Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2024/ДШМ/10

 

Р.Б-д холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,   

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбек даргалж шийдвэрлэсэн, тус шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/21 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Р.Б-д холбогдох эрүүгийн 2313000000321 дугаартай, 5 хавтастай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэж 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Көбешийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд прокурор А.Дорждэрэм, шүүгдэгч Р.Б-, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Тилеуберди, хохирогч Ж.Р-, орчуулагч А.Ахмерей, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос нар оролцов.     

 

1. Монгол Улсын иргэн, яс үндэс Казах, **** оны ** дугаар сарын **-ны өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, *****боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ***хүнтэй, ******тоотод оршин суух хаягтай,  урьд (1) Баян-Өлгий аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 25,000 төгрөгөөр торгох ял, (2) мөн шүүхийн 2005 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 36 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ял, (3) Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай А овогт Р-ийн Б- /РД:***********/.

 

2. Шүүгдэгч Х.Б- нь 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 21 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ж.Ж-ын гэрт, 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 16-17 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Ж.Р-гийн түрээсийн байранд хохирогчийг тус тус гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,  

мөн 2023 оны 7 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах  өөрийнхөө гэрт, 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 19 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ж.Ж-ын гэрт, 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 15 цагийн орчимд болон 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн өглөө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Ж.Р-гийн түрээсийн байранд  хохирогч Ж.Р-г, мөн 2023 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах  өөрийнхөө гэрт охин Б.М- тус тус зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх   буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

3. Прокурорын 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 233 дугаар яллах дүгнэлтээр Р.Б-ы дээрх үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн  2024/ШЦТ/21 дүгээр шийтгэх тогтоолоор: 

4.1. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ахлах прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р-ийн Б-д холбогдох эрүүгийн хэргээс “2023 оны 07 дугаар сарын сарын 13-ны өдөр өөрийнхөө гэрт охин Б.М- гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон” гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож,

4.2. Шүүгдэгч А ургийн овгийн Р-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, мөн хуулийн ерөнхий ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

4.3. Шүүгдэгч Р.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 (нэг) сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйл ийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

4.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд шүүгдэгч Р.Б-д өөрийн оршин суух газар буюу Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багаас явахыг хориглох үүргийг хүлээлгэж,

4.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан 6 сарын хорих ялд нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 7 (долоо) сарын хугацаагаар тогтоож,

4.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б-д оногдуулсан 7 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

4.7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б-ы баривчлагдаж, цагдан хоригдсон 86 (наян зургаа) хоногийг түүний эдлэх ялаас хасаж тооцож,

4.8. Шүүгдэгч Р.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

 

5. Прокурорын эсэргүүцэлд:

5.1. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар: Шийтгэх тогтоолын тодорхойлох нь хэсгийн /3.Бусад асуудлын талаар/ 3.3 дахь заалтад дурдсан “...шүүгдэгч Р.Б-ы 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн цагдан хоригдсон 85 хоног, зөрчлийн хэрэг бүртгэлтийн үед саатуулагдсан 1 хоног, нийт 86 хоногийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан түүний эдлэх хорих ялаас нь хасаж тооцон...” гэх дүгнэлт болон тогтоох нь хэсгийн 7 дахь заалт нь үндэслэлгүй байна.

Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна.” гэж заасан.

Гэтэл шүүхээс зөрчлийн хэрэг бүртгэлтийн үед холбогдогчийг саатуулах ажиллагаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн хүрээнд явагддаг хэдий ч хүний эрх, эрх чөлөөнд халдаж, 24 цаг хүртэл хугацаагаар саатуулж байгаа учир тухайн хугацааг баривчлагдсан хугацаанд оруулан тооцох нь зүйтэй гэж дүгнэн шүүгдэгчийн саатуулагдсан 1 хоногийг баривчлагдсан, цагдан хоригдсонтой адилтгаж тооцсон нь Эрүүгийн хуулийн төсөөтэй хэрэглэсэн гэж үзэхээр байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэж байна.

Саатуулагдсан хугацааг Зөрчлийн тухай хуулийн 3.7 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед саатуулагдсан хугацааг баривчлах шийтгэл эдлүүлэх хугацаанд оруулан тооцно” гэж зааснаас Эрүүгийн хууль тогтоомжид энэ талаар тусгайлсан зохицуулалт тусгагдаагүй билээ.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд “...хууль ёсны байх зарчим”-ыг хуульчилж, уг зарчимд “Шүүх, ...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль, бусад хуулийн заалтыг чанд сахих” талаар үүрэг болгосон хэм хэмжээг тусгасан байхад хуулийн дээрх зохицуулалт, зарчмуудыг шүүхээс шийдвэр гаргахдаа баримтлаагүй, түүнчлэн буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

5.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар: Шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 2 дахь заалтад “...Р-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, мөн хуулийн ерөнхий ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан...” гэж бичсэн нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн ямар зүйл, хэсэг, заалтад зааснаар зүйлчлэгдсэн нь тодорхой бус, ойлгомжгүй байх тул зөвтгүүлэх шаардлагатай байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.”, мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах зүйлийг тусгана:, ...1.1.шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох;” гэж тус тус заасан.

Гэтэл шүүхээс шийдвэртээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2 дахь хэсэгт заасан, мөн хуулийн ерөнхий ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэж бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

5.3. Дээрх зөрчлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн;”, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй;” гэх үндэслэлүүдэд хамаарч байх бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтуудад зааснаар шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэл болж байна гэж дүгнэлээ. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/21 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 2 дах заалтад “...Р-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай”, мөн хэсгийн 7 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б-ы баривчлагдаж, цагдан хоригдсон 85 (наян тав) хоногийг түүний эдлэх ялаас хасаж тооцсугай” гэж тус тус өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан эсэргүүцэл бичив.

 

6. Шүүгдэгчийн  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар:

6.1. Өмгөөлөгчийнхөө гаргасан саналыг дэмжиж байна. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байгаа. Харин техникийн шинжтэй алдаанаас болж миний бие хохирч байгаа гэдгийг бас харгалзан үзэхийг хүсье. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй.

 

7. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэд:

7.1. Прокурорын гаргасан эсэргүүцэл нь ямар ч үндэслэлгүй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл хүний эрхийг дээдлэх, хамгаалах талаас нь анхан шатны шүүхээс гарсан шүүхийн шийтгэх тогтоол нь үндэслэлтэй гэсэн байр суурьтай байгаа. Яагаад гэвэл баривчлагдсан ч, цагдан хоригдсон ч хэлэх нөхцөл нь өөр болохоос ялгаагүй хүний эрх тодорхой хэмжээгээр хязгаарлагддаг. Мөн зөрчлийн хэрэг бүртгэлтийн үйл ажиллагаа дуусгавар болохгүйгээр шууд эрүүгийн хэрэг болсон нөхцөл байдал бий. Тийм учраас саатуулагдсан 1 хоногийг цагдан хоригдсон гэж үзэх нь зүйтэй.

7.2. Бас эсэргүүцлийн дараагийн үндэслэл болох техникийн шинжтэй холбоотой алдааны талаар хэлье. Тухайн үед шүүгчээс захирамж гарган техникийн шинжтэй алдааг засах боломжтой байсан. Харин прокурорын хувьд ялыг бүхэлд нь хянуулах үүднээс эсэргүүцэл бичсэн байх. Гэхдээ уг гарсан техникийн алдаанаас болж миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал доордох ёсгүй.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

8. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хяналаа.

9. Шүүгдэгч Р.Б- нь 2023 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 21 цагийн үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ж.Ж-ын гэрт, 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 16-17 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Ж.Р-гийн түрээсийн байранд хохирогчийг тус тус гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн 2023 оны 7 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах  өөрийнхөө гэрт, 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 19 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ж.Ж-ын гэрт, 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 15 цагийн орчимд болон 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн өглөө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хохирогч Ж.Р-гийн түрээсийн байранд  хохирогч Ж.Р-г, мөн 2023 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийнхөө гэрт охин Б.М- тус тус зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

10. Анхан шатны шүүх прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Б-д холбогдох эрүүгийн хэргээс “2023 оны 07 дугаар сарын сарын 13-ны өдөр өөрийнхөө гэрт охин Б.М- гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон” гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож,

Р.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн,  мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн” гэм буруутайд болох нь тус тус хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж,  бэхжүүлсэн, гэрч, хохирогч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдохгүй байна.

12. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Р.Б-ыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

13. Шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан үндэслэл, журмын дагуу тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Р.Б-ыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар  зорчих эрхийг хязгаарлах ялаар, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар  шийтгэсэн нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчимд нийцсэн төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Мөн шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг 7 сарын хугацаагаар тогтоосон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б-ы баривчлагдаж, цагдан хоригдсон 86 хоногийг түүний эдлэх ялаас хасаж тооцохдоо хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 

14. Прокурор эсэргүүцэлдээ “...зөрчлийн хэрэгт түр саатуулагдсан хугацааг Зөрчлийн тухай хуулийн 3.7 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үед саатуулагдсан хугацааг баривчлах шийтгэл эдлүүлэх хугацаанд оруулан тооцно” гэж зааснаас Эрүүгийн хууль тогтоомжид энэ талаар тусгайлсан зохицуулалт тусгагдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд “...хууль ёсны байх зарчим”-ыг хуульчилж, уг зарчимд “Шүүх, ...эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль, бусад хуулийн заалтыг чанд сахих” талаар үүрэг болгосон хэм хэмжээг тусгасан байхад хуулийн дээрх зохицуулалт, зарчмуудыг шүүхээс шийдвэр гаргахдаа баримтлаагүй, түүнчлэн буруу тайлбарлан хэрэглэсэн байна.” гэжээ.

Хэрэгт авагдсан, эрх бүхий албан тушаалтны 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 234 дугаартай “Согтуурсан, мансуурсан хүнийг саатуулах тухай” тогтоолоор 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 22 цаг 30 минутаас 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 22 цаг 30 минут хүртэл 24 цагийн хугацаагаар Р.Б-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх үндэслэлээр түр саатуулж, мөн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2023/ЦХШЗ/81 дугаартай захирамжаар шүүгдэгч Р.Б-д яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2023/ЦХШЗ/89 дугаартай, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ЦХШЗ/03 дугаартай захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус сунгаж шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино гэж хуульчилсан.

Тиймээс шүүгдэгч Р.Б-ы зөрчлийн хэрэг бүртгэлтийн үед саатуулагдсан 1 хоног, цагдан хоригдсон 85 хоног, нийт 86 хоногийн хугацааг түүний эдлэх ялаас хасаж тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хүний эрх, хууль ёсны  ашиг сонирхлыг хамгаалах зорилтод нийцсэн байх тул энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцлийг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

15. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдэнэ” гэж, 36.7 дугаар зүйлд шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт, 36.8 дугаар зүйлд тогтоох хэсэгт тусгах зүйлсийг тус тус нарийвчлан хуульчилсан байхад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж..” гэж бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж заасан шаардлагыг хангаагүй байх тул энэ үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, прокурорын тус асуудлаар гаргасан эсэргүүцлийг хангаж шийдвэрлэв.

              

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгож,  

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/21 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн...” гэсний дараа “...11.6 дугаар зүйлийн...” гэсэн нэмэлт оруулж өөрчлөн, шийтгэх тогтоолын бусад хэсгийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хангасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч, прокурор, дээд шатны прокурор хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ                                                            М.НЯМБАЯР

 

                                   ШҮҮГЧ                                                 Д.КӨБЕШ