Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2025/0567

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, шүүгч Г.Цэрэндэжид нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Б*******” ХХК, РД:*******,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, Д.Б*******,

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б*******, Ч.Ч нарын хоорондын “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11.1.2, Хот, суурин газрын гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээний 5.3.11 дэх хэсэгт заасан заалтыг хэрэгжүүлэхгүй, биелүүлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн хорооны нутаг дэвсгэрт, Ч орчим ГХДТ-2014/2 багцын “А” хэсэгчилсэн талбайн 22.2 га газарт гэр хорооллыг дахин төлөвлөж барилгажуулах талбайд эхний ээлжийн орон сууцуудыг хангах инженерийн дэд бүтцийн зардалд зарцуулсан “Б*******” ХХК-ийн 3.889.154.716 (гурван тэрбум найман зуун наян есөн сая нэг зуун тавин дөрвөн мянга долоон зуун арван зургаан) төгрөгийг улс, орон нутгийн төсөвт тусгуулан, санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах” тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч Л.М, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, Д.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б*******, Ч.Ч, иргэдийн төлөөлөгч Л.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/598 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн хорооны нутаг дэвсгэрт, Ч орчим ГХДТ-2014/2 багцын “А” хэсэгчилсэн талбайн 22.2 га-д гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр “Б*******” ХХК-ийг шалгаруулж, батламж олгосон.

1.2. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын

1.2.1. 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ЦАХ-131/2021 тоот дүгнэлтээр “Дунд төвөгшилттэй ангиллын 10/0,4кВт 2*800кВа хүчин чадал бүхий хаалттай дэд өртөө, 10кВа-ын ЦДКШ-ын гадна цахилгааны зориулалттай барилга байгууламж”-ийг ашиглалтад оруулах,

1.2.2. 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн БА-155/2021 тоот дүгнэлтээр “Өндөр төвөгшилттэй ангиллын Гэр хорооллын дахин төлөвлөлт-2014/2 багцын А хэсэгчилсэн талбайд баригдсан Өрнөх хорооллын эхний ээлжийн 16 давхар үйлчилгээтэй 225 айлын орон сууц, 19 автомашины дулаан зогсоол, ус дамжуулах төвийн барилга байгууламж”-ийг ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн.

            1.3. “Эрхэс констракшн” ХХК-иас 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр дээрх ажлын төсвийг 2,693,264,716.00 төгрөгөөр зохиож, Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1768/2022 тоот магадлалын нэгдсэн дүгнэлтээр баталгаажуулсан.

            1.4. “Б*******” ХХК-иас Өрнөх хорооллын гадна шугам сүлжээний ажилд зарцуулсан 2,693,264,716.00 төгрөг, мөн уг шугам сүлжээний барилга байгууламжийг барих газрыг чөлөөлөх ажлын зардалд зарцуулсан 1,195,890,000.00 төгрөг, нийт 3,889,154,716.00 төгрөгийн зардлаа нийслэлийн 2023 оны төсөвт тусгуулахаар Нийслэлийн Засаг даргад 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 532/01 тоот албан бичгээр, дахин төлөвлөлтийн асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Орон сууцны дэд бүтцийн газарт 2022 оны 10 сарын 20-ны өдөр 540/02 тоот албан бичгээр тус тус хүсэлт гаргасан.

1.5. Тус хуулийн этгээдээс 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11.1.2, гурван талт гэрээний 5.3.11-р хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бусад тооцож, инженерийн дэд бүтцийн ажид манай компанийн зарцуулсан 3.889.154.716 (гурван тэрбум найман зуун наян есөн сая нэг зуун тавин дөрвөн мянга долоон зуун арван зургаан) төгрөгийг “Б*******” ХХК-д төлөхийг Нийслэлийн Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэл анх гаргасан.

1.6. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11.1.2, Хот, суурин газрын гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээний 5.3.11 дэх хэсэгт заасан заалтыг хэрэгжүүлэхгүй, биелүүлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн хорооны нутаг дэвсгэрт, Ч орчим ГХДТ-2014/2 багцын “А” хэсэгчилсэн талбайн 22.2 га газарт гэр хорооллыг дахин төлөвлөж барилгажуулах талбайд эхний ээлжийн орон сууцуудыг хангах инженерийн дэд бүтцийн зардалд зарцуулсан “Б*******" ХХК-ийн 3.889.154.716 (гурван тэрбум найман зуун наян есөн сая нэг зуун тавин дөрвөн мянга долоон зуун арван зургаан) төгрөгийг улс, орон нутгийн төсөвт тусгуулан, санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах” гэж тодруулсан

 

Хоёр: Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******ээс тус шүүхэд бичгээр ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулиар 11.1.2 “улс, орон нутгийн төсвөөр хэрэгжих төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэх;” 14.4.1 “хот, суурин газар, дүүрэг, хорооллын чанартай инженерийн бэлтгэл арга хэмжээг хэрэгжүүлэх”, 14.4.2 “хот, суурин газар, дүүрэг, хорооллын чанартай инженерийн болон нийгмийн дэд бүтэц, нийтээр ашиглах барилга байгууламж барих, шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэх”, Орон сууцны тухай хуулийн 11.1.1-д “орон сууц, түүний дэд бүтцийг хөгжүүлэх үйл ажиллагааг улсын болон аймаг, нийслэлийн төсвөөс олгох хөрөнгийн эх үүсвэрээс санхүүжүүлэх;”, Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 125 дугаар тушаалаар батлагдсан гурван талт гэрээний үлгэрчилсэн загвар болон маргаан бүхий байрлалд байгуулсан Гурван талт гэрээний 5.3.11-т “төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбайд хийгдэх инженерийн бэлтгэл ажил, инженерийн болон нийгмийн дэд бүтэц, орон сууц, нийтээр ашиглах барилга байгууламж барих, тохижилт хийх, эдийн засаг, нийгэм, байгаль орчны зохистой харьцааг хангах, батлан хамгаалах болон гамшгаас хамгаалах зориулалт бүхий барилга байгууламж барих ажлын жагсаалтыг гаргаж, улс, орон нутгийн төсөвт тусгуулах, санхүүжүүлэх, захиалагчийн хяналт тавих;”, Барилга, хот байгуулалтын сайдын 2018 оны 46 дугаар тушаалаар батлагдсан “Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журам”-ын 4.6-д “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14.4.1, 14.4.2, 14.4.3-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд газар чөлөөлөх зардлыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хариуцах” гэж тус тус заасан.

Нэхэмжлэгчийн зүгээс нийслэлийн Засаг даргад хуулиар болон гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхийг хүсэж удаа дараа хандаж байсан тухайд:

“Б*******” ХХК төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч ажлаа эхлүүлснээс хойш буюу 2019.9.27-ны өдрөөс эхлэн Гурван талт гэрээний гэрээний үүрэг, гэр хорооллын дахин төлөвлөн барилгажуулах журмын дагуу үүргээ биелүүлэх талаар 4 удаагийн албан тоот хүргүүлсэн. Тухайн үед та бүхэн эхлээд хийчих, дараа нь тухайн жилийн төсөвт тусгуулна гэж хэлж байсан учраас бид нийслэлийн Засаг даргын хийх ёстой гадна шугам сүлжээний ажлын трассыг чөлөөлж, барилга байгууламжийг барьж дуусган Улсын комисс түүнийг хүлээн авч, байнгын ашиглалтад оруулсан /Хавтас 1, хуудас 60-63/. Энэ нь төсөл хэрэгжүүлэгч буюу нэхэмжлэгч иргэдийн өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх, тэднийг гэрээнд заасан хугацаанд орон байраар хангах зорилготой байсан. Хэрвээ бид нийслэлийн Засаг даргын хийх ёстой ажлыг тухайн үед хийж гүйцэтгээгүй байсан бол өнөөдрийг болтол нэг ч иргэн орон байртай болох боломжгүй байлаа.

Хийсэн дэд бүтцийн ажлын зардлыг төсөвт тусгуулах, санхүүжүүлэхийг хүссэн бидний хүсэлтэд хариуцагчаас албан ёсны хариу өгөхгүй байсан тул бид хариуцагч буюу Нийслэлийн Засаг дарга хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, учирсан хохирлоо гаргуулж эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас 2024 оны сарын 5-ны өдөр гаргаж өгсөн баримт дотор 2022 оны төсөвт гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн инженерийн шугам сүлжээний ажлын барилга угсралтын ажлыг тусгах эсэх асуудлыг шийдвэрлэсэн Ажлын хэсгийн 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн хурлын тэмдэглэл байна. Энэхүү тэмдэглэлээс харахад амжилттай хэрэгжиж байгаа ГХДТ-ийн хөрөнгө оруулалт хийгдэхгүй яваад байгаа, шугам сүлжээний асуудлыг шийдвэрлэхгүй бол орон сууц ашиглалтад орсны дараа шугам сүлжээ байхгүй гэсэн гомдол ирнэ, БЗД-ийн 12 хороонд хэрэгжүүлж байгаа төслүүд гадна цахилгаангүй болох хэмжээнд хүрэх талаар яригджээ. Манай компанийн хувьд зураг төсөл нь хувь хүний нэрээр хийгдсэн, магадлал хийгдэхэд цаг хугацаа орно гэдэг үндэслэлээр 2022 оны төсөвт тусгаагүй хойшлуулсан байна. Бидэнд энэ талаар огт мэдэгдээгүй юм. Гэтэл энэ үед бид цахилгааны дэд өртөөгөө улсын комисст хүлээлгэн өгсөн байсан.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримтуудаас манай 2022, 2023 онд өгсөн албан тоотоор тавьсан хүсэлтийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн Ж.Э******* “2023 оны төсвийн төсөлд тусган хэлэлцүүлэх" /Хавтас 4, хуудас 100/, мөн газрын мэргэжилтэн Х.А “2023 оны төсвийн төслийн нэгтгэлд авах” /Хавтас 4, хуудас 101/ гэж шийдвэрлэсэн боловч төсөвт тусгагдаагүй байна.

Дээрх баримтуудаас харахад инженерийн шугам сүлжээний зардлыг санхүүжүүлэх ажил нь Нийслэлийн Засаг даргын үүрэг болохыг нотолж байна.

Магадлалын нэгдсэн дүгнэлтүүд холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа тухайд: “Б*******” ХХК нь төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой нийт 7 магадлал хийлгэсэн. Үүний 6 нь барилга байгууламж ашиглалтад орохоос өмнө буюу Барилгын тухай хуулийн 25.1-д заасны дагуу барилга байгууламжийн зураг төсөл болон гадна инженерийн шугам сүлжээний төсөвт өртөгт магадлал хийлгэсэн (2019.08.15-ны 1271/2019, 2020.03.26-ны 409/2020, 2020.07.09-ний 247/2020, 2020.09.30-ны 1842/2020, 2020.11.06-ны 2111/2020, 2021.06.25-ны 807/2021). Эдгээр магадлалын дүгнэлтүүд хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа.

Харин Нийслэлийн Засаг даргаас гаргуулах инженерийн шугам сүлжээний барилга байгууламж барьсан болон эдгээр барилга байгууламжийг барих газрыг чөлөөлсөн зардлыг баталгаажуулах, маргаангүй байлгах үүднээс Барилгын тухай хуулийн 24.2. “Улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх барилга байгууламжийн төсвийн тооцоог мэргэшлийн зэрэгтэй төсөвчнөөр хийлгэсэн байна”, “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм”-ийн дагуу БХБЯ-ны харьяа Барилгын хөгжлийн төвд хандаж 2022.9.30-ны өдрийн 1768/2022 тоот магадлалын дүгнэлт гаргуулсан. Энэ дүгнэлтийг гаргуулах талаар Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Орон сууцны бодлогын газар чиглэл өгсөн бөгөөд тухайн инженерийн шугам сүлжээний ажлын төсөвт магадлал хийлгэхийг дэмжсэн албан бичгийг Барилгын хөгжлийн төвд өгч байсан /Хавтас 3, хуудас 133/.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч газар чөлөөлөлтийн зардлын үнэлгээ нь эргэлзээтэй байна гэсэн байр суурьтай байсан тул Нийслэлийн Засаг дарга хийж хэрэгжүүлэх ёстой байсан инженерийн барилга байгууламжийн трасст өртсөн айлуудын газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн дагуу хийлгэж, хэрэгт нотлох баримтаар өгсөн болно /Нотлох баримтын хавтас/.

Манай компани гурван талт гэрээний дагуу Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэх ёстой чиг үүрэгт нийт 3.889.154.716 (гурван тэрбум найман зуун наян есөн сая нэг зуун тавин дөрвөн мянга долоон зуун арван зургаан) төгрөгийг зарцуулсан бөгөөд энэхүү зардал нь эрх бүхий байгууллагын магадлалаар тогтоогдсон. Манай компанитай залгаа В хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгч “Б*******” ХХК-ийн инженерийн шугам сүлжээний ажилд зарцуулсан төсөвтэй яг ижил байгаа болно. (энэ зардал нь зөвхөн барилга угсралтын зардал юм.)

Шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлтээр манай хийлгэсэн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1768/2022 тоот магадлалын дүгнэлт нь тухайн үед мөрдөгдөж байсан хууль, тогтоомжид нийцсэн талаар дүгнэсэн.

Нийслэлийн Засаг даргаас инженерийн дэд бүтцийн ажлын зардлыг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлтэй тухай: Нийслэлийн Засаг даргын хууль, журам, гэрээгээр хүлээсэн үүргээс гадна энэхүү төслийг хэрэгжүүлэхээр олон нийтэд зарласан сонгон шалгаруулалтын баримт бичиг буюу Нийслэлийн Засаг даргын 2014.10.18-ны өдрийн 2014/04-01А тоот “Ажлын даалгавар"-ын т Санхүүжилт гэсэн хэсэгт “Төсөл хэрэгжүүлэгч нь барилгажилтыг өөрийн хөрөнгөөр, нийгмийн дэд бүтэц, 1-р зэргийн гол зам, 2-р зэргийн гол зам болон 1-р хэлхээний инженерийн дэд бүтцийг улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэнэ” гэсэн;

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс нотлох баримт цуглуулах ажиллагаагаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн НИТХТ-ийн 2022 оны 12 сарын 02-ны өдрийн “Нийслэлийн 2023 оны төсөв батлах тухай” 115 тоот тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 сарын 01-ний өдрийн “Эрх шилжүүлэх тухай” А/291, "Захиалагчийн хяналт тавих тухай” А/293, 2022 оны 07 сарын 01-ний өдрийн “Захирамжийн хавсралт шинэчлэн батлах тухай” А/932, А/938, 2022 оны 09 сарын 05-ны өдрийн “Захирамжийн хавсралт шинэчлэн батлах тухай” А/1151, 2023 оны 07 сарын 5-ны өдрийн "Захирамжийн хавсралт шинэчлэн батлах тухай” А/762 захирамжуудаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн дэд бүтцийн зураг төсөл болон барилга угсралтын ажилд санхүүжилт гаргахаар шийдвэрлэсэн байна.

Хэрэгт авагдсан дээрх захирамжуудаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажилд 2022-2024 онд 24 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэж санхүүжүүлсээр байна.

Энэ нь Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11.1.2, Гурван талт гэрээний 5.3.11-д заасан үүргээ хүлээн зөвшөөрч, зарим тохиолдлуудад биелүүлж байгааг нотолж байна.

Түүнчлэн Засаг дарга нь гурван талт гэрээний 5.3.11-д “төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбайд хийгдэх инженерийн бэлтгэл ажил, инженерийн болон нийгмийн дэд бүтэц барих ажлын жагсаалтыг гаргаж... үүрэгтэй” болох нь 2022 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн ажлын хэсгийн хурлын тэмдэглэл /Хавтас 4, хуудас 222/, Нийслэлийн Орон сууцны бодлогын газраас тухайн жилийн төсөвт гэр хорооллын дахин төлөвлөн барилгажуулах төслийн инженерийн шугам сүлжээний ажлын жагсаалт, төсвийн задаргаа бүхий албан бичгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлж байгаа албан тоотуудаар нотлогдож байна /Хавтас 3, хуудас 199/.

Манай компанитай зэргэлдээ, адил нөхцөл байдалтай төсөл хэрэгжүүлж байгаа В хэсэгчилсэн талбайд Нийслэлийн Засаг дарга нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль болон Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааны журамд заасны дагуу инженерийн дэд бүтцийн ажлыг хэрэгжүүлж байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас 2024 оны 12 сарын 5-ны өдөр шүүхэд ирүүлсэн нотлох баримтад Нийслэлийн Орон сууцны бодлогын газраас 2022 оны 3 сарын 1-ний өдрийн 2/231 тоот албан бичгээр хүргүүлсэн 2022 оны төсөвт тусгуулах ГХГДТБТөслийн инженерийн ШСБУА-ын санхүүжилтэд 10.5 тэрбум төгрөг зарцуулах төсвийн задаргааг хавсаргасан байна. Энэ задаргаанаас харахад манай компанийн зэргэлдээ орших В хэсэгчилсэн талбайд дэд бүтцийн барилга угсралтын ажилд нь төсвөөс санхүүжүүлж байгаа нь харагдана.

Хууль тогтоомжийн зохицуулалтаас үзвэл нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах 1/ талбайд баригдах орон сууцыг төсөл хэрэгжүүлэгч өөрийн хөрөнгөөр барих; 2/ иргэд газраа нөхөн төлбөртэйгөөр чөлөөлөх; 3/ тэдгээр орон сууцны дэд бүтэц буюу инженерийн гадна шугам сүлжээний барилга байгууламжийг барьж байгуулах, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх, хөгжүүлэх үүргийг Нийслэлийн Засаг дарга тус тус хүлээж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн санаачилгаар хийгдсэн шинжээчийн дүгнэлтийн хуудас 7-д "...гадна дулаан хангамжийн ажил хийгдсэнээр инженерийн дэд бүтцийн найдвартай эх үүсвэрт холбогдох нөхцөл бүрдэж байгаа тул төрийн үүргийн өмнөөс газар чөлөөлсөн зардлыг улсын төсвөөс олгох ёстой" гэж дүгнэснээр мөн нотлогдож байна.

Нийслэлийн Засаг дарга Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11.1.2, 3 талт гэрээний 5.3.11-д хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаагаас нэхэмжлэгчид 3.8 тэрбум төгрөгийн хохирол учруулж, гурван талт гэрээ байгуулсан иргэдийн орон байртай болох эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа. Иймд Нийслэлийн Засаг даргад хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж учирсан хохирлыг арилгуулснаар төсөл хэрэгжүүлэгч “Б*******” ХХК-д учирсан хөрөнгийн хохирол болон гурван талт гэрээ байгуулсан иргэдийн орон байртай болох, цаашлаад тодорхой хэмжээний яндан бууж УБ хотын агаарын бохирдол, утааг бага боловч хэмжээгээр бууруулах нийгмийн ач холбогдолтой, ийм үр дүнд хүрэх эрх зүйн хамгаалалтыг хүсэж байгаа юм.

Нийслэлийн Засаг дарга энэхүү үүргээ улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх бөгөөд дахин төлөвлөлтийн талбайд хийгдсэн инженерийн барилга байгууламжийн трассын газар чөлөөлөлтийн зардал нь улс, нийслэлийн төсвийн санхүүжилтээр буюу Нийслэлийн Засаг дарга хариуцан хийлгэх ажлын зардалд хамаарч байна. Үүнийг шинжээчийн дүгнэлтээр ч нотолсон байна. Иймд нэхэмжлэгч хариуцагчаас хууль бус зүйл шаардаагүй бөгөөд Нийслэлийн Засаг дарга хуулиар болон гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхгүй байгаагаас төсөл хэрэгжүүлэгчид их хэмжээний хохирол учруулж байгаа нь зөвхөн төсөл хэрэгжүүлэгчид төдийгүй нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлж байгаа тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“... Дэд бүтэцтэй холбоотой тендерийг Нийслэлийн Засаг даргын тамгын газар өөрсдөө хийх ёстой. Хийгээгүйнх нь төлөө бид өнөөдөр хохирол хүлээчихсэн байна. Гэхдээ яг бодит нөхцөл байдал маань Ковидын үеийн нөхцөл байдалд бид ямарваа нэгэн байдлаар иргэдийн орон байраар хангах иргэдийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн. Гэхдээ бид зардал гаргахдаа ямарваа нэгэн байдлаар хууль тогтоомж зөрчиж үнийн хөөргөдөл бий болгож хэлээгүй. Шүүх шийдвэр гаргахдаа Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 14.1, 14.2, журмын 4.6-д заасныг шүүх анхаарч харж шийдвэрээ гаргаж өгнө үү гэж үзэж хүсэж байна” гэв.

 

Гурав: Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа:

“Нэхэмжлэгч 330 айлын орон сууцны барилгын гадна инженерийн шугам сүлжээний ажилд нийт зарцуулсан 2,693,264,716.0 /хоёр тэрбум зургаан зуун ерэн гурван сая хоёр зуун жаран дөрвөн мянга долоон зуун арван зургаа/ төгрөгийг нотлохдоо Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1768/2022 дугаар Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлийг үндэслэдэг. Дээрх 330 айлын орон сууцыг дараах он цагийн дарааллаар Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт гарсан:

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн БА-155/2021 дүгээр дүгнэлтээр 225 айлын орон сууцыг ашиглалтад хүлээн авсан

Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн БА-003/2023 дугаар дүгнэлтээр 105 айлын орон сууцыг ашиглалтад хүлээн авсан.

Засгийн газрын 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2 тогтоолын 5 дугаар хавсралтаар батлагдсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн "Барилга байгууламжийг ашиглалтад оруулахад бүрдүүлэх жишиг баримт бичгийн жагсаалт"-д заасан материалыг бүрдүүлэх ёстой. Тодруулбал 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн БА-155/2021 дүгээр дүгнэлтээр 225 айлын орон сууцыг ашиглалтад оруулахад Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1768/2022 дугаар Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлийг үндэслэхгүй боломжгүй бөгөөд тус 225 айлын орон сууцны барилгыг хүлэн авахад бүрдүүлсэн 2021 оны 08 дугаар сарын 24-ны өдрөөс оноос өмнө хийгдсэн Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэл байх ёстой.

Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1768/2022 дугаар Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлийн Төсөв Орон сууцны дэд бүтцийн газрын даргын алба боловсруулах үндэслэл хэсэгт “үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2/1125 дугаар албан бичиг” гэсэн байна. Тус Орон сууцны дэд бүтцийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2/1125 дугаар албан бичиг нь “Б*******” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Хүсэлт гаргах тухай 196/02 дугаар албан бичгийн дагуу үйлдэгдсэн бөгөөд тус 196/02 дугаар албан бичигт 2022 оны нийслэлийн төсөвт гадна инженерийн шугам сүлжээний ажлын санхүүжилт хэлэлцэж байгаатай холбоотой магадлал хийлгэхэд дэмжлэг хүссэн байдаг.

Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлийн төсвийг тооцохдоо Барилга хот байгуулалтын сайдын 2019 оны 217 дугаар тушаалаар батдагдсан “Тарифт цалингийн жишиг шинэчлэн батлах тухай” тушаал, 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 30 дугаар тушаалаар батдагдсан “Барилгын төсөв зохиох дүрэм”-ийг тус тус баримталдаг.

Ковид өвчний улмаас Улсын Их хурлын 2021 оны 88 дугаар тогтоолын хүрээнд Барилга хөгжил төвөөс 77 дугаар түр журам баталсан. Тус 77 дугаар түр журмаар барилгын материалын үнийг тодорхой хувиар өсгөж тооцохоор тогтоосон.

Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1768/2022 дугаар Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлийн 2 дугаар хавсралын 6 дугаар, Биелэлт хэсэгт Барилга хөгжил төвөөс 77 дугаар түр журмаар батлагдсан материалын үнээр тооцоо гаргасан гэжээ.

Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2021 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн БА-155/2021 дүгээр дүгнэлтээр ашиглалтад орсон 225 айлын орон сууцны гадна инженерийн шугам сүлжээний зураг төсөвт өртгийг тухайн үед хийгдэж магадлалаар орсон дүгнэлтийг үндэслэх ёстой. Гэтэл Ковид өвчний улмаас барилгын материалын үнийг тодорхой хувиар өсгөж тооцохоор тогтоосон Барилга хөгжил төвөөс баталсан 77 дугаар түр журмыг баримтлан өртөг өндөр төсвийг магадлалаар оруулж нэхэмжилж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй үндэслэлгүй тул Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1768/2022 дугаар Барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийн нэгтгэлийг үндэслэн нэхэмжил буй 2,693,264,716.0 /хоёр тэрбум зургаан зуун ерэн гурван сая хоёр зуун жаран дөрвөн мянга долоон зуун арван зургаа/ төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.

Гадна шугам сүлжээ болон дэд төвийн барилга трасс өртсөн 7 иргэн, хуулийн этгээдийн эзэмших, өмчлөх эрх бүхий газар, үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж, талбай бэлтгэхэд 1,195,890,000 /нэг тэрбум нэг зуун ерэн таван сая найман зуун ерэн мянга/ төгрөгийг Гурван талт гэрээний 5.3.11. төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбайд хийгдэх инженерийн бэлтгэл ажил, инженерийн болон нийгмийн дэд бүтэц барих ажлын жагсаалтыг гаргаж, улс, орон нутгийн төсөвт тусгах санхүүжүүлэх гэсэн заалтыг үндэслэн нэхэмжилдэг. Гэтэл тус гэрээний 5.2, 5.2.5- дэх заалтаар төсөл хэрэгжүүлэгч газар чөлөөлөх, барилгажуулах ажлын зардлыг гаргах үүрэгтэй. Хот байгуулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлд "3.1.9."инженерийн бэлтгэл ажил” гэж хот, тосгоны барилга байгууламж барьж байгуулахад зориулж тухайн газрын гадаргууд тэгшилгээ хийх, үер, хөрсний нуралт, элсний нүүлт, цасны хунгарлалтаас хамгаалах бэхэлгээ, далан, суваг, гүүр, гарц, зам, талбай барьж байгуулах урьдчилсан арга хэмжээг; 3.1.10.“инженерийн дэд бүтэц” гэж эрчим хүч, цэвэр, бохир усны болон зам, замын байгууламж, тээвэр, харилцаа холбооны шугам сүлжээ, барилга байгууламжийг” гэж заасан.

Иймд газар чөлөөлсөн 7 айлын газар, үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж, талбай бэлтгэхэд зарцуулсан гэх 1,195,890,000 төгрөгийг нэхэмжлэгч өөрөө хариуцах үүрэгтэй, хариуцагч үүнийг төлөх үүрэггүй.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 19/23 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн хорооны нутаг дэвсгэр 164 га газрыг гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлаар тогтоосон. Тус тогтоосон 164 га газраас 22.2 га газарт /294 нэгж талбартай А хэсэгчилсэн талбай/ Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/598 дугаар захирамжаар “Б*******” ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан. Нэхэмжлэгч 2021 онд ашиглалтад оруулсан орон сууцны барилгыг тус төслийн 164 га газарт байрших төсвийн хөрөнгөөр хийгдсэн төв магистрал буюу инженерийн дэд бүтцээс зохих зөвшөөрлийг үндэслэн огтлолгоо хийж инженерийн шугам сүлжээнд холбосон. Энэ холболт хийсэн дэд бүтцийн шугам сүлжээний уртын хэмжээ хэрэгт авагдсан Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1769/2022 дугаар магадлалын дүгнэлтийн Хүчин чадал хэсэгт "гадна дулааны шугам трассын 180.0 м, гадна цэвэр усны шугам трассын урт 554.5 м, гадна ариутгах татуургын шугам трассын урт 322.5 м, гадна цахилгаан трассын урт 1.0340.0 м. дэд өртөө 2*800 кВа" урттай байгаа нь төсөл хэрэгжүүлэхээр сонгосон 164 га талбайд хамаарч байна. Эндээс үзвэл төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай болох Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 19/23 дугаар тогтоолоор төслийн байршлаар тогтоосон Баянзүрх дүүргийн хорооны нутаг дэвсгэр 164 га газарт инженерийн дэд бүтэц хийх үүргээ биелүүлээгүй гэж буруутгах үндэслэлгүй. Тодруулбал хариуцагч төсөл хэрэгжүүлэхээр сонгосон 164 га талбайд гадна инженерийн дэд бүтэц байгуулах үүрэгтэй харин төслийн талбайд төслийн хүрээнд төсөл хэрэгжүүлэгчийн барьж буй орон сууцны барилгыг дэд бүтцэд холбох үүрэггүй, ийм төсөв хөрөнгийн бодит боломж байхгүй.

Орон сууцны төсөвт өртөгт төв инженерийн дэд бүтцээс огтлолгоо хийж орон сууцны барилгыг инженерийн шугам сүлжээнд холбох бүх зардал хамаарах бөгөөд энэ нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх ажлыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг дараах байдлаар шийдвэрлэнэ, 21.1.1.төсөл хэрэгжүүлэгчийн хөрөнгөөр; 23 дугаар зүйлийн 23 дугаар зүйл. Төсөл хэрэгжүүлэгчийн эрх, үүрэг, 23.1.3. төсөл хэрэгжүүлэхтэй холбогдох үйл ажиллагааны зардал, хөрөнгийг бүрдүүлэх, захиран зарцуулах; гэсний дагуу төсөл хэрэгжүүлэгчийн үүрэг бөгөөд тус гадна шугам сүлжээний зардал, түүний траст өртсөн 7 иргэн, хуулийн этгээдэд олгосон газар чөлөөлөлтийн зардлыг нэхэмжлэгч өөрөө хариуцна.

Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй инженерийн дэд бүтцийн ажилд зарцуулсан 3.889.154.716 төгрөг нь төсөл хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө буюу Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 23 дугаар зүйлийн 23.1.3 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул хариуцагчаас нэхэмжлэх эрхгүй байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б******* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“... Нэхэмжлэгч маань батламжаа 2019 онд аваад 2021 онд орон сууцыг ашиглалтад оруулсан байдаг. 2019-2021 оны хугацаанд ковид цар тахлын өвчний нөхцөл байдал байсан. Үүнтэй холбогдуулаад нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийгдэх аливаа ажлууд зогссон. Тодруулбал гэр хорооллын дахин төлөвлөлтийн чиглэлээр 2021 онд тодорхой санхүүжилт ерөнхийдөө хийгдээгүй.

2021 онд нэхэмжлэгч өөрийн зардал хөрөнгөөр инженерийн шугам сүлжээг хийсэн. Орон сууцын барилгын гадна дулаан цэвэр усны шугам, гадна ариутгах гурван шугам, цахилгаан гэсэн энэ зардлуудыг 2.6 тэрбум төгрөгийг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1768/2022 гэсэн магадлалын нэгдсэн дүгнэлтээр нотолж нэхэмжлээд байгаа. Энэ нь нэгдүгээрт өссөн дүн бөгөөд шинжээчийн дүгнэлтээр ч гэсэн гарч байна. Ковид цар тахалтай холбогдуулаад улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж, үлдэгдэл гэрээгээр гүйцэтгэсэн ажлыг тодорхой хэмжээнд өссөн. Яг 2021 онд барилгыг барихад гаргасан зардал нь өсөөд гараад ирснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Би хүсэлтэд дурдахдаа Засгийн газрын 2021 оны 210 дугаар тогтоолоор батлагдсан барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэмд юу гэж байдаг гэхээр барилга байгууламжийг Улсын комисс ашиглалтад оруулахдаа хавсаргах материалуудын жагсаалтууд гэж байдаг. Энэ дотор магадлалаар баталгаажсан ажлын зураг, төсөв гэж байх ёстой. Гэтэл зөвхөн 2.6 тэрбумыг үндэслээд байгаа энэ магадлалын ажил барилга байгууламж ашиглалтад оруулаад Улсын комисст өгөхөд ийм магадлал байсан юм уу, магадлалаар хэдэн төгрөг байсан эсэх энэ магадлалыг дагаад зургийнхаа хажууд нь байгаад байдаг төсөв нь яг тухайн бодит хэдэн төгрөгийн төсөвтэй байсан юм гэдгийг нэхэмжлэгч барилгын ажлын ерөнхий төсөв гэж ингэж тайлбарлаад байна. Энэ нь тусдаа төсөв байдаг бөгөөд төсөв нь байхгүй байна.

Өнгөрсөн хугацаанд Нийслэлийн Засаг даргыг холбогдох орон сууцын дэд бүтцийн газрыг ч юм уу, эрх бүхий албан тушаалтан зөвшөөрсөн гэж тайлбар хэлээд байдаг. Гэтэл Нийслэлийн Засаг даргын зөвшөөрөл нотлох баримт юу ч байхгүй байхад сайн дурынхаа үндсэн дээр хийчхээд тэрийгээ тодорхой хугацааны дараа одоо Ковид өвчний улмаас гээд ийм төсөвт өртгөөр магадлалаа хийлгэж 2.6 тэрбум төгрөг болгоод нэхэмжлээд байгаа нь бодит нөхцөл байдалд нийцэхгүй, хэтэрхий өссөн үнийн дүнтэй байна. Шинжээчийн дүгнэлт нь шүүхээс тавьсан асуултын хүрээнд гарсан. Анхан шатны нягтлан бодох баримт бүртгэлд нийцэж байна гэсэн дүгнэлт гаргасан. Харамсалтай нь шинжээчийн дүгнэлтэд Улсын Их хурлын тогтоолоор батлагдсан төсөвт өртөг бодох аргачлалд хамаарах эсэх талаар тодорхой юм бичих болов уу гэж бодож байсан боловч тэр тухай дурдаагүй.

Хуулиар Нийслэлийн Засаг дарга инженерийн шугам сүлжээтэй зардлыг гаргах ёстой гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй. Мөн олон айл нүүлгэсэн зардлыг яриад байдаг. Энэ газар чөлөөлөх ажлыг нэхэмжлэгч өөрөө хийх ёстой гэдгийг гурван талт гэрээний 5.2.5-д заасан байдаг. Иймд үүнийг нэхэмжлэгч хийх боломжгүй. Төсвийн хөрөнгөөр хийх ажлыг өөрсдөө сайн дурандаа хийчхээд дараа нь хэтэрхий өндөр үнийн дүнтэй магадлалын ажлын дүгнэлт гаргачхаад шүүхээр нэхэмжлээд байх нь хэр зөв юм гэдэг талыг бодох нь зүйтэй.

Нийслэлийн Засаг дарга энэ жил гэр хорооллын дахин төлөвлөлтийн шугам сүлжээний холбогдолтой асуудлыг яг тухайн цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад 2020, 2021 онд ямар ч шугам сүлжээний ажил дээр гаргаагүй. Ингээд 2022 оноос төсөвт бага багаар тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгө гаргачихсан байдаг. Энэ хэсэгчилсэн талбай дээр байгаа шугам сүлжээний ажлыг тухайн үед тодорхой түвшинд яригдсан байдаг. Гэтэл Төсвийн тухай хуулийн 24.4 дэх хэсэгт заасны дагуу төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ авахад заавал сонгон шалгаруулалт хийх ёстой ийм ажил хийгдээгүй бол зардлыг боловсруулах боломжгүй гэдэг үндэслэлээр холбогдох зардал төсөв нь тавигдаагүй байсан юм байна. Тийм учраас төсвийн тухай хуулийг зөрчөөд төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээг аваад тендер сонгон шалгаруулаагүй ажлын хөрөнгийг нэхэмжлэгчид гаргаж өгөх нь хуульд нийцэхгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн хэлээд байгаа үнийн дүн нотлогдох ёстой нотлогдохгүй байна гэж үзэж байна. Тэгэхээр шинжээчийн дүгнэлт гарсан ч дүрэм, журамд нийцэхгүй, бодит байдалд нийцэхгүй байна. Өөрийн хөрөнгөөр дур мэдэж шугам сүлжээг тавьчхаад даблдсан үнийн дүнгээр Нийслэлийн Засаг дарга буруутай мэтээр Төсвийн тухай хуулийг зөрчсөн ийм зүйл яриад байхаар шүүхэд нэхэмжлэл гаргаад байгааг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“Барилга хөгжлийн төв 2022 онд магадлахдаа зөвхөн 2021 оны журам хөрөнгийн материалыг магадална яагаад гэвэл нэмэлтээр хүсэлт өгөх юм бол 2018-2021 онд ийм байсан байна төсвийн хувьд ийм байх ёстой байсан юм байна гэж нэмэлт магадлал гаргаж өгдөг. Тийм болохоор 2020, 2021 онд ирсэн зураг төсөл, зураг нь зөвхөн эхний байдлаар зөвхөн зургууд нь магадлалаар орчихсон, төсөв нь магадлалаар ороогүй байгаа. Иймд анхнаасаа нэхэмжлэгч 2022 онд магадлал хийх хэрэгтэй. Хүсэлт дээрээ 2020, 2021 оны энэ үеийн магадлалын дүнгээр төсвийг магадалж өгөөч гэж хүсэлтээ тавьсан бол энэ магадлал өмнө нь гарах байсан. Тийм учраас 2022 онд гарсан магадлалыг бид хүлээн зөвшөөрөх боломжгүй. Барилга норм дүрмээр дэд бүтцийн ажил тус тусдаа барилгаасаа тусдаа комисс ажилладаг. Барилгын улсын комисст өгөхийн өмнөхөн заавал гүйцэтгэх инженер шугам сүлжээнд комисс ажилласан тохиолдолд барилгын улсын комисс ажилладаг. Тэгэхээр энэ төсвүүд байхгүй байгаа учраас бид төсвийг дахиж нотлох баримтаар гаргуулж авмаар байна” гэв.       

 

Дөрөв. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт.

4.1. Иргэдийн төлөөлөгч Л.М бичгээр гаргасан дүгнэлтдээ: “Б*******” ХХК нь инженерийн дэд бүтцийг өөрсдийн зардлаар гүйцэтгэсэн зардал нь баримтаар батлагдсан нотлох баримт байгаа тохиолдолд нэхэмжилсэн мөнгөн дүнг олгох нь зүйтэй гэж үзэж байна” гэв.

4.2. Иргэдийн төлөөлөгч Л.М шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Мэргэжлийн шинжээч дүгнэлтээ үндэслэлтэй гаргасан байх гэж бодож байна” гэв.

                       

ҮНДЭСЛЭХ НЬ:

 1. Нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11.1.2, Хот, суурин газрын гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээний 5.3.11 дэх хэсэгт заасан заалтыг хэрэгжүүлэхгүй, биелүүлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн хорооны нутаг дэвсгэрт, Ч орчим ГХДТ-2014/2 багцын “А” хэсэгчилсэн талбайн 22.2 га газарт гэр хорооллыг дахин төлөвлөж барилгажуулах талбайд эхний ээлжийн орон сууцуудыг хангах инженерийн дэд бүтцийн зардалд зарцуулсан “Б*******” ХХК-ийн 3.889.154.716 (гурван тэрбум найман зуун наян есөн сая нэг зуун тавин дөрвөн мянга долоон зуун арван зургаан) төгрөгийг улс, орон нутгийн төсөвт тусгуулан, санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгах” гэж тодруулж, нэхэмжлэлийн үндэслэлээ,

  • Тухайн маргаан нь хариуцагчийн нийтийн эрх зүйн чиг үүрэгт хамаарах бөгөөд хариуцагч нь хууль болон гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа эс үйлдэхүй гаргасан,
  • Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2, Орон сууцны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй,
  • Нийслэлийн Засаг даргаас манай компанийг хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхийг шаардаж байсан, биднээс ажлыг гүйцэтгэж төслийн санхүүжилтийг авах тухай хүсэлтээ удаа дараа гаргасан болохыг хурлаараа хэлэлцэж хойшлуулж, хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан,
  • Нийслэлийн Засаг дарга нь гэр хорооллын шугам сүлжээний санхүүжилтийг удаа дараагийн захирамжууд гаргаж санхүүжүүлж ирсэн нь баримтаар тогтоогддог бөгөөд зарим тохиолдолд санхүүжилт олгосон атлаа манай тохиолдолд санхүүжилт олгохоос татгалзсан,
  • Нэхэмжилж байгаа үнийн дүнгийн 6,4 хувь нь өсгөж тооцсон дүн байхад үндсэн өртгийг олгохгүй байгаа нь хууль бус гэх агуулгаар тайлбарлан маргасан.
     

3. “Б*******” ХХК нь төсөл сонгон шалгаруулалтад оролцож Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/598 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн хорооны нутаг дэвсгэрт, Ч орчим ГХДТ-2014/2 багцын “А” хэсэгчилсэн талбайн 22.2 га-д гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсныг баталж батламж олгожээ.

4. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь гэр хорооллыг дахин төлөвлөж барилгажуулах ажлын хүрээнд эхний ээлжийн 225 айлын орон сууцны барилга, 10/0,4кВт 2*800кВа хүчин чадал бүхий хаалттай дэд өртөө, 10кВа-ын ЦДКШ-ын гадна цахилгааны зориулалттай барилгыг барьж “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс”-т хүлээлгэн өгсөн тухайд хэргийн оролцогчид маргаагүй/Тодорхойлох нь хэсгийн 1.2 дахь хэсэг/.

5. Шүүхийн 2024 оны сарын 11-ний өдрийн 128/ШТ2024/0115 дугаар тогтоолоор томилогдсон шинжээчийн дүгнэлтэд “Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн хорооны нутаг дэвсгэр дэх “Иргэн М.Цгийн үйлчилгээтэй орон сууцны барилга”-ын гадна дулаан хангамжийн өөрчлөлтийн ажлыг гүйцэтгэхэд “Б*******” ХХК-иас нийт 2,336,972,290.8 төгрөгийн материал, ажлын хөлсний зардал, Инженерийн дэд бүтцийн шугам сүлжээний барилга байгууламж, трасс дайрсан айлуудын газар чөлөөлж оронд нь орон сууц олгохоор тохирсон 1,195,890,000.0 төгрөг буюу нийт 3,532,862,290.8 төгрөг байна” гэжээ.

6. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.10-т “Архитектур, хот байгуулалт, төлөвлөлт, барилга байгууламжид тавигдах шаардлагад нийцүүлэн ...гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах, дахин төлөвлөн барилгажуулах цогцолбор үйл ажиллагаа”-г хот, суурин газрыг дахин хөгжүүлэх гэж, 4.1.2-т “хот, суурин газрын эдэлбэр газар дахь инженерийн болон нийгмийн дэд бүтцээр бүрэн хангагдаагүй гэр, орон сууц бүхий суурьшил”-ыг гэр хороолол гэж тодорхойлсон байх ба 11 дүгээр зүйлийн 11.1.1-д зааснаар “Хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн төсөл санаачлах, боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах”, 11.1.2-т зааснаар “улс, орон нутгийн төсвөөр хэрэгжих төсөл, хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэх” бүрэн эрхийг аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлэхээр, 21 дүгээр зүйлийн 21.1-т “Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх ажлыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг дараах байдлаар шийдвэрлэх”-ээр, 21.1.2-т “улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр” гэж, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Төсөл хэрэгжүүлэхэд аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга, газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгч оролцсон гурван талт гэрээ байгуулах”-аар, 24.2.3-т “гэрээнд оролцогчдын эрх, үүрэг, хариуцлага”-ыг гэрээнд тусгахаар хуульчилсан байна.

7. “Б*******” ХХК, нийслэлийн Засаг дарга болон Ч.У, Д.Ц, Б.Б, Л.Ц, Н.Б, М.Х, Ж.Г гэсэн иргэдийн хооронд 2021 оны 02 дугаар сарын 25, 03 дугаар сарын 01, 07 дугаар сарын 26, 09 дүгээр сарын 06, 07-ны өдөр тус тус байгуулагдсан “Хот суурин газрын гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээ”-ний 5.3.11-д “төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбайд хийгдэх инженерийн бэлтгэл ажил, инженерийн болон нийгмийн дэд бүтэц, орон сууц, нийтээр ашиглах барилга байгууламж барих, тохижилт хийх, ... ажлын жагсаалтыг гаргаж, улс, орон нутгийн төсөвт тусгуулах, санхүүжүүлэх, захиалагчийн хяналт тавих..., үүрэг”-ийг нийслэлийн Засаг дарга хүлээхээр тус тус тохиролцжээ.

 

8. Хууль болон гэрээний дээрх зохицуулалтууд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудаас үзвэл, хариуцагч нийслэлийн Засаг дарга нь гэр хорооллыг дахин төлөвлөж барилгажуулах үйл ажиллагааны хүрээнд нэхэмжлэгч “Б*******” ХХК-д ГХДТ-2014/2 багцын “А” хэсэгчилсэн талбайд Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх эрх олгож батламж олгосон боловч тухайн талбайд төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой инженерийн байгууламжийн зардлыг төсөвлөөгүй, хуульд заасны дагуу тендер шалгаруулалтыг зохион байгуулж, инженерийн шугам сүлжээг барьж байгуулах ажлыг зохион байгуулаагүй атлаа дахин төлөвлөлтийн барилгуудыг дулаан, цахилгаан, усаар хангах инженерийн гадна шугам сүлжээг өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан хуулийн этгээдэд гаргасан зардлыг нөхөн төлөх эсэхийг шийдвэрлэхгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэхээр байна.

9. Өөрөөр хэлбэл, хуулийн этгээд нь хот суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаанууд дотроос нийслэлийн Засаг даргаас зарласан төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтад оролцож тодорхой талбай дахь гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч батламжлагдсан тухайн тохиолдолд хариуцагч нь хуулиар хүлээсэн үүргийн хүрээнд тухайн төслийн холбогдох хэсгийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх, мөн тухайн хуулийн хүрээнд байгуулсан гурван талт гэрээний дагуу төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбайд хийгдэх ... нийтээр ашиглах барилга байгууламж барих, ... ажлын жагсаалтыг гаргаж, улс, орон нутгийн төсөвт тусгуулах, санхүүжүүлэх үүрэг хүлээсэн атлаа энэхүү үүргээ биелүүлээгүй, биелүүлэх талаарх нэхэмжлэгч хуулийн этгээдийн хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөөгүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна. Үүнд:

 

9.1. “Б*******” ХХК-иас,

9.1.1. 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 173/02 тоот албан бичгээр Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч О.Мд хандаж “... инженерийн дэд бүтцийн барилга байгууламжийн ажлыг Нийслэлийн 2020 оны төсөвт суулгаж, бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү” гэсэн хүсэлтийг,  

9.1.2. 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 18/02 тоот албан бичгээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Ад хандаж “...инженерийн дэд бүтцийн барилга байгууламжийн ажлыг Нийслэлийн 2020 оны төсөвт суулгаж, бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү. Энэхүү төслийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Ерөнхий төлөвлөгөө батлуулахаар Нийслэлийн Хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газарт хүсэлтээ тавьсан бөгөөд энэхүү асуудалд анхаарал тавьж өгөхийг Танаас мөн хүсэж байна” гэх хүсэлтийг,

9.1.3. 2022 оны 10 дүгээр сарын 06-ны өдрийн 532/01 тоот албан бичгээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Ст хандаж “... Дэд төвийн ажлын газар чөлөөлөлтийн зардал 1,195,890,000 төгрөг, барилгын гадна шугам сүлжээний зардал 2,693,264,716 төгрөг, нийт 3,889,154,716 төгрөгийг Нийслэлийн 2023 оны төсөвт суулгаж өгнө үү” гэсэн хүсэлтийг,

9.1.4. 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 52/02 тоот албан бичгээр Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сд хандаж “... ГХДТ-ийн “Ө*******” төслийн эхний ээлжийн 330 айлын орон сууцны барилгын гадна шугам сүлжээ тавихад гаргасан зардал 3,889,154,716 төгрөгийг манай байгууллагад нөхөн олгох асуудлыг шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг тус тус гаргаж байжээ.

 

9.2.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан 2023 оны төсөвт гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулах төслийн Цэргийн хотхон орчим, Баянзүрх дүүргийн 2, 4 дүгээр хороо Мамбадацан хийд орчим, морингийн даваа зэрэг хэсэгчилсэн талбайн инженерийн гадна шугам сүлжээний ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр тус тус баталсан, нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн төсөл багтаагүй байна.

 

9.3. Нийслэлийн Орон сууцны бодлогын газраас, 2024 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн 01/1046 тоот албан бичгээр ирүүлсэн

9.3.1. 2023 онд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр зайлшгүй хийгдэх шаардлагатай инженерийн шугам сүлжээний зураг төсвийн ажлын жагсаалтын “2-т Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил: Баянзүрх дүүргийн хорооны нутаг дэвсгэр, “Е” хэсэгчилсэн талбайн гадна инженерийн шугам сүлжээний зураг төслийн ажил, Эхлэх он: 2023, Дуусах он: 2023, Тогтоол тусгах төсөвт өртөг /сая.төг/: 106.0, 2023 онд санхүүжүүлэх шаардлагатай дүн /сая.төг/: 106.0, Тайлбар: Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн  хүрээнд шинээр нэн яаралтай хийгдэх шаардлагатай гадна инженерийн шугам сүлжээний зураг төсвийн ажил” зэрэг нийт 19 хэсэгчилсэн талбайн ажил багтсан,

9.3.2. 2024 оны төсвийн төсөлд тусгах төсөл арга хэмжээний саналын “2-т  Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил: Баянзүрх дүүргийн хорооны нутаг дэвсгэр, “Б” хэсэгчилсэн талбайн гадна инженерийн шугам сүлжээний зураг төслийн ажил, ... Эхлэх он: 2024, Дуусах он: 2024, Хуульд тусгах төсөвт өртөг /сая.төг/: 281.4, 2024 онд санхүүжих дүн /сая.төг/: 281.4, Бодлогын баримт бичигт тусгагдсан эсэх: 1. МУХТЖҮЧ 2021-2025 он, 2. МУЗГҮАХ 2020-2024 он, 3. НХТЖҮЧ 2021-2025 он, 4. НЗДУБХЗҮАХ 2020-2024 он, Бодлогын баримт бичиг тусгагдсан заалт: 9.3.2 дахь заалт, 6.1.3 дахь заалт, 9.6.1 дэх заалт, 6.1.7 дахь заалт, Тайлбар: Баянзүрх дүүргийн хорооны нутаг дэвсгэр, “Б” хэсэгчилсэн талбайд батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 2940 айлын орон сууц, 1520 хүүхдийн суудалтай сургууль, 640 ортой хүүхдийн цэцэрлэг гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд баригдах боломж бүрдэнэ”, “3-т Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил: Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хороо, Орон сууцны XIV хороолол орчмын “Ё” хэсэгчилсэн талбайн гадна инженерийн шугам сүлжээний зураг төслийн ажил, ... Эхлэх он: 2024, Дуусах он: 2024, Хуульд тусгах төсөвт өртөг /сая.төг/: 188.9, 2024 онд санхүүжих дүн /сая.төг/: 188.9, Бодлогын баримт бичигт тусгагдсан эсэх: 1. МУХТЖҮЧ 2021-2025 он, 2. МУЗГҮАХ 2020-2024 он, 3. НХТЖҮЧ 2021-2025 он, 4. НЗДУБХЗҮАХ 2020-2024 он, Бодлогын баримт бичиг тусгагдсан заалт: 9.3.2 дахь заалт, 6.1.3 дахь заалт, 9.6.1 дэх заалт, 6.1.7 дахь заалт, Тайлбар: Баянзүрх дүүргийн 13, 14 дүгээр хороо, Орон сууцны XIV хороолол орчмын “Ё” хэсэгчилсэн талбайд батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 1425 айлын орон сууц, 1200 хүүхдийн суудалтай сургууль, 600 ортой хүүхдийн цэцэрлэг гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд баригдах боломж бүрдэнэ” зэрэг 14 хэсэгчилсэн талбайн инженерийн шугам сүлжээний зураг төсвийн ажил багтсан байна.

9.3.3. Нийслэлийн Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч даргаар ахлуулсан ажлын хэсгийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаанаар нэхэмжлэгч хуулийн этгээдийн барьж байгуулсан инженерийн гадна шугам сүлжээний ажлын санхүүжилтийн асуудлыг хэлэлцсэн боловч “Б*******” ХХК нь зураг төслөө хувь хүнээр хийлгэсэн” гэсэн үндэслэлээр төсөв тавих асуудлыг шийдвэрлээгүй орхисон байна.

9.3.4. Мөн энэ хугацаанд Баянзүрх дүүргийн хорооны нутаг дэвсгэрт Ч орчим ГХДТ-2014/2 багцын “А” хэсэгчилсэн талбайн гадна инженерийн шугам сүлжээний ажлыг гүйцэтгэх сонгон шалгаруулалт зарлагдаагүй тухайд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...2020, 2021 онуудад ковидын улмаас төсөв тавигдаагүй. 2022 оноос эхлэн төсөв бага багаар тавигдсан хэрэгт холбогдох захирамжууд авагдсан байгаа” гэж тайлбарласан.

9.3.5. Нийслэлийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 03/6290 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ирсэн бичгийн бүртгэл хяналтын картад “Б*******” ХХК, М.Цгаас мөн оны 10 дугаар сарын 06-ны өдөр гаргасан хүсэлтийг шийдвэрлэж “Нийслэлийн 2023 оны төсвийн төсөлд тусган хэлэлцүүлэхээр нэгтгэлд авлаа”, “...Төсвийн тодотголын төслийн нэгтгэлд авлаа” гэж тэмдэглэсэн байх боловч  гэсэн байх боловч 2023, 2024 онуудын нийслэлийн төсөвт тусгагдаагүй болох нь нийслэлийн Засаг даргын тамгын газрын 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 03/6762 тоот лавлагаагаар тогтоогдов.

 

            9.4. Гэвч,

9.4.1. Дээрх 9.2, 9.3 дахь хэсгүүдэд дурьдсанчлан гэр хорооллын газрыг дахин төлөвлөж барилгажуулах төслүүдийн инженерийн гадна шугам сүлжээний ажлуудыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр төсөв баталж байсны зэрэгцээ Нийслэлийн Засаг даргын 2022 оны 07 сарын 01-ний өдрийн А/932 тоот захирамжаар Баянзүрх дүүргийн хорооны нутаг дэвсгэр орчмын “В” хэсэгчилсэн талбайг гадна инженерийн шугам сүлжээний ажил зэрэг нийт 5 ажилд 2,800 сая төгрөгийн санхүүжилт олгосон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна/4 дүгээр хавтаст хэргийн 99 дэх талд/.

9.4.2. Нийслэлийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/762 тоот захирамжаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн шугам сүлжээний зураг төсөл, барилга угсралтын 7 ажилд нийт 3,287.2 сая төгрөгийн санхүүжилтийг 2023 онд олгосон байна/4 дугаар хавтаст хэргийн 167 дахь талд/.

9.4.3. Мөн нийслэлийн Засаг даргаас 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр баталсан 2014/04-01А дугаартай “Баянзүрх дүүргийн хорооны нутаг дэвсгэр орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын даалгавар /Аблок/”-ийн 12-т “Санхүүжилт - Төсөл хэрэгжүүлэгч нь барилгажилтыг өөрийн хөрөнгөөр, нийгмийн дэд бүтэц, 1-р зэргийн гол зам, 2-р зэргийн гол зам болон хэлхээний инженерийн дэд бүтцийг улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэнэ” гэсний зэрэгцээ нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас иргэн Баянзүрх дүүргийн хорооны нутаг дэвсгэрт баригдах “Цахилгаан, ус дулаан дамжуулах дэд төвийн барилга”-д 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр МЗХ2021/01-023 тоот архитектур төлөвлөлтийн даалгавар болон бусад техникийн нөхцөлүүдийг олгож байжээ.  

9.5. Ийм нөхцөлд хариуцагч нийслэлийн Засаг дарга нь нэхэмжлэгч хуулийн этгээдээс гаргасан хүсэлтүүдийг шийдвэрлээгүй, хуулиар хүлээсэн нийтийн эрх зүйн чиг үүрэг болох гэр хорооллын газрыг дахин төлөвлөж хэрэгжүүлэх үйл ажиллагааны суурь нөхцөл болох инженерийн шугам сүлжээг бүтээн байгуулах ажлын санхүүжилт, сонгон шалгаруулалтыг зохион байгуулах чиг үүргээ хэрэгжүүлээгүй атлаа нэхэмжлэгч хуулийн этгээдээс гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй орхисон нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан эс үйлдэхүй гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Орон сууцны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй” гэх тайлбарыг буруутгах боломжгүй.

9.6. Улмаар хариуцагчийн дээрх эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх авсан төсөл зогсох үр дагаварыг бий болсон гэж үзэхээр байх тул “Б*******” ХХК нь батламж бүхий төслөө зогсоохгүй байх үүднээс Баянзүрх дүүргийн хорооны нутаг дэвсгэрт Ч орчим ГХДТ-2014/2 багцын “А” хэсэгчилсэн талбайн гадна инженерийн шугам сүлжээний ажлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэснийг буруутгах боломжгүй, энэ тохиолдолд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэж заасан нэхэмжлэгчийн итгэл хамгаалагдах үндэслэлтэй байна.  

 

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Тухайн байгууламжийг барихаасаа өмнө хийлгэсэн төсвөө магадлалаар оруулаагүй, ажил дууссаны дараа хэт өндөр үнэ бүхий магадлалын нэгдсэн дүгнэлт гаргуулсан” гэх агуулгаар тайлбарласан тооцооллын тухайд:

10.1.  “У” ХХК-иас 2021 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр зохиосон “Баянзүрх дүүргийн хороо иргэн М.Цгийн ..., 10/0.4кВ-ын 2х800кВА-дэд өртөө, 10кВА-ын хуваарилах байгууламж, гадна цахилгааны төсөвт ажлын төсөв”-т өртгийн дүн 434,780,296 төгрөг гэжээ,

10.2. Мөн “У” ХХК-иас 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр зохиосон “Баянзүрх дүүргийн хороо иргэн М.Ц, “Б*******” ХХК-ийн 330 айлын орон сууцны барилгын гадна шугам сүлжээний угсралтын ажил”-ын төсөвт өртгийн дүн 1,902,923,828 төгрөг” гэжээ,

10.3. Барилгын хөгжлийн төвийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1768/2022 дугаар магадлалын дүгнэлтийн нэгтгэлд “Б*******” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн Улаанбаатар хот, “Баянзүрх дүүргийн хороо, 330 айлын орон сууцны барилгын гадна инженерийн шугам сүлжээний ажил”-ын төсөвт өртөг 2,693,264,716 төгрөг гэжээ,

10.4. Барилгын хөгжлийн төвийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1/3136 тоот албан бичгээр ирүүлсэн экспертийн тайлбарт “... 1768/2022 дугаартай магадлалын дүгнэлтийн нэгтгэлээр баталгаажсан төсвийг боловсруулахдаа 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Монгол Улсын Их Хурлын баталсан 88 дугаар тогтоолын хүрээнд Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 75 дугаар түр журмын хавсралтаар батлагдсан “Барилгын материалын үнэ, өөрчлөлтийг тооцох түр журам”-ын дагуу материалын үнийн өсөлтийг тооцсон болно” гэжээ/4 дүгээр хавтаст хэргийн 132-133 дахь талд/.

10.5. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс дээрх 10.1, 10.2-т дурьдсан төсөвт магадлал хийлгээгүй тухайд маргаагүй.

10.6. Монгол Улсын Их Хурлын 2021 оны 88 дугаар “Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын 5-д “улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн төсөвт өртөгт магадлал хийх ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж, холбогдох саналаа 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө Улсын Их Хуралд танилцуулах”,

10.7. Барилга хот байгуулалтын сайдын 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 75 дугаар тушаалаар батлагдсан “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих барилга байгууламжийн төсөвт өртгийн /Барилгын материалын үнэ/ өөрчлөлтийг тооцох түр журам”-ын 2.1.-т “Энэ журмаар хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь 2021 оны сарын 31-ний өдрөөс өмнө төсөл, арга хэмжээг гүйцэтгэх гэрээг байгуулсан бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших үлдэгдэл ажилд материалын үнийн дундаж өсөлтөөр тооцоход хамаарна” гэсэн байна.

10.8. Энэ тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээдээс барьж байгуулсан инженерийн гадна шугам сүлжээний ажлын зардлыг улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх барилга байгууламжийн төсөвт өртөг тооцох аргачлалаар тооцож нэхэмжилснийг буруутгах боломжгүй байна.

10.9. Учир нь “Б*******” ХХК-иас дээрх инженерийн гадна шугам сүлжээний ажлыг хийсэн энэ шийдвэрийн үндэслэх хэсгийн 9.4.2, тодорхойлох хэсгийн 1.2-т дурьдсан 2021 оны хугацаанд дэлхий нийтээрээ ковид-19 цар тахлын нөхцөл байдалд байсан нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд Улсын Их Хурлаас 2021 оны 88 дугаар тогтоол, Барилга, хот байгуулалт/хуучин нэршлээр/-ын сайдаас 2022 оны 75 дугаар түр журмыг тус тус баталж цар тахлын дараах эдийн засгийн өсөлтөөс хамаарсан барилгын материалын үнийн өсөлтийг тооцохоор шийдвэрлэсэн байх тул нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх нийтийн орон сууцны дэд бүтцийг барьж байгуулах үйл ажиллагааны төсвийг дээрх 88 дугаар тогтоол болон 75 дугаар түр журамд заасан хэмжээгээр тооцох үндэслэлтэй.

10.10. Гагцхүү Орон сууцны тухай хуулийн Орон сууцны тухай хуулийн 141 дүгээр зүйлийн 141.6-д “Орон сууцны байшингийн инженерийн гадна шугам сүлжээ, дэд өртөө, ус, дулаан дамжуулах төв зэрэгт оруулсан хувийн хөрөнгө оруулалтын бодит хэмжээг үндэслэн хөрөнгө оруулагч гэрээ байгуулан орон нутгийн өмчид шилжүүлж болно” гэж заасны дагуу “Б*******” ХХК-ийн Баянзүрх дүүргийн хорооны нутаг дэвсгэрт, Ч орчим ГХДТ-2014/2 багцын “А” хэсэгчилсэн талбайд гүйцэтгэсэн инженерийн гадна шугам сүлжээний ажлыг барьж байгуулахад гаргасан зардлыг шинжээчийн дүгнэлтээр тодорхойлсон бодит зардлын хэмжээгээр тооцож санхүүжүүлэх нь зүйтэй байна.

 

11. Инженерийн гадна шугам сүлжээний ажлын хүрээнд 7 иргэн, хуулийн этгээдийн эзэмших, өмчлөх эрх бүхий газар, үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлж, талбайг бэлтгэхэд зарцуулсан зардлын тухайд:  

11.1. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс,

11.1.1.Иргэн Л.Цтай 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 5-308/01 тоот “Ө*******” хотхонд орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж орон сууцны үнийг 113,250,000 төгрөгөөр/2 дугаар хавтаст хэргийн 14 дэх талд/,

11.1.2. Иргэн М.Хтэй 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 2-1301/02/Б.Цд шилжүүлсэн/, 2-1101/02/С.Нд шилжүүлсэн/, 2-901/02 /Ж.Нд шилжүүлсэн/ тоот “Ө*******” хотхонд орон сууцуудыг захиалан бариулах гэрээ байгуулж орон сууцны үнийг тус тус 111,250,000 төгрөг, нийт 333,750,000.00 төгрөгөөр/2 дугаар хавтаст хэргийн 87, 97, 101 дэх талуудад/

11.1.3. Иргэн Н.Бтой 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 3-407/01 тоот “Ө*******” хотхонд орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж орон сууцны үнийг 116,750,000 төгрөгөөр/2 дугаар хавтаст хэргийн 84 дэх талд/,

11.1.4. Иргэн Ч.Утэй 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 13-1207/01, 09 дүгээр сарын 21-ний өдөр 2-1204/01 тоот “Ө*******” хотхонд орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж орон сууцны үнийг 90,440,000.00 болон 111,750,000.00, нийт ... төгрөгөөр/2 дугаар хавтаст хэргийн 117 дахь талд/,

11.1.5. Иргэн Б.Бтай 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 2-1004/01 тоот “Ө*******” хотхонд орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж орон сууцны үнийг 111,750,000 төгрөгөөр/2 дугаар хавтаст хэргийн 123 дахь талд/,

11.1.6. Иргэн Ж.Гтай 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 1-05/01 тоот “Ө*******” хотхонд орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж орон сууцны үнийг 120,950,000 төгрөгөөр/2 дугаар хавтаст хэргийн 114 дэх талд/,

11.1.7. Иргэн Д.Цтэй 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 2-1302/01 тоот “Ө*******” хотхонд орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж орон сууцны үнийг 84,000,000 төгрөгөөр/2 дугаар хавтаст хэргийн 111 дэх талд/ тус тус тохиролцсон нь баримтаар тогтоогдов.

11.2. Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 03/880 тоот албан бичигт “... Төсөл хэрэгжүүлэгч Б******* ХХК нь Хот суурин газрын дахин хөгжүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7.2.г дэх хэсэгт заасны дагуу гурван талт гэрээ байгуулсан. Дараах нэр дурьдсан Ч.У, Д.Ц, Н.Б, Л.Цэвэлмаа, Б.Б, М.Х, Б.Ц, С.Н, Ж.Н, Ж.Г нарын 10 иргэдээс гурван талт гэрээний 5 дугаар зүйлийн 5.1.2 дахь заалтаар манай газарт ямар нэгэн гомдол гаргаагүй болно” гэжээ.

11.3. Орон сууцны тухай хуулийн Орон сууцны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Орон сууц, түүний дэд бүтцийг хөгжүүлэх үйл ажиллагааг дараахь эх үүсвэрээс санхүүжүүлнэ:”, 11.1.1-т “..., нийслэлийн төсвөөс олгох хөрөнгө” гэж, 141 дүгээр зүйлийн 141.1-д “Орон сууцны байшингийн инженерийн гадна шугам сүлжээ, дэд өртөө, ус, дулаан дамжуулах төв болон бусад үйлчилгээний газарт зарцуулсан хөрөнгийг орон сууцны өртөгт оруулж тооцохыг хориглоно” гэж заасныг нэгтгэн тайлбарлавал, инженерийн гадна шугам сүлжээг барьж байгуулах зардлыг бүхэлдээ улс,нийслэлийн төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх зохицуулалттай байх тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

12. Дээр дурьдсан үндэслэлүүдээр иргэдийн төлөөлөгч Л.Мийн дүгнэлтийг бүхэлд нь хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.13-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.10, 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.1, 11.1.2, 21 дүгээр зүйлийн 21.1, 21.1.2, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2.3, Орон сууцны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 141 дүгээр зүйлийн 141.1, 141.6, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-т заасныг тус тус баримталж “Б*******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11.1.2, Хот, суурин газрын гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээний 5.3.11 дэх хэсэгт заасан заалтыг хэрэгжүүлэхгүй, биелүүлэхгүй байгаа Нийслэлийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Баянзүрх дүүргийн хорооны нутаг дэвсгэрт, Ч орчим ГХДТ-2014/2 багцын “А” хэсэгчилсэн талбайн 22.2 га газарт гэр хорооллыг дахин төлөвлөж барилгажуулах төслийн эхний ээлжийн орон сууцуудыг хангах инженерийн дэд бүтцийн зардалд “Б*******” ХХК-ийн зарцуулсан 2,520,529,294.00 төгрөг, тухайн газрыг чөлөөлөхөд зарцуулсан 1,195,890,000.00 төгрөг, нийт 3,716,419,294.00 /гурван тэрбум долоон зуун арван зургаан сая дөрвөн зуун арван есөн мянга хоёр зуун ерэн дөрвөн/ төгрөгийг төсөвт тусгуулан санхүүжүүлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөг, шинжээчийн зардалд нэхэмжлэгч “Б*******” ХХК-иас төлсөн 10,000,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 9,622,936.00/есөн сая зургаан зуун хорин хоёр мянга, есөн зуун гучин зургаан/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХЗУЛ

 

                                                      ШҮҮГЧ                                  Б.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                      ШҮҮГЧ                                  Г.ЦЭРЭНДЭЖИД