Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 260

 

 

 

 

 

 

 

2018            3            26                                              260

 

-

                            

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг,  

улсын яллагч Ц.Ариунтуяа,

шүүгдэгч Б.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Бийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1808002280232 дугаар эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, З овогт Б-ын Б /РД:..../.

Яллагдагч Б.Б нь 2017 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Марал” зочид буудлын гадаа хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Б.Ү-ыг зодож, дух, хуйх, баруун шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Бшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.

Эрүүгийн 1808002280232 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б.Ү-ын: “...2017 оны 12 дугаар сарын 24-ний орой 23 цаг 55 минутын үед би “Марал” зочид буудлаа бүрэн хаагаад ...дэлгүүр орж 10 минут орчим юм авч яваад буудал руугаа очиход манай буудлын үүдийг одоо нэрийг нь мэддэг болсноор Б. согтуурхан нүдэж байсан. Тэгэхээр нь очоод “чи яах гэсэн юм бэ, наад буудал чинь ажиллаагүй, манай гэр байдаг юм” гэж тайлбарлахад ...“би энэ буудалд өрөө авсан биз дээ, танд гар утас, мөнгө хадгалуулсан, хувцас хунараа үлдээсэн шүү дээ” гээд байсан. Та “өөр буудал андуураад байна, энүүгээр өөр олон буудал байгаа” гэхэд тэр “танайд л орсон, би мэдэж байна” гээд орох гээд дайраад байснаа “битгий хуцаад бай, би чамаас гар утас, мөнгөө авмаар байна, танайхыг нэгжиж орж үзнэ” гээд түлхээд байхаар нь миний уур хүрээд “чи айл нэгждэг хэн бэ, прокурорынхоо зөвшөөрлийг авчир” гээд түүнийг түлхтэл зөрүүлээд намайг хоёр удаа нүүр рүү цохиод, хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн. Ингээд энэ залууг оруулж үзүүлэхгүй бол явахгүй, намайг зодоод байх шинжтэй юм байна гээд түүнийг оруулахад тэр залуу дээшээ 2 давхарт гарч ирээд “биш байна” гэдгээ мэдсэн юм уу яасан юм шууд 2 давхрын 3 тоот өрөөний цонхоор гадагшаа үсэрч буугаад зугтсан. Би тэр залуу руу “чи орсон буудлаа андуураад намайг зодчихлоо... чи сая цонхоор үсрээд буулаа, хөл гар чинь зүгээр үү” гэж асуухад нөгөө залуу буюу Б. “зүгээргүй бол яах юм” гээд миний үснээс гараараа ороож аваад доош нь дараад толгой руу өшиглөөд ...буудлын эгч “чи болиоч” гээд тавиулах гээд дийлээгүй, тэр хавьд явж байсан үл таних хоёр залуу ирээд “боль” гэж салгасан чинь Б. зугатсан. Би араас хөөсөн чинь тэр хавьд байсан танихгүй нэг залуу “эгчээ яасан бэ” гэхээр нь “наад залуугаа бариад аваарай” гэхэд тэр араас нь гүйж очоод бариад авчихсан чинь Б. түүнийг өшиглөж унагаад зугтангуут нөгөө залуу “энэ муу ямар овоо залуу вэ” гээд гэр хороолол дундаас хөөж гүйцээд Б.ийг барьж ирсэн. Тэр буруугаа хүлээж, уучлалт гуйгаад эмчилгээний зардал 1500.000 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр миний дансанд хийсэн. Одоо надад цаашид гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-16-17, 19/,

Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017.12.25-ны өдрийн 636 дугаар шинжилгээний дүгнэлтэд “1.Б.Ү-ад дух, хуйх, баруун шилбэнд цус хуралт тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн ...журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг болно. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй” гэжээ /хх-25/,

Шинжээч Ц.Г-ын: “Иргэн Б.Ү-ад гурван удаагийн үйлдлээр үүсгэгдсэн дандаа шинэ гэмтлүүд байна. Тухайн өдөр үүсэх боломжтой гэмтлүүд байсан тул дээрх дүгнэлт гаргасан” гэх мэдүүлэг /хх-31/,

Шүүгдэгч Б.Бийн яллагдагчаар өгсөн: “...Би 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгууллагынхаа шинэ жилд 20 цагийн үед ороод орой 22 цаг өнгөрч байхад тараад Түмээ, Б.-нартай гараад Бат-Эрдэнийн найз нь машинтай тосоод бид нарыг авч яваад замдаа би “Саппоро” дээр буусан. Гэр рүүгээ хорооллын дэнж рүү алхаж явтал нэг эмэгтэй таараад “би өлсөөд байна, хонох газаргүй болчихлоо” гэхээр нь би зөвшөөрөөд “Саппоро”-гийн арын буудлуудын нэгэнд орсон. Одоо нэрийг нь мэдснээр “Марал” буудал юм. Тэр хүүхэн бид хоёр буудалд орохдоо бэлэн гоймон, нэг шил “Экс” архи авсан ...гоймонгоо дэвтээлгэхээр буудлын ресепшнээр ус халаалгасан. Энэ зуурт тэр эмэгтэй өөрийгөө Зулаа гэж танилцуулж ...надаас “утсаа өгөөч” гээд нэг хүнтэй ярьж дуусгаад надад утсыг маань буцаан өгсөн. “Найзаасаа мөнгө зээлчихсэн чинь нэхээд болдоггүй, одоо ирээд авна” гэж ярьж байгаад бид бэлэн гоймонгоо идээд архинаасаа хоёр хундага татаад юм ярилцсан чинь тэр эмэгтэй очих газар байхгүй, мөнгө төгрөг ч байхгүй гээд байсан тул би түүнд яг хэдэн төгрөг өгснөө санахгүй байна, ямар ч байсан мөнгө өгсөн. Тэгэхдээ анх Түмэнжаргал байцаагчид өгсөн мэдүүлэгт ярьсан шиг 50, 60 мянган төгрөг өгөөгүй, дараа эрүүл болчихоод мөнгөө үзэхэд нэг их мөнгө дутаагүй байсан. Тэгээд гаргаж өгөхөөр гараад түүнийг машинд суулгаж өгөөд буцаад буудлаа олохоо болиод өөр буудлын эгч Үүрцайхтай маргаан үүсгэж, түүнийг цохиж зодсон байна. Мөн Үүрцайхыг зодоод зугатаж байхад гудамжинд явж байсан эхлээд хоёр залуу ирсэн дараа нь нэг залуу хөөж намайг барьж авсан. Тэдгээр залуус эмэгтэй хүнд тусалж намайг барьж авахдаа ганц нэг цохисон асуудалд би бас гомдолгүй, надад учирсан гэмтэл байхгүй тул дээрх залууст гомдолгүй. Би энэ хүнд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Тэндэхийн буудлууд бүгд шилэн хаалгатай, нэгэн ижил загвартай байсан тул би буудлаа үнэхээр андуурч орсон. Тэрнээс өөр санаа зорилго агуулаагүй. Би өөрийн буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул Үүрцайх эгчээс очиж уучлалт гуйсан. Түүний эмчилгээний зардалд 1,5 сая төгрөгийг төлж барагдуулан гэм буруу, хор хохирлоо арилгасан. Дахин ийм асуудал гаргахгүй байж чадна. Намайг өршөөнө үү” гэх мэдүүлэг /хх-35/,

Хохирогчийн өргөдөл /хх-6/, гэрч Н.Нэргүйн мэдүүлэг /хх-20/, Асап сангийн лавлагаа /хх-37-38/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-44/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-46, 47/, банкны лавлагаанууд /хх-51, 52, 53, 54/, “Мөнгөн гүүр” эмнэлгийн компьютер, томографийн оношлогоо /хх-57/, хохирлын баримт /хх-58/, “Ар гурван хэц” ХХК-ийн тодорхойлолт /хх-60, 62/, хохирол төлсөн баримт /хх-61/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.    

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б. Б. нь 2017 оны 12 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, “Марал” зочид буудлын гадаа хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Б.Ү-ыг зодож, дух, хуйх, баруун шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтууд буюу мөрдөн байцаалтад өгсөн хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Ү-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохиролд 1500.000 төгрөг төлөгдсөн, хохирогч Б.Ү-ын “...миний нэхэмжилсэн мөнгийг Б.Б хүлээн зөвшөөрөөд өгсөн. Гомдолгүй” гэх мэдүүлэг /хх-17/-ийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлын талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна” гэж,

Шүүгдэгч “Улсын яллагчийн ялын саналд хэлэх зүйл байхгүй. Дахиж ийм алдаа дутагдал гаргахгүй, өршөөнө үү” гэж тус тус дүгнэлт гаргалаа. 

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Б урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З овогт Б-ын Б.ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Б бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.            

                    

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  Л.БААТАР