Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2024/ДШМ/333

 

2024             03           19                                         2024/ДШМ/333

 

О.Д-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Эрдэнэбаяр /цахимаар/,

шүүгдэгч О.Д, түүний өмгөөлөгч Б.Балжидмаа,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ****** дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Балжидмаагийн гомдлыг үндэслэн О.Д-д холбогдох эрүүгийн ******** дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч О.Д нь 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, Хангай хотхоны ** замын уулзварын явган хүний гарц дээр унадаг дугуйтай явж байхдаа Тоёота приус маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөргүүлж, улмаар машин жолоодож явсан хохирогч Б.И ыг машинаас буух үед нь машины хаалгаар хавчиж шахан, түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: О.Д гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О.Д-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч О.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 /гурван зуун хорь/-н цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь цаашдын эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тогтоож хорих ялаар солихыг дурдаж, О.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Балжидмаа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. О.Д нь П.Н.Ш ы нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны эмчийн байнгын хяналтад байдаг ба “Синүсийн зангилааны сулралын хам шинж-I49.5 гэх оноштой, зүүн талын эгэмийн доод хэсэгтээ пейстейкр гэх аппараттай байдаг.

            Тус аппарат нь биеийн урдаас болон зүүн хажуугаас огцом гэнэтийн цохилт, шахалт, түлхэлтэд өртөх, зүүн гарыг дээш өргөх зэрэг хөдөлгөөнийг хязгаарладаг юм.

            Иймд О.Д гийн эрүүл мэндийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг өөрчилж өгнө үү. ...” гэв.

 

            Шүүгдэгч О.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 3 удаа клиник үхлээр үхэж байсан болохоор эмчийн заалтаар зүрхэндээ аппарат тавиулсан. Тухайн аппаратынхаа талаар эмнэлгийн архиваас шүүлгэж авахад хугацаа ордог. Тэгээд давж заалдах шатны шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хүн зүрх нь түр зогссон үед гаднаас нь тогоор цохиж сэргээдэг бол миний пейсмейкер аппарат нь зүрхэн дотроо байдаг. Тэгээд зүрх зогссон үед автоматаар сэргэлт үүсгэж, тог өгч миний зүрхийг ажиллуулдаг. Одоо зүрхний эмчийн хяналтад байдаг. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж, торгуулийн ялаар сольж өгөхийг хүсэж байна. ...” гэв.

           

            Прокурор С.Эрдэнэбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч О.Д нь С дүүргийн нутаг дэвсгэрт Хангай хотхоны 4 замын уулзвараар явган хүний гарцаар дугуйтай гарч байхад хохирогч Б.И нь машинтай явж байгаад дугуйтай хүнийг хараад дөнгөж шүргээд зогсоход шүүгдэгч О.Д нь газар унаад босож ирээд шууд автомашин дээр очиж хохирогчийг автомашинаас гарах гэхэд нь машины хаалгаар 2-3 удаа цохиж, мөн автомашинаас гараад ирэхэд нь нүүрэн тус газар нь гараараа цохиж хөнгөн гэмтлийг учруулсан байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч О.Д гэм буруу дээр маргадаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй, хохирол мөнгийг төлөөгүй, хохирогчоос уучлалт гуйгаагүй байсан. Тэгээд шүүх хуралдааны явцад түүнийг гэм буруутайд тооцож, хохирлыг шүүхийн шатанд төлсөн байдаг. Ингээд түүнийг гэмт хэрэг үйлдсэн хувийн шинж байдлыг, мөн урьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргээр ял шийтгэл оногдуулсан зэргийг нь харгалзан үзэж улсын яллагчаас нийтэд тустай ажил оногдуулах ялын саналыг гаргасан юм. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг жирэмсэн эмэгтэй, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй” гэсэн заасан. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд ялыг хөнгөрүүлнэ гэж хуульчилсан байдаг. Үүнд, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж, шүүгдэгч О.Д-д шүүхээс оногдуулсан ял нь тохирсон гэж үзэж байна. Мөн шүүгдэгч О.Д гийн биеийн байдал хүнд, зүрхэндээ аппараттай байгаа бол түүний биеийн байдлын онцлогт нь таарсан ажлыг хийлгэх боломжтой гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Шүүгдэгч О.Д нь өөрийгөө хамгаалах гэж энэ үйлдлийг гаргасан гэж байна. Ийм зүйл болоогүй, шууд хохирогч дээр очиж биед нь халдсан байдаг. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б гийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.  

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй. 

Шүүгдэгч О.Д нь 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, Хангай хотхоны 4 замын уулзварын явган хүний гарц нь дээр унадаг дугуйтай явж байхдаа Тоёота приус маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд мөргүүлж, улмаар машин жолоодож явсан хохирогч Б.И ыг машинаас буух үед нь машины хаалгаар хавчиж шахан, түүний нүүр нь тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

2023 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 тал/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-14 тал/, 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ***** дугаартай Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-34 тал/,

хохирогч Б.И ын “...уулзвараар хойшоо гарсан чинь явган хүний гарцаар дугуйтай хүн орж ирээд би тухайн хүнийг өөрийн **** улсын дугаартай цагаан өнгийн приус-41 маркийн тээврийн хэрэгслээрээ мөргөсөн ба тухайн хүн хажуу тийшээ унасан. Би сандраад машинаасаа гарч ирэхэд тухайн хүн машины хаалгаар намайг хавчиж түлхээд 2 удаа миний нүүр хэсэгт цохисон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-22 тал/,

шүүгдэгч О.Д гийн “...зам гарах гэж байхад цагаан өнгийн приус-41 маркийн тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн. ...нөгөө жолооч над руу үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан гэх шинжтэй юм яриад байсан. Тэгээд би уурлаад жолоочийн талын хаалгыг 2 удаа түлхсэн ба тэнд хэрэлдээд байж байтал нэг эгч надад сальфитка өгсөн. Би утсаа гаргаж ирээд бичлэг хийж байтал тэр хүн миний шүд уначихлаа гэсэн...” /хх-ийн 6-7 тал/, “...би цохисон гэдгээ санахгүй байсан ба камерын бичлэгээс цохисон гэдгээ харлаа. ...хохирол төлбөр төлөхгүй гээгүй төлнө. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 82-92 тал, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж зааснаар шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн  шүүгдэгч О.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, эргэлзээ үүсгээгүй байна.

Шүүх, шүүгдэгч О.Д гийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Балжидмаа нь “...О.Д нь П.Н.Ш ы нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны эмчийн байнгын хяналтад байдаг ба “Синүсийн зангилааны сулралын хам шинж-I49.5 гэх оноштой, зүүн талын эгэмийн доод хэсэгтээ пейстейкр гэх аппараттай байдаг. Тус аппарат нь биеийн урдаас болон зүүн хажуугаас огцом гэнэтийн цохилт, шахалт, түлхэлтэд өртөх, зүүн гарыг дээш өргөх зэрэг хөдөлгөөнийг хязгаарладаг юм. Иймд О.Д гийн эрүүл мэндийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасан ба холбогдох баримтуудыг хавсарган ирүүлжээ.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой. 

Шүүгдэгч О.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдэхэд хохирогчийн буруутай үйл ажиллагаа хамаарсан байх ба Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар зүйлийн 15.1-д  “Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэхдээ тухайн хөндлөн замын зорчих хэсгийг явган хүний гарцаар хөндлөн гарч яваа явган зорчигч, мөн унадаг дугуйн зам буюу эгнээний огтлолцлоор хөндлөн гарч яваа унадаг дугуй, мопедод зам тавьж өгнө.” 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэж тус тус заасны дагуу хохирогч Б.И нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж замын хөдөлгөөнд оролцох үүргээ биелүүлээгүйтэй холбоотой байна.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэж зааснаар хөнгөрүүлэн үзэж болохоор заасан тул анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Д-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял болгон өөрчлөх үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Иймд шүүгдэгч О.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д-д оногдуулсан 1.000.000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаагаар хэсэгчлэн төрүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ****** дүгээр шийтгэх тогтоолын 2 дахь заалтад “шүүгдэгч О.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.” гэснийг “шүүгдэгч  О.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж,

4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д-д оногдуулсан 1.000.000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төрүүлэхээр тогтоосугай.” гэж,

5 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тогтоож хорих ялаар солихыг дурдсугай.” гэснийг  “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Т.ӨСӨХБАЯР 

 

                       ШҮҮГЧ                               Н.БАТСАЙХАН 

 

                                   ШҮҮГЧ                               Б.АРИУНХИШИГ