Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 118/ШШ2025/0026

 

    Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ

     татгалзсаныг батлах тухай

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяа би тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6 дугаар хуралдаан даргалагч Д.*******ид холбогдох “Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №36,37,38,39,40,41 дугаартай тогтоолуудыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий иргэн Б.*******гийн нэхэмжлэлийг 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Нэхэмжлэгч Б.******* миний бие тус шүүхэд Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдуулан Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2025 оны 36, 37, 38, 39, 40, 41 дугаартай тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай нэхэмжлэлийг гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт зааснаар илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна гэж хуульчилсан тул Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2025 оны 36, 37, 38, 39, 40, 41 дугаартай тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгосноор нийтийн эрх ашигт илт хохиролтой, аймаг, орон нутгийн өвөлжилтийн болон цаг үеийн асуудалд сөрөг нөлөөтэй учир шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Иймд Б. ******* миний нэхэмжлэлтэй Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд холбогдуулан Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2025 оны 36, 37, 38, 39, 40, 41 дугаартай тогтоолыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай бүхий нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа болохыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Тус нэхэмжлэлээсээ татгалзсанаар энэ асуудлаар дахин нэхэмжлэл, гомдол, хүсэлт гаргах эрхгүй болохыг ойлгож мэдсэн болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.******* нь “Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №36,37,38,39,40,41 дугаартай тогтоолуудыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байгаа тайлбарыг ирүүлсэн байна.

Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 66 дугаар зүйлийн 66.1-д тус тус зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж болохоор заасан байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгах, энэ хуулийн 50.4-т зааснаас бусад тохиолдолд нэхэмжлэлээсээ татгалзах, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрэх замаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон бол улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг түүнд буцааж олгохооргүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.******* нь тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6 дугаар хуралдаан даргалагч Д.*******ид холбогдуулан гаргасан “Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн №36,37,38,39,40,41 дугаартай тогтоолуудыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэ захирамжид гомдол гаргах эрхгүй.

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Н.АМАРЗАЯА