гэрт ирээд усанд ороод явсан. Тухайн үед ээжийн нуруу, ууц нь хөхөрсөн харагдсан, асуухад унасан гэж хэлсэн байсан. Тэгэхэд ээжийн нүүр, чих хөхрөөгүй зүгээр байсан. Г- гэх хүн ээжийг зодсон байх, би гомдолтой байна.

....Г-ын гэрийн гэрэл их бүдэг байсан, ээжийн хувцсыг өмсгөж байхад зүүн талын шанаа зулгарчихсан, доод эрүүнээс хүзүү хүртлээ хөхөрчихсөн, эгэмний орчим маажчихсан юм шиг зураас гарсан, баруун талын чихний дэлбэн дотогшоо нүх хүртэл хөхөрчихсөн. Цээжин хэсгээрээ хөхөрчихсөн, ар нуруу нь цээжний хөхөрснийхөө харалдаа бас хөхөрсөн байсан. Зүүн талын гарын сарвууны арьс гадна талдаа нилээн гүнзгий зулгарсан байсан. Ямар ч байсан аль хөл нь билээ санахгүй байна энд тэндээ хөхөрчихсөн байсан. Манай ээжид  дээрх ил харагдах гэмтлүүдтэй байсан. О-ын ярьснаар хоёр хоног ээжийг ухаангүй байхад түргэн дуудаагүй байгаад гомдолтой байна. Бид нарт эртхэн хэлсэн бол эмнэлэгт эрт үзүүлж эмчилгээ хийлгэж түргэн эдгэх байсан. Гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...

...Гэмтлийн эмнэлгээс гаргаад “Манал Оточ” гэмтэл сэргээн засах, тархи мэдрэлийн хувийн эмнэгт 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хэвтүүлээд эмчилгээ хийлгэсэн. Г-ын хүү О- 2017 оны 7 дугаар сарын 22-ны өдөр эмчилгээний зардал гэж 500000 төгрөгийг данс руу шилжүүлсэн. Ээжийн биеийн байдал хэвэндээ, хэвтэрт байгаа, юм ярьж чадахгүй, зүүн гар нь хааяа нэг хөдөлдөг, бусад гар хөл нь хөдөлгөөнгүй. Эмч нар тэгнэ, ингэнэ гэж хэлэхгүй байгаа. Одоогоор тогтсон эмчилгээ байхгүй. Одоо эмчилгээнд 10 сая гаруй төгрөг ...зарцуулсан. Ээж маань 2017 он гаргаад л нүдээ нээсэн. Гэхдээ одоог хүртэл нүдээ анивчихаас өөр ямар ч үйлдэл хийх чадваргүй, хүний яриа ойлгохгүй асаргаанд байгаа...” гэх мэдүүлэг /1хх-16-17,19, 20, 172, 2хх-52-53/,

Гэрч Б-гийн: “...Г- ах гадны хүн гэртээ авчраад байдаггүй. Би А- гэх эмэгтэйг хэзээ ирснийг мэдэхгүй. Өчигдөр буюу 2016 оны 10 сарын 26-ны орой намайг дэлгүүр рүү гарах гэж байхад манай зүүн талын хашаанд Г-ын хүргэн Б- гэх хүн “Энэ Г-ынд А- нь эрүү хөхөрсөн, царай нь цонхийгоод нэг л сонин харагдаад байна, түргэн дуудах уу?” гэхээр нь би дэлгүүр явах гэж байсан тул манай нөхөрт хэлчих гэж хэлчихээд явсан. Тэгээд А-гийн охин нь ирээд ээжийгээ аваад явсан. Би Г- ахын гэрт нь ерөөсөө ороогүй. Миний мэдэхээр Г- болон А-гийн хооронд муудалцсан болон зодолдсон зүйл байдаггүй. Намайг байхгүй үед яаж байсныг би мэдэхгүй байна. 2016 оны 2 дугаар сарын 26-ны орой 18 цагийн үед гэртээ ирж байхад гудамжинд байдаг дэлгүүрийн гадаа Г- ах ганцаараа согтуу зогсож байгаа харагдсан. А- нь ирэхээрээ л Г- ахтай нийлээд 2-3 хоног архи уучихдаг. Бодвол А- нь мөнгөтэй ирдэг юм шиг байгаа юм. А- мөнгөө дуусахаар яваад өгнө, тэгээд удалгүй буцаж ирээд хамт архи уугаад байдаг...” гэх мэдүүлэг /1хх-21/,

Насанд хүрээгүй гэрч О.Агийн: “...Өчигдөр 2016 оны 10 дугаар сарын 26-ны өглөө, цагийг нь мэдэхгүй байна, манай ээж Баяраа Г- ахынд хоол оруулаад ир гэхээр нь би Ганбаа ахынд ороход Ганбаа ах орон дээрээ суучихсан. Харин А- гэдэг эгч газар хивсэн дээр нь хэвтэж байсан. Ганбаа ах намайг хоол оруулж өгөхөд “ах нь өөрөө орох гэж байсан. Тэгээд би гараад явсан. Г- ах эрүүл байсан. Харин А- эгч газар хивсэн дээр унтаж байсан ба дээгүүр нь хөнжил нөмөрсөн байсан. Миний мэдэж байгаагаар гадны хүн ирээгүй. 13 цагаас 18 цагийн хооронд би хичээлтэй байдаг...” гэх мэдүүлэг /1хх-22/,

Гэрч Г.О-ын: “...Манай аав Г- ганцаараа амьдардаг бөгөөд А- гэх эмэгтэй ирэн очин байдаг. 2016 оны 10 дугаар сарын 26-ны орой 21 цаг өнгөрч байхад О- ах над руу яриад “аав чинь согтуу байна, А- эгч чинь ирсэн, зодуулсан ирсэн хаашаа юм, ерөөсөө босохгүй, хоол унд ч идэхгүй байна” гэхээр нь би аавынд очсон. Намайг аавынд очиход А- гэх эмэгтэй нь шалан дээр байдаг гудсан дээр хөнжил нөмөрсөн байдалтай хэвтэж байсан. Харин манай аав халамцуу байдалтай хэвтэж байсан. “Унтах гэхээр ор нойтон, нэл шээс” гэсэн зүйл ярьж байсан. Намайг ааваас “та яасан юм, хүн амьтан зодсон юм биш биз дээ” гэхэд аав “А- 2 хоногийн өмнө Нуурнаас ирсэн. Өөрөө орж ирэхдээ л зодуулсан унасан гэж байсан” гэсэн зүйл ярьж байсан. Би А-гийн дүү рүү залгаж болсон зүйлийн талаар хэлсэн. Удалгүй охин нь ирээд аваад явсан. Аав А- гэх хүнтэй нийлэхээрээ л нэлээд хэд хоног архи уучихдаг. Би хамгийн сүүлд 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр би 12 цаг өнгөрч байхад хүүхдээ үлдээхээр тэднийхээр очиход аав О-ынд зурагт үзээд О-ын эхнэр Б-тай хамт сууж байсан. Тухайн үед би аавын гэрээр ороогүй, аав эрүүл байсан. Г-, А- хоёрын хоорондоо ямар харилцаатай болохыг сайн мэдэхгүй. А- гэх эмэгтэй өөрөө аавынхаар ирээд байдаг. Би уг нь аавыгаа тэр хүнтэй битгий нийлээсэй гэж боддог. Энэ хоёр нийлэхээрээ архи уугаад байдаг.

...Тэгээд дүүд нь “А- эгч хоёр хоног хоол идээгүй гэнэ яах бэ, 103 дуудах уу, яах бэ” гэхэд өөдөөс А- эгчийн дүү нь гэх эмэгтэй надад “наад хүн чинь үхчихээгүй юм уу” гэхээр нь “үхээгүй нь ч үхээгүй байна, жаахан архи үнэртээд байна, би өглөө түргэн дуудаад өгөх гэсэн. Тэгээд би тэр хоёрыг гараад явчихаж магадгүй гэж бодоод аавынхыг гаднаас нь түгжчихээд нэг хашаанд байх О- ахынд орсон. Би аавын гэрийн түлхүүрийг аваад онгойлгож өгөхөд А-гийн охин нь надаас “чи яагаад гаднаас нь цоожилсон юм бэ” гэхээр нь “энэ хоёр согтуу хоёулангаас нь архи үнэртээд байна, гараад явчих болов уу гэж бодоод гаднаас нь цоожилсон юм” гэсэн. ...А- эгчийн охин газар гудсан дээр хөнжил нөмөрчихсөн унтаж байсан А- эгчийн хувцсыг өмсгөх гээд хөнжлийг нь сөхөхөд А- эгч хөхөвч, турсинктэй унтаж байсан. Намайг А- эгчийн хувцсыг өмсгөж байх үед “ммм ммм” гээд байсан юм яриагүй. ...доод эрүү нь хөхөрсөн, зүүн шанаа нь хавдаад зулгарсан байсан. Өөр нүдэнд ажиглагдахаар гэмтэл би анзааргүй. Хашааны гадаа байсан машины жолооч бууж ирээд ...машины арын суудалд хэвтээгээр нь тавьсан. ...А- эгчийг гэрээс авч гарах үед аав орон дээрээ хувцастайгаа, дээгүүрээ юм нөмөрчихсөн атиралдаад унтаж байсан, ерөөсөө сэрээгүй. ...А- эгчийг хоёр хоног хоол идээгүй талаар О- ах надтай утсаар ярихдаа тийм юм ярихаар нь л би охинд нь тэрийг хэлсэн. Тэрнээс биш үзэж харсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-24/,

Гэрч Д.Б-ийн: “...Би 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн орой 21 цагийн орчим байх Г- ахаас юм асуух гээд ороход Г- ах гэрийн орны хажууд А- нь хөнжил нөмрөөд дээшээ харсан байдалтай хэвтэж байгаа харагдсан. Харин Г- ах орон дээрээ сууж байсан. ...толгой нь хөнжлөөсөө цухуйчихсан байдалтай байсан бөгөөд А-гийн эрүү орчим нь хөх няц болсон, мөн баруун чамархай орчим зулгарсан байдалтай унтаж байгаа харагдсан. Б- гарч байхтай нь таараад түүнд “Г- ахынд А- нь нэг л эвгүй болчихжээ, түргэн дуудахгүй бол биш болчихсон юм шиг байна” гэхэд Б- нь “би гадагшаа гарч байна, О-т ороод хэлчих” гэхээр нь би О-ын гэрт нь ороод дээрх зүйлийг хэлэхэд О- Г- ахынх руу орчихоод буцаж ирээд Г- ахын хүү О- руу утсаар ярьж байсан. Тэгээд О- ирээд А- гэх эмэгтэйн хүүхэд рүү ярьж тэр хүүхэд нь ирээд ээжийгээ аваад явсан. Тухайн үед А- нь газар эрүү нь хөхөрсөн, зүүн чамархай нь зулгарсан, царай нь цонхийгоод нэг л эвгүй харагдсан.

Намайг тэр өдрийн өмнөх өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үдээс хойш 15 цагийн орчим байх Г- ахынх руу ороход Г- ах мөн л согтуу, А- мөн л 2016 оны 10 сарын 26-ны өдөр намайг ороход ямар байдалтай байсан тийм байдлаар газар хөнжил нөмөрсөн хэвтэж байсан. Гэхдээ тухайн үедээ бол А- толгой дээгүүрээ хөнжил нөмөрсөн байдалтай, харин үс нь хөнжилнөөсөө цухуйсан харагдсан. Би 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Г- ахынд ороход Г- ах халамцуу байдалтай байсан ба “А- согтуу унтаж байгаа” гэж хэлж байсан. Тэгээд л маргааш нь Г- ахынд ороход мөн л А- нь газар хэвтэж байсан болохоор А- нь 2 өдөр л ийм байдалтай хэвтэж байгаа юм байна гэж ойлгосон. Тийм ч болохоор А- босохгүй 2 өдөр хэвтэж байгаа гэж О-д хэлсэн. ...Би уг 2 хүнийг муудалцаад зодолдоод байхыг хараагүй...” гэх мэдүүлэг /1хх-27-28/,

Гэрч П.О-ын: “...2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр орой 21 цагийн орчим намайг ажлаа тараад гэртээ ирээд байж байхад хүргэн ах Б- манайд орж ирээд надад “гараад ирээч, энэ А- нэг л сонин болсон байна, түргэн дуудах уу, ах дүү нарынх нь утас нь байдаг юм уу” гэхээр нь би гэрээсээ гарч Г- ахынх руу ороход тэднийд А- эгч орны өмнүүр гудас тавиад хөнжил нөмрөөд хэвтсэн, эрүү хэсгээр нь хөхөрсөн байдалтай байсан. Харин Г- ах гэрийнхээ сандал дээр суучихсан нэлээн согтуу байдалтай байсан. ...би А- эгчээс дүү нарынх нь утсыг асуухад А- эгч хэлэхгүй, харин ойлгомжгүй авиа гаргаад байсан. Тэгэхээр нь би ямар ч байсан О-ыг А-гийн дүү, ар гэрийнхнийх утасны дугаарыг мэдэж магадгүй гээд түүнийг дуудсан. Харин 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр би түлээний мод авчрах гээд өглөө 09 цаг өнгөрч байхад Г- ахын цонхыг нь тогшиход Г- ах гэрээсээ эрүүл гараад ирсэн. Тэр үед би тэдний гэрт ороогүй болохоор А- байсан эсэхийг мэдэхгүй. Тэр хоёрыг хоорондоо зодолдож, цохилцож байхыг би лав хараагүй. А-г Г- ахын гэрээс гаргаж машинд оруулах үед нь А-гийн хөлнөөс өргөлцөж өгсөн. Би 2016 оны 10 дугаар сарын 26-ны орой Б- ахаас А-г эвгүй болчихсон байна гэхэд нь Г- ахынд ороход Г- ах нэлээн согтуу байдалтай цэрэг, арми яриад сууж байсан...” гэх мэдүүлэг /1хх-30-31/,

Гэрч Б.А.р-ын: “...Би А- эгчийг архи уугаад алга болчихоор нь араас нь зөндөө хайж сураглаж явдаг байсан. Эгч маань ихэвчлэн Г-ынд байж байдаг, заримдаа бол 105 дугаар сургуулийн орчмоор архи уугаад байж байдаг байсан. Миний мэдэхээр Нуур орчим А- эгч тийшээ яваад байсныг нь мэдэхгүй. Тэнд очдог айл амьтан байхгүй. ...Г- гэх залуу нь өмнө манай эгчийг хэд хэдэн удаа зодож нүдэж байсан , энэ талаар би өмнө өгсөн мэдүүлэгтээ хэлсэн. Дээрээс нь хэлэхэд Г- нь ухаангүй, хүнд байдалтай байгаа хүнийг гэртээ хоёр хоног байлгасан байгаа юм, хэрвээ хүнд зодуулаад ирсэн юм бол яагаад эмнэлэгт хандахгүй, хүнээс нуугаад гэртээ байлгаад байсныг ойлгохгүй байна...” гэх мэдүүлэг /2хх-57/,

Гэрч Ц.Г-ын: “Тухайн үед би ГССҮТ-д тархи, нуруу нугасны зөвлөх эмчээр ажиллаж байсан. А- нь 2016 оны 10 сарын 27-ны өдөр бусдад зодуулсан гэх, ухаангүй, биеийн байдал маш хүнд байдалтай ирж хэвтэж байсан. 2016 оны 10 сарын 27-нд тархины компьютер томографийн шинжилгээ хийхэд тархины баруун талын хатуу хальсан доорхи битүү цус хуралттай, мөн зөөлөн эдийн няцралт, тархинд цус харвалт гэмтэлтэй амь насны заалттай /амь насанд аюултай/ байсан тул амь насыг аврах зорилгоор хагалгаа хийх шийдвэр гаргаж байсан. Тухайн хүнд би тархины хагалгаа хийхэд 150 грамм орчим цус авсан. Хагалгааны явцад тархины судаснуудыг дэлгэсэн юм шиг харах боломжгүй, битүү цус байдаг, тиймээс яг тэр судас гэмтсэн гээд хэлэх боломжгүй юм. 150 грамм буюу ийм их хэмжээний цус тархины дунд артерын судас гэмтсэнээс гарч болно. Харин бусад тархины жижиг судаснууд хагарч гэмтснээс их хэмжээний цус гарах нь бага байдаг. Тухайн судас ямар хэмжээгээр, хэрхэн гэмтснээс л хамаарах юм. Бага хэмжээгээр шүүрээд явсан ч байж болно, эсвэл судас тасраад газар дээрээ ухаан алдаж ч болох юм. Энэ нь тухайн хүнийхээ гэмтлээс шалтгаална. Онолын хувьд 45 граммаас дээш хэмжээтэй цус шүүрсэн тохиолдолд тархи дарагдаж, хүн ухаан алдах зэрэг шинж үүсдэг. Гэхдээ гэмтэл авснаас хойш ямар хугацаанд яваад, ухаантай байгаад байхыг бас л хэлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл цус шүүрэх хэмжээнээс шалтгаална. Тэр цус хурах хүртэл ямар хугацаа зарцуулсныг мэдэх боломжгүй...” гэх мэдүүлэг /2хх-59-60/,

Гэрч А.Э-ын: “...Тухайн дуудлагаар очиж байсан. Гэхдээ би тэр үеийн асуудлыг сайн санахгүй байна. Манай хэлтэс хохирогч холбогдогчийн зургийг авч рапортонд тусгадаг. Жижүүрийн бүрэлдэхүүн хохирогчийн зургийг авч рапортонд оруулсан, гэхдээ файл хэлбэрээр хадгалаад байдаггүй. Тэр зураг нь рапортон дээр архивлагдаад хадгалагдсан байх. Тухайн үед А- ямар ч байсан ухаангүй, мэдүүлэг өгөх чадваргүй байсан. Би А- гэх хүний амьдардаг хаягаар очиход түүний хамтран амьдрагч гэх хүн согтуу байсныг хэлтэс дээр авчирч байсан. Өөр санаж байгаа зүйл алга” гэх мэдүүлэг /2хх-55/,

Гэрч Ц.Б--ийн: “...Г-тай “Арвижих” дэлгүүрийн гадна таарсан. “А- хаа байгаа вэ” гэхэд Г- “чишш” гээд А- гэртээ байгаа гэсэн. Дэлгүүр ороход дэлгүүрийн эзэн Уртаа болон Дээгий гээд залуу байсан. Дээгий өнөөдөр миний төрсөн өдөр, Солонгосоос ээж 100 доллар явуулсан гэсэн...” гэх мэдүүлэг /1хх-62-63/,

Гэрч Н.Д-ын: “...2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 19-20 цагийн үед “Арвижих” дэлгүүрт Уртаа эгчтэй уулзаж байхад Боль гуайтай тааралдсан. Миний төрсөн өдөр 10 дугаар сарын 27-ны өдөр болдог учир сайн санаж байна...” гэх мэдүүлэг /1хх-64/,

Гэрч Х.Э-ын: “2016 оны 10 дугаар сарын 27-ны 00 цаг 50 минутад манай тасагт Б.А- гэх эмэгтэй ухаангүй, орчиндоо харьцаагүй, цочрол мэдрэх төдий бүх бие нь хүйтэн осголтын байдалтай хүргэгдэн ирсэн. Тархинд нь цусан хураа байсан тул тархи дарагдалтыг чөлөөлж цусан хурааг авах хагалгаа хийгдсэн. “Хаанаас ирсэн, гудамжнаас ирсэн юм уу” гэж асуусан. Биеийн температур 32-33 хэм байсан болохоор гадаа осгосон хүн байх гэж тухайн үед асуусан байх...” гэх мэдүүлэг /1хх-67, 2хх-61-62/,   

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2016.10.28-ны өдрийн 14813 дугаар үзлэгийн дүгнэлтэд: “1.Б.А-гийн биед баруун чамархайн хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, доод эрүүнийн цус хуралт, зүүн шанааны арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн. 3.Шүүх эмнэлгийн ...журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх нь эдгэрэлтээс шалтгаална” гэжээ /1хх-71/,  

Шинжээч Ж.Г-ийн: “Б.А-г үзэхэд хохирогч ухаангүй, ямар ч харьцаагүй, хагалгаанд орсон, ил харагдах доод эрүүнд цус хуралттай, зүүн шанаанд зулгаралттай байсан. Өөр гэмтэл ажиглагдаагүй. А- нь эмнэлэгт ирээд хоёр хоносон байсан учир эр бэлгийн эс илрэх боломжгүй байсан. Энэ гэмтлийг авсан хүн тархины судас хагарч, цус шүүрч, цусан бүлэн үүсэж тархи дарагдах хүртлээ үйл хөдөлгөөн хийх, ярих зэрэг үйл хөдлөл хийнэ. Хугацаа харилцан адилгүй, тархины ямар судас хагарснаас шалтгаална. Дээрх гэмтлийг хэзээ авсныг тогтоох боломжгүй. Дээрх гэмтлийг аваад хүн хэд хоног ч явах боломжтой” гэх мэдүүлэг /1хх-72/,

Хэргийн материалиар хийсэн шүүх эмнэлгийн 2018.01.10-ны өдрийн 40 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Урьд гарсан хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 14813 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. 2.3.Б.А-гийн биед учирсан тархины аксоны тархмал гэмтэц, тархины баруун чамархай хэсгийн хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн духны дэлбэнгийн эд дэх цус хуралт, тархины эдийн няцрал гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 удаагийн үйлдлээр толгойн хэсэгт хүч үйлчилснээс үүснэ. Хүч үйлчилсэн чиглэлийг нарийвчлан тогтоох боломжгүй. 5.Дээрх гэмтэл нь өвчний улмаас үүсэхгүй. 6.7.8.Хүн толгойндоо гэмтэл авснаас хойш тархины хатуу хальсны доор цус хурж, уг цус хуралтын хэмжээ аажмаар нэмэгдэн тархийг дарж гэмтлийн шинж тэмдэг /ухаан алдах/ өгөх хүртэл үйлдэл хөдөлгөөн хийж, хүнтэй харилцан ярилцах боломжтой ба энэ хугацаа нь хүн бүрт харилцан адилгүй байдаг боловч тухайн хүнд учирсан гэмтлээс үзэхэд үйл хөдлөл хийх боломжгүй байна” гэжээ /2хх-71-73/,

Шинжээч Ц.Э-ын: “Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Б.А-гийн биед үүссэн тархины аксоны тархсан гэмтэц-гэмтлийн үед үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй байдаг. Учир нь уг аксон нь тархинаас нугас, эд эрхтэнд мэдрэлийн сэрлийг дамжуулж байдаг. Гэмтлийн улмаас уг сэрэл дамжихгүй байдаг тул ямар нэг үйл хөдлөл, алхах, явах зэрэг үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй байдаг. Тархины баруун чамархай хэсгийн бүрхүүлийн доорх цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн духны дэлбэнгийн эд дэх цус хуралт, тархины эдийн няцрал гэмтэл авсан ч гэсэн үйлдэл хөдөлгөөн хийх боломж бага байдаг. Дээрх гэмтлүүдийг авсан хүн шууд ухаан алдаж, унтаа байдалд ордог” гэх мэдүүлэг /2хх-74-75/,

Шүүгдэгч П.Г-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 26-нд дүү О-тай 08 цаг 30 минутын үед яваад 12-13 цагийн үед модоо авч ирж хашаандаа буулгасан. Намайг мод аваад ирэх үед А- гэрт байгаагүй, бэр дүү Б-, 4 хүү Т-гийн хамт өөрийнхөө гэрт байсан. 13 цаг өнгөрч байхал манай гэрт Б-, Ж- хоёр 0.5 литрийн “Арвай” нэртэй архи авч ирсэнг бид 3 хувааж уусан. ...Б- мөнгө гаргаж 0.33 литрийн “Арвай” архи манай гэрт гурвуулаа хувааж уусан. 15 цагийн Б-, Ж- хоёр явсан. 16-17 цагийн үед А- ...гуйвсан байдалтай ганцаараа... хувцас нь шороо болсон унасан байдалтай, зүүн нүд нь жаахан хавдсан... ирсэн. Би А-г гэрт оруулаад орон дээр унтуулсан. Би буцаж гараад модоо хураагаад 18 цагийн үед дууссан... дүүгийндээ ороод зурагт үзээд 19 цагийн үед гэртээ орсон. ...Би ...А-г “хоолоо ид” гээд сэрээсэн А- “хоол идэхгүй” гэсэн орондоо шээчихсэн байсан. Би ...хоолоо ширээн дээр тавих гээд зүүн гараараа А-г өндийлгөчихөөд нурууны араас нь түшчихсэн байхад А- гараас мултраад хивсэн дээр унасан. Би уур хүрээд А-д “чи 3 хоног дараалж орондоо шээлээ” гээд баруун гараараа эрүү орчим нь нэг удаа цохисон. Би А-тай хэрэлддэг... зодсон асуудал байхгүй. ...2016 оны 10 дугаар сарын 24-26-ны өдрүүдэд ...А- дээрх өдрүүдэд байсан... өглөө нь гарч яваад орой нь согтуу ирж байсан. ...2016.10.25-ны орой гэрт 19 цагийн орчим согтуу ирэхдээ нүүр ам нь зүгээр байх шиг байсан.

...Миний санаж байгаагаар А- 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 7 хоногийн өмнө манайд ирж тасралтгүй хонож байсан. А- манайд байнга байдаггүй, ирэн очин байдаг. Манайд дээд тал нь 7-8 хоног л байдаг. Тэгээд дураа хүрэхээр ирээд, дургүйгээ хүрэхээр яваад өгдөг.

...Би А-г нэг л алгадсан. Өөрөөр зодож цохиогүй. Би зүйл ангийг зөвшөөрөхгүй байна. 2016 оны 10 дугаар сарын 26-ны өглөө А- гэрт унтаад үлдсэн. Би өглөө 08 цаг өнгөрч байхад дүү О-ын хамт гэрээсээ гараад Зуун айлын тэндээс түрээсийн портероор түлшинд зориулж модны хаягдал авсан. О- 100-н айлын тэнд ажил дээрээ үлдээд дүүгийн найз Батчулуун бид хоёр 13 цагийн үед хашаанд энэ модоо буулгах үед гэрт А- байхгүй байсан, хаашаа явсан талаар нь мэдэхгүй. Батчулуун мод буулгаж өгчихөөд манай гэрээр орж цай уугаад харихаар явсан. 14 цагийн үед манай гэрт Ж-, Б- нар ирээд Б- 0.5 литрийн архи задлаад энэ архийг манай хашаанд Б- бид хоёр уусан. Ж- архинаас 1 татчихаад түрүүлээд явчихсан. Б- бид хоёр архи ууж байх зуураа буулгасан модоо өрж хурааж цэгцэлсэн. Б- 17 цаг өнгөрч байхад явсан. А- 18 цагийн үед гаднаас согтуу, хувцас нь шороо болчихсон, зүүн талын хацар нь бага зэрэг шалбарчихсан байдалтай ирэхээр нь би гэрт оруулаад зүүн хойд талд байдаг нэг орон дээрээ хэвтэж унтуулсан. 18 цаг нэлээн өнгөрсөн байхад манай дүүгийн хүүхэд Анужин будаатай хуурга оруулж ирсэн. Би оруулж ирсэн хоолыг нь 2 тавагт хувааж хийгээд А-г “хоол ид” гээд өндийлгөхөд А- “хоол идэхгүй, дотор эвгүй оргиод байна” гэж хэлсэн. А- орондоо шээчихсэн байсан. А- 2-3 өдөр орондоо шээчихсэн байсан. Тэгээд би уурандаа баруун гараараа А-гийн зүүн хацар руу нэг удаа алгадсан. Би өөрөөр А-г зодож цохиогүй. Б- 24-ний өдрийн зүйлийг яриад байгаа байлгүй, мэдэхгүй байна. Би 25-ны өдөр нүүрс буулгаад орой орж ирсэн. ...Би А-г алгадсан нь үнэн. Алгадсанаас болж ийм гэмтэл учирсан бол би хүлээн зөвшөөрнө. Би Б.А-гийн эмчилгээний зардалд 500000 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын сүүлээр өгсөн. Одоо боломжтой болохоороо нэмж мөнгө өгнө, манай хашаа байшин газар төлөвлөлтөнд орсон байгаа. Тэндээс мөнгө шилжиж ирвэл нэмж мөнгө өгнө. Би А-г ухаан алдсаныг мэдээгүй” гэх мэдүүлэг /1хх-89-90, 222, 2хх-79/,

Хохирлын баримт /1хх-183-210, 2хх-8-13, 34-43/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-105/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-112/, өвчний түүхийн хуулбар /хх-130-165/, гэрч С.Ж-ы мэдүүлэг /хх-37-38/, гэрч Б.Чимэд-Осорын мэдүүлэг /хх-43-44/, гэрч Д.Баярбилэгийн мэдүүлэг /хх-58-59/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн албан бичиг /1хх-68/, шийтгэх тогтоолын хуулбар /1хх-109-110/, тэмдэглэл /1хх-167/, гэрч С.Зоригтын мэдүүлэг /хх-60-61/, гэрч Ц.Болийн мэдүүлэг /хх-62-63/, гэрч Н.Д-ын мэдүүлэг /хх-64/, гэрч Ц.Ж-ы мэдүүлэг /хх-65-66/, гэрч Х.Э-ын мэдүүлэг /хх-67/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав. 

