| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Б.Хишигбаатар |
| Хэргийн индекс | 192/2025/04322/И |
| Дугаар | 192/ШШ2025/04921 |
| Огноо | 2025-06-09 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 192/ШШ2025/04921
| 192/ШШ2025/04921 |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Хишигбаатар би,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол 25-38 тоот хаягт оршин байрлах Дсэм сервис ХХК /регистрийн дугаар: 5350298/-ийн нэхэмжлэлтэй,
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Цогтбаатарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дсэм сервис ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дсэм сервис" ХХК нь 2010 оноос барилга угсралт, засвар үйлчилгээ, тэр дундаа барилгын цэвэр, бохирын шугам хоолойн суурилуулалтын чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн олон жилийн туршлагатай компани юм. "Далай ээж зоргол хайрхан" ХХК-ийн гүйцэтгэх захирал гэх иргэн М.Цогтбаатар нь 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр бидэнтэй холбогдож Төв аймагт ажил гүйцэтгүүлэх хүсэлт тавьж урьдчилгаа болгон 500,000 төгрөгийг шилжүүлсэн. Улмаар 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 024/123 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж тус өдөр Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах газарт Бохир ус зайлуулах нарийн систем бүхий 10тн болон 5 тн-ын багтаамжтай бохир усны Септик системийг суурилуулах ажлыг хийж гүйцэтгэсэн. Бид Ажил гүйцэтгэх гэрээний 11.1 дэх заалтаар нийт ажлын хөлсийг 25,000,000 төгрөг байхаар, 10.1 дэх заалтаар ажил гүйцэтгэх хугацааг 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг дуустал 1 хоногийн хугацаагаар хийж гүйцэтгэхээр тус тус харилцан тохиролцсон. Дээрх тохиролцооны дагуу манай компани гэрээнд заасан ажлаа зохих ёcoop чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгээд ажлыг хүлээлгэж өгч, ажлын хөлсөө авах гэтэл "одоо мөнгө байхгүй байна. түр хүлээчих удахгүй өгнөө" гэх хариултыг өгсөн. Бид ажлаа нэгэнт хийж гүйцэтгэсэн тул захиалагч талыг хүлээхээс өөр аргагүй байдалд хүрсэн болно. Хамгийн сүүлд ажлын хөлсөө нэхэж 2025 оны 02 дугаар сард холбогдох үед "манай компани ул боов хийж зардаг юм, одоо ид зарагдах үе нь тул цагаан сар өнгөрөөгөөд л яг өгье" гэсэн хариу өгсөн. Гэтэл цагаан сар өнгөрөөд нэлээдгүй хугацаа өнгөрсөн боловч өр төлбөрөө өгөөгүй, одоо утсаа ч авахгүй хэзээ хэрхэн төлбөр мөнгөө төлөх нь тодорхойгүй нөхцөл байдал үүссэн болно. Нэхэмжлэгч нь хууль ёсны ашиг сонирхолоо хамгаалуулж үлдэгдэл ажлын хөлсөө авахаар хариуцагчийн харъяа дүүргийн шүүх болох Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч тус шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 191/Ш32025/16502 дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд хариуцагч иргэн М.Цогтбаатарын оршин суугаа хаягийг тогтоох чухал шаардлагатай байх тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Буянхишиг нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Тус шүүхэд Дсэм сервис ХХК-ийн нэхэмжлэлтэй М.Цогтбаатарыг эрэн сурвалжлуулах шийдвэр гаргуулах тухай иргэний хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа билээ. Дээрх хэрэгт М.Цогтбаатар нь өөрийн оршин суугаа хаягаа тодорхойлолтоор өгсөн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дсэм сервис ХХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Цогтбаатарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу иргэний хэрэг үүсгэсний дараа нэхэмжлэгч нь М.Цогтбаатар нь өөрийн оршин суугаа хаягаа тодорхойлолтоор өгсөн тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, энэ талаараа шүүхэд бичгээр хүсэлт гаргасан байна.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Дсэм сервис ХХК-ийн нэхэмжлэлтэй, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох М.Цогтбаатарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгөөс 35,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төрийн сан/100200100941/-аас 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Дсэм сервис ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР