Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2025/0574

 

 

    2025          08          25                                   128/ШШ2025/0574

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “3” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Э*******” ХХК, РД:*******,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Д*******,

Хариуцагч: Нийслэлийн Хяналт шалгалтын газар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.С*******, А.Э******* нарын хоорондын “Нийслэлийн Хяналт шалгалтын газрын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 01/294 тоот “Хүсэлт буцаах тухай” албан бичгийг хүчингүй болгож, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс томилон ажиллуулахыг даалгах” тухай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*******, А.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранбилэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Нийслэлийн Хяналт шалгалтын газраас 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 01/294 тоот албан бичигт “... тус барилга байгууламж нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт “Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн байна. Иймд шүүхийн байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ үү” гэсэн.  

1.2. “Э*******” ХХК-иас Нийслэлийн Хяналт шалгалтын газарт холбогдуулан “Нийслэлийн Хяналт шалгалтын газрын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 01/294 тоот “Хүсэлт буцаах тухай” албан бичгийг хүчингүй болгож, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс томилон ажиллуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийг 2025 он 05 дугаар сарын 26-ны өдөр гаргасан.

 

Хоёр.Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:

“1. Манай компани нь Ч*******гийн ******* хорооны нутаг дэвсгэрт дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд энэхүү төслийн хүрээнд баригдах 3 блок орон сууцны барилгаас эхний ээлжид доороо зоорьтой, үйлчилгээтэй 13 давхар 180 айлын орон сууцны зориулалттай А блок барилгыг барьж, барилгын ажлыг бүрэн дуусган, барилгыг улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болсон тул Нийслэлийн Хяналт шалгалтын газарт барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллуулах хүсэлтийг гаргасан байдаг.

2. Нийслэлийн Хяналт шалгалтын газраас захиалагч манай компанийн гаргасан хүсэлтийг судалж, барилгын ажлын гүйцэтгэлтэй газар дээр нь танилцахад тус барилга байгууламж нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дах хэсэгт “Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн буюу ашиглалтад оруулаагүй байхад барилгад айл өрхүүд оруулсан байна гэх үндэслэлээр 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 01/294 тоот “Хүсэлт буцаах тухай” албан бичгээр барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтийг буцааж шийдвэрлэсэн.

3. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар эс үйлдэхүй нь хариуцагчийн татгалзал эсхүл хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байгаа эс үйлдэхүй хэлбэрээр илэрч болох бөгөөд Нийслэлийн Хяналт шалгалтын газрын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 01/294 тоот албан бичиг болон комисс байгуулан ажиллуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны актын шинжийг бүрэн агуулж байх бөгөөд мөн хуулийн зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, Барилгын тухай хууль болон Засгийн газрын 2021 оны 212 дугаар “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийг зөрчсөн байна.

4. Тухайлбал Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т заасны дагуу Барилга байгууламжийг ашиглалтад оруулах эрх бүхий байгууллагын үндсэн чиг үүрэг нь тухайн барилга нь барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу гүйцэтгэгдсэн эсэхийг хянан шалгах байдаг бөгөөд мөн Засгийн газрын 2021 оны 212 дугаар “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”- ийн 2.1-т “Захиалагч барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт гаргахын өмнө Барилгын тухай хуулийн 48.5.3, 48.5.4-т заасны дагуу үзлэг хийлгэж, дүгнэлтэд заасан зөрчлийг арилгах арга хэмжээ авсан байна”, 4.1-т “Энэ дүрмийн 2.2-т заасан байгууллага нь барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтэд хавсаргасан Барилгын тухай хуулийн 48.5-д заасан баримт бичгийн бүрдлийг хянаж, шаардлага хангасан бол барилга байгууламжийн төвөгшлийн ангиллаас хамааруулан барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссыг байгуулна”, Барилгын тухай хуулийн 48.5.3-т “зураг төсөл зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт”, 48.5.4-т “захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт” гэж заасны дагуу Нийслэлийн Хяналт шалгалтын газар нь хуульд заагаагүй үндэслэлээр манай компанийн хүсэлтийг буцааж шийдвэрлэсэн байна.

5. Мөн манай компани нь Нийслэлийн Хяналт шалгалтын газрын хүсэлтийг буцаах тухай захиргааны актад дурдсан ашиглалтад оруулаагүй барилгад айл өрхүүдийг оруулж ашигласан гэсэн зөрчлийг гаргаагүй гэж үзэж байгаа болно. Учир нь манай компанийн зүгээс захиалагч нартаа хандан компанийн цахим хуудсаар дамжуулан барилгын ажлын явцын талаарх мэдээллийг байнга мэдээлдэг бөгөөд зарим захиалагчдын зүгээс түрээсийн байр, нийтийн байранд амьдардаг тул цаг алдалгүй комиссын дүгнэлт гарсан даруйд байрандаа орохыг хүсч, байрандаа орохоос өмнө тавилгаа хийлгэж байршуулъя гэсэн хүсэлт гаргасныг зөвшөөрсөн байдаг. Түүнээс биш ашиглалтад ороогүй байгаа барилгад айл өрхүүдийг оруулж байрыг нь хүлээлгэн өгсөн асуудал байхгүй.

6. Барилга байгууламжийг ашигласан гэх ойлголтод барилгад айл өрхүүдийг оруулж, байнгын цахилгаан, халуун, хүйтэн усаар хангахыг ойлгоно гэж үзэж байгаа.

7. Засгийн газрын 2021 оны 212 дугаар “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 2.1-т “Захиалагч барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт гаргахын өмнө Барилгын тухай хуулийн 48.5.3, 48.5.4-т заасны дагуу үзлэг хийлгэж, дүгнэлтэд заасан зөрчлийг арилгах арга хэмжээ авсан байна”, 2.2-т “Барилга байгууламжийн төвөгшлийн ангиллаас хамааран барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтийг дараах байгууллагад хүргүүлнэ”, 3.1-т “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтийг энэ дүрмийн 2.2-т заасан байгууллага шийдвэрлэнэ”, 4.1-т “Энэ дүрмийн 2.2-т заасан байгууллага нь барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтэд хавсаргасан Барилгын тухай хуулийн 48.5-д заасан баримт бичгийн бүрдлийг хянаж, шаардлага хангасан бол барилга байгууламжийн төвөгшлийн ангиллаас хамааруулан барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссыг байгуулна” гэж тус тус заасны дагуу захиалагчаас гаргасан барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтийг холбогдох эрх бүхий байгууллагаас хянаад тухайн барилгад урьдчилсан үзлэг хийж, холбогдох баримт бичгийг баталгаажуулсны үндсэн дээр комисс ажиллуулахаар шийдвэрлэн комиссын бүрэлдэхүүнийг томилон ажиллуулах бөгөөд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Нийслэлийн Хяналт шалгалтын газрын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 01/294 тоот албан бичгээр компаниас гаргасан хүсэлтийг буцааж шийдвэрлэн, барилгын бүх ажил дууссан барилгад улсын комиссын бүрэлдэхүүн байгуулан ажиллуулахгүй байгаа эс үйлдэхүйн улмаас “Э*******” ХХК-ийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүгнэлт гаргуулах эрх, цаашлаад тухайн дүгнэлтийг үндэслэн барилгад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах, айл өрхүүдэд гэрчилгээ олгуулах, захиалагч айл өрхүүдэд орон сууцыг хүлээлгэн өгөх, мөн барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээлгэн өгөх хугацаа хэтэрсний улмаас орон сууц захиалагч нарт гэрээнд заасан хугацаа хэтрүүлсний алданги төлөх, цахилгаан, цэвэр, бохир усны төлбөрийг аж ахуйн нэгжийн тарифаар тооцон төлөх /барилгыг улсын комисс хүлээн авч байнгын ашиглалтад оруулсны дараа цахилгаан, цэвэр, бохир усны шугам, узелийг хангагч байгууллагад хүлээлгэн өгснөөр ашиглалтын зардлыг айл өрхийн тариф руу шилжүүлдэг/ зэргээр санхүүгийн болон бусад байдлаар ноцтой зөрчигдсөнөөс гадна захиалагч иргэд орон сууцтай болох орон сууцандаа амьдрах эрх, ашиг сонирхол зөрчигдөж байгаа болно.

8. Мөн цаашлаад барилгаа байнгын ашиглалтад хүлээлгэн өгөх хугацаа хэтэрсний улмаас орон сууц захиалагч нарт гэрээнд заасан хугацаа хэтрүүлсний алданги төлөх, цахилгаан, цэвэр, бохир усны төлбөрийг аж ахуйн нэгжийн тарифаар тооцон төлөх /барилгыг улсын комисс хүлээн авч байнгын ашиглалтад оруулсны дараа цахилгаан, цэвэр, бохир усны шугам, узелийг хангагч байгууллагад хүлээлгэн өгснөөр ашиглалтын зардлыг айл өрхийн тариф руу шилжүүлдэг/ зэргээр санхүүгийн болон бусад байдлаар ноцтой зөрчигдсөнөөс гадна захиалагч иргэд орон сууцандаа орж чадахгүй нөхцөл байдлыг бий болгоод байна.

9. Шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4-т заасны дагуу Нийслэлийн Хяналт шалгалтын газрын 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 01/294 тоот албан бичгийг хүчингүй болгож, улсын комисс томилон ажиллуулахыг Нийслэлийн Хяналт шалгалтын газарт даалгаж шийдвэрлэснээр “Э*******” ХХК нь дууссан барилгаа ашиглалтад оруулах, орон сууцны зориулалт бүхий барилгыг улсын бүртгэлд бүртгүүлэх эрх, захиалагч иргэдийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх, орон сууцандаа амьдрах эрх нь сэргэхээс гадна дээр дурдсан бусад зөрчигдсөн эрхүүд бүрэн сэргэх боломжтой болно.

10. Иймд Нийслэлийн Хяналт шалгалтын газрын 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 01/294 тоот албан бичгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4-т заасны дагуу хууль зөрчсөн захиргааны актыг хүчингүй болгож, улсын комисс томилон ажиллуулахыг Нийслэлийн Хяналт шалгалтын газарт даалгаж өгнө үү” гэжээ.

2.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Хяналт шалгалтын газраас Улсын комисс ажиллуулахтай холбоотойгоор урьдчилсан үзлэг хийх ёстой гэдэг нь хууль тогтоомжоор журамлагдаагүй байна гэдэг нь тогтоогдож байна. Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасны дагуу комисс ажиллаад, юу шалгах вэ гэдгийг харж болохоор байна. Тус зүйлд комисс ийм зүйл шалгана, 48.7.1-48.7.4-д заасан шаардлагыг хангаагүй бол комисс барилга байгууламжийг ашиглалтад оруулахаас татгалзана гэж заасан байна. Тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 болон 47.5-д заасан хяналт шалгалтыг хийнэ гэж харагдаж байгаа юм. Тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т тухайн барилга байгууламжтай холбоотойгоор ямар төхөөрөмжөөр хийсэн, ямар зураг төслийн дагуу хийгдсэн, барилга байгууламжийн ашиглалтыг хүртэл комисс хяналт тавихаар харагдаж байгаа. Тэгэхлээр Нийслэлийн Хяналт шалгалтын газраас хуульд тогтоомжид заагаагүй асуудлаар урьдчилан үзлэг хийгээд, үүнийгээ комиссын ажлыг хөнгөвчилж байна гэж тайлбарлаад байна. Улсын комисс бүрэлдэхүүнээрээ хуралдаад олонхын саналаар шийдвэрээ гаргана. Гэтэл комисс хуралдаагүй байхад комиссын өмнөөс урьдчилсан байдлаар үзлэг хийгээд байгаа нь хууль тогтоомжийг зөрчсөн асуудал байна гэж харж байна. Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д хориглоно гэж заасан бол Нийслэлийн Хяналт шалгалтын газрын холбогдох улсын байцаагч энэ асуудлаараа зөрчлийн хэргээ нээгээд, бүртгээд, шалгаад барилгын ажил гүйцэтгэж байгаа компанидаа холбогдох хариуцлагыг нь хүлээлгээд явах асуудал байгаа. Комисс ажиллах эсэх хүсэлтийг шийдвэрлэхэд саад болохгүй. Хүсэлтээ гаргана, хүсэлтэд юу бүрдүүлэх вэ гэдгийг заагаад өгчихсөн, 212 дугаар тогтоол дээр үзлэг хийх тухай заалт байгаа. Ингэж үзлэг хийхдээ Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5.3 болон 48.5.4-д заасныг хянаж зөрчлийг арилгуулна гэж байгаа юм” гэв.

 

Гурав. Хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э******* шүүхэд бичгээр хариу тайлбартаа: ““Э*******” ХХК болон Нийслэлийн Орон сууцны бодлогын газар нь Ч*******эг, ******* хороонд байрлах зоорьтой 13 давхар, 1 блок, үйлчилгээтэй 180 айлын орон сууцны зориулалттай барилгыг барьж дууссан тул ашиглалтад оруулахаар холбогдох хүсэлтийг 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр албан бичгээр ирүүлсэн. Хүсэлтийн хүрээнд Хяналт шалгалтын газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн А/0******* тушаалын Хоёрдугаар хавсралтаар баталсан “Барилга байгууламжийн барилгын ажлын гүйцэтгэлтэй танилцсан илтгэх хуудас”-ны дагуу 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр барилгын ажлын гүйцэтгэлтэй танилцахад барилгыг ашигласан нь тогтоогдсон тул тус газрын хүсэлтийг 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 01/294 дүгээр албан бичгээр хүсэлтийг буцааж шийдвэрлэсэн.

Тухайлбал, Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно”, Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 10.3-т “Ашигласан нь тогтоогдсон барилга байгууламжид комисс ажиллуулахыг хориглох бөгөөд энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр ашиглалтад оруулах комисс ажиллуулна” гэж тус тус заасныг “Э*******” ХХК болон Нийслэлийн Орон сууцны бодлогын газар нь зөрчсөн байх тул тус газар нь хууль тогтоомжийн дагуу татгалзсан шийдвэр гаргасан.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасны дагуу даалгах нэхэмжлэлийн урьдчилсан нөхцөл нь хууль бус захиргааны байгууллагын татгалзал, эс үйлдэхүй байхыг шаарддаг бөгөөд захиргааны байгууллагын татгалзал нь хууль тогтоомжийг зөрчөөгүй, эрх зүйн үндэслэлтэй шийдвэр байдаг. Иймд Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

3.2. Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын комисс ажиллуулахыг даалгаж шийдвэрлэвэл Барилыг тухай хуульд заасны дагуу тавигдах шаардлагуудаа тавина. Айлуудаа гаргах ёстой, тавилгуудаа гаргах ёстой гэх зэрэг бүх шаардлагаа тавина” гэв.

3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгчийн хэлээд байгаа Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д заасан энэ заалт нь энэ тохиолдолд хамаарахгүй. Манайхаас ашиглалтад оруулах комиссыг томилсны дараа 15 байгууллагын төлөөлөл томилогдоно. Комисс ажиллах явцдаа зөрчил илэрсэн тохиолдолд үндэслэлээр татгалзах вэ гэдгийг Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д зохицуулаад өгсөн. Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 болон 48.5-д заасан хяналт шалгалт хийхэд саад учруулсан гээд байгаа нь шалгалт хийхийг зохицуулж өгсөн биш, улсын байцаагчийг хяналт шалгалт хийхэд саад учруулсантай холбоотой татгалзах үндэслэл байна. Нэхэмжлэгч комисс томилсны дараа ашиглалтад оруулахаас татгалзах үндэслэлийг дурдаад, манай байгууллагыг ашиглах шаардлагагүй гэж үзээд байна. Манай байгууллага эхний ээлжид комиссын үйл ажиллагааг зохион байгуулах дүрмээр хүлээсэн эрхийн хүрээнд хүсэлтийг хүлээж авлаа, хүсэлтийг хүлээн авсны дараагаар тухайн байгууллагыг ашигласан эсэх дээр нь урьдчилсан үзлэг хийсэн байгаа. Хэрэв бид нарыг урьдчилсан үзлэг хийх ёсгүй байсан, хуулиар эрх олгогдоогүй гэж үзэж байгаа бол комисс томилсны дараа комиссын гишүүд тухайн барилга байгууламж дээр ажиллахгүй, тарна гэсэн үг. Манай байгууллага нь төрийн зардлын үр ашиггүй байдлаас урьдчилан сэргийлэх бусад байгууллагуудын цаг хугацааг үнэлэх хүрээнд ашигласан эсэх дээр нь урьдчилаад тодруулах боломжтой юм байна гэж үзээд урьдчилсан үзлэг хийсэн. Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6 дахь заалт нь Засгийн газрын 212 дугаар тогтоолын 13 дахь хэсгийг зөрчсөн гэж тайлбарлаад байгаа. Энэ хоёр заалт нь ямар нэгэн холбоо хамааралгүй. Барилгын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.7 нь Засгийн газарт барилга байгууламжийг ашиглалтад оруулахтай холбоотой дүрэм батлахыг эрх олгочихсон. Тэгэхээр тус хуулийн 48 дугаар зүйлд заасан ашиглалтад оруулахтай холбоотой ерөнхий зохицуулалтаас бусад нарийвчилсан зохицуулалтыг дүрмээр зохицуулаад байгаа юм. Тус байгууллага нь хууль, дүрэм, журмыг баримтлаад комисс ажиллуулснаас татгалзах шийдвэр гаргасан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “Э*******” ХХК-иас Нийслэлийн Хяналт шалгалтын газарт холбогдуулан “Нийслэлийн Хяналт шалгалтын газрын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 01/294 тоот “Хүсэлт буцаах тухай” албан бичгийг хүчингүй болгож, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс томилон ажиллуулахыг даалгах” тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслээ “... хуульд заагаагүй үндэслэлээр комисс ажиллуулахаас татгалзаж байгаа нь хууль бус” гэх агуулгаар тайлбарлан маргасан.

 

2. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогчдын шүүхэд ирүүлсэн, шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч “Э*******” ХХК нь нийслэлийн Ч*******гийн ******* хорооны нутаг дэвсгэрт 13 давхар, 1 блок, үйлчилгээтэй 180 айлын орон сууцны барилга барьж байна.

4. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн гаргасан хүсэлтэд Нийслэлийн хяналт шалгалтын газрын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 01/293 дугаартай албан бичгээр Ч*******гийн ******* хороо, зоорьтой 13 давхар, 1 блок, үйлчилгээтэй 180 айлын орон сууцны барилгын зориулалттай барилгыг ашиглалтад оруулах захиалагчийн хүсэлтийн дагуу баримт бичгийг судалж, барилгын ажлын гүйцэтгэлтэй газар дээр нь танилцахад тус барилга байгууламж нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт “Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно гэж заасныг зөрчсөн байна. ... шүүхэд хандаж шийдвэрлүүлнэ үү” гэх хариуг өгсөн байна.

5. Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д “нутаг дэвсгэртээ барилгын салбарт баримтлах төрийн бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавих” нь аймаг, нийслэлийн засаг даргын бүрэн эрхэд хамаарахаар, 37 дугаар зүйлийн 37.6-д “Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглох” нь захиалагчийн чиг үүрэгт хамаарахаар тус тус заасан.

6. Монгол Улсын засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 1.2-т “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах үйл ажиллагааг зохион байгуулахад Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлд заасныг болон энэ дүрмийг баримтална”, 10.3-т “Ашигласан нь тогтоогдсон барилга байгууламжид комисс ажиллуулахыг хориглох …” гэж зохицуулах харилцааг журамлажээ.

7. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь дээрх орон сууцны барилгад барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллуулах хүсэлт гаргах үедээ зарим оршин суугчдыг оруулсан байсан нь барилга байгууламжийн барилгын ажлын гүйцэтгэлтэй танилцсан илтгэх хуудас, хавсралт фото зургуудаар тогтоогдсон байна.

8. Мөн шүүхээс хийсэн үзлэгийн үед нийтдээ 40 гаруй айлыг байранд нь оруулсан, тухайн иргэд оршин сууж, амьдарч байгаа нөхцөл байдал тогтоогдов.

9. Барилгын тухай хуулийн 48.5-д заасан барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт, түүнд хавсаргах баримтуудыг бүрэн бүрдүүлсэн тухайд болон зөвхөн дуусаагүй барилгыг ашигласан үндэслэлээр комисс ажиллуулахаас татгалзсан гэх агуулгаар тайлбар гаргасан, нэхэмжлэгч талаас эдгээр үйл баримттай маргаагүй.

10. Хууль тогтоомжийн дээрх зохицуулалт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон нөхцөл байдлыг нэгтгэн үзвэл, нэхэмжлэгч хуулийн этгээд нь хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй байх тул тухайн барилгад комисс ажиллуулахаас татгалзсан хариуцагчийн татгалзлыг хууль бус гэж үзэх боломжгүй байна.

11. Учир нь Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д “Захиалагч энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллагад барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар хүсэлт гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана” гэж, 48.6-д “Энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт, энэ хуулийн 48.5-д заасан баримт бичгийг хянаж, ажлын 10 өдрийн дотор ашиглалтад оруулах комисс ажиллуулна” гэж заасан зохицуулалтууд нь комисс ажиллах нөхцөл хангагдсан тохиолдолд хэрэгжихээр байх тул нэхэмжлэгчийн хуульд заагаагүй үндэслэлээр татгалзсан гэх тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй.

12. Өөрөөр хэлбэл, барилгын захиалагч нь Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5.1-48.5.7-д заасан барилга байгууламжийг ашиглалтад оруулахад шаардагдах баримт бичгийг бүрэн бүрдүүлсэн бөгөөд барилгыг байнгын ашиглалтад оруулах комисс томилуулахаар хүсэлт гаргасны зэрэгцээ тухайн барилгад барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллах боломжтой тохиолдолд хуулийн энэхүү заалт хэрэгжихээр байхад нэхэмжлэгч нь хуульд заасан баримт бичгийг бүрдүүлсэн боловч бодит нөхцөлд комисс ажиллах нөхцөлийг хангаагүй атлаа даалгах нэхэмжлэл гаргаж маргаж байгааг хүлээн авах үндэслэлгүй.

13. Мөн нэхэмжлэгч талаас Засгийн газрын 212 дугаар тогтоолоор тогтоосон журмын холбогдох заалтыг үндэслэн шууд шүүхэд нэхэмжлэл гаргасан атлаа мөн журмын холбогдох заалт/дээрх 5 дахь хэсэгт дурьдсан/-ыг хэрэглэхгүй хэмээн тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй.

14. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Барилгын тухай хуулийн 48.6 дахь заалтын дагуу хариуцагч нь хүсэлтийг хүлээн авсан бол комисс ажиллуулах шийдвэр гаргах үүрэгтэй” гэх агуулгаар маргах боловч Засгийн газраас тогтоосон барилга байгууламжийг ашиглалтад оруулах үйл ажиллагааг зохион байгуулах дүрмийн дагуу тухайн барилгад комисс ажиллуулах нөхцөл бүрдүүлэх нь хариуцагч байгууллагын үүрэг байх Барилгын тухай хуулийн 48.6 дахь заалт нь комисс ажиллуулах нөхцөл бүрдсэн нөхцөлд хэрэгжих агуулгатай байна.

15. Иймд хууль тогтоомжоор дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглохыг тодорхой хоёрдмол утгагүйгээр тодорхой хуульчилсан байхад нэхэмжлэгч хуулийн этгээд нь энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй атлаа “хүсэлт өгсөн бол комисс томилох ёстой” гэх агуулгаар тайлбарлан маргаж байгааг хүлээн авах боломжгүй юм.

16. Мөн барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэмд шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр ашиглалтад оруулах комисс ажиллуулна гэж заасан, шүүх хариуцагчийн татгалзал хууль бус эсэхэд дүгнэлт өгөх эрх хэмжээтэй, тухайн тохиолдолд хариуцагч захиргааны байгууллагын татгалзал нь барилгын салбарт баримтлах төрийн бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах чиг үүргийн хүрээнд гарсан байх тул “Э*******” ХХК-иас Нийслэлийн Хяналт шалгалтын газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

17. Нэхэмжлэгч нь өөрийн барьж байгуулсан барилгад комисс ажиллуулах нөхцөлийг бүрдүүлсний үндсэн дээр комисс ажиллуулах хүсэлтээ дахин гаргах эрхийг энэхүү шийдвэр хязгаарлахгүйг тэмдэглэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 37 дугаар зүйлийн 37.6-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Э*******” ХХК-иас Нийслэлийн Хяналт шалгалтын газарт холбогдуулан гаргасан “Нийслэлийн Хяналт шалгалтын газрын 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 01/294 тоот “Хүсэлт буцаах тухай” албан бичгийг хүчингүй болгож, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисс томилон ажиллуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1- д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ц.МӨНХЗУЛ