Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2021/01344

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Мэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 104/ШШ2021/00211 дугаар шийдвэртэй, Л.Мэгийн нэхэмжлэлтэй Ч.Мад холбогдох зээлийн гэрээний үүрэгт 31,875,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Мэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ч.Мад 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 20,500,000 төгрөг, мөн оны 06 дугаар сарын 13-ны өдөр 750,000 төгрөг, нийт 21,250,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлсэн ба гэрээг бичгээр байгуулахдаа зээлийн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон.

Ч.М зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор 26-35 УНП улсын дугаартай, Исүзү маркийн ачааны автомашиныг барьцаанд тавьж, нэрийг нь шилжүүлнэ гэсэн боловч барьцаалаагүй.

Иймд үндсэн зээл 21,250,000 төгрөг, 6 сарын хүү 10,200,000 төгрөг, алданги 10,625,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 327,500 төгрөг, нийт 43,402,000 төгрөгөөс төлсөн 11,647,000 төгрөгийг хасч үлдэх 31,935,500 төгрөгийг түүнээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэхэмжлэгч Л.Мэгээс 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 21,250,000 төгрөг аваагүй. Учир нь зээлийн барьцаанд тавих ачааны машины эзэмшигчийн нэрийг Л.Мэгийн нэр дээр шилжүүлэхэд төлөх татвар 1,250,000 төгрөгийг суутгаж аваад зээлсэн мөнгөн дүнд тооцсон.

Мөнгө зээлэхдээ хүүг урьдчилан суутгасан. Мөн 5,000,000 төгрөгийг бэлнээр аваагүй. Би 750,000 төгрөг, 1,200,000 төгрөгийн хүү төлсөн. Харин Л.Мэг буцааж өгөөд зээлээ нэмээд 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан.

Л.Мэгээс 14,485,000 төгрөгийг дансаар шилжүүлж авсан нь үнэн. Мөн н.Цэцэгхүүд төлөх 750,000 төгрөгийн өрийг Л.Мэгээр төлүүлсэн нь үнэн. Гэхдээ цаг хугацаанд нь зээл, хүүг төлж байсан.

Л.Мэгт буцаан төлсөн мөнгөн дүн 11,647,000 төгрөг дээр маргахгүй. Одоо 6,000,000 төгрөгийн өр төлбөр байгаа.

Иргэний хуульд зааснаар зээлийн гэрээний шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа дууссан. 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан бичгийн хэлцэл нь хуульд заасан хэлбэрийг зөрчиж хийсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4., 232.6., 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дэхь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ч.Маас зээлийн гэрээний үүргийн биелэлт 27,540,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Мэгт олгож, нэхэмжлэлээс 6,335,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Мэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 327,325 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Ч.Маас 295,650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Мэгт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна.

Шүүх хариуцагчийг эрэн сурвалжилж оршин байгаа газрыг тогтоох шийдвэр гарснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж дүгнэсэн ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагчийг эрэн сурвалжлах ажиллагаа явагдаж түүнийг яаж илрүүлсэн баримт хэрэгт авагдаагүй, хөөн хэлэлцэх хугацаа хэдийд тасалдсан баримт байхгүй.

Мөн 27,540,000 төгрөгийг гаргахаар шийдвэрлэхдээ үндэслэл болгосон баримт нь нотлох баримтын шаардлага хангаж буй эсэх эргэлзээтэй тул хариуцагчаас 27,540,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Л.Мэг хариуцагч Ч.Мад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 31,875,000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөг, нийт 33,875,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Л.Мэг, Ч.М нар 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “ам хэлцэл хийсэн тухай” гэх баримтыг бичгээр үйлдсэн байх ба уг баримтаас дүгнэвэл Ч.М нь 21,250,000 төгрөгийг 8 хувийн хүүтэй зээлсэн /хх29/, 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн “мөнгө зээлсэн тухай” гэх бичгийн баримт үйлдэж, уг баримтад Л.Мэг нь 20,500,000 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай, сарын 8 хувийн хүүтэйгээр Ч.Мад зээлдүүлсэн, зээл болон хүүг цаг хугацаандаа өгөөгүй тохиолдолд 0,5 хувийн алданги тооцно гэж тохиролцсон /хх30/, мөн 2015 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн “мөнгө зээлсэн тухай” гэх нэртэй бичгийн баримтад “Л.Мэг нь Ч.Мад 2015 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хуучин өгсөн 20,500,000 төгрөг дээр нэмж 750,000 төгрөг өглөө, хүү 8 хувь хэвээрээ...” гэж харилцан тохиролцсон /хх31/, дээр бичгийн баримтуудад хэн аль нь гарын үсэг зуржээ.

 

Дээрх бичгийн гурван баримтаас гадна Л.Мэг, Ч.М нар 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн гэрээг бичгээр байгуулж, уг гэрээгээр Ч.М нь 21,250,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцож, талууд гэрээг нотариатаар гэрчлүүлжээ.

 

Дээрх 4 баримтыг нэгтгэн дүгнэвэл Л.Мэг, Ч.М нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа нэг удаа үүссэн, талууд зээлийн гэрээний үнийн дүн дээр маргасан талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

Анхан шатны шүүх ачааны авто машин шилжүүлэх татвар 125,000 төгрөг, мөн зээлийн хүүд суутгаж авсан 100,000 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хүү 750,000 төгрөгийг Л.Мэг нь 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний үндсэн зээл болох 21,250,000 төгрөгт оруулан тооцсон нь буруу гэж дүгнэж, Л.Мэг, Ч.М нарын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээлийг 20,275,000 /21,250,000-125,000-100,000-750,000/ төгрөг гэж тодорхойлж, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь зөв, энэ талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй.

 

Талууд бичгээр байгуулсан зээлийн гэрээний 1-д зээлийн хүү сарын 8 хувь гэж, гэрээний 2-т зээлийн гэрээний хугацааг 6 сар гэж тус тус тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт зээлийн хүү тохиролцсон бол гэрээг бичгээр байгуулах гэж заасантай нийцжээ. Иймд Ч.М нь 6 сарын хүү 9,732,000 /20,275,00 * 8% *6 сар/ төгрөгийг үндсэн зээл 20,275,000 төгрөгийн хамт нийт 30,007,000 төгрөгийг төлөх үүрэгтэй ба уг 30,007,000 төгрөгөөс түүний төлсөн 11,647,000 төгрөгийг хасч тооцвол 18,360,000 /20,275,000+9,732,000-11,647,000/ төгрөгөөр үүргийг тодорхойлно.

 

Талууд гэрээний 3-т зээлдэгч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон ба уг тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232,6 дахь хэсэгт заасан алдангийн тодорхойлолттой нийцсэн байна.

 

Зээлдэгч нь гүйцэтгээгүй үүрэг болох 18,360,000 төгрөгөөс алданги төлөх үүрэгтэй бөгөөд түүний үүргийг 3 жилээр тооцвол Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул анхан шатны шүүх алдангийг хязгаарлаж 9,180,000 /18,360,000 төгрөгийн 50 хувь/ төгрөгөөр тооцсон нь зөв байна.

 

 Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ч.Маас зээлийн гэрээний үүрэгт 18,360,000 төгрөг, алдангид 9,180,000 төгрөг, нийт 27,540,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Мэгт олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

Талууд 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 6 сарын хугацаатай байгуулсан гэрээний үүргийг шаардах эрхийн хугацаа 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гурван жилийн хугацааг тоолвол 2019 оны 03 дугаар сарын 10-ны өдөр дуусахаар байна.

Нэхэмжлэгч Д.Мөнхцэцэг нь Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Ч.Мад холбогдуулж нэхэмжлэл гаргасан ба тус шүүхээс 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 1148 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2019/01205 дугаар шийдвэрээр Ч.Мыг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа газрыг олж тогтоохоор шийдвэрлэсэн тул зээлийн гэрээний шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар тасалдсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй болно. /хх41, 9/

 

Түүнчлэн анхан шатны нэхэмжлэлийн шаардлагаас өмгөөллийн хөлс 2,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 104/ШШ2021/00211 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 295,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                          ШҮҮГЧИД                                Д.НЯМБАЗАР

 

                                                                                           Э.ЗОЛЗАЯА