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Харин гэрч Г.О-, Д.Б-, П.О-, А.Ч-, Б.А.р- нарын /1 дүгээр хавтас, хх-25-26, 29-30, 32, 33-34, 35-36, 39-41, 42/ зарим мэдүүлгүүд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 147 дугаар зүйлийн 147.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасныг зөрчсөн байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч П.Г- нь 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Мандалын 6-141 тоотод хамтран амьдрагч Б.А-г зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “2016 оны 10 дугаар сарын 26-ны 22 цагийн үед нагац ах А.р- над руу залгаад “Г-ын хүүхэд нь залгаж байна ээжийг чинь 2 хоног ухаангүй байна, хоол унд ч идэхгүй байдалтай байна” гэхээр нь би Г-ын хүү О- гэх залуу руу залгаад юу болсон талаар асуухад “танай ээж чинь 2 хоног гэрт хэвтлээ, Нуурын тэнд хүнд зодуулсан гэж байсан” гэх зүйл ярьсан. Тэгэхээр нь би Г-ынд очиход ...ээж шалан дээр дэвссэн гудсан дээр нимгэн даавуу нөмөрсөн байдалтай, зөвхөн дотуур хувцастай, /хөхний даруулга, дотоож/ ухаангүй байдалтай байсан. Мөн гудсан дээр шээсэн байсан. Харин Г- орон дээрээ унтаж байсан. Ээжийн зүүн чих, эрүү хэсэг, хоёр гарын шуу, хөл зэрэг нь битүү хөхөрч няцарсан байдалтай байсан. Би түүнийг сэрээх гэсэн боловч сэрэхгүй байсан. О-ын ярьснаар хоёр хоног ээжийг ухаангүй байхад түргэн дуудаагүй байгаад гомдолтой байна. Гэхдээ одоог хүртэл нүдээ анивчихаас өөр ямар ч үйлдэл хийх чадваргүй, хүний яриа ойлгохгүй асаргаанд байгаа...” гэх мэдүүлэг /1хх-16-17,19, 20, 172, 2хх-52-53/, гэрч Б-гийн “...Өчигдөр буюу 2016 оны 10 сарын 26-ны орой намайг дэлгүүр рүү гарах гэж байхад манай зүүн талын хашаанд Г-ын хүргэн Б- гэх хүн “Энэ Г-ынд А- нь эрүү хөхөрсөн, царай нь цонхийгоод нэг л сонин харагдаад байна, түргэн дуудах уу?” гэхээр нь би дэлгүүр явах гэж байсан тул манай нөхөрт хэлчих гэж хэлчихээд явсан. Тэгээд А-гийн охин нь ирээд ээжийгээ аваад явсан...” гэх мэдүүлэг /1хх-21/, насанд хүрээгүй гэрч О.Агийн “...Өчигдөр 2016 оны 10 дугаар сарын 26-ны өглөө, цагийг нь мэдэхгүй байна, манай ээж Баяраа Г- ахынд хоол оруулаад ир гэхээр нь би Ганбаа ахынд ороход Ганбаа ах орон дээрээ суучихсан. Харин А- гэдэг эгч газар хивсэн дээр нь хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /1хх-22/, гэрч Г.О-ын “...2016 оны 10 дугаар сарын 26-ны орой 21 цаг өнгөрч байхад О- ах над руу яриад “аав чинь согтуу байна, А- эгч чинь ирсэн, зодуулсан ирсэн хаашаа юм, ерөөсөө босохгүй, хоол унд ч идэхгүй байна” гэхээр нь би аавынд очсон. Намайг аавынд очиход А- гэх эмэгтэй нь шалан дээр байдаг гудсан дээр хөнжил нөмөрсөн байдалтай хэвтэж байсан. Харин манай аав халамцуу байдалтай хэвтэж байсан. “Унтах гэхээр ор нойтон, нэл шээс” гэсэн зүйл ярьж байсан. Намайг ааваас “та яасан юм, хүн амьтан зодсон юм биш биз дээ” гэхэд аав “А- 2 хоногийн өмнө Нуурнаас ирсэн. Өөрөө орж ирэхдээ л зодуулсан унасан гэж байсан” гэсэн зүйл ярьж байсан. Би А-гийн дүү рүү залгаж болсон зүйлийн талаар хэлсэн. Удалгүй охин нь ирээд аваад явсан. ...доод эрүү нь хөхөрсөн, зүүн шанаа нь хавдаад зулгарсан байсан. ...А- эгчийг хоёр хоног хоол идээгүй талаар О- ах надтай утсаар ярихдаа тийм юм ярихаар нь л би охинд нь тэрийг хэлсэн. Тэрнээс биш үзэж харсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-24/, гэрч Д.Б-ийн “...Би 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн орой 21 цагийн орчим байх Г- ахаас юм асуух гээд ороход Г- ах гэрийн орны хажууд А- нь хөнжил нөмрөөд дээшээ харсан байдалтай хэвтэж байгаа харагдсан. ...толгой нь хөнжлөөсөө цухуйчихсан байсан бөгөөд А-гийн эрүү орчим нь хөх няц болсон, мөн баруун чамархай орчим зулгарсан байдалтай унтаж байгаа харагдсан. Тухайн үед А- нь газар эрүү нь хөхөрсөн, зүүн чамархай нь зулгарсан, царай нь цонхийгоод нэг л эвгүй харагдсан.

Намайг тэр өдрийн өмнөх өдөр буюу 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үдээс хойш 15 цагийн орчим байх Г- ахынх руу ороход Г- ах мөн л согтуу, А- мөн л 2016 оны 10 сарын 26-ны өдөр намайг ороход ямар байдалтай байсан тийм байдлаар газар хөнжил нөмөрсөн хэвтэж байсан. Гэхдээ тухайн үедээ бол А- толгой дээгүүрээ хөнжил нөмөрсөн байдалтай, харин үс нь хөнжилнөөсөө цухуйсан харагдсан. Би 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Г- ахынд ороход Г- ах халамцуу байсан ба “А- согтуу унтаж байгаа” гэж хэлж байсан. Тэгээд маргааш нь ороход мөн л А- нь газар хэвтэж байсан болохоор А- нь 2 өдөр л ийм байдалтай хэвтэж байгаа юм байна гэж ойлгосон. Тийм ч болохоор А- босохгүй 2 өдөр хэвтэж байгаа гэж О-д хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-27-28/, гэрч П.О-ын “...2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр орой 21 цагийн орчим намайг ажлаа тараад гэртээ ирээд байж байхад хүргэн ах Б- манайд орж ирээд надад “гараад ирээч, энэ А- нэг л сонин болсон байна, түргэн дуудах уу, ах дүү нарынх нь утас нь байдаг юм уу” гэхээр нь би гэрээсээ гарч Г- ахынх руу ороход тэднийд А- эгч орны өмнүүр гудас тавиад хөнжил нөмрөөд хэвтсэн, эрүү хэсгээр нь хөхөрсөн байдалтай байсан. Харин Г- ах гэрийнхээ сандал дээр суучихсан нэлээн согтуу байдалтай байсан...” гэх мэдүүлэг /1хх-30-31/, гэрч Ц.Б--ийн “...Г-тай “Арвижих” дэлгүүрийн гадна таарсан. “А- хаа байгаа вэ” гэхэд Г- “чишш” гээд А- гэртээ байгаа гэсэн. Дэлгүүр ороход дэлгүүрийн эзэн Уртаа болон Дээгий гээд залуу байсан. Дээгий өнөөдөр миний төрсөн өдөр, Солонгосоос ээж 100 доллар явуулсан гэсэн...” гэх мэдүүлэг /1хх-62-63/, гэрч Х.Э-ын “2016 оны 10 дугаар сарын 27-ны 00 цаг 50 минутад манай тасагт Б.А- гэх эмэгтэй ухаангүй, орчиндоо харьцаагүй, цочрол мэдрэх төдий бүх бие нь хүйтэн осголтын байдалтай хүргэгдэн ирсэн. Тархинд нь цусан хураа байсан тул тархи дарагдалтыг чөлөөлж цусан хурааг авах хагалгаа хийгдсэн. “Хаанаас ирсэн, гудамжнаас ирсэн юм уу” гэж асуусан. Биеийн температур 32-33 хэм байсан болохоор гадаа осгосон хүн байх гэж тухайн үед асуусан байх...” гэх мэдүүлэг /1хх-67, 2хх-61-62/,  

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2016.10.28-ны өдрийн 14813 дугаар үзлэгийн дүгнэлтэд: “1.Б.А-гийн биед баруун чамархайн хатуу бүрхүүлийн доорх цусан хураа, доод эрүүнийн цус хуралт, зүүн шанааны арьсны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн. 3.Шүүх эмнэлгийн ...журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх нь эдгэрэлтээс шалтгаална” гэжээ /1хх-71/, шинжээч Ж.Г-ийн “Б.А-г үзэхэд хохирогч ухаангүй, ямар ч харьцаагүй, хагалгаанд орсон, ил харагдах доод эрүүнд цус хуралттай, зүүн шанаанд зулгаралттай байсан. Өөр гэмтэл ажиглагдаагүй. А- нь эмнэлэгт ирээд хоёр хоносон байсан учир эр бэлгийн эс илрэх боломжгүй байсан. Энэ гэмтлийг авсан хүн тархины судас хагарч, цус шүүрч, цусан бүлэн үүсэж тархи дарагдах хүртлээ үйл хөдөлгөөн хийх, ярих зэрэг үйл хөдлөл хийнэ. Хугацаа харилцан адилгүй, тархины ямар судас хагарснаас шалтгаална. Дээрх гэмтлийг хэзээ авсныг тогтоох боломжгүй. Дээрх гэмтлийг аваад хүн хэд хоног ч явах боломжтой” гэх мэдүүлэг /1хх-72/, хэргийн материалиар хийсэн шүүх эмнэлгийн 2018.01.10-ны өдрийн 40 дүгээр шинжилгээ /2хх-71-73/, шинжээч Ц.Э-ын “Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Б.А-гийн биед үүссэн тархины аксоны тархсан гэмтэц-гэмтлийн үед үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй байдаг. Учир нь уг аксон нь тархинаас нугас, эд эрхтэнд мэдрэлийн сэрлийг дамжуулж байдаг. Гэмтлийн улмаас уг сэрэл дамжихгүй байдаг тул ямар нэг үйл хөдлөл, алхах, явах зэрэг үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй байдаг. Тархины баруун чамархай хэсгийн бүрхүүлийн доорх цусан хураа, тархины баруун тал бөмбөлгийн духны дэлбэнгийн эд дэх цус хуралт, тархины эдийн няцрал гэмтэл авсан ч гэсэн үйлдэл хөдөлгөөн хийх боломж бага байдаг. Дээрх гэмтлүүдийг авсан хүн шууд ухаан алдаж, унтаа байдалд ордог” гэх мэдүүлэг /2хх-74-75/ зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч П.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нар “Г-ын үйлдлийн улмаас хүнд гэмтэл учирсан гэдэг нь тогтоогдоогүй. Түүнийг нотолж чадаагүй. Түүнчлэн нотолбол зохих асуудлуудыг тогтоогоогүй тул Г-ыг цагаатгаж өгнө үү” гэж гэм буруугийн талаар маргасан хэдий ч дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар няцаагдаж байна гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.А-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч 500.000 төгрөгийг төлсөн байна. Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Х- “баримттай зардал 10934904 төгрөг нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн боловч хэрэгт авагдсан баримтуудаар 8635307 төгрөг тогтоогдлоо. Үүнээс шүүгдэгчийн төлсөн 500000 төгрөгийг хасаж үлдэх 8135307 /найман сая нэг зуун гучин таван мянга гурван зуун долоо/ төгрөгийг 3 жилийн хугацаанд шүүгдэгч П.Г-аас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Х-д олгохоор шийдвэрлэв.

Мөн цаашид гарах эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлөөгүйг харгалзан шүүгдэгч П.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай...” гэж,

хохирогчийн өмгөөлөгч “Улсын яллагчийн дүгнэлтийг дэмжиж байна” гэж,  

шүүгдэгчийн өмгөөлөгч нар “7 жилийн хорих ял өндөр байна. Хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Шүүгдэгч П.Г- нь Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 445 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дүгээр зүйлийн 1-д зааснаар 25000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн боловч  хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх дүгнэв.  

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч П.Г-т 3 жил 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч П.Г-ын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл урьдчилан хоригдсон 3 /гурав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, П.Г- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.12, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х.... овогт П-ийн Г-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г-ыг 3 /гурав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар П.Г-ын урьдчилан хоригдсон 3 /гурав/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, П.Г- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд П.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.  

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч П.Г-аас 8135307 /найман сая нэг зуун гучин таван мянга гурван зуун долоо/ төгрөгийг 3 /гурав/ жилийн хугацаанд гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Х- /....... /-д олгож, цаашид гарах эмчилгээтэй холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

                    

                        ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР