| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигбаатар |
| Хэргийн индекс | 192/2025/03788/И |
| Дугаар | 192/ШШ2025/05284 |
| Огноо | 2025-06-18 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 192/ШШ2025/05284
| 2025 06 18 | 192/ШШ2025/05284 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, *******, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* тоот хаягт оршин суух ******* ******* овогт ******* ******* /регистрийн дугаар: *******/-ийн хүсэлттэй,
Үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Мөнгөнсаран нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би н.Батжаргалтай 2014 оны 10 дугаар сарын 04-ний өдөр танилцаж, 2014 оны хавраас хамтран амьдарч эхэлсэн. Бидний хүү М.Эрдэнэ-Очир 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн. Хүү төрснөөс хойш бид салж тусдаа амьдрах болсон. Би хүүгээ өөрийн аав Н.Мижидбатад үрчлүүлсэн бөгөөд хүү маань өвөөгөөрөө овоглох болсон. Ирэх намар хүү маань Улаанбаатар хотод ирж сургуульд сурах болсон тул цаашид ээж нь өөрийн нэрээр овоглох хүсэлтэй байгаа тул хүү М.Эрдэнэ-Очирын үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү. гэв.
2. Гуравдагч этгээд болон гуравдагч этгээд Н.******* итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дулмаа шүүхэд ирүүлсэн тайлбартаа: М.Дулмаа миний бие М.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүү болох М.Эрдэнэ-Очирыг ээжийнх нь асрамжид үлдээхийг хүсэж байна. Шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй тул эзгүйд хэргийг шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд дараах баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, 000011857 дугаар үрчлүүлсэн талаарх гэрчилгээний хуулбар, 48*******000012 дугаар төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар.
4. Шүүхийн журмаар дараах баримтыг нотлох баримтаар цуглуулсан.Үүнд: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын *******-ны өдрийн 9/6878 дугаар албан бичиг, үрчлэлт бүртгэхэд бүрдүүлсэн баримтууд.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэл /хүсэлт/-ийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
1. Нэхэмжлэгч М.******* шүүхэд хандаж 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Н.Эрдэнэ-Очирыг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Н.Мижидбат, М.Дулмаа нарт үрчлүүлсэн үрчлэлтийг Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлд заасны дагуу хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
2. Нэхэмжлэгч М.******* нэхэмжлэлийн үндэслэлээ, хүү маань төрсний дараа хүүгийн эцгээс тусдаа амьдрах болсон тул өөрийн аав Н.Мижидбатад үрчлүүлсэн. Цаашид Улаанбаатар хотод сургуульд сурч эхийн асрамжид байх тул үрчлэлтийг хүчингүйд тооцуулах хүсэлтэй байна гэж тайлбарласан.
3. Нэхэмжлэгч М.******* нь 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн өөрийн хүү Н.Эрдэнэ-Очирыг зөвхөн эрэгтэй хүнээр овоглуулах зорилгоор өөрийн эцэг, эх болох Н.Мижидбат, М.Дулмаа нарт үрчлүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
4. Гэр бүлийн тухай хуулийн Долдугаар бүлэгт зохицуулсан үрчлэлтийн харилцаа нь хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах буюу тодорхой эрх зүйн үр дагавар үүсгэх зорилготой байдаг.
5. Дээр дурдсанаар хүүхдийг үрчлүүлэх буюу эрх зүйн үр дагавар үүсгэх зорилгогүйгээр өөрийн эцэг, эх болох Н.Мижидбат, М.Дулмаа нарт хүүхдийг үрчлүүлсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т заасан үрчлэлтийг хүчингүй болгох бусад үндэслэлд хамаарна.
6. Иймд 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн хүү Н.Эрдэнэ-Очирыг Н.Мижидбат, М.Дулмаа нарт үрчлүүлсэн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1 дугаартай үрчлэлтийг хүчингүй болгож, Н.Эрдэнэ-Очирыг төрүүлсэн эх М.*******т буцаах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 1*******, 118, 145 дугаар зүйлийн 145.6-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т заасныг баримтлан 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн ******* ******* овогт *******ийн Эрдэнэ-Очир /регистрийн дугаар: *******/-г 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Н.Мижидбат, М.Дулмаа нарт үрчлүүлсэн 1 дугаартай үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т заасныг баримтлан 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн ******* ******* овогт *******ийн Эрдэнэ-Очир /регистрийн дугаар: *******/-г төрүүлсэн эх ******* ******* овогт ******* ******* /регистрийн дугаар: *******/-т буцаан шилжүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч М.*******ээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР