Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2024/ДШМ/09

 

З.И-, С.Х- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,   

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/05 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч З.И-, С.Х- нарт холбогдох эрүүгийн 2313002880308 дугаартай, 1 хавтастай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч С.Алтай, шүүгдэгч З.И-, түүний өмгөөлөгч Х.Тилеугавал, шүүгдэгч С.Х-, түүний өмгөөлөгч А.Серикжан нарын хамтран давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэж 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд прокурор А.Дорждэрэм, шүүгдэгч З.И-, С.Х-, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Алтай, Х.Тилеугавал, А.Серикжан, С.Нургайып, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос, орчуулагч А.Ахмерей нар оролцов.     

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, **** оны ** дугаар сарын **-ний өдөр Баян-Өлгий аймгийн *****суманд төрсөн, **настай, эрэгтэй, **** боловсролтой, ***** мэргэжилтэй, ***** ажилтай, ам бүл *** хүнтэй, эхнэр, хүүхдүүдийн хамт ***** багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Ш овогт З-ны И- /РД:**********/,

 

2. Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, **** оны ** дугаар сарын **-ний өдөр Баян-Өлгий аймгийн **** суманд төрсөн, ** настай, эрэгтэй, **** боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ***хүнтэй, эхнэр, хүүхдүүдийн хамт ***** багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Т овогт С-ны Х- /РД:**********/.

 

3. Шүүгдэгч З.И-, С.Х- нар нь бүлэглэж, 2023 оны 8 дугаар сарын 09-ний өглөөний 05-07 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн У сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр, ***** тоот хашаанд байрлах иргэн Ж.С-, Б.Ш- нарын өвлийн байшинд буюу хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч, үүдний амбаарт байсан ууттай 4 кг ааруулыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 160,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.   

 

4. Прокурорын 2023 оны 12 дугаар сарын 01-ний  өдрийн 229 дүгээр яллах дүгнэлтээр З.И-, С.Х- нарын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

5. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн  2024/ШЦТ/05 дугаар шийтгэх тогтоолоор: 

5.1. Шүүгдэгч Ш овогт З-ны И-, Т овогт С-ны Х- нарыг бүлэглэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

5.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч З.И-, С.Х- нарын тус бүрд 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

5.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.И-, С.Х- нарт оногдуулсан 2 жилийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

6. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Алтайн давж заалдах гомдлын агуулга:

6.1.  Шүүгдэгч           С.Х-ийг бүлэглэн, бусдын орон байранд нэвтэрч орсон гэх нь хангалттай нотлох баримтуудаар тогтоогдоогүй.

6.2. Анх З.И-, С.Х- нар нь урьд шөнө архи ууснаас болж толгой өвдсөн гэж танил найз Ж.С-гаас авлага мөнгөө авч архи авч уух, магадгүй түүгээр архи авхуулж уух зорилгоор гэрт нь очиход үүдний амбаар нь онгорхой, хойд өрөө байр нь цоожтой байсан ба орсон хоёр маань эзэн нь алга байна гэж хэлж явцгааж хашааны гадаа гарсан байгаа байдлыг анхан шатны шүүх нотлох баримтаар үнэлж дүгнээгүй.

6.3. З.И- нь хашааны гадаа гарсны дараа “Би дахиад дотогш ороод ирье" гэж хэлээд Ж.С-н гэр лүү орчихдог. Ингэхдээ ямар шалтгаанаар тэр гэрт дахин очих орох болсноо хэлээгүй байна. Хашааны гадна хүлээж байсан С.Х- дээр З.И- нь ирж юм хэлэлгүй “явъя” гэж дагуулаад тохиролцооны дэлгүүрийн худалдагч С-ы гэр лүү явчихдаг ба С.Х- нь дэлгүүрийн гадна үлддэг. З.И- нь С-ы дэлгүүрээс гарч ирээд С.Х-т 2 шил архи авч ирснээ хэлдэг ба уг архийг уугаад тэд салдаг.

6.4. Хэргийн бодит байдал ийм байхад анхан шатны шүүх  зориуд мушгин гуйвуулж яллахаар баримт материалыг бүрдүүлж авч ирсэн прокурорын нотлох баримтыг үнэлж иргэн С.Х-ийг хилсээр ялласан.

6.5. Атгасан нударгын чинээ 4 ширхэг буюу 4 кг ааруулын төлөө 2 иргэнээ 2 жилээр ял шийтгэж, эрх зүйн байдлыг хэт доордуулсан, бүхэл бүтэн айл гэр, эхнэр хүүхэд, нэр төр, ажил байдлыг нь гүнээ хохироож шийдвэрлэсэн шүүх Монгол Улсын аль шатны шүүхэд хэлмэгдлийн үеэс хойш байхгүй гэж ард иргэд шүүмжилж байгааг нэмж бичихийг хүсэж байна.

6.6. Үгүй ядахдаа шүүх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д зааснаар “...ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” санал болгосон хүсэлтийг хүлээж аваагүй. Үүнд:

а.Хохирол төлөгдсөн ба хохирогч эмэгтэй Б.Ш нь шүүх хуралд оролцож бүр гайхаж, эгдүүцэхдээ уйлж хэдэн ааруулын хэргээр хоёр сайхан иргэнийг 2 жилээр хорих ял шийтгэсэнд гайхаж байна. Хөнгөн ял оногдуулах боломж байна уу гэж хүсэж байсан.

б. Шүүх нь “Шүүгдэгч хэргээ хүлээсэнгүй” гэсэн шалтгаанаар С.Х-ийн эрх зүйн байдлыг хэт доордуулж хандсан.

6.7. Иймд шүүгдэгч С.Х-ийн үйлдлийг хянаж түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Энэ хэрэг дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг баримталж үлдсэн хорих ялаас 1 жилийг нь хасаж өгнө үү гэсэн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлтийг хангаж өгнө үү.

 

7. Шүүгдэгч З.И-, өмгөөлөгч Х.Тилеугавал нарын давж заалдах гомдлын агуулга:

7.1. Анхан шатны шүүхээс шүүгдэгч З.И-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалтай тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд” тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа явдалд гомдолтой байна.

7.2. Тухайн үед хохирогчийн тамбар /амбаар/ нь онгорхой, хаалга нь нээлттэй байсан ба шүүгдэгч З.И- уг нээлттэй хэсэгт орж, гарахдаа ууттай зүйлийг авч гарсан байдлаа урьд өгсөн мэдүүлгээр мэдүүлсэн ба хохирогч С.Ш- өөрөө бидний байнга амьдрах зориулалтай тусгайлан хамгаалсан байранд нэвтрээгүй гэдгийг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд илэрхийлсэн.

7.3. Улсын дээд шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 166 дугаар тогтоолд заасан “хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгө, эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү хэмжээнд хүндрүүлэн зүйчилнэ” гэж тогтоолын заалтад заасан нь З.И-ийн гаргасан үйлдэл нь нийцэхгүй байна.

7.4. Шүүгдэгч З.И- нь хулгайлах гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байгаагүй, бусадтай бүлэглэж үйлдээгүй, хүн байнга амьдрах орон байранд нэвтрээгүй тухай мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүдээр тогтоогдсон.

7.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1-д “гэм буруу санаатай, эсхүл болгоомжгүй хэлбэртэй байна”, 2-д “өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан байна.

7.6. З.И- нь өөрөө хүсэж бусадтай бүлэглэн гэмт хэрэг үйлдээгүй байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д “ гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж хуульчилсан байдал шүүгдэгч З.И- нь уг үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байдал болон бусадтай бүлэглэсэн үйлдлээр санаатайгаар нэгдсэн нь эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэж үзэж байна.

7.7. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заагдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлын 6.5 дугаар зүйлийн 1.1-д тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэрэг шүүгдэгч З.И-ийн байдлыг харгалзахгүйгээр бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр хүндрүүлсэн байдал нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна.

7.8. Мөн анхан шатны шүүхээс эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн  “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” талаарх заалтын 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасан “...ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” талаар санал болгосон хүсэлтийг хүлээж аваагүй асуудалд гомдолтой байна.

7.9. Иймд шүүгдэгч З.И-т холбогдох эрүүгийн хэргийг дээрх гомдолд дурдсан хууль зүйн болон бусад нөхцөл байдлыг үндэслэн эрх зүйн байдлыг дээрдүүлж, ЭХХШТХ-ийн 1.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэл болон давж заалдах шатны шүүх хуульд заасан эрх хэмжээний хүрээнд ЭХХШТХ-ийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар зүйчлэлийг өөрчилж ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна.

 

8. Шүүгдэгч С.Х-, түүний өмгөөлөгч А.Серикжан нарын давж заалдах гомдлын агуулга:

8.1 Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/05 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

8.2. Хавтаст хэрэгт цугларсан хохирогч С.Ш-, гэрч Ж.С-, Р.Б, С.С- нарын мэдүүлгээр шүүгдэгч З.И-, С.Х- нарыг хамт явж байсныг харсныг гэрчилсэн болохоос тэднийг хохирогчийн орон байранд нэвтэрч хулгай хийснийг хараагүй байна.

8.3. Хүний эрхийн тухай олон улсын гэрээнүүд болон Монгол Улсын Үндсэн хуульд хүнийг хүнийх нь хувьд хүлээн зөвшөөрсний үндсэн дээр хүн бүр халдашгүй байх эрх, эрх чөлөөг баталгаатай эдлэх талаар зааж, хамгаалах механизмыг тогтоосон байдаг.

8.4. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт 9 дүгээр зүйлийн 1-т “Хүн бүр эрх чөлөөтэй, халдашгүй дархан байх эрхтэй" гэж, мөн зүйлийн 2-т “...буруутгаж байгаа аливаа үндэслэлийг даруй мэдэгдэнэ” гэж, мөн пактын 14 дүгээр зүйлийн 3-т “Хүн бүр өөрийг нь яллагдагчаар татсан аливаа эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхэд бүрэн тэгш эрхийн үндсэн дээр дараах наад захын баталгаагаар хангагдах эрхтэй”, (д)-д “өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээх тулган шаардалтад өртөхгүй” гэж, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 7 дугаар зүйлд “Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч алагчлалгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй." гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 14-т “өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрхтэй гэж тус тус заажээ.

8.5. Шүүгдэгч З.И-, С.Х- нар мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэг өгсөн боловч шүүх хуралдааны шатанд шинэчилж  мэдүүлэг өгөхдөө өмнөх мэдүүлгээсээ буцсан, өөрчилсөн өөрөөр хэлбэл тогтворгүй мэдүүлэг өгсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй тул яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцоход учир дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч З.И-, С.Х- нар гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдэж буюу бүлэглэж хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхэд хангалттай нотлох баримт хэрэгт байхгүй, тэднийг бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэхэд эргэлзээтэй байна.

8.6. Иймд шүүгдэгч З.И-, С.Х- нар бүлэглэж, 2023 оны 8 дугаар сарын 09-ний өглөө Баян-Өлгий аймгийн У сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр. “*******” тоот хашаанд байрлах иргэн Ж.С-, Б.Ш- нарын өвлийн байшинд хууль бусаар нэвтэрч, үүдний амбаарт байсан ууттай 4 кг ааруулыг хулгайлж, 160,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэх эргэлзээтэй асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/05 дугаар шийтгэх тогтоолоос шүүгдэгч С.Х-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, шүүгдэгч С.Х-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү.

 

9. Прокурорын давж заалдах шатны шүүхэд гаргасан хүсэлтэд:

9.1. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд анхан шатны шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гарсан гэж үзэж байгаа. Шүүгдэгч нарын хохирогчийн амбаарт байгаа угаалгын машин дээр байсан 4 кг ааруулыг авч яваад хохирогч нарт 160,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон.

9.2. Харин шүүгдэгч нарын давж заалдах гомдлыг сонсоход зарим шүүгдэгчийн өмгөөлөгч нар миний үйлчлүүлэгчийн гэм буруу байхгүй цагаатгаж өг гэсэн байр суурьтай. Мөн зарим өмгөөлөгч нар гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрч байна. Түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өг хэмээн гомдлын үндэслэлээ тайлбарладаг. Прокурорын зүгээс хэргийн зүйлчлэл гэмт хэргийн бодит байдалд нийцсэн буюу тохирсон гэж үзэж байгаа.

9.3. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлшгүй нотлогдож байна. Бас хэргийн хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан байдаг. Харин  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг хэрэглэх эсэх нь шүүхийн бүрэн эрхийн асуудал. Уг зүйл заалтыг хэрэглээгүй шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрөөгүй нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон. Тийм учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч нар болон тэд нарын өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

10. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.Х-ийн өмгөөлөгч С.Алтай, шүүгдэгч З.И-, түүний өмгөөлөгч Х.Тилеугавал нарын, мөн шүүгдэгч С.Х-, түүний өмгөөлөгч А.Серикжан нарын хамтран гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байх тул дараах үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж шийдвэрлэлээ.

 

            11. Шүүгдэгч З.И-, С.Х- нар нь бүлэглэж, 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн өглөөний 05-07 цагийн орчимд, Баян-Өлгий аймгийн У сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр, “*******” тоот хашаанд байрлах иргэн Ж.С-, Б.Ш- нарын өвлийн байшин буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, үүдний амбаарт байсан ууттай 4 кг ааруулыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 160.000 төгрөгийн хохирол учруулсан нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж, бэхжүүлсэн:

- хэргийн газарт үзлэг хийсэн талаарх “...хулгайд алдагдсан  ууттай ааруулыг тавьсан гэх газар нь тамбарын хойд хэсгийн сав суулгын шкафын зүүн хэсэгт байрлалтай угаалгын машины дээр байсныг гэрч Ж.С- зааж байсан...” гэсэн тэмдэглэлээр /гэрэл зургийн үзүүлэлтийн хамт, хэргийн 3-4 дэх тал/,

- З.И-ийн зөрчлийн хэрэгт холбогдогчоор өгсөн “...С-н гэрийн хажуугаар явж байгаад тэдний байшингийн хаалгыг татаж үзэхэд онгорхой байхаар нь миний хажууд явж байсан С.Х- бид хоёр орж, тамбарт байсан ууттай ааруулыг авч гарсан байсан...” гэсэн мэдүүлгээр /хэргийн 16-17 дугаар тал/,  

- С.Х-ийн зөрчлийн хэрэгт холбогдогчоор өгсөн “...С-н гэрийн хажуугаар явж байгаад тэдний байшингийн хаалгыг татаж үзэхэд онгорхой байхаар нь миний хажууд явж байсан З.И- бид хоёр орж, тамбарт байсан ууттай ааруулыг авч гарсан байсан. Тэр айлд хүн харагдаагүй байсан. Уг ааруулыг авч яваад С.С-ы хашаанд ойртон очиход С.С- хашаанд байсан. Тэгээд уг ааруулыг С.С-д гаднаас нь өгч архи авъя гэхэд нэг шил 0,5 литрийн архи өгсөн байсан...” гэсэн мэдүүлгээр /хэргийн 20 дахь тал/,

- шүүгдэгч З.И-ийн яллагдагчаар өгсөн “...замд Х- надтай тааралдсан. Тухайн үед О6 цаг орчим болж байсан ба гадаа гэгээ орсон  байсан. Х- бид хоёр хамтдаа хүнээс зээлээр ч болтугай толгой засах архи авч ууя гэж ярилцаад хамгийн эхэнд Болатын гэрийн гадаа очсон. Тэдний цонхыг хэсэг цохисон. Болат цонхоор хараагүй болохоор Х- бид хоёр цаашаа эргээд гудамж уруудаад явж байх үеэр Ж.С-н гэрийн гадна ирэхэд тэдний гэрийн хашаа хаалга нь онгорхой байсан. Тэгээд бид хоёр хоорондоо ярилцаад эднийх мах зардаг юм чинь ороод мах авъя гэж С-н гэр pуу Х- бид хоёр хамтдаа тэдний хаалгыг татах үед хаалга нь цоожгүй онгойсон, тэгээд гэрийн үүдний хэсэгт очиж дотор гэр рүү нь орох хэсгийн хаалгыг татаж үзэхэд хаалга нь цоожтой байсан болохоор Х- бид хоёр гэрээс гарсан. Тэгээд гэрийн гадна гарч зогсоод Х- бид хоёр ярилцсан. Тэр үед Х- надад хандаж сая С-н байшингийн үүдний хэсэгт угаалгын машин дээр ууттай мах байгаа юм шиг байна лээ, түүнийг аваад гараад ир гэж надад хэлсэн, тэр үед би Х-т яах юм бэ тэр мах мөн ч юм уу, биш ч юм уу мэдэхгүй шүү дээ гэхэд, чи ямар ч байсан түүнийг аваад гараад ир, түүнийг ганц архи болгочих байлгүй дээ гэж хэлэхээр нь би за тэгвэл чи энд зогсож бай гэж хэлээд би өөрөө С-н байшин руу орж, үүдний амбаарт байсан угаалгын машин дээр алаг тортой ааруул байхаар нь түүнийг аваад би өвөртөө хийгээд гарч ирсэн. Намайг гарч ирэх үед Х- хашааны гадна зогсож байсан. Тэгээд Х- бид хоёр нөгөө ууттай ааруулыг аваад ... С-д өгч оронд нь 0,5 литрийн 1 шил архи авч хамтдаа уусан” гэсэн мэдүүлгээр /хэргийн 104-105 дах тал/,

- шүүгдэгч С.Х-ийн яллагдагчаар өгсөн “...өглөөний 06-07 цагийн  орчимд байсан байх. Гудамжаар явж байхад манай сумын сургуульд  багшилдаг И- тааралдсан, хоёулаа толгой өвдөөд шартсан байдалтай байсан ба И- нь би С-н гэрээс авах ёстой мөнгө байгаа, чи наанаа байж байгаарай гэж хэлээд И- нь С-н гэр рүү орсон. Тэр үед би С-н гэрийн хашааны гадна зогсож байсан ба  удалгүй И- нь гарч ирээд С-, Ш нар гэртээ байхгүй  байна, алив хоёулаа явъя гээд  Болатын гэрийн хаалга цохиход Болат нь хаалгаа онгойлгоогүй, тэгээд ахиад намайг явъя гээд дагуулаад С-ы гэрт очих үед С- нь хашаан  дотроо үхэр саагаад байж байсан ба би бас л наана нь /хашааны гадна талд/ үлдсэн бөгөөд И- нь С-тай уулзсан, ирэхдээ 1 шил 0,5 литрийн архи авч  ирсэн, тухайн архийг бид хоёр нийлээд хамт уучхаад, би тэр  өдөр нь хадланд явах ёстой байсан болохоор И-ээс салаад шууд гэртээ харьсан, ахиж И-тэй уулзаагүй.

... И- нэг шил архи аваад ирэх үед нь би И-ээс “чи юун ааруул яриад байсан бэ” гэхэд “...би сая С-н гэр pуу ороход үүдний амбаарт байсан тортой ааруулыг нь хулгайлаад авчихлаа” гэж хэлсэн тэгээд би хариуд нь “дараа нь ямар нэгэн асуудал болохгүй биз дээ” гэхэд “оронд нь ааруул өгчхөж болно, эсвэл мөнгийг нь өгчихнө, зүгээр зүгээр” гэж хэлсэн” гэсэн мэдүүлгээр /хэргийн 114-115 дахь тал/

- гэрч С.С-ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 8 дугаар сарын 09-ний өглөө миний бие хашаан дотор үнээ саахад тусалж байхад хашааны гаднаас З.И- ганцаараа ирж, ууттай ааруул байна, хоёр шил архи өгнө үү гэж хэлсэн. Би ааруулыг хаанаас авч ирсэн бэ гэж асуухад гэрээс авсан байгаа гэж хэлсэн юм. Миний бие ааруулыг гэрт оруулж тавьсан, хэмжиж үзээгүй. З.И-т нэг шил архи өгнө гэж 0,5 литрийн нэг шил архи өгсөн....” гэсэн мэдүүлгээр /хавтаст хэргийн 11 дүгээр хуудасны ар тал/,

- хохирогч С.Ш-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр өглөө 05 цагийн үед миний нөхөр болох Ж.С- өмнөх орой нь бэлчээрт үлдсэн үхрийг тууж ирэхээр явах үед байшингийн хаалгыг онгорхой үлдээсэн байна. Миний бие өглөө 08 цагийн үед босож цайгаа ууж, дараа нь хотод байгаа хүүхдүүдэд хоол хүнс явуулахаар болж байшингийн үүдний хэсэгт тавьсан ууттай ааруулыг авах гэхэд тавьсан газарт байгаагүй юм. Уг ааруулыг урьд өдөр нь сумын төвд хөдөөгөөс ирсэн үл таних хүнээс 50.000 төгрөгөөр 4 кг ааруул худалдаж авсан байсан. Уг ааруулыг өглөө нөхөр маань гарч явсны дараа хэн нэгэн хаалга онгорхой байх үед орж авч явсан болов уу гэж бодож хөрш зэргэлдээ айлуудаас асуусан юм. Тэгээд хөрш болох Р.Б хэлэхдээ өглөө эрт Х-, И- гэх хоёр залуу манай гэрийн цонхыг тогшсон, бид нар хаалга тайлаагүй. Тэгээд доошилж явсан гэж хэлсэн юм.

...2023 оны 09 дүгээр сарын эхээр байсан байх манай сумын иргэн И- нь ирж нөхөр бид хоёртой уулзаад “2023 оны 08 дугаар сарын 09-ний өглөө 06 цагийн орчимд архи уусан согтуу явж байх үедээ хамт явсан Х- бид хоёр танай гэр лүү орж үүдний амбаарт тавьсан байсан ааруулыг авч гараад дэлгүүрт аваачиж өгөөд архи авч уусан нь үнэн, тийм болохоор намайг уучлаарай” гээд 120.000 төгрөгийг бэлнээр өгсөн юм. Тэгээд би И-тэй нэг сумын хүн болохоор түүнийг уучилсан. Харин Х- гэх хүн огт ирж уулзаагүй, уучлалт гуйгаагүй.

...И-, Х- нар нь манай сумын иргэд гэдгээр нь танина. И- сургуульд багшилдаг, Х- нь гудамжинд явж байхад нь тааралддаг. Эдгээр хоёр иргэн манай гэрт өмнө нь ирж байгаагүй, нөхөр бид хоёр И-, Х- нартай төрөл садны холбоо байхгүй, тэгээд ч нөхөр маань хүн болгонтой нийлээд архи уугаад байдаггүй болохоор тэдгээр хүмүүстэй нийлээд байдаггүй” гэсэн мэдүүлгээр  /хавтаст хэргийн 52-54 дэх тал/,

- гэрч Ж.С-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...миний бие сумын төвд хэдэн тооны үхэртэй бөгөөд 2023 оны 8 дугаар сарын 09-ний шөнө бэлчээрээс ирээгүй болохоор өглөө 05 цагийн үед босоод үхрээ хайхаар гэрээсээ гараад явсан. Тэгээд үхрээ туугаад 07 цагийн үед байсан байх гэртээ ирэхэд эхнэр Ш- надад “чамайг өглөө эрт гараад явсны дараа хотод байгаа хүүхдэд явуулах гэж хүнээс худалдан авч, үүдний амбаарт тавьсан 4 кг ааруулыг хулгайч ирээд аваад явсан байна” гэж хэлсэн. Тэгээд эхнэр бид хоёр ойр хавиас сураглаад олдоогүй болохоор нь цагдаад гомдол гаргасан. Удалгүй тухайн өдөр манай гэрт И-, Х- нар ороод ууттай ааруулыг хулгайлаад аваад явсныг мэдсэн ба И-, Х- нар ч гэсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн юм.

...манай үүдний амбаар байшинтай залгаа бөгөөд зуны улиралд ор, гал тогооны зүйлсийг тавьж, хоол ундыг бэлдэж амардаг өрөө байсан” гэсэн мэдүүлгүүдээр /хавтаст хэргийн 61-62 дахь тал/ хөтөлбөргүй тогтоогджээ.

 

            12. Прокурорын яллах дүгнэлт болон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч З.И-, С.Х- нарын дээрх хууль бус үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэж зүйлчилсэн нь гэмт хэргийг энэ хуулиар тодорхойлох хууль ёсны зарчимд нийцсэн бөгөөд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон тул З.И-, С.Х- нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гэм буруугийн зарчмыг бүрэн хангасан.

 

            Тиймээс шүүгдэгч С.Х-ийн өмгөөлөгч С.Алтайн шүүгдэгчийн зөвшөөрлөөр дангаараа гаргасан болон шүүгдэгч С.Х-ийн өмгөөлөгчтэйгөө /А.Серикжан/ хамтран гаргасан “С.Х-ийг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн давж заалдах гомдол хууль зүйн болон бодит үндэслэлгүй, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Х- нь шүүгдэгч З.И-тэй бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн нь хангалттай тогтоогдсон тул давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            13. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж авах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдэх нь материаллаг хохирлын хэмжээ шаардахгүй байхаар хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчилсан мөн зүйл, хэсэг, заалтаар хүний өмчлөх эрхээс гадна орон байрны халдашгүй дархан байх үндсэн эрхийг давхар хамгаалдаг онцлогтой. Тиймээс мөн зүйлд хуульчилсан /аутентик/ тайлбараар энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учирсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй боловч уг тайлбар нь энэ зүйлийн 2 дахь хэсэгт буюу хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдэхэд хамаарахгүй гэжээ.

 

            14. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хохирогч Ж.С-, Б.Ш- нарын өвлийн байшингийн зураг, үүдний амбаар нь тухайн өвлийн байшингийн бүтцэд багтсан салшгүй хэсэг мөн болохыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, тус амбаарт эд зүйл хадгалах, гал түлэх, амрах, гал тогооны зориулалтаар ашигладаг гэх хохирогч нарын мэдүүлэг, хохирогчийн дээрх амбаарт өглөөний 05-07 цагийн үед хууль бусаар сэмхэн нэвтэрч, дотор нь хадгалагдаж байсан эд зүйлийг хулгайлсан талаарх шүүгдэгч нарын мэдүүлгүүд буюу З.И-, С.Х- нарын бүлэглэж үйлдсэн дээрх үйлдэл холбогдлыг дүгнээд, шүүгдэгч нарын үйлдэлд хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан, шүүх Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, хэсэг, заалтыг хэргийн үйл баримтад зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэв.

 

            15. Шүүгдэгч З.И-, С.Х- нарын үйлдэлд “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” буюу эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хулгайлах гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүний шинжид “бүлэглэж үйлдсэн” нөхцөл байдлыг тухайн гэмт хэргийн үндсэн шинж болгон заагаагүй учраас үүнийг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөл байдалд тооцон харгалзаж үзсэн нь гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэгт үндэслэгдсэн, хууль ёсны зарчмыг хангасан, гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг журамд нийцсэн байна.

 

16. Хэрэгт цугларсан мөрдөн шалгах ажиллагааны тэмдэглэлүүд, яллагдагч, шүүгдэгч, хохирогчийн мэдүүлгүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь, хооронд нь харьцуулах замаар үнэлэхэд шүүгдэгч З.И-, С.Х- нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч, хулгайлах гэмт хэрэг үйлдэн, хохирогч Ж.С-, Б.Ш- нарын Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 3, 13 дахь хэсэгт заасан, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эд хөрөнгө өмчлөх, орон байр нь халдашгүй байх үндсэн эрхэд халдсан нь тогтоогдсон байна.

 

Иймээс З.И-, С.Х- нарт шүүхийн шийтгэх тогтоолоор тус бүр хуульд заасан төрөл, хэмжээний дотор хоёр жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь тэдний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчмыг хангасан байна.

 

17. Эрүүгийн эрх зүй дэх хууль ёсны зарчим нь Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтууд болон бусад хуульчилсан хэм хэмжээг чанд сахих, тэдгээрт бүрэн захирагдаж, өчүүхэн ч хазайхгүй биелүүлснээр нэг мөр дагаж мөрдөх явдлыг хангах байдлаар илэрдэг. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд хууль бусаар нэвтэрч үйлдэн, бага хэмжээний хохирол учруулсан тохиолдлыг хууль тогтоогч Эрүүгийн хуулиар хориглож, гэмт хэрэгт тооцсон бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь энэ хуулийн зорилго байхаар хуульчилсан. Тиймээс шүүгдэгч С.Х-ийн өмгөөлөгч С.Алтайн “...атгасан нударгын чинээ 4 ширхэг буюу 4 кг ааруулын төлөө 2 иргэнээ 2 жилээр ял шийтгэж, эрх зүйн байдлыг хэт доордуулсан тул шүүгдэгч С.Х-ийн үйлдлийг хянаж түүнд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

18. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

19. Шүүгдэгч С.Х-ийн өмгөөлөгч С.Алтай үйлчлүүлэгчээ цагаатгаж өгнө үү гэсэн байр сууринаас давж заалдах гомдол гаргасан атлаа “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг баримталж, үлдсэн хорих ялаас 1 жилийг хасаж өгнө үү” гэх хүсэлтийг давж заалдах гомдолдоо хавсаргасан, шүүгдэгч З.И- болон түүний өмгөөлөгч Х.Тилеугавал нарын “анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг хэрэглээгүйд гомдолтой байна” гэсэн давж заалдах гомдлуудыг тус тус хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хэдийгээр шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад хуульчилсан хорих ялын интервал бүхий гэмт хэрэгт хамаарч байх боловч уг заалтыг шүүхээс хэрэглэх урьдчилсан нөхцөлийг мөн зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн”  байдлыг харгалзана гэж хуульчилсан. Гэтэл З.И-, С.Х- нарын үйлдсэн гэмт хэрэг тогтоогдсон боловч шүүгдэгч нар тус тусдаа өгсөн мэдүүлэгтээ хэргийн үйл баримтын талаар зөрүүтэй мэдүүлдэг, гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрдөггүй, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдал тогтоогдоогүй учраас анхан шатны шүүхийн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглээгүй дүгнэлтийг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

 

20. Түүнчлэн шүүгдэгч З.И-, С.Х- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан төрөл, хэмжээний дотор хоёр жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэсэн шүүхийн шийтгэх тогтоол шударга ёсны зарчимд нийцсэн буюу шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, хулгайлах гэмт хэргийг орон байранд хууль бусаар нэвтэрч үйлдсэн хэргийн нөхцөл байдал, тухайн хулгайлах гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгч нарын хувийн байдалд нь тус тус тохирсон учраас, мөн давж заалдах гомдлуудад заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг өөрчлөх, хүчингүй болгох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан аль нэг үндэслэл тогтоогдоогүй тул гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

           

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2024/ШЦТ/05 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Х-ийн өмгөөлөгч С.Алтай, шүүгдэгч З.И-, түүний өмгөөлөгч Х.Тилеугавал, шүүгдэгч С.Х-, түүний өмгөөлөгч А.Серикжан нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧ                                                           М.НЯМБАЯР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ӨМИРБЕК