Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 22

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч А.Ганзориг,

Шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Цгийн Э-д холбогдох 1708018110262 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,1990 оны 08 дугаар  сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Эрдэнэт Орчлон” ХХК-д талбайн инженер ажилтай, ам бүл 2, ээжийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Дээд салхитын 37-544 тоотод оршин суух бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, ...тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй Б овогт Цгийн Э /РД:...

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

            Нэг:Яллах талын нотлох баримтууд.

1.1.Шүүгдэгч Ц.Эын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн үед бид хоёр маргалдаж зууралдаж зодолдсон, өөр хүмүүс оролцоогүй. Бид хоёрыг цагдаагийн хэлтэс рүү авчирч байхад нөгөө ах миний чихний аппарат ажиллахгүй байна гээд байсан. ...Би Т.Бы биед учирсан гэмтлүүдийг хүлээн зөвшөөрч байна. Би тухайн үед Т.Бд гэмтэл учруулсан нь үнэн. ...би өөрийн хийсэн хэрэгтээ маш ихээр гэмшиж байна. ... сонсголын аппаратны үнэ 2,800,000 төгрөгийг төлсөн, хөнгөн ял оноож өгнө үү?” гэх мэдүүлэг  /хх 58-60 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,                     

 

1.2.Хохирогч Т.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 20 цагийн орчим би Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Макс худалдааны төвийн зүүн талын Хаан банкны АТМ-ээс гүйлгээ хийгээд зогсож байхад 1 залуу хаалга онгойлгоод “энд олон хүн байна чи хурдал яагаад зүгээр зогсоод байгаа юм”  гэхээр нь би “одоо гүйлгээ хийж дуусаагүй байна удахгүй дууслаа цаашаа бай” гэхэд нөгөө залуу чи зүгээр зогсоод байна ш дээ гэхээр нь би зүгээр зогсоогүй гүйлгээ хийж байна гээд бид 2 маргалдаж эхэлсэн. Тэгээд би тэр залууг цаашаа бай гээд хөлөөрөө зангасан чинь тэр залуу шууд орж ирээд заамдаж аваад зүүн хацар шанаа руу мөргөх үед би газар унахад зүүн талын чихний сонсголын аппаратан дээр 2 удаа цохиод, би тэр залуутай зууралдаад АТМ-ээс гарахад үүдэнд байсан хүмүүс салгасан. Тэгээд АТМ-ээс гарч ирээд зогсож байхад намайг зодсон залуу дахиж гүйж ирээд доод эрүү рүү 1 удаа толгойгоороо мөргөөд намайг газар унагасан. Тэгээд би манарчихаад хэвтэж байгаад босоод ирэхэд 2 цагдаа ирчихсэн байсан. ...үүнээс болж миний чихний сонсголын аппарат эвдэрсэн. ...би ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй. Бүх шарх сорви зөнгөөрөө эвдгэрсэн. Харин эвдэрсэн сонсголын аппарат надад байгаа. Энэ сонсголын аппаратыг 2010 онд 680,000 төгрөгөөр худалдаж авсан GN resound компанийн FL 80 сонсголын аппарат байгаа юм. Анх авч байсан эмнэлгийн тодорхойлолт байгаа. Одоо энэ аппараттай адилхан үзүүлэлттэй аппарат 3,000,000 төгрөгийн үнэтэй байна. Энэ бүхэнд цаг хугацаа, мөнгөний ханш нөлөөлж байна. Тэгэхээр би сонсголын аппаратаа юм уу, ижил төрлийн сонсголын аппарат нэхэмжилж байна. ...Би Ц.Эоос хохирлын 2,800,000 төгрөгийг  бэлнээр авсан тул одоо надад гомдол санал байхгүй, цаашид Ц.Эоос эмчилгээний зардал болон хохирлын мөнгө нэхэмжлэхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй, надаас уучлалт гуйсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30, 63 х/

1.3.Гэрч О.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Эыг 40 минут гаран болоод ирэхгүй байхаар нь гайхаад байж байсан чинь Э цагдаагийн утаснаас ярьж байна, Аниа би саяхан АТМ дээр оочирлож байсан чинь нэг ах АТМ-д орчихоод гарч ирэхгүй удаад байхаар нь хурдал гээд хэлсэн чинь маргаан болоод хажууд байсан хүмүүс цагдаа дуудаад, би цагдаагийн хэлтэс дээр байна гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 69-70 х/

 

1.4.Гэрч М.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Т.Б гэдэг хүн сонсголын аппарат эвдэрчихсэнээ засуулах гэсэн юм гээд “GN resound FL 80” сонсголын аппаратаа өгсөн. Тухайн төхөөрөмжийг хүлээн аваад шалгахад дахин засварлах боломжгүй байсан.  ... “GN resound FL 80” сонсголын аппарат нь дуу дамжуулагч нь шатсан байсан. Уг гэмтэл нь доргих, унагаах зэрэг хүчин зүйлийн үйлчлэлээс гэмтдэг юм. Ер нь сонсголын аппаратыг маш нарийн нямбай хэрэглэх ёстой бөгөөд янз бүрийн байдлаар доргиож унагааж болдоггүй. Их эмзэг аппарат юм. ...” гэх мэдүүлэг /хх 23-25 х/ 

 

1.5.Гэрч О.Ты мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би хүүгээ зодуулсан талаар тухайн өдөр сонсоод цагдаагийн газарт ирсэн чинь манай хүү зодуулсан, мөн чихний сонсголын аппарат нь эвдэрчихсэн байдалтай байсан. Тухайн зодооны өмнө зүгээр байсан байгаа юм. ...” гэх мэдүүлэг /хх 73 х/ 

 

1.6.Гэрч Т.Чын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай ах бид хоёр байнга нэг нэгнийхээ гэрээр орж гардаг бөгөөд хамгийн сүүлд 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр уулзсан санагдаж байна. Тэгэхэд ахын зүүн талын чихний аппарат зүгээр байсан. Надтай зүгээр юм ярьж байсан. Тэгээд 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр зодуулсныхаа дараа цагдаад өргөдөл өгсөн, бас сонсголын аппарат руу тэр залуу цохиод эвдэлсэн талаар хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 74 х/ 

 

1.7.Шинжээчийн 12276 тоот дүгнэлт

1.Т.Бы биед зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салстад язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугцаанд үүссэн байх боломжтой.

3.Дээрх гэмтлүүд нь тус, тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  гэсэн дүгнэлт /хх 33 х/

 

1.8.Шинжээч эмч Ц.Цэцэгмаагийн мэдүүлэг: “...Миний гаргасан 12276 дугаар дүгнэлтэнд тусгагдсан дээрх гэмтлүүд мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх болно. ...Дээрх гэмтэл нь хэрэг үйлдэгдэх үед үүсгэгдэх боломжтой. ...Мохоо зүйлийн үйлчлэл гэдэг нь толгойгоороо мөргөх, гараараа шанаадах зэрэг орно. ...хохирогч Т.Б өмнө нь хоёр чихний холимог хэлбэрийн дүлийрэл өвчтэй байсан байна. Энэ хоёр чихний сонсгол буурал нь зодуулснаас хойш сонсгол нь нэмж буурсан гэдэг нь хохирогчийн өөрийн гаргаж өгсөн бичиг баримтан дээр сонсголын буурал нь тогтоогдсон зүйл байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх 42-43 х/

 

1.9.Сонсголын аппаратны талаарх “ДАМНО” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 47-48 х/,

 

Хоёр:Хувийн байдлын талаарх баримтууд.

2.1.Ц.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 76 х/

2.2.Оршин суугаа газрын тодорхойлолт /хх 78 х/

2.3.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 79 х/

2.4.Ц.Эын цалингийн тодорхойлолт /хх 87 х/                                        

 

Гурав: Хохирлын баримтууд.

3.1.Хохиролын мөнгө төлсөн баримт /хх 64-65 х/ зэргийг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.

 

Шүүгдэгч Ц.Э гэм буруу дээр маргаагүй бөгөөд түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Э нь 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 20 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Макс” худалдааны төвийн зүүн талын Хаан банкны “АТМ”-н дэргэд иргэн Т.Бтай “...АТМ-ээр түргэн үйлчлүүлсэнгүй удлаа...” гэх шалтгааны улмаас түүнтэй маргалдаж, улмаар заамдаж аваад зүүн хацар шанаа руу мөргөх мөн газар унахад түүний зүүн талын чихний сонсголын аппаратан дээр 2 удаа цохих зэргээр зодож хүний эрүүл мэндэд “зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салстад язарсан шарх” бүхий хөнгөн хохирол,

Мөн түүний чихэндээ зүүж явсан сонсголын аппаратыг устгаж 2,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч Ц.Эын “...Тухайн үед бид хоёр маргалдаж зууралдаж зодолдсон, өөр хүмүүс оролцоогүй. Бид хоёрыг цагдаагийн хэлтэс рүү авчирч байхад нөгөө ах миний чихний аппарат ажиллахгүй байна гээд байсан. ...” гэх мэдүүлэг  /хх 58-60 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,                   

 

Хохирогч Т.Бы “...2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 20 цагийн орчим би Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Макс худалдааны төвийн зүүн талын Хаан банкны АТМ-ээс гүйлгээ хийгээд зогсож байхад 1 залуу хаалга онгойлгоод “энд олон хүн байна чи хурдал яагаад зүгээр зогсоод байгаа юм”  гэхээр нь би “одоо гүйлгээ хийж дуусаагүй байна удахгүй дууслаа цаашаа бай” гэхэд нөгөө залуу чи зүгээр зогсоод байна ш дээ гэхээр нь би зүгээр зогсоогүй гүйлгээ хийж байна гээд бид 2 маргалдаж эхэлсэн. Тэгээд би тэр залууг цаашаа бай гээд хөлөөрөө зангасан чинь тэр залуу шууд орж ирээд заамдаж аваад зүүн хацар шанаа руу мөргөх үед би газар унахад зүүн талын чихний сонсголын аппаратан дээр 2 удаа цохиод, ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30, 63 х/

  

Гэрч О.Дийн “... Э цагдаагийн утаснаас ярьж байна, Аниа би саяхан АТМ дээр оочирлож байсан чинь нэг ах АТМ-д орчихоод гарч ирэхгүй удаад байхаар нь хурдал гээд хэлсэн чинь маргаан болоод хажууд байсан хүмүүс цагдаа дуудаад, би цагдаагийн хэлтэс дээр байна гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 69-70 х/

 

Гэрч М.Бгийн “...2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Т.Б гэдэг хүн сонсголын аппарат эвдэрчихсэнээ засуулах гэсэн юм гээд “GN resound FL 80” сонсголын аппаратаа өгсөн. Тухайн төхөөрөмжийг хүлээн аваад шалгахад дахин засварлах боломжгүй байсан.  ...” гэх мэдүүлэг /хх 23-25 х/ 

 

Гэрч О.Ты “...Би хүүгээ зодуулсан талаар тухайн өдөр сонсоод цагдаагийн газарт ирсэн чинь манай хүү зодуулсан, мөн чихний сонсголын аппарат нь эвдэрчихсэн байдалтай байсан. Тухайн зодооны өмнө зүгээр байсан байгаа юм. ...” гэх мэдүүлэг /хх 73 х/ 

 

Шинжээчийн 12276 тоот дүгнэлт

1.Т.Бы биед зүүн хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, доод уруулын дотор салстад язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугцаанд үүссэн байх боломжтой.

3.Дээрх гэмтлүүд нь тус, тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  гэсэн дүгнэлт /хх 33 х/

 

Шинжээч эмч Ц.Цэцэгмаагийн мэдүүлэг: “...Миний гаргасан 12276 дугаар дүгнэлтэнд тусгагдсан дээрх гэмтлүүд мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх болно. ...Дээрх гэмтэл нь хэрэг үйлдэгдэх үед үүсгэгдэх боломжтой. ...Мохоо зүйлийн үйлчлэл гэдэг нь толгойгоороо мөргөх, гараараа шанаадах зэрэг орно. ...” гэх мэдүүлэг /хх 42-43 х/

 

Сонсголын аппаратны талаарх “ДАМНО” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 47-48 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Ц.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, мөн сонсголын аппаратыг эвдэлж ажиллагаагүй болгосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдлээр хангасан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан нэг удаагийн үйлдлээр хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцох үндэслэлтэй.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн.

 

Хохирлын талаар.

Хохиролын мөнгө төлсөн баримт /хх 64-65 х/ /-аар хохирогчийн сонсголын аппаратны үнэ 2,800,000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдсон, хохирогч эрүүл мэндэд учирсан хөнгөн хохиролтой холбогдуулж гарсан зардал байхгүй, эмчилгээний зардал нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

 

            Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар.

            Ц.Э нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо өөрийн сайн дураар бүрэн төлсөн нь эрүүгийн хуульд заасан түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байгаа, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Ял шийтгэлийн талаар.

            Ц.Эын гэм буруутайд тооцогдсон гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа.

            Ц.Э нь хөнгөн гэмт хэргүүд үйлдсэн, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан үзээд түүнд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулах журмыг баримтлан гэмт хэрэг тус бүрт нь 500,000 төгрөгийн төгрөгийн торгуулийн ял оноож, уг ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1,000,000 төгрөгөөр тогтоож, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг үүрэг болгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.

            Бусад асуудлын талаар.

                        Хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохиролд 2,800,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн ажиллагаагүй болсон гэх сонсголын аппаратыг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овогт Цгийн Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Эыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар,

 

мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Эыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар Ц.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500,000 төгрөгийн ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500,000 төгрөгийн торгуулийн ялыг нэмж нэгтгэн нийт 1,000,000 төгрөгийн торгуулийн ялыг эдлүүлэхээр тогтоосугай.

 

    4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Ц.Э-д үүрэг  болгосугай.

 

5.Ц.Эын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохиролд 2,800,000 төгрөг төлөгдсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн ажиллагаагүй болсон сонсголын аппаратыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогч утстгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