| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нэрэндашийн Дуламсүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0365/З |
| Дугаар | 128/ШШ2025/0592 |
| Огноо | 2025-09-03 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 128/ШШ2025/0592
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Р.С******* /РД:*******/
Хариуцагч: Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газар нарын хоорондын өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэвэр тогтоохыг хариуцагчид даалгах маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Р.С*******гаас Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэвэр тогтоохыг хариуцагчид даалгах гэж өөрчлөн гаргасан.
2. Нэхэмжлэгч Р.С******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт, холбогдох баримт бичгийг бүрдүүлэн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст гаргасан байх бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасан төрүүлсэн болон гурав хүртэл настайд үрчлэн авсан дөрөв ба түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн... гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй гэж үзэн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр бүрдүүлсэн баримт бичгийг буцаажээ.
3. Нэхэмжлэгч 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газарт гомдол гаргасан бөгөөд Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 06/237 дугаар Өргөдлийн хариу гэж албан бичгээр ...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т "төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв ба түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй өндөр насны тэтгэвэр авах эрхтэй" гэж, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 612 дахь хэсэгт "Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүхийн үрчлэлтийг хүчингүйд тооцож болно" гэж тус тус заасан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30 өдрийн 183/ШШ/2022/00862 дугаартай шийдвэрээр Бийн Г /-ыг Лын Бэ, Ргийн С*******д үрчлүүлснийг хүчингүйд тооцон тогтоосон болно. Өөрөөр хэлбэл дээр дурдсан шүүхийн шийдвэрээр Бийн Галмандахыг танд үрчлэгдсэнийг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь уг хүүхдийг 3 хүртэл настайд нь үрчлэн авч, 6 настай болтол өсгөсөн гэж үзэх боломжгүй байгаа тул таны хувьд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасан олон хүүхэд төрүүлж өсгөсөн байх нөхцөлийг хангахгүй. Иймд танд олон хүүхэд төрүүлсэн эхийн хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох хууль эрх зүйн үндэслэлгүй гэх хариу өгчээ.
4. Р.С******* шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Миний бие Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан буюу төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв ба түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй тул Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 2024 оны 09 дугаар сарын 13-ний өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах өргөдөл холбогдох баримтыг хавсарган өгсөн.
Гэтэл тус дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч нь миний гаргасан өргөдлийн дагуу өндөр настны тэтгэвэрт гарах боломжгүй талаар амаар хариу өгсөн. Бичгээр авах талаар удаа дараа амаар болон утсаар хэлсэн боловч бичгээр өгөхгүй гэсэн тул 2024 оны 09 дугаар сарын 30-ний өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газарт өргөдөл гаргахад 2024 оны 10 сарын 31-ний өдрийн 06/237 дугаар бүхий албан бичгээр Бийн Галмандахыг танд үрчилснийг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь уг хүүхдийг 3 хүртэл настайд нь үрчлэн авч, 6 настай болтол өсгөсөн гэж үзэх боломжгүй гэх эрх зүйн үндэслэлгүй хариу өгсөн нь миний хуулиар олгосон хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж байна.
Тухайлбал миний бие нөхөр Л.Бийн хамт 2010 оны 06 дугаар сарын 08-ны өдөр нөхрийн нагац дүү болох Ц.С*******аас Б.Гыг үрчлэн авсан. Тухайн үед Ц.С******* нь насанд хүрээгүй буюу 16 настай, гадаадад сурч боловсрох шаардлагатай байсан тул бид Б.Гыг үрчлэн авсан.
Харин Ц.С******* нь 28 нас хүрч гадаадад сурч боловсорч цаашид хүүхдээ өөр дээр өсгөмөөр байна гэх хүсэлтийн дагуу 2022 оны 03 дугаар сарын 30 өдрийн 183/ШШ2022/00862 дугаар шүүхийн шийдвэрээр хүүгийн асрамжийг өөрчилсөн.
Хэдий 2022 онд Б.Г нь Ц.С*******ын асрамжид очиж үрчлэлтийг хүчингүйд тооцуулсан боловч хүүг 12 нас хүртэл нь Р.С******* миний бие эхийн хайраар хайрлаж, цэцэрлэг сургуульд нь хүргэн өгч, эцэг эхийн хуралд сууж /эцэг эхийн групп чатанд нэгдсэн/, сургалтын болон хувцас хэрэглээний бүхий л зардлыг гаргаж, төрсөн өдөр болон бусад тэмдэглэлт баяраар хамт тэмдэглэх зэрэг бүх цаг үед нь хамт байж эцэг эхийн хийх ёстой бүх үүрэг хариуцлагаа биелүүлсээр байсан ба хүү Б.Г нь одоог хүртэл намайг ээжээ гэж дууддаг юм.
Иймд өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болгохыг тогтоолгож, өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгуулж өгнө үү. гэжээ.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гоос шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөл Монгол Улсын Их хурлаар 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр батлагдаж 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр хуульчилсан. Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн хангаж даатгуулагч иргэний гаргасан хүсэлтийг үндэслэн эрх нь үүссэн даатгуулагчдад нийгмийн даатгалын үйлчилгээг хүргэн ажиллаж байна.
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13-т "тэтгэвэр" гэж нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасны дагуу өндөр насны, хөдөлмөрийн чадвар алдсаны, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрх үүссэн даатгуулагч, хүнд сар бүр олгох мөнгөн хөрөнгийг; Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т "төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв ба түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй; "гэж заажээ.
Нэхэмжлэгч Р.С*******гийн үрчлэн авсан хүүхэд болох Б.Гыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дугаар 183/ШШ2022/00862 шүүхийн шийдвэрээр үрчлэлтийг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн байх тул хуульд заасан шаардлагыг хангахгүй байна.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 22 дугаар зүйлд Тэтгэвэр тогтоолгох өргөдөл гаргах, шийдвэрлэх хугацааг заасан бөгөөд энэ хуулийн 22.3-т "Тэтгэвэр тогтоолгох, тэтгэврийн хэмжээг өөрчлөхөд бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, тэтгэвэр олгохтой холбогдсон бусад харилцааг зохицуулсан журмыг Засгийн газар батална." гэж заасан байх бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 450 дугаар тогтоолоор Тэтгэвэр тогтоолгох, тэтгэврийн хэмжээг өөрчлөхөд бүрдүүлэх баримт бичиг, тэтгэвэр олгох журмыг баталсан байна. Тус журмын 2.1.12-т заасан үрчлэлтийн лавлагаагаар Р.С*******гийн үрчлэн авсан хүүхэд болох Б.Гыг Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т зааснаар төрсөн эх болох Ц. С*******ын асрамжид шилжүүлсэн болох нь тогтоогдсон тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй байгаа тухай мэдэгдэж 2024 оны 09 дүгээр сарын 24-нийн өдөр Р.С*******д тэтгэвэр тогтоолгоход шаардлагатай баримт бичгийг буцаан өгсөн үйлдлийг эс үйлдэхүй гэж үзэх үндэслэлгүй болно.
Иймд Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын газрын ямар хууль бус үйл ажиллагааны улмаас Р.С*******гийн хуульд заасан эрхийг зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нөхцөл тогтоогдохгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасны дагуу шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь хууль зүйн үндэслэлүүдээр нэхэмжлэгч Р.С*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Үүнд:
Нэхэмжлэгч Р.С*******гаас Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэвэр тогтоохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, түүний үндэслэлээ ...хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн буюу төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв ба түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй гэсэн шаардлагыг хангасан гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...дээрхи шаардлагыг хангахгүй, учир нь н.С******* нь 3 хүүхэд төрүүлсэн, харин С.Гыг үрчилж авсан боловч уг үрчлэлтийг 2022 онд шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэсэн... гэж тус тус тайлбарлан маргаж байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Р.С******* нь 1995 онд хүү Б.Б*******, 2004 онд охин Б.М*******, 2014 онд охин Б.У*******ыг тус тус өөрөө төрүүлсэн ба 2010 онд төрсөн С.Гыг 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдөр үрчлэн авсан нь тогтоогдсон энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй.
Түүнчлэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2022/00862 дугаар шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т зааснаар 2010 оны 6 дугаар сарын 08-ны өдөр төрсөн Т******* овогт Бийн Гыг Т******* овогт Лын Бэ, О******* овогт Ргийн С*******д үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, Б.Гыг түүний эх Ц.С*******ын асрамжид шилжүүлж шийдвэрлэсэн, уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Нэхэмжлэгч Р.С******* нь 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт хандаж ...төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв ба түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй гэх шаардлагыг хангасан гэж үзэж өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоолгох өргөдөл гаргасан боловч мөн оны 09 дүгээр сарын 24-ний өдөр өргөдлийг нэхэмжлэгчид буцаажээ.
Түүнчлэн нэхэмжлэгчээс 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газарт гомдол гаргасан боловч Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 06/237 дугаар Өргөдлийн хариу гэж албан бичгээр ...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т "төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв ба түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй өндөр насны тэтгэвэр авах эрхтэй" гэж, Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 612 дахь хэсэгт "Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүхийн үрчлэлтийг хүчингүйд тооцож болно" гэж тус тус заасан. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30 өдрийн 183/ШШ/2022/00862 дугаартай шийдвэрээр Бийн Г /-ыг Лын Бэ, Ргийн С*******д үрчлүүлснийг хүчингүйд тооцон тогтоосон болно. Өөрөөр хэлбэл дээр дурдсан шүүхийн шийдвэрээр Бийн Галмандахыг танд үрчлэгдсэнийг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь уг хүүхдийг 3 хүртэл настайд нь үрчлэн авч, 6 настай болтол өсгөсөн гэж үзэх боломжгүй байгаа тул таны хувьд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасан олон хүүхэд төрүүлж өсгөсөн байх нөхцөлийг хангахгүй. Иймд танд олон хүүхэд төрүүлсэн эхийн хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох хууль эрх зүйн үндэслэлгүй гэх хариу өгсөн байна.
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: гээд 4.1.13-т тэтгэвэр гэж нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасны дагуу өндөр насны...тэтгэвэр авах эрх үүссэн даатгуулагч, хүнд сар бүр олгох мөнгөн хөрөнгийг; гэж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын ерөнхий хуульд заасны дагуу шимтгэл төлсөн даатгуулагчид тэтгэврийн даатгалын сангаас тэтгэвэр тогтоох, олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж, 5 дугаар зүйлийн 5.1-д Доор дурдсан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй:, 5.1.3-т төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв ба түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй гэж тус тус заасан.
Хуулийн дээрх зохицуулалтуудыг хэрэгт авагдсан баримтуудтай холбон авч үзвэл нэхэмжлэгч Р.С******* нь ...төрүүлсэн болон гурав хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв ба түүнээс дээш хүүхдээ зургаан нас хүртэл өсгөсөн тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн 50 насанд хүрсэн эмэгтэй гэх шаардлагыг хангаж байх ба энэ үндэслэлээр өөрөө хүсч өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан байхад хариуцагч байгууллага түүний хүсэлтийг хүлээн аваагүйг хууль бус эс үйлдэхүй гэж шүүх дүгнэв. Учир нь:
Нэхэмжлэгч Р.С******* нь өөрөө 3 хүүхэд төрүүлсэн ба С.Гыг 2010 оны 12 дугаар сарын 17-ны өдөр буюу 6 сартайд нь үрчлэн авч улмаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30 өдрийн 183/ШШ/2022/00862 дугаар шийдвэр гарч дээрхи үрчлэлтийг хүчингүйд тооцох хүртэлх 11 жилийн хугацаанд өсгөн хүмүүжүүлсэн, энэ нөхцөл нь хуулийн 5.1.3-д заасан шаардлагыг хангасан гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ/2022/00862 дугаар шийдвэрээс үзвэл Ц.С******* нь Р.С*******гийн нөхөр Бийн төрсөн дүү нь бөгөөд С.Гыг төрүүлэх үед 16 настай байсан, цаашид гадаад оронд сурах болсон зэрэг шалтгааны улмаас хүүгээ үрчлүүлсэн боловч Ц.С******* нь ...одоо хүүгээ гадаад оронд өөр дээрээ авч өсгөн хүмүүжүүлье гэж хүсэлт гаргасны дагуу тухайн үрчлэлтийг шүүх хүчингүйд тооцож хүү С.Гыг төрсөн эх Ц.С*******ын асрамжид шилжүүлсэн боловч өнөөдрийн байдлаар ч Р.С*******гийн асрамжид хүмүүжиж байгаа нь С.Гын эх Ц.С*******ын өөрийнх нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон хэргийн оролцогчдын тайлбараар давхар тогтоогдсон болно.
Энэ тохиолдолд, хариуцагч захиргааны байгууллага хожим буюу С.Гыг үрчлэн авснаас хойш 11 жилийн дараа 2022 онд үрчлэлтийг хүчингүйд тооцсон шүүхийн шийдвэрийг үндэслэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох шаардлагыг хангахгүй гэж шууд дүгнэн нэхэмжлэгч Р.С*******гийн өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоолгох хүсэлт-ийг хүлээж аваагүй нь хууль зүйн үндэслэлгүй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэдийгээр ...Р.С*******гийн үрчлэн авсан хүүхэд болох Б.Гыг Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т зааснаар төрсөн эх болох Ц. С*******ын асрамжид шилжүүлсэн болох нь тогтоогдсон тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүй гэх тайлбар гаргаж байх боловч энэ нь Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 5-д заасан өндөр наслах...хүүхэд төрүүлэх, асрах...тохиолдолд эд, мөнгөний тусламж авах иргэний үндсэн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж заасан.
Шүүхийн энэ шийдвэрээр хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус гэж дүгнэсэн тул нэхэмжлэгч Р.С*******гийн өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцлөөр зохих журмын дагуу тогтоохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч Р.С*******гаас гаргасан өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэвэр тогтоохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын, Р.С*******д өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоохоос татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Р.С*******д өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр зохих журмын дагуу тогтоохыг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газарт даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчдаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ДУЛАМСҮРЭН