2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 12 өдөр

Дугаар 192/ШШ2025/05076

 

 

 

 

 

2025 06 12 192/ШШ2025/05076

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Баянгол, *******, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 4 дүгээр хороо, ******* ******* ******* тоот хаягт оршин суух Хан Хөгшин овогт Даваадоржийн ******* /регистрийн дугаар: *******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* дүүрэг, ******* дугаар хороо, ******* ******* , дугаар байр, тоот хаягт оршин суух Боржигон овогт Мөнхзоригийн /регистрийн дугаар: /-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Номиндалай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Болормаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч М.д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч М.тай худалдах-худалдан авах гэрээ байгуулж өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө болох Ү-2206120684 улсын дугаартай ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* удирдлагын йн байр, тоот 74.8 м.кв 3 өрөө орон сууцаа худалдсан. Үл хөдлөх хөрөнгийн үнийн дүн 440,000,000 төгрөг байсан. Үүнээс урьдчилгаа 280,000,000 төгрөгийг төлөөд, үлдэгдэл 160,000,000 төгрөгийг Төрийн банкны зээлээр төлөхөөр тохиролцсон. Банк дээр зээлийн материал очиход 20,000,000 төгрөг дутуу байна гэж хэлсэн. Дансыг шүүгээд үзэхэд 20,000,000 төгрөг ороогүй байсан. Энэ үеэс эхлээд мөнгө гүйцээж өгөх асуудал үүссэн. 3, 4 данснаас хийсэн дансыг шүүе гэж мессеж чатаар харилцаж байсан боловч мөнгөө хийгээгүй. Данснаас 150,000,000 төгрөг орж ирсэн учраас байраа шилжүүлж өгсөн. Тухайн үед яагаад андуураад 20,000,000 төгрөгийн асуудал үүссэн бэ гэвэл П.******* өөр эхнэрийн нэр байдаг байрыг зарж байсан. Мөн террасс зардаг компанийн захирал байсан. Мөнгө орж ирэхэд андуурсан үйл явдал гарсан. Гэрээ дээр мөнгийг зөвхөн дансаар шилжүүлэн гэж тохиролцсон байдаг. Хариуцагч аав, ээж, болон өөрийнхөө данснаас мөнгөө шилжүүлсэн байсан. Иймд 20,000,000 төгрөгийг дутуу хийснийг дансны хуулгаар нотлогдож байна. Хариуцагч хариу тайлбар дээрээ бэлнээр өгсөн байгаа гэсэн агуулга бүхий хариу тайлбар ирүүлсэн байсан. Бэлнээр өгсөн бол 2,000,000 төгрөг биш 20,000,000 төгрөг өгсөн гэдгээ ямар нэгэн байдлаар баримт үйлдэх эсвэл данснаас нь гарсан бол дансны хуулгыг нотлох баримтаар гаргаж өгөх боломжтой байсан. Бэлнээр мөнгө өгсөн, авсан харилцаа үүсээгүй тул хариуцагчаас 20,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. гэж тодорхойлсон.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хажидмаа шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 20,000,000 төгрөгийг дутуу төлсөн гэж нэхэмжилсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үеийн дансаар орсон 420,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Мөн 20,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн бөгөөд баримт тухайн хүнээс аваагүй. Д.******* 280,000,000 төгрөгийг хүлээн авлаа гэсэн нотариатын баримт мөн тухайн үед бүх тооцоо хийгдсэний дараа байр шилжүүлэгдэж гэрээ хийгдсэн. гэжээ.

 

3. Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 0762 дугаар худалдах-худалдан авах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Хаан банк ХК-ийн 5024155633 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

1. Нэхэмжлэгч Д.******* хариуцагч М.д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: хариуцагчид 3 өрөө орон сууцыг 440,000,000 төгрөгөөр худалдсан боловч тэрээр үлдэгдэл 20,000,000 төгрөгийг төлөөгүй гэж тайлбарласан.

2. Шүүх дээрх нэхэмжлэлийг хүлээн авч 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн ба 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хажидмаад нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, хүлээх үүргийг талуудад тайлбарлаж өгсөн.

 

3. Хариуцагчийн зүгээс, худалдах-худалдан авах гэрээний төлбөр болох 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн агуулга бүхий тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн боловч энэ үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд шүүхэд гаргаж өгөөгүй.

 

4. Шүүх хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 10 цаг 30 минутад товлож, товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хажидмаад шуудангаар болон утсаар мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд мөн хүрэлцэн ирээгүй.

 

5. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч талын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

6. Нэхэмжлэгч Д.******* хариуцагч М. нар 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 0762 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ-г бичгээр байгуулж, энэ гэрээний дагуу нэхэмжлэгч нь ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* ******* удирдлагын йн байр, тоот хаягт байрлах 74.8 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь 440,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүргийг харилцан хүлээсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байна.

 

7. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч М. нь дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч Д.*******д нийт 420,000,000 төгрөгийг төлсөн болох нь тогтоогдож байна. Гэтэл хариуцагч нь үлдэх 20,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн гэх боловч энэ тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.

 

8. Тодруулбал, гэрээний дагуу төлөх ёстой төлбөрийг бүрэн төлсөн учир орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ байгуулж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн хэмээн хариуцагч тал тайлбарлах боловч зөвхөн энэ тайлбарыг үндэслэн 20,000,000 төгрөгийг бэлнээр төлсөн хэмээн шүүх дүгнэхэд эргэлзээтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээтэй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байдаг.

 

9. Дээр дурдсанаар хариуцагч тал 20,000,000 төгрөг төлсөн гэх тайлбараа баримтаар нотолж чадаагүй тул хариуцагч М.аас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 20,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

10. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 257,950 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлсөн нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д нийцжээ.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэл хангагдсан хувь хэмжээгээр талуудад хариуцуулдаг тул нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 257,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 1******* дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1-т заасныг баримтлан М.аас 20,000,000 төгрөг гаргуулан Д.*******д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.аас 257,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.*******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР