Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 309

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

Улсын яллагч С.Оюунжаргал,

 Хохирогч Э.З,  

 Гэрч З.О,

 Шүүгдэгч Э.Г, түүний өмгөөлөгч Т.Мөнхдалай оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймаг Хонгор  суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо задгайд оршин суух, урьд ял шийтгэлгүй, МБ84101218 дугаарын регистртэй, У. овгийн Э.Г холбогдох 1803000010098 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Э.Г,   2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 10 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 8 хорооны нутаг дэвсгэр “Сод монгол” шатахуун түгээх станцын зүүн талын замд автобусны буудал дээр Э.Эрдэнийн эзэмшлийн Hyundai grase маркийн 46-10 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.2-т заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчсөнөөс зорчигч Э.З унаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах   талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүхийн хэлэлцүүлэгт  шүүгдэгч Э.Г  мэдүүлэхдээ:

     Мэдүүлэг өгөхгүй, болсон үйл явдал үнэн зөв, нэмж ярих зүйлгүй. Хохирогчид 100.000 төгрөг өгсөн. Гэмшиж байна, хохирогчид нэхэмжилж буй 400.000 төгрөгийг нь даруй өгнө гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Э.З мэдүүлэхдээ:

     2018 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр ажил руугаа явах гээд автобусны буудал дээр зогсож байсан микронд суух гэж байгаад арагшаа савж унасан. Би Ганзоригтой уулзаад 500.000 төгрөг өгчих гэсэн боловч 100.000 төгрөг л өгсөн. Би уг нь 1.500.000 төгрөг нэхэмжилсэн. Энэ нь 2 сарын цалин юм, ажилдаа гарч чадаагүй. Одоо би 500.000 төгрөг нэхэмжилж байгаагаас 100.000 төгрөг төлөгдсөн, үлдэх 400.000 төгрөгийг авмаар байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч З.О, мэдүүлэхдээ:

2018 оны 1 дүгээр сарын 6-ны өглөө Г бид хоёр шугаманд гараад хүнээ ачсан, араас автобус ирэхээр нь зам чөлөөлж өгөх гээд жаахан хөдөлтөл энэ хохирогч ухарч буух гэж байгаад микроноос унасан, тэгээд би татаж босгосон гэв.

Эрүүгийн 1803000010098 дугаартай хэргээс:

Хохирогч Э.З мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 10 цаг 15 минутанд ажил руу явахаар гэрээсээ гарсан. Баянхошууны тойргийн автобусны буудал дээр очоод 46-10 УНР гэсэн улсын дугаартай микронд суухаар тээврийн хэрэгсэл рүү орсон. Гэтэл сандал дээр сууж амжаагүй байхад микро нь хөдлөөд би хойшоо саваад машинаас гадагш унасан. Хөл дээгүүр гарах гэтэл би хөлөө татаж авсан. Микроны урд цагдаагийн машин байсан /дугаар нь хараагүй Мэндсайхан гэдэг цагдаа/ очиж уулзаад болсон асуудлын талаар хэлсэн. Тэгээд 102 дугаарт өөрийн гар утаснаасаа дуудлага өгсөн. Дүү Лхагважаргал /80335599/ ыг дуудаад дүүгийнхээ машинд суугаад Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү явсан, араас нөгөө микроны жолооч дагаж явсан. Эмнэлэг дээр хүлээн авах дээр очиж үзүүлэхэд хугарсан байна гээд шохойдуулсан. Тэндээс гараад тойргийн замын цагдаа дээр очиж уулзаад замын цагдаа дээр очиж өргөдөл өг гэсний дагуу өргөдөл өгсөн. Ослын улмаас баруун гарын шууны яс хугарсан, баруун сүүж өвдөлттэй байна. Гэмтлийн эмнэлгээс 45 хоног гипстэйгээ бай гэсэн. Тэгээд би ажилдаа 3 сар явж чадахгүй болсон. Миний сарын цалин 700.000 төгрөг байдаг. Эмчилгээний 100.000 төгрөг нэхэмжилж байна...гэжээ. /хх-16-17/,

Гэрч С.Э  мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...Hyundai grace маркийн 46-10 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг. Би дүү Ганзоригт 5-6 сарын өмнө 5.000.000 төгрөг өгөөд ав гэсэн. Тэгээд Г нь бэлэн мөнгө байхгүй учраас сар сардаа 500.000 төлөөд явдаг юм...Жолооч өөрөө асуудлыг шийдвэрлэх байхаа, нэр дээр нь шилжүүлж өгөх гэхээр Ганзориг нь мөнгөө өгөхгүй бултачих байх гэж бодсон. Аман гэрээ байгуулаад итгээд өгсөн учраас тээврийн хэрэгсэлтэй холбоотой осол гэмтлийг Ганзориг өөрөө шийдвэрлэнэ...гэжээ. /хх-22/,

 Гэрч З.О мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

 2018 оны 01 дүгээр сарын 6-ны өглөө 10 цаг өнгөрч байхад Г жолооч ирж аваад бид хоёр микрогоороо Баянхошуунаас Сүхбаатар дүүрэг 100 айлын чиглэл рүү хүн тээвэрлэж явахаар гарсан. Тэгээд Баянхошууны тойргийн буудал дээр хүнээ дуудаж ачиж эхэлсэн. Буудлаас яг хөдлөх гэтэл нэг эмэгтэй гараа даллаж сууя гэсэн. Тэгэхээр би суулгаад хүнээ дуудаж байтал нөгөө эмэгтэй машин руу орчихоод буцаж буух гэж байгаад уначихсан. Би газар унасан бээлийг аваад “босох уу” гэж асуухад “байж бай, гар эвгүй байна” гээд утсаар хүмүүстэй ярьж байгаад гэмтлийн эмнэлэг рүү явсан...гэжээ. /хх-20/,

Шүүгдэгч  Э.Г мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

...Миний хувьд сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...мэдүүлгийг үнэн зөв өгсөн учраас дахин мэдүүлэг өгөх шаардлага байхгүй гэж бодож байна. Хохирлыг барагдуулаагүй. 1.500.000 төгрөг нэхэмжлэхээр нь би арай боломжгүй байсан учраас өгч чадахгүй байгаа юм...гэжээ. /хх-59/,

  • Шүүх эмнэлгийн шинжээчийн  ¹1223 тоот актын дүгнэлтэнд:
  • . Э.З- биед баруун шуу ясны доод хэсгийн ташуу далд хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-24/,

Техникийн шинжээчийн №110 тоот дүгнэлтэнд:

  1.  
  2.  
  3.  

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн №16 тоот дүгнэлтэнд:

Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Сод монгол шатахуун түгээх станцын зүүн талын замд 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн өглөө 10 цаг 30 минутын орчимд автобусны буудал дээр Эрдэнэбаатар овогтой Ганзоригийн Hyundai маркийн Graсе загварын 46-10 УНР улсын дугаартай автомашиныг жолоодож явсан автомашинаас зорчигч Энхбаатар овогтой Золжаргал нь унаж эрүүл мэндэд нь хохирол учруулсан хэрэгт Hyundai маркийн Graсе загварын 46-10 УНР улсын дугаартай автомашины бүрэн бүтэн байдлыг шалгахад техникийн шинжээчийн тусгай мэдлэг шаардлагатай болсон тул шинжээчийн дүгнэлт гаргуулахаар ирүүлжээ.

  • Энхээ овогтой Эрдэнийн эзэмшлийн Эрдэнэбаатар овогтой Ганзоригийн жолоодож явсан Hyundai маркийн Graсе загварын, хөх өнгөтэй, БНСУлсад 2002 онд үйлдвэрлэгдсэн. 46-10 УНР улсын дугаартай, KMJRD37FP2K533174 арлын дугаартай, зүүн гар талдаа жолооны хүрдтэй, энгийн их гэрэлтэй, суудлын автомашиныг 2018 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн 15:40 цагаас 16:20 цаг хүртэл MNS4598:2011 “Автотээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага” стандартыг шалгуур болгон MNS5011:2003 “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар” стандартыг мөрдлөг болгон шалгаж үзэхэд уг автомашин нь ерөнхий байдал, иж бүрдлийн хувьд: Урд буфер зүүн гар талын булангийн доод хэсэгтээ хагарч унасан, мөн баруун гар талын доод хэсэгтээ хагарсан, баруун гар талын хажуу хэсэгтээ замаска нь хагарсан хуучин сэвтэй, урд буферын баруун гар талын нэмэлт гэрэл байхгүй, баруун гар талын хойд гэрлийн цацруулагч хагарсан, баруун гар талын хойд крыло доод хэсэгтээ цохигдож хонхойсон хуучин сэвтэй, хойд буфер баруун гар талын хэсэгтээ цуурч хагарсан, зүүн гар талын хойд крыло замаска хагарсан хуучин сэвтэй, бүхээг /кузов/-ны зүүн гар талын хэсэгтээ замаска ховхорч унасан сэвтэй, зүүн гар талын хаалганы бариул байхгүй, зүүн гар талын ухрах арааны гэрлийн чийдэн асахгүй, зорчигчийн хамгаалах бүс байхгүй, стандартын бус дуут дохиотой, гидро систем ажиллахгүй зэрэг эвдрэл, гэмтэлтэй байна.

Уг тээврийн хэрэгслийг Швед улсад үйлдвэрлэгдсэн EWJ тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд тэнхлэгний хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -0,1 мм/м, урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2,90кН, баруун талдаа 2,80кН зөрүү нь 3,45% /стандарт <20%/, хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 0,30кН, баруун талдаа 0,30кН зөрүү 0,00% (стандарт <30%) тоормосны стенд дээр хойд 2 дугуйн тоормос зогсохгүй байна. Мөн зогсоолын тоормос хэвийн бус зогсохгүй байв. БНСУ-д үйлдвэрлэгдсэн MQD-ЗC маркийн Headlight tester багажаар шалгаж үзэхэд зүүн гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 13100 cd баруун гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 20500 cd (стандарт 10000-225000 cd) байна. Зүүн болон баруун гар талын ойр, холын гэрлийн тусгалын тохиргоо алдагдаагүй хэвийн байна.

Автомашиныг Швед улсад үйлдвэрлэгдсэн STENHOJ T-71096 хайчин өргүүр дээр STENHOJ Микро-20/26 хийн шингэн, тосон хосолмол шахуургатай өргөгч /домкрат/ ашиглан өргөж үзлэг хийхэд явах анги, жолооны механизмын эд ангиуд эвдрэл, гэмтэлгүй байна. Дугуйн хээний гүний хэмжээг штангенциркулээр хэмжилт хийж үзэхэд 1,9-3,5мм (стандарт суудлын автомашины дугуйн хээний гүн газарт тулах хэсгээрээ 1,6мм-ээс багагүй байх) буюу дугуйнуудын хээний гүний хэмжээ стандартын шаардлага хангаж байна. Урд дугуйнуудын хээний гүн, нэг тэнхлэг дээрхи дугуйнуудын марк, хэмжээс, хээ өөр байв. Хойд дугуйнуудын хээний гүн, нэг тэнхлэг дээрхи дугуйнуудын марк, хэмжээс, хээ хэвийн байна...гэжээ. /хх-30-36/,

Шүүгдэгч Э.Г урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-51/, хохирогчийн өргөдөл/хх-3/, зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг тэмдэглэл, гэрэл зураг болон хэмжилтийн бүдүүвч зураг /хх-4-9/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийгшалгасан тэмдэглэл /хх-10/, хохирогч Э.З согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-11/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн 1223, техникиийн шинжээчийн 110, Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 16 тоот дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээчид гаргасан байх тул үнэн зөвд тооцож, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.Г гэм буруутай эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Э.Г нь 2018 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 10 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 8 хорооны нутаг дэвсгэр “Сод монгол” шатахуун түгээх станцын зүүн талын замд автобусны буудал дээр Э.Эрдэнийн эзэмшлийн Hyundai grase маркийн 46-10 УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.2-т заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчсөнөөс зорчигч Э.З унаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэмт үйлдсэн болох нь:

-хохирогч Э.З-н “...сандал дээр сууж амжаагүй байхад микро нь хөдлөөд би хойшоо саваад машинаас гадагш унасан...Ослын улмаас баруун гарын шууны яс хугарсан, баруун сүүж өвдөлттөй байна...” гэх мэдүүлэг /хх-16-17/,

-гэрч С.Э- ”...Hyundai grace маркийн 46-10 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг...Ганзоригт 5-6 сарын өмнө 5.000.000 сая төгрөг өгөөд ав гэсэн...Ганзориг нь бэлэн мөнгө байхгүй учраас сар сардаа 500.000 төлөөд байдаг...” гэх мэдүүлэг /хх-22/,

-гэрч З.О-”...Буудлаас яг хөдлөх гэтэл нэг эмэгтэй гараа даллаж сууя гэсэн. Тэгэхээр би суулгаад хүнээ дуудаж байтал нөгөө эмэгтэй машин руу орчихоод буцаж буух гэж байгаад уначихсан...” гэх мэдүүлэг /хх-20/,

Шүүгдэгч Э.Г- ”... Миний хувьд сонсгож буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-59/,

   Шүүх эмнэлгийн шинжээчийн №1223, техникийн шинжээчийн №110 тоот дүгнэлт зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилан тогтоосон бөгөөд шүүгдэгч  Э.Г,  тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.2-д заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарч, уг ослын улмаас хохирогч Э.Золжаргалын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул Э.Г, гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Дээрх зам тээврийн осол хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол  учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хохиролд, хохирогчийн  эмчлүүлэхэд гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт тус тус тооцогдох юм.

Ослын улмаас хохирогч Э.з, эрүүл мэндэд баруун шуу ясны доод хэсгийн ташуу далд хугарал бүхий гэмтэл уирсан, энэ гэмтлээс шалтгаалан 3 сарын хугацаанд ажлаа хийж чадаагүй, хохирогч нь сард 700.000 төгрөгийн цалин авдаг байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгчээс 500.000 төгрөг нэхэмжилж буйгаас төлөгдсөн 100.000 төгрөгийг хасч, үлдэх 400.000 төгрөгийг нэхэмжилсэнийг шүүгдэгч Э.Г хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлсэн тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Ганзоригоос 400.000 төгрөгийг нөхөн гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Э.Г нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байх ба шүүгдэгч хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Э.Ганзоригт дээрхи зүйл, хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүх шийдвэрлэвэл зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь бусад асуудлаар:

Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд шүүгдэгч Э.Г, тухайд битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, энэ хэрэгт хураагдан ирсэн шүүгдэгч Э.Г,  N246896 дугаар жолоочийн үнэмлэх, ARN0200857 дугаар тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц түүнд буцаан олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. У овгийн Э. Г,  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл  мэндэд хүндэвтэр хохирол  учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

  1. Э.Г, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар  Э.Г, торгуулийн ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялыг 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Э.Г,  400.000 төгрөгийг 2 сарын хугацаанд гаргуулан хохирогч Э.Золжаргалд олгосугай.   

 

  1. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Э.Г, N246896 дугаар жолоочийн үнэмлэх, ARN0200857 дугаар тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг түүнд буцаан олгосугай.

 

  1. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

  1. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Г урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Ц.ОЮУНЧИМЭГ