Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 20

 

 

 

 

 

 

      2018        01          04                                           20

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Б.Дэлгэрдалай,

иргэдийн төлөөлөгч Ж.Хишигдэлгэр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Л.а, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1476),

шүүгдэгч Б.О.н, түүний өмгөөлөгч Н.Цэрэндулам (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0192), Б.Энхтүвшин (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0938),

шүүгдэгч Д.П.рж, түүний өмгөөлөгч Б.Тэнгис (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0518)

шүүгдэгч А.М.т, түүний өмгөөлөгч Ж.Яринпил (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0013), Б.Бат-Ерөөлт (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1954) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Харагчууд овогт Б.мын О.н, Боржигон овогт Д.ржийн П.рж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалт, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, А.үүгийн М.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2014 2600 05328 дугаартай 6 хавтас хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Харагчууд овогт Б.мын О.н,

2. Боржигон овогт Д.ржийн П.рж, Монгол Улсын иргэн,

3. Шарав овогт А.үүгийн М.т, Монгол Улсын иргэн,

Холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.О.н нь Д.П.ржтой бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө ЛХ-Аөөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Б.гатай “нялх хүүхэд байхад гэрт тамхи татлаа”  гэж маргалдаж улмаар Б.Б.гыг нүүр, толгойн тус газар нь гараараа цохиж тархины зөөлөн бүрхүүлийн тархмал цус харвалт, тархины эдийн няцрал бүхий гэмтэл учруулж хүнийг алсан,

Мөн Б.О.н нь 2014 оны 10 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө ЛХ-Аөөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийтийн хэв журмыг Д.П.рж, А.М.т нартай бүлэглэн зөрчиж Б.Б.гын нүүр, толгойн тус газар нь гараараа цохиж хүч хэрэглэж түүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан.

2. Яллагдагч Д.П.рж нь Б.О.нтой бүлэглэн 2014 оны 10 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө ЛХ-АБ.О.ны гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Б.гыг “намайг цохилоо”  гэж түүний нүүр рүү гараараа 3-4 удаа цохиж тархины зөөлөн бүрхүүлийн тархмал цус харвалт, тархины эдийн няцрал бүхий гэмтэл учруулж хүнийг алсан,

Мөн Д.П.рж нь 2014 оны 10 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө ЛХ-АБ.О.ны гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийтийн хэв журмыг Б.О.н, А.М.т нартай бүлэглэн зөрчиж Б.Б.гын нүүрэн тус газар нь гараар цохиж хүч хэрэглэж түүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан.

3.  Яллагдагч А.М.т нь 2014 оны 10 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө ЛХ-АБ.О.ны гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ нийтийн хэв журмыг Б.О.н, Д.П.рж нартай бүлэглэн зөрчиж Б.Б.гын цээжин тус газар нь өшиглөн хүч хэрэглэж түүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ;

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.О.ны мэдүүлсэн: “...Бид нар нийлж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардалд 4,350,000 төлсөн... Мөн би амь хохирогчийг зодоогүй, амь хохирогчийг зүгээр бай гээд нэг удаа  алгадсан. Гэрт тамхи татлаа гэж ...хэлэхэд над руу дайрахад нь нүүр рүү нь нэг удаа алгадсан... П.рж бид хоёрыг боль гээд салгасан, цохиж зодсон гэдгийг хараагүй... амь хохирогч юм яриад, гарч ороод, тамхи татаж байсан...гадна ил харагдах шарх, гэмтэл...байгаагүй...би амь хохирогчтой маргалдах болсон шалтгаан нь ...гэрт тамхи татлаа гэх шалтгаанаар маргалдсан...Манай гэрт надаас өөр амь хохирогчтой маргалдсан хүн байгаагүй...энэ хэрэг маргаан нь ...шөнийн 12 цагийн үед болсон...мөн М.т амь хохирогчийг нэг удаа өшиглөсөн ...босоод ирэхэд нь урдаас нь өшиглөсөн...намайг амь хохирогчтой маргалдсанаас хойш М.т өшиглөх хүртэл...хугацаа нь...2-3 цагийн болсон... мөн П.рж гар хүрсэн... энэ хооронд ...бараг 2 цаг гаруй болсон......би яллах дүгнэлтэд дурдагдсан 2 зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.П.ржийн мэдүүлсэн: “...Би амь хохирогчийг зодоогүй...Миний хувьд энэ хэрэгт оролцоо байхгүй...мөн бүлэглэн танхайрсан зүйл надад байхгүй...мөрдөн байцаалт болон өмнөх шүүх хуралдаануудад хэргийн талаар үнэн, зөв мэдүүлсэн... Амь хохирогч О.нтой маргалдаж байгаад амь хохирогч ширээн дээр байсан аяга өшиглөсөн. Тэгээд М.т амь хохирогчийг өшиглөсөн...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.М.тын мэдүүлсэн: “...Хоорондоо зодолдоод байхаар нь боль гээд хэд хэдэн удаа шаардлага тавиад болохгүй болохоор нь өшиглөсөн... амь хохирогч нь хүн хүн рүү дайраад байхаар нь болиоч гэж шаардлага тавьсан...би тухайн үед хэд хэдэн удаа шаардлага тавьсан...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Лх-вн мэдүүлсэн: “...Эдгээр хүмүүст гомдолтой байна. Оршуулгын зардал өгсөн. Өмгөөлөгчийн хөлс өгөөгүй. Би өөрөөсөө болон ах дүүсээсээ авч өгсөн. Шүүгдэгч нар манай гэрээр орж гараагүй, олон жил болж байхад хэн нь ч эргэж ирээгүй. М.т л нэг удаа ирсэн. Оршуулганд хэрэглэсэн үхэр болон хонины мах 1,250,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 3,000,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Лх-вн мөрдөн байцаалтад өгсөн: “...2014 оны 10 дугаар сарын 29-ний шөнө талийгаач хүүг маань найз Ш.ярын хамт гэртээ унтах гэж байх үед найз охин нь утсаар яриад хүргээд өгөөч гэж ярьсан. Тэгэхээр нь би хэн юм бэ гэж асуухад манай найз хүүхэн байна, би гэрт нь хүргэж өгөөд ирье гэж хэлсэн. Тэгээд найз Шинээгийн хамт машинаа асаагаад гарч яваад гэртээ ирж хоноогүй. ...Маргааш өглөө нь О.ны гэрийнх нь гадаа манай хүүгийн саарал өнгийн машин нь бас өөр цагаан өнгийн 2 жижиг суудлын автомашин зогсож байсан. Тэгээд гэрт нь орох гэтэл хаалга нь цоожтой байхаар нь гэрийнх нь гадаа зогсож байтал О.н, Ш.яр хоёр талийгаач хүүгийн машинаас гарч ирээд гэр рүүгээ орохоор нь дагаад гэрт нь ортол нэг хүүхэдтэй хүүхэн, өөр нэг хүүхэн залуу хоёр байсан. Тэгээд хартал миний хүү зуухны хойно дээгүүрээ дээл нөмөрчихсөн хэвтэж байсан. Тэгэхээр нь би хүү дээрээ очоод үзтэл миний хүү өөрийн ухаангүй өмдөндөө шээж, баачихсан бүх бие нь хөрчихсөн хэвтэж байсан. ...Би түргэн дууд гэж хашхираад хүүхдээ хараад сандраад орилсон чинь нэг танихгүй залуу түргэн дуудаад түргэний эмч ирж үзээд шууд аваад гэмтлийн эмнэлэгт хүргээд хэвтүүлсэн. Гэмтлийн сэхээний тасагт хэвтээд удаагүй 15 цагийн үед ухаан орохгүй байж байгаад нас барчихсан...Би хүүгийнхээ оршуулгын зардалд А.М.т, Д.П.рж, Б.О.н нараас нийт 4 сая гаран төгрөг нэхэмжилсэн ба тэр мөнгийг авсан. Харин тухайн үед оршуулгын зардалд Төв аймгийн Алтанбулаг сумаас нэг үхэр 1.000.000 төгрөгөөр, нэг хонь 250.000 төгрөгөөр авч хэрэглэсэн. Мөн өмгөөлөгчийн хөлс 3.000.000 төгрөг нийт 4.250.000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 95),

2. Гэрч Б.Ш.ярын (амь хохирогчийн найз)  мөрдөн байцаалтад;

- 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: Би 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдөр ...22 цагийн үед найз...Б.гын хамтаар...1 хорооллын 32 дугаар байрны буудал дээр очоод машинтайгаа О.нцэцэгийг хүлээгээд сууж байсан чинь ирээгүй. ...тэгсэн О.нцэцэг нь би гэр рүүгээ явж байна чи араас хүрээд ир гэж Б.гад утсаар хэлсэн. Тэгээд бид хоёр...колонкийн ...талаас очиж О.нцэцэгийг аваад тэндээсээ Б.га О.н гэх найзтайгаа яриад гэр рүү нь явсан. Тэдний гэрт ортол О.ны эхнэр хүүхэд хоёр байхаар нь замдаа авсан савтай Боргио пиво уугаад сууж байтал О.н удаагүй ...П.ржийн хамтаар ороод ирсэн. Тэгээд гадаа машин дотор О.н, Б.га, П.рж бид 4 нөгөө том пиво уугаад юм яриад суусан. Тэрний дараа О.н, Б.га бид нар архи олж ирье гээд гадуур гарсан чинь ерөөсөө тэр хавийн дэлгүүрүүд хаалттай архи олдоогүй. Буцаад гэртээ ирээд О.н, П.рж хоёр Өвөрхангай аймаг руу ажлаар шууд явлаа гээд...П.ржийн машинтай гарсан. ...бид 3 унтаж байсан чинь гаднаас О.н, П.рж хоёр бас танихгүй залуугийн хамтаар буцаад ороод ирсэн. Ирэхдээ гаднаас 1 шил архитай ирсэн. ...Тэгтэл Б.га “гэрт тамхи татсан” чинь О.н “гэрт битгий тамхи татаад бай, гэрт нялх хүүхэд” байна. Гараад “тамхиа тат” гэж хэлтэл Б.га “чи битгий новшроод бай, тамхи байнга л татдаг” биз дээ гээд тамхиа унтраагаад зуух руу шидсэн. Тэгсэн чинь О.н “чи яагаад байгаан” гээд уурласан чинь Б.га “битгий хуцаад бай, хэзээ ийм болчихсон юм чи, гөлөг минь” гээд хэлсэн чинь О.н уурлаад чи муу бацаан давраад байгаа юм уу гээд дайраад Б.гыг дарж аваад дээрээс нь нүүр хэсэг рүү гараараа 2-3 удаа цохиод авсан ...П.рж том аягаар цай уугаад сууж байхад нь Б.га ороод П.ржийн аягатай цайг аваад гар дээрээ бариад уусан. Тэгээд цай ууж байхдаа Б.га маргааны шинжтэй зүйл яриад ерөөсөө чимээгүй болохгүй байхад О.н гэнэт уурлаад түүний гартаа барьсан аягатай цай руу нь өшиглөөд авсан чинь аяга нь унаад хагарахдаа, аяганы хэлтэрхий нь хажууд байсан П.ржийн хөмсөгний дээд талд зүсэгдээд цус гараад тэрийг маарлаар боогоод байж ...байсан. Тэгж байтал П.рж гэнэт Б.га намайг цохиод авлаа гээд Б.га гэрийн зүүн талын орон дээр сууж байхад нь дайраад муу банди чинь яаж байна, алаад өгнөө гээд дээрээс нь дараад гараараа хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгэхээр нь дахин очоод салгасан чинь Б.гын уруул хэсэг язарчихсан хамраас нь цус гараад талийгаач “О.н та нар найзуудтайгаа нийлээд намайг зодож байгаа юм уу” гээд хашхираад байсан. ...Гэрт орсон ч гэсэн Б.га дуугүй байхгүй зүүн талын орон дээр сууж байгаад агсраад байсан чинь О.н, П.рж хоёртой хамт орж ирсэн залуу гэнэт уурлаад чи айлын гэрт хамаагүй ингэж болохгүй гээд Б.гын цээж хэсэг рүү нэг удаа маш хүчтэй өшиглөөд авсан чинь Б.га чимээгүй болоод нам суугаад гэрийн шалан дээр хэвтээд өгсөн. ...Б.га миний хажууд унтаад байсан. ...Анхны маргаан бол ерөөсөө гэрт Б.гыг тамхи татсан гэж О.н хэлснээс болоод л маргаан гарчихсан юм. Тэгээд тэрнээс хойш талийгаач Б.га согтуурхаад дуугүй байхгүй хүнтэй маргалдаад агсраад байсан юм. ...Хамгийн эхлээд О.н талийгаачийг нүүр, толгойн тус газар нь их хурдан 3-4 удаа гараараа цохиод авсан. ...Тэрний дараа П.рж талийгаачийг орон дээр байхад гараараа толгойн тус газар нь бас л 3-4 удаа цохиод авсан. Хамгийн сүүлд нөгөө хамт орж ирсэн танихгүй гэх залуу уурлаад цээжин тус газар нь хүчтэй нэг удаа өшиглөөд авсан чинь талийгаач унасан. Тэр үед хамраас нь цус гараад уруул нь язарсан зүүн талын нүд хэсэг бага зэрэг туяа орчихсон байсан байх сайн мэдэгдээгүй...” (1 дүгээр хавтаст хэргийн 28-29),

- 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн: “...Б.га уурлаад цухалдаад байсан чинь О.н гэнэт дайраад Б.гыг барьж аваад толгойн тус газар нь гараараа цохиод авахаар нь би очоод салгасан. ...Б.гыг О.н, П.рж хоёр цохиж авч зодсон. ....Гэр тоггүй харанхуй байсан нь үнэн. Гэхдээ гар утасны гэрэл унинд хавчуулсан байсан бөгөөд О.н Б.гатай маргалдаад гараараа толгой руу нь цохиж байсан санагдаж байна. Яагаад гэхээр барьцалдаж аваад орон дээр дарж унагаад өөрөө дээр нь гараад толгойн хэсэгт цохиж авч байсан. Салгасны дараа нь П.рж гэнэт Б.га намайг цохиод авлаа гэж хэлээд Б.гыг орон дээр, дээрээс нь дараад гараараа толгойд нь цохиж авсан. ...Түүнээс өөр газар цохиж аваагүй. Сүүлд машин барьж явсан гэх танихгүй залуу нь Б.гыг зүүн орон дээр сууж байхад нь чи одоо дуугүй байгаач агсан тавиад байхын гэж хэлээд нэг удаа цээж рүү нь өшиглөөд авсан...чинь талийгаач унасан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 30)

- 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн ”...О.н уурлаад Б.гыг...орон дээр сууж байхад нь дээрээс нь дараад арагш нь орон дээр хэвтүүлээд өөрөө дээр нь гарч суугаад Б.гын нүүрний хэсэг газарт нь 3-4 удаа гараараа цохисон ....Б.га дахиад л хэрүүл хийгээд элдэв юм яриад байж байтал П.рж гэнэт энэ муу намайг цохичихлоо гэснээ Б.гыг зүүн талын орон дээр сууж байхад нь мөн дээрээс нь дараад арагшаа орон дээр хэвтүүлээд дээр нь гарч суугаад мөн нүүр орчимд нь 3-4 удаа цохиход ...би салгаад Б.гыг аваад гарсан. ...буцаж ороход Б.га зүүн орон дээр очиж суугаад дахиад л агсраад чанга чангаар хашхираад байхад нь зүүн орны урд буланд сууж байсан М.т гэх залуу босч ирээд чи айлд байж яагаад хашхичаад байгаа юм гээд...цээж орчим газарт нь нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 32, 33),

- 2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр өгсөн “...Би ямар нэг эмнэлгийн хяналтад байдаггүй. Намайг сэтгэцийн хувьд эрүүл эсэх талаар...сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв дээр очиж шалгуулсан. Тэгэхэд...эрүүл гэсэн дүгнэлт гарсан. ...талийгаач татаж байсан тамхиа зуух руу шидсэн чинь О.н чи намайг доромжилж гал голомт руу тамхи шидлээ гээд уурлаад талийгаач руу дайрч талийгаачийг орон дээр унагааж улмаар нүүр рүү нь  гараараа 3-4 удаа цохиж авсан тэгэхээр нь...тэр хоёрыг салгасан. ...талийгаач О.н руу үг хаяад хэл амаар доромжлоод байсан чинь О.н талийгаачийн ууж байсан аягатай цайг нь өшиглөх үед аяга нь хагарч П.ржийн хөмсгийг сэтэлчихсэн. Тэгээд П.ржийн цусыг нь цэвэрлээд тогтохгүй болохоор нь даавуугаар боосон. Тэгээд П.рж талийгаачийн урдуур явж байснаа юу болсон юм мэдэхгүй нэг мэдсэн талийгаач руу чи намайг яахаараа цохьж байгаа юм гээд дайрч талийгаачийн нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохиж авахаар нь мөн...салгасан. Тэгтэл талийгаачийн хамраас цус гарсан байсан. Талийгаач ерөөсөө тайвширхгүй уурлаад янз бүрийн хараалын үг хэлээд байсан чинь...М.т талийгаачийн урд нь сууж байгаад айлд агсам тавьж  айл гэр үймүүлээд байхдаа яадгийн гэж уурлаад талийгаачийн цээж рүү нь өшиглөөд авахаар нь би М.т руу гүйж очоод та нар яахаараа нэг хүн рүү дайрдаг юм гээд барилцаж аваад хартал талийгаач орон дээр сууж байснаа орны урдуур эвхрээд уначихсан хэвтэж байсан....” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 102, 103),   

- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2015 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 366 дугаар дүгнэлт

“...Болсон хэргийн талаар өөрийнх нь үгээр: ...Б.га гэрт нь тамхи татаад О.н гэрт тамхи татлаа гээд маргалдаад Б.гыг унагаагаад толгой руу нь цохисон. Гараараа цохисон. ...Тэгээд бас тухайн үед байсан нэг залуу бас дараад толгойн тус газар цохисон. Нэг залуу нь айлд агсам тавьлаа гээд өшиглөсөн. Б.гыг нийт 3 хүн зодсон. ...тухайн үед Б.гын хамарнаас цус гарч байсан...ДҮГНЭЛТ

1. Б.Ш.яр нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

2. Б.Ш.яр нь хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна.

3. Б.Ш.яр нь болсон үйл явдлыг тусган мэдүүлэх чадвартай байна.” гэх дүгнэлт (2 хавтаст хэргийн 55),

3. Гэрч Б.О.нцэцэгийн (амь хохирогчийн найз хүүхэн) мөрдөн байцаалтад;

- 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өгсөн “...Би Б.га гэх залууг...мэддэг болоод 3-4 жил болж байна. Саяхнаас үерхэж эхэлсэн. Өчигдөр буюу 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 01 цаг болж байхад Орбитын эцсийн тэнд байх колонкоос гэр рүүгээ хүргүүлэх зорилготой утас руу нь залгаж дуудсан. Залгахад дөнгөж гэртээ орж ирж байна гэсэн бөгөөд намайг ирж авахаар болсон. Тэгээд удалгүй өөрийнхөө...машинтайгаа Ш.яртай цуг ирээд бид гурав уулзаж сууж байгаад О.ныд очихоор болсон юм. Тэгээд тэдний...гэрт нь очоод хаалгыг нь тогшоод байж байтал гаднаас О.н, П.рж 2 нэлээн уучихсан байдалтай ирсэн ба бид нар гэрт нь ороод сууж байгаад О.н, П.рж 2 гарч яваад 04 цаг өнгөрч байхад орж ирсэн. ...орж ирэхдээ 1 шил 0.75 литрийн Улаанбаатар нэртэй архи авчирсан...бид нар бүгдээрээ хувааж ууцгаасан юм. ...орж ирэхдээ миний танихгүй нэг ахтай хамт орж ирсэн. ...Б.га гэрт тамхи татсан чинь О.н уурлаад байсан. ...О.н эхлээд Б.гатай маргалдаж байгаад Б.гын уруул руу нэг удаа гараараа цохисон. ...тэгээд л хоорондоо цохилдоцгоогоод байсан. ...тэгсэн машин барьж ирсэн ах чи одоо арай дэндэж байгаа юм биш үү гээд нэг удаа өшиглөсөн хаашаа гэдгийг нь мэдээгүй тэгсэн л Б.га гэрийн зүүн талын орны урдуур унаад өгсөн. ....Ямар ч байсан О.н Б.гын уруул руу нэг удаа гараараа цохисон, П.рж болохоор гар руу нь буюу мөр рүү нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 35, 36),

- 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр өгсөн: “...Б.га О.нтой барьцалдаж аваад хоорондоо ноцолдоод баруун билүү зүүн талын орон дээр хоорондоо цохилцож аваад  байсан. Би хаана нь цохиж авсныг хараагүй. ...П.ржийн гар утасны гэрлийг асааж гэрэл хийж байсан ба тэр үед П.ржийн гар утас дуугарсан. Тэгээд гар утсаа авах гэхэд талийгаач босч ирээд П.ржтой барьцалдаж аваад тэр орон дээр ноцолдоод байсан цохиж авсан үгүйг нь харж чадаагүй. ...О.нтой зодолдсоны дараа Б.гыг харахад амнаас нь юм уу хамраас нь цус гарсан байсан. ...талийгаач Б.га гэрийн зүүн талын орон дээр сууж байхад машин барьж явж ирсэн гэх М.т нь чи арай дэндэж байгаа юм биш үү гээд босч ирээд биеийн урд хэсэгт нь нэг удаа өшиглөөд авсан. ...Миний харсан зүйл гэвэл П.рж, О.н хоёр Б.гатай маргаж, ноцолдож барьцалдаж аваад хоорондоо цохилцож авсан. Гэхдээ би хаана нь цохиж авсан эсэхийг харж чадаагүй, М.тын хувьд цохиж барьцалдаж аваагүй, шууд нэг л удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 37),

- 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн: “... яг үнэндээ М.т босч ирээд чи арай дэндэж байгаа юм биш үү гээд талийгаачийг өшиглөөд авсан яг хаана өшиглөсөн эсэхийг нь сайн хараагүй, мэдэхгүй байна. ...О.н, П.рж нар талийгаачтай орон дээр ноцолдоод гараараа хоёулаа цохиод байсан, хаана нь хэдэн удаа цохиж авсан талаар хараагүй. М.т нэг удаа өшиглөж авсан...” гэх мэдүүлэг  (2 дугаар хавтаст хэргийн 35),

- 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн: “...А.М.т чи болиоч арай ингэж болохгүй ш дээ гээд байсан тэгэж байгаад босч ирээд талийгаачийн урд хавь руу нэг удаа өшиглөсөн тэгтэл талийгаач орны урдуур эвхрээд унасан...талийгаачийн яг хаана өшиглөсөн болохыг мэдэхгүй...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 101),

4. Гэрч Д.О.яагийн (шүүгдэгч Б.О.ны эхнэр) мөрдөн байцаалтад өгсөн:

- 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өгсөн: “...2014 оны 10 дугаар сарын 29-ний орой гэртээ хүүгийнхээ хамтаар амарч байхад шөнө гаднаас О.нцэцэг, Б.га, Ш.яр нар орж ирээд манайд хонох талаар ярьж байсан. Тэгсэн араас нь удаагүй манай нөхөр О.н, П.рж хоёр ороод ирсэн, тэгснээ тэр хоёр Өвөрхангай явах талаар хэлж яриад буцаад явлаа гээд гараад явсан. Эргээд амарч байсан чинь бараг 1 цагийн дараа буцаад манай нөхөр О.н, П.рж бас нэг найзынхаа хамтаар гаднаас орж ирсэн. Ирэхдээ 1 шил архи аваад ирчихсэн тэрийгээ гэрт ууцгаасан. ...Б.га ...тамхи аваад гэрт асаагаад татсан чинь манай нөхөр гэрийн өрх бүтээчихсэн байна, хүүхэд байхад наад тамхиа гараад татчих гэж хэлсэн чинь Б.га уурлаад чи ямар арчаагүй зантай юм, ганц тамхи татахад юу болдог юм гэж байснаа манай нөхрийг нүүрэн тус газар нь цохиод авсан чинь манай нөхөр эргүүлээд Б.гын нүүр, хамар хэсэгт нь нэг удаа цохиод авсан чинь бусад найз нар нь босож ирээд тэр хоёрыг салгасан. Б.га маш их уурлаад чи намайг зодлоо гээд тэрүүгээр агсан тавиад, хамраас цус гарчихсан. Тэрний дараа хажуунаас П.рж яах гэж ингээд байгаан, битгий зодолдоод байгаач гэж хэлтэл Б.га уурлаад агсраад байснаа Б.га, П.ржтой зууралдаад орон дээр зодолдоод эхэлсэн. ...П.рж цай уугаад сууж байсан чинь Б.га гаднаас орж ирээд П.ржоос аягатай цайг нь өгчих гээд аваад уусан. Тэгсэн манай нөхөр ахиж уурлаад ууж байсан цайтай гар руу нь өшиглөөд авсан чинь аяга нь гэрт унаад хагартал аяганы хагархай П.ржийн хөмсгийг нь зүсчихсэн. ...тэгтэл манай нөхөр, П.рж хоёртой хамт орж ирсэн залуу гэнэт босоод айлын гэрт зүгээр байж чадахгүй агсан согтуу тавиад байх юм гээд орон дээр сууж байхад нь өшиглөөд авсан чинь Б.га шууд уначихсан. ...Манай нөхөр О.н хамгийн эхлээд гараараа түүний нүүр рүү 1 удаа цохиж авсан чинь хамраас нь цус гарсан. Дараагаар нь П.рж гараараа цохиод авсан. Хэдэн удаа цохиж зодсон талаар мэдэхгүй байна, барьцалдаад зууралдаад байсан. Хамгийн сүүлд нөгөө хамт ирсэн гэх залуу маш хүчтэй толгой хэсэг рүү өшиглөөд авсан. ...Б.гын биед хамраас нь цус гарчихсан байсан. ...Сүүлд харин өшиглүүлээд эвхрээд уначихсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 31, 32),

- 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн: “...манай нөхөртэй маргалдаад барьцалдаж аваад орон дээр ноцолдох үед бид нар салгасан чинь Б.гын хамраас нь цус гарсан байсан. Гэр тоггүй харанхуй байсан болохоор хаана нь цохиж авсан эсэхийг нь хараагүй. Дараа нь П.рж талийгаачтай барьцалдаж аваад ноцолдоод хоорондоо зодолдоод байсан хаана хаана нь цохиж авсан эсэхийг нь мэдэхгүй байна. Хамгийн сүүлд М.т талийгаачийг нэг удаа толгойн хэсэгт нь өшиглөж авсан яг хаана нь өшиглөж авсан эсэхийг нь хараагүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 33),

- 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн: “...Би О.н, П.рж нарын цохиж авсныг харсан О.н нүүр рүү нь уруул, ам орчимд нь гараараа нэг удаа, П.рж нүүрэнд нь хацар орчимд нь нэг удаа гараараа цохиж авсан. М.т нэг удаа толгойн чих хэсэгт нь өшиглөж авсан. ...Энэнээс өөр зодоон маргаан болоогүй...маргаж муудаж зодолдож байхдаа талийгаач зүгээр хэвийн хөдлөөд байж байсан. ...Би яаж харсан гэхээр П.ржийн гар утасны гэрэл туссан байсан, тэнд байсан Ш.яр, О.нцэцэг хоёр хажууд байсан болохоор харсан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 34),

- 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн: “...Талийгаач эхлээд манай нөхөртэй муудалцаад нүүр рүү нь гараараа цохиод авсан тэгтэл манай нөхөр зөрүүлээд талийгаачийг цохиж аваад улмаар хоёулаа орон дээр унаад бие биенийгээ цохиж аваад байсан. Яг хаана яаж цохиж авч байсныг сайн хараагүй. ...Түүний дараа П.рж утсаа авах гээд босох үед талийгаач П.ржийг цохиод авсан тэгтэл П.рж уурлаад талийгаачийг хэд хэдэн удаа цохиж авсан...А.М.т чи дуугүй байхгүй яах гээд байгаа юм айл үймүүлээд гээд уурлаж босч ирээд талийгаачийг өшиглөчихсөн....” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 104)

4. Гэрч Д.Ш.вийн (амь хохирогчийн танил) мөрдөн байцаалтад өгсөн: “...2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн өглөө 09 цаг өнгөрч байхад би Б.гын гэрийн үүдэнд очоод хартал байхгүй байсан ба би Отгоо гэдгийнд байгаа байх байвал хамт гарч таксинд зогсъё гэж бодоод тэднийд очтол тавуулаа байсан. ...Намайг очиход Отгоогийн гэрийн гадна талийгаачийн машин байсан ба бас нэг саарал өнгийн Верна маркийн машин зогсож байсан. Намайг ороход талийгаач гэрийн хоймор талд орны урдуур ертөнцийн зүгээр баруун тал руу толгой хэсэг нь харчихсан гар нь тохойгоороо дээш нугаларсан татаад байсан ба сонин сонин дуугараад хурхирч байгаа мэт хэвтэж байсан.... Талийгаачийг харахад дээд уруул нь дотроо хавдсан бололтой уруул нь хатчихсан цус болчихсон байсан....нээрээ өмдөндөө шээчихсэн байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 34),

5. Гэрч Д.О.яа, Б.О.нцэцэг нарыг мөрдөн байцаалтад нүүрэлдүүлэн байцаалт авахад: “...Б.О.ныг цохиж зодолдсоны дараа Д.П.рж 5-10 минут болсны дараа хоорондоо зодолдсон. Түүний дараа 20-30 минутын дараа А.М.т талийгаачийг өшиглөсөн...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 170),  

6. Гэрч Б.Энхтуяагийн (Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч) мөрдөн байцаалтад өгсөн:  “...2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ажил дээрээ үүрэг гүйцэтгээд байж байсан ба энэ өдөр манай эмнэлэгт их хүнд өвчтэй өвчтэй хүмүүс ирдэг бөгөөд Б.Б.га гэх 26 настай эрэгтэй хүн ирж хэвтсэн. Хүлээн авах тасгаас ирснийг тасагтаа 11 цаг 18 минутад хүлээн авч эмчилгээ хийж эхэлсэн. Өвчтөний биеийн байдал маш хүнд ухаангүй комийн байдалтай ирсэн. Ком гэдэг нь өвчтөн ухаангүй байхыг хэлдэг. Эрхтэн систем тархины системийн үйл ажиллагаа бүрэн алдагдсан байсан. Өвчтөний толгойг компьютерт, хэвлийг эход, цээжийг рентген зураг авахуулж харуулсан. Мөн хавсарсан үрэвслийн эсрэг антибиотик, тархины хаван бууруулах эмчилгээ, тархины цусан хангамж сайжруулах, хаван хөөх, шимэгдүүлэх, шингэн сэлбэх, өвдөлт намдаах болон бусад шинж тэмдгийн эмийн эмчилгээ хийсэн. Өвчтөнд тархины хүнд гэмтэл, тархины хүнд зэргийн эдийн няцрал сак буюу цус харвалтууд, тархи хавантай онош компьютерт харуулахад тогтоогдсон. Гэхдээ тархины гавал ясны хугарал цууралт байгаагүй....Өвчтөн манай тасагт хүргэгдэж ирээд яаралтай мэс засалд орох шаардлага байгаагүй ба дөрвөн цаг болоод нас барсан байна. Тархи болон цээж хэвлийг мэс заслын эмч нар үзээд мэс засалд орох шаардлагагүй гэж үзсэн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 45, 46),

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2043 дугаар актын дүгнэлтэд:

- ...Цогцосны гадна үзлэг: баруун нүдний зовхи тойрсон мөн дээд уруулд 1х0.5см, баруун эгэмний түвшинд 7х1.7 см хөх ягаан өнгийн цус хуралттай.

- Дотор эрхтний шинжилгээ: Толгойн хуйхыг нээхэд баруун зулай хэсгийн хуйхны дотор гадаргууд 1.5х2см бүдэг хөхөлбөр өнгийн цус хуралттай. Хоёр талын чамархайн булчинд гэмтэлгүй. Гавлын орой, суурь яс бүтэн. Тархины хатуу хальс бүтэн, чинэрээгүй, тархины 2 тал бөмбөлөг тэгш хэмтэй, тархи 18х17х7см хэмжээтэй, тогтоц улбагар, ховил далан намссан, зөөлөн бүрхүүл тархмал цус хуралттай, тархийг үечлэн зүсэж үзэхэд 2 эдийн зааг тод, хажуугийн болох 3, 4 дүгээр ховдлууд цэвэр чөлөөтэй. Бага тархи 12х6х4.5см хэмжээтэй, 2 тал бөмбөлөг тэгш хэмтэй, зөөлөн бүрхүүл нимгэн толигор, цус хуралттай. Тархины эдэд голомтот өөрчлөлгүй. Тархийг бэхжүүлж уусмалд хийж шалгахад судасны эмгэг байхгүй байв.

- шүүх эд эсийн шинжилгээний хариу С-2043

Тархи: эс ба судас тойроод хоосон зай үүссэн, судсууд жигд бус цус дүүрэлттэй, капиллярт улаан эсийн сладж, стазтай, зарим эс улаан эсийн тромбтой, зарим судас тойроод цус харвалттай. Эдэд жижиг голомтлог цус харвалтуудтай. Зөөлөн бүрхүүлийн судсууд жигд бус цус дүүрэлттэй, зөөлөн бүрхүүлийн доор голомтлог цус харвалттай. –хаван цус эргэлтийн хямрал, САК, тархины эдийн няцрал.

...шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош: 1. Гавал тархины битүү гэмтэл, их тархины 2 тал бөмбөлгийн орой ба суурийн зөөлөн бүрхүүлийн тархмал, бага тархины зөөлөн бүрхүүлийн тархмал цус харвалт, тархины эдийн няцрал, 2. Тархи, уушгины хаван, 3. Баруун зовхи, дээд уруул, баруун эгэм, хуйхны цус хуралт, хөнгөн зэргийн согтолт...Дүгнэлт

1. Талийгаачийн биед тархины зөөлөн бүрхүүлийн тархмал цус харвалт, тархины эдийн няцрал, баруун зовхи дээд уруул, баруун эгэм хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

2. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

3. Талийгаачийн цусанд 1.2 промиллийн спиртийн агууламж илэрсэн байна. Хөнгөн зэргийн согтолттой.

4. Талийгаач нь тархины зөөлөн бүрхүүлийн тархмал цус харвалт, тархины эдийн няцралын улмаас амьсгал зүрх судас зогсож нас баржээ” гэх шинжээч эмч Т.Номинцэцэг гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 67-71),

- Шинжээч эмч Т.Н.гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Талийгаачийн тархинд толгойд учирсан тархмал цус харвалт, тархины эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн гаралтай үүсчээ. Учир нь тархины кеслогийн шинжилгээ нь тархийг бүтнээр бэхжүүлж шалгаж үзэхэд өвчин эмгэгийн гаралтай өөрчлөлт илрээгүй. Тархины гадаргад амьсгал зүрх судасны төв байрладаг учраас амьсгал зүрх зогсож нас барсан байна. ...зөөлөн бүрхүүлийн цус харвалт гэмтэл үүссэнээс хойш идэвхтэй хөдөлгөөн амьд явах хугацаа хувь хүн бүрт харилцан адилгүй байдаг учраас нарийн тогтоох боломжгүй. ...Энэ гэмтэл нь мохоо зүйлүүдийн цохих, цохигдох, унах үед үүсэх боломжтой. Доргих гэдэг үг бол цохиулснаас юм уу унах үед доргиж таарна. Тэгэхээр нэг ойлголт юм. ...талийгаачид өвчний эмгэг байгаагүй. Гавлын орон суурь яс гэмтэлгүй бүтэн хатуу хальсны дээр доор цус хуралтгүй байсан. ...Баруун зовхи нь дээд уруул баруун эгэм, хуйхны цус хуралт нь гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл ба мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Энэ нь шинэ буюу 1-3 хоногт үүссэн байх боломжтой юм. Мөн талийгаач тухайн үеэр хөнгөн зэргийн согтолттой байсан. ...ер нь дээрх гэмтлүүдийг нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэж дүгнэлтэд тусгасан байгаа. ...Цээжинд өшиглүүлэх үед үүсэхгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 73, 74), 

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Хавтаст хэргийн материалаар гаргасан шүүх эмнэлгийн 1156 дугаар давтан дүгнэлтэд:

1. Талийгаачид учирсан баруун зовхи, дээд уруул, хуйхны цус хуралт гэмтлүүд үхэлд хүргэсэн хүнд гэмтэл болох тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус хуралт тархины эдийн няцралын хамт нэг цаг хугацаанд нэг механизмаар үүсгэгдсэн механик гэмтлүүд бөгөөд үхэлд хүргэсэн гэмтлээс тусад нь салгаж гэмтлийн зэрэг тогтоохгүй. Учир нь шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмаар хүний биед учирсан нэг хугацаанд нэг механизмаар үүсгэгдсэн хөнгөн хүндэвтэр хүнд гэмтлийн шинж бүхий олон тооны гэмтлүүдэд гэмтлийн зэрэг тогтоохдоо хамгийн хүндээр нь гэмтлийн зэргийг үнэлдэг. Харин хүзүү, цээжинд үүссэн цус хуралтууд нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ч нэг механизмаар үүсгэгдээгүй тусдаа үүсгэгдсэн байж болох тул гэмтлийн зэргийг салгаж тогтоох боломжтой. ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно.

2. Баруун зовхи, дээд уруул, хуйх, баруун эгэм, цээжинд үүссэн цус хуралт нь шинэ гэмтэл болно.

3. Тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус хуралт тархины эдийн няцрал нь өвчний улмаас үүсээгүй, гэмтлийн шалтгаантай байна.

4. Задлан шинжилгээний бичлэг болон фото зургаас үзэхэд зүүн талын 7,8 дугаар хавиргад хугарал тогтоогдохгүй байна. Цогцосны задлан шинжилгээ нь мэргэжлийн шинжээч шинжлэж, фото зургаар бэхжигдсэн, клиник эмнэлэгт хийгдсэн багажийн шинжилгээ болох рентген шинжилгээнээс илүү бодит шинжилгээ болно.

5. Талийгаачийн үхэлд хүргэсэн гэмтэл болох тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус хуралт, тархины эдийн няцрал нь талийгаачийн толгойн хэсэгт хатуу мохоо зүйлийн цохилтын хүч үйлчилснээс үүсэх бөгөөд цохилтын хүч баруун дээд доод зовхи, дээд уруул хуйханд үйлчилсэн байна.

6. Талийгаачийн тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус хуралт, тархины эдийн няцрал гэмтэл нь үүсгэгдсэн даруйдаа үхэлд хүргэхгүй хэсэг хугацаанд амьд байх боломжтой гэмтэл болно. Амьд байх хугацааг нарийн тогтоох боломжгүй.

7. Үхэлд хүргэсэн хүнд гэмтлийн зэргийг ШЭГЗТЖ-н 3.1.3, хөнгөн зэргийг 2.4.1 дэх заалтыг үндэслэн тогтоов шинжээч эмч С.Одо.мэг, Б.Ар.ул, М.Энх.ван, Д.М.т, М.Золжаргал гэсэн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 87-90),

- Шинжээч эмч Б.Ари.лын мөрдөн байцаалтад өгсөн: ...Задлан шинжилгээний бичлэгээс үзэхэд талийгаачийн тархины 2 тал бөмбөлөг нэлэнхийдээ зөөлөн бүрхүүлийн доорх цус хуралттай, уг цус хуралтын дор жижиг бичил голомтлог тархины эдийн няцрал үүссэн байсан. Эд эсийн шинжилгээгээр микроскопт илэрсэн. Харин нүдээр задлан шинжилгээгээр харагддаггүй. Тиймээс тархи тэр хэсэгт бичил няцрал байсан гэж хэлэхэд бэрхшээлтэй. Харин хуйхан доор баруун зулай хэсэгт цус хуралттай байдаг. Тиймээс хүч энд үйлчилсэн байх боломжтой. Тархины доргилт, цохилтоос болж үүссэн. Ер нь доргилт, цохилт хоёроос үүссэн болохоор толгойн аль ч хэсэгт цохисон үүснэ. Мөн хэдэн удаа нь хамаагүй нэг удаагийн хүчээр ч үүснэ. Гэмтлийн гаралтай тархины зөөлөн бүрхүүлийн тархмал цус харвалт улмаас нас барсан. ...Ийм гэмтэл авсан хүн ухамсарт ухаан хадгалагдаж, үйлдэл хөдөлгөөн хийгээд явах боломжтой. Цаг хугацааны хувьд нарийн тодорхойлох боломжгүй. Тархи хавагнах байдлаас биеийн байдал хүндэрдэг. Иймд хүн бүрт тархи хавагнах байдал янз бүр байдаг гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 95, 96, 2 дугаар хавтаст хэргийн 36),

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй дахин шинжилгээний 392 дугаар дүгнэлт

1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 1156 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

2016 оны 1220 дугаар дүгнэлтийн 1-д өмнөх 1156 тоот дүгнэлтийн 5, 6-тай санал нийлэхгүй байна. 2-д талийгаачид учирсан тархины зөөлөн бүрхүүлийн доорх тархмал цус харвалт, тархины эдийн няцрал гэмтлийн үед идэвхтэй үйлдэл хийх боломжгүй, уг гэмтлийг авсан даруйдаа үхэлд хүргэнэ. 7-д цээжний өмнөд дээд хэсгүүдэд өшиглөгдөх үед үүсэх боломжтой гэсэн нь үндэслэл муутай байх тул санал нийлэхгүй байна. Талийгаачид учирсан тархины зөөлөн бүрхүүлийн доорхи тархмал цус харвалт, тархины эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал талийгаачийн толгойн хэсэгт хүчтэй цохилт, доргилт авсан үед үүсгэгдэнэ.

2. Тархины зөөлөн бүрхүүлийн тархмал цус харвалт, тархины эдийн няцрал гэмтэл нь гавал болон нүүрний аль ч хэсэгт хүч үйлчлэхэд үүсэх боломжтой. Хүний биеийн анатомын хэллэгээр толгойг гавлын болон нүүрний хэсэг гэж ангилах ба эрүү нь нүүрний хэсэгт хамаарна.

3. Задлан шинжилгээний тэмдэглэлд баруун зулай хэсгийн хуйхны дотор гадаргууд 1.5х2см бүдэг хөхөлбөр өнгийн цус хуралттай гэсэн байх бөгөөд хуйхны цус хуралт болон тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт тархины эдийн няцрал гэмтэл нь хамт нэг үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

4. Задлан шинжилгээний тэмдэглэлд тархины зөөлөн бүрхүүлийн доор тархмал цус харвалттай гэсэн байх тул анх тархины аль хэсгийн зөөлөн бүрхүүлийн доор цус харвасныг тогтоох боломжгүй.

5. Талийгаачийн баруун эгэмний түвшинд 7х1.7см хөх ягаан өнгийн цус хуралттай  гэж тэмдэглэсэн байх бөгөөд энэ гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун эгэмд учирсан цус хуралт гэмтлийн улмаас тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус харвасан, тархины эдийн няцрал үүссэн гэж үзэх боломжгүй.

6. Талийгаачид учирсан тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, тархины эдийн няцрал гэмтэл нь шинэ гэмтэл байх бөгөөд уг гэмтлийг авахаас өмнө талийгаачийн тархинд өөр ямар нэг гэмтэлтэй байсан гэхээр зүйл тогтоогдохгүй байна.

7. Талийгаачид учирсан тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, тархины эдийн няцрал гэмтлийг авснаас хойш хэсэг хугацаанд идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Идэвхтэй үйлдэл хөдөлгөөн гэдэгт хүн ярих, тодорхой зорилго чиглэлтэй үйлдэл хөдөлгөөн хийх зэргийг хамааруулж ойлгоно...” гэх дүгнэлт (5 хавтаст хэргийн 137-140),

- Шинжээч эмч М.Эн.яр 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр шүүхийн хэлэлцүүлэгт: “...Талийгаачийн толгойн хэсэгт хүчтэй цохилт, доргилт авснаас тархины судас гэмтсэн, тархи нь өөрөө хайрцаг дотор байдаг. Тэгээд тархийг цохих үед судас нь гэмтэнэ, тархи нь цалгиж гавлын ясанд очиж цохигдсонтой холбоотой тархины эдийн няцрал үүсдэг. Харин цээжинд өшиглөх үед энэ гэмтлийг авах боломжгүй, толгойн хэсэгт цохих үед энэ гэмтлийг авах боломжтой. Мөн тархины бүрхүүлийн хэсэгт цус харвах үед ямар нэгэн судас гэмтэнэ, судас гэмтсэнээс болж ямар хугацаанд цус хуралт үүсэж байгаагаас хамаарч  нас барах хугацаа нь хэлбэлзэнэ. Хэрвээ том судас гэмтсэн бол нас барах хугацаа нь хурдан байна. Жижиг судас гэмтсэн бол аажмаар цус хуралт үүсэж тархины гол амьдралыг зохицуулж байдаг төвийг дарах хүртэл хэсэг хугацаанд амь байх боломжтой. Энэ хугацаанд үйл хөдлөл хийх боломжтой. Энэ бүгдийг 1220 тоот шинжээчийн дүгнэлтийн 1 дүгээр заалтад үгүйсгэсэн байсан учраас санал нийлэхгүй байгаа. Талийгаачид учирсан тархины бүрхүүлийн доорх цус харвалт, тархины эдийн няцрал гэмтэл нь нэг удаагийн болон хэд хэдэн удаагийн давтан хүч үйлчилсэн байхыг үгүйсгэхгүй. Талийгаачид учирсан гэмтэл нь гавлын ясны хугарал байхгүй учир хэдэн удаагийн үйлдлээр ямар хүч үйлчилсэн гэдгийг тогтоох боломж байхгүй. Цээжинд өшиглөх үед тархинд доргилт үүсэх боломжтой харин тархины эдийн няцрал, тархины зөөлөн бүрхүүлийн цус харвалт үүсэх боломжгүй. Талийгаачийн баруун эгэмд учирсан гэмтэлтэй холбоотой цус харвасан гэж үзэхгүй. ...Талийгаач эхний цохилтыг авсны дараа цээжин тус газар нь өшиглөсөн цаг хугацаа амьдралын чухал эрхтнийг дарангуйлах цаг хугацаатай давхцаж болно. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэлтэй танилцахад талийгаачийн уруул, хөмсөгт цус хуралт, няцралт үүссэн мөн нүд нь хөхөрсөн байсан. Тиймээс нүүрний хэсэгт цохилт авсан байсан. Шүүгдэгч Б.О.н, Д.П.рж нарын хэний үйлдлээс гэмтэл учирсан гэдгийг тогтоох боломжгүй мөн хүнд гэмтэл авсан хүн хэдий хугацаанд үйлдэл хөдөлгөөн хийх боломжтойг тогтоох боломжгүй. Яагаад тогтооход хэцүү гэхээр гэмтсэн судасны хэмжээнээс хамаарч хэдий хугацаанд үйлдэл хөдөлгөөн хийсэн гэдгийг тогтоох боломжгүй. Хэдэн минут ч хүртэл үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Талийгаачийн хуйхны баруун дээд зулай хэсэгт хүч үйлчилсэн байсан....” гэх мэдүүлэг (5 хавтаст хэргийн 164-166),

10. Шүүгдэгч Б.О.ны мөрдөн байцаалтад өгсөн: “...2014 оны 10 дугаар сарын 29-ны орой ...22 цаг 40 минутын үед Толгойтод П.ржтой хамт явж байгаад О.нцэцэгийн 88225841 дугаарын утас руу нь 89267878 гэсэн дугаараас залгаад ажил нь тарсан уу манай гэрт очсон уу гэсэн чинь 23 цагт ажил тарна гэсэн. Тэгэхээр нь би 23 цагийн үед П.ржтой машинтай нь дөрвөн зам ороод О.нцэцэгийг аваад шууд гэрийнхээ хажууханд гэрээсээ 200 метрийн наана очоод О.нцэцэг, П.рж бид гурав 2.5 литрийн Боргио пиво худалдаж аваад хувааж уучихаад О.нцэцэгийг тэндээ буулгаад гэрт яваад оч гэж хэлээд үлдээсэн....П.рж намайг хүргэж гэрийн гадаа ирсэн чинь манай гэрээс О.нцэцэг, талийгаач, талийгаачийн найз залуу 3 гараад ирсэн. ...Б.га намайг пиво уух уу гэж асуугаад 2.5 литрийн савтай тал пиво бариад ирэхээр нь П.рж, талийгаач, түүний найз бид 4 машин дотор хувааж уусан. Ууж дуусаад би П.ржийн гэрт очиж хонолоо гээд...явах замдаа гэрийнхээ хажууханд байдаг танил А.М.тын гэрт очоод хаалгыг нүдээд гарч ирэхгүй болохоор нь хашаа руу нь ороод дуудсан чинь хаалга онгойлгоод гараад ирэхээр нь А.М.таас машин бариад дэлгүүр ороод өг архи авах гэсэн юм гэхэд за за гээд П.ржийн машиныг бариулаад...шөнө 01 цагийн үед дэлгүүрээс 0,5 граммын Улаанбаатар гэдэг архи аваад шууд гэртээ очсон. Гэрт ороход талийгаач Б.га, О.нцэцэг 2 зүүн талын орон дээр нөгөө эрэгтэй найз нь хойморт газар, эхнэр, хүүхэд маань хойд орон дээр унтаж байсан. Бид гурвыг ороход тэр хэд сэрээд бүгд босоод ирсэн ба миний авсан архийг М.т, П.рж, талийгаач болон түүний эрэгтэй найз бид 5 уусан.    

...Би Б.гыг гэрт жоохон хүүхдийн хажууд тамхи асаагаад татаад эхлэхээр нь уурлаад тамхиа боль гэж хэлээд тэрнээс болоод маргаан эхэлсэн. Бид хоёр хоорондоо барьцалдаж аваад салсан гэрийн гадаа гараад эвлэрээд орж ирсэн. Гадаа гараад зодолдоогүй эвлэрсэн. П.рж, М.т нар Б.гатай маргаж муудсан. Намайг гэнэт харсан чинь П.рж гэрийн зүүн орон дээр Б.гыг дээрээс нь дараад хэвтүүлсэн өөрөө дээр нь гарчихсан байхаар нь би очиж салгасан. Яг хаана нь цохиж авсан эсэхийг нь хараагүй. М.т сүүлд нь Б.гыг орон дээр сууж байхад нь чамаас болж энэ хэрүүл гарлаа гэж хэлээд нэг удаа өшиглөөд авсан. Гэхдээ яг хаана нь өшиглөсөн эсэхийг нь хараагүй. Ямар ч байсан урагшаа хараад сууж байхад нь урд талаас нь өшиглөсөн. Талийгаач орны урд руу атиралдаад эвхрээд урагшаа газар унасан ба толгойн урд хэсгээр унасан байх...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 136, 137, 182, 183),

- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 940 дүгээр дүгнэлт

1. Б.О.н нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

Б.О.н нь сэтгэцийн эмчийн хяналтад байдаг гэх баримт үгүй байна.

2. Б.О.ны удамд сэтгэцийн өвчтэй хүн байдаг гэх баримт үгүй байна.

3. Б.О.н нь хэрэг үйлдэгдэх үед өөрийн үйлдлийг ухамсарлаг ойлгож байсан байна.

4. Б.О.н нь мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. Б.О.н нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 50),

 

11. Шүүгдэгч Д.П.ржийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2014 оны 10 дугаар сарын 29-ний орой...О.н миний утсаар нэг хүн очиж авна гээд баруун дөрвөн зам руу яваад ирье гэхээр нь би машинтайгаа хамт яваад дөрвөн зам орчмоос 23 цагийн үед нэг эмэгтэй хүн аваад хүргэж өгөхөөр явсан. ...О.ны гэрт очих замдаа гэрийнх нь наана байдаг МТ шатахуун түгээх станцын хажуугийн дэлгүүр рүү О.н бид хоёр ороод 1.5 литрийн Боргио пиво хоёрыг аваад гэрт нь очихгүйгээр гэрийнх нь хажууд зогсож байгаад машин дотроо гуравуулаа хувааж уусан. О.н болон нөгөө эмэгтэй хоёрыг та хоёр ингээд буучих би явлаа гэсэн чинь О.н гэрт бид хоёр хамт орж болохгүй эхнэр уурлана гэж хэлсэн чинь нөгөө эмэгтэй тэгвэл би найз залуугаа утсаар дуудъя гэж хэлээд найз залуутайгаа утсаар яриад...ирээд авчих гэж байсан. ...Тэр эмэгтэйг буулгаад О.н бид хоёр хөдлөөд О.ны гэр рүү нь шууд явсан. ...талийгаач Б.га найз  эмэгтэй болон өөр нэг танихгүй эрэгтэй найзынхаа хамт О.ны гэрийн хаалгыг тогшоод зогсож байсан. ...Гэрт ороод О.н нөгөө очиж авсан эмэгтэй хүнтэй манайд ирэх байсан юм бол хэлэхгүй дээ...гэж хэлж байсан. Тэгээд 02 цагийн үед О.н дэлгүүр ороод архи авч ууя гэж хэлсэн...бүгд хамт миний машинтай...дэлгүүр орсон чинь хаалттай байсан. О.н ганц юм уучихъя гээд намайг явуулахгүй байсан би пиво уусан байсан учраас төв рүү явахгүй...гэхэд тэгвэл би жолооч олоод өгье тэгээд явъя гэж хэлээд О.н хажуугийн айлын М.т гэх хүний хашааг нь онгойлгож гэрт нь явж ороод гаргаад ирсэн... М.таар машин бариулад архинд О.н бид 3 хамт явсан. ...Их нарангийн эргэдэг уулзварын хажуугийн буудал руу нь ороод нэг шил 0,5 граммын Улаанбаатар архи аваад...гэрт нь шууд яваад очсон. Авсан архийг О.ны эхнэрээс бусад нь бүгд хувааж уусан. ...тэр үед талийгаач гэрт нь тамхи асаагаад татсан тэгтэл О.н гэрт жаахан хүүхэд байхад тамхи татлаа больчих тамхиа гарч тат гэж хэлсэн чинь талийгаач О.ныг чи яагаад намайг гэрээсээ хөөгөөд байгаан хэзээ ийм болсон юм гээд маргаж эхэлсэн, тэгээд хоорондоо барьцалдаж аваад зүүн талын орон дээр ноцолдоод эхэлсэн. ...талийгаач зүгээр байхгүй найзыгаа хөөлөө гээд дахиад яриад эхэлсэн, тэгтэл О.н багана түшээд зогсож байснаа шууд талийгаачийн яг хаана юу руу нь өшиглөсөн эсэхийг хараагүй, ямар ч байсан нэг удаа өшиглөөд авсан чинь талийгаачийн цай ууж байсан аяга нь үсрээд миний баруун хөмсөг дээр оноод цус гарсан тэгтэл хажуу талаас М.т талийгаачийг чи түрүүнээс хойш яагаад далчигнаад байгаан гээд нэг удаа өшиглөөд барьцалдаад авсан... Талийгаач өшиглүүлснийхээ дараа гэрийн хойморт буюу авдрын өмнө амьсгаадаад хэвтээд байсан, би яаж унасан хэвтсэн эсэхийг хараагүй. ...О.н талийгаач хоёр зөндөө хоорондоо зодолдсон миний мэдэхийн толгой болон энд тэндгүй хаа хамаагүй бие биенийгээ зөрүүлээд адилхан цохиод зодолдоод байсан. ...Зөндөө гэдэг нь 3-4 удаа зодолдсон. ...М.т нэг удаа өшиглөсөн гэхдээ хаана нь өшиглөсөн эсэхийг хараагүй.

...О.н болон түүний эхнэр О.яа нарыг таньдаг байсан ба их дотно найз нөхөд биш бусдыг нь танихгүй тэр өдөр хараад танилцсан. ...О.ны гэрт тамхи татлаа гээд О.н эхлээд маргаж эхэлсэн. О.н, М.т нараас өөр хүн талийгаачтай маргаагүй, муудалцаагүй. О.н, Б.гатай орон дээр ноцолдоод хоорондоо гараараа цохилцож аваад, салгахаар хоёр талаасаа барьцалдаж аваад зодолдоод байсан. Яг хаана нь хэдэн удаа цохиж авсан талаар мэдээгүй. М.т нэг л өшиглөсөн өөр гар хүрээгүй. ... Би Б.гын хажуунаас нь ер холдоогүй. Намайг хөмсөгний цусаа гоожуулаад тонгойгоод зуухны хажууд очих үед М.т талийгаачийг нэг удаа өшиглөсөн. Хаана нь өшиглөсөн эсэхийг нь хараагүй. Өшиглүүлчихээд доошоо хараад эвхрээд унасан. Босч ирээгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 130, 131, 180, 181 дэх тал),

- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 939 дүгээр дүгнэлт

“...Болсон хэргийн талаар /өөрийн үгээр/: ...гэр дотор талийгаач хоёр хоорондоо маргалдаж зодолдоод хоорондоо барилцаж авсан. Би очиж салгасан. М.т бас салгасан... ДҮГНЭЛТ

1. Д.П.рж нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

Д.П.рж нь сэтгэцийн эмчийн хяналтад байдаг гэх баримт үгүй байна.

2. Д.П.ржийн удамд сэтгэцийн өвчтэй хүн байдаг гэх баримт үгүй байна.

3. Д.П.рж нь хэрэг үйлдэгдэх үед өөрийн үйлдлийг ухамсарлаг ойлгож байсан байна.

4. Д.П.рж нь мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. Д.П.рж нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 48),

12. Шүүгдэгч А.М.тын мөрдөн байцаалтад өгсөн: “...2015 оны 10 дугаар сарын 29-ний өдөр орой...21 цаг өнгөрч байхад гэртээ очиж амарсан. Шөнө унтаж байхад  шөнийн 03 цагийн үед хашааны хаалга чанга нүдээд..., тэр үед би сэрээд босолгүй чагнаад хэвтээд байж байтал хашаа даваад нэг хүн орж ирээд гэрийн хаалга нүдээд эхэлсэн. Би хэн бэ гэхэд...О.н байна гээд ганцаараа согтуу орж ирээд машин бариад архинд яваад өгөөч гэж гуйсан. ...явахгүй гэсэн чинь гэрт найз нөхөд ирсэн, надад таньдаг дэлгүүр байгаа...гэхээр нь хувцсаа өмсөөд О.нтой хамт машинд суусан чинь машин дотор П.рж ганцаараа согтуу сууж байсан. Машиныг нь бариад...дэлгүүр дээр шөнийн 04 цагийн үед очсон байх О.н өөрөө ганцаараа ороод 0,5 граммын Улаанбаатар архи нэг шилийг авч гарч ирсэн ба шууд О.ны гэрт нь очсон. ...Бид гурвыг гэрт яваад ортол гэрт байсан хүмүүс унтаж байсан. ...Б.гыг болон газар унтаж байсан залуу хоёрыг сэрээгээд босгосон. Авсан архиа О.н эхлээд Б.гад дараа нь П.ржид, дараа нь надад өгөөд би уугаагүй амсаад өгсөн нөгөө хоёр уусан. Ер нь тэр архийг О.н П.рж, Б.га, газар хэвтэж байсан залуу нар хувааж уусан би ерөөсөө уугаагүй. ....Архиа ууж дуусаад байж байтал талийгаач Б.га гэрт нь тамхи татсан чинь гэрээс гарч тат хүүхэд байна гэж хэлсэн чинь Б.га нь чи юун сүртэй юм ганц тамхи татахад гээд маргаад эхэлсэн бөгөөд Б.га эхлээд О.ныг гараараа шанаа руу нь нэг удаа цохиод авсан тэгтэл О.н уурлаад  Б.гыг барьж аваад гараараа толгойн хажуу тал, дагз, нүүр орчим газар нь нэлээн хэдэн удаа буюу 4-5 удаа цохиж авсан...тэгээд газар унтаж байсан залуу П.рж бид нар салгаад холдуулсан...П.рж гэрийн унинд гар утсаа хийсэн байсан бөгөөд гар утсаа авах гээд урдуур нь гарсан чинь мөн л П.ржийг Б.га гараараа нүүр рүү нь цохиод авсан. Тэгсэн П.рж уурлаад Б.гын нүүр рүү нь нэг удаа хажуу шанаа орчимд нь өшиглөж авсан, дараа нь татаж ирээд нүүр орчим газар нь 2-3 удаа өвдөглөөд байсан.

...гадаа гарсан хойгуур нь О.ны эхнэр П.рж бид хоёрт цай хийж өгсөн. ...гэрт Б.га түрүүлж орж ирсэн бөгөөд зүүн орон дээр сууж байсан П.ржийн дээд талд нь суугаад ууж байсан аягатай цайг нь...шууд аваад уусан. Тэгтэл гаднаас О.н орж ирээд...Б.гын ууж байсан аягатай цайг нь өшиглөөд авсан чинь аяга нь үсрээд П.ржийн хөмсгийг оночихсон. ...бид нар салгаад холдуулаад орон дээр суулгасан тэр үед би гэнэт уур хүрээд чи одоо айлд арай дэндэж байгаа юм биш үү гэж хэлээд гэрийн зүүн орны дээд талд сууж байхад нь гэдэс орчимд нь нэг удаа өшиглөж авсан...Б.гыг...эхлээд О.н толгой руу нь гараараа 3-4 удаа...П.рж мөн толгой руу нь нэг удаа өшиглөөд 2-3 удаа өвдөглөөд авсан. Миний хувьд нэг удаа гэдэс руу нь өшиглөж авсан өөр цохиж зодоогүй. Ямар нэгэн эд зүйлээр хэн хэн нь цохиж аваагүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 133, 134, 184, 185 дахь тал),

- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 941 дүгээр дүгнэлт

“...Болсон хэргийн талаар /өөрийн үгээр/: ...нас бардаг нь гэрт тамхи татсан. Тэгсэн О.н битгий гэрт тамхи татаад бай гэсэн чинь муудалцаад барилцаад авсан. Зодолдоод салгаад арай гайгүй болсон чинь П.рж утсаа унагаачихсан авах гэсэн чинь нас бардаг хүн нь зодолдоод дахиад салгаад гайгүй болж байсан....ДҮГНЭЛТ

1. А.М.т нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

А.М.т нь сэтгэцийн эмчийн хяналтад байдаг гэх баримт үгүй байна.

2. А.М.тын удамд сэтгэцийн өвчтэй хүн байдаг гэх баримт үгүй байна.

3. А.М.т нь хэрэг үйлдэгдэх үед өөрийн үйлдлийг ухамсарлаг ойлгож байсан байна.

4. А.М.т нь мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. А.М.т нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт (1 хавтаст хэргийн 52),

13. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 3-14), гэрт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 18-21), цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 15-17), талийгаач Б.Б.гын Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлсэн өвчний түүх (1 дүгээр хавтаст хэргийн 76-84), 

- шүүгдэгч Б.О.ны иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 140, 141), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1 хавтаст хэргийн 138), хувийн байдлын талаархи баримт (1 хавтаст хэргийн 142, 2 хавтаст хэргийн 41)

- шүүгдэгч Д.П.ржийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 149, 150), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (2 хавтаст хэргийн 92 ), төрсний гэрчилгээний хуулбар (1 хавтаст хэргийн 151), шийтгэх тогтоол, өршөөл үзүүлэх комиссын тогтоол (2 хавтаст хэргийн 38, 39 )

- шүүгдэгч А.М.тын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хорооны тодорхойлолт (1 дүгээр хавтаст хэргийн 144, 145), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1 хавтаст хэргийн 143), хувийн байдлын талаархи баримт (4 хавтаст хэргийн 13, 14) зэрэг  нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.О.н, Д.П.рж, А.М.т нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд:

 

I. Гэм буруугийн талаар

- Улсын яллагч: Шүүгдэгч Б.О.н, Д.П.рж нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.О.н, Д.П.рж, А.М.т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч А.М.тын үйлдлийг салган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний тэмдэглэлд амь хохирогчийн баруун эгэмний түвшинд учирсан 7х1.7см хөх ягаан өнгийн цус хуралт нь тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, тархины эдийн няцрал үүсгэхгүй гэсэн боловч А.М.т нь амь хохирогчийн цээжин тус газар нь өшиглөсөн нь хэрэгт авагдсан бичгийн болон бусад нотлох баримтуудаар тогтоогдсон. Тиймээс хүнийг алах гэмт хэргийг бүлэглэн үйлдэж талийгаачийн амь насанд хүрсэн нь тодорхой байдаг. Мөн шүүгдэгч нар 20-30 минут болоод зодож цохисон талаар өөрсдөө мэдүүлсэн, тэдгээрийн үргэлжилсэн, олон удаагийн цохилт, зөвхөн тархи толгой биш өшиглөсөн олон удаагийн зодуураас болж амь нас нь хохирсон гэж үзэж байна гэх дүгнэлтийг,

- Шүүгдэгч Б.О.ны өмгөөлөгч Б.Энхтүвшин: Б.О.ныг П.ржтой бүлэглэн бусдын амь нас хохироосон, мөн нийтийн хэв журмыг зөрчиж бусдад хүч хэрэглэсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлттэй санал нийлэхгүй байна.

1. Гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдийн үйлдэл, хор уршигийн хооронд шалтгаант холбоо эргэлзээгүйгээр нотлох баримтаар тогтоогдсон байх ёстой. Гэтэл Б.О.ны ямар үйлдэл, цохилтын улмаас нас барсан гэдгийг нотолж чадаагүй. Хэний цохилтын улмаас амь хохирогч нас барсан гэдэг нь ойлгомжгүй. Мөн шүүгдэгч нар бүлэглэж амь насыг нь хохироосон гэсэн хууль зүйн дүгнэлт гаргаж ял халдаах нь зохимжгүй. Б.О.ны хувьд бүлэглэж бусдын амь насыг санаатайгаар хохироосон гэсэн зүйл ангиар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлгүй. 2002, 2015 оны Эрүүгийн хуулиудад зааснаар асуудал эргэлзээтэй байвал сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан. Энэ утгаараа О.ны үйлдлээс болж гэмтэл авч нас барсан гэсэн хууль зүйн дүгнэлт эргэлзээтэй тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.

2. Б.О.нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр гэм буруутайд тооцсоныг хэрэгсэхгүй болгож гэм буруугүйд тооцож өгнө үү гэх дүгнэлтийг.

- Шүүгдэгч Б.О.ны өмгөөлөгч Н.Цэрэндулам: Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцох дүгнэлт гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй, Б.О.н амь хохирогчийг шууд цохиж амь насыг нь хохироосон гэдгийг нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй. Шинжээчийн дүгнэлт 7 удаа гарсан боловч эргэлзээтэй байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шинжээчийн дүгнэлтийг шүүгч, мөрдөгч, прокурор нь хөдөлшгүй нотлох баримт гэж заавал дагаж мөрдөх зарчим байхгүй, хүлээн зөвшөөрөхгүй бол үндэслэлээ тайлбарлах шаардлагатай гэж заасан. Шинжээчийн дүгнэлтийг үндэслэн Б.О.нд бусдын амь насыг бүлэглэж хохироосон гэсэн зүйлчлэлээр ял оногдуулах гэж  байгаа нь хууль зүйн хувьд үндэслэл муутай байна. Энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу бүрэн нотолж, тогтоож чадахгүй байгаа учраас миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал дордож байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү. Нэгэнт амь хохирогчийн нүүрэн тус газарт цохисон асуудал байхыг үгүйсгэхгүй, Б.О.ны гэрт болсон, амгалан тайван байдлыг алдагдуулсан, ямар нэгэн байдлаар хүний эрх чөлөөнд халдсан байхыг үгүйсгэхгүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан хэргийн гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй гэх дүгнэлтийг,

- Шүүгдэгч Д.П.ржийн өмгөөлөгч Б.Тэнгис: Шүүгдэгч нарын хэн аль нь энэ хэрэгт буруутай гэхээсээ илүү мөрдөн байцаалтын ажиллагаа хэр хууль ёсны дагуу явагдсан бэ гэдэгт эргэлзээ байна. Давж заалдах шатны шүүхээс гэм буруугийн байдал бүрэн тогтоогдоогүй байна гэсэн үндэслэлээр хэргийг буцаасан. Бүлэглэж гэсэн утгыг шинэ Эрүүгийн хуулиар чиглэсэн үйлдлийг хэлэх болсон. Хэрхэн яаж санаатай нэгдэж бүлэглээд амь насыг нь хохироосон бэ. Бусад шүүгдэгч нарын хувьд мөн нотлох баримтаар тогтоогдох ёстой. Шинэ Эрүүгийн хуулиар нотлоод, нотлогдохгүй бол цагаатган гэсэн зарчимтай. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэлийг өөрчлөх эрх шүүх бүрэлдэхүүнд байгаа тул шүүгдэгч нарт ашигтай шийдвэр гаргаж гэм буруугийн дүгнэлт гаргаж өгнө үү гэх дүгнэлтийг

- Шүүгдэгч А.М.тын өмгөөлөгч Ж.Яринпил: М.тын гэм буруутай үйлдэл байгаатай маргахгүй. Энэ талаарх нотлох баримтууд хавтаст хэрэгт хангалттай авагдсан. М.тыг танхайрсан гэдэгтэй харин санал нийлэхгүй. Тиймээс М.тад холбогдох хэргийг хуульд заасан журмын дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар зүйлчилж өгнө үү гэх дүгнэлтийг.

- Шүүгдэгч А.М.тын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт: Улсын яллагчийн яллаж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн зүйлчлэлтэй өмгөөлөгчийн хувьд санал нийлэхгүй, харин миний үйлчлүүлэгч амь хохирогчийг амьд байхад нь өшиглөсөн үйлдлийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа. Мөрдөн байцаалтын шатнаас өнөөдрийн шүүх хуралдаан хүртэл өшиглөсөн гэдгээ хүлээн мэдүүлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт бүлэглэн гүйцэтгэх санаатай нэгдсэн үйлдэл байхыг заасан байдаг. Энэ гэмт хэргийг гүйцэтгэсэн үүрэг оролцоог улсын яллагчийн яллах дүгнэлтээс олж харахгүй байна. Үнэхээр бүлэглэж үйлдсэн гэж үзэж байгаа бол гэмт хэрэгт оролцсон оролцоо, гүйцэтгэсэн үүрэг оролцоо, бүлэглэн гүйцэтгэх төрөл хэлбэрүүдийг улсын яллагч яллах дүгнэлтэндээ тусгасангүй. Аль нь гүйцэтгэгч, аль нь хамжигч вэ гэж төрөл хэлбэрээр нь заагаагүйгээс ерөнхийд нь бүлэглэн гэж оруулж ирсэн. Хэрэв бүлэглэн гүйцэтгэсэн бол гэмт хэргийн гол шинж болох санаатай нэгдсэн гэсэн шинж үгүйсгэгдэнэ. Бүлэглэсэн гэж үзэх юм бол өмнөх үйл ажиллагаагаа нэгтгэх, О.н, П.рж нартай нийлэн амь хохирогчийн өшиглөн зодож байгаа субъектив шинжийн хувьд мэдсэн, ойлгосон, ухамсарласан байх ёстой. Гэтэл хувийн шинжтэй харилцаа үүсч хоорондын маргаанаас өшиглөх үйлдэл хийсэн нь бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх шинжгүй байна гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Шүүгдэгч Б.О.н, Д.П.рж нарын өмгөөлөгчийн гаргасан дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна.

Хүнийг алах гэмт хэргийн объектив талын заавал байх шинж бол гэм буруутай этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/ хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоо байхыг шаарддаг. Хохирогчийг үхэлд хүргэсэн “ тархины зөөлөн бүрхүүлийн тархмал цус харвалт, тархины эдийн няцрал гэмтэл” бүхий гавал тархины битүү гэмтэл нь Б.О.ны нүүрэн тус газар нь гараараа цохисон, Д.П.ржийн мөн нүүрэн тус газар цохисон, зодсон үйлдлүүдтэй шууд шалтгаант холбоотой болох нь гэрч Б.Ш.яр, Д.О.яа, Б.О.нцэцэг нарын мөрдөн байцаалтад удаа дараа өгсөн мэдүүлэг болон шинжээч эмч Т.Номинцэцэг, Б.Ариунзул, М.Энхбаяр нарын мэдүүлэг, шинжээчийн 2043, 1156, 392 дугаар дүгнэлтээр нотлогдсон, Б.О.н, Д.П.рж нар нь гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан тохиролцоогүй боловч хохирогчийг зодож, амь насанд нь аюултай гэмтэл учруулахад үйлдлээрээ нэгдэж, бүлэглэн гүйцэтгэсний улмаас хохирогч амь насаа алдсан хор уршигт зориуд хүргэсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Түүнчлэн шүүгдэгч Д.П.рж нь “Би талийгаачийг зодоогүй гэх утга агуулга бүхий мэдүүлэг мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд мэдүүлсэн боловч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээр дурьдсан нотлох баримтуудаар Д.П.рж нь талийгаач Б.гыг цохиж, зодсон болох нь тогтоогдсон байна.

Мөн шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс хэний цохилтоос үхэлд хүргэх гэмтлийг авсан гэдгийг тогтоож чадаагүй гэж маргах боловч энэ талаар шинжээчийн дүгнэлт гаргуулсан ба шинжээч нь дээр дурдсан дүгнэлтийг өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргахдаа түүнд хамааралтай бүх асуудлыг хамруулан, ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг шинжлэн тодруулж энэ талаараа мэдүүлэг өгсөн гэж үзсэн болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч А.М.тад холбогдох хэргийн зүйлчлэлийн талаар маргаж, А.М.тын үйлдэл нь амь хохирогчийг бүлэглэж үхэлд хүргэсэн гэж үзэж байгаа талаарх дүгнэлт нь хууль зүйн хувьд үндэслэлгүй гэж үзнэ. Учир нь Б.Б.гын цээжин тус газар өшиглөсөн А.М.тын үйлдэл нь амь хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтлийг учруулаагүй талаар шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэж тодорхойлсон байна. Нөгөө талаар амь хохирогч нь тархиндаа авсан гэмтлийн улмаас нас барсан нь шинжээчдийн дүгнэлтээр хангалттай тогтоогдсон болно.

Улсын яллагчаас шүүгдэгч Б.О.н, Д.П.рж, А.М.т нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлд заасны дагуу “Олон нийтийн амгалан тайван байдал, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг бүлэглэж зөрчсөн гэж яллах дүгнэлт үйлдсэн байх боловч шүүгдэгч нарын зүгээс тус гэмт хэргийн объектив талын үндсэн шинж болох бусдыг илтэд үл хүндэтгэсэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн, санаатай үйлдсэн гэх үйл баримт хэрэгт цугларсан баримтаар тогтоогдохгүй байна.

Тиймээс шүүгдэгч Б.О.н, Д.П.рж нарын хүнийг санаатай алах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт дээрх зүйл хэсгээр давхар зүйлчлэх шаардлагагүй тул тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй. Харин шүүгдэгч А.М.тын үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх бөгөөд тэрээр хохирогчийн зүй бус үйлдэл буюу айл гэрт агсан тавьсан үйлдлийг таслан зогсоож хохирогчийн цээжинд өшиглөсөн үйлдлийг гэмт хэрэг гарахад дагаж мөрдөж байсан үеийн хууль буюу бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргээр зүйлчлэх үндэслэлтэй гэж үзсэн болно.

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Б.О.н, Д.П.рж, А.М.т нарт 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Б.О.н, Д.П.рж нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч А.М.тын холбогдох хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй.

Хэргийн нөхцөл байдлыг сэргээн тогтоосон гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээс үзвэл 2014 оны 10 дугаар сарын 29-ний шөнө Б.О.ны гэрт гэрч Ш.яр, О.яа, О.нцэцэг, шүүгдэгч Б.О.н, Д.П.рж, А.М.т, амь хохирогч Б.Б.га нар байсан байх ба гэрт амь хохирогч Б.га тамхи татсанаас болж “гэрт тамхи татлаа” гэх маргаан болж улмаар гэрийн эзэн Б.О.нтой маргалдан муудалцаж хоорондоо харилцан зодолджээ. Улмаар уг зодоон болж дуусахад амь хохирогч “хэзээ ийм болчихсон юм чи, гөлөг минь” гэж дахин зүй бус үйлдэл гаргаж хэл амаар Б.О.ныг дайрахад гэрт байсан шүүгдэгч Д.П.рж нь өөрийгөө цохилоо гэж шалтгаар мөн амь хохирогчийг зодсон байна. Үүний дараа зодоон дууссан байхад амь хохирогч мөн л хэл амаар доромжилж байх үед А.М.т нь түүний үйлдлийг таслан зогсоох зорилгоор цээжин тус газар өшиглөснөөр хэрэг үйл явдал дууссан байна.

Иймээс шүүгдэгч Б.О.н, Д.П.рж нар нь бүлэглэж хүнийг санаатай алсан, шүүгдэгч А.М.т нь хохирогчийн бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай болох нь доорхи нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд:

I.I. Шүүгдэгч Б.О.н, Д.П.рж нар нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын задгай тоотод, 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө, хувийн таарамжгүй сэдэлтээр, гэрт тамхи татлаа, намайг цохилоо гэж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, гэм буруугийн шууд санаатай үйлдлээр амь хохирогчийн толгойн тус газар удаа дараалан цохисоны улмаас хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь;

1. Гэрч Б.Ш.ярын “...Анхны маргаан бол ерөөсөө гэрт Б.гыг тамхи татсан гэж О.н хэлснээс болоод л маргаан гарчихсан юм. Тэгээд тэрнээс хойш талийгаач Б.га согтуурхаад дуугүй байхгүй хүнтэй маргалдаад агсраад байсан юм. ...Хамгийн эхлээд О.н талийгаачийг нүүр, толгойн тус газар нь их хурдан 3-4 удаа гараараа цохиод авсан. ...Тэрний дараа П.рж талийгаачийг орон дээр байхад гараараа толгойн тус газар нь бас л 3-4 удаа цохиод авсан. ...Тэр үед хамраас нь цус гараад уруул нь язарсан зүүн талын нүд хэсэг бага зэрэг туяа орчихсон байсан байх сайн мэдэгдээгүй. (1 дүгээр хавтаст хэргийн 28-29),

- “...О.н Б.гатай маргалдаад гараараа толгой руу нь цохиж байсан санагдаж байна. Яагаад гэхээр барьцалдаж аваад орон дээр дарж унагаад өөрөө дээр нь гараад толгойн хэсэгт цохиж авч байсан. Салгасны дараа нь П.рж гэнэт Б.га намайг цохиод авлаа гэж хэлээд Б.гыг орон дээр, дээрээс нь дараад гараараа толгойд нь цохиж авсан. ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 30)

- ”...О.н уурлаад Б.гыг...орон дээр сууж байхад нь дээрээс нь дараад арагш нь орон дээр хэвтүүлээд өөрөө дээр нь гарч суугаад Б.гын нүүрний хэсэг газарт нь 3-4 удаа гараараа цохисон ....Б.га дахиад л хэрүүл хийгээд элдэв юм яриад байж байтал П.рж гэнэт энэ муу намайг цохичихлоо гэснээ Б.гыг зүүн талын орон дээр сууж байхад нь мөн дээрээс нь дараад арагшаа орон дээр хэвтүүлээд дээр нь гарч суугаад мөн нүүр орчимд нь 3-4 удаа цохисон...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 32, 33),

- “...О.н чи намайг доромжилж гал голомт руу тамхи шидлээ гээд уурлаад талийгаач руу дайрч талийгаачийг орон дээр унагаж улмаар нүүр лүү нь  гараараа 3-4 удаа цохиж авсан. ...П.рж талийгаачийн урдуур явж байснаа юу болсон юм мэдэхгүй нэг мэдсэн талийгаач руу чи намайг яахаараа цохьж байгаа юм гээд дайрч талийгаачийн нүүр лүү гараараа хэд хэдэн удаа цохиж авахаар нь мөн...салгасан. Тэгтэл талийгаачийн хамраас цус гарсан байсан.....” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 102, 103),  

2. Гэрч Б.О.нцэцэгийн “...О.н эхлээд Б.гатай маргалдаж байгаад Б.гын уруул руу нэг удаа гараараа цохисон. ...тэгээд л хоорондоо цохилдоцгоогоод байсан. ...Ямар ч байсан О.н Б.гын уруул руу нэг удаа гараараа цохисон, П.рж болохоор гар луу нь буюу мөр лүү нь  нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 35, 36),

- “...О.нтой зодолдсоны дараа Б.гыг хархад амнаас нь юм уу хамраас нь цус гарсан байсан. ...Миний харсан зүйл гэвэл П.рж, О.н хоёр Б.гатай маргаж, ноцолдож барьцалдаж аваад хоорондоо цохилцож авсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 37),

- “...О.н, П.рж нар талийгаачтай орон дээр ноцолдоод гараараа хоёулаа цохиод байсан хаана нь хэдэн удаа цохиж авсан талаар хараагүй....” гэх мэдүүлэг  (2 дугаар хавтаст хэргийн 35),

3. Гэрч Д.О.яагийн “...Б.га уурлаад чи ямар арчаагүй зантай юм, ганц тамхи татахад юу болдог юм гэж байснаа манай нөхрийг нүүрэн тус газар нь цохиод авсан чинь манай нөхөр эргүүлээд Б.гын нүүр, хамар хэсэгт нь нэг удаа цохиод авсан. ...Б.га маш их уурлаад чи намайг зодлоо гээд тэрүүгээр агсан тавиад, хамраас цус гарчихсан. ...Б.га, П.ржтой зууралдаад орон дээр зодолдоод эхэлсэн. ...Манай нөхөр О.н хамгийн эхлээд гараараа түүний нүүр лүү 1 удаа цохиж авсан чинь хамраас нь цус гарсан. Дараагаар нь П.рж гараараа цохиод авсан. Хэдэн удаа цохиж зодсон талаар мэдэхгүй ...Б.гын биед хамраас нь цус гарчихсан байсан...” гэх мэдүүлэг. (1 дүгээр хавтаст хэргийн 31, 32),

- “...манай нөхөртэй маргалдаад барьцалдаж аваад орон дээр ноцолдох үед бид нар салгасан чинь Б.гын хамраас нь цус гарсан байсан. ...Дараа нь П.рж талийгаачтай барьцалдаж аваад ноцолдоод хоорондоо зодолдоод байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 33),

- “...би О.н, П.рж нарын цохиж авсныг харсан О.н нүүр лүү нь уруул, ам орчимд нь гараараа нэг удаа, П.рж нүүрэнд нь хацар орчимд нь нэг удаа гараараа цохиж авсан.... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 34),

- “...Талийгаач эхлээд манай нөхөртэй муудалцаад нүүр лүү нь гараараа цохиод авсан тэгтэл манай нөхөр зөрүүлээд талийгаачийг цохиж аваад улмаар хоёулаа орон дээр унаад бие биенийгээ цохиж аваад байсан. ...дараа П.рж утсаа авах гээд босох үед талийгаач П.ржийг цохиод авсан тэгтэл П.рж уурлаад талийгаачийг хэд хэдэн удаа цохиж авсан...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 104)

4. Гэрч Д.Ш.вийн “...Талийгаачийг харахад дээд уруул нь дотроо хавдсан бололтой уруул нь хатчихсан цус болчихсон байсан....” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 34),

5. Гэрч Д.О.яа, Б.О.нцэцэг нарыг мөрдөн байцаалтад нүүрэлдүүлэн байцаалт авахад: “...Б.О.ныг цохиж зодолдсоны дараа Д.П.рж 5-10 минут болсны дараа хоорондоо зодолдсон. Түүний дараа 20-30 минутын дараа А.М.т талийгаачийг өшиглөсөн...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 170),  

6. Гэрч Б.Энхтуяагийн (Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмч) мөрдөн байцаалтад өгсөн:  “...Өвчтөний биеийн байдал маш хүнд ухаангүй комийн байдалтай ирсэн. Өвчтөнд тархины хүнд гэмтэл, тархины хүнд зэргийн эдийн няцрал сак буюу цус харвалтууд, тархи хавантай онош компьютерт харуулахад тогтоогдсон. ...Өвчтөн манай тасагт хүргэгдэж ирээд яаралтай мэс засалд орох шаардлага байгаагүй ба дөрвөн цаг болоод нас барсан байна....” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 45, 46),

7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2043 дугаар актын дүгнэлтэд:

- ...Цогцосны гадна үзлэг: баруун нүдний зовхи тойрсон мөн дээд уруулд 1х0.5см, баруун эгэмний түвшинд 7х1.7 см хөх ягаан өнгийн цус хуралттай.

- Дотор эрхтний шинжилгээ: Толгойн хуйхыг нээхэд баруун зулай хэсгийн хуйхны дотор гадаргууд 1.5х2см бүдэг хөхөлбөр өнгийн цус хуралттай.

1. Талийгаачийн биед тархины зөөлөн бүрхүүлийн тархмал цус харвалт, тархины эдийн няцрал, баруун зовхи дээд уруул, баруун эгэм хуйханд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

2. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

3. Талийгаачийн цусанд 1.2 промиллийн спиртийн агууламж илэрсэн байна. Хөнгөн зэргийн согтолттой.

4. Талийгаач нь тархины зөөлөн бүрхүүлийн тархмал цус харвалт, тархины эдийн няцралын улмаас амьсгал зүрх судас зогсож нас баржээ” гэх шинжээч эмч Т.Номинцэцэг гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 67-71),

- Шинжээч эмч Т.Номинцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Талийгаачийн тархинд...зөөлөн бүрхүүлийн цус харвалт гэмтэл үүссэнээс хойш идэвхтэй хөдөлгөөн амьд явах хугацаа хувь хүн бүрт харилцан адилгүй байдаг учраас нарийн тогтоох боломжгүй. ...Энэ гэмтэл нь мохоо зүйлүүдийн цохих, цохигдох, унах үед үүсэх боломжтой. ...Баруун зовхи нь дээд уруул баруун эгэм, хуйхны цус хуралт нь гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл ба мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Энэ нь шинэ буюу 1-3 хоногт үүссэн байх боломжтой юм. ...ер нь дээрх гэмтлүүдийг нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэж дүгнэлтэд тусгасан байгаа. ...Цээжинд өшиглүүлэх үед үүсэхгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 73, 74), 

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Хавтаст хэргийн материалаар гаргасан шүүх эмнэлгийн 1156 дугаар давтан дүгнэлтэд:

....5. Талийгаачийн үхэлд хүргэсэн гэмтэл болох тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус хуралт, тархины эдийн няцрал нь талийгаачийн толгойн хэсэгт хатуу мохоо зүйлийн цохилтын хүч үйлчилснээс үүсэх бөгөөд цохилтын хүч баруун дээд доод зовхи, дээд уруул хуйханд үйлчилсэн байна.

6. Талийгаачийн тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус хуралт, тархины эдийн няцрал гэмтэл нь үүсгэгдсэн даруйдаа үхэлд хүргэхгүй хэсэг хугацаанд амьд байх боломжтой гэмтэл болно. Амьд байх хугацааг нарийн тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 87-90),

- Шинжээч эмч Б.Ариунзулын мөрдөн байцаалтад өгсөн: ...Задлан шинжилгээний бичлэгээс үзэхэд талийгаачийн тархины 2 тал бөмбөлөг нэлэнхийдээ зөөлөн бүрхүүлийн доорх цус хуралттай, уг цус хуралтын дор жижиг бичил голомтлог тархины эдийн няцрал үүссэн байсан. Эд эсийн шинжилгээгээр микроскопт илэрсэн. Харин нүдээр задлан шинжилгээгээр харагддаггүй. Тиймээс тархи тэр хэсэгт бичил няцрал байсан гэж хэлэхэд бэрхшээлтэй. Харин хуйхан доор баруун зулай хэсэгт цус хуралттай байдаг. Тиймээс хүч энд үйлчилсэн байх боломжтой. Тархины доргилт, цохилтоос болж үүссэн. Ер нь доргилт, цохилт хоёроос үүссэн болохоор толгойн аль ч хэсэгт цохисон үүснэ. Мөн хэдэн удаа нь хамаагүй нэг удаагийн хүчээр ч үүснэ. ...Ийм гэмтэл авсан хүн ухамсарт ухаан хадгалагдаж, үйлдэл хөдөлгөөн хийгээд явах боломжтой. Цаг хугацааны хувьд нарийн тодорхойлох боломжгүй. Тархи хавагнах байдлаас биеийн байдал хүндэрдэг. Иймд хүн бүрт тархи хавагнах байдал янз бүр байдаг гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 95, 96, 2 дугаар хавтаст хэргийн 36),

9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн бүрэлдэхүүнтэй дахин шинжилгээний 392 дугаар дүгнэлт

1. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 1156 тоот дүгнэлт үндэслэлтэй байна.

2016 оны 1220 дугаар дүгнэлтийн 1-д өмнөх 1156 тоот дүгнэлтийн 5, 6-тай санал нийлэхгүй байна. 2-д талийгаачид учирсан тархины зөөлөн бүрхүүлийн доорх тархмал цус харвалт, тархины эдийн няцрал гэмтлийн үед идэвхтэй үйлдэл хийх боломжгүй, уг гэмтлийг авсан даруйдаа үхэлд хүргэнэ. 7-д цээжний өмнөд дээд хэсгүүдэд өшиглөгдөх үед үүсэх боломжтой гэсэн нь үндэслэл муутай байх тул санал нийлэхгүй байна. Талийгаачид учирсан тархины зөөлөн бүрхүүлийн доорхи тархмал цус харвалт, тархины эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал талийгаачийн толгойн хэсэгт хүчтэй цохилт, доргилт авсан үед үүсгэгдэнэ.

2. Тархины зөөлөн бүрхүүлийн тархмал цус харвалт, тархины эдийн няцрал гэмтэл нь гавал болон нүүрний аль ч хэсэгт хүч үйлчлэхэд үүсэх боломжтой....

3. Задлан шинжилгээний тэмдэглэлд баруун зулай хэсгийн хуйхны дотор гадаргууд 1.5х2см бүдэг хөхөлбөр өнгийн цус хуралттай гэсэн байх бөгөөд хуйхны цус хуралт болон тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт тархины эдийн няцрал гэмтэл нь хамт нэг үйлчлэлээр үүссэн байх боломжтой. ...

5. Талийгаачийн баруун эгэмний түвшинд 7х1.7см хөх ягаан өнгийн цус хуралттай  гэж тэмдэглэсэн байх бөгөөд энэ гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун эгэмд учирсан цус хуралт гэмтлийн улмаас тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус харвасан, тархины эдийн няцрал үүссэн гэж үзэх боломжгүй.

...7. Талийгаачид учирсан тархины зөөлөн бүрхүүлийн доорх цус харвалт, тархины эдийн няцрал гэмтлийг авснаас хойш хэсэг хугацаанд идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Идэвхтэй үйлдэл хөдөлгөөн гэдэгт хүн ярих, тодорхой зорилго чиглэлтэй үйлдэл хөдөлгөөн хийх зэргийг хамааруулж ойлгоно.” гэх дүгнэлт (5 хавтаст хэргийн 137-140),

- Шинжээч эмч М.Энхбаяр 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр шүүхийн хэлэлцүүлэгт: “...Талийгаачийн толгойн хэсэгт хүчтэй цохилт, доргилт авснаас тархины судас гэмтсэн, тархи нь өөрөө хайрцаг дотор байдаг. Тэгээд тархийг цохих үед судас нь гэмтэнэ, тархи нь цалгиж гавлын ясанд очиж цохигдсонтой холбоотой тархины эдийн няцрал үүсдэг. Харин цээжинд өшиглөх үед энэ гэмтлийг авах боломжгүй, толгойн хэсэгт цохих үед энэ гэмтлийг авах боломжтой. Мөн тархины бүрхүүлийн хэсэгт цус харвах үед ямар нэгэн судас гэмтэнэ, судас гэмтсэнээс болж ямар хугацаанд цус хуралт үүсэж байгаагаас хамаарч  нас барах хугацаа нь хэлбэлзэнэ. Хэрвээ том судас гэмтсэн бол нас барах хугацаа нь хурдан байна. Жижиг судас гэмтсэн бол аажмаар цус хуралт үүсэж тархины гол амьдралыг зохицуулж байдаг төвийг дарах хүртэл хэсэг хугацаанд амь байх боломжтой. Энэ хугацаанд үйл хөдлөл хийх боломжтой. ...Талийгаачид учирсан тархины бүрхүүлийн доорх цус харвалт, тархины эдийн няцрал гэмтэл нь нэг удаагийн болон хэд хэдэн удаагийн давтан хүч үйлчилсэн байхыг үгүйсгэхгүй. ...Цээжинд өшиглөх үед тархинд доргилт үүсэх боломжтой харин тархины эдийн няцрал, тархины зөөлөн бүрхүүлийн цус харвалт үүсэх боломжгүй. Талийгаачийн баруун эгэмд учирсан гэмтэлтэй холбоотой цус харвасан гэж үзэхгүй. ...Талийгаач эхний цохилтыг авсны дараа цээжин тус газар нь өшиглөсөн цаг хугацаа амьдралын чухал эрхтнийг дарангуйлах цаг хугацаатай давхцаж болно. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэлтэй танилцахад талийгаачийн уруул, хөмсөгт цус хуралт, няцралт үүссэн мөн нүд нь хөхөрсөн байсан. Тиймээс нүүрний хэсэгт цохилт авсан байсан. Шүүгдэгч нарын хэний үйлдлээс гэмтэл учирсан гэдгийг тогтоох боломжгүй мөн хүнд гэмтэл авсан хүн хэдий хугацаанд үйлдэл хөдөлгөөн хийх боломжтойг тогтоох боломжгүй. Хэдэн минут ч үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Талийгаачийн хуйхны баруун дээд зулай хэсэгт хүч үйлчилсэн байсан....” гэх мэдүүлэг (5 хавтаст хэргийн 164-166) зэрэг нотлох баримтаар хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь тогтоогдсон гэж үзэв. 

I.II. Шүүгдэгч А.М.т нь Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Баянголын задгай тоотод, 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө, хувийн таарамжгүй сэдэлтээр, хохирогчийн зүй бус үйлдлээс, гэм буруугийн шууд санаатай үйлдлээр Б.Б.гын цээжин тус газар өшиглөж бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь;

1. Гэрч Б.Ш.ярын (амь хохирогчийн найз)  мөрдөн байцаалтад; “...О.н, П.рж хоёртой хамт орж ирсэн залуу гэнэт уурлаад чи айлын гэрт хамаагүй ингэж болохгүй гээд Б.гын цээж хэсэг рүү нэг удаа маш хүчтэй өшиглөөд авсан...” (1 дүгээр хавтаст хэргийн 28-29),

- “...Сүүлд машин барьж явсан гэх танихгүй залуу нь Б.гыг зүүн орон дээр сууж байхад нь чи одоо дуугүй байгаач агсан тавиад байхын гэж хэлээд нэг удаа цээж рүү нь өшиглөөд авсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 30)

- “...Б.га зүүн орон дээр очиж суугаад дахиад л агсраад чанга чангаар хашхираад байхад нь зүүн орны урд буланд сууж байсан М.т гэх залуу босч ирээд чи айлд байж яагаад хашхичаад байгаа юм гээд...цээж орчим газарт нь нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 32, 33),

- “...Талийгаач ерөөсөө тайвширхгүй уурлаад янз бүрийн хараалын үг хэлээд байсан чинь...М.т талийгаачийн урд нь сууж байгаад айлд агсам тавьж айл гэр үймүүлээд байхдаа яадгийн гэж уурлаад талийгаачийн цээж рүү нь өшиглөөд авсан....” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 102, 103),  

2. Гэрч Б.О.нцэцэгийн (амь хохирогчийн найз хүүхэн) мөрдөн байцаалтад;

- “...машин барьж ирсэн ах чи одоо арай дэндэж байгаа юм биш үү гээд нэг удаа өшиглөсөн хаашаа гэдгийг нь мэдээгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 35, 36),

- “...талийгаач Б.га гэрийн зүүн талын орон дээр сууж байхад машин барьж явж ирсэн гэх М.т нь чи арай дэндэж байгаа юм биш үү гээд босч ирээд биеийн урд хэсэгт нь нэг удаа өшиглөөд авсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 37),

- “... яг үнэндээ М.т босч ирээд чи арай дэндэж байгаа юм биш үү гээд талийгаачийг өшиглөөд авсан яг хаана өшиглөсөн эсэхийг нь сайн хараагүй мэдэхгүй байна....” гэх мэдүүлэг  (2 дугаар хавтаст хэргийн 35),

- “...А.М.т чи болиоч арай ингэж болохгүй ш дээ гээд байсан тэгэж байгаад босч ирээд талийгаачийн урд хавь руу нэг удаа өшиглөсөн... яг хаана өшиглөсөн болохыг мэдэхгүй...” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 101),

3. Гэрч Д.О.яагийн (шүүгдэгч Б.О.ны эхнэр) мөрдөн байцаалтад өгсөн:

- “...тэгтэл манай нөхөр, П.рж хоёртой хамт орж ирсэн залуу гэнэт босоод айлийн гэрт зүгээр байж чадахгүй агсан согтуу тавиад байх юм гээд орон дээр сууж байхад нь өшиглөөд авсан...” гэх мэдүүлэг. (1 дүгээр хавтаст хэргийн 31, 32),

- “...Хамгийн сүүлд М.т талийгаачийг нэг удаа толгойн хэсэгт нь өшиглөж авсан яг хаана нь өшиглөж авсан эсэхийг нь хараагүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 33),

- “...М.т нэг удаа толгойн чих хэсэгт нь өшиглөж авсан.... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 34),

- “...А.М.т чи дуугүй байхгүй яах гээд байгаа юм айл үймүүлээд гээд уурлаж босч ирээд талийгаачийг өшиглөчихсөн....” гэх мэдүүлэг (3 хавтаст хэргийн 104)

4. Шинжээч эмч Т.Номинцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Баруун зовхи нь дээд уруул баруун эгэм, хуйхны цус хуралт нь гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл ба мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ....” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 73, 74), 

5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Хавтаст хэргийн материалаар гаргасан шүүх эмнэлгийн 1156 дугаар давтан дүгнэлтэд:

1. Талийгаачид учирсан ... хүзүү, цээжинд үүссэн цус хуралтууд нь нэг цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ч нэг механизмаар үүсгэгдээгүй тусдаа үүсгэгдсэн байж болох тул гэмтлийн зэргийг салгаж тогтоох боломжтой. ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэл болно.

2. Баруун зовхи, дээд уруул, хуйх, баруун эгэм, цээжинд үүссэн цус хуралт нь шинэ гэмтэл болно...” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 87-90) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас Б.О.н, Д.П.рж нарыг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар 13 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх,

А.М.тыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хэдий ч хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх заалтад зааснаар хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх дүгнэлтийг гаргасан,

Шүүгдэгч Б.О.н, Д.П.рж нарын өмгөөлөгчөөс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан дүгнэлт гаргаагүй, шүүгдэгч А.М.тын өмгөөлөгчөөс улсын яллагчийн эрүүгийн хариуцлагатай мэтгэлцээгүй болно.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.О.н, Д.П.рж, А.М.т нар нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учруулсан баримттай гэм хорын зардлыг төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба тэдэнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирдлага болгон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан улсын яллагчийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б.О.н, Д.П.рж нарт 13 (арван гурван) жилийн хугацаатай хорих ял оногдуулах нь зүйтэй байна гэж үзэв.

Шүүгдэгч Б.О.н нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь тэдгээрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар тогтоогдсон болно. (1 дүгээр хавтаст хэргийн 139) Харин шүүгдэгч Д.П.рж нь Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 1/117 дугаар шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх комиссын 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2568 дугаар тогтоолоор эдлээгүй үлдсэн 3 жил 27 хоногийн ялаас 3 жилийн хорих ялыг өршөөн хасаж, 2006 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан байх бөгөөд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.4 дэх заалтад зааснаар хүнд гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд...ялаа эдэлж дууссанаас хойш найман жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол гэсний дагуу түүний ялтай байдал 2014 оны 7 дугаар сарын 7-ны өдөр дууссан байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх үзэв.

Иймээс Б.О.н, Д.П.рж нарын хувийн байдал буюу урьд ял шийтгэгдэж байгаагүйг болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч А.М.тын хувьд 2014 оны 10 дугаар сард бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба дээрх хуульд зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сарын хугацаа өнгөрсөн тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хуулийн зохицуулалттай тул улсын яллагчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

III. Бусад асуудлаар

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу талийгаачийн буяны ажилд нийт 4.307.400 төгрөг зарцуулсан (1 дүгээр хавтаст хэргийн 153) гэх боловч нотлох баримт шаардлага хангасан 3.962.045 төгрөгний (1 дүгээр хавтаст хэргийн 154-178) баримт хэрэгт авагдсан байна. Шүүгдэгч тус бүр 1.435.000 төгрөг буюу нийт 4.305.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид өгсөн (1 дүгээр хавтаст хэргийн 186) байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй гэж шүүх үзэв. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь буяны ажлын зардалд хонь 250.000 төгрөг, үхэр 1.000.000 төгрөгөөр тус тус худалдан авч нийт 1.250.000 зарцуулсан гэх боловч хэрэгт Төв аймгийн Алтанбулаг сумын засаг даргын тодорхойлолтоос өөр баримтгүй, түүнчлэн өмгөөлөгчийн өмгөөллийн хөлсөнд 3.000.000 төгрөг төлсөн гэх боловч өмгөөллийн гэрээнээс өөр баримтгүй өмгөөлөгч нь энэ талаарх баримтыг гаргаж ирүүлээгүй байх тул нийт 4.250.000 төгрөгийг нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжгүй учир хэлэлцэхгүй орхих зүйтэй байна. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь дээрх зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарлав.

Нөгөө талаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хохирогчийн өмгөөлөгчийн зардал багтах хэдий ч тухайн зардал нь төлбөрийн чадваргүй, амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой, өөрийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж чадахгүй хохирогчид төрөөс өмгөөлөгч томилсонтой холбоотой зардал болно.

Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан талаар

Шүүгдэгч Б.О.н нь;

- 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс (1 дүгээр хавтаст хэргийн 119) мөн оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл (1 дүгээр хавтаст хэргийн 123) 5 хоног,

- 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс (1 дүгээр хавтаст хэргийн 208) 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүртэл (4 хавтаст хэргийн 211) 586 хоног буюу нийт 591 хоног,

Шүүгдэгч Д.П.рж нь;

- 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс (1 дүгээр хавтаст хэргийн 109) мөн оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл (1 дүгээр хавтаст хэргийн 112) 4 хоног,

- 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс (1 дүгээр хавтаст хэргийн 208) 2016 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл (3 хавтаст хэргийн 150 ) 371 хоног,

- 2016 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр (4 хавтаст хэргийн 28) мөн оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл (4 хавтаст хэргийн 225) 124 хоног,

- 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр (6 хавтаст хэргийн ...) 2018 оны 01 дүгээр сарын 04-ний хүртэл 17 хоног буюу нийт 516,

Шүүгдэгч А.М.т нь;

- 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс (1 дүгээр хавтаст хэргийн 99) мөн оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүртэл (1 дүгээр хавтаст хэргийн 101) 4 хоног,

- 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс (1 дүгээр хавтаст хэргийн 208) 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр (3 хавтаст хэргийн 245) 435 хоног,

- 2016 оны 4 дүгээр сарын 29-ны өдөр (4 хавтаст хэргийн 28) мөн оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүртэл (4 хавтаст хэргийн 234) 124 хоног буюу нийт 563 хоног тус тус цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.О.ны цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 591 хоног, шүүгдэгч Д.П.ржийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 516 хоногийг Эрүүгийн хуульд заасны дагуу тэдний эдлэх ялд оруулан тооцож, А.М.т нь 563 хоног таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болохыг тогтоолд дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан шаргал өнгийн орны болон хөнжлийн даавуу 2 ширхэг, Улаанбаатар нэртэй архины шил 1 ширхэг, Боргио шар айрагны бор хуванцар сав 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах зүйтэй.